Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 203

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, Г.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхням,

иргэдийн төлөөлөгч Д.Пагиймаа,

улсын яллагч А.Ганзориг,

хохирогч А.Ганчимэг, П.Амарзаяа,

шүүгдэгч Г.Төгсбаяр,

шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баярбаясгалан /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 2260/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Халиугчин овгийн Ганбатын Төгсбаярт холбогдох эрүүгийн 2016 2601 1326 дугаартай, 1 хавтас хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Халиугчин овгийн Ганбатын Төгсбаяр Монгол Улсын иргэн, 1992 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдардаг, Сүхбаатар дүүргийн 12 хороо, Хангайн 18 дугаар гудамжны 703 тоотод оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Орбитын 65 дугаар гудамжны 9 тоотод түр оршин суудаг гэх, ял шийтгэлгүй, РЭ92122018 дугаарын регистртэй.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Г.Төгсбаяр 2016 оны 05 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ан Сан Ши ХХК-ийн пабад бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж ...эхнэр, нөхөр, дотны хүмүүс сууж байна, ширээн дээр суулгахгүй гэж хэллээ... гэх ялимгүй зүйлээр шалтаглан иргэн А.Ганчимэг, П.Амарзаяа, П.Батсайхан нартай маргалдаж улмаар пивоны шилийг зэвсгийн чанартай хэрэглэн А.Ганчимэг, П.Амарзаяа, П.Батсайхан нар руу шидсэн, иргэн А.Ганчимэгт хүч хэрэглэн цээжин тус газар нь өшиглөж бие махбодид нь ...цээжинд нь цус хуралт, зөөлөн эдийн няцрал... бүхий хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Төгсбаяр шүүхийн хэлэлцүүлэгт: Өмнөх шүүх хуралдаанд мэдүүлгээ үнэн зөв өгсөн. Дахин мэдүүлэг өгөхгүй гэв.

Хохирогч А.Ганчимэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 05 дугаар сарын 09-нээс 10-нд шилжих шөнийн 00-01 цагийн үед Нарангийн голын эцэст байрлалтай хоёр давхар караоке, пабад П.Батсайхан, П.Амарзаяа бид гурав хамт сууж байхад  Г.Төгсбаяр ирээд хамт суух санал тавьсан. Тэгэхээр нь бид гэр бүлээрээ сууж байна, суулгахгүй гэхэд Г.Төгсбаяр буцаад яваад өгсөн. Тэгээд П.Амарзаяа бид хоёрыг бие засах газар орчихоод гараад ирсэн чинь Г.Төгсбаяр П.Батсайхантай зууралдаад маргалдсан зогсож байсан. П.Амарзаяа бид хоёр П.Батсайханыг салгаж аваад пабаас гараад 2-3 алхаад явж байтал ард 1 метрийн зайтай шил унасан. Харсан чинь Г.Төгсбаяр пабын онгорхой цонхон дээр зогсож байсан.  Тэгээд цаашаа хурдан хурдан алхаад пабаас 100 метр орчим явж байхад Г.Төгсбаяр араас ирээд П.Батсайхантай зууралдаад ноцолдох гээд байсан. Тэгэхээр нь П.Амарзаяа бид хоёр болиоч гээд салгах гэсэн. Яагаад зууралдсаныг мэдэхгүй. Тэгээд П.Амарзаяа бид хоёр салгах гэж байтал Өлзийсайхан цаанаас ирээд ах П.Батсайханыгаа аваад явсан. П.Амарзаяа бид хоёр үлдсэн. Тэгээд П.Амарзаяа яваад би араас нь явах гэтэл Г.Төгсбаяр миний цээжин тус газар нэг удаа өшиглөж, муу сайн янханууд, та нараас болж байхгүй юу гээд байсан. 102-т дуудлага өгч Г.Төгсбаярыг баривчлуулсан. Шүүх эмнэлэгт үзүүлэхэд надад хөнгөн гэмтэл учирсан байсан. Г.Төгсбаяр нь надад рентген зураг, шүүх эмнэлэгт үзүүлсэн үзлэгийн төлбөр зэрэгт 40000 төгрөг төлсөн. Г.Төгсбаяраас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэв.

Хохирогч П.Амарзаяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 5 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнийн 00-01 цагийн үед П.Батсайхан Ганчимэг бид гурав хамт пабад сууж байхад Г.Төгсбаяр манай ширээн дээр ирээд хамт сууя гэж хэлсэн. Тэгэхээр нь бид гэр бүлээрээ явж байна, манай найзын нөхөр нь ч ирнэ, чи өөр газар суучих гэж хэлсэн. Тэгээд П.Батсайхан, А.Ганчимэг бид гурав юм яриад сууж байхад Г.Төгсбаяр та нар гэртээ очиж хэрүүлээ хий гэж хэлсэн. Тэгээд П.Батсайхан, А.Ганчимэг бид гурав пабаас гарах гэж байсан болохоор Ганчимэг бид хоёр бие засах газар орчихоод гараад ирэхэд Г.Төгсбаяр манай нөхөр П.Батсайхантай барьцалдаад зогсож байсан. Тэгэхээр нь А.Ганчимэг бид хоёр салгаад пабаас гараад 50-100 метрийн зайтай явж байхад бид нарын ард пивоны шил дуугарах шиг болсон. Тэгэхээр нь би П.Батсайханыг хурдан зугтаая ард шил дуугараад байна гэж хэлсэн. Тэгээд цааш явж байхад шүүгдэгч Г.Төгсбаяр нь пабаас гарч ирээд П.Батсайхантай барьцалдаж авахаар нь П.Батсайханыг салгаж аваад цааш явж байхад П.Өлзийсайхан бид хоёрын урдаас гарч ирсэн. Бид гурав цаашаа явсан.  А.Ганчимэг Г.Төгсбаяртай хамт ард үлдсэн. Эргээд хартал А.Ганчимэг газар унасан байхаар нь яасан гэж асуухад энэ бүдүүн залуу намайг өшиглөсөн гэж хэлсэн. Тэгээд  цагдаа дуудаж Г.Төгсбаярыг барьж өгсөн. Энэ хэргээс болж надад ямар нэгэн гэмтэл учраагүй, яагаад хохирогчоор тогтоогдсон гэдгээ мэдэхгүй байна. Өмнөх шүүх хуралдаанд П.Өлзийсайханыг пабад орж ирсэн гэж андуурч мэдүүлсэн байсан гэв.

