Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 165

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, шүүгч Р.Уранчимэг, шүүгч Б.Отгонсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч:         аймаг         сум,         багт оршин суух, Ц овогт Т.Б /регистрийн дугаар:              /

Хариуцагч:        аймаг          сум,           багт оршин суух, Б овогт Б.Н /регистрийн дугаар:         /

Гэм хорын хохирол 3 852 940 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч И.О, хариуцагч Б.Н /онлайнаар/, хариуцагчийн өмгөөлөгч Х.О, иргэдийн төлөөлөгч М.Т, нарийн бичгийн дарга Ц.Анхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Т.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Н нь миний бие Т.Б хүйтэн зэвсэг эрүүл мэндэд минь хүнд хохирол учруулсныг Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны №56 дугаартай дүгнэлтээр тогтоосон тул өөрийн биеийг Улаанбаатар хотод очиж эмнэлгүүдийн оношлогоо шинжилгээ хийгдэж, эм тариа авах, Мишээл хувийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн ор хоногийн мөнгө, ирж очих зардал зэргийн мөнгийг Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дугаар 33-р тогтоолын Монгол улсын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36-2 дугаар зүйлийн 1.2.3.4 дэх хэсэг, 38.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон тогтоогдсон. 6 дугаар зүйлд заасан цаашид гарах эмчилгээний зардлаа хохирогч Т.Б нотлох баримт бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсан тул хохирогч Т.Б би өөрөөс гарсан бүх эмчилгээний зардлаа бүрдүүлэн иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч И.О шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: 2019 оны 02 сарын 28-ны өдрийн Өмнөговь аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 33 дугаартай шийтгэх тогтоолын дагуу хохирогч Т.Б нь эрүүл мэнддээ хүнд гэмтэл авсны улмаас цээжин тус газраа Б.Н хутгалуулж түүний улмаас уушгиндаа гэмтэл авч Улаанбаатар хот болон аймгийн эмнэлгүүдэд эмчилгээ, мэс ажилбарууд хийлгэж байсан. Энэ хэргийн улмаас хохирогч Т.Б биед учирсан тухайн үед эмчилгээтэй холбоотой гарсан зардлыг эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааны буюу өөрөөр хэлбэл 2019 оны 02 сарын 28-ны өдрөөс өмнөх эмчилгээний зардлуудыг Б.Н төлж барагдуулсан байдаг. Үүнээ хойш дахин яаралтай Улаанбаатар хот руу эмчилгээнд явж эмчлэгдэж ирсэн зардал баримтыг 2019 оны 02 сарын 28-ны өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолыг 6 дахь заалтад Т.Б цаашид гарсан эмчилгээний зардлаа иргэний журмаар шүүхэд нэхэмжилж хохирол төлбөрөө барагдуулж болно гэсэн байгаа. Үүний дагуу Т.Б нь 2019 оны 02 сарын 28-ны өдрөөс хойш буюу 3 сар Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж 3 852 940 төгрөгийг зарцуулсан байдаг. Эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтуудыг хэрэгт хавсаргаж ирүүлсэн. Тийм учраас Иргэний хуулийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрүүл мэндэд гэмтэл учруулсан байх тул гэм хор учруулсны хохирол гаргуулах эрхтэй гэсэн заалт байгаа учраас 497.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш эмчилгээний зардал болох 3 852 940 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн саналыг оруулж байна гэв.

Хариуцагч Б.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Одоогоор Говьсүмбэр аймаг дахь ШШГГ-ийн 425 дугаар нээлттэй хорих ангид ял эдэлж байгаа Б.Н миний бие Т.Б-н эрүүл мэндэд хохирол учруулсаны төлөө 2 200 000 төгрөгийг төлсөн болно. Тухайн үед хохирогч Т.Б эмчилгээний зардлын мөнгийг өгөх үндэслэлгүй гэж үзэж нотлох баримтаар бүрдүүлсэн материалыг шинжлэн судлуулах шаардлагатай гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч Б.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд нэхэмжилж байгаа 3 852 940 төгрөгийг төлөхгүй гэж байгаа. Яагаад гэвэл 2019 оны 02 сарын 28-ны өдөр шүүх хуралдаанд ороод шүүхээс тогтоосон бүх хохирол төлбөр, эмчилгээний зардлыг бүгдийг нь гаргаж өгсөн. Цаашид хөдөлмөр эрхлэхэд ямар нэгэн юу яахгүй гэж эмнэлгээс юу гарсан. Тэгэхэд энэ эмчилгээний зардал мөнгийг нэхэмжилж байгаатай санал нийлэхгүй байна. Баримтуудын хувьд өмгөөлөгчийн хэлсэнтэй санал нэг байна. Хамгийн гол нь хөдөлмөр эрхлэхэд ямар нэгэн нөлөө байхгүй, биеийн байдал бүрэн эдгэрсэн гэж шүүхээр тогтоолгосон учраас дахин энэ эмчилгээний төлбөрийг төлөх шаардлагагүй. Баримтуудыг анхаарч үзнэ үү гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Х.О шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: Манай үйлчлүүлэгч Т.Б биед хүнд гэмтэл учруулж эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр бодит хохирол төлбөр 2 274 790  төгрөгийг бүрэн барагдуулсан. Хохирогчийг цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтуудаа бүрдүүлээд нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсэн. Энэ эрхийн дагуу Т.Б нь эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлээд иргэний журмаар нэхэмжилсэн байна. Энэ нэхэмжилсэн хохирол төлбөрийн хувьд яг ямар эмчилгээ хийлгэсэн нь тодорхойгүй, яг энэ уушгиндаа гэмтэл бэртэл авснаас болж эмчилгээ хийлгүүлсэн юм уу, тэр нь тодорхойгүй. Эмчилгээний төлбөр, үзлэг хийсэн баримтууд л байдаг. Мөн хэн эмчилгээ хийлгүүлсэн юм, Мишээл гээд хувийн эмнэлгүүдээр эмчилгээ хийлгэсэн төлбөр гэсэн боловч тэр эмчилгээг хэн хийлгүүлсэн юм, ямар эмчилгээ хийлгүүлсэн зэрэг нь тодорхойгүй баримтуудыг гаргаж өгсөн байдаг. Мөн хамааралгүй ходоодны дуранд орсон үзлэгийн баримт ч байх шиг. Хамааралгүй баримтууд байгаа учраас үүнийг үнэхээр тухайн үед манай үйлчлүүлэгчийн учруулсан гэмтлээс үүдэж гарсан гэж үзэх үндэслэлгүй. Тийм учраас энэ хохирол төлбөрийг төлөх боломжгүй гэж үзэж байна. Гэм хорын хохирол төлбөрийг тухайн гэмтэлтэй шалтгаант холбоотой эсэхийг нотолж байж, гэмтлээс үүдэж эмчлүүлсэн зардал гэдгийг нотолж байж нэхэмжлэх ёстой. Яг энэ гаргаж өгсөн нотлох баримт нь энэ тэнд үзүүлсэн, хэвтэн эмчлүүлсэн төлбөр гэж байгаа боловч үзүүлээд яг ямар гэмтэлтэй, энэ гэмтэлтэй шалтгаант холбоотой юм уу өөр байдлаар өвдсөн юм уу, өвдөөгүй юм уу тэр талаарх тодорхой баримт байхгүй. Эмнэлгийн төлбөрүүд яг Т.Б эмчлүүлсэн юм уу, өөр хэн нэгэн эмчлүүлсэн байхыг үгүйсгэхгүй тийм тодорхойгүй баримт гаргаад хохирол төлбөр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Хэрэв эмчлүүлсэн нь үнэхээр үнэн бол эмчилгээний түүх гэж байдаг. Мөн дээрээс нь үзлэгийн тэмдэглэл гэж бичигддэг. Тэдгээр нотлох баримтуудыг хавсаргаж өгч байж гаргаж өгсөн нотлох баримт нь нотлох баримтын шаардлага хангахуйц хэмжээний байна гэж үзэж байна. Тухайлбал эмчилгээний төлбөрийн баримтыг нь харахаар 2019 оны 03 дугаар сард эмчлүүлсэн төлбөр баримт байдаг. Мөн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаан болсноос хойш 8, 9 сарын дараа ч эмчлүүлсэн баримт байдаг. Энэ баримтууд нь энэ гэмтэлтэй шалтгаант холбоотой гэдгийг бүрэн нотлоогүй гэж үзэж байгаа учраас төлөхгүй гэсэн байр суурьтай байна гэв.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, төлбөрийн баримтууд /хх-4-13/, 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 33 дугаартай Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт, 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 04/18 дугаартай Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн албан тоот, 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 04/256 дугаартай Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн албан тоот, 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хариуцагч Б.Н хариу тайлбар, 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 05 дугаартай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 4 дугаартай хариуцагчийн өмгөөлөгч Х.О хүсэлт, 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 05 дугаартай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 01/282 дугаартай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газар Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 425 дугаар нээлттэй хорих ангийн албан тоот, 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хариуцагч Б.Н гаргасан хүсэлт зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Т.Б нь Б.Н холбогдуулж гэм хорын хохирол 3 852 940 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч Т.Б нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол 3 852 940 төгрөг нэхэмжилсэнийг хариуцагч Б.Н нь эрүүгийн шүүхийн шийдвэр гарах үед хохирлыг төлж дууссан учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг.  

