Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 143

 

Г.Эн-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Ш.Эрдэнэбилэг, хохирогчийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 166 дугаар шийтгэх тогтоол, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 02 дугаар магадлалтай 201603000114 дугаар эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхбаяр, Н.Энхжаргал нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1984 онд төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, англи хэлний багш мэргэжилтэй, ял шийтгүүлж байгаагүй Г.Эн- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1-д заасан “Албан тушаалын байдлаа ашиглаж хөрөнгө завших” гэмт хэрэгт холбогджээ.

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Г.Эн-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, түүнийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Г.Эн-д хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, 1 жил 6 сар хянан харгалзахаар, шүүгдэгчээс хохиролд 19.258.799 /арван есөн сая хоёр зуун тавин найман мянга долоон зуун ерэн ес/ төгрөг гаргуулж хохирогч “Г.Т” ХХК-д олгох, ял оногдуулалгүй тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхбаяр, Н.Энхжаргал нар хамтран гаргасан гомдолдоо “Анхан шатны шүүх Г.Эн-д холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчилсэн нь хуульд нийцсэн шийдвэр болсон. Харин давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ албан тушаалын байдлаа ашигласан гэх байдлыг яллах дүгнэлтэд тусгаагүй байхад хэрэг шийдвэрлэсэн нь буруу гэж үзэн нэг талыг барьж шийдвэр гаргасан. Мөн Г.Эн-д оногдуулсан ялыг эдлүүлэхэд хэн хяналт тавих талаар дурдаагүй нь хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзсэнийг буруу гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Г.Эн-д оногдуулсан ялыг эдлүүлэхэд хэн хяналт тавих талаар дурдаагүй нь буруу хэдий ч үүнийг залруулах эрх нь давж заалдах шатны шүүхэд байхад өөрт оногдсон эрхээ хэрэгжүүлэхгүйгээр тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж байгааг буруу гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, тэнсэх ялд хяналт тавих этгээдийг тогтоож, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ хэлсэн саналдаа “Шүүгдэгч нь компанийн эрх бүхий албан тушаалыг хашиж байхдаа хууль бусаар хувьдаа мөнгө завшсан болох нь нотлогдсон. Иймд магадлалыг хэвээр үлдээж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах саналтай байна” гэв.

Прокурор Ш.Эрдэнэбилэг хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Эн-г албан тушаалтан биш гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Харин давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасныг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд заасныг баримтлан хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр шүүгдэгч Г.Эн-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон өөрчлөлт оруулах нь зүйтэй” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхбаяр, Н.Энхжаргал нарын гаргасан гомдлыг үндэслэн Г.Эн-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Г.Эн- нь 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сар хүртэлх хугацаанд “Г.Т” ХХК-ийн явуулын борлуулагчаар ажиллах хугацаандаа 19.058.799 төгрөг хувьдаа завшиж, үлэмж хэмжээний хохирол учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Анхан шатны шүүх прокуророос Г.Эн-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон зөвтгөн зүйлчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн агуулга, зарчимд нийцүүлэн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Харин давж заалдах шатны шүүх гэмт хэрэг үйлдэгдэх үеийн хуулиар гэмт хэргийн шинжид хамааруулаагүй, 2015 оны Эрүүгийн хуульд шинээр гэмт хэргийн шинжид хамааруулсан шинжээр тухайн хэргийг хүндрүүлэн зүйлчлүүлэхээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон нь үндэслэлгүй болжээ.

Өөрөөр хэлбэл Г.Эн-д холбогдох бусдын хөрөнгө завшсан хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэх шинжээр зүйлчилж шийдвэрлэх ёстой гэж дүгнэсэн нь хууль буцаан хэрэглэх талаарх Эрүүгийн хуулийн зохицуулалтын агуулгыг буруу тайлбарлаж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж буй хуулийг хэрэглэхэд хүргэж буй хууль бус үндэслэлд хамаарч байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 02 дугаар магадлалыг хүчингүй болгож, Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 166 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

 

 

                                              ДАРГАЛАГЧ                                              Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                       Б.БАТЦЭРЭН

                                                                                                                 Д.ГАНЗОРИГ

                                                                                                                 Ч.ХОСБАЯР

                                                                                                                 Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН