Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 13

 

2020 оны 02 сарын 11              Дугаар 2020/ДШМ/13                  Номгон баг

                                        Х.Э холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Г.Уламбаяр, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Э.Гантулга

Яллагдагч Х.Э

Яллагдагчийн өмгөөлөгч А.Ариунаа /цахим сүлжээгээр/

Хохирогч  Д.Б

            Нарийн бичгийн дарга О.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан;          

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж шийдвэрлэсэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2019/ШЗ/1046 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Э.Гантулгын бичсэн 2020 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн №04 тоот эсэргүүцлээр Х.Э холбогдох эрүүгийн 1814004930243 дугаар хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

  Монгол улсын иргэн,  Х.Э, 1987 оны 11 дүгээр сарын 10-нд Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, 2009 оны 6 дугаар сарын 03-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ял шийтгүүлж уг ялыг мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, 2018 оны 7 дугаар сарын 25-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийх ялаар тус тус шийтгүүлж байсан,

Х.Э нь 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 01-нд шилжих шөнө 05-06 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3-10а-11 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Ц.Х хоолойг боох, гарын шууны судсыг заазуураар зүсэх, зэрэг онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

              Баянхонгор аймгийн Прокурорын газраас Х.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.8-д тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Яллагдагч Х.Э холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд заасан ажиллагаануудыг хийгээгүй гэж үзэх дараах үндэслэл нотолгоо тогтоогдов. Үүнд: Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.8-д зааснаар Х.Э холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

1. Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн №179 дугаар тогтоолд “...шинжээчийн дүгнэлтүүдийн зөрүүг арилгах, үүнээс гадна амь хохирогч Ц.Х нь 5-6 хоног эмнэлэгт эмчилгээ хийлгэхдээ эмнэлгийн үйлчилгээг стандартын дагуу авсан эсэх талаар шинжээчийн дүгнэлт гаргуулахаар...” дурдсан байна

Баянхонгор аймгийн мэргэжлийн хяналтын газрын эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч М.Хонгорзулын гаргасан 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн шинжээчийн 1. Амь хохирогч Ц.Хд 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл 6 хоног Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэг болон Улаанбаатар хотын гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлсэн эмнэлгийн тусламж үйлчилгээ нь стандартын дагуу хийгдсэн байна гэх дүгнэлт /3-р хх-ийн 168-198/ гаргасан боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.6 дугаар зүйлийн 6-д зааснаар “...шинжилгээний аргачлал, явц, үр дүн...” тодорхой заах, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1- т “...шинжилгээг тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой хийх...” гэж, 14.1.2-т “...шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тавьсан асуултын дагуу шинжилгээ хийж, тогтоосон хугацаанд шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гаргах...” гэж хуульчилсан байхад 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд амь хохирогч Ц.Хд Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэг болон Улаанбаатар хотын гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч нар эмнэлгийн тусламж үйлчилгээ стандартын дагуу хийсэн талаар тодорхой бичигдээгүй буюу хуульд заасан шаардлагыг хангаагүй байх тул дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулах

2. Баянхонгор аймгийн прокурорын газрын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн № 61 дугаар прокурорын “...хүсэлтийг хангахаас татгалзах тухай...” тогтоол /4-р хх-ийн 40-41/ хэрэгт авагдсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1-т “...хүсэлт гомдлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед гомдол гаргаж болно...” гэж хуульчилсан бөгөөд 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн № 61 дугаар прокурорын тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “...энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл дээд шатны прокурорт гомдол гаргах эрхтэй...” зааж өгсөн атал яллагдагчийн өмгөөлөгч А.Ариунаагийн гомдол гаргах эрхийг хангахгүйгээр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь оролцогчийн хуулиар ологдсон эрхийг ноцтой зөрсөн.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1-т “...мөрдөгч мөрдөн шалгах бүх ажиллагаа хийж дууссан, өмгөөлөгчид хавтаст хэргийн материал танилцахыг мэдэгдэх...” гэж, 32.1 дүгээр зүйлийн 9-т “...нэмэлт мөрдөн байцаалт явуулсан бол нэмж хийсэн ажиллагааны материалыг тухайн ажиллагаанд холбогдох оролцогчид танилцуулна...” гэж., 32.10 дугаар зүйлийн 6-д прокурор яллах дүгнэлтийн хувийг яллагдагчид гардуулж, хавтаст хэргийг харьяалах шүүхэд шилжүүлсэн тухай яллагдагч, өмгөөлөгчид мэдэгдэнэ...” гэж тус тус хуульчилсан ба яллагдагчийн өмгөөлөгч А.Ариунаа нь хавтаст хэргийн материалтай танилцсан /4-р хх-ийн 21-21/ ба 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №34 дүгээр прокурорын “...яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай...” тогтоол, мөн яллагдагч X.Энхбатад тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулсан талаар танилцуулсан болон яллагдагчаас дахин мэдүүлэг авсан зэрэг нэмэлт мөрдөн байцаалт явуулсан байтал нэмж хийсэн ажиллагааг өмгөөлөгчид танилцуулаагүй, мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж хэргийг шүүхэд шилжүүлж байгаа талаар мэдэгдээгүй, эрхийг мөн хангаагүй нь хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх, прокурор мөрдөгч хуулийг чанд сахих зарчмыг зөрчиж байх тул цаашид дахин алдаа гаргахгүй ажиллахад анхаарах шаардлагатай ба дээр дурдсан асуудлыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор Э.Гантулга 2020 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн №04 дүгээр эсэргүүцэлдээ: Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцээд мэргэжлийн хяналтын ерөнхий газрын шинжээчээр дахин дүгнэлт гаргуулах, өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг шийдвэрлэхдээ дээд шатны прокурорт гомдол гаргах эрхийг зөрчсөн, хавтаст хэргийн материалыг өмгөөлөгчид танилцуулаагүй нь хууль ноцтой зөрчсөн гэх үндэслэлүүд зааж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаасан шүүгчийн захирамж нь үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Учир нь: Хэрэгт Улсын дээд шүүхийн тогтоолд заагдсан ажиллагааг хийж гүйцэтгэсэн. Мэргэжлийн хяналтын газрын шинжээч нь дүгнэлт гаргаж ирүүлсэн. Уг дүгнэлт нь хуульд заасан аргачлал, явц үр дүнгийн талаар баримтлах дараалал тодорхойгүй байсан тул шинжээчийн гаргасан дүгнэлттэй нь холбогдуулж байцааж дээрх нөхцөл байдлуудыг тодруулсан тул хэрэгт хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна.

Өмгөөлөгч А.Ариунаагаас гаргасан хүсэлтийг прокуророос хүлээн авч танилцаад хүсэлтийг хангахаас татгалзсан тогтоол гаргаж уг шийдвэрийг өмгөөлөгчид хариу мэдэгдэх хуудсаар хуульд заасан хугацаанд хүргүүлсэн тул эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

Мөрдөгч нь хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж дуусаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч нарт танилцуулж хэргийг прокурорын хяналтад ирүүлсэн. Прокурор хэргийг хянаад яллагдагчийг урьд яллагдагчаар татсан тогтоолын хэргийн зүйлчлэлд өөрчлөлт оруулаагүй зөвхөн үйлдэгдсэн гэмт хэргийн утга хэсэгт өөрчлөлт оруулж уг тогтоолыг яллагдагчид танилцуулж хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн болно. Энэ нь хууль ноцтой зөрчсөн зүйл байхгүй хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаагүй болно.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичив гэжээ.

Прокурор Э.Гантулга тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: Бичсэн эсэргүүцлийнхээ үндэслэлийг хүлээн зөвшөөрч байна. Харин дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гэж андуурсан байна. Х.Э холбогдох хэрэгт Улсын дээд шүүхийн тогтоолд заагдсан бүх ажиллагааг хийж гүйцэтгэсэн байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн ямар нэгэн зүйл болоогүй. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн гэв.

            Хохирогч  Д.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ бол маш тодорхой хэрэг байхад яагаад шүүх шийдэхгүй байгааг ойлгохгүй байна. Прокурортой санал нэг байна. Миний охин хүнд гэмтлээс болж нас бараагүй гэв.

            Шүүгдэгч Х.Эын өмгөөлөгч А.Ариунаа тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: /цахим сүлжээгээр/ Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн. Би гурван удаа хүсэлт гаргахад хоёрт нь хариу авсан. Миний дээд шатны прокурорт гомдол гаргах эрхийг хангаагүй, хэргийн материалтай ч бүрэн гүйцэд танилцуулаагүй. Хэрэгт авагдсан шинжээчийн гурван дүгнэлт хоорондоо зөрүүтэй, хуульд заасан шаардлагыг хангаагүй тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасны дагуу давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Баянхонгор аймгийн прокурорын газраас Х.Эыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Ц.Х хоолойг боох, гарын шууны судсыг заазуураар зүсэх зэрэг онц харгис хэрцгийгээр алсан гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.8-д тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлаж үзвэл мөрдөн шалгах ажиллагааны явцад Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 2019 оны 197 дугаар тогтоолд заасан ажиллагаануудыг бүрэн гүйцэд хийж гүйцэтгээгүй, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид дурдагдсан Баянхонгор аймгийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн гаргасан 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй тул дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулах, өмгөөлөгч А.Ариунаагийн гомдол гаргах эрхийг хангахгүйгээр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн, мөн түүнд хавтаст хэргийн материалыг бүрэн гүйцэд танилцуулаагүй нь хуулиар олгогдсон хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлтэй болжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хийж гүйцэтгээгүй орхигдуулсан, шүүхийн шийдвэрт нөлөөлж болохуйц дээрх ажиллагаануудыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул энэ үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож Х.Э холбогдох эрүүгийн 1814004930243 дугаартай хэрэгт шүүгчийн захирамжид заасан үндэслэлээр нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2019/ШЗ/1046 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Э.Гантулгын бичсэн 2020 оны 04 тоот эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ                                       М.МӨНХДАВАА

ШҮҮГЧИД                                                       Г.УЛАМБАЯР

                                                                        Б.БОЛОР-ЭРДЭНЭ