Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2020/00690

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч- М.Т - ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч- Б.П

хариуцагч- “М” ХХК нарт холбогдох,

тоног төхөөрөмж, техникийн засвар үйлчилгээний ажил хийж гүйцэтгэсэн ажлын хөлсөнд 46.406.250 төгрөг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй,

автомашин худалдан авахаар зээлсэн 8.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн “М” ХХК-ний сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Т, түүний өмгөөлөгч Г.У, хариуцагч Б.П, түүний өмгөөлөгч Ц.А , гэрч О.Ш, нарийн бичгийн дарга Ц.Г нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2005-2017 оны хооронд “В” ХХК-д ажиллаж байгаад ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, улмаар мэдлэг, туршлагаа ашиглан хувийн бизнес хийхээр болсон. 2017 оны 09 дүгээр сард надтай хамт “В” ХХК-д ажиллаж байсан найз А над руу утсаар холбогдож “У” ХХК нь “С”-ын уул уурхайн техник ихтэй, гэвч түүний засвар үйлчилгээг хийхэд мэргэжлийн хүмүүс дутмаг байгаа тул хэвийн үйл ажиллагаагаа явуулах үүднээс тоног төхөөрөмж, техникийн засварыг хийх боломжтой этгээдтэй гэрээ хийхээр байгаа талаар надад хэлсэн. Би угаасаа “В” ХХК-д ажиллаж байхдаа “С”-ын уул уурхайн техникийн талаар, түүний засвар үйлчилгээг гардан хийдэг байсан тул энэ саналыг хүлээн авч, н.А намайг тус компанитай холбож өгсөн тул “У” ХХК дээр очиж уулзаад гэрээ байгуулах болоход тухайн компани хувь хүнтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулах боломжгүй, хуулийн этгээд байх хэрэгтэй гэсэн нөхцөл тавьсан. Гэрээ байгуулах санал болон нөхцөл нь надад их боломжийн санагдаж байсан боловч заавал хуулийн этгээд гэсэн шаардлага тавьсан тул “В” ХХК-д хамт ажилллаж байсан, дундын хөрөнгө болох ****УБ улсын дугаартай САТ-320 маркийн РАЮ*** сериалтай эксковаторыг худалдан авахад тодорхой хэмжээний мөнгийг нийлүүлсэн Б.П-тэй уулзаж “У” ХХК-тай холбоотой ажлын саналын талаар ярилцсан. Б.П “М” ХХК байгаа хоёулаа компанийн нэр дээр уг гэрээг байгуулаад хамтраад ажиллая, харин компаниас төлөх ажлын хөлсийг тэнцүү хувааж авахаар харилцан тохирсон юм.

Ингээд 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр МКЮ-2017/** дугаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан ба гэрээнд заасны дагуу 3 сар гаруй хугацааны туршид миний бие Б.П-гийн хамт “У” ХХК-ийн Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт байрлах алтны уурхайд очиж ажиллаж байсан, тэнд үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн “С”-ын техникуудын хэвийн үйл ажиллагааг хангаж, засвар үйлчилгээг цаг алдалгүй би гардан хийсэн. Би уг ажлыг анх олж Б.П-д санал тавьсан, түүнтэй хамт ажиллаж байсны хувьд итгэж бичгээр ямар нэгэн гэрээ байгуулаагүй бөгөөд 3 сар гаруй хугацаанд цагийн хуваарийн дагуу ажил үүргээ хариуцлагатайгаар биечлэн хийж дуусгасан боловч тухайн ажлын хөлсөнд ямар ч төлбөр аваагүй. Б.П-тэй төлбөрийн талаар ярилцахад “мөнгө орж ирээгүй байна“ гэсэн тайлбарыг хэлж байсан.

Гэтэл “У” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийг бүрэн төлж дуусгасан төдийгүй ажлын хөлсөнд нийт 92.812.500 төгрөгийг “М” ХХК-ийн дансаар шилжүүлж өгсөн болохыг мэдсэн. Энэ гэрээг 6 сарын хугацаатай байгуулсан боловч 3 сар гаруй хугацаанд ажилласны дараагаар би Б.П-тэй хамтарч ажиллахаа болихоор шийдсэн. Б.П нь уг ажлыг цаашид ганцаараа хийж гүйцэтгэхээр болоход “У” ХХК-иас 1 хүн ажиллах тохиолдолд төлбөрийн 50 хувийг хасах тухай саналыг Б.П зөвшөөрөөгүй тул гэрээ цуцлагдсан. Би Б.П ЭМНО-оос мөнгө орж ирсэн үү хоёулаа тооцоо хийе гэж асуухад тал нь орж ирсэн, гүйцэд орж ирэхээр тооцоо хийе гэж хэлсэн. Дараа нь би Уул уурхайн олборлогч компанитай очиж уулзахад танай мөнгийг өгчихсөн гэж хэлсэн. Миний хувьд гэрээнийхээ дагуу Уул уурхайн олборлогч компаниас М системийн дансаар орж ирсэн 92.812.500 төгрөгийн 50 хувь болох 46.406.250 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэгч надаас огт мөнгө аваагүй гэж байгаа нь дансны хуулгаар үгүйсгэгдэнэ. Монголын үндэсний уул уурхайн олборлогч компанитай гэрээ хийгээд бид хамтарч ажилласан. Гэрээний хамгийн гол шаардлага нь засварчидаа сургая гэсэн үүднээс гэрээнд сургалт гэсэн заалт оруулсан. Би сургалтынхаа дагуу хичээл заасан. М.Т-ийн хувьд энэ сургалтыг нэг ч удаа заагаагүй, гэрээнийхээ үүргийг биелүүлээгүй. Удирдах байгууллагаас шаардлагын дагуу чадлаараа ажилласан боловч гэрээний үүрэг гүйцэтгэж байгаа хоёр хүний нэг нь шаардлага хангахгүй, хичээлээ зааж өгөхгүй байна гэсэн үүднээс засварчид нь удирдлагад гомдол гаргаад гэрээ цуцлагдсан. Энэ талаар уг компаниас гэрээг цуцалсан гэсэн ямар ч бичиг өгөөгүй. М.Т-ийг ажлаас гарахтай зэрэгцээд намайг ямар ч шалтгаангүйгээр ажиллуулахыг зогсоосон. М.Т-ийн яриад байгаа 92.000.000 төгрөгийг 50, 50 хувь болж хуваагдах боломжгүй. Учир нь энэ мөнгөнөөс нэмүү өртгийн албан татвар, компаний орлогын албан татвар хасагдах ёстой. Мөн нэхэмжлэгч бид хоёр ажил, үйлчилгээ хийж байх үед тоног төхөөрөмжинд хийгдсэн засвар үйлчилгээний зардал, шатахуун сэлбэг, томилолтын зардал, хоол хүнс, буудлын зардал зэрэг зардлууд хасагдах ёстой. Нэхэмлэгч бид хоёрын дундаа авсан экскаваторын эвдрэл, гэмтлийн засварын мөнгийг олсон ашигнаас гаргаж  зассан. Энэ мөнгө бас хасагдах ёстой. Орж ирсэн мөнгөний цэвэр ашиг хуваагдах ёстой. Энэ ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой төлөх төлбөр байхгүй гэв.

 

Хариуцагч “М” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Бид Монголын үндэсний У компанитай гэрээ хийхээс өмнө хамтарч олон ажил хийж байсан. Урьд нь бензин машин уурхайд тохирохгүй байсан учир дизель машин авья гэж ярилцаж байсан болохоор нэг машин авахаар үзсэн ч муу машин байгаад больсон. Гэтэл М.Т маргааш нь над руу залгаж би энэ машиныг авахаар боллоо, чи 8.000.000 төгрөг зээлээч гээд н.Д гэдэг хүний данс руу уг мөнгийг шилжүүлүүлсэн. Зээлсэн энэ мөнгийг Т нь хамтарч ажиллаж өөрийн ажлын хөлснөөсөө 1-2 сарын хугацаанд суутгуулж төлөхөөр ярьж тохирсон. Гэвч энэ яриа тохиролцоонд хүрээгүй тул 8 сая төгрөгийг Т-с гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан тайлбартаа: 8.000.000 төгрөгийг зээлсэн нь үнэн, энэ үйл явдал 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдөр болсон. Уг машиныг ажилдаа явахдаа унаж хэрэглэдэг байсан, 8.000.000 төгрөгийг 2 хувааж төлье гэж амаар тохирсон боловч бидний бусдад түрээслэн ашиг олдог кат 3-20д экскаваторын түрээсийн орлогоос суутгаад авсан. Энэ 8.000.000 төгрөг миний нэхэмжилж байгаа мөнгөнөөс хасагдахгүй гэв.

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.Т нь хариуцагч Б.П, “М” ХХК нарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлсөнд 46.406.250 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргасан /хх-1-3/ бөгөөд хариуцагч “М” ХХК нь нэхэмжлэгчид холбогдуулан автомашин худалдан авахаар зээлсэн 8.000.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг /хх-73/ тус тус гаргасан.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...У ХХК-тай тоног төхөөрөмж, техникийн засварыг хийж гүйцэтгэх ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, В-т хамт ажилллаж байсан, дундаа ****УБ улсын дугаартай, САТ-320 маркийн РАЮ*** сериалтай эксковаторыг худалдан авахад тодорхой хэмжээний мөнгийг нийлүүлсэн Б.П-ийн “М” ХХК-иар гэрээ байгуулж ажлын хөлсөнд нийт 92.812.500 төгрөгийг “М” ХХК-ийн дансаар шилжүүлсэн байх боловч надад ажлын хөлс өгөөгүй тул ажил гүйцэтгэсэн компаниас хариуцагч “М” ХХК-ийн дансаар орж ирсэн ажлын хөлсний 50 хувийг авах...” гэх тайлбар гаргасныг

хариуцагч “М” ХХК-ийн захирал, хариуцагч Б.П нэхэмжлэгч надаас мөнгө авч байсан нь түүний эхнэр Ш-ийн дансны хуулгаар нотлогдоно, бид монголын үндэсний уул уурхайн олборлогч компанитай гэрээ байгуулж хамтарч ажилласан. Т-ийг ажлаас гарахтай зэрэгцээд намайг ямар ч шалтгаангүйгээр ажиллуулахыг зогсоосон. Ажлын хөлсөнд орж ирсэн 92 сая төгрөгийг 50, 50 хувиар хуваагдах боломжгүй. Учир нь энэ мөнгөнөөс нэмүү өртгийн албан татвар, компаний орлогын албан татвар хасагдах ёстой. Мөн биднийг энэ компанид очиж ажил, үйлчилгээ хийхэд гарсан тоног төхөөрөмжинд хийгдсэн засвар үйлчилгээний зардал, шатахуун сэлбэг, томилолтын зардал, хоол хүнс, буудлын зардалууд хасагдах ёстой. Бид хоёрын дундаа авсан эксковаторын эвдрэл, гэмтлийн засварын мөнгийг олсон ашигнаас гаргаж  зассан тул энэ зардал хасагдах ёстой тул ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой төлөх төлбөр байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж татгалзсан тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 

“У” ХХК-тай “М” ХХК нь 2017-09-15-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээнд гүйцэтгэгч талыг төлөөлөн “М” ХХК-ийн захирал Б.П гарын үсэг зурсан /хх-5-9/ байх бөгөөд гүйцэтгэсэн ажлын тайлангаар дээрх компанид нэхэмжлэгч болон хариуцагч нар 2017-09-23-ны өдрөөс 2017-09-26-ны өдрийн 20 цаг хүртэл ажилласан /хх-185-186/,

мөн 2017-11-07-2017-11-10, 2017-11-12-2017-11-15, 2017-11-21-2017-11-23, 2017-11-28-2017-12-01-ний өдрүүдэд ажилласан /хх-187-192/, 2017-12-04-2017-12-06, 2017-12-11-2017-12-15, 2017-12-25-2017-12-28-ны өдрүүдэд ажилласан /хх-193-196/ үйл баримтын талаар маргаагүй.

 

Дээрх ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт захиалагч талаас 2017-10-17-ны өдрөөс 2018-03-02-ны өдрийг хүртэлх хугацаанд ажлын хөлсөнд нийт 92.812.500 төгрөгийг хариуцагч “М” ХХК-д шилжүүлсэн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Уул уурхайн үндэсний олборлогч ХХК-ийн гаргасан гүйлгээний хуулга /хх-15/, MNO уул уурхайн үндэсний олборлогч ХХК-ийн 2019-09-19-ний өдрийн 05/166 дугаартай албан бичгийн хуулбар /хх-14/ болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгч М.Т, хариуцагч иргэн Б.П нар дундаа ****УБ улсын дугаартай, САТ-320 маркийн РАЮ*** сериалтай эксковаторыг худалдан авч, түүнийг бусдад сарын 20.000.000 төгрөгөөр түрээслэн ашиг олдог үйл ажиллагааг хамтарч явуулдаг талаар зохигч тайлбарлаж, уг техникийн түрээсийн төлбөр, хариуцагч Б.П-ийн дансаар орж, ашгаас надад шилжүүлсэн мөнгийг уул уурхайн үндэсний олборлогч компанид гүйцэтгэсэн ажлын хөлснөөс тусдаа тооцогдоно гэж нэхэмжлэгч тайлбарласан.

 

Мөн нэхэмжлэгч М.Т өөрийн данс байгаагүй тул ажлын хөлс болон кат-320 техникийн түрээсийн төлбөрийн ашиг зэргийг эхнэр О.Ш-ийн дансаар дамжуулан авдаг байсан гэж тайлбарлаж, кат-320 гэх техникийн түрээсийн төлбөрийн талаар шаардлага гаргаагүй болно.

 

Зохигчид “У” ХХК-тай 2017-09-15-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан бөгөөд гүйцэтгэсэн ажлын хөлс 2017-10-17-ны өдрөөс 2018-03-02-ны өдрийг хүртэлх хугацаанд хариуцагч “М” ХХК-ийн дансанд шилжсэн,

Хаан банкны 5029092620 дугаартай дансыг нэхэмжлэгч М.Т-ийн эхнэр буюу шүүх хуралдаанд оролцсон гэрч О.Шинэцэцэг өөрийн данс мөн гэдгийг зөвшөөрсөн тайлбар, мэдүүлэг өгсөн ба энэ дансанд хариуцагчаас

2017-10-27-ны өдөр 1.000.000 төгрөгийг шилжүүлэг гэж /1-р хх-47/,

2017-10-29-ний өдөр 4.683.000 төгрөгийг ногдол зарлага гэж /1-р хх-47/,

2017-11-24-ний 4.000.000 төгрөгийг П-с гэж /1-р хх-49/,

2017-12-17-нд 10.000.000 төгрөгийг п-с гэж /1-р хх-48/ тус тус шилжүүлсэн нийт дүн 19.683.000 төгрөг байна.

 

Харин нэхэмжлэгч ****УБ улсын дугаартай, САТ-320 маркийн РАЮ*** сериалтай эксковаторыг хамтран худалдан авсан, 2017-06-15-ны өдрөөс бусдад сарын 20.000.000 төгрөгөөр түрээслэн ашиг олдог, уг техник улирлын чанартай ажилладаг талаарх тайлбарыг гаргаж, хэрэгт авагдсан ***УБ дугаартай техникийн тээврийн хэрэгслийн гэрчилгээнд өмчлөгчийг М ХХК гэж бүртгэсэн байх боловч уг баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичгийн нотлох баримтын шаардлага хангаагүй баримт байна /хх-19/.

 

Уг техникийн түрээсийн төлбөрөөс нэхэмжлэгч М.Т-д мөн эхнэр О.Ш-ийн дансаар шилжүүлж байсан, цаашид хамтарч ажиллахгүй гэх саналыг хариуцагч Б.П-д нэхэмжлэгч гаргаснаар 2018-01-02-ны өдрөөс кат-320 техникийн түрээсийн ажилд оролцоогүй гэх тайлбарыг гаргасан тул зохигчид кат-320 эксковаторыг бусдад түрээслэн ажилласан хугацаа нь 2017-06-15-ны өдрөөс 2018-01-02-ны өдрийг хүртэл, энэ хугацаанд О.Ш-ийн дансанд

2018-01-04-ний өдөр “М” ХХК-иас 20.000.000 төгрөгийг 320d буцаалт гэж /1-р хх-222/,

2018-08-27-нд 2.500.000 төгрөгийг 320d орлого, п-с гэж /1-р хх-223/,

2017-08-24-нд 2.000.000 төгрөгийг түрээс, засвар орлого т гэж /1-р хх-248/,

2017-09-18-нд 2.000.000 төгрөг, т ашиг гэж /2-р хх-9/,

2017-09-19-нд 2.307.953 төгрөг T гэж /2-р хх-9/ тус тус шилжүүлсэн нийт дүн 28.807.953 төгрөг байна.

