Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 2020/ДШМ/12

 

 

 

 

 

Б.Сд холбогдох  

эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                          Даргалагч, шүүгч                          Б.Батзориг

                             Шүүгчид                                     Д.Буянжаргал

                                                                                 Г.Давааренчин                               

                                

                            Оролцогчид

                               Прокурор                                       Б.Энхтулга

                               Шүүгдэгч                                        Б.С

                               Шүүгдэгчийн  өмгөөлөгч            Л.Доржпүрэв

                                 Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцож, Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2019/ШЦТ/167 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлоор Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-гийн С-д холбогдох эрүүгийн 1832001830098 дугаартай, 1 хавтас эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч танилцаад, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1989 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг, Баянхангайн 224-Б тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл гүрэн, хэрэг хариуцах чадвартай, /МЮ:89011560/ Б овогт Б-гийн С

 

Холбогдсон хэргийн талаар: Б.С нь 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн хугацаанд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Хаан банкны Зүүнхараа салбарт ахлах теллерийн ажил үүргийг гүйцэтгэж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж 7905000 төгрөгийг завшсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Анхан  шатны  шүүх  Б.Сд  холбогдох  хэргийг  2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хянан хэлэлцээд 167 дугаартай шийтгэх тогтоолоор:

1. Шүүгдэгч Б овогт Б-гийн С-Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгөөс 7905000 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглаж завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Сг 10000 /арван мянга/ нэгж буюу 10000000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Сгын торгох ялыг 03 /гурав/ жил хүртэлх хугацаанд гучин зургаа хуваан хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих оолохыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Сгаас 7905000 /долоон сая есөн зуун таван мянга/ төгрөг гаргуулж Хаан банк Зүүнхараа салбарт /итгэмжлэгдсэн төлөөлөгч /РД:МЗ:81030808/ Хархүү овогт Лхагвасүрэнгийн Цасчимэг/-т олгосугай.

6. Б.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хилийн хориг тавигдаагүй зэргийг тус тус дурьдаж, Хаан банкны Зүүнхараа салбарын камерын бичлэг бүхий 1 ширхэг, туршилт хийх үеийн 2 ширхэг хуурцаг /СО/-ийг тухайн хэрэгт уг хэргийн ацаа дуустал хадгалахаар зохих баримт үйлдэж хэрэгт хавсаргахыг шүүгчийн злах Г.Мэндбаярт даалгасугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Сд авсан хувийн баталгаа :гах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй...” гээд, эрх бүхий этгээд давж заалдах гомлол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Шүүх аливаа хэргийг шийдвэрлэхдээ эргэлзээгүй, хөдөлбөргүй нотлох баримтан дээр үндэслэж гэм буруутай эсэхийг шийдвэрлэх хуультай билээ. Гэтэл хуулийн энэ заалтыг хэрэгжүүлэлгүйгээр зөвхөн ХААН банкны зарим ажилтнуудын баталгаагай биш мэдүүлгэн дээр үндэслэн Б.Сд шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байгаа юм. Шүүхийн нотлох баримт болгож шийтгэх тогтоолдоо дурьдаж бичсэн гэрчүүд болон ХААН банкны Дотоод Аудитын ажилтан нь бүгдээрээ мөнгөө алдсан гээд байгаа ХААН банкны өөрийнх нь ажилтнууд юм. Иймээс нэг ашиг сонирхолтой хүмүүсийн мэдүүлэгт үндэслэж хэргийг шийдвэрлэсэн нь бодит үнэнийг олж тогтоогоогүй зүйл болсон юм.

