Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 09

 

 

 

 

2020 оны 01 сарын 28                Дугаар 2020/ДШМ/09                   Номгон баг

Г.Б холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Г.Уламбаяр, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор С.Болорзул

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Золжаргал

Шүүгдэгч Г.Б

                        Нарийн бичгийн дарга Д.Чимэдцэрэн нарыг оролцуулан;

            Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2019/ШЦТ/312 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор С.Болорзулын бичсэн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01 тоот эсэргүүцлээр Г.Б холбогдох эрүүгийн 1914006590417 дугаартай хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн,  Г.Б, 1984 оны 4 дүгээр сарын 11-нд Баянхонгор аймгийн Шинэжинст суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй,

Г.Б нь 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн Шинэжинст сумын 1 дүгээр багийн нутаг “Шинэ хутаг” гэх газарт Ц.Э зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн прокурорын газраас Г.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч  Гэрэлмаагийн Баттулгыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Баттулгыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Г.Норов нь таван зуун /500/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /500.000/ төгрөгөөр торгох ялыг хэсэгчлэн буюу 2 сарын хугацаанд сар бүр 150.000 төгрөг төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Г.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-т зааснаар Г.Б хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-д зааснаар Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч Г.Баттулгын эзэмшлийн гар утсыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож дээрх эд зүйлсийг хэрэгцээний дагуу Г.Б буцаан олгож шийдвэрлэжээ.

Прокурор С.Болорзулын 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01 дүгээр эсэргүүцэлдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь үндэслэлтэй болж чадаагүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж заасан. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт “...шийтгүүлсэн этгээд тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор торгуулийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй...” гэж ялтны торгох ял биелүүлэх хугацааны доод хязгаарыг хуульчилжээ.

Дээрх хуулиудын зохицуулалтаас дүгнэхэд шүүхээс торгуулийн ялыг биелүүлэх хугацаа нь шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоног гэж ойлгох бөгөөд ял шийтгүүлсэн этгээд 90 хоногийн хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан торгох ялыг хорих ялаар солих эрх зүйн үр дагавар үүсэхээр байна. Гэтэл анхан шатны шүүх торгох ял биелүүлэх хугацааг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 2 сараар тогтоосон нь ялтны хуулиар олгогдсон эрх үүргийг алдагдуулсан, эрх зүйн байдлыг нь дордуулсан, хууль зөрчсөн гэж үзнэ. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор С.Болорзул гаргасан дүгнэлтэндээ: Эсэргүүцлээ дэмжиж байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

            Шүүгдэгч Г.Баттулгын өмгөөлөгч Л.Золжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Б нь хохирогчтой эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан. Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал болон бусад байдлыг харгалзан үзэж торгох ял оногдуулж, уг ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасны дагуу давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг улсын яллагчийн эсэргүүцэлд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Баянхонгор аймгийн прокурорын газраас Г.Баттулгыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс Г.Баттулгыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн атлаа шийтгэх тогтоолынхоо тогтоох хэсгийн 3 дахь заалтад Г.Норов гэгч тухайн хэрэгт огт хамааралгүй хүнээс дээрх торгуулийн ялыг 2 сарын хугацаанд 150.000 төгрөгөөр төлөхөөр тогтоож шийдвэрлэсэн нь буруу бөгөөд шүүх хуралдааны тэмдэглэл, дуу дүрсний бичлэгээс илт зөрүүтэй болжээ. /хх-ийн 177-181-р тал шүүх хуралдааны тэмдэглэл, 182-187-р тал шийтгэх тогтоол/

Энэ нь “...шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна...” гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргах эрх хуулиар хориглогдсон, анхан шатны шүүхээс гаргасан дээрх алдааг шийтгэх тогтоолын холбогдох заалтад өөрчлөлт оруулан зөвтгөн шийдвэрлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр болох бөгөөд түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6, 1.8-д “...шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй..., ...шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй бол...” гэж тус тус заасан ноцтой зөрчилд хамаарах ба, мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3-т заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байгаа болно.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, улсын яллагчийн бичсэн анхан шатны шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлэх хугацааг тогтоохдоо хуулиар олгогдсон шүүгдэгчийн эрхийг нь хязгаарласан гэх агуулга бүхий прокурорын эсэргүүцэлд хууль зүйн дүгнэлт өгөх боломжгүй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Учир нь давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэх явцад анхан шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл бүхий алдаа гаргасан байхад прокурор эсэргүүцэлдээ энэ талаар огт дурдаагүй, хэрэв дээд шатны шүүхээс эсэргүүцэлд дурдагдсан үндэслэлд ямар нэгэн хууль зүйн дүгнэлт өгвөл анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд урьдчилан тодорхой чиглэл өгч хараат бус байдалд нь нөлөөлж болзошгүй гэж үзсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2019/ШЦТ/312 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Г.Б холбогдох эрүүгийн 1914006590417 дугаартай хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Г.Б хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ                                       М.МӨНХДАВАА

ШҮҮГЧИД                                                       Г.УЛАМБАЯР

                                                                        Б.БОЛОР-ЭРДЭНЭ