 

Тиймээс зохигчийн уул уурхайн үндэсний олборлогч компанид гэрээгээр гүйцэтгэсэн ажлын хугацаа 2017-09-15-ны 2017-12-27-ны өдрийг хүртэлх,

хамтарч кат 320 гэх эксковаторыг бусдад түрээслэн ашиг авсан нь 2017-06-15-ны өдрөөс 2018-01-02-ны өдрийг хүртэлх хугацаа байх бөгөөд энэ хугацаанд уул уурхайн үндэсний олборлогч компанид зохигчид ажил гүйцэтгэсэн, гүйцэтгэсэн ажлын хөлсийг хариуцагч Б.П болон “М” ХХК-иас нэхэмжлэгч М.Т-ийн эхнэрийн дансанд 19.683.000 төгрөгийг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан дансны хуулгаар нотлогдож байна.

 

Харин Х.Б гэх иргэний данснаас нэхэмжлэгчийн эхнэрийн дансанд мөнгө шилжүүлсэн байх бөгөөд Х.Б нь хариуцагч Б.П-ийн эхнэр гэх тайлбарыг нэхэмжлэгч тал үгүйсгэж, няцаагаагүй болно.

 

Нэхэмжлэгч М.Т нь хариуцагч “М” ХХК-д хөлсөөр болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаагүй болохыг зохигч тайлбарлаж, тэдгээрийн гуравдагч этгээдэд гүйцэтгэсэн ажлын хөлсийг адил тэнцүү хуваан авахаар тохирсон гэх нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэлийн хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч тал уул уурхайн үндэсний олборлогч компанид ажил гүйцэтгэх гэрээний дагуу хамтарч ажилласан талаар тайлбарлаж байх боловч хариуцагч М ХХК нь уул уурхайн үндэсний олборлогч ХХК-нд гэрээгээр ажил гүйцэтгэх үүрэг хүлээсэн гэрээний тал бөгөөд нэхэмжлэгч М.Т, хариуцагч Б.П нар нь ажил гүйцэтгэгч компаний ажилтаны хувиар ажил гүйцэтгэсэн байна.

 

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д “хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ” гэж заасан ба хамтран ажиллах гэрээгээр талууд ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээдэг.

 

Гэтэл зохигчид ажил гүйцэтгэх гэрээгээр бусдын өмнө ажил үүрэг гүйцэтгэсний төлөө цалин хөлс авсан, ажлын хөлсөө хариуцагч “М” ХХК-ийн дансаар авсан болох нь хэрэгт авагдсан тус компани дансны хуулга баримтаар нотлогдсон бөгөөд аж ахуйн нэгжийн дансаар орсон мөнгөнд ААНОАТ, НӨАТ төлсөн талаар хариуцагч тайлбарлаж, нэхэмжлэгч уг татварыг хасаж тооцохыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.

 

Хамтран ажиллаж байгаа этгээдүүдийн гол зорилго нь тодорхой үйл ажиллагааны үр дүнд зохих хэмжээний ашиг олох явдал байдаг боловч зохигчид ажил гүйцэтгэх гэрээгээр бусдад ажил үүрэг гүйцэтгэж ажлын хөлсийг хуулийн этгээдийн дансаар авсан, захиалагч тал хуулийн этгээдтэй гэрээ байгуулах шаардлага тавьсанаар хариуцагч “М” ХХК-иар гэрээ байгуулсан болохыг нэхэмжлэгч тайлбарлаж, ажлын хөлснөөс ААНОАТатварт 10 хувь, НӨАТатварт 10 хувийг тус тус хасаж тооцохыг нэхэмжлэгч зөвшөөрсөн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” боловч нэхэмжлэгч хэнээс, ямар үндэслэлээр, юуг шаардахаа өөрөө тодорхойлох эрхтэй тул нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой байх учиртай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.4-т нэхэмжлэлийн бүрдүүлбэрт нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг нэхэмжлэгч нэхэмжлэлдээ тодорхой тусгасан байхыг шаарддаг нь шүүх хөндлөнгийн байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчимтай холбоотой бөгөөд нэхэмжлэгчийн хүсээгүй зүйлийг шүүх шийдвэрлэх эрх хэмжээ хуулиар байхгүй юм.

 

Шүүх нэхэмжлэлийн үндэслэл гэдэгт нэхэмжлэгчийн шүүхэд хандах болсон бодит нөхцөл ба түүний шаардлага ямар учир шалтгаантай болохыг нэхэмжлэгчийн зүгээс тодорхойлсон байдаг тул нэхэмжлэлийн шаардлага нь тухайн үндэслэлд тулгуурлан нэхэмжлэгч шүүхээс юу хүсэж байгааг илэрхийлдэг тул нэхэмжлэлд нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг нотлох баримтын талаар тусгасан байхыг шаардахаас заавал хавсаргаж ирүүлэхийг шүүх шаардахгүй. Учир нь хэргийн оролцогчидод нотлох баримтыг цуглуулах, бүрдүүлэхийн тулд хуулиар хугацаа тогтоогдсон бөгөөд уг хугацааны дотор буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоногийн дотор хэрэг маргааныг шийдвэрлэх журамтай.

 

Зохигчийн уул уурхайн үндэсний олборлогч компанитай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэх ажлыг гэрээний 2.3-т захиалагчийн үндсэн үйл ажиллагаа явуулж буй төслийн талбай гэж заасан байх бөгөөд гүйцэтгэсэн ажлын тайлангаар Б төслийн уурхай гэж заасан газар нь Төв аймгийн Заамарт очиж ажилласан талаар зохигчид тайлбарласан. Мөн ажил гүйцэтгэх гэрээний 7.1.3-т захиалагч ажлын хөлсийг гэрээнд заасан хугацаанд төлөх ба гүйцэтгэгчийн техникчийн ХАБЭА-г хангасан амралтын байр, хоол, угаалгын үйлчилгээгээр хангах бөгөөд эдгээртэй холбогдон гарах зардлыг захиалагч хариуцахаар гэрээний талууд тохирсон байна /1-р хх-7/.

 

Тиймээс Улаанбаатар хотоос Төв аймгийн Заамар хүртэлх хугацаанд ажил гүйцэтгэхээр явахдаа шатахуун болон замдаа идэх хүнс, уух зүйлсийг авдаг, уг мөнгийг хариуцагч Б.П гаргаж байсныг нэхэмжлэгч үгүйсгэж, няцаагаагүй боловч уг зардлыг би хариуцахгүй, миний ажлын хөлснөөс хасагдахгүй гэж тайлбарласан.

 

Хэргийн 1-р хавтасны 185-196 дугаар хуудсанд авагдсан ажлын тайлангийн хугацаанд нэхэмжлэгч Төв аймгийн Заамар гэх газарт очиж ажил үүрэг гүйцэтгэсэн үйл баримтыг үгүйсгээгүй тул энэ хугацаанд гарсан зардлаас

2017-11-11-ний өдрийн хүнс 45.530:2=22.765 төгрөг /1-р хх-91/,

2017-11-21-ний өдрийн шатахуун 40.000:2=20.000 төгрөг /1-р хх-103/, хүнс 23.510:2=11.755 төгрөг /1-р хх-104/,

2017-11-27-ний өдрийн шатахуун 40.000:2=20.000 төгрөг, хүнс 19.360:2=9680 төгрөг /1-р хх-100, 101/,

2017-12-11-ний өдрийн хүнс 15.160:2=7580 төгрөг /1-р хх-82/,

2017-12-04-ний өдрийн шатахуун 40.000:2=20.000 төгрөг, хүнс 17.260:2=8630 төгрөг /1-р хх-94-95/,

