Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвын Энхтайван |
Хэргийн индекс | 148/2020/00094/И |
Дугаар | 206 |
Огноо | 2020-03-06 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 206
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар баг, боргүвээ 1 дүгээр хэсэг гудамж, 177 тоотод оршин суух, Боржигон овогт Гансүхийн Од-Эрдэнэ /РД:МО93012505/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар баг, боргүвээ 1 дүгээр хэсэг, 177 тоотод оршин суух, Хээ овогт Батболдын Санжаасүрэн /РД:УБ92081219/ -нд холбогдох,
Гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд; нэхэмжлэгч Г.Од-Эрдэнэ, хариуцагч Б.Санжаасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Од-Эрдэнэ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
... миний бие 2010 онд танилцан улмаар 2012 оны 03 сарын 21-нд гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2012 оны 03 сарын 10-нд хүү Сүлд төрсөн. Бид зан харилцааны тохиромжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Бид 2014 оноос хойш тусдаа амьдарч байгаа тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хүү Сүлд одоо 7 настай ээж болох Од-Эрдэнэ миний бие асран хамгаалдаг. Нэхэмжлэлийн шаардлага Гэрлэлт цуцлуулах гэжээ.
Тэрээр шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ... Бид 2 зан харилцааны тааламжгүй байдлаас болж муудалцан салсан. Түүнээс хойш 5 жил харилцаагүй байсан. 2012 онд гэр бүл болсон. 2012 оны 3 сард манай хүүхэд төрсөн. Түүнээс хойш нэг жилийн дараа Б.Санжаасүрэн цэргийн алба хаах гэж явсан. Энэ хугацаанд би хадам аав ээж хоёртойгоо хороололд гэрт нь амьдардаг байсан. Б.Санжаасүрэн цэрэгт байхдаа надаар сар бүр утсандаа нэгж хийлгэн цэнэглүүлдэг. Тэгсэн атлаа надтай утсаар ярьдаггүй. Харин аав ээж рүүгээ байнга ярьдаг. Миний мэдээгүй зүйлүүдийг аав ээж нь мэддэг. Би ажил хийж өглөө 08 цагт гэрээс гараад, орой 23, 24 цагийн үед гэртээ харьдаг байсан. Гэтэл хадам аав намайг хардаж эхэлсэн. Намайг Б.Санжаасүрэн хажуу айлын архи уудаг эртэй чи уулздаг болсон байна, тэр хүний ар гэрийнх нь надтай ирж уулзлаа гэж ярьдаг байсан. Мөн манай найзууд руу утсаар яриад танай нөхөр цэргээс чөлөөгөөр гараад чам руу очихгүй, бид нарыг гаръя, уулзъя гэж хэлсэн байдаг. Манай найзууд Б.Санжаасүрэнгийн ааш араншин өөрчлөгдсөн байна гэж хэлж байсан. Ийм байдалтай байж байгаад би 2013 оны 02 дугаар сард өөрийн нагац эгчийнд очсон. Тэнд очоод удаагүй шинэ ажилд мэргэжлээрээ нягтлан бодогчоор орсон. Б.Санжаасүрэнг цэргээс халагдаж иртэл нь тэнд ажиллаж байсан. Халагдаж ирэхэд нь хоёулаа энд цуг амьдаръя гэж хэлэхэд Б.Санжаасүрэн эцэг эхээсээ хол амьдарч чадахгүй, аав ээжтэйгээ цуг амьдарна гэж хэлсэн. Ер нь Б.Санжаасүрэн өөрөө ч над дээр өөрийн хүслээр ирээгүй, Сэлэнгэ аймагт гэртээ очоод архи уугаад яваад байхаар нь өвөө нь чи эхнэр хүүхэд дээрээ оч гэж хэлээд явуулсан байдаг. Тэгээд Б.Санжаасүрэн өвөө оч гэж хэлэхээр нь ирлээ гэж хэлсэн. Гурван жилийн өмнө Б.Санжаасүрэн над руу залгахад нь би анхнаасаа хоёулаа хоёр тийшээ болж байгаа тул бичиг баримтаа салгуулаад цэгцэлье гэж хэлэхэд за гэж хэлээд алга болсон. Дараа нь манай ангийн хүүхэд рүү утасдаад Г.Од-Эрдэнэ гэдэг хүнтэй холбоо баримаар байна. Би эхнэр хүүхэдтэй болсон, бичиг баримтаа салгуулмаар байна гэж ярьсныг надад дамжуулж хэлсэн. Тэгээд өөртэй нь холбогдохоор холбогдож болдоггүй байсан. Хамт яваад асуудлаа шийдвэрлэе гэж тохироод би Сэлэнгэд ирэхэд Б.Санжаасүрэн олдохгүй байсан. Гэрлэлт цуцлуулах хүсэлтэй байна гэх.
