Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 166

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Угтахбаяр даргалж, шүүгч Р.Уранчимэг, шүүгч Б.Отгонсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар       

Нэхэмжлэгч          аймаг               сум,             багт оршин суух Б овогт С.Ө /регистрийн дугаар:                     /

Хариуцагч:              аймаг              сум,          баг           тоотод оршин суух А овогт Б.У /регистрийн дугаар:                    /

Хариуцагч:           аймаг           сум,          багт оршин суух А овогт М.Б /регистрийн дугаар:                      /

Гэм хорын хохиролд 2 981 127 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай   иргэний хэргийг Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр буцаасныг 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Ө, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Н, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, иргэдийн төлөөлөгч Б.У, гэрч Б.Н, нарийн бичгийн дарга Ц.Анхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Ө миний бие нь 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр “Мухар шивэрт”-д ажлын байран дээрээ байж байхад Б овогтой У ирж унага уялцаад өгөөч гэж гуйсаар авч явсан. Хангал догшин адуунуудыг барилцаж байгаад адуунд өшиглүүлээд зүүн хөлийн шилбэ 2 хугарсан. Тэр өдөртөө аймгийн эмнэлэгт хүргэгдэж ирсэн. 07 дугаар сарын 09-нд хагалгаанд ороод 07 дугаар сарын 15-нд эмнэлгээс гарсан. Тэрнээс хойш гэрээр боолт хийлгэж байгаад 08 дугаар сарын 04-нд аймгийн эмнэлэгт хадаас авхуулсан. Нэг өдрийн дараа эмнэлгээс гарсан. Тэрнээс хойш 08 дугаар сарын 14-нд болохоо байгаад хот руу явсан. Хотод гэмтлийн эмнэлэгт ор байхгүй гээд 4 хоног буудалд хоноглосон. 08 дугаар сарын 18-ны өдөр гэмтлийн эмнэлэгт хэвтэж, 21-ний өдөр хагалгаанд орсон. Эмч нар хүнд хагалгаатай гэж эцсийн аргаа авна гээд хагалгаанд оруулаад аппарат суулгасан. Таарах аппарат байхгүй гээд гаднаас 558 000 төгрөгөөр худалдаж авсан. 08 дугаар сарын 26-ны өглөө гэмтлийн эмнэлгээс гараад шууд аймгийн унаанд сууж ирсэн. Миний хань Б.Б нь Б.У болон М.Б энэ их зардал гарснаа хэлсэн боловч та нар битгий ялархаад бай гэх зэргээр загнаж хайнга хандсан. Иймд 2 981 127 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч С.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 07 сарын 04-ний өдөр ажлын байран дээр байхад Б овогтой У ирж хоёр гурван унага уях гэсэн юм, очоод туслаад өгөөч гэсэн. Оосор дээс хүрэлцэхгүй байна гэхээр нь машин оруулж гаргадаг хаалганы оосроо өгч явуулсан. Би ажил ихтэй байна, энэ оосрыг аваад явж бай, ажил гайгүй болохоор хүрээд очъё гэж хэлээд Б.У явуулсан. Тэгээд зав чөлөө гарахаар нь очсон. Унага уяна гэсэн боловч унага уяагүй. Дандаа хангал зэрлэг адуу байсан. Ганц ч унага бариагүй. Б.У унага уяна гэж авч явснаас болоод энэ зүйл болсон гэж бодож байна. Хангал догшин адуутай ноцолдоно гэсэн бол би очихгүй байх боломжтой байсан. Миний хувьд энэ 2 хүнээс энэ мөнгийг гаргуулах хүсэлтэй байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Н шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: С.Ө нь 2019 оны 07 сарын 04-ний өдөр Б.У гэдэг хүний гуйлтаар түүний аав М.Б туслахаар очсон. Тухайн үед унага уях ажилд нь тусалж байгаад адуунд өшиглүүлээд зүүн талын хөлийг гэмтээсэн. Зүүн талын шилбэ нь хугарч үүний улмаас хагалгаанд орсон. Хагалгаанд орсон боловч хугарал нь удаан эдгэсний улмаас хөлөндөө аппарат тавиулсан. Мөн Өмнөговь аймгийн Даланзадгад суманд эмчлүүлээд Улаанбаатар хот руу 2 удаа очиж эмчилгээ хийлгэсэн. Үүнээс үүдэн гарсан эмчилгээний зардал, шатахууны зардал, Улаанбаатар хотод 4 хоног зочид буудалд байрласны 120 000 төгрөг, шатахууны 314 430 төгрөг, эм тарианы 2 547 697 төгрөгийг хариуцагч Б.У, М.Б нараас нэхэмжилж байгаа. Эмчилгээ хийлгэж байхад У 200 000  төгрөг, Б.У ээж нь 200 000 төгрөг нийт 400 000 төгрөг өгсөн. Тэр мөнгийг тухайн үед Өмнөговь аймагт 2019 оны 07 сарын 09-ний өдөр хагалгаанд орохдоо хагалгааны төлбөр эм тариандаа зарцуулсан байдаг. Энэ мөнгө нь хариуцагч талаас нэхэмжилж байгаа үнийн дүнд ороогүй. Иймд Б.У, М.Б нараас эмчилгээний зардалтай холбоотой 2 981 127 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б.У шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Болсон үйл явдлыг дурдвал: Б.У миний бие амралтаараа аавыгаа Мухар шиврийн аманд нүүлгэж, адууг нь уяж өгөхөөр очсон. 07 дугаар сарын 03-ны шөнө С.Ө аавтайгаа мотоцикль эвдэрсэн гээд манайд явган алхаж ирсэн. Би машинаараа гэрт нь хүргэж өгөхдөө маргааш унага уях гэж байгаагаа ярьсан. С.Ө нь “адуутай ноцолдох сайхан шүү, би маргааш очно” гэсэн. Би С.Ө гуйгаагүй. Очиж авах ч зав байгаагүй. Ажлынх нь байр хорооны дэргэд байдаг учраас ирсэн. 07 дугаар сарын 04-ний өдөр манайх Мухар шиврийн амны бууцанд унагаа уях гээд адуугаа хурааж унагаа барьж байтал С.Ө сайн дураараа ирж тусалсан. Гурван унагаа барьж ногтолчхоод нэг гүүгээ барьж унагаад амыг нь цоровдох гээд толгойтой нь зууралдаж байх хооронд С.Ө хондлой дээр нь суугаад туслалцах гэж байтал адуу хөдөлж С.Ө өөрөө арагшаа гулсан унахдаа хөлөө дарж суугаад хугалсан. Адуунд өшиглүүлээгүй. Хангал адуутай ноцолдож байгаагаа мэдсээр байж өөрийн овсгоо самбаагүйгээсээ болж хөлөө хугалсан. Би санаатай хугалаагүй. Хоромхон зуур санамсаргүй болсон явдал. Өөрөө хөл хугарчихлаа гэхлээр нь бид сандарч чиг тавьж боогоод, өвчин намдаах эм уулгаад 1 цагийн дотор гэмтлийн эмнэлэгт хүргэж өгөөд шаардлагатай эм тариаг нь авч өгсөн. Авгай Б нь тэр оройгоо 600 гаруй малаа эзэнгүй хаячхаад явсан. Бид санаа маш их тавьж тусалсан. Үүнд:

1. 07 дугаар сарын 09-ний өдөр хагалгаанд ороод гартал нь эгч Б.У 2 хүний хоол цай зөөж эргэж байсан. 2. Хагалгааны мөнгөнд 400 000 төгрөг С.Ө бэлнээр нь шууд өгсөн. 3. 07 дугаар сарын 04-ний өдрөөс 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 600 гаруй малыг нь аавтайгаа маллаж өгсөн. 3-4 км зайд орших малыг нь өдөрт 3 удаа өөрийн бензинээр очиж малласан. Өглөө малыг нь хашаанаас гаргадаг, усалдаг. Өдөр нь эргүүлдэг, хариулдаг. Орой нь малыг нь хурааж хашдаг. Айлын малтай нийлчихвэл ялгадаг. Бид бүгдээрээ чадлынхаа хэрээр тусалж байхад баярлаж талархах байтал мөнгө нэхэж гүтгэн доромжилж загнадаг байсан. 07 дугаар сарын 05, 10, 12-ны өдөр эхнэр Б нь С.Ө төрсөн дүүтэй ирж их хэмжээний (2 сая гаруй) мөнгө өгөхийг шаардсан. Ах С.Б нь удаа дараа очиж аавыг загнаж хөлийг нь санаатай хугалсан мэтээр гүтгэж элдвээр хараан доромжилсон. Олон удаа малаа ав гэж шаардуулж байж 07 дугаар сарын 24-ний өдөр малаа авахдаа С.Б нь 20 гаруй мал дутсан, төл хэмээн аавыг загнаж дарамталсан байдаг. Энэ үйл явдал нь 2 дахь удаагаа болж байгаа юм билээ. С.Ө нь Ханхонгор сумын Мандах багийн малчин. Э.М мотоциклыг өөрөө унаж яваад унаад хөлөө хугалчхаад их хэмжээний мөнгө, 20 гаруй мал айлган сүрдүүлж дарамталж байгаад авсан гэж Э.М ах аавд хэлсэн байдаг. Үүнийг шалгаж Э.М ахын гомдол хохирлыг хянаж үзэх нь зүйтэй болов уу. Үүнээс үзэхэд С.Ө нь өөрийн биеэрээ дэнчин тавьж хөлөө хугалчхаад мөнгө, мал салгаж авдаг залилангийн шинжтэй юм шиг сэтгэгдэл төрсөн учраас цаашид туслах боломжгүй гэдгээ хэлсэн. 07 дугаар сарын 25-ны өдрөөс хойш нэг ч холбоо бариагүй байхад “Та  нар битгий ялархаад бай” гэж хэлсэн хэмээн гүтгэлээ. Бидэнд ирж тусалсан сэтгэлийг нь бодож эргэж тойрч, мөнгө өгч, малыг нь сэтгэлээсээ маллаж байсан. 2 981 127 төгрөгийг шаарджээ. Ямар ч үндэслэл байхгүй учир бид төлөх боломжгүй. Харин 5 580 000 төгрөгтэй дүйцэх ажил хийж, 20 гаруй өдөр малыг нь маллаж, 400 000 төгрөг өгсөн. Үнэн зөвийг шүүн тунгааж, асуудлыг шийдэж өгөхийг хүсэж байна. С.Ө нэхэмжлэлийг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь чадлаараа тусалж байхад баярлалаа гэж нэг ч хэлэхгүй, их хэмжээний мөнгө нэхэж байгаад нь их гайхаж байна гэжээ.