2017-12-25-ний өдрийн хүнс 7560:2=3780 төгрөг /1-р хх-169/ гээд нийт  124.190 төгрөгийн зардлыг нэхэмжлэгч хариуцах үндэслэлтэй байх бөгөөд бусад баримтуудын огноо харагдахгүй, хятад хэл дээр бичигдсэн, иеэн сольсон талаарх, ажил гүйцэтгэхээр Төв аймгийн Заамар гэх газар руу яваагүй цаг хугацааны баримтууд нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй бөгөөд зохигчийн 10-р сард ажилласан ажлын тайланг талууд нотлох баримтаар гаргаагүй тул тухайн сард хэдэн удаа явсан талаар буюу түлш, хүнсний зардлыг тооцох боломжгүй байна.

 

Зохигчдын тайлбар өөрөө нотлох баримт болох хэдий ч нэг талын гаргасан тайлбарыг нөгөө тал үгүйсгэж байгаа тохиолдолд талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар ...нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, хариуцагч татгалзлаа нотлосон баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй тул нэхэмжлэгч дээрх гарсан зардлыг хэрэглээгүй, хариуцахгүй гэх үндэслэл тайлбараа нотлоогүй болно.

 

Ажлын хөлс болох 92.812.500 төгрөгөөс ААНОАТатварын 10 хувь нь 9.281.250 төгрөгийн тал хувь нь 4.640.625 төгрөг, үлдсэн 83.531.250 төгрөгөөс НӨАТатварын 10 хувь нь 8.353.125 төгрөгийн тал хувь нь 4.176.562 төгрөг байх тул нэхэмжлэгчийн дансаар шилжүүлж авсан 19.683.000 төгрөгийг хасаж тооцоход 92.812.500:2=46.406.250-4.640.625-4.176.562-19.683.000 = 17.906.063 төгрөгийг нэхэмжлэгч М.Т гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл төлбөрт шаардах эрхтэй байна.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд

 

Зохигчид “У” ХХК-д ажил үүрэг гүйцэтгэж байхдаа автомашин авахаар ярилцсан боловч 77-75 дугаартай автомашиныг нэхэмжлэгч М.Т хувьдаа авахаар санал гаргаснаар хариуцагч “М” ХХК-иас 8.000.000 төгрөгийг зээлж авсан үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

 

Харин уг зээлсэн 8.000.000 төгрөгийг зохигчийн бусдад хамтран түрээслэдэг кат-320 эксковаторын түрээсийн ашгаас төлсөн гэх, уг эксковатор нь бусдад түрээслэгдсэн, сар бүр түрээсийн төлбөр авсан гэх, хариуцагч “М” ХХК нь түрээсийн төлбөрөөс дээрх 8.000.000 төгрөгийг суутган авсан гэх байдал хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгч М.Т нь кат-320 эксковаторын түрээсийн төлбөртэй холбогдуулан шаардлага гараагүй, бусдад ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлс хариуцагч “М” ХХК-ийн дансанд орсон боловч ажлын хөлсөө аваагүй гэх шаардлага гаргасан тул автомашин худалдан авах зорилгоор хариуцагч “М” ХХК-иас зээлсэн 8.000.000 төгрөгийг буцаан төлсөн гэх байдал хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.

 

Тиймээс Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ гэж, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.8-д талууд гол нөхцлийн хувьд өөрийн хүсэл зоригоо бодит үйлдлээр илэрхийлж хэлцэл хийж болох бөгөөд нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг хийгдсэн гэж үзэхээр Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т заасан тул талуудын хооронд зээлийн гэрээний талаар бичгээр тохиролцоогүй боловч нэхэмжлэгч М.Т автомашин худалдан авах зорилгоор 8.000.000 төгрөгийг зээлж авсан үйл баримтад маргаагүй.  