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч “Нэхэмжлэгч Т.Б нь эмнэлэг болон шүүх эмнэлгийн дүгнэлт гаргасан мөн биед нь ноцтой гэмтэл учирсан учраас хохирлоо хариуцагч Б.Н-с гаргуулах ёстой гэж дүгнэж байна”  гэжээ.

Хариуцагч Б.Н нь 2019 оны 01 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын төвд Т.Б цээжин тус газар нь хутгаар хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулж, Б.Н нь уг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 2.274.790 төгрөгийг Т.Б төлсөн болох нь Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор тогтоогдож байна.  

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл / эс үйлдэхүй /-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “ Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасан ба уг гэмт хэргийн улмаас нэхэмжлэгч Т.Б эрүүгийн шийтгэх тогтоол гарсан хугацаанаас хойших учирсан гэм хорыг арилгахад зарцуулсан зардлыг хариуцагч Б.Н хариуцан арилгах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан байна.

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас нотлох баримтын шаардлага хангасан, түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэмтлийг эмчлүүлэхэд зарцуулсан хохирол гэж үзэж Мөнгөн гүүр эмнэлэгийн цээжний хажуу зураг авахуулсан 20.000 төгрөг, уушигны эмчийн үзлэг 20.000 төгрөг, дотрын эмчийн үзлэг 20.000 төгрөг, цээжний эгц болон хажуу зураг авахуулсан 45.000 төгрөг, хэвлийн эхо болон цээжний эгц зураг авахуулсан 127.000 төгрөг, Ай Ти /лаб/-ийн хэвлийн эхо 25.000 төгрөг, ЭКГ 8.000 төгрөг нийт 265.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Харин нэхэмжлэгчийн хеликобактер илрүүлэх шинжилгээ 15.000 төгрөг, ходоодны дуран 45.000 төгрөг, хх-7-10 дугаар талд авагдсан эм, эмчилгээний материал худалдан авсан баримтууд, хх-11 дүгээр талд авагдсан Бураммишээл 1.327.000 төгрөг, ЭН АР БИ  79.000 төгрөг, хх-12 дугаар талд авагдсан Мишээл эмнэлэгийн 86.000 төгрөг, БОЭТ 45.000 төгрөг, хх-13 дугаар талд авагдсан Мишээл эмнэлэг эмчилгээний төлбөр 1.500.000 төгрөг, үзлэг 35.000 төгрөг зэрэг нотлох баримт нь нэхэмжлэгч Т.Б гэмт хэргийн улмаас учирсан гэмтлийг эмчлүүлсэн эсхүл өөр эмчилгээ хийлгэсэн эсэх нь тодорхойгүй, нэхэмжлэгч тал хуульд заасан нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл дээрхи эмчилгээнүүдийг хариуцагч Б.Н үйлдлээс учруулсан гэмтлийг арилгахад зарцуулсан хохиролд тооцож нотлох баримтыг үнэлэхэд эргэлзээ төрж байх тул шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Т.Б шүүх хуралдааны товыг хуульд зааснаар мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн хүсэлтээр нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2, 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Н-с 265 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Б-д олгосугай.

2. Нэхэмжлэгчийн 3 587 940 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэг зааснаар нэхэмжлэгч Т.Б нь улсын тэмдэгтийн хураамжид 76 598 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Н-с улсын тэмдэгтийн хураамж 8 600 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                Л.УГТАХБАЯР

     ШҮҮГЧИД                                Р.УРАНЧИМЭГ

                                                       Б.ОТГОНСҮРЭН