 

Мөн 2016 2601 1326 дугаартай эрүүгийн хэргээс хохирогч, гэрч нарын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

1.Хохирогч А.Ганчимэгийн 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр мэдүүлсэн: ...Би 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 00 цаг өнгөрч байхад Сонгинохайрхан дүүргийн 1 хороонд байрлах пабад найз Амарзаяа, түүний нөхөр Батсайхан нарын хамт гурвуулаа үйлчлүүлж байтал нэг залуу ар талын ширээнд ганцаараа сууж байсан. Тэгээд бид гуравыг сууж байхад манай ширээн дээр пиво барьж ирээд суусан.  Бид гурав зэрэг тэр залууд хандаж чамайг энд суулгахгүй, бид гурав эхнэр, нөхөр, дотны хүмүүс сууж байна гэсэн чинь босоод явсан. Дараа нь Амарзаяатай ариун цэвэрийн өрөөнд ороод гарч ирэхэд Батсайхантай барилцаад аваад зууралцаад байж байсан. Тэгтэл тэнд үйлчлүүлж байсан танихгүй хүмүүс болиоч гэж орилоод хоёр тийшээ болоод Амарзаяа бид хоёр Батсайханыг аваад пабаас гараад, гудамжинд алхаж байтал пабын 2 давхрын цонхоор архины шил шидсэн. Шил хүн оноогүй ард хагарсан. Бид гурав хурдан, хурдан алхаад явж байсан. Батсайхан дүү Өлзийгөө дуудсан болохоор бид нарыг пабаас гарахад өөдөөс ирж байсан. Тэгтэл шил шидсэн залуу араас гүйж ирээд Батсайхантай зодолдох гээд байхаар нь би дундуур нь ороод ойртуулахгүй байсан чинь намайг муусайн янханууд минь та нараас болж байхгүй юу гээд миний цээжний баруун хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Би газар унасан чинь тэр залуу яваад өгсөн. Би тэр эрэгтэйд хандаж бид нар чамаас айж байна, зүгээр явуулчих гэж зөндөө гуйсан. Тэгэхэд үгэнд орохгүй онгироод байсан. Батсайханыг тэр залуу цохиж зодоогүй, зодолдох гээд барьцалдаж авахаар нь бид нар салгаад байсан. Амарзаяа, Батсайхан нар дөрөв, дөрвөн пиво уусан. Сүүл рүүгээ гайгүй болсон, эхэндээ жаахан согтсон байсан. Би цээжний зураг 15,000 төгрөгөөр үзүүлсэн, шүүх эмнэлэгт 3000 төгрөгөөр үзүүлсэн... гэх мэдүүлэг [1],

-Мөн түүний 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр мэдүүлсэн: ...Төгсбаяр гэх залуу 2016 оны 05 дугаар сарын 10-ны 01 цаг өнгөрч байхад бид нартай маргалдаж, гадаа гараад явж байхад хойноос ирээд өшиглөсөн. Би 15,000 төгрөгөөр цээжний зураг авахуулсан, баримт нь хэрэгт байгаа. Цагдаа руу байцаалт өгөх гээд нааш цаашаа 3-4 удаа явсан. Таксины мөнгө төгрөг их гарсан баримт нь байхгүй. Надад Төгсбаяр 40,000 төгрөг өгсөн, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй... гэх мэдүүлэг [2],

2.Гэрч П.Амарзаяагийн 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр мэдүүлсэн: ...2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр нөхөр Батсайхан, найз Ганчимэг нарын хамт манай гэрээс гараад 22 цагийн үед пабд орж юм яриад сууж байтал нэг залуу ганцаараа цаана сууж байгаад манай ширээнд ирж суусан. Тэр залууд хандаж чи манай ширээнээс яв, манай найзын нөхөр нь одоо ирнэ гэж хэлтэл босоод явсан. Тэгээд цаана сууж байгаад дахин ирээд бид нарыг хоорондоо юм ярьж байхад, та нар гэр бүлийн хэрүүлээ гэртээ очиж хийцгээ, битгий чанга дуугараад бай гэж хэлсэн. Тэгэхээр нь Ганчимэг бид хоёр ариун цэвэрийн өрөө ороод гараад ирсэн чинь манай нөхөртэй барьцалдаад авчихсан байсан. Тэгэхээр нь нөхрөө аваад пабаас гарч явтал 2 давхраас шил шидэж хагалсан. Дараа нь хойноос ирж манай нөхөртэй барьцалдаж авсан чинь Ганчимэг салгаад би нөхрөө аваад цаашаа алхаж байгаад эргээд хартал Ганчимэг газар унасан байсан. Би очоод асуусан чинь нөгөө өндөр нөхөр өшиглөөд унагаачихлаа босч чадахгүй байна, бөөр өвдөөд байна гэж хэлсэн. Дараа нь цагдаа дуудаад тэр залууг зааж өгч бариулсан. Батсайхан бид хоёрын биед гэмтэл учраагүй, тэр залуу маргалдаж барьцалдаж авсан цохиж зодоогүй... гэх мэдүүлэг [3],

- 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр мэдүүлсэн: ...Би 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр нөхөр Батсайхан, найз Ганчимэг нарын хамт гэрээсээ гараад 22 цагийн үед пабд орж юм яриад сууж байтал 00-01 цагийн үед санагдаж байна, нэг бүдүүн залуу ганцаараа цаана сууж байгаад манай ширээнд ирж суусан. Тэр залууд хандаж чи манай ширээнээс яв, манай найз хүүхний нөхөр нь одоо ирнэ гэж хэлтэл босоод явсан. Тэгээд цаана сууж байгаад дахин ирээд бид нарыг хоорондоо юм ярьж байхад та нар гэр бүлийн хэрүүлээ гэртээ очиж хийцгээ, битгий чанга дуугараад бай гэж хэлсэн. Тэгэхээр нь Ганчимэг бид хоёр ариун цэврийн өрөө ороод буцаад гараад ирсэн чинь манай нөхөр Батсайхантай барилцаад авчихсан байхаар нь нөхрөө аваад пабаас гарч явтал 2 давхраас шил шидэж хагалсан. Дараа нь хойноос гарч ирж манай нөхөртэй барьцалдаж авсан чинь Ганчимэг салгаад би нөхрөө аваад цаашаа алхаж байгаад эргээд хартал Ганчимэг газар унасан байхаар нь очоод асуусан чинь нөгөө өндөр бүдүүн залуу өшиглөөд унагаачихлаа бөөр өвдөөд байна гэж хэлсэн. Дараа нь цагдаа дуудаад тэр залууг зааж өгч бариулсан. Батсайхан бид хоёрын биед гэмтэл учраагүй, тэр залуу маргалдаж барьцалдаж авсан цохиж зодоогүй. Бид гурав зам дээр гараад алхаж явтал пабын 2 давхрын онгорхой шатнаас доошоо пивоны шил шидсэн. Шил бид гураваас 50 орчим метр зайд пабын харалдаа доошоо унаж хагарсан. Надад хохирсон зүйл байхгүй, цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй... гэх мэдүүлэг [4],

3.Гэрч П.Батсайханы 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдөр мэдүүлсэн: ...Би эхнэр Амарзаяа, найз нь болох Ганчимэг нарын хамт Толгойтын Нарангийн голын эцэст байрлах пабд 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 00 цагийн үед сууж байсан. Би 3 пиво уусан, нөгөө хоёр маань 2 пиво уусан. Тэгтэл нэг өндөр нуруутай залуу манай ширээнд хүрч ирж суугаад хамт сууя гэсэн чинь нөгөө 2 тэр залууг яв, өөр газар очиж суу, гэр бүлээрээ сууж байна гэсэн чинь босоод явсан. Дараа нь Амарзаяа, Ганчимэг нар ариун цэврийн өрөө ороход надтай тэр залуу маргалдаад байхаар нь бид гурав пабаас гарч явсан. Би тэр үед дүү Өлзийсайханыгаа дуудсан байсан. Бид гуравыг пабаас гарч явах үед дээрээс шил шидсэн. Тэгээд хойноос хүрч ирээд надтай барилцаж аваад байсан чинь дундуур Амарзаяа, Ганчимэг нар орж салгасан. Өөдөөс Өлзийсайхан ирээд намайг гудамжаар дагуулаад аваад явсан. Ганчимэг тэр залууг аргалах гээд юм яриад үлдсэн. Манай эхнэр хойноос ирээд гэнэт Ганчимэг алга болсон байна гээд буцаад явсан. Би тэр чигээрээ гэртээ хариад амарсан. Эхнэр Амарзаяагаас сүүлд нь нөгөө залуу Ганчимэгийг цохисон гэж сонссон. ... гэх мэдүүлэг [5],