Хариуцагч шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ... Бид хоёр Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд 2010 онд танилцсан. Ингээд 2012 онд гэр бүл болон, 2012 оны 03 дугаар сарын 10-ны өдөр дундаасаа хүүтэй болсон. 2012 оны 03 дугаар сарын 24-ний өдөр эхнэр хүүхэд хоёр эмнэлэгт байх хугацаанд нь би гэр бүлээ батлуулсан. 2013 оны 05 дугаар сард би хугацаат цэргийн албанд томилогдсон. 2014 оны 05 дугаар сард цэргээс халагдсан. Цэргийн албанд байх хугацаанд над дээр нэг ч удаа ирээгүй. Цэргээс халагдаж ирэхэд эхнэр хүүхэд хоёр гэрээсээ явсан байсан. Би Баруунхараа суманд эргэж очиход хүү маань 3 нас хүрч байсан. Би хадам аав ээж хоёроосоо хүүгээ авъя гэж гуйхад надад өгөөгүй. 2014 оны 02 дугаар сард Хил хамгаалах ерөнхий газрын харьяа 05 дугаар ангид алба хаасан. 2017 оны 05 дугаар сард өөрийн хүсэлтээр ажлаас гарсан. Одоо Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг Цайзын 3 дугаар гудамж, 409 тоотод түр оршин суудаг. 2013 оноос хойш жил бүр би ээлжийн амралтаараа хүүхэд дээрээ очдог байсан. Манай аав ээж хоёр Баруунхараа, Дархан-Уул аймгуудаар тухайн үед Г.Од-Эрдэнэ, хүү хоёрыг хайж явсан. Би цалингийн зээл аваад, машин аваад Г.Од-Эрдэнэ дээр очоод сайхан амьдаръя гэж хэлэхэд үгүй, эр хүнээс хол байя гэж хэлсэн. Би за тэгвэл тайван орхиё доо л гэж хэлсэн. Одоо гэрлэлтээ цуцлуулсан нь хэн хэндээ амар юм болов уу л гэж бодож байна гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, зохигчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судалж ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Г.Од-Эрдэнийн тус шүүхэд гаргасан ... Б.Санжаасүрэнгээс гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах хууль зүйн болон бодит үндэслэлтэй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд зохигчийн өгсөн ... гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч, маргаангүй гэх тайлбар, хавтаст хэргийн 1-6, 14, 18-20 дугаар талд авагдсан нэхэмжлэл, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа амжилтгүй болж дуусгавар болсон тухай тэмдэглэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар, сургууль болон өрхийн эмчийн тодорхойлолт, хүүхдийн санал авсан тайлбар зэргээр нотлогдож байхаас гадна нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй, зохигч хүүхдийн асрамж болон дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олговол зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.4, 132.5, 132.6 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4 дэх хэсэгт зааснаар Хээ овогт Батболдын Санжаасүрэн, Боржигон овогт Гансүхийн Од-Эрдэнэ нарын 2012 оны 03 дугаар сарын 21-ний өдөр гэр бүл болсныг мөн өдрийн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын Тамгын газрын иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 22 дугаарт бүртгэсэн гэрлэлтийн баталгаа бүхий гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэрлэгчид нь хүүхдийн асрамж болон дундын хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлагагүй гэснийг тус тус дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Санжаасүрэнгээс 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор хувийг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН