Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2022/00580

 

  

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2020/00690 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 1039 дүгээр магадлалтай,

 

*******ийн нэхэмжлэлтэй

Мажор систем ХХК,******* нарт холбогдох

 

Тоног төхөөрөмж, техникийн засвар үйлчилгээний ажил хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 46,406,250 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

Зээлийн төлбөр 8,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхбуянгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ундрах, хариуцагч******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхбуян, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч ******* хариуцагч******* ХХК,******* нарт холбогдуулан тоног төхөөрөмж, техникийн засвар үйлчилгээний ажил хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 46,406,250 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, зээлийн төлбөр 8,000,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2020/00690 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч******* ХХК-аас уул уурхайн үндэсний олборлогч компанид гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл төлбөрт 17,781,872 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******өд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 28,624,378 төгрөг болон хариуцагч*******д холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******өөс зээлийн гэрээний үүрэгт 8,000,000 төгрөг гаргуулан хариуцагч******* ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 390,000 төгрөг, хариуцагч******* ХХК-аас төлсөн 142,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 142,950 төгрөгийг гаргуулж хариуцагч******* ХХК-д, хариуцагч******* ХХК-аас 246,859 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******өд тус тус олгож шийдвэрлэжээ.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 1039 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2020/00690 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 478 дугаар зүйлийн 478.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч******* ХХК-иас 27,589,063 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******өд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 18,817,187 төгрөг болон хариуцагч*******д холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******өөс зээлийн гэрээний үүрэгт 4,000,000 төгрөг гаргуулан хариуцагч******* ХХК-д олгож, үлдэх 4,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 390,000 төгрөг, хариуцагч******* ХХК-аас төлсөн 142,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 295,895 төгрөгийг гаргуулж хариуцагч******* ХХК-д, хариуцагч******* ХХК-аас 78,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******өд тус тус олгосугай гэж тус тус өөрчлөн найруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхбуян хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

4.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо Тоног төхөөрөмж, техникийн засвар үйлчилгээний ажил хийж гүйцэтгэсний төлбөрт 46,406,250 төгрөгийг хариуцагч******* болон******* ХХК-аас нэхэмжилсэн байдаг. Нэхэмжлэгч дээрх шаардлагаа 2017.09.15-ны өдөр******* ХХК болон Уул уурхайн Үндэсний олборлогч ХХК-уудын хооронд байгуулагдсан MNO-2017/89 дугаарт Ажил гүйцэтгэх гэрээ-ээс олсон орлого болох 92,812,500 төгрөгийн 50 хувь болон 46,406,250 төгрөг хэмээн тодорхойлжээ. Гэтэл нэхэмжлэгчийн дурдаад буй дээрх харилцаа нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа бөгөөд тус гэрээний харилцаанд оролцогч нь Иргэний хуулийн 7 дугаар зүйлд заасан иргэний эрх зүйн харилцаанд бие даан оролцох эрх бүхий этгээд болох******* ХХК болно. Мөн******* ХХК нь Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан ашгийн төлөөх хуулийн этгээд болохыг дурдах нь зүйтэй.

4.2. ИХШХШтХ-д нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ өөрөө тодорхойлох, нотлох үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч ******* нь хариуцагч******* болон******* ХХК-аас хамтран ажиллах гэрээний үүрэгтэй холбоотойгоор шаардах эрхээ хэрэгжүүлж байгаа хэмээн тайлбарласан ба давж заалдах шатны шүүхийн магадлалын ХЯНАВАЛ хэсэгт мөн нэхэмжлэгч ******* болон******* ХХК-ийн хооронд Хамтран ажиллах гэрээний харилцаа болсон хэмээн дүгнэсэн байдаг.

Нэхэмжлэгч ******* болон хариуцагч******* нар нь дундаа 82-41 УБ улсын дугаартай, САТ-320 маркийн РАЮ0850 сериалтай экскаватор худалдан авч түрээсэлдэг байсан ба ашиг орлогоо хуваадаг байсан нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдсан хэмээн үзэхээр байна. Харин 2017.09.15-ны өдрийн МNО-2017/89 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ нь анхан шатны шүүхийн тодорхойлсон шиг хөлсөөр ажиллах гэрээний төрөлд илүү хамаарахаар байна. Учир нь хариуцагчийн хариу тайлбар болон хариуцагчийн зүгээс мэтгэлцээний үед дурдсан 2017.09.15-ны өдрийн МNО-2017/89 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-ний 2.1, 2.3, 2.4, 2.5, 2.6-д заасан үндсэн үүргийг гүйцэтгэж нэхэмжлэгч туслах үүргийг гүйцэтгэдэг байсан гэж тайлбарласан бөгөөд хариуцагч дээрх тайлбарыг няцаагаагүй ба эсрэг талын гаргасан тайлбарт бүрэн хэмжээгээр хариу тайлбар гаргаагүйн үр дагаврыг зохигчдод танилцуулсан байхад тэрээр өөрийн тайлбараа гаргаагүй эсхүл хангалттай хэмжээнд үндэслэн эсэргүүцээгүй бол хэргийн тухайн нөхцөл байдлыг маргаангүй, түүнчлэн татгалзлаа нотлоогүй гэж тус тус үзэх үндэслэлтэй түүнчлэн талуудын эрх, үүрэг ажлын хуваарилалт зэргээс үзэхэд дээрх харилцаа нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан хөлсөөр ажиллах гэрээний төрөлд хамаарахаар байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн дүгнээд буй шиг талуудын хооронд Хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй байна. Мөн гэрч О.Шинэцэцэг /нэхэмжлэгчийн эхнэр/-ийн дансанд хариуцагчийн зүгээс 2017.10.27-ны өдөр 1,000,000 төгрөг шилжүүлсэн /1-р хх 47 тал/, 2017.10.29-ны өдөр 4,683,000 төгрөг /1-р хх 49 тал/, 2017.11.24-ны өдөр 4,000,000 төгрөг /1-р хх 49 тал/, 2017.12.17ны өдөр 10,000,000 төгрөгийг /1-р хх 48 тал/ тус тус шилжүүлж, 2017.09.15-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу тоног төхөөрөмж, техникийн засвар үйлчилгээний ажил хийж гүйцэтгэсэн хөлсөө хариуцагч******* ХХК нь нэхэмжлэгч *******өд бүрэн төлж барагдуулсан байхад давж заалдах шатны шүүхээс хариуцагч******* ХХК-иас 27,589,063 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болно.

4.3. 2008.10.10-ны өдрийн Улсын дээд шүүхийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэхэд нотлох баримт үнэлэх шүүгчийн ажиллагаа гэх зөвлөмжид Хүчин төгөлдөр болсон эрүүгийн хэргийн шийтгэх болон цагаатгах тогтоолын гэмт хэрэг гарсан эсэх, холбогдох этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэсэн хэсэг нь иргэний хэрэг хянан шийдвэрлэж буй шүүхэд дахин нотлох шаардлагагүй зүйлд хамаарна. Зөвхөн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нотлогдсон үйл баримт гэдгийг онцгой анхаарах нь чухал юм. Прокурорын болон цагдаагийн байгууллагын тогтоолоор хэрэгсэхгүй болгосон эрүүгийн хэргийн зарим баримтыг дахин нотлох шаардлагагүй нотлох баримт гэж үзэж, шийдвэрийн үндэслэл болгодог алдаа шүүхийн практик гардаг. Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад бий болсон дээрх нотлох баримтуудыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ашиглах боломжтой хэдий ч эдгээр нь иргэний хэрэг хянан шийдвэрлэхэд шууд нотлох баримт болохгүй болохыг анхаарах нь зүйтэй хэмээн зөвлөсөн байдаг.

Гэтэл давж заалдах шатны шүүх магадлалын ХЯНАВАЛ хэсэгт Тодруулбал******* нь 2017.10.27-ны өдөр 1,000,000 төгрөг, 2017.10.29-ны өдөр 4,683,000 төгрөг, 2017.11.24-ны өдөр 4,000,000 төгрөг, нийт 9,683,000 төгрөг нь 320Д маркийн экскаваторын түрээсэлж олсон ашиг, орлогыг шилжүүлсэн талаар мэдүүлсэн байна гэж Чингэлтэй дүүргийн Прокурорын 181100936 дугаарт хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзсан хэргээс гэрчийн мэдүүлгийг үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь хариуцагчийн эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон. Учир нь хариуцагч*******гийн зүгээс гэрчийн мэдүүлгээ тайлбарлахдаа цагдаад мэдүүлэг өгөхдөө дарамт, шахалтанд байх үедээ дээрх мэдүүлгийг өгсөн хэмээн удаа дараа тайлбарласан ба дээрх Чингэлтэй дүүргийн Прокурорын 181100936 дугаарт хэргийн зөвхөн нэхэмжлэгчид ашигтай үйл баримтыг нэхэмжлэгчийн зүгээс шүүхээр дамжуулан гаргуулсан болохыг дурдах нь зүйтэй.