- 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр мэдүүлсэн: ...Би эхнэр Амарзаяа, найз нь болох Ганчимэг нарын хамт Толгойтын Нарангийн голын эцэст байрлах пабад 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 00 цагийн үед сууж байсан. Би 3 пиво уусан, нөгөө хоёр маань 2 пиво уусан. Тухайн үед нэг өндөр нуруутай залуу манай ширээнд хүрч ирж суугаад хамт сууж юм ярья гэсэн чинь эхнэр Амарзаяа, Ганчимэг нар тэр залууг яв, өөр газар очиж суу, гэр бүлээрээ сууж байна гэсэн чинь босоод явсан. Дараа нь Амарзаяа, Ганчимэг нар ариун цэврийн өрөө ороход надтай тэр залуу маргалдаад байхаар нь бид 3 пабаас гарч явсан. Би тэр үед дүү Өлзийсайханыг дуудсан байсан. Бид гуравыг пабаас гараад ойролцоогоор замын цаана 100 орчим метрын зайтай явах үед пабын шатны онгорхой хэсгээр шил шидсэн. Эргээд хартал нөгөө залуу шил хагалсан байсан. Тэгээд хойноос хүрч ирээд надтай барилцаж аваад байсан чинь дундуур Амарзаяа, Ганчимэг нар орж салгаад байж байтал өөдөөс Өлзийсайхан ирээд намайг гудамжаар дагуулаад цаашаа аваад явсан. Би тэр чигтээ хариад амарсан. Эхнэр Амарзаяа дараа нь нөгөө залуу Ганчимэгийг өшиглөсөн гэсэн гэж хэлж байсан. Амарзаяа бас өшиглөснийг нь хараагүй гэсэн. Өлзийсайхан бид хоёрыг харж байхад Ганчимэгийг цохиж зодоогүй, явсанаас хойш цохисон байж магадгүй. Бид нар пабаас гараад холдоод явсан байсан. Хойно пабын гадаа шил хагарах чимээ сонсогдсон, бид нарын хэн нэгнийг оноогүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, гэмтэж бэртээгүй... гэх мэдүүлэг [6],

-2016 оны 08 дугаар сарын 18-ний өдөр мэдүүлсэн: ...Бид нар 2016 оны 05 дугаар сарын 09-ний 00 цаг болоогүй байхад пабад орсон. Хэрэг гарах үед 2016 оны 05 дугаар сарын 10-ны 01-02 цаг болж байсан... гэх мэдүүлэг [7],

4.Гэрч П.Өлзийсайханы 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдөр мэдүүлсэн: ...Намайг 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр гэртээ байхад ах Батсайхан утсаар яриад Нарангийн голын пабын гадаа ирээд ав гэхээр нь 00 цагийн үед очиход пабаас гараад ирэхээр нь аваад гэртээ харьсан. Тухайн үед ахын эхнэр Амарзаяа хамт явсан. Ганчимэг нь нэг өндөр залуутай цаашаа яв гээд маргалдаад хойно хоцорсон. Миний нүдэн дээр зодоон цохион болоогүй. ...Намайг очиход 2 эмэгтэй нь гайгүй, Батсайхан ах жаахан халамцуу байсан, нөгөө маргалдсан гэх залууг нь сайн анзаараагүй... гэх мэдүүлэг [8],

5.Гэрч Б.Ганбатын 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр мэдүүлсэн: ...Би дуудлагаар очиж том биетэй залууг эрүүлжүүлсэн. Тухайн үед 2 эмэгтэй хүн пабаас гараад явж байхад дотор маргалдсан залуу өшиглөсөн гэж хэлж байсан. Тэгэхээр нь тэр залууг заалгаад араас нь явж очоод түр саатуулах байранд хүргэсэн. ... гэх мэдүүлэг [9],

6.Гэрч Ц.Баярцэцэгийн 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр мэдүүлсэн: ...Би 2016 оны 05 дугаар сарын 10-нд паб дотроо ганцаараа ажиллаж байтал шөнийн 02 цагийн үед 2 эмэгтэй, 1 эрэгтэй сууж байсан чинь нэг бүдүүн залуу ганцаараа сууж байгаад 2 эмэгтэй, 1 эрэгтэйгийн ширээнд очиж суугаад хоорондоо маргалдсан. Хөгжим чанга байсан болохоор юу гэж маргалдсан талаар сонсоогүй. Тэгээд залуутай нь бүдүүн залуу маргалдаад зууралдаж авсан. Тэгтэл 2 эмэгтэй нь ариун цэврийн өрөөнөөс гарч ирээд эрэгтэйгээ аваад гарсан. Тэгтэл бүдүүн залуу шатан дээрээс чанх доошоо ууж байсан пивоныхоо шилийг доош нь шидээд хагалчихсан. Нөгөө 3 хүн манай пабаас гадна зам дээр 100 орчим метр явж байсан. Тэгтэл араас нь хартал нэг эмэгтэй нь нөгөө эрэгтэй, эмэгтэй хоёроос салж ирээд, бүдүүн залуутай зууралцаад авсан. Тэгтэл тэр залуу хүүхнийг хөлөөрөө жийсэн чинь нөгөөх нь унасан. Тэгээд бүдүүн залуу салаад явсан. ...Миний харж байснаар Төгсбаяр эмэгтэйн цээж рүү жийсэн байх, би тэгж харсан ... гэх мэдүүлэг [10],

7.Г.Төгсбаярын сэжигтнээр 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр мэдүүлсэн: ...Би 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Толгойтод байдаг пабад 23 цагийн үед ганцаараа жаахан согтуу ороод 3 пиво уусан. Тэгээд пабад үйлчлүүлж байсан хүмүүстэй юм яриад сууж байтал хохирогч Ганчимэг, нэг эрэгтэй, нэг эмэгтэй найзтайгаа сууж байхаар нь ширээн дээр нь очоод дөрвүүлээ цуг сууж дуулах, цуг уух уу гэж асуусан чинь Ганчимэг нь гэр бүлийн найзууд гэр бүлийн юм ярьж байна, чи цаашаагаа яв гэсэн. Тэгээд Ганчимэг нь хүүхэн хайж шүлсээ гоожуулж явдаг, цаашаа яв балиар юм гэхээр нь би өөдөөс нь хүүхэн хайж яваагүй шүү дээ, чи юу яриад байгаа юм гээд маргалдаж байгаад хамт явсан залуутай нь нилээн маргалдсан. Тэр 3 гараад явсан, би хойноос нь гарч залуутай нь барьцалдаж аваад, тэр залуу намайг газар унагаасан. Би босч ирээд уурлаад өөдөөс нь нилээн орилоод байж байтал хохирогч Ганчимэг гэх хүүхэн хажуугаар орж ирээд футболк ураад, нөгөө залуутай зуралдаж байхад салгах гэж хажуунаас орж ирээд бөөр рүүгээ өшиглүүлсэн. Би хойноос нь орилоод дуудахад зогсохгүй болохоор нь шил шидэж анхаарлыг нь татсан. Онох гэж шидээгүй, хол шидсэн. Намайг хэл амаар баахан доромжилж байгаад гараад явахаар нь хойноос нь шил шидсэн. Би Ганчимэгтэй хамт явсан залууг цохиж, зодож гэмтэл учруулаагүй. Би согтуу байсан, болсон үйл явдлыг санаж байгаа. Надтай маргалдсан гурван хүн бас согтуу байсан, их хэл амтай хашгачсан хүмүүс байсан... гэх мэдүүлэг [11],

-яллагдагчаар 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр мэдүүлсэн: ...Батсайхантай барьцалдаж, зууралдаад зогсож байсан чинь Ганчимэг нь ирээд салгах гээд тавиач болиоч пизда минь зайлаач гэж  орилоод надаас зуурсан. Тэр үед цааш нь цээж рүү нь гараараа түлхсэн. ...Би Ганчимэгийг гараараа түлхсэн, хөлөөрөө жийсэн. Гэхдээ биед нь хүрсэн үгүйг мэдэхгүй байна... гэх  мэдүүлэг [12],

-2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр мэдүүлсэн: ...Хойноос нь би пабын үүдэнд шил хагалж анхаарлыг нь татаж зогсоосон. Тэр үед энэ гурав 50-100 метрийн цаана явж байсан. Шилийг хэн нэгний хойноос шидээгүй. Тэгээд хойноос нь очоод Батсайхантай барьцалдаж, зууралдаад зогсож байсан чинь Ганчимэг нь ирээд салгах гээд тавиач болиоч пизда минь зайлаач гэж  орилоод надаас зуурсан. Тэр үед цааш нь цээж рүү нь гараараа түлхсэн. Тэгээд буцаж ороод дахин нэг пиво ууж, сууж байгаад гарч яваад цагдаатай таарч эрүүлжүүлэгдсэн. Би Ганчимэгийг гараараа түлхсэн, хөлөөрөө жийсэн гэхдээ биед нь хүрсэн үгүйг мэдэхгүй байна... гэх мэдүүлэг [13],

 

8.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 6585 дугаартай актын:

...1.А.Ганчимэгийн биед цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3.Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5.Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх байх боломжтой. /Шинжээч эмч Н.Туяа/... гэсэн дүгнэлт [14],

 

9.Шинжээч Н.Туяагийн 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр мэдүүлсэн: ...Хохирогчид учирсан гэмтэл нь түлхэх, өшиглөх, унахын аль алинд нь үүсэх боломжтой. Хэдэн удаа гэдгийг нь тогтоох боломжгүй. Мохоо зүйл гэдэг нь гар, мод, чулуу зэргийг ойлгоно. Юугаар үүсгэгдсэнийг тогтоох боломжгүй. Дээрх хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой... гэх мэдүүлэг [15],

10.Хэргийн газарт 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг [16],

11.Цагдаагийн байгууллагад дуудлага, мэдээлэл өгсөн баримт [17],

12.Хохирогч А.Ганчимэгийн гэм хорын хохирол нэхэмжилсэн баримтууд [18],

13.Шүүгдэгч Г.Төгсбаярын иргэний үнэмлэхийн лавлагаа [19], түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас [20] болон бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн гэж дүгнэж, эрүүгийн хэргийг хянан шийдвэрллээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Төгсбаярыг ...иргэн А.Ганчимэг, П.Амарзаяа, П.Батсайхан нартай маргалдаж ялимгүй зүйлээр шалтаглан улмаар пивоны шилийг зэвсгийн чанартай хэрэглэн А.Ганчимэг, П.Амарзаяа, П.Батсайхан нар руу шидсэн, иргэн А.Ганчимэгт хүч хэрэглэн цээжин тус газар нь өшиглөж бие махбодид нь ...цээжинд нь цус хуралт, зөөлөн эдийн няцрал... бүхий хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэж яллаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад дүгнэхэд:

            Нэг. Шүүгдэгч Г.Төгсбаяр нь 2016 оны 05 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ан Сан Ши ХХК-ийн пабад бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж ...эхнэр, нөхөр, дотны хүмүүс сууж байна, ширээн дээр суулгахгүй гэж хэллээ... гэх ялимгүй зүйлээр шалтаглан иргэн А.Ганчимэг, П.Амарзаяа, П.Батсайхан нартай маргаан үүсгэсэн, улмаар пабын гадна иргэн А.Ганчимэгт хүч хэрэглэн шалтгаангүйгээр цээжин тус газарт нь өшиглөж түүний бие махбодид нь ...цээжинд нь цус хуралт, зөөлөн эдийн няцрал... бүхий хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