... Иргэн Б.Сг гэмт хэрэг хийсэн гэж үзэх хөдөлбөргүй, эргэлзээгүй нотлох баримт хэргийн материалд байхгүй байна. Хэрвээ ямар нэгэн байдлаар эргэлзээ төрсөн ч гэсэн тэр эргэлзээг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15-р зүйлд зааснаар: Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасан заалтыг удирдлага болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Иргэн Б.Сгийн эрхийг хамгаалж цагаатгах тогтоол гаргаж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Б.С би сэлэнгэ аймгийн мандал сум дахь шүүхийн 2019 оны 11-р сарын 13-ны өдрийн №167 шийтгэх тогтоолыг үндэслэлгүй, үнэн зөвийг олоогүй шударга бус гарсан гэж үзэж байна. Би хэрэг хийгээгүй. Би хаан банканд чин сэтгэлээсээ хандаж ажиллаж ирсэн. Би ажлынхаа анхны гарааг зүүнхараа салбарын хаан банкнаас эхлэсэн. 2016 оны 06-р сарын 13-ны өдөр теллерээр ажилд орж 2016 оны 10-р сарын 20-ны өдөр ахлах теллер болон албан тушаал ахисан. Ахлах теллер болсноос хойш мөнгө дутагдах асуудал гарч байсан ямар учраас дутагдаж байгааг бид бүгдээрээ мэдэхгүй байсан. АТМ цэнэглэхэд ахлах теллер, ахлах нягтлан бодогч эсвэл теллер, АТМ хариуцсан ажилтан аюулгүй байдал талаасаа хамгаалагч гэсэн 3-4 хүний бүрэлдэхүүнтэй тоолж мөн нэмж цэнэглэдэг байсан. АТМ-ыг тоолох цэнэглэх үед кассын өрөөнд камерын хяналтан дор 2-3 хүний бүрэлдэхүүнтэй мөнгийг тоолж нэмэх буюу хасах үйлдэл хийдэг. Камерын хяналтан дор багийн ажиллагаатай ажилладаг байхад хаан банкны аудитын 7 удаагийн үйлдэлээр мөнгө ашигласан гэх дүгнэлт нь ямар ч үндэслэлгүй худал гарсан дүгнэлт гэж үзэж байна. Аудитын дүгнэлт 2018 оны 03-р сарын 14-ны өдөр гарсан. Дүгнэлттэй танилцахад тухайн үед над руу хандаж ахлах теллер учраас чиний хариуцаж байсан ажил чи л төлөх ёстой гээд аудитын хүн тулгаж дарамтлаад тооцооны төв хариуцсан мэргэжилтэн болон ахлах нягтлан бодогч нар ч бас ингэж байсан. Тухайн үед би анх удаа банканд ажилд орсон байеан учраас би айж сандраад ажилаа муу хийсзн хариуцлага алдсан нь миний буруу тул уучлаарай гээд өргөдөл бичиж өгсөн. Аудитын тайлантай танилцаад сууж байхад захирал хэлэхдээ би сайн ажилтанаа алдмааргүй байна албан тушаал бууруулаад ч гэсэн аваад үлдэх саналтзай байна гэсний үндсэн дээр би тухайн үед ажилтайгаа л үлдэж байвал 8,4 сая төгрөгийг би цалингаасаа бага багаар нь суутгуулж төлье гэж аргагүй эрхэнд бодсон юм. Миний хувьд 8,4 сая төгрөг гэдэг бол асар их мөнгө. Захиралтайгаа ярилцсан учраас би ажилтайгаа үлдээд төлөх боломжтой гэж өргөдөл бичиж өгсөн. Өргөдөл бичиж өгсөн тул энэ өргөдлийг чинь үндэслээд манай хуулийн ажилтантай уулзах шаардлагатай гэж дуудсан тул би 2018 оны 03-р сарын 22-ны өдөр зүүнхараад ирсэн. Ирээд шүүхийн эвлэрүүлэн зуучлалаар орсон тэр хүсэлтэнд ч би ажиллаад төлөх боломжтой бусдаар бол орлогогүй гэдгээ хэлсэн. Эвлэрлийн захирамж 2018 оны 03-р сарын 28-ны өдөр гарсан. Захирамж гарсаны дараа 2018 оны 04-р сарын 06-ны өдөр намайг 8,4 сая төгрөгийг хувьдаа ашигласан гэсэн халах тушаал гарсан. Ингэж намайг эвлэрлээр орж дараа нь халж хуурч мэхэлсэн. 8,4 сая төгрөг хувьдаа авч ашигласан гэсэн тушаал гарсаны дараа би маш их сэтгэлээр унаж үүнээс болж биеийн эрүүл мэнд муудаж хоёр удаа хагалгаанд орсон. Одоог хүртэл маш их хүнд байдалтай байна. Гүтгүүлж байгаадаа гомдолтой байна. Би огт хэрэг хийгээгүй учраас намайг цагаатгаж өгнө үү гэв.