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, мөн хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж чадаагүй байх тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Хяналтын журмаар гаргасан хариуцагч******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 

6. Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...Уул уурхайн үндэсний олборлогч ХХК-ийн алтны уурхайд*******гийн эзэмшлийн******* ХХК-ийн нэр дээр гэрээ байгуулж, хамтарч уурхайн техникүүдийн хэвийн үйл ажиллагааг хангаж, засвар үйлчилгээг цаг алдалгүй гардан хийсэн, ...3 сар гаруй хугацаанд цагийн хуваарийн дагуу хариуцлагатайгаар биечлэн ажилласан боловч******* нь мөнгө орж ирээгүй гэж тайлбарлаж байсан боловч Уул уурхайн үндэсний олборлогч ХХК ажлын хөлсөнд 92,812,500 төгрөгийг******* ХХК-ийн дансаар шилжүүлж өгсөн байсан тул тус төлбөрийн 50 хувь болох 46,406,250 төгрөгийг******* болон******* ХХК-аас гаргуулж өгнө үү... гэж тайлбарласан,

 

Хариуцагч******* нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж, хариуцагч******* ХХК: ...нэхэмжлэгчид эхнэр Ө.Шинэцэцэгийн дансаар 2017.10.27-ноос 2017.11.24-ний хугацаанд нийт 19,683,000 төгрөг шилжүүлж, суудлын автомашин авахад нь 8,000,000 төгрөг өгч, ажлын хөлснөөс нь суутгасан, ...нийт 27,683,000 төгрөг өгсөн, компанийн НӨАТ-ын 10%, орлогын албан татварын 10%-ийн татвар нийлээд 18,562,500 төгрөг хасагдаж тооцогдоно, мөн 3 сарын хугацаанд гарсан шатахуун, багаж авсан зардлууд хасагдах ёстой, ...бид 2-ын хамтарч худалдаж авсан КАТ320D эксковатор эвдэрч 2017 оны сүүлээс 12 сарын эхэн хүртэл сэлбэг, операторын цалин, шатахуунд 7,247,000 төгрөг гарсныг орлогоосоо тооцсон, энэ мөнгө хасагдах ёстой. Эдгээрийг тооцоход ажлын хөлс гэж нэмж өгөх мөнгө байхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэж маргасан бөгөөд нэхэмжлэгч нь автомашин авахдаа зээлсэн 8,000,000 төгрөгийг хамтарч ажилласан хөлснөөсөө суутгаж төлөхөөр ярьж тохирсон боловч энэ тохиролцоондоо хүрэхгүй байгаа тул 8,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү... гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч, ...авто машиныг ажлын хөлснөөс биш экскаваторын орлогын ашгаас суутгасан тул сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй... гэж маргажээ.

 

7. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******тэй хамтарч*******гийн эзэмшлийн******* ХХК-ийн нэрээр Уул уурхайн үндэсний олборлогч ХХК-тай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, тус компанийн алтны уурхайд уурхайн техник, тоног төхөөрөмжийн засварын ажлыг 3 сарын хугацаанд гүйцэтгэсэн, энэ хугацаанд Уул уурхайн үндэсний олборлогч ХХК ажлын хөлсөнд 92,812,500 төгрөгийг******* ХХК-д шилжүүлсэн үйл баримт тогтоогджээ.

 

Нэхэмжлэгч ажлын хөлс өгөөгүй тул ногдох хөлсөө авна гэж, хариуцагч нь ажлын хөлсийг өгч байсан гэж маргасан байна.

 

Энэ хугацаанд нэхэмжлэгч нь ажлын шаардлагаар Ford Everest маркийн автомашиныг худалдан авахдаа хариуцагч*******гээс 8,000,000 төгрөгийг зээлсэн үйл баримтын талаар маргаагүй байна.

 

8. Анхан шатны шүүх нэхэмжлэгч ******* нь хариуцагч******* ХХК-д хөлсөөр ажилласан, Уул уурхайн үндэсний олборлогч ХХК-аас Ажил гүйцэтгэх гэрээний дагуу******* ХХК-д гүйцэтгэсэн ажлын хөлсөнд өгсөн 92,812,500 төгрөгийн 50 хувь болох 46,406,250 төгрөгөөс Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 10 хувь 9,281,250 төгрөг, Нэмэгдсэн өртгийн албан татварын 10 хувь 8,353,125 төгрөгт ногдох 50%, нэхэмжлэгчид шилжүүлсэн 19,683,000 төгрөгийг тус тус хасч, үлдэх 17,906,063 төгрөгийг хариуцагч******* ХХК-аас гаргуулахаар, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг болон хариуцагч*******д холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн хувьд зохигчийн хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, зээлдэгч автомашин худалдаж авахаар зээлсэн 8,000,000 төгрөгийг зээлдүүлэгчид буцаан төлсөн үйл баримт тогтоогдоогүй гэх үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

 

9. Давж заалдах шатны шүүх хариуцагч******* ХХК, нэхэмжлэгч ******* нарын хооронд хамтран ажиллах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, гэрээний дагуу олсон ашгаа хуваарилах хураамжийн хэмжээ тодорхой бус тул тэнцүү хэмжээгээр ашгийг хуваана гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 478 дугаар зүйлийн 478.8, 477 дугаар зүйлийн 477.1 дэх заалтад нийцжээ.

 

Улмаар ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт ажил олгогчоос шилжүүлсэн ажлын хөлс 92,812,500 төгрөгийн 50% болох 46,406,250 төгрөгөөс ААНОАТ болон НӨАТ-д ногдох татвар, хариуцагч******* ХХК-аас нэхэмжлэгчийн эхнэр О.Шинэцэцэгийн дансанд шилжүүлсэн 10,000,000 төгрөгийг тус тус хасч үлдэх 27,589,063 төгрөгийг хариуцагч******* ХХК-аас гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэж,

 

хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн хувьд зээлсэн 8,000,000 төгрөгийн 4,000,000 төгрөгийг хамтран эзэмшдэг 320Д маркийн экскаваторын орлогоос суутгасан нь хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгээр нотлогдсон гэж дүгнэн, үлдэх 4,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар тус тус шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

 

10. Хариуцагчийн гаргасан гомдлыг доорх үндэслэлээр хангахгүй орхино.

 

10.1. Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ гэж Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 476 дугаар зүйлийн 476.1-д тус тус зохицуулсан.

 

Уул уурхайн үндэсний олборлогч ХХК нь ажил гүйцэтгэх гэрээг хуулийн этгээдтэй байгуулах шаардлага тавьсныг үндэслэн*******гийн эзэмшдэг******* ХХК-ийн нэрээр гэрээ байгуулсан, нэхэмжлэгч *******, хариуцагч******* нар нь хамтдаа уурхайн тоног төхөөрөмжид засвар үйлчилгээ хийх, ажлын хөлсийг тэнцүү хувааж авахаар тохирсон тул талуудын хооронд хамтран ажиллах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв.

 

Иймд талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн байхад давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэх гомдол үндэслэлгүй.

 

10.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ.

 

2017.10.27-ны өдрөөс 2017.11.24-ний хооронд нэхэмжлэгчийн эхнэр О.Шинэцэцэгийн дансанд шилжүүлсэн 9,683,000 төгрөг нь 320Д маркийн экскаваторыг түрээсэлсэн орлого болох талаар хариуцагч******* эрүүгийн хэрэгт гэрчээр мэдүүлсэн бөгөөд цагдаад мэдүүлэг өгөхдөө дарамт, шахалтад байсан талаарх баримт хэрэгт авагдаагүй тул дээрх 9,683,000 төгрөгийг ажлын хөлсөнд олгосон гэх тайлбараа хариуцагч нотлоогүй гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн байна.

 

Иймд нотлох баримтыг үнэлэх хуульд заасан журмыг зөрчсөн талаарх хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

 

11. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

 

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн хууль хэрэглээний болон нотлох баримтыг үндэслэл бүхий үнэлээгүй алдааг залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулахдаа хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн байх тул магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хяналтын журмаар гаргасан хариуцагч******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 1039 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхбуянгийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч******* ХХК-аас 2020.06.11-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 295,896 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА

 

Д.ЦОЛМОН

 

Х.ЭРДЭНЭСУВД