-мөрдөн байцаалтад хохирогч А.Ганчимэгийн 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр мэдүүлсэн: ...Амарзаяа бид хоёр Батсайханыг аваад пабаас гараад, гудамжинд алхаж байтал пабын 2 давхрын цонхоор архины шил шидсэн. ...Тэгтэл шил шидсэн залуу араас гүйж ирээд Батсайхантай зодолдох гээд байхаар нь би дундуур нь ороод ойртуулахгүй байсан чинь намайг муусайн янханууд минь та нараас болж байхгүй юу гээд миний цээжний баруун хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Би газар унасан чинь тэр залуу яваад өгсөн... гэх мэдүүлэг [21],

-Мөн түүний 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр мэдүүлсэн: ...Төгсбаяр гэх залуу 2016 оны 05 дугаар сарын 10-ны 01 цаг өнгөрч байхад бид нартай маргалдаж, гадаа гараад явж байхад хойноос ирээд өшиглөсөн. ... гэх мэдүүлэг [22],

-хохирогч П.Амарзаяагийн 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр мэдүүлсэн: ... нөхрөө аваад пабаас гарч явтал 2 давхраас шил шидэж хагалсан. Дараа нь хойноос ирж манай нөхөртэй барьцалдаж авсан чинь Ганчимэг салгаад би нөхрөө аваад цаашаа алхаж байгаад эргээд хартал Ганчимэг газар унасан байсан. Би очоод асуусан чинь нөгөө өндөр нөхөр өшиглөөд унагаачихлаа босч чадахгүй байна, бөөр өвдөөд байна гэж хэлсэн... гэх мэдүүлэг [23],

-хохирогч П.Батсайханы 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдөр мэдүүлсэн: ...Бид гуравыг пабаас гарч явах үед дээрээс шил шидсэн. Тэгээд хойноос хүрч ирээд надтай барилцаж аваад байсан чинь дундуур Амарзаяа, Ганчимэг нар орж салгасан. ...Эхнэр Амарзаяагаас сүүлд нь нөгөө залуу Ганчимэгийг цохисон гэж сонссон... гэх мэдүүлэг [24],

-гэрч П.Өлзийсайханы 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдөр мэдүүлсэн: ...Тухайн үед ахын эхнэр Амарзаяа, хамт явсан эмэгтэй Ганчимэг нь нэг өндөр залуутай цаашаа яв гээд маргалдаад хойно хоцорсон... гэх мэдүүлэг [25],

-гэрч Б.Ганбатын 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр мэдүүлсэн: ...Би дуудлагаар очиж том биетэй залууг эрүүлжүүлсэн. Тухайн үед 2 эмэгтэй хүн пабаас гараад явж байхад дотор маргалдсан залуу өшиглөсөн гэж хэлж байсан.... гэх мэдүүлэг [26],

-гэрч Ц.Баярцэцэгийн 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр мэдүүлсэн: ...залуутай нь бүдүүн залуу маргалдаад зууралдаж авсан. Тэгтэл хоёр эмэгтэй нь ариун цэврийн өрөөнөөс гарч ирээд эрэгтэйгээ аваад гарсан. Бүдүүн залуу шатан дээрээс чанх доошоо ууж байсан пивоныхоо шилийг доош нь шидээд хагалчихсан. Нөгөө гурван хүн манай пабаас гадна зам дээр 100 орчим метр явж байсан. Тэгтэл араас нь хартал нэг эмэгтэй нь нөгөө эрэгтэй, эмэгтэй хоёроос салж ирээд, энэ бүдүүн залуутай зууралцаад авсан. Тэгтэл тэр залуу хүүхнийг хөлөөрөө жийсэн чинь нөгөөх нь унасан... гэх мэдүүлэг [27],

-Г.Төгсбаярын яллагдагчаар 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр мэдүүлсэн: ...Нэг мэдсэн Батсайхан бид хоёр хоорондоо маргалдаад заамдалцаад зогсож байсан. Тэгээд Ганчимэг, Батсайханы авгай хоёр нөхрөө аваад гарсан. Хойноос нь би шил хагалж анхаарлыг нь татаж зогсоосон. Тэгээд Батсайхантай барьцалдаж, зууралдаад зогсож байсан чинь Ганчимэг нь ирээд салгах гээд тавиач болиоч пизда минь зайлаач гэж  орилоод надаас зуурсан. Тэр үед цааш нь цээж рүү нь гараараа түлхсэн... гэх  мэдүүлэг [28],

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 6585 дугаартай акт, дүгнэлт [29], шинжээч Н.Туяагийн мэдүүлэг [30], Дуудлага, мэдээлэлийн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.                

Шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Төгсбаяр нь пивоны шилийг зэвсгийн чанартай хэрэглээгүй гэж маргасан.

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баярбаясгалангаас хохирогч П.Амарзаяа, П.Батсайхан, гэрч Ц.Баярцэцэг нарын мэдүүлгээр хохирогч нар пабаас гараад 100 метр явсан байхад Г.Төгсбаяр пабаас пивоны шил шидсэн байх тул шүүгдэгч Г.Төгсбаярт пивоны шилийг зэвсгийн чанартай хэрэглэх, бусдыг гэмтээх санаа зорилго байгаагүй байна. Иймд түүнд холбогдох Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан эрүүгийн хэргийг мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсгээр хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү гэсэн саналыг гаргасан.

Харин тус шүүх хуралдаанд улсын яллагч А.Ганзоригоос яллах саналдаа ...шүүгдэгч Г.Төгсбаяр нь пивоны шилийг зэвсгийн чанартай хэрэглэж, иргэн П.Амарзаяа, П.Батсайхан, А.Ганчимэг  нарын амар тайван байдлыг алдагдуулж тэдэнд сэтгэл санааны хохирол учруулсан, иргэн А.Ганчимэгийг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан, эдгээр хохирогч нар руу Г.Төгсбаяр нь анхнаасаа пабад маргах үеэсээ танхайрсан үйлдэл нь чиглэсэн, хохирогч нарыг айж байна гэхээр араас нь пивоны шилийг шидэж танхайрсан, танхайн гэмт хэрэг нь хохирогчид заавал гэмтэл учирсан байхыг шаарддаггүй тул иргэн П.Амарзаяа, П.Батсайхан нарын амар тайван байдлыг алдагдуулж сэтгэл санааны хохирол учруулсан гэж үзэж тэднийг хохирогчоор тогтоож, тус хэргийг  Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн гэж, мөн пивоны шил хохирогч нарын ард 1 метрийн зайд унах, 50-100 метрийн зайд унах нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй гэж мэтгэлцсэн ба хавтаст хэргийн хүрээнд хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх боломжтой гэсэн нэмэлт тайлбарыг гаргасан.

 

Шүүх хэрэгт цугларсан баримтуудыг судалбал:

Тухайн өдөр шүүгдэгч Г.Төгсбаяр нь Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг пабад орж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тус пабаар үйлчлүүлж байсан иргэн А.Ганчимэг, П.Амарзаяа, П.Батсайхан нарт нэг ширээнд хамт суух санал тавьсан байх ба харин дээрх иргэд гэр бүлээрээ явж байгаа тул хамт суух боломжгүй гэсэн байна. Үүний дараа Г.Төгсбаяр нь та нар гэр бүлийнхээ хэрүүлийг гэртээ очиж хий гэх зэргээр маргаан үүсгэж, улмаар иргэн П.Батсайхантай барьцалдаж авсныг А.Ганчимэг, П.Амарзаяа нар нь салгаж, тэд пабаас гарчээ. Тэднийг пабаас гарахад пабын 2 давхраас пивоны шил унасан байх ба, хохирогч нараас Г.Төгсбаяр пабын 2 давхраас пивоны шилээ шидсэн гэж мэдүүлсэн. Ингэж мэдүүлэхдээ:

Хохирогч А.Ганчимэг нь мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ ...Амарзаяа бид хоёр Батсайханыг аваад пабаас гараад гудамжинд алхаж байтал пабын 2 давхрын цонхоор архины шил шидсэн, ард хагарсан... гэж, [31]

-харин 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд ...пабын хаалгаар дөнгөж гараад, 2-3 алхаад эргэн эргэн харахад Г.Төгсбаяр дээрээс шил авч шидэхэд яг ард унасан ... гэж,

-тус өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт ...пабаас гараад 2-3 алхам алхам явж байтал 1 метрийн зайтай ард шил унасан. Харсан чинь Төгсбаяр онгорхой цонхны хажууд зогсож байсан... гэж тус тус мэдүүлсэн.

   Хохирогч П.Амарзаяа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ ... пабаас гарч явтал 2 давхраас шил шидэж хагалсан. ... гэж, 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд ...хохирогч П.Амарзаягаас ... пабаас гараад 10 гаруй метр яваад гэрлийн шонгийн хажууд явж байхад ард нэг метрийн зайнд шил унаж хагарсан... гэж, тус өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт Пабаас гараад 50-100 метрийн зайтай явж байхад бид нарын ард пивоны шил дугарах шиг болсон. 50-100 метрийн зайг хол зай гэж ойлгож байна... гэж мэдүүлсэн.

Мөрдөн байцаалтад хохирогч П.Батсайханаас ...пабаас гараад замын цаана 100 орчим метр явах үед пабны шатны онгорхой хэсгээр шил шидсэн... гэж, [32] гэрч Ц.Баярцэцэгээс ...бүдүүн залуу шатан дээрээс чанх доошоо ууж байсан пивоныхоо шилийг доош нь шидээд хагалчихсан. Нөгөө 3 хүн манай пабаас гадна зам дээр 100 орчим метр явж байсан. ... гэж тус тус мэдүүлжээ.

Шүүх хохирогч, гэрч нарын мэдүүлгийг харьцуулан дүгнэлт хийхэд хохирогч А.Ганчимэгийн пивоны шил ард унасан гэх мэдүүлэг хэрэгт цугларсан бусад оролцогч нарын мэдүүлгээр тогтоогдоогүй. Харин хохирогч П.Амарзаяагийн мэдүүлэг өөр хоорондоо зөрүүтэй байх ба түүний тус өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан 50-100 метрийн зайтай явж байхад бид нарын ард пивоны шил дугарах шиг болсон гэсэн мэдүүлэг нь хохирогч П.Батсайхан, гэрч Ц.Баярцэцэг нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтэй тохирч байх тул уг мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн ба хохирогч А.Ганчимэгийн 1 метрийн зайд пивоны шил унасан гэх мэдүүлэг бусад гэрч, хохирогч нарын мэдүүлгээр няцаагдсан.