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д “үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж заасан ба талуудын хооронд Иргэний хуулийн 186 дугаар зүйлд заасан үүргийн харилцаа үүссэн, нэхэмжлэгч М.Т нь амаар тохирсон зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй болох нь дээр дурдсан үндэслэлүүдээр тогтоогдож байх тул хариуцагч “М” ХХК нь 8.000.000 төгрөгийг шаардах эрхтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.6-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргадаг тул хариуцагч “М” ХХК-иас ажлын хөлсний үлдэгдэл төлбөрт 17.781.872 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Түвшинтөгсөд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 28.624.378 төгрөгийн шаардлагыг, хариуцагч Б.П-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч М.Т-с зээлсэн 8.000.000 төгрөгийг гаргуулж хариуцагч “М” ХХК-д олгох үндэслэлтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 390.000 төгрөг, хариуцагч “М” ХХК-иас төлсөн 142.950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж,

нэхэмжлэгчээс 142.950 төгрөгийг гаргуулж хариуцагч “М” ХХК-д олгож,

хариуцагч “М” ХХК-иас 246.859 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Т-д олгохоор шийдвэрлэв.

 

Дээрх хэргийг хянан хэлэлцэхээр шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдааныг нээж, ямар хэрэг хянан шийдвэрлэх гэж байгаа талаар зарлан мэдэгдэж, шүүх хуралдааны ирцийг шалгаснаар хуульд заасан журам, дэгийн дагуу хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдуулан гаргах хүсэлт, нотлох баримт байгаа эсэхийг асуухад хариуцагч талаас 84 хуудас баримтыг нотлох баримтаар гаргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-т зааснаар тухайн баримтыг шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай байдал тогтоогдохгүй байх боловч нэхэмжлэгч талаас нотлох баримтын шаардлага хангасан баримтыг авч танилцаад хуралдааныг үргэжлүүлэх санал гаргаснаар хариуцагчийн гаргасан баримтаас мөн хуулийн 44 дүгээр зүйлд заасан бичгийн нотлох баримтын шаардлага хангасан 44 хуудас баримтыг нотлох баримтаар авч, нотлох баримтын хэлбэрийн шаардлага хангаагүй буюу канондсон, орчуулагдаагүй, нотариатаар гэрчлэгдээгүй 40 хуудас баримтыг буцааж өгсөн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүх хуралдаанд оролцсон гэрч О.Ш нь нэхэмжлэгчийн эхнэр нь байх бөгөөд гэрчийн мэдүүлэг өгөхийг зөвшөөрч мэдүүлэхдээ нөхөн М.Т-ийн ажлын хөлс болон кат 320 техникийн түрээсийн төлбөр өөрийнх нь дансаар орж ирдэг, хаан банкны 5029092620 дугаарын данс эзэмшдэг болохыг, Б.П эхнэрийх нь шилжүүлсэн мөнгө зөвхөн энэ дансаар орж ирдэг, Б.П-г энэ машиныг аваач гээд санал тавихад Б.П таталзсан. Манай нөхөр энэ машиныг өөрт байсан приус маркын авто машиныг оролцуулаад үлдсэн 8000000 төгрөгийг Б.П-ээс гаргуулж байсан. Энэ 2 тохиролцохдоо хуваагаад 50, 50 нь хувиар ашиг нь дээрээсээ татаж авахаар тохиролцсон гэж нөхөр М.Т-с сонссон зүйлийн талаар мэдүүлэг өгсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан хариуцагч “М” ХХК-иас уул уурхайн үндэсний олборлогч компанид гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл төлбөрт 17.781.872 /арван долоон сая долоон зуун наян нэгэн мянга найман зуун далан хоёр/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Т-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 28.624.378 төгрөгийн шаардлага, хариуцагч Б.П-д холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.Т-с зээлийн гэрээний үүрэгт 8.000.000 /найман сая/ төгрөгийг гаргуулан хариуцагч “М” ХХК-д олгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаарзүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 390.000 төгрөг, хариуцагч “М” ХХК-иас төлсөн 142.950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж,

нэхэмжлэгчээс 142.950 /нэг зуун дөчин хоёр мянга есөн зуун тавин/ төгрөгийг гаргуулж хариуцагч “М” ХХК-д, хариуцагч “М” ХХК-иас 246.859 /хоёр зуун дөчин зургаан мянга найман зуун тавин есөн/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Т-д тус тус олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр авагдсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн захирамжийн үйлчлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөрмөгц дуусгавар болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                                       Д.ЯНЖИНДУЛАМ