Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 452

 

    Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

     Нэхэмжлэгч: “Х банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

     Хариуцагч: Т овогт У-ийн Э,

     Хариуцагч: Т овогт Л-ийн Б нарт холбогдох,

   Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг үндсэн зээлийн төлбөр 8.043.345,97 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 4.976.711,73894 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 326.391,03 төгрөг, нотариатын төлбөр 9.000 төгрөг, нийт 13.355.448,74 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээнд заасан хөрөнгөөр болон зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн бусад хөрөнгө орлогоор хангуулж, зээлийг төлүүлэх тухай нэхэмжлэлийг 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С, хариуцагч Б, Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Э, Б нар нь 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Х банкны Увс салбараас ЗГ/201743013724 тоот зээлийн гэрээ байгуулан 5.371.882,5 төгрөгийн цалингийн зээлийн үлдэгдэл дээр нэмж 10.000.000 төгрөг, нийт 15.371.882,5 төгрөгийг сарын 1.7 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, сар бүр тэгш 471.100 төгрөгийн төлбөр төлөх нөхцөлтэй цалингийн нэмэлт зээл авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2.4.1 дэхь хэсэгт заасны дагуу үндсэн зээлийн төлбөрт 9.956.654,03 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 3.895.777,25 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 668,73 төгрөг, нийт 13.852.431,28 төгрөгийн төлбөрийг төлсөн байна. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрийг хугацаандаа төлөөгүй хугацаа хэтэрсэн, банкнаас зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Хэрэглээний зээлийг зээлдэгч хэрхэн зарцуулж байгааг хянадаггүй, тухайн хүмүүсийн эрхийн асуудал байдаг. Иймд зээлдэгч Э, Б нараас нэхэмжлэлийн шаардлагын дагуу нийт 13.355.448,74 төгрөгийг гаргуулж, зээл төлөгдөхгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээнд заасан хөрөнгөөр болон зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн бусад хөрөнгөө болон орлогоор хангуулж зээлийг төлүүлж өгнө үү” гэжээ.

     Хариуцагч Э, Б нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Х банкны Увс аймаг дахь салбараас гаргасан 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн №47 тоот нэхэмжлэлтэй танилцсан ба уг нэхэмжлэлийг хүлээн твшөөрөхгүй байна. Үндэслэл нь:

      1. Э миний бие Улаангом сумын Засаг даргын Тамгын газарт Нийгмийн ажилтнаар ажиллаж байхдаа цалингийн зээл авсан ба 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар 5.371.882 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй, мөн орон сууцны ипотекийн зээлтэй, Улаангом политехник коллежид нийгмийн ажилтнаар түр ажиллаж байв. Гэтэл хадам аав Л нь нас барж түүний тэтгэврийн зээлийн үлдэгдэл болох 3.863.821 төгрөгийг төлүүлэх зорилгоор 10.000.000 төгрөгийн зээлийг Х банкнаас бидэнд шаардлагагүй, тооцоогүй олгосны улмаас би төлж чадахгүй өрөнд орсон. Мөн Монгол банкны муу зээлийн түүхтэй болж хохирсон. Би тухайн 10.000.000 төгрөгийн зээлийн мөнгийг 100 хувь өөрийн ахуйн хэрэгцээнд хэрэглээгүй. Анх энэ 10.000.000 төгрөгийн зээлийг Э миний зөвшөөрөлгүй Х банк судалж, хурлын шийдвэрээ гарган олгохоор болсон байсан, үүнийг би Х банк дээр очиж мэдсэн. Ингээд тэр үед би зээлийн эдийн засагч Э-д энэ 10.000.000 төгрөгийн зээлийг авахгүй, учир нь би эрхэлсэн байнгын ажилгүй цалингийн болон орон сууцны ипотекийн зээлтэй, төлж чадахгүй их мөнгө байна гэдгээ мэдэгдэж татгалзаж байсан. Иймд Х банкнаас гаргасан энэхүү зээлийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

      Хариуцагч Б шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Х банкнаас удаа дараа над руу шаардаж аавынхаа тэтгэврийн зээлийг төлөхийг шаардаж байсан тул би эхнэрийнхээ өмнөөс зээл судлуулсан. Эхлээд банкны зээлийн хорооны хурлаар ороод дэмжигдээгүй, дахин ороод дэмжигдэж зээл гарсан. Ингээд эхнэрээ ажил дээрээс нь дуудаад гарын үсэг зуруулсан. Уг зээлээс нэг ч төгрөг төлөхгүй” гэжээ.