Дээрх баримтуудыг нэгтгэн дүгнэхэд шүүгдэгч Г.Төгсбаяр нь архины шилийг хохирогч нарын анхаарлыг татах зорилгоор шидсэн гэж мэдүүлсэн, хохирогч П.Батсайхан, гэрч Ц.Баярцэцэг нарын мэдүүлэг болон хохирогч П.Амарзаяагийн шүүх хуралдаанд гаргасан пабаас гарч 50-100 метрийн зайтай явж байхад  Г.Төгсбаяр паб дотроос пивоны шил шидсэн гэснээс үзвэл хохирогч А.Ганчимэг, П.Амарзаяа, П.Батсайхан нарт гэмтэл учруулах санаа зорилгогүй, пивоны шилийг зэвсгийн чанартай хэрэглэсэн гэх субъектив санаа тогтоогдохгүй байна.

Тиймээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн Эрүүгийн хууль болон энэ хуулийг тайлбарлан хэрэглэхэд эргэлзээ гарвал сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн заалтыг баримталж, шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Г.Төгсбаярт Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөн зүйлчилж, шүүгдэгч Г.Төгсбаярыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж  танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Харин шүүгдэгч Г.Төгсбаяр нь танхайрах гэмт хэргийг үйлдэхдээ иргэн П.Амарзаяа, П.Батсайхан нарт сэтгэл санааны хохирол учруулсан гэх, мөн П.Амарзаяа, А.Ганчимэг, П.Батсайхан нарын эсрэг зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул яллах дүгнэлт үйлдсэн тус хэсгийг хэрэгсэхгүй болгож зөвтгөн шийдвэрлэх үндэстэй байна.

 

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар.

            Шүүгдэгч Г.Төгсбаярын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч А.Ганчимэгийн бие махбодид хөнгөн гэмтэл учирсан ба мөрдөн байцаалтад хохирогч А.Ганчимэг нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд цээжний зураг авахуулсны төлбөр 15,000 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлсэний төлбөр 3,000 төгрөг, унааны зардал гарсан зэргийг нэхэмжилнэ гэж мэдүүлж, хавтас хэрэгт цээжний зураг авахуулсны төлбөр 15,000 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлсэний төлбөр 3,000 төгрөг нийт 18,000 төгрөгийн баримтыг ирүүлсэн байна. Үүний дараа мөрдөн байцаалтад 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр болон шүүх хуралдаанд  хохирогч А.Ганчимэгээс Г.Төгсбаяр надад 40,000 төгрөг төлсөн [33] гэж, мөн шүүгдэгч Г.Төгсбаяр 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр яллагдагчаар дахин мэдүүлэг гаргахдаа ...би хохирогч А.Ганчимэгт бэлнээр 40,000 төгрөг өгсөн.... гэж  [34]  тус тус мэдүүлсэн.

Иймд шүүгдэгч Г.Төгсбаярыг хохирогч А.Ганчимэгт төлөх төлбөргүй гэж үзнэ.

 

Гурав. Шүүгдэгчийн хувийн байдал болон бусад асуудлын талаар.

  Шүүгдэгч Г.Төгсбаяр нь 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар [35] Цагдаагийн ерөнхий газрын МСТТ-ын санд бүртгэгдээгүй буюу ялгүй байна.

Иймд шүүгдэгч Г.Төгсбаярт ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан гэм хорын хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөлд тус тус тооцлоо.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 286, 294, 297, 298, 299 дүгээр зүйлийн 299.3-р зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 


[1] Хавтаст хэргийн 12-13 дугаар тал.

[2] Хавтаст хэргийн 18 дугаар тал.

[3] Хавтаст хэргийн 14 дүгээр тал.

[4] Хавтаст хэргийн 69 дүгээр тал.

[5] Хавтаст хэргийн 15 дугаар тал.

[6] Хавтаст хэргийн 71 дүгээр тал.

[7] Хавтаст хэргийн 73 дугаар тал.

[8] Хавтаст хэргийн 16 дугаар тал.

[9] Хавтаст хэргийн 63 дугаар тал.

[10] Хавтаст хэргийн 65-66 дугаар тал.

[11] Хавтаст хэргийн 30 дугаар тал.

[12] Хавтаст хэргийн 32 дугаар тал.

[13] Хавтаст хэргийн 77-78 дугаар тал.

[14] Хавтаст хэргийн 24 дүгээр тал.

[15] Хавтаст хэргийн 75 дугаар тал.

[16] Хавтаст хэргийн 60-61 дүгээр тал.

[17] Хавтаст хэргийн 62 дугаар тал.

[18] Хавтаст хэргийн 22, 51 дүгээр тал.

[19] Хавтаст хэргийн 37, 38 дугаар тал.

[20] Хавтаст хэргийн 35 дугаар тал.

[21] Хавтаст хэргийн 12-13 дугаар тал.

[22] Хавтаст хэргийн 18 дугаар тал.

[23] Хавтаст хэргийн 14 дүгээр тал.

[24] Хавтаст хэргийн 15 дугаар тал.

[25] Хавтаст хэргийн 16 дугаар тал.

[26] Хавтаст хэргийн 63 дугаар тал.

[27] Хавтаст хэргийн 65-66 дугаар тал.

[28] Хавтаст хэргийн 32 дугаар тал.

[29] Хавтаст хэргийн 24 дүгээр тал.

[30] Хавтаст хэргийн 75 дугаар тал.

[31] Хавтаст хэргийн 12 дугаар тал.

[32] Хавтаст хэргийн 15 дугаар тал.

[33] Хавтаст хэргийн 18 дугаар тал.

[34] Хавтаст хэргийн 74 дүгээр тал.

[35] Хавтаст хэргийн 35 дугаар тал.