Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 150

 

Д.Тү-, Д.Га-, Н.Эр-, С.Эн-, З.Эн- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх, шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, З.Шүрэнчулуун, М.Гансүх, С.Оюунцэцэг, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 141 дүгээр шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 07 дугаар магадлалтай 201518000359 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Д.Тү-, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, З.Шүрэнчулуун, М.Гансүх нарын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1979 онд төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ял шийтгүүлж байгаагүй Д.Тү-.

2. Монгол Улсын иргэн, 1967 онд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ял шийтгүүлж байгаагүй Д.Га-.

3. Монгол Улсын иргэн, 1962 онд төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ял шийтгүүлж байгаагүй Н.Эн-.

4. Монгол Улсын иргэн, 1972 онд төрсөн, 45 настай, эрэгтэй, дунд боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгүүлж байгаагүй С.Эн-.

5. Монгол Улсын иргэн, 1966 онд төрсөн, 52 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эм зүйч мэргэжилтэй, ял шийтгүүлж байгаагүй З.Эн-.

Шүүгдэгч Д.Тү- 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2-т заасан “Танхайн сэдэлтээр хүнийг санаатай алах” гэмт хэрэгт, Д.Га- 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт заасан “Танхайрах” гэмт хэрэгт, Н.Эн-, С.Эн- нар 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2, тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан “Догшин авирлаж танхайрах” гэмт хэрэгт, З.Эн- 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.2 дахь хэсэгт заасан “Хувийн сэдэлтээр худал мэдүүлэг өгөх” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.Га-ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, шүүгдэгч З.Эн-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж, Д.Тү-т холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Н.Эр-, С.Эн- нарт холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус өөрчлөн зүйлчилж,

Шүүгдэгч Д.Тү-ийг “Хүнийг алах” гэмт хэрэгт, шүүгдэгч Н.Эр-,  С.Эн- нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан  Н.Эр-, С.Эн- нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тү-т 8 жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Тү-, түүний өмгөөлөгч М.Гансүх, З.Шүрэнчулуун, Ш.Мягмарцэрэн нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Д.Тү- гаргасан гомдолдоо “...Д.Га- ахыг зодоод эхэлсэн. Тэгэхэд нь би машинаас буугаад “та нар яаж байгаа юм бэ” гэхэд “чи хаанаас ирсэн хэн бэ, чамайг ална” гээд тал талаас зодож эхэлсэн. Тухайн үед би нүүрээ дараад өөрийгөө хамгаалахад газар унагаж байгаад зодсон. Тэгээд би арай гэж өндийгөөд босоод ирэхэд нэг хүн ирээд мөргөх шиг болсон. Ямар хүн ирээд мөргөсөн, цааш юу болсныг мэдээгүй бөгөөд надад мэдэх сөхөө байгаагүй. Энэ үед цагдаа ирж тэр хүмүүсийг салгасан. Тэр хүмүүсийг тарахад дэлгүүрийн үүдэнд нэг хүн хэвтэж байсан ба цагдаа намайг дуудаж “энэ хүн тасарсан байна, хамт гэрт нь хүргэж өгье” гэснээ эмнэлэгт хүргэж өгөхөөр болж эмнэлт хүргэж өгөөд явсан.

Байцаагч мөрдөн байцаалтыг эхнээсээ буруу явуулсан. Гэрч болон хэрэгт холбогдох хүмүүсийг тусгаарлаж байцаалт аваагүй бөгөөд тэдэнд үгсэн тохиролцож байцаалт өгөх боломжоор хангаж байцаалт авсан. Мөн миний биед олон тооны шарх байхад гэмтлийн зэрэг тогтоогдсонгүй гэсэн хариу гарсан бөгөөд дараа нь хөнгөн, хүндэвтэр зэргийн гэмтлүүд тогтоогддог. Миний зүүн чих сонсголгүй болсон. Сормууслаг эд гэмтсэн, тэнцвэрийн эрхтэн гэмтсэн, эрхтэн тахир дутуу болсон зэргийг аль ч шатанд авч хэлэлцээгүй орхигдуулсан. Хэргийн газар 2 удаа туршилт хийсэн боловч прокурор Д.Нямдэлэг нь туршилт хийхэд оролцоогүй байж шүүх хуралдаанд яг хажууд нь байсан юм шиг хэлж ярьсан. Туршилтад оролцсон хэргийн оролцогчид бүгд өөр өөрөөр хэлж заасан мөртлөө туршилт дуусаад бүгд адил, үсгийн зөрүүгүй шахуу мэдүүлэг өгдөг. Эдгээр хүмүүс мэдүүлэг авах болгонд тайлбар нь өөрчлөгддөг. Давж заалдах шатны шүүх хүн болгоны харах өнцөг өөр гэсэн үгийг ашиглан туршилтын үйл явц болон “А” цэгийг өөрчилж эхэлсэн. Шинжээчийн дүгнэлтээр надад хөнгөн, хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан гэсэн байхад прокурор Д.Нямдэлэг нь намайг өөрөө өөртөө гэмтэл учруулсан гэснийг гайхаж байна. Анхан шатны шүүх намайг Д.Га-ын танхайрсан үйлдлийг дэмжиж, үргэлжлүүлэн Д.Эн-ы толгойд мөргөж түүнийг санаатай алсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Шүүх үйл баримтыг буруу дүгнэж хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна” гэжээ.

Мөн шүүхэд шүүгдэгч Д.Тү-ийн өмгөөлөгч З.Шүрэнчулуун, Ш.Мягмарцэрэн нар хамтран гаргасан гомдолдоо “шүүгдэгч Д.Тү-ийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан аргагүй хамгаалалт гэж үзэж байна. Д