 

Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Нотлох баримтын хүрээнд Б.Сгийн үйлдэлд тохирсон ял шийтгэлийг оногдуулсан гэж үзэж байна. Гэрчлэх боломжгүй, нотлох баримт байхгүй байхад ялласан гэсэн тайлбарыг хэлж байна. Өнөөдөр санхүүгийн үйл ажиллагаа нь тогтсон дүрэм журамтай, программтай, түүнийхээ дагуу алдаа дутагдалаа тооцдог. Энэ хэрэгт шууд гэрчлэх гэрч боломжгүй. ... Санхүүгийн үйл баримт нь нэг дор 8.400.000 төгрөгийг авч байгаа үйлдэл биш. 7, 8 удаагийн үйлдлээр дутагдал гарч байгаа нь банкны зүгээс сэжиг бүхий үйлдэл илэрсэн тул дотоод аудитыг оруулсан. ... Шинжээчийн дүгнэлт санхүүгийн баримтаар гарч байгаа үнийн дүнг гаргаж байгаа болохоос биш Б.Сг шууд мөнгө авсан гэдгийг дүгнэж байгаа дүгнэлт биш. Иймд Б.Сгийн ажлын үр дүнгээс алдаа дутагдал гарч мөнгө завшисан байна гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж, анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий шийдвэр гаргасан байга гэж үзэж байна гэв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

           

Шүүгдэгч Б.Сд холбогдох хэргийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгөөс 7905000 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглаж завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 10000 нэгжээр торгож, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу Б.Сд холбогдох эрүүгийн 1832001830098 дугаартай хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг бүхэлд нь хянавал:

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн №78 тоот дүгнэлтийн “Дүгнэлт” хэсэгт Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Цагдаагийн хэлтсийн мөрдөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоолын 2 дугаар асуултанд хариулт өгөөгүй, хариулт өгөөгүй шалтгаанаа дурьдалгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.6 дугаар зүйлийн 1-д Шинжээчийн дүгнэлтэнд дараахь зүйлийг тусгана: ...1.6-д ...шинжилгээний аргачлал, явц, үр дүн, шинжээчид тавьсан асуулт, түүнд өгсөн хариулт... гэсэн заалтыг,  Шүүхийн шиинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.6-д ...шинжээчид тавьсан асуулт, түүнд өгсөн хариулт, түүний үндэслэлийг асуулт бүрээр.., гэсэн заалтыг тус тус зөрчсөн байх тул нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

            Түүнчлэн хавтаст хэрэгт /1-р хх-ийн 72-110-р ху/ авагдсан санхүүгийн баримтууд  эрүүгийн хэрэгт ямар хамааралтай болох, Б.Сгийн гэм буруутай үйлдэл эдгээр баримтуудаар хэрхэн, яаж нотлогдож байгаа нь тодорхойгүй буюу мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал нотлогдоогүй байхад анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн тогтоолд хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх үндэслэл болж байна  

 

Иймд Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын  шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 167 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1, 1.1, 39.6 дугаар зүйлийн 1, 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын  шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 167 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаасугай.

2.Хэргийг прокурорт очтол Б.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                                       ДАРГАЛАГЧ                         Б.БАТЗОРИГ

                                         ШҮҮГЧИД                            Г.ДАВААРЕНЧИН

                                                                                  Д.БУЯНЖАРГАЛ