Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 50

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяат даргалж, шүүгч С.Базарханд, шүүгч С.Олзод нарын бүрэлдэхүүнтэй,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга В.Орхон хөтлөн,

улсын яллагч Л.Цэндсүрэн,

иргэдийн төлөөлөгч А.Хуаныш,

шүүгдэгч  Ч.Ганзориг, түүний өмгөөлөгч Д.Саранчимэг,

шинжээч эмч Т.Амартүвшин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.6, 96.2.9 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хиад боржигин овогт Чинбатын Ганзоригт холбогдох эрүүгийн 201626031128 дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Монгол улсын иргэн, 1987 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, гутал арьсан урлалын зохион бүтээгч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-1, Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, 52 дугаар байрны 51 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Хан-Уул дүүргийн шүүхийн 2009 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 262 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, “Өршөөл үзүүлэх тухай” 2009 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг 3 жилийн хорих ялыг өршөөн хасаж, 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдөр эдлээгүй үйлдсэн 6 сар 9 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзан суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, Хиад боржигин овогт Чинбатын Ганзориг /РД: ХЗ87081111/     

 

Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч Ч.Ганзориг нь 2016 оны 08 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо 52 дугаар байрны 51 тоот буюу өөрийн гэртээ согтуугаар, шалтаг шалтгаангүйгээр, танхайн сэдэлтээр 64 настай, эмэгтэй Ц.Цэнджавыг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж, гарынхаа нударгаар нүүрэн тус газар нь олон удаагийн үйлдлээр цохиж, зодож онц харгис хэрцгий аргаар буюу зүүн талын хоншоор ясны урд, дотор, ар хана, зүүн нүдний ухархайн урд, доод, дотор, гадна, хана, суурь ясны бага далавч ясны хугарал, зүүн хацар ясны нумны хоёрлосон хугарал, эрүү ясны зүүн углуурга хэсэгт хугарал, мултрал, хамар ясны хугарал, субархнойдаль зайнд цус хуралт, баруун талын 3-6 дугаар хавирга суганы урд шугамаар, зүүн талын 3-9 дүгээр хавирга суганы урд, 9-12 дугаар хавирга далны зөрөөгүй хугарал, 2 цээжний хөндийд цус хуралдалт, толгойн хуйх, нүүр нүдний салст, хүзүү, хоолой, доод мөчний зөөлөн эдэд цус хуралт, өнгөц зулгаралт, зөөлөн эдийн няцрал зэрэг олон тооны гэмтэл учруулж, биед нь хүнд гэмтэл санаатай учруулсан,

-Мөн 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо 52 дугаар байрны 51 тоотод буюу өөрийн гэртээ 64 настай, эмэгтэй Ц.Цэнджавд хүч хэрэглэхээр заналхийлж түүний монетон бөгж, ээмэг зэргийг дээрэмдэж 170.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч Ч.Ганзоригоос: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж хэлэх зүйлгүй гэв. 

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

Хохирогч Ц.Цэнджавын: "... 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр манай төрсөн дүү Нэргүй “нөхөр маань алга болчихлоо, хоёулаа хайгаад яваадхъя” гэхээр би хамт гараад нилээн хайсан боловч олоогүй. Хайж явж байгаад “Био комбинат”-ын 2 дугаар байрны орчимд дүү Нэргүй улаан өнгийн футболктой залууг дагуулж ирснээ “ийшээ ороодхъё” гэж хэлснээ 52 дугаар байрны 1 дүгээр орцны 5 давхарт 51 тоот руу орсон. Манай дүү Нэргүй тэр залуутай 0.33 литрийн “Хараа” нэртэй архи хувааж ууцгаасан. Харин би уугаагүй. Тэгснээ дахиад 0.5 литрийн Хараа нэртэй архи аваад Нэргүй тэр хоёр хувааж уусан. Би огт архи уугаагүй, эрүүл байсан. Манай дүү тэр залуутай маргалдаж эхэлсэн. Та хоёр одоо болиоч ээ гэхэд Нэргүй суугаад байсан. нөгөө залуу босоод бие засах өрөө рүү ороход Нэргүй гялс гараад явчихсан. Би араас нь гарах гээд алхаад явж байтал нөгөө залуу гарч ирээд намайг гаргахгүй араас татаж унагаасан. Би “явъя, чи ээж шигээ хүнийг яаж байгаа юм бэ” гэхэд тэр залуу шал согтуу “чамайг алсан ч яадаг юм” гэж хэлээд миний дээр гарч суугаад хоёр гараа зангидаад нүүр рүү цохиж эхэлсэн. Нүүрэнд хэдэн удаа алгадаад, үргэлжлүүлээд нударгаараа нүүр лүү нилээн олон удаа цохиод “чамайг ална, амийг чинь таслана” гэж хэлээд дараа нь босоод миний үснээс дээш татахад миний хоёр хөл газар хүрэхгүй унжаад байсан. Тэр үед нь би яг ухаан алдах шахсан, бүх биеэр янгинаж өвдөж эхэлсэн. Үснээс тавихад “би доошоо дахин унахад дээр гарч суучихаад нүүр рүү дахин цохиж эхэлтэл хамаг биеэр халуу оргисон. Нүүрээ гараараа хаатал миний хоёр гарыг хөлөөрөө хавчаад дахин дахин маш хүчтэй цохиод байсан. Би уйлаад “чи намайг аллаа шүү дээ” гэхэд дээрээс боссон. Нүдээ нээж чадахгүй, хоёр нүд хаагдаад хаана байгаагаа ч мэдэхээ больсон. Нүүрэнд цохиж байх үед сүүлдээ ямар ч өвчин мэдрэхээ больчихдог юм байна лээ. Нэг мэдэхэд ухаан алдчихсан. Эргээд ухаан ороход өглөө болчихсон. Хамаг бие нүв нүцгэн цэнхэр өнгийн гудсан дээр хэвтэж байсан. Би хувцас өгөөч гэхэд миний хувцасыг нэг газар тавьчихсан, авчирч егөхөөр нь би хувцасаа емссөн. Миний зүүн талын чихэнд зүүгээд явж байсан өрөөсөн монетон ээмэг алга байхаар нь ээмэг яасан бэ гэхэд “аан энд байна” гээд шалчийсан ээмэг гаргаж өгсөн. Намайг зодож байхдаа л ээмэг шалчийлгасан юм шиг байна лээ. Мөн миний баруун гарын ядам уруунд зүүсэн монетон бөгжийг “надад өгчих, дурсгачих” гээд булаагаад авсан. Тэгснээ ээмэг, бөгж хоёрыг аваад гараад явчихсан. Хаалга нь өөреө тог гээд түгжигдсэн. Нилээд удсаны дараа нөгөө залуу орж ирээд бие засах өрөө рүү ороод, хахаж цацаад архи уугаад байх шиг байсан. Нилээн согтуу над руу ирснээ мангастаад авсан. “Би чамайг дахиад зодно шүү” гээд нүүр рүү нудрага зангидаад зангахаар нь “чи болиоч ээ, хамаг нүүрний яс хугараад, хавирга хугарчихсан байна шүү дээ” гээд гараараа нүүрэн дээрээ дарж үзүүлэхэд тог гээд дуугарсан чинь намайг цохихоо больсон. Тэгснээ миний бэлэг эрхтэн рүү гараа хийхээр нь “чи настай хөгшин хүнийг боль, би үхлээ” гэхэд миний умдаг руу гараа хийгээд дээш нь татаад аймаар өвдөлт мэдрэгдэхээр нь “ёо ёо” гэж орилсон чинь оролдохоо больсон. Утсаар ярьж байснаа “та одоо манайхаас яваарай, хүн ирэх гээд байна” гэхээр нь би хамаг хүчээ шавхаад босоод гартал нөгөө залуу хаалгаа дотроос нь тог гээд хаачихсан. Шатаар бараг 2 цаг орчим болж байж буусан. Гадаа гараад муу усны нүхний таган дээр 3 цаг орчим суусан. Удалгүй манай охин Туяацэцэг ирээд намайг авсан. ... Би 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр эмнэлгээс гарсан. Нэг удаа хагалгаанд орсон. 5 цаг орсон. Миний зүүн талын эрүүг хадаж, зүүн нүдний ухархайн яс үйрмэг болтлоо хугарсан, мөн буйлны яс буюу амны дээд хэсгийн яс хугарсан байсныг хагалгаанд орж оронд нь ялтас тавьсан. Хэлний доод хэсэгт судас тасарсан байсныг оёсон, мөн зүрхний хэмнэл алдагдсан байна гээд нэлээн удаан эмчилгээ хийлгэж байгаад хагалгаанд орсон. Тархинд цус хурсан байсныг шимэгдүүлэх тариа хийгээд цус нь шимэгдсэн болохоор тархины хагалгаанд ороогүй.... ' гэх мэдүүлэг /хх-ийн 27-29 дүгээр хуудас/

2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн: “...Өглеө намайг ухаан ороход тэр залуу над руу ирэнгүүтээ “нүүрийг чинь хэн ингэчихсэн юм. Царай чинь аймшгийн киноны гол баатар шиг л харагдаж байна” гэсэн. Чи толь аваад ир нүүрээ харъя гэхэд тэр залуу алчуур норгож ирээд миний нүүрийг арчтал аймаар өвдөлт мэдрэгдээд болиочээ гээд орилтол тэр залуу больсон. Би гүйцэт ухаан ороход нүв нүцгэн хэвтэж байсан. Дээрээс цэнхэр алаг дуу өнгийн хөнжлөөр бүтээчихсэн, доор цэнхэр өнгийн гудас байсан. Тэр нь цус болчихсон байхаар нь “чи ээж шигээ настай хүнийг яаж байгаа юм бэ, хувцас аваад ир” гэхэд миний хувцаснуудыг авчирч өгсөн. Би чихээ тэмтрээд үзэхэд зүүн талын ээмэг байхгүй, баруун талын ээмэгний төмөр нь чих рүү чихэгдээд орчихсон байсан. “Миний зүүн талын ээмэг яасан бэ” гэхэд “мэдэхгүй” гэж байснаа "өө энд байна ш дээ” гээд барьж ирээд эргүүлж, тойруулж харж байснаа “энэ чинь монет уу, ямар үнэтэй вэ” гэхээр нь “чи яагаад хүний юм авч байгаа юм бэ” гэсэн чинь буцааж өгсөн. Энэ хооронд би хувцасаа аргалаад өмсчихсөн байсан бөгөөд цамцныхаа халаасанд ээмгээ хийсэн. Тэгтэл миний баруун гарын ядам хуруунд байсан шаргал өнгийн монетон бөгжийг шууд татаад авчихсан. Чи яагаад наадхаа авч байгаа юм бэ гэхэд халаасанд хийчихсэн байсан ээмгийг мөн аваад гараад явчихсан. Би араас нь босоод гарах гэтэл босч чадаагүй. Удалгүй нөгөө залуу орж ирээд бие засах өрөө рүү ороод архи уугаад байсан. Та ундаа уу гээд өгөхөөр нь уух ч тэнхэл байгаагүй. Тэгснээ “та одоо яв, гэрийнхэндээ шатнаас унасан гэж хэлээрэй” гэхээр нь би өөрөө хана түшиж босоод хаалга руу очоод гутлаа өмсөж чадахгүй байсан чинь нөгөө залуу ирээд миний гутлыг өмсгөж өгөөд хаалгаа тайлаад намайг гаргаад буцаагаад хаачихсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дугаар хуудас/

- 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн: "... Миний биеийн байдал тааруухан байна. Агаар муудах үед хугарсан хавирганууд, нүүрний яс янгинаж өвддөг болсон. “Дунд ам” ломбарданд тавьсан бөгжийг хүлээж авлаа. Энэ миний бөгж мөн байна. Тэр залуу миний баруун гарын ядам хуруунд байсан бөгжийг “өгч бай сонирхоё” гэхээр нь “би чамд егөхгүй” гэхэд гараас татсаар байгаад авчихсан. Миний гар нэлээн өвдсөн, дахиж зодох байх гэж айсан. Намайг зодсон тэр залүугаас 10.000.000 төгрөг нэхэмжилж байна. Ийм болсондоо гомдолтой байна....” гэх мэдүүлэг /хх-ийн 32,162 дугаар хуудас/

Гэрч Л.Нэргүйгийн:"... Би 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр найз Үүрэнбилэгтэй “Хараа” нэртэй архи 2 шилийг хувааж уугаад төрсөн эгч Цэнджавын гэрт 18 цагийн үед очсон. Манай нөхөр Отгонбаяр гэр бүлийн зураг авахуулна гээд Нисэх рүү явсан байсан. Цаг орой болсон байсан тул нөхрийгөө хайхаар эгчийгээ дагуулаад гарсан. Ойр орчимд яваад байхгүй болохоор нь 52 дугаар байрны хажууд байдаг “Сүрлэн” нэртэй төвийн үүдэнд түр амраад сууж байтал урьд нь Биод хэд хэдэн удаа харж байсан зүс таних 30 орчим насны залуу хүрч ирээд “эгч нар юу хийж байгаа юм, ганц юм уух уу” гэхээр нь “би тэгье, тэгье” гэсэн. Нөгөө залуу хажуухан талд байдаг дэлгүүрт ороод 0.33 литрийн 1 шил архи авчирсан. Манай эгч архи уухгүй юм чинь эндээ нэг татчихья гэсэн чинь нөгөө залуу “монгол хүн байна даа, манай гэрт ороод уучихъя” гэхээр нь би зөвшөөрөөд хамт орсон. Харин манай эгч дуугуй л дагаад яваад байсан. Тэр залуугийн гэр нь 52 дугаар байрны хамгийн баруун талын орцны 5 давхарын голын хаалга байсан. Хэдэн тоот байсныг хараагүй. Тэр залуу түлхүүрээрээ онгойлгоод ороход хүнгүй, нэг өрөө байр байсан. Гал тогооны өрөөнд нь орж авсан архиа задлаад уусан. Манай эгч Цэнджав өгсөн архинаас нь нэг удаа уруулаа хүргээд буцааж өгсөн. Эхний авсан архиа уугаад дуустал нөгөө залуу дахиад архи ууя гээд 0.33 литрийн Ерөөл нэртэй архи аваад ороод ирсэн. Тэр архинаас нь нэг хундагыг уугаад би согтчихсон. Түүнээс хойш юу болсныг би санахгүй байгаа юм. Тэрний маргааш нь өглөө 08 цагийн үед сэрэхэд гэртээ байсан. Тэгж байтал Цэнджав эгчийн хүүхдүүд нь 18 цагийн орчим над руу залгаад ээжийг аймаар зодчихсон байна гэхээр нь Гэмтлийн эмнэлэг рүү яваад очтол ярих сэхээгүй, эмчилгээ хийлгэж байсан....” гэх мэдүүлэг/ хх-ийн 38-39 дүгээр хуудас/