    Хариуцагч Э шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Э миний бие Улаангом сумын Засаг даргын Тамгын газарт Нийгмийн ажилтнаар ажиллаж байхдаа цалингийн зээл авсан ба 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар 5.371.882 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй, мөн орон сууцны ипотекийн зээлтэй, Улаангом политехник коллежид нийгмийн ажилтнаар түр ажиллаж байв. Гэтэл хадам аав Л нь нас барж түүний тэтгэврийн зээлийн үлдэгдэл болох 3.863.821 төгрөгийг төлүүлэх зорилгоор 10.000.000 төгрөгийн зээлийг Х банкнаас бидэнд шаардлагагүй, тооцоогүй олгосны улмаас би төлж чадахгүй өрөнд орсон. Мөн Монгол банкны муу зээлийн түүхтэй болж хохирсон. Би тухайн 10.000.000 төгрөгийн зээлийн мөнгийг 100 хувь өөрийн ахуйн хэрэгцээнд хэрэглээгүй. Анх энэ 10.000.000 төгрөгийн зээлийг Э миний зөвшөөрөлгүй Х банк судалж, хурлын шийдвэрээ гарган олгохоор болсон байсан, үүнийг би Х банк дээр очиж мэдсэн. Ингээд тэр үед би зээлийн эдийн засагч Э-д энэ 10.000.000 төгрөгийн зээлийг авахгүй, учир нь би эрхэлсэн байнгын ажилгүй цалингийн болон орон сууцны ипотекийн зээлтэй, төлж чадахгүй их мөнгө байна гэдгээ мэдэгдэж татгалзаж байсан. Гэтэл Х банк  намайг хүсээгүй байхад зээл гаргаж, төөрөгдүүлж зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан. Иймд Х банкнаас гаргасан энэхүү зээлийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

       Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

    Нэхэмжлэгч “Х банк” ХХК нь хариуцагч Э, Б нарт холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг үндсэн зээлийн төлбөр 8.043.345,97 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 4.976.711,73894 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 326.391,03 төгрөг, нотариатын төлбөр 9.000 төгрөг, нийт 13.355.448,74 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээнд заасан хөрөнгөөр болон зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн бусад хөрөнгө орлогоор хангуулж, зээлийг төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

     Хариуцагч Б “Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү”, хариуцагч Э “Х банк хууль, журмаа зөрчиж, намайг хүсээгүй байхад зээл олгосон тул уг зээлийг төлөхгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” хэмээн тус тус маргаж байна.

     Гэтэл 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Э, Б нар нь “Х банкинд хувийн хэрэгцээнд болон аавынхаа тэтгэврийг хаахын тулд 10.000.000 төгрөгийн цалингийн зээлийг олгож өгнө үү, барьцаанд цалин, хашаа барьцаалахыг зөвшөөрч байгаа тул харилцагч Э миний хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтийг гаргажээ.

     Мөн гэрч Э “Зээлдэгч өөрөө ирж хүсэлт гаргасны үндсэн дээр зээл олгосон. Зээлдэгч хүсээгүй байхад зээл олгосон асуудал байхгүй...” гэх мэдүүлэг өгчээ.

      Зээлдэгч Э, Б нар Х банктай 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр №ЗГ201743013724 тоот зээлийн гэрээ байгуулан, өмнөх зээлийн үлдэгдэл 5.371.882,5 төгрөг дээр 10.000.000 төгрөгийн зээлийг нэмж, нийт 15.371.882,5 төгрөгийн зээлийг 48 сарын хугацаатай, жилийн 20.4 хувийн хүүтэй авсан. Зээлийн барьцаанд 700 м.кв талбайтай, Л овогтой Б-ийн гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, өмчлөх эрхтэй газрыг барьцаалжээ.

     Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн, зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, зээлээ төлөхгүй байгаа нь талуудын тайлбараар нотлогдож байх тул “Х банк” ХХК нь учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй байна.

    Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагч Э, Б нараас №ЗГ201743013724 тоот зээлийн гэрээний үүрэг 13.355.448,74 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Х банк” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас “зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн бусад хөрөгө орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай” хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

     Мөн Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар хариуцагч нарын зээлийн барьцаанд тавьсан 700 м.кв талбайтай, Л овогтой Б-ийн гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, өмчлөх эрхтэй газраас үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй болохыг дурдав.

       Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч “Х банк” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224.727 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э, Б нараас 224.727 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Х банк” ХХК-нд олгох нь зүйтэй байна.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

       1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагч Э, Б нараас №ЗГ201743013724 тоот зээлийн гэрээний үүрэг 13.355.448,74 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Х банк” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас “зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн бусад хөрөнгө орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай” хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

      2. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар хариуцагч нарын зээлийн барьцаанд тавьсан 700 м.кв талбайтай, Л овогтой Б-ийн гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, өмчлөх эрхтэй газраас үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

     3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч “Х банк” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224.727 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э, Б нараас 224.727 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Х банк” ХХК-нд олгосугай.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.   

           

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              П.БОЛОР