Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Уртнасангийн Бадамсүрэн |
Хэргийн индекс | 128/2019/0410/З |
Дугаар | 128/ШШ2019/0886 |
Огноо | 2019-12-09 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 128/ШШ2019/0886
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Б даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Б, нэхэмжлэгч Б.Л, Б.Ч нарын хууль ёсны төлөөлөгч Д.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц нарыг оролцуулан,
Нэхэмжлэгч: Б.Л, Б.Ч нарын хууль ёсны төлөөлөгч Д.Э-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох,
Гуравдагч этгээд: Б.Н
Нэхэмжлэлийн шаардлага: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Н ХХК-ийн хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөн тухай болон гүйцэтгэх удирдлага томилсон тухай бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нарын хууль ёсны төлөөлөгч Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ... Миний хүүхдүүдийн эцэг С.Б 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр нас барсан бөгөөд түүнийг нас барснаас хойш С.Б гийн 100 хувийн эзэмшлийн Н ХХК-ийн хувьцааг бүхэлд нь Б.Н ид шилжүүлж, хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөн тухай бүртгэлийг 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын бүртгэлд бүртгэсэн байна.
Өв нээгдсэнээс хойш буюу 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдөр талийгаачийн өв хөрөнгө болох Н ХХК-ийн 100 хувийн хувьцааг Б.Н-д шилжүүлэх, Компанийн гүйцэтгэх захирлаар Б.Н-ийг томилох тухай бүртгэлийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэсэн нь талийгаачийн хууль ёсны өвлөгчид болох миний хүүхдүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд харшилсан төдийгүй, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн байгууллага уг өөрчлөлтийг бүртгэх хууль зүйн үндэслэл бүрдээгүй байсан, хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөн тухай бүртгэлийг хуульд заасан хугацаа өнгөрсөн байхад хийсэн гэж үзэж байна.
Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1 дэх хэсэгт заасны дагуу хувьцаа эзэмшигчийг өөрчлөх, дүрэмд өөрчлөлт оруулах асуудлыг хувьцаа эзэмшигчдийн хурал өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх ёстой. Тиймээс Н ХХК-ийн хувьцааг Б.Нид шилжүүлэх асуудлыг 100 хувийн хувьцаа эзэмшигч С.Бгийн шийдвэрээр шийдвэрлэнэ. Уг шийдвэрийг гаргахдаа дээр дурдсан Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийг үндэслэн 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 15/03 дугаартай шийдвэрээр гаргасан байна.
Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т Компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг тухайн шийдвэр гарснаас хойш ажлын 15 өдрийн дотор хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлнэ гэж заасан. Улсын бүртгэлийн тухай хуулийн гол зорилго нь яагаад 15 хоногийн хугацаа тавьдаг гэхээр хувьцаа шилжүүлэх асуудлын суурь хэлцэл болж байгаа шийдвэр болон хувьцаа эзэмшигчийн хүсэл, зориг нь цаг хугацааны хувьд өөрчлөгдөх боломжтой. Хэрэв шийдвэр гарсан бол хууль тогтоогчийн санаа нь хуульд заасан хугацаандаа багтааж бүртгүүлэх, тухайн хугацаанд бүртгүүлээгүй бол шийдвэрийг шинэчлэх асуудал практик дээр байдаг. Уг зохицуулалтын дагуу Н ХХК-ийн хувьцааг Б.Нид шилжүүлэх тухай бүртгэлийг 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 15/03 дугаартай шийдвэр гарснаас хойш ажлын 15 хоногийн дотор бүртгүүлж чадаагүй буюу талийгаачийг өнгөрснөөс хойш хоёр жилийн дараа, компанийн хувьцаа эзэмшигч С.Бгийн хууль ёсны өвлөгчдөд мэдэгдэлгүйгээр 100 хувийн хувьцааг хуулийн этгээдийн бүртгэлийн үндсэн дээр буюу хууль бус үйлдлийн үндсэн дээр хийгдсэн. Компанийн тухай хууль болон Улсын бүртгэлийн тухай хуульд Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т заасан хугацааг сунгах зохицуулалт байхгүй. Хуульд заасан хугацаа өнгөрсөн бол бүртгэл хийхгүй байх хуулийн зохицуулалт байна. Мөн хуульд заасан хугацааны дотор бүртгэл хийлгээгүй тохиолдолд торгууль төлөх замаар хугацааг сунгадаг, бүртгэлд өөрчлөлт оруулахыг зөвшөөрсөн зохицуулалт хуулинд байхгүй. Захиргааны эрх зүйд зөвшөөрснөөс бусдыг хориглоно гэсэн зарчим үйлчилдэг. Хуулиар эрх олгогдоогүй бол захиргааны байгууллага аливаа үйл ажиллагаа явуулахыг хориглодог. Иймээс хувьцаа эзэмшигчийн шийдвэр гарснаас хойш хоёр жилийн дараа, хоёр жилийн өмнө үйлдэгдсэн баримтуудыг үндэслэн Н ХХК-ийн хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөн бүртгэлийг хууль бус гэж үзэж байна.