Гэрч Н.Туяацэцэгийн: “... 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр би ажлаасаа гараад явж байтал манай хорооны иргэн “52 дугаар байрны хажууд танихгүй эмээ нүүр, ам нь аймаар болчихсон утсаар яриулаад өгөөч гээд байна. Ойртох гэхээр нүүрээ алчуураар нуугаад байна” гэхээр нь би яваад очтол 52 дугаар байрны хойд талын траншейны таган дээр настайвтар эгч хөдөлж чадахгүй сууж байсан. Би дэргэд нь очтол манай ээж байсан. Тэгээд нөхрөө дуудаад, ээжийг авч яваад болсон асуудлыг асуухад эхлээд тэр байрнаас хөдлөөд холдох хүртлээ би шатнаас унасан гэж хоёр удаа хэлсэн. Та хүнд зодуулсан байна шүү дээ, яагаад худлаа яриад байгаа юм гэхэд 52 дугаар байрны 4 дүгээр орцны 5 давхарт шар царайтай залуу намайг зодсон гэж хэлсэн. Яагаад тийшээ очсон юм гэхэд Нэргүй нөхрөө хайхаар нь хайлцахаар хамт гарсан юм. Хайгаад олохгүй болохоор нь буцаад явж байтал танихгүй залуутай таараад, тэр залуу нь Нэргүйтэй хамт архи ууя гэсэн юм. Нэргүй тэр залууг дагаад явахаар нь араас нь явж орсон гэж хэлсэн. Тэгээд шууд 103 дуудаж Гэмтлийн эмнэлэгт хүргүүлсэн. Тухайн өдөр зодсон хүнийг цагдаа нар ээжид харуулсан чинь мөн байна гэж шууд заасан. Мөн ээжийн үсийг зулгаасан байсан, унасан үс нь одоо байгаа. Зодсон залуу нь та намайг зодсон гэж хүнд хэлэх юм бол ална шүү” гэж хэлсэн гээд байсан. Манай ээж намайг явуулчих гэж олон удаа гуйсан боловч явуулаагүй гэсэн. Ээж 5 давхар байрны шатнаас 3 цаг орчим явж арай гэж буусан байсан. Одоо шөнө байнгын айдастай хонож байгаа. Нүүр рүүгээ олон цохиулаад эхлээд өвдөж байснаа сүүлдээ юу ч мэдрэгдэхгүй байсан гэж хэлсэн....” гэх мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр хуудас/,

Гэрч Л.Цэнгэлийн: “... Бүртгэлээс үзэхэд 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Чинбатын Ганзориг гэдэг хүн 1.5 граммын жинтэй монетон кольцоог 30.000 төгрөгөөр барьцаалаад 2016 оны 09 дүгээр сарын 28-нд Ганзоригийн ээж нь гэх эмэгтэй мөнгийг төлөөд буцааж авсан байна...."  гэх мэдүүлэг/хх-ийн 43 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Ч.Ганзоригийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлгүүд:

Яллагдагч Ч.Ганзоригийн: “... 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр би гэрийнхээ ойролцоо ганцаараа архи уугаад согтуу явж байтал нэг танихгүй эгч хамт архи уух уу гэхээр нь “тэгье” гээд надад 10 орчим мянган төгрөг байсан ба тэрүүгээрээ 0.33-ийн Хараа нэртэй архи 1 шилийг аваад нөгөө эгчийг дагуулаад гэртээ ирсэн. Бид хоёр хамт алхаад явж байхад араас танихгүй 60 орчим насны эгч дагаад яваад байсан. Гэртээ ортол тэр эгч мөн араас дагаад ороод ирсэн. Архиа дуусаад дахиад 0.5 литрийн Хараа нэртэй архи аваад мөн гурвуулаа хувааж уусан. Араас орж ирдэг эгч архи уусан эсэхийг сайн санахгүй байна. Хоёр дахь авсан архиа хуваагаад уугаад сууж байтал анх надад архи уух уу гэж хэлсэн эгчтэй маргалдсан, юунаас маргалдсаныг санахгүй байна. Нэг мэдэхэд гараад явчихсан байсан. Хамт явж байсан эгчийг та одоо яв гэхэд нэг юм хэлэх шиг болсон. Яг юу гэж хэлснийг санахгүй байна. Би гар гэж байна шүү гээд сууж байсан сандалнаас нь түлхээд унагачихсан. Биеийнхээ аль хэсгээр унасаныг хараагүй. Нөгөө эгч босохгүй газар хэвтээд байхаар нь эхлээд цамцнаас нь зуурч татаад дараа нь залгуулаад үсдэж чирсэн. Хаалга руу дөхүүлэхэд босохгүй хэвтээд байхаар нь чамайг гар гэж байна шүү дээ гээд нөгөө эгч дээшээ харсан байдалтай газар хэвтэж байхаар нь дагзаар нь буюу толгойных нь ар хэсгээр үсдэж шал мөргүүлсэн. Яг хэдэн удаа мөргүүлсэнээ сайн мэдэхгүй байна. Дараа нь дээр нь суугаад, хацар луу нь алгадаад нударгаараа нүүрэнд нь хэд хэдэн удаа цохьтол нүүр амнаас нь цус гараад ирсэн. Тэр эгчийг зодож байхад миний хүү болиоч ээ, аллаа шүү дээ гээд байсан. Тэгээд болиоч гээд дахин дахин давтаад хэлээд байхаар нь би боссон. Тэрнээс хойш юу болсоныг сайн мэдэхгүй байна. Өглөө сэрээд хартал нөгөө эгч цус нөжтэйгээ холилдчихсон том өрөөнд газарт хэвтэж байхаар нь би очиж өргөөд цэнхэр өнгийн гудсан дээр хэвтүүлсэн. Тэр хүнийг хэвтүүлэхэд ёолоод чи яагаад намайг зодож байгаа юм бэ гэхээр нь би уучлаарай гэсэн. Гудсан дээр хэвтээд 2-3 цаг унтсан. Дахиж хэсэг унтуулж байгаад сэрээгээд гэрээсээ гаргаад доошоо 1 давхар луу гаргаж өгсөн. Гадаа гараад нэг газар очоод суучихсан. Би буцаад гэртээ ортол цэнхэр өнгийн гудас дээр нь байсан цэнхэр алаг өнгийн хөнжил нил цус болчихсон байсан. Тэр эгч миний бөгж монет шүү дээ гээд гайхуулаад байхаар нь бөгжөө өгч бай гээд үзэж байгаад архи уумаар санагдаад байсан болохоор бөгжийг нь аваад гарчихсан. Харин тэр эгч бөгжийг минь өгчих гэхээр нь би өгөөгүй, гарч ломбарданд 30.000 төгрөгөер өөрийнхөө бичиг баримтаар барьцаанд тавьж архи уусан....” гэх мэдүүлэг/хх-ийн 81-84 дүгээр хуудас/,

 

 Шинжээчийн дүгнэлт болон бусад баримтууд:

2016 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 06-12 дугаар хуудас/,

2016 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 20-24 дүгээр хуудас/,

2016 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Эд зүйлд үнэлгээ хийсэн баримт /хх-ийн 180 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 7578 дугаартай биологийн шинжээчийн дүгнэлтэнд:

  1. Ц.Цэнджав гэсэн цус А/ll/ бүлгийн харьяалалтай байна.
  2. Ц.Цэнджав гэсэн үтрээний наалдац дээр эр бэлгийн эс, үрийн шингэн илрээгүй /хх-ийн 48 дугаар хуудас/,

 

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн №1278 дугаартай үзлэг хийсэн актад:

  1. Ц.Цэнджавын биед зүүн талын хоншоор ясны урд, дотор, ар хана, зүүн нүдний ухайрхайн урд, доод, дотор, гадна хана, суурь ясны бага далавч ясны хугарал, зүүн хацар ясны нумны хоёрлосон хугарал, эрүү ясны зүүн углуурга хэсэгт хугарал, мултрал, хамар ясны хугарал, субархнойдаль зайнд цус харвалт, баруун талын 3, 6-р хавирга, суганы урд шугамаар, зүүн талын 3-9 дүгээр хавирга суганы урд, 9-12-р хавирга далны шугамаар зөрөөгүй хугарал, 2 цээжний хөндийд цус хуралдалт, толгойн хуйх, нүүр, нүдний салст, хүзүү, хоолой, доод мөчний зөөлөн эдэд цус хуралт, өнгөц зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.10-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэхийг нь эдгэрэлт, эмчилгээний явцаас хамаарна.
  5. Урьд гаргасан шүүх эмнэлгийн шинжээч эмч Т.Сэлэнгийн гаргасан №11990 тоот дүгнэлт тухайн үедээ үндэслэлтэй байна. /хх-ийн 61-62 дугаар хуудас/,

 

Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 994 тоот дүгнэлтэнд:

  1. Ч.Ганзориг нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна. Хэрэг учрал болох үед хэрэг учрал болохоос өмнө, хэрэг учрал болсоны дараа сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна.
  2. Ч.Ганзориг нь удамшлын болон олдмол сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
  3. Ч.Ганзориг нь юмыг зөвөөр тусган ойлгож мэдүүлэг өгөх чадвартай байна.
  4. Ч.Ганзориг нь өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадвартай байсан байна.
  5. Ч.Ганзориг нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
  6. Ч.Ганзориг нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 64-65 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1582 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

  1. ШШҮХ-ийн ШЭШХ-ийн шинжээч эмч Б.Ариунзул, Л.Болороо, М.Отгонбаатар нарын 2016.10.06-ны өдрийн №1278 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Ц.Цэнджавын биед учируулсан гэмтлүүд нь учрах үедээ амь насанд аюултай шалгуур шинжээрээ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.10-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарч байна.
  2. Ц.Цэнджавын биед суурь ясны бага далавч яс, зүүн талын хоншоор ясны урд, дотор, ар хана, зүүн нүдний ухархайн урд, доод, дотор, гадна хана, зүүн хацар ясны нумны хоёрлосон нийлмэл хугаралууд, эрүү ясны зүүн углуурга хэсэгт хугарал, мултрал, хамар ясны хугарал, субархнойдаль зайнд цус харвалт, баруун талын 3-6-р хавирга суганы урд шугамаар, зүүн талын 3-9-р хавирга суганы урд шугамаархи зөрөөтэй хугаралууд, цээжний баруун, зүүн хөндийн шингэн хуралдалт, толгойн хуйх, нүүр, нүдний салст, хүзүү, хоолой, доод мөчний зөөлөн эдэд цус хуралт, өнгөц зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой.
  3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний явцаас хамаарна. /хх-ийн 173-175 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн 8487 дугаартай дүгнэлтэнд:

  1. Шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг шаргал өнгийн ээмэгэнд цус илэрсэн.
  2. Ээмэгэнд илэрсэн цус Ав/ll/ бүлгийн харьяалалтай байна...” /хх-ийн 176 дугаар хуудас/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 95 дугаар хуудас/,   

урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 96 дугаар хуудас/

Хан-Уул дүүргийн 2009 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 262 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 99-100 дугаар хуудас/,

Ч.Ганзоригийн зан байдлын тодорхойлолт /хх-ийн 102 дугаар хуудас/,

 

 

Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

 

Шүүгдэгч Ч.Ганзориг нь 2016 оны 08 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо 52 дугаар байрны 51 тоот буюу өөрийн гэртээ согтуугаар, шалтаг шалтгаангүйгээр, танхайн сэдэлтээр 64 настай, эмэгтэй Ц.Цэнджавыг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж, гарынхаа нударгаар нүүрэн тус газар нь олон удаагийн үйлдлээр цохиж, зодож онц харгис хэрцгий аргаар буюу зүүн талын хоншоор ясны урд, дотор, ар хана, зүүн нүдний ухархайн урд, доод, дотор, гадна, хана, суурь ясны бага далавч ясны хугарал, зүүн хацар ясны нумны хоёрлосон хугарал, эрүү ясны зүүн углуурга хэсэгт хугарал, мултрал, хамар ясны хугарал, субархнойдаль зайнд цус хуралт, баруун талын 3-6 дугаар хавирга суганы урд шугамаар, зүүн талын 3-9 дүгээр хавирга суганы урд, 9-12 дугаар хавирга далны зөрөөгүй хугарал, 2 цээжний хөндийд цус хуралдалт, толгойн хуйх, нүүр нүдний салст, хүзүү, хоолой, доод мөчний зөөлөн эдэд цус хуралт, өнгөц зулгаралт, зөөлөн эдийн няцрал зэрэг олон тооны гэмтэл учруулж, биед нь хүнд гэмтэл санаатай учруулсан,

-мөн 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо 52 дугаар байрны 51 тоотод буюу өөрийн гэртээ 64 настай, эмэгтэй Ц.Цэнджавд хүч хэрэглэхээр заналхийлж түүний монетон бөгж, ээмэг зэргийг дээрэмдэж 170.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ц.Цэнджавын мэдүүлэг /хх-ийн 27-29 дүгээр хуудас, хх-ийн 30-31 дугаар хуудас, хх-ийн 32,162 дугаар хуудас/, гэрч Л.Нэргүйгийн  мэдүүлэг/ хх-ийн 38-39 дүгээр хуудас/, гэрч Н.Туяацэцэгийн мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр хуудас/,2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 20-24 дүгээр хуудас/,2016 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Эд зүйлд үнэлгээ хийсэн баримт /хх-ийн 180 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн №1278 дугаартай үзлэг хийсэн акт /хх-ийн 61-62 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1582 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 173-175 дугаар хуудас/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн 8487 дугаартай дүгнэлт /хх-ийн 176 дугаар хуудас/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

         Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч нар гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

          Шүүгдэгч Ч. Ганзориг нь үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугаа хүлээсэн нь эрүүгийн хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар батлагдсан, эдгээр нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгах ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

      Шүүгдэгч Ч.Ганзориг нь сэтгэцийн ямар нэг өвчин эмгэггүй, өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгож удирдан жолоодох чадвартай, эрх зүйн бүрэн чадамжтай болох нь хавтас хэрэгт  авагдсан Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 994 тоот дүгнэлтээр нотлогджээ. /хх-ийн 64-65 дугаар хуудас/,

 

      Иймд шүүгдэгч Ч.Ганзоригийг согтуугаар, танхайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар, бусдын биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж  бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан, хохирогчид хүч хэрэглэхээр заналхийлж, бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,  ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.   

 

Шүүгдэгч Ч.Ганзориг нь Хан-Уул дүүргийн шүүхийн 2009 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 262 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, “Өршөөл үзүүлэх тухай” 2009 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг 3 жилийн хорих ялыг өршөөн хасаж, 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдөр эдлээгүй үйлдсэн 6 сар 9 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзан суллагдсан байна.

 

  Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-т “ Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацаа”-г хэрэгсэхгүй болгохоор заасан  байх тул шүүгдэгч Ч.Ганзориг нь  ялтайд тооцогдох хугацаа нь дуусгавар болж, ялгүй болсон байна.

Шүүгдэгч Ч.Ганзоригт ял шийтгэл оногдуулахдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдалд мөн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг  ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд шүүх харгалзан үзлээ. 

 

 

Хохирол төлбөрийн хувьд

 Хохирогч Ц.Цэнджав нь эмчилгээний зардалд 2.034.800 төгрөг нэхэмжилснээс

шүүгдэгч Ч.Ганзориг нь 2.133.000 төгрөгийг төлсөн байна.  

          Хохирогч Ц.Цэнджав нь сэтгэл санааны хохиролд 10.0 сая төгрөг нэхэмжилсэн бөгөөд нотлох баримт буюу сэтгэл заслын эмчилгээ хийлгэсэн баримт, дүгнэлт зэрэг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тулд шийдвэрлэх боломжгүй, харин хохирогч цаашид гарах эмчилгээ, сувилгаатай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ч.Ганзоригийн 2016 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 09-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 166 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хураагдсан иргэний бичиг баримтгүй болно.