Хариуцагч М.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч С.Ө нь 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүү Б.У очиж унага уялцаж өгөөч гэж гуйсаар авч ирсэн гэх зүйлийг бичжээ. Бидний болоод хүүгийн зүгээс нэхэмжлэгчийг гуйж авчраагүй, өөрөө мотоциклоо унаад адуугаа хурааж унагаа барьж байхад сайн дураараа ирсэн. Бидэнд хүн гэрээс очиж авах зав ч байгаагүй. Үүнийг гэрчлэх гэрч бий тул гэрчлүүлнэ. Тухайн өдөр өөрийн болгоомжгүй үйлдлээсээ болж хүү Б.У гүү барьж унагаад амыг цоровдох гээд толгойтой нь зууралдаж байх хооронд С.Ө нь гүйж очоод гүүний хондлой дээр суугаад туслалцах гэж байтал гүү хөдөлж С.Ө арагшаа гулсан унаж хөлөндөө гэмтэл авсан. Гэмтэл авсан даруйд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж, малыг харж хандаж, эмнэлэгт байх хугацаанд бидний ар гэрийн зүгээс анхаарал халамж тавьсаар ирсэн. Халамж тавьсаар байхад биднийг хэл амаар доромжилж, гүтгэн загнадаг болсон. Иймээс бид цайлган сэтгэлээр тусалж байхад илүү их зүйлийг хүссэн тул бид малыг нь маллахаа больж, анхаарал тавихаа больсон. Тухайн үед хагалгааны төлбөрт 400 000 төгрөг өгсөн. Нэхэмжилж байгаа мөнгөн дүнгээс хасаж тооцуулна. Хүнээс мөнгө авснаа бичсэн байх ч хасаж тооцоогүйд гомдолтой байна. Б.У мал биш, миний өөрийн мал. Манай хүүд ямар нэгэн мал огт байхгүй. Хүүгийн буруутай үйлдэл байхгүй, бид санаатайгаар хөлийг нь хугалаагүй, нэхэмжлэгчийн өөрийнх нь болгоомжгүй үйлдлээс болж хөлөө хугалсан. Малтай харьцаж байгаа хүн өөрийн хийж байгаа үйлдлийг ухамсарласан, унахаас өөрийгөө бүрэн сэргийлж туслалцах ёстой байсан. Түүний хөлөө гэмтээсэн үйлдэл цэвэр өөрийнх нь болгоомжгүй үйлдлээсээ болж хөлөө гэмтээсэн. М.Б нь нэхэмжлэгчийг гүүнээс түлхэж унагаагүй гэх мэдээлэл өгсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эхлээд хариуцагч Б.У төлөөлж тайлбараа гаргая. Нэхэмжлэгч 2019 оны 08 сарын 28-ны өдөр Б.У 2 981 127 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэл гаргасан. Өнөөдрийн шүүх хуралдаанаар М.Б гэдэг хүнийг хамтран хариуцагчаар татаж нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна.  Нэхэмжлэгч талаас зөвхөн У-с 1 273 848 төгрөгийг нэхэмжилж байна гэж ойлгож байна. Б.У зүгээс 1 273 848 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь С.Ө хувьд тухайн гүүнээс унаж хөлөө хугалсан нь Б.У ямар нэгэн шалтгаант холбоо болон иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй байгаа  учраас хүлээн зөвшөөрөхгүй. М.Б хувьд тухайн гүү өнөөдөр М.Б эзэмшлийн өмчлөлийн мал байгаа. Иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй учраас М.Б эзэмшил өмчлөлийн мал байгаа. М.Б зүгээс М.Б ар гэрийнхэн тухайн эмчилгээтэй холбоотой 400 000 төгрөг өгсөн. 400 000 төгрөг авснаа өмнөх шүүх хуралдаанд хэлж байсан. өнөөдөр тухайн өгсөн 400 000 төгрөгийг хасч тооцохгүй гэж байна. Хэрэв гэм буруугийн асуудал үнэхээр М.Б энэ мөнгийг гаргуулна гэвэл 400 000 төгрөгийг хасаж тооцуулна. Хүлээн зөвшөөрөхгүй байгаа гол үндэслэл нь нэхэмжлэгч нь өөрөө хангал зэрлэг адуутай ноцолдуулсан гэсэн тайлбарыг хэлж байна. Энэ хүн тухайн мал хангал догшин мал гэдэг үүднээсээ харьцаж байсан учраас өөрөө тухайн үйлдлийг туслалцахдаа болгоомжтой хандах талаар өөрөө 100 хувь мэдэж байсан. Тэгэхээр өөрийн болгоомжгүй үйлдлийн улмаас морины хондлой дээрээс унахдаа хөлөө хугалсан гэж үзэж байна. Тийм учраас нэхэмжилж байгаа 1 273 848 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлд дурдсанаар 2 981 127 төгрөгийг Б.У, М.Б нарт хариуцуулж тэнцүү хуваахад 1 490 563 төгрөг болж байгаа. Мал амьтны эрүүл мэндийн тухай хуульд мал гэдэг нь уламжлагдан маллаж ирсэн таван хошуу малыг ойлгоно. Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 4.1.14-т малчин гэж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.9-д заасан иргэнийг хэлнэ гэж заасан. Малчин хүн малаа маллаж байх нөхцөл явдалд нэхэмжлэгч С.Ө өөрийн сайн дураараа очиж туслалцсан нөхцөл байгаа нь энэ хэргийн хүрээнд харагдаж байна. Мөн эрүүгийн хуулийн тусгай ангид мал гэж юуг хэлэх вэ гэдгийг мал хулгайлах гэмт хэргийн тайлбар дээр байдаг. Мал гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээг хамааруулна гэж байгаа. Амьтны тухай хуулийн 4.1-т “амьтан” гэж Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4 дэх заалтад заасныг амьтан гэж үзнэ. Тухайн амьтныг ашиглах хэлбэрийг ч Амьтны тухай хуульд байдаг. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 4-т “амьтан" гэдэгт Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга буюу түр нутагшсан хөхтөн, шувуу, мөлхөгч, хоёр нутагтан, загас, хавч хэлбэртэн, шавьж, зөөлөн биетэн, эгэл биетэн хамаарна гэсэн байдаг. Энэ холбогдох хуулийн заалтуудаас үзэхэд гүү буюу адуу нь Иргэний хуулийн 501-т заасан амьтан гэдэгт хамаарагддаггүй юм байна. Гүү бол мал юм байна. Малын учруулсан гэм хорыг хариуцах эрх зүйн үндэслэл Иргэний хуулийн 501 дүгээр зүйлээр тодорхойлогдохгүй байна. 505.1-т тухайн амьтны өмчлөгч мал гэдэг нэр төрөлд хамаар амьтны өмчлөгч нь Б биш. Амьтны үйлдлээс хүний амь нас, эрүүл мэндэд учирсан гэм хорыг тухайн амьтныг өмчлөгч буюу эзэмшигч хариуцна гэж заасан. Тэгэхээр гүү гэдэг нь мал гэдэг нэр томьёонд хамаардаг. Гүү нь амьтан биш. Амьтны өмчлөгч нь М.Б биш юм гэдэг хууль зүйн үндэслэлийг тайлбарлаж байна гэв.

Иргэдийн төлөөлөгч Б.У шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: С.Ө хэлж байгаа зүйл нь надад эргэлзээтэй санагдаж байна. С.Ө хэлж байгаагаар морины хөлийг нь уягаар бариад сууж байсан гэж байгаа. Гэрчийн мэдүүлгээр зүгээр сууж байгаад гулгаад унасан гэдэг. Энэ нь надад эргэлзээтэй байна гэв.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, амбулаториор эмчлүүлэгчдийн картын хуулбар /хх 4-9/, А4 хэмжээтэй гэрэл зураг, хариуцагч Б.У хариу тайлбар, 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, төлбөрийн баримтууд /хх 25-37/, А5 хэмжээтэй гэрэл зураг, А4 хэмжээтэй гэрэл зураг, 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн зарлагын баримт, /хх 42-44/, 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн итгэмжлэл, 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн итгэмжлэл, 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол /хх 76-78/, 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 03 дугаартай албан тоот, 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 203/ТМ2020/00005 дугаартай Өмнөговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл, 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 203/МА2020/00004 дугаартай Өмнөговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 10 дугаартай албан тоот, 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт, 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 39 дугаартай Өмнөговь аймаг Ханхонгор сумын Мандах багийн засаг даргын тодорхойлолт, 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б хариу тайлбар, 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 53 дугаартай Өмнөговь аймаг Цогтцэцийн сум Сийрст багийн засаг даргын тодорхойлолт, 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн итгэмжлэл зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Ө нь Б.У, М.Б нарт холбогдуулж гэм хорын хохирол 2.981.127 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч С.Ө нь “...Б.У унага уяна гэж авч явснаас болоод энэ зүйл болсон гэж бодож байна. Хангал догшин адуутай ноцолдоно гэсэн бол би очихгүй байх боломжтой байсан. Миний хувьд энэ 2 хүнээс энэ мөнгийг гаргуулах хүсэлтэй...“ гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж, хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.  

2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутаг Мухар шивэрт гэх газар нэхэмжлэгч С.Ө нь хариуцагч Б.У, М.Б нартай хамт унага уялцах үйл ажиллагаанд оролцож улмаар гүүг барьж  байх үедээ хөлөө хугалсан үйл баримт тогтоогдож талууд энэ талаар маргаагүй. Зохигчид Б.У гуйлтаар очсон, очоогүй, хугарсан хөлийг эмчлүүлэхэд зарцуулсан хохирлыг төлөх үндэслэлгүй хэмээн маргажээ.

Нэхэмжлэгч С.Ө барьж байх үедээ хөлөө хугалуулсан гүү нь хариуцагч М.Б гүү болох нь нэхэмжлэгч болон хариуцагч талын тайлбараар нотлогдож байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, мөн хуулийн 501 дүгээр зүйлийн 501.1 дэх хэсэгт “Амьтны үйлдлээс хүний амь нас, эрүүл мэндэд учирсан гэм хорыг тухайн амьтны өмчлөгч буюу эзэмшигч хариуцна” гэжээ.

Иргэний хуулийн 501 дүгээр зүйлд амьтны үйлдлээс хүний амь нас, эрүүл мэндэд учирсан гэм хорыг тухайн амьтныг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгахаар заажээ.

Малыг хүн төрөлхтөн өөрийн өмчлөл, эзэмшилдээ байлгаж амин зуулга, аж ахуйн шаардлагаар ашиг шимийг хүртэхээр өсгөж үржүүлэн маллаж ирсэн бөгөөд мал нь амьтан гэсэн ойлголтод хамаарна. Малыг адгуулан маллаж өсгөн үржүүлж ашиг шимийг нь авах нь өмчлөгч эзэмшигчийн эрх боловч Малын генетик нөөцийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т заасан “ малыг ....аюулгүй нөхцөлөөр хангах “ үүргээ хэрэгжүүлээгүй тохиолдолд амьтны үйлдлээс гэм хор учруулсны хохирлыг өмчлөгч хариуцах нь үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгчийн Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн баримтад заасан нийт 131 994 төгрөг /хх-27/, “Мөнгөн гөлтгөнө” –өөс 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр олгосон шилбэний хадаасны үнэ 550 000 төгрөг /хх-29/,  “Бэриш фарм” ХХК-ийн эм тарианы үнэ 549 500 төгрөг хх-42/, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн орлогын баримт 86 754 төгрөг /хх-43/ нийт 1.318.248 төгрөг нь нэхэмжлэгчид учирсан шууд хохирол болох нь эмчлүүлэгчийн карт, рентгэн гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдож дээрх эмчилгээ, үйлчилгээ хийлгэсэн, эм тариаг худалдан авсан нэр нь С.Ө гэж бичигдсэн, түүнчлэн дээрх нотлох баримтууд хуульд заасан бичмэл нотлох баримтын шаардлагыг хангасан байх тул шүүх үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож, уг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч “Тэргэл” зочид буудлын зардал 120.000 төгрөг, шатахууны зардал 313.430 төгрөгийг хариуцагч Б.У-с нэхэмжилсэн ба Б.У нь гүүний өмчлөгч эзэмшигч болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн Б.У-с нийт 433.430 төгрөг гаргуулах, хариуцагч М.Б-с нэхэмжилсэн 1.662.879 төгрөгийн эм тариа, шатахууныг хэн худалдан авсан нь тодорхойгүй, нэхэмжлэгч С.Ө нь учирсан хохирлоо арилгахад зарцуулсан эсэх нь нотлогдохгүй, 550 000 төгрөгийн хөлийн аппарат авсан баримтыг ирүүлээгүй байх тул дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Шүүх хуралдаанд хариуцагч талын хүсэлтээр гэрч Б.Н-с гэрчийн мэдүүлэг авсан ба гэрчийн мэдүүлэг нь хуульд заасан арга журмын дагуу авагдсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.8 дахь хэсэгт заасан харшлах шалтгаангүй  байх боловч гэрч нь тухайн үед зохигчид хаана хаана хэрхэн байрлаж байсан талаар мэдүүлсэн, гэм буруугийн талаар мэдүүлээгүй тул шүүх гэрчийн мэдүүлгийг үнэлээгүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 501 дүгээр зүйлийн 501.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.Б-с 1.318.248 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Ө-д олгосугай.

2. Нэхэмжлэгчийн хариуцагч М.Б-с 1.662.879 төгрөг гаргуулах, хариуцагч Б.У-с 433.430 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Ө улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62.650 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Б-с улсын тэмдэгтийн хураамж 41.556 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Ө-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                Л.УГТАХБАЯР

     ШҮҮГЧИД                                Р.УРАНЧИМЭГ

                                                           Б.ОТГОНСҮРЭН