Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 001/ХТ2022/00673

 

Т.Б гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 143/ШШ2020/00165 дугаар шийдвэр,   

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 203/2020МА/00021 дугаар магадлалтай,

Т.Б гийн нэхэмжлэлтэй,

Б.Н д холбогдох,

Гэм хорын хохирол 3,852,940 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч И.Оюунгэрэлийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч И.Олонмөнх, хариуцагчийн өмгөөлөгч И.Оюунгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Т.Б  нь хариуцагч Б.Н д холбогдуулан эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 3,852,940 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ...миний бие Т.Б гийн эрүүл мэндийн хохиролд 2,200,000 төгрөгийг төлсөн. ...нэхэмжилсэн хохирол, төлбөрийн хувьд яг ямар эмчилгээ хийлгэсэн болон уушгиндаа авсан гэмтэлд эмчилгээ хийлгэсэн эсэх нь тодорхойгүй... гэсэн тайлбар гарган, маргасан байна.

2. Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 143/ШШ2020/00165 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Н гаас 265,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Б д олгож, нэхэмжлэгчийн 3,587,940 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэг зааснаар нэхэмжлэгч Т.Б  нь улсын тэмдэгтийн хураамжид 76,598 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Н гаас улсын тэмдэгтийн хураамж 8,600 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

3. Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 203/2020МА/00021 дугаар магадлалаар: Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 143/ШШ2020/00165 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 265,000 гэснийг 3,852,940 гэж, 3 дахь заалтын 8600 гэснийг 76,598 гэж тус тус өөрчилж, 2 дугаар заалтыг бүхэлд нь хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7.-д зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн өмгөөлөгч И.Оюунгэрэл хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Өмгөөлөгч И.Оюунгэрэл миний бие Т.Б гийн нэхэмжлэлтэй Б.Н д хариуцагдах гэм хорын хохирол 3,852,940 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж дараах гомдлыг гаргаж байна.

Учир нь “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай” хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагагүй, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүрэгтэй гэж хэргийн оролцогчийн эрх, үүргийг хуульчилсан байдаг. Нэхэмжлэгч Т.Б  нь хариуцагч Б.Н гийн учруулсан гэмтлийн улмаас эрүүл мэнддээ эмчилгээ хийлгүүлсэн, эм тариа авч хэрэглэсэн эсэх нь тодорхойгүй нотлох баримтуудыг гаргаж өгч гэм хорын хохирол нэхэмжилдэг. Өөрөөр хэлбэл гэм хорын хохирол нэхэмжилж буй үндэслэлээ нотолж чадаагүй. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нотлох баримт нь эрүүл мэндийн ямар чиглэлийн эмчилгээ хийлгүүлсэн, өөрийн эрүүл мэндээ эмчлүүлсэн эсэх, ямар үйлчлэлтэй, ямар эрхтэн системд зориулсан эм тариа хэрэглэсэн зэрэг нь тодорхойгүй тухайн гэм хорын хохиролд хамааралтай эсэх нь тодорхойгүй байдаг. Давж заалдах шатны шүүх зарим баримт нь Т.Б гийн нэрээр бичигдсэн баримтууд байхад тэдгээрийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхэд анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Хэдийгээр тухайн гэм хорын хохирол нэхэмжилсэн баримтууд Т.Б гийн нэрээр бичигдсэн ч Т.Б  өөрөө хэвтэн эмчлүүлсэн, өөртөө эм тариа авсан, тухайн эм тариа, эмчилгээ нь Б.Н гийн үйлдлийн улмаас учруулсан гэм хорын хохиролтой хамааралтай гэж үзэх боломжгүй, өөр хэн нэгэн хүний эмчилгээний төлбөрийг төлсөн байхыг ч үгүйсгэхгүй тул зайлшгүй өөрөө эмчлүүлсэн, өөртөө эм тариа авсан гэдгийг давхар нотлох шаардлагатай юм. Нэхэмжлэгч Т.Б  нь иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэм хорын хохирол нэхэмжилж, нэхэмжлэл, нотлох баримт бүрдүүлж гаргаж өгөхдөө өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах бүрэн боломжтой буюу өөрийн сонгосон өмгөөлөгчтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох үүргээ биелүүлэх боломжтой байхад энэ үүргээ өөрөө биелүүлээгүй, нотлох баримтаа бүрдүүлж, нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй гэж үзэж байна. “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай” хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ.” гэж хуульчилсан байхад давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нотлох баримт нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэх нь тодорхойгүй, эргэлзээтэй байхад тэдгээр нотлох баримтыг үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй буюу нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчсөн гэж үзэж байна. Тиймээс “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай” хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 40 дүгээр зүйлийн 40.2 дахь заалтыг зөрчсөн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх ИХШХШТХ-ийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагыг хангаагүй байна.

Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгч Т.Б гийн эмчлүүлэгчийн картын хуулбарыг буюу анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй нотлох баримтыг хавсаргаж өгсөн. Энэ нь “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай” хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 161.1-д заасан этгээд давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй.” гэсэн хуулийн зохицуулалтыг зөрчиж байгаа учир хэргийг хянан шийдвэрлэхэд нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэдгийг дурдаж байна.

Иймд “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай” хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 “магадлалыг бүхэлд нь ... хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх буюу өөрчлөх гэснийг үндэслэн Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.06.03-ны өдрийн 203/2020МА/00021 дугаартай магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

6. Нэхэмжлэгч Т.Б  нь хариуцагч Б.Н д холбогдуулан эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 3,852,940 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гарган, үндэслэлийг ...миний бие Б.Н гийн буруугаас уушгиндаа хүнд гэмтэл авч эрүүл мэндээр хохирсон. ...гэмтлийн улмаас Улаанбаатар хот болон аймгийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, мэс ажилбар хийлгэн, ор хоногийн мөнгө, эм тариа, ирж очих зардал зэргээр хохирсон. ...хариуцагч нь 2019.02.28-ны өдрөөс өмнөх эмчилгээний зардлыг төлж барагдуулсан, одоо шийтгэх тогтоол гарснаас хойших, Улаанбаатар хотод 3 сар эмчилгээ хийлгэсний зардалд 3,852,940 төгрөг нэхэмжилнэ гэжээ. 

7. Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ...миний бие Т.Б гийн эрүүл мэндийн хохиролд 2,200,000 төгрөгийг төлсөн. ...нэхэмжилсэн хохирол, төлбөрийн хувьд яг ямар эмчилгээ хийлгэсэн болон уушгиндаа авсан гэмтэлд эмчилгээ хийлгэсэн эсэх нь тодорхойгүй... гэсэн тайлбар гарган, маргасан байна.

8. Анхан шатны шүүх хариуцагчаас гэм хорын хохиролд 265,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлийн үлдэх 3,587,940 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрт “...хариуцагчаас хохиролд 3,852,940 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосон” өөрчлөлтийг оруулжээ. 

9. Хоёр шатны шүүх тухайн маргаанд Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг гаргуулахдаа нотлох баримтыг үнэлэх хуульд заасан журмыг зөрчиж, хохирлын хэмжээний талаар буруу дүгнэлт хийснийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж өөрчилсөн нь үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

10. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэндэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй гарах бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй байна.

 

11. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд хариуцагч Б.Н  нь 2019.01.06-07-нд шилжих шөнө согтуугаар Т.Б гийн цээжин тус газар хутгалж, уушгийг гэмтээн биед нь хүнд гэмтэл учруулсан, энэ үйлдэлдээ Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019.02.28-ны өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар ял шийтгүүлсэн, уг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон байх ба шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6-д хохирогч Т.Б  нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг заажээ.

 

12. Давж заалдах шатны шүүхийн ...анхан шатны шүүх нь Т.Б гийн нэхэмжилсэн ...уушги болон дотрын эмчийн үзлэг, рентген зураг, эхо, ЭКГ зэрэг үзлэг, шинжилгээтэй холбоотой 265,000 төгрөгийг гаргуулж, ...бусад эмчилгээтэй холбоотой зардал нь хариуцагч Б.Н гийн үйлдлээс учруулсан гэмтлийг арилгахад зарцуулсан хохиролд тооцож нотлох баримтыг үнэлэхэд эргэлзээтэй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасантай нийцээгүй, ...хариуцагч татгалзлын үндэслэлээ, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн эрүүл мэндэд ...эмчилгээ хийлгэх шаардлага үүсээгүйг, хохирол үүсэх зайлшгүй нөхцөл байдал, мөн хохирлын хэмжээний талаарх татгалзлаа нотлоогүй байхад нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт заасантай нийцсэн гэж үзэх боломжгүй талаар хийсэн дүгнэлтүүдийг буруутгах үндэслэлгүй байна.

13. Иймд давж заалдах шатны шүүх хариуцагч Б.Н гаас гэм хорын хохиролд 3,852,940 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэн, энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.2, 505 дугаар зүйлийн 505.1-д заасан зохицуулалтад нийцжээ.

14. Хариуцагчийн өмгөөлөгчийн “...давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, ...нэхэмжлэгч Т.Б  нь хариуцагч Б.Н гийн учруулсан гэмтлийн улмаас эрүүл мэнддээ эмчилгээ хийлгүүлсэн, эм тариа авч хэрэглэсэн эсэх нь тодорхойгүй нотлох баримтуудыг гарган өгч гэм хорын хохирол нэхэмжилсэн, өөрөөр хэлбэл гэм хорын хохирол нэхэмжилж буй үндэслэлээ нотолж чадаагүй. ...давж заалдах шатны шүүх зарим баримт нь Т.Б гийн нэрээр бичигдсэн баримтууд байхад тэдгээрийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхэд анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй гэж үзсэн нь үндэслэлгүй...” гэсэн хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй байна.

15. Дээр дурдсан үндэслэлээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан хяналтын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 203/2020МА/00021 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.06.26-ны өдөр төлсөн 76,597 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Х.ЭРДЭНЭСУВД

                           ШҮҮГЧ ИД                                                       Г.БАНЗРАГЧ

                                                                                                                      Б.МӨНХТУЯА                                                                                                

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Д.ЦОЛМОН