Захиргааны актыг хууль бус гэж үзэж байгаа нь, Зөрчлийн тухай хуульд заасны дагуу торгууль ногдуулах замаар хугацааг сунгахыг зөвшөөрсөн мэтээр үйлдлийг хэрэгжүүлсэн байдаг. Тухайн үед буюу 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдөр хүчин төгөлдөр үйлчилж байсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 болон Компанийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт тус тус Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ гэж заасан. Харин 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдөр батлагдсан Зөрчлийн тухай хуулийн 2.1.1 дэх хэсэгт Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн ба энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл, Зөрчлийн тухай хуульд хариуцлага ногдуулахаар зааснаас бусад тохиолдолд аливаа үйлдлийг зөрчил гэж үзэхгүй буюу хуульд заасны дагуу захиргааны хариуцлага тооцох үндэслэл байхгүй талаар хуульд заасан байна. Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуульд компанийн тухай хууль зөрчсөн эсхүл хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хууль зөрчсөн тохиолдолд торгох захиргааны хариуцлага ногдуулах талаар зохицуулалт байдаггүй. Гэтэл Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн байгууллага Н ХХК-д торгох хариуцлага ногдуулсан нь илт хууль бус бөгөөд ийнхүү торгосон нь Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-д заасан бүртгэл хийх хуулийн хугацааг өөрчлөх, сунгах өөрөөр хэлбэл, хууль бус үйлдлийг зөвтгөх үндэслэл болохгүй. Гэтэл Хуулийн этгээдийн бүртгэлийн байгууллага 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Н ХХК-ийн хувьцааг Б.Нид бүрэн шилжүүлэх шийдвэрийг бүртгэж, хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулах бүртгэл хийсэн нь Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсгийг зөрчсөн, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5 дахь хэсэгт заасан улсын бүртгэл нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх үндсэн зарчимд нийцээгүй үйлдэл гэж үзэж байна.
Гүйцэтгэх захирал өөрчлөх тухай бүртгэл хүчин төгөлдөр бус юм. Компанийн тухай хуулийн 62-р зүйлийн 62.2.3 дахь хэсэгт заасны дагуу компанийн гүйцэтгэх захирлыг томилох, чөлөөлөх эрх бүхий этгээд нь компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал байна. 2017 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн байдлаар компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нь талийгаач С.Б байсан байхад 2017 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн Н ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн шийдвэрт Б.Н гарын үсэг зурж, өөрийгөө гүйцэтгэх захирлаар томилсон нь Компанийн тухай хуульд нийцээгүй, хууль бус шийдвэр байна. Гэтэл Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар уг хууль бус шийдвэрийг үндэслэн компанийн мэдээлэлд өөрчлөлт оруулж, гүйцэтгэх захирлаар Б.Нийг бүртгэсэн нь хууль зөрчсөн байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт заасны дагуу Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн Н ХХК-ийн хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөн тухай болон гүйцэтгэх удирдлага томилсон тухай бүртгэлийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Ц шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн дэмжиж байна. 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлд өөрчлөлт орсон бүртгэл хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хувьд хувьцаа эзэмшигч С.Б-г 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 15/03 дугаартай шийдвэрээр гаргасан байна. Өөрийн эзэмшлийн хувьцаагаа шилжүүлэхээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан үүнийг 2 жилийн дараа буюу 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдөр үйлдсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Тухайн үед буюу 2017 онд энэ хуулийн зохицуулалт нь 10 өдөр байсан бол 2018 оны 06 дугаар сарын 21-ны өдрийн хуулиар 15 өдөр гэж өөрчлөлт орсон. Ажлын 10 өдрийн дотор бүртгүүлээгүй тохиолдолд түүнийг сунгах, мөн зөрчлийн хэрэг үүсгэн хугацааг сунгах зэргийг үндэслэн бүртгэл хийх ямар нэгэн хууль зүйн үндэслэл байгаагүй. Хуулиар зөвшөөрөөгүй байхад бүртгэл хийсэн нь хууль бус байна. Иймд эдгээр захиргааны актуудыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт заасны дагуу хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
... Н ХХК-ийг 2011 онд иргэн С.Б үүсгэн байгуулж улсын бүртгэлд бүртгүүлсэн ба 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Б.Н-д 100 хувийн хувьцааг шилжүүлж, гүйцэтгэх захирлаар Б.Нийг бүртгэхдээ УБ-05 маягт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 000026123 дугаартай шийтгэврийн хуудас, хуулийн этгээдийн нэрийн баталгаажилтын хуудас, Н ХХК-ийн хувьцаа эзэмшигч С.Б-гийн 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 15/03 дугаар шийдвэр, Н ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Нийн 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 2017/01 дугаар шийдвэр, 242 дугаартай нотариатчийн гэрчилсэн хувьцаа бэлэглэх болон эрх шилжүүлэх гэрээ, Н ХХК-ийн шинэчилсэн дүрэм зэргийг үндэслэсэн.
Улсын бүртгэгч хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэхдээ Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /2015/-ийн 23 дугаар зүйлд заасан баримтуудыг авсан байдаг. Тухайн үед бүртгэгдэж байсан хуулийн этгээдээс ямар тохиолдолд бүртгэхээс татгалзах тухай зааж өгсөн. Тухайн компанийг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэхэд татгалзах зүйл байгаагүй. Хуулинд заасан хугацаа өнгөрсөн бол бүртгэхийг хориглосон заалт байхгүй. Ямар учраас торгосон гэхээр хуулийн этгээдийн мэдээлэлд орсон өөрчлөлт нь хуулинд заасан хугацаанд бүртгүүлээгүй ба улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх үүрэгтэй. Энэ хуулинд заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэсэн үндэслэлээр хяналтын улсын байцаагч торгосон. Үүнийг хүчингүй болгох үндэслэл байхгүй.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэндсүрэн шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
...Н ХХК-ийн үүсгэн байгуулагч С.Б нь Б.Нийн төрсөн эцэг ба тус компанийн хувьцааг дангаар 100 хувь ззэмшиж байгаад 2015 оны 4 дүгээр сарын 27 нд Хувьцаа бэлэглэх гэрээ-г байгуулан, нотариатаар гэрчлүүлж хүү Б.Н-д тус компанийн хувьцааг шилжүүлсэн тул Н ХХК-ийн хувьцаа нь нэхэмжлэгчийн дурьдсан шиг талийгаачийн үлдээсэн өвд тооцогдох үндэслэлгүй байгаа тул нэхэмжлэл нь үндэслэлгүй байна.
С.Б нь 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр нас барсан ба түүний эцэг Д.Сандаг-Очир талийгаачийн хувийн сейф болон бичиг баримтуудыг лацадсан байдаг. Үүнээс хойш нэг жилийн дараа талийгаач С.Б-гийн сейфийг нээсний дараа 2015 оны 4 дүгээр сарын 27 нд Хувьцаа бэлэглэх гэрээ-г талийгаачийн аав Д.Сандаг-Очир гаргаж өгсөн.
2017 оны 3 дугаар сарын 7-нд Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт хандан холбогдох бичиг баримтуудыг бүрдүүлэн Н ХХК-ийн хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөн талаархи бүртгэлийг бүртгүүлсэн нь хууль зөрчөөгүй болно. 2017 оны 3 дугаар сарын 7 нд Н ХХК-ийн 100 хувийн хувьцааг Б.Н-д шилжүүлсэн. Компанийн гүйцэтгэх захирлаар Б.Н-ийг томилох тухай бүртгэлийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэсэн нь хуулийн дагуу явагдсан.
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын хийх үүрэг нь хуулиар тодорхойлогдсон. Хуулийн этгээдэд орж байгаа өөрчлөлтийг бүртгэх үүрэг нь хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулиар зохицуулагдсан. Хуулийн хүрээнд ажиллаж Б.Нийн гаргасан Н ХХК-ийн хувьцааны өөрчлөлт, гүйцэтгэх захирлыг өөрчилсөн бүртгэлийг хийлгэхээр хүсэлт гаргасан. Энэ хүсэлтийг хүлээж авсан байгаа. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан шаардлагатай бичиг баримтууд байсан учир хуулийн этгээдийн бүртгэлийг хийсэн гэсэн. Н ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нь талийгаач С.Б бөгөөд Б.Н-н төрсөн эцэг юм. Энэ хүн 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хувьцаа эзэмшигчийн шийдвэрийг гаргасан. Энэ шийдвэрт Н ХХК-ийн хувьцаа эзэмшигч С.Б нь өөрийн эзэмшлийн компанийн нийт 100 хувьтай тэнцэх 1000 ширхэг хувьцааг Монгол Улсын иргэн Б.Н-д хувьцаа бэлэглэх гэрээний дагуу шилжүүлэхийг зөвшөөрсүгэй, хоёр дахь заалтаар хувьцаа шилжүүлэхтэй холбоотой маргааныг Н ХХК-аас гаргахгүй болохыг баталсугай гэж өөрийн хүсэл зоригийг илэрхийлэн баримт бичиг үйлдэж, хувьцаа эзэмшигчийн шийдвэр гарсан. Уг шийдвэрийг үндэслэн тухайн өдөр талийгаач хувьцаа эзэмших гэрээ хийсэн. Энэ гэрээг талийгаачтай тухайн үед амьдарч байсан Д.Э мэдэж байсан үүнийг үгүйсгээгүй энэ бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр. Талийгаачийн хүсэл зориг нас барсан цагаас эхлэн хүчин төгөлдөр байх талаар Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсгээр зохицуулсан. Үүний дагуу хувьцаагаа шилжүүлсэн хувьцаа эзэмшигчийн шийдвэр хүчин төгөлдөр юм. Хувьцаа бэлэглэх гэрээний 1.2-т Гэрээгээр бэлэглэж буй хувьцаа нь гуравдагч этгээдийн эзэмшил, өмчлөлд шилжээгүй, барьцаалагдаагүй, аливаа маргаанд холбогдолгүй буюу эрхийн доголдолгүй болно, хувьцааг шилжүүлэх процессоо үүн дээр заасан 2.1-д: Энэхүү гэрээ байгуулагдсанаар; бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчид гэрээний 1.1-д заасан компанийн өөрийн эзэмшлийн хувьцаагаа шилжүүлэн өгнө, 2.2: Бэлэглэгч нь өөрийн эзэмшлийн хувьцаагаа шилжүүлснээр хувьцаа эзэмшигчийн хувьцаатай холбоотой бүх эрх, үүргүүд нь бэлэг хүлээн авагчид шилжинэ гэж заасан. Хувьцаа бэлэглэгчийн хүсэл зоригийн дагуу эрх шилжүүлэхдээ тусдаа гэрээ байгуулсан. Энэ гэрээний 2.1-д Эрх шилжүүлэгч нь гэрээний дагуу хувьцаа эзэмшигчийн эрхийг хувьцаагаар өмчлөх гэж байгаа өмчлөгчийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус бүх эрх хууль ёсны ашиг сонирхол хувьцааны эрхийг аливаа гуравдагч этгээдийн ашиг сонирхлоос ангид хүлээн авагчид бүрэн шилжүүлнэ гэсэн байдаг. Мөн эрх хүлээн авагч нь гэрээний 2.1-д заасны дагуу хувьцаа эзэмшигчийн эрхийг хүлээн авснаас хойш Компанийн тухай хууль болон компанийн дүрмээр тогтоосон хувьцаа эзэмшигчийн эрхийг бүрэн эдэлнэ, 2.3-д эрх хүлээн авагч нь гэрээнд заасны дагуу хувьцааны эрхийг шилжүүлэн авснаар баталгаажуулахын тулд Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу эрх бүхий байгууллагад бүртгүүлэх шаардлагатай баримт бичгүүдийг шалган энэхүү бүртгэлийг хийлгэхийг компаниас шаардах эрхтэй. Талийгаач гэрээг байгуулснаас хойш 100 хувь хувьцааг шилжүүлж авч байгаатай холбоотой бүх үйлдлийг хуулийн этгээдийн улсын бүртгэлийн байгууллагад хандаж эрх хүлээн авагч бүртгүүлэх боломжийг олгосон энэ зохицуулалтаар явсан.
Нөхцөл байдлын хувьд талийгаач гэрээг хүүдээ үзүүлээд хоёулаа гарын үсэг зурсан, хүү нь зөвшөөрсөн. Ингээд өөрийн сейфэнд хийгээд хадгалчихсан. С.Б нь 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр нас барсан. Нас барсны дараа талийгаачийн эцэг нь тэр хүний бичиг баримтыг битүүмжлээд бүтэн жилийн дараа буюу өв нээгдсний дараа сейфийг онгойлгоно гэсэн. Энд бүх бичиг баримт хадгалагдаад үлдсэнийг нэхэмжлэгч нарын хууль ёсны төлөөлөгч мэдэж байгаа. Тухайн хугацаанаас жил гаран өнгөрсний дараа сейфнээс бичиг баримтаа гаргаж ирэн үүнийг бүртгүүлэхээр хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт хандсан.
Нэхэмжлэгч нь 15 хоногийн дотор бүртгэнэ гэсэн заалтын дагуу хориглосон заалт, захиргааны байгууллагын хувьд танай үйл ажиллагааг хориглолоо, энэ хугацааг өнгөрсөн бол ямар хуулийн этгээдийн өөрчлөлтийг бүртгэхгүй гэсэн байдлаар тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Хориглоогүй тохиолдолд хоёр жилийн дараа бүртгэхгүй гэсэн хуулийн зохицуулалт байхгүй.
Иймд Н ХХК-ийн хувьцааг бүхэлд нь Б.Н-д шилжүүлснийг хууль зөрчөөгүй гэж үзнэ.
Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байгаа хуулийн үндэслэл нь Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйл болон 62 дугаар зүйлийг барьж тайлбарлаад байна. Компанийн тухай хууль юуг зохицуулдгийг бүгд мэдэж байгаа. Гэтэл нэхэмжлэгч нь Компанийн тухай хуулийг хуулийн этгээдийн бүртгэлийн газрын үйл ажиллагаатай хамаатуулж тухайн компанийн хувьцаа эзэмшигчтэй холбоотой, компанийн удирдлага юу хийх ёстой, компанийн тухай хуулиар хувьцаа эзэмшигчийн хувьд компанийн өөрчлөлтийг бүртгүүлэх, гаргаж байгаа шийдвэрийг хэрхэн зохицуулах ёстой зэргийг зохицуулдаг. Нэхэмжлэгч нь дээрх хуулийн заалтыг бариад хууль зөрчсөн гэж хариуцагч байгууллагыг буруутгаж байгааг шүүх хүлээн авах ёсгүй. 2017 оны 3 сарын 7-ны өдрийн Н ХХК-ийн 100 хувийн хувьцааг Б.Н-д шилжүүлсэн, компанийн гүйцэтгэх захирлаар Б.Нийг томилох тухай хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэсэн хариуцагч байгууллагын үйлдэл нь хуулийн дагуу явагдсан. Нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны, ашиг сонирхлыг огт хөндөөгүй. Энэ маргаан нь иргэний хэргийн анхан шатны шүүхэд өвтэй холбоотой маргаантай холбоогүй. Энэ нь өв залгамжлагч нарын эрх ашгийг хөндсөн зүйл байхгүй. Нэхэмжлэгчийн бага насны хоёр хүүхдийн хувьд Б.Нийн төрсөн эцэг С.Б-гийн хууль ёсны өвлөгч нар гэдэг дээр маргадаггүй. Өв гэж үзээгүй байж, өнөөдөр хууль ёсны өвлөгчийн хувьд эрх, ашиг хөндөгдөж байна гэж байгаа нь ойлгомжгүй ба үндэслэлгүй гэдэг нь нотлогдож байна.
Хувьцаа эзэмшигч амьд байхдаа шийдвэрээ гаргаад миний гаргасан шийдвэр хүчин төгөлдөр, гэрээ нь эрх хүлээн авагчийн хувьд заавал биелэгдэх хуулийн хүчинтэй, талууд тэдгээрийн эрх залгамжлагчид, зөвшөөрөгдөх эрх хүлээн авагчид заавал биелэгдэх хүчинтэй гээд гарын үсэг зурж, нотариатаар баталгаажаад хүчин төгөлдөр болчихсон. Өнөөдөр хувьцааны хувьд маргана гэсэн зүйл байхгүй маргах ч эрхгүй. Хүсэл зоригийн илэрхийлэл нас барсан ч хүчин төгөлдөр байна, энэ хүсэл зоригийг бүртгэх эрх нь хуулийн этгээдийн бүртгэлийн газрын үүрэг юм. Захиргааны байгууллагын хувьд захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй юм.
Торгуулийн арга хэмжээ авсан дээр хэлэхэд, торгосон зүйл дээр торгуулсан этгээд нь гомдоно. Талийгаачийн эрхээ шилжүүлсэн үр хүүхдүүд нь хуулийн этгээдийн эрх шилжүүлж авсан этгээдийг торгосон гээд маргаад явах хууль зүйн үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь тайлбартаа торгосноор хуулийн хугацаа сунгах үндэслэл болохгүй гэж тайлбарласан, тийм биш. Хуулийн хугацаа хэтэрсэнд нь торгууль оногдуулж байгаа болохоос бүртгэлийн хугацаа сунгаад өгсөн ажиллагаа явагдаагүй. Энэ нь өөр зүйл юм. Өв залгамжлагч нарт мэдэгдэхгүй явах байсан бол тухайн үед хийх байсан, тэгээгүй хуулийн дагуу өв нээгдсэний дараа өвөө нь сейфнээс бичиг баримт гаргаж ирсэн, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн.
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2 дахь хэсэг зөрчигдсөн учир бүртгэхээс татгалзах ёстой гэсэн ийм зүйл байх ёсгүй.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хууль зүйн үндэслэлгүй, захиргааны байгууллагын хуулийн этгээдийн бүртгэлийн байгууллагын үйл ажиллагаа хууль ёсны дагуу явагдсан. Хууль зөрчсөн гэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй, С.Б гэдэг хүний хувьцаа төрсөн хүүд нь шилжсэнээр өөрийн хүсэл зоригийн дагуу эрх шилжүүлэх гэрээ хийгдэж бүртгэлд бүртгэгдсэнээр нэхэмжлэгч нарын эрх, ашиг хөндөгдөөгүй, эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй гэж үзэх нөхцөл байхгүй байгааг шүүх анхаарч үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Б.Л, Б.Ч нарын хууль ёсны төлөөлөгч Д.Э шүүхэд хандан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Н ХХК-ийн хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөн тухай болон гүйцэтгэх удирдлага томилсон тухай бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан
шийдвэрлэх ажиллагааны явцад уг шаардлага бүхий нэхэмжлэл өөрчлөгдөөгүй болно.
Төлөөлөн нэхэмжлэгчийн зүгээс Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн байгууллага Н ХХК-ийн өөрчлөлтийг бүртгэх хууль зүйн үндэслэлгүй байхад, түүнчлэн хуульд заасан хугацаа өнгөрсөн байхад бүртгэлийг хийсэн нь хууль ёсны өвлөгчид болох өөрийн хүүхдүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж маргасан бол хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс маргаан бүхий бүртгэлийг улсын бүртгэлд бүртгэхэд татгалзах зүйл байгаагүй. Хуульд заасан хугацаа өнгөрсөн бол бүртгэхийг хориглосон заалт байхгүй хэмээн нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч татгалзлаа тайлбарлаж байна.
Бие даасан шаардлагагүй гуравдагч этгээд Б.Нийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүсэл зоригийн илэрхийлэл нас барсан ч хүчин төгөлдөр байх зохицуулалттай, хувьцаа эзэмшигч нь амьд байхдаа шийдвэрээ гаргасан, заавал биелэгдэх хүчинтэй гээд гарын үсэг зурж, нотариатаар баталгаажуулаад хүчин төгөлдөр болчихсон, нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй, захиргааны байгууллагын үйл ажиллагаа хууль ёсны дагуу явагдсан хэмээн байр сууриа илэрхийлжээ.
С.Б нь 2011 оны 12 дугаар сарын 08-ны өдөр үл хөдлөх хөрөнгийн зуучлалын үйл ажиллагаа эрхлэх, 5540143 регистрийн дугаартай, улсын бүртгэлийн 9011321069 дугаар гэрчилгээтэй, Н ХХК-ийг шинээр үүсгэн байгуулсан[1] байсан ба, тэрээр 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр нас баржээ.
Н ХХК-ийг үүсгэн байгуулагч, 100 хувийн хувьцаа эзэмшигч С.Б нас барахаасаа найман сар орчмын өмнө буюу 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хувьцаа бэлэглэх гэрээ[2], хувьцаагаар гэрчлэгдсэн эрх шилжүүлэх гэрээ[3]ээр нэг бүр нь 1000 /мянга/ төгрөгний үнэ бүхий 1000 ширхэг хувьцааг өөрийн хүү Баяраа овогтой Намнандоржид бэлэглэж шилжүүлсэн, энэ үйл баримтыг 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдөр нотариатч гэрчилсэн байна. Улмаар дээрх гэрээ ёсоор хувьцааны эрхийг шилжүүлэн авснаа баталгаажуулж эрх бүхий байгууллагад бүртгүүлэх үйл явц гуравдагч этгээд Б.Нийн хувьд тухайн үедээ бий болоогүй байна.
2015 оны 4 дгээр сарын 27-ны өдөр Н ХХК-ийн хувьцаа эзэмшигч С.Бгийн зүгээс өөрийн эзэмшлийн компанийн нийт 100 хувьтай тэнцэх 1000 ширхэг хувьцааг Баяраа овогтой Намнандоржид хувьцаа бэлэглэх гэрээний дагуу шилжүүлэхийг зөвшөөрч 15/03 дугаартай шийдвэрийг[4] гаргасан байна.
2017 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Н ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Нийн зүгээс компанийн захирлаас С.Бг чөлөөлж, Б.Нийг захирлаар томилж, хаягийн өөрчлөлтийг хийж, Н ХХК-ийн дүрмийн шинэчилсэн найруулгыг /2015 оны 5 дугаар сарын 05 гэх огноотой/ батлуулахаар 2017/01 дугаартай шийдвэрийг[5] гаргасан байна.
Бүртгэлийн байгууллага нь дээр дурдсан, 15/03, 2017/01 гэх хоёр шийдвэр, хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл буюу УБ-05 маягт, улсын тэмдэгтийн хуурамж төлсөн баримт, хуулийн этгээдийн нэрийн батгалгаажуулалтын хуудас, Н ХХК-ийн шинэчилсэн дүрэм, хувьцаа бэлэглэх болон хувьцаагаа гэрчлэгдсэн эрх шилжүүлэх гэрээ, 000026123 дугаар шийтгэврийн хуудас гэсэн нийт найман /8/ баримтыг 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хариу өгөх хугацааг 2017 оны 3 дугаар сарын 03-ны 15 цаг гэж бичсэн, эдгээр баримтууд хэрэгт авагдсан байна.
Улмаар маргаан бүхий бүртгэлээр[6] хувь нийлүүлэгчээс 1 нэмэгдэж, 1 хасагдаж, үүсгэн байгуулагчийн тоо нийт 1 болж өөрчлөгдөв, Баяраа овогтой Намнандоржийг захирал-р томилсныг бүртгэв, Улаанбаатар, Баянзүрх, 1-р хороо 12 хороолол, 103, 801 тоот, утас 99103657 хаягийг шинээр бүртгэв хэмээн бүртгэжээ.
Ийнхүү Н ХХК-ийг үүсгэн байгуулагч, 100 хувийн хувьцаа эзэмшигч С.Б нас барснаас хойш нэг жил гурван сар орчмын дараа буюу 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Хуулийн этгээдийн бүртгэлийн газар маргаан бүхий бүртгэлийг бүртгэсэн байна.
Шүүх, маргаан бүхий бүртгэлийн хууль зүйн үндэслэлийг шалгахдаа хэргийн оролцогчдын маргаагүй хэсэгт дүгнэлт өгсөнгүй, түүнчлэн одоо хуулийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа буюу 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулиас өмнө хийгдсэн бүртгэл байх тул тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хууль тогтоомжийн дагуу маргаан бүхий бүртгэлүүдэд дүгнэлт өгснийг тэмдэглэж байна.
Тодруулбал, 2009 оны Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-д хуулийн этгээдийн эрх, үүрэг үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болохтой холбоотой хуульд заасан бүртгэлийн ажиллагааг хуулийн этгээдийн улсын бүртгэл гэнэ, 5 дугаар зүйлийн 5.4-д хуулийн этгээдийн улсын бүртгэл дараах төрөлтэй байна, 5.4.2 хуулийн этгээдийг байгуулсан тухай /шинээр, эсхүл өөрчлөн байгуулсан/, 5.4.3 хуулийн этгээдийг үүсгэн байгуулагчийн болон үүсгэн байгуулах баримт бичиг, түүнд орсон өөрчлөлтийн, 6 дугаар зүйлийн 6.1 энэ хуулийн 5.3-5.5-д заасан улсын бүртгэлийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар тогтооно гэж зохицуулсан бол, 2015 оны Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 хуулийн этгээдийн улсын бүртгэл гэж Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4.4-т заасныг, 3.1.5 үүсгэн байгуулах баримт бичиг гэж эрх бүхий этгээдээс гаргасан хуулийн байгуулах шийдвэр, хуулийн этгээдийн дүрэм, ..., 3.1.6 хуулийн этгээдийн мэдээлэл гэж хуулийн этгээдийн хувийн хэрэгт агуулагдаж байгаа үүсгэн байгуулах баримт бичиг болон бусад мэдээллийг ойлгохоор нэр томъёоны хувьд агуулга нь хуульчлагджээ.
Түүнчлэн 2015 оны Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ, 23.1.1 нэр өөрчлөх тохиолдолд шинээр олгосон нэрийн баталгаажуулалт, 23.1.2 баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл, 23.1.3 үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай шийдвэр, 23.1.4 үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлт, 23.1.5 шаардлагатай тохиолдолд итгэмжлэл, 23.1.6 улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт хэмээн нийт зургаан баримт шаардахаар буй бол, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-д хуулийн этгээдийн эрх шилжүүлэх өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ гээд 23.3.1 баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл, 23.3.2 эрх шилжүүлж байгаа тухай үүсгэн байгуулагчийн шийдвэр, 23.3.3 дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт 23.3.4 Иргэний хуульд заасан холбогдох гэрээ, 23.3.5 улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт гэх нийт таван баримтыг бүрдүүлж өгөхөөр байна.
Маргаан бүхий энэ тохиолдолд, 2015 оны Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан зохицуулалтын дагуу хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэсэн гэх тайлбарыг хариуцагч захиргааны байгууллагаас ирүүлсэн байдаг.
Хэрэв хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэсэн гэвэл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай 2015 оны хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх өргөдлийг энэ хуулийн 13.3, 15.1, 16.1-д заасны дагуу гаргана гэснээр 13.3 буюу цахимаар өргөдөл гаргаагүй, 15.1 буюу шинээр байгуулсан хуулийн этгээдийг бүртгүүлээгүй тул эдгээр зохицуулалт нь маргаанд хамааралгүй байна. Харин дээрх хуулийн 16.1-д заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдөл гаргах эрх бүхий этгээд нь 16.1.1 хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага, 16.1.2 хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, 16.1.3 хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан, 16.1.5 итгэмжлэлээр эрх олгогдсон бусад этгээд гэх эдгээр этгээдүүдийн аль нэг нь гаргасан уу гэдэгт захиргааны байгууллага анхаарал хандуулах байжээ.
Яагаад гэвэл, дээрх хуулийн заалт нь Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 Компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ, 17.3.1 компанийн дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт, компаний дүрмийн шинэчилсэн найруулгыг бүртгүүлэх тухай компанийн эрх бүхий этгээдийн гарын үсэг бүхий өргөдөл, 17.3.2 компанийн дүрэмд нэмэлт,өөрчлөлт оруулах, компанийн дүрмийн шинэчлэсэн найруулыг батлах тухай хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр, орж байгаа нэмэлт, өөрчлөлт, шинэчилсэн найруулгыг бүрэн эхийн хамтаар, 17.3.3 компанийн дүрмийн хуулбар, 17.3.4 бүртгэлийн хураамж төлсөн баримт гэж зааснаар үүсгэн байгуулсан хуулийн этгээдийн мэдээлэлдээ өөрчлөлт оруулахыг хүсч, Н ХХК-ийн эрх бүхий этгээдийн гарын үсэг бүхий өргөдөл, ийнхүү компанийхаа дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр зэргийг тухайн үедээ хуулийн хүчин төгөлдөр компанийн бүрэн эрхийг хэрэгжүүлж байсан 100 хувийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч С.Б-гийн зүгээс гаргах байсан, ийнхүү гаргасан эсэхийг захиргаа шалгах ёстой байна.
