Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гүррагчаа Алтанчимэг |
Хэргийн индекс | 101/2019/03145/И |
Дугаар | 001/ХТ2022/00504 |
Огноо | 2022-04-21 |
Маргааны төрөл | Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулиар , |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 001/ХТ2022/00504
“ИИК” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2020/00917 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 1023 дугаар магадлалтай,
“ИИК” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Д.Ид холбогдох
Орон сууцны хууль хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, албадан нүүлгэх, олох ёстой байсан орлогод 5,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ундрах-Эрдэнийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ундрах-Эрдэнэ, хариуцагчийн өмгөөлөгч Б.Даваасүрэн, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “ИИК” ХХК нь хариуцагч Д.Ид холбогдуулан Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 50 дугаар байр, 13 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2204030052 дугаарт бүртгэгдсэн, 2 өрөө орон сууцны хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, албадан нүүлгэх, олох ёстой байсан орлогод 5,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй маргажээ.
2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2020/00917 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн106 дугаар зүйлийн 106.1, 493 дугаар зүйлийн 493.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “ИИК” ХХК-ийн хариуцагч Д.Ит холбогдуулан гаргасан Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 50 дугаар байр, 13 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2204030052 дугаарт бүртгэгдсэн, 2 өрөө орон сууцнаас албадан нүүлгэж, “ИИК” ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 165,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 1023 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2020/00917 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 165,150 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ундрах-Эрдэнэ хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч, нэхэмжлэгч “ИИК” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дараах хяналтын журмаар гомдлыг гаргаж байна. Дээрх шийдвэр, магадлалаар хариуцагч Д.Иыг нэхэмжлэгч “ИИК” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй БЗД, 4-р хороо, 15 дугаар хороолол, 50 дугаар байр, 13 тоотод орших 2 өрөө орон сууцнаас албадан нүүлгэж, үл хөдлөх хөрөнгийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, Д.Иоос 5 сая төгрөг гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
4.1. Тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь “ИИК” ХХК мөн болох тухайд: Г.Түмэнбаяр, Я.Бямбадорж нар нь тус ББСБ-тай 2014.11.13-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж 58 сая төгрөгийг 6 сарын хугацаатай, 4 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийн үүргийн гүйцэтгэлд зээлдэгч Г.Түмэнбаярийн өмчлөлд бүртгэлтэй БГД, 4 хороо, 15 дугаар хороолол, 50 дугаар байр, 13 тоотод орших 2 өрөө орон сууцыг барьцаалсан байдаг. Зээлийн гэрээний хугацаа дуусахад зээлдэгч зээлээ төлөөгүй бөгөөд, улмаар талууд шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлагчийн тусламжтай эвлэрлийн гэрээ байгуулсан байдаг. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015.11.16-ны өдрийн 36812 дугаартай захирамжаар талуудын байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулж, Эвлэрлийн гэрээнд зааснаар 68,289,250 төгрөгийн зээлийг зээлдэгч нар 2015.11.25-ны дотор төлж барагдуулахаар тохиролцсон байдаг. Гэвч зээлдэгч Г.Түмэнбаяр, Я.Бямбадорж нар нь 1,100,100 төгрөг төлж, үлдэгдэл 67,189,150 төгрөгийн зээлийг хугацаанд нь төлөөгүй тул шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж шүүхийн шийдвэр албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж эхэлсэн. Ингээд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Г.Түмэнбаяр нь 67,189,150 төгрөгийн зээлийн төлбөртөө тооцуулан өөрийн 100 хувийн өмчлөлд бүртгэлтэй БГД, 4 хороо, 15 дугаар хороолол, 50 дугаар байр. 13 тоотод орших 2 өрөө орон сууцыг “ИИК” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх хүсэлт гаргасны үндсэн дээр манай байгууллага төлбөртөө тооцон хүлээн авсан билээ. Ингээд зээлдэгч Г.Түмэнбаяр, Я.Бямбадорж нарт холбогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болон хаагдсан. “ИИК” ХХК нь тухайн хөрөнгийг Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн дагуу зээлийн төлбөртөө тооцуулан хүлээн авсан байдаг. Гэтэл анхан шатны шүүх өмчлөгчийн шаардах эрхийг үгүйсгэж шийдвэрлэсэнд гомдолтой байна.
4.2. Анхан болон давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн тухайд: Давж заалдах шатны шүүхийн магадлалд “...эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээг хуульд заасан журмын дагуу, эсхүл талууд тохиролцон дуусгавар болгосон гэх нөхцөл байдал тогтоогдсон тохиолдолд хариуцагчийг уг орон сууцны хууль бус эзэмшигч гэж үзнэ... Гэтэл хэрэгт авагдсан баримтаар Г.Түмэнбаяр, Д.И нарын хооронд гэрээ ямар хугацаатай байгуулагдсан, уг гэрээ цуцлагдсан эсэх, нэхэмжлэгчээс хариуцагчид уг гэрээг цуцлах мэдэгдэл өгсөн эсэх нь тогтоогдохгүй байна...” гэсэн нь үндэслэлгүй. Учир нь хариуцагч Д.И нь 2020.03.18-ны өдрийн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа 2017 оны 6 сараас эхлэн “ИИК” ХХК-ийн зүгээс түүнийг маргаан бүхий орон сууцнаас нүүхийг удаа дараа шаардаж эхэлсэн талаар тодорхой мэдүүлсэн байдаг. Энэ нь “ИИК” ХХК-ийн зүгээс түүнтэй ямар нэг гэрээний эрх зүйн харилцаа үүсгэлгүйгээр, нэн даруй орон сууцыг чөлөөлүүлэх хүсэл зоригоо илэрхийлж байсныг нотолж байгаа юм. “ИИК” ХХК нь 2017 оны 6 сараас эхлэн хариуцагч Д.Ит удаа дараа нүүх шаардлага тавьж байсан эсэх дээр хариуцагч Д.И болон нэхэмжлэгчийн хэн аль нь маргаагүй. Давж заалдах шатны шүүх нь Г.Түмэнбаяр, Д.И нарын хооронд эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээ амаар байгуулагдсан гэж дүгнэсэн атлаа “ИИК” ХХК-ийн зүгээс удаа дараа нүүх шаардлага амаар тавьж байсан нь зохигчдын тайлбараар тогтоогдож байхад огт үнэлсэнгүй, хэргийн зохигч нарт ижил тэгш хандаагүйд гомдолтой. Түүний зэрэгцээ хариуцагч Д.И тухайн орон сууцны өмнөх өмчлөгч Г.Түмэнбаяртай аливаа ямар нэг эрх зүйн харилцаанд орсон эсэх, ямар учир шалтгаанаар тухайн орон сууцанд оршин сууж байгаа талаар тайлбар өгч мэтгэлцээгүй. Хариуцагч нь өөрийн татгалзлаа илэрхийлэхдээ шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд өөрийг нь оролцуулаагүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бусаар явагдсан, өөрийгөө тухайн байрны өмчлөгч гэх мэт байдлаар тайлбар өгч мэтгэлцэж ирсэн байдаг. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын маргаагүй үйл баримтыг өөрөөр дүгнэж, хуулийг буруу хэрэглэж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
5. Нэхэмжлэгч “ИИК” ХХК нь хариуцагч Д.Ид холбогдуулан Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 50 дугаар байр, 13 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2204030052 дугаарт бүртгэгдсэн, 2 өрөө орон сууцны хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, албадан нүүлгэх, хохиролд 5,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “орон сууцны хамтран өмчлөгч, хууль бусаар өмчлөгчийг өөрчилсөн, өмчлөгч Г.Түмэнбаярыг Ц.Баттулга бусадтай нийлж залилж орон сууцыг барьцаанд тавиулсан, энэ хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа” гэж маргажээ.
6. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
7. Шийдвэр магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй тул тэдгээрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.
8. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэйг заажээ. Нэхэмжлэгч маргааны зүйл болсон орон сууцыг шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад буюу зээлийн гэрээний үүргийн төлбөрт тооцон авч, өмчлөх эрхийг 2016.12.13-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлснээр өмнөх өмчлөгч Г.Түмэнбаярын өмчлөх эрх дуусгавар болсон үйл баримт тогтоогджээ.
9. Харин уг орон сууцанд хариуцагч Д.И амьдарч байгаа гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг түүнд холбогдуулан гаргасан байх ба анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо “маргаан бүхий орон сууцыг хариуцагч 2003 оноос эхлэн эзэмшиж байгаа, хууль бусаар эзэмшилдээ шилжүүлсэн гэх нөхцөл тогтоогдохгүй, нэхэмжлэгч уг орон сууцыг өмчлөлдөө шилжүүлэн авсан талаараа, улмаар чөлөөлж өгөх тухай хугацаа олгож мэдэгдсэн нь баримтаар тогтоогдоогүй буюу ...нэхэмжлэлийг хангах үндэслэл бүрдээгүй” гэснээс гадна “энэ орон сууцыг барьцаанд тавихад Ц.Баттулга бусадтай бүлэглэн Г.Түмэнбаярыг хуурч мэхэлсэн гэх хэргийг цагдаагийн байгууллага шалгаж шийдвэрлэсний дараа нэхэмжлэгч “ИИК” ХХК нь Д.Ит холбогдуулан нэхэмжлэлээ дахин гаргахад саад болохгүй” гэсэн дүгнэлтийг хийсэн, давж заалдах шатны шүүх “хариуцагч Д.И нь өөрийн хүү Г.Түмэнбаярын өмчлөлд байсан орон сууцыг эзэмшсэн үйл баримтын талаар зохигч маргаагүй тул эд хөрөнгийг үнэ төлбөргүй ашиглах гэрээний үндсэн дээр эзэмшдэг гэж үзэх гэж үндэслэлтэй, орон сууцны өмчлөгч солигдсон тохиолдолд хөлслүүлэгчийн бүх эрх, үүрэг шинэ өмчлөгчид шилжсэн гэж үзнэ, эд хөрөнгийг үнэ төлбөргүй ашиглах гэрээг хуульд заасан журмын дагуу, эсхүл талууд тохиролцон дуусгавар болгосон гэх нөхцөл тогтоогдсон тохиолдолд хариуцагчийг уг орон сууцны хууль бус эзэмшигч гэж үзнэ, хэрэгт Г.Түмэнбаяр, Д.И нарын хооронд ямар хугацаатай гэрээ байгуулагдсан, уг гэрээ цуцлагдсан эсэх, нэхэмжлэгчээс хариуцагчид уг гэрээг цуцлах мэдэгдэл өгсөн эсэх нь тогтоогдохгүй байна.” гэсэн дүгнэлт хийжээ.
10. Дээрх байдлаар хоёр шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хэдий ч өөр өөр үндэслэлийг заасан ба шийдвэр, магадлалын дүгнэлтийг хуульд нийцсэн гэж үзэх боломжгүй байна.
10.1. Тухайлбал, хоёр шатны шүүх хариуцагчийн эзэмшлийг хууль бус гэж үзэхгүй талаар адил дүгнэлт хийсэн боловч, анхан шатны шүүх шийдвэртээ үндэслэлээ заагаагүй, давж заалдах шатны шүүх “өмнөх өмчлөгч Г.Түмэнбаяр болон Д.И нарын хооронд эд хөрөнгийг үнэ төлбөргүй ашиглах гэрээ байгуулагдсан” гэсэн нь зохигчийн маргааны зүйл болж анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй үйл баримт байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийг өмчлөгч Г.Түмэнбаярт бус зөвхөн Д.Ит холбогдуулж гаргасан үндэслэл тодорхой бусаас хариуцагчийн эзэмшил хууль бус эсхүл хууль ёсны гэж үзэх аль нь болох нь тодорхойгүй, шүүх үүнийг тодруулаагүй атлаа дээрх дүгнэлтийг хийсэн нь учир дутагдалтай, хариуцагчийн тайлбар, маргааны зүйлээс өөр болжээ.
Иймд, зохигчийн хооронд үүссэн маргааны зүйл түүний үндэслэлээс улбаалж эрх зүйн өөр өөр үр дагавар үүсэхийг хоёр шатны шүүх анхаараагүй гэж үзнэ.
10.2. Анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас маргааны зүйлд хамааралтай эрүүгийн хэрэг шалгагдаж байгаагаас энэ хэргийг хэрэгсэхгүй болгох тухай хүсэлт гаргасныг шүүх хангахаас татгалзсан атлаа шийдвэртээ эрүүгийн хэрэг шалгагдаж шийдвэрлэсний дараа энэ нэхэмжлэлийг дахин гаргах боломжтой гэсэн нь зөрчилтэй байх тул эрүүгийн хэрэг шалгаж байгаа нь энэ хэргийн маргааны зүйлд хамааралтай эсэхийг дахин тодруулах нь зөв.
11. Дээр дурдсанаар, хэргийн бодит байдал тодорхой бусаас хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзэв.
Дурдсан нөхцөл байдлыг тодруулсны эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 эсхүл 117 дугаар зүйлийн 117.1-д заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохихыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2020/00917 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 1023 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “ИИК” ХХК /итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ундрах-Эрдэнэ/-ийн 2020.06.09-ний өдөр 165,150 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Х.ЭРДЭНЭСУВД