Улмаар Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-д Компанийн дүрэмд, нэмэлт, өөрчлөлт оруулах, компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг тухайн шийдвэр гарснаас хойш ажлын 10 өдрийн дотор хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлнэ гэх хатуу зохицуулалтын дагуу харьяалах бүртгэлийн байгууллагад хандахаар байна. /2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар ...шийдвэр гарснаас хойш ажлын 15 өдрийн дотор ... гэх өөрчлөлт оруулсан байдаг/
Маргаан бүхий энэ тохиолдолд 2015 оны 5 дугаар сарын 05-нд Н ХХК-ийн дүрэмд өөрчлөлт орсон гэж үзвэл дээр дурдсан хуульд заасан ажлын 10 өдрийн хугацааг мөн дагах байсан байна.
Гэтэл Н ХХК-ийн үүсгэн байгуулагч, 100 хувийн хувьцаа эзэмшигч С.Б нь дүрмийн өөрчлөлт хийсэн талаар шийдвэр гаргаагүй, энэ талаар баримт байхгүй, Н ХХК-ийн дүрмийн шинэчилсэн найруулгыг 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хийсэн байна гэх нотариатын баталгаа байхгүй байгаа нь Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6 Энэ хуулийн 17.3-т шаардлагыг хангаагүй тохиолдолд бүртгэх байгууллага компанийн дүрэмд орсон нэмэлт, өөрчлөлт, компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг бүртгэхээс татгалзана гэсний дагуу хариуцагч захиргааны байгууллага бүртгэхээс татгалзах үндэслэл байгаа эсэхийг шалгаагүй байна. Түүнчлэн 2009 оны Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан улсын бүртгэлийг энэ хуулийн 5.3-5.5-д заасан мэдээлэл бүхий нотлох баримтад үндэслэн хөтөлнө, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-д заасан улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргаж байгаа этгээд нь бүртгүүлэхээр мэдүүлж байгаа эрхийн нотлох баримтыг бүрэн гүйцэд үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй гэж зааснаар хууль зүйн үр дагавар бүхий үйл явдал нь баримтаар нотлогдсон, үнэн зөв байх хуулийн шаардлагыг хангасан уу гэдэгт хариуцагч захиргааны байгууллага бодитой хандаагүй байна. Үүгээрээ мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д заасан улсын бүртгэлийн үйл ажиллагаа үнэн зөв бодитой байх, 3.1.5-д заасан улсын бүртгэлийг нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх гэх улсын бүртгэлийн зарчмыг захиргааны байгууллага зөрчсөн буруутай байна.
Нэхэмжлэгч нар нь би бүртгүүлэх ёстой гэж маргаагүй боловч маргаан бүхий бүртгэлийн улмаас нэхэмжлэгч нарын эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрхтэй байх эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй байна гэж шүүх үзэв.
Иймд хариуцагч захиргааны байгууллага нь 2015 оны Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 ...мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэх ... үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2 үүсгэн байгуулах баримт бичиг нь энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаагүй гэх улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах нөхцөл байдал байгаа эсэхийг бүрэн дүүрэн нягталж үзээгүй, нөгөө талаас дээрх хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 хуулийн этгээдийн хувийн хэргийн мэдээлэл-ийн агуулгад хамаарах нийт мэдээллийн аль нэгэнд өөрчлөлт оруулсан тохиолдолд мөн хууль, зүйлийн 11.3-д зааснаар ийнхүү өөрчлөлт оруулсан бол тухайн хуулийн этгээд ажлын 15 өдрийн дотор энэ талаар улсын бүртгэлийн байгууллагад мэдэгдэх үүргийг биелүүлээгүй байхад бүртгэлийн байгууллага маргаан бүхий бүртгэлийг бүртгэсэн нь хуульд нийцээгүй, төлөөлөн нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байгааг шүүхээс дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д: улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд нэхэмжлэл бүрэн эсхүл хэсэгчлэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлж нэхэмжлэгчид буцаан олгоно гэсний дагуу улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. 2015 оны Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2, 23 дугаар зүйлийн 23.1.3, 23.4, Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4, 17.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Л, Б.Ч нарын хууль ёсны төлөөлөгч Д.Э-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Н ХХК-ийн хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөн тухай болон гүйцэтгэх удирдлага томилсон тухай хуулийн этгээдийн улсын бүртгэлийг тус тус хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 таграг гаргуулан төлөөлөн нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар энэхүү шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 108.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь дээрх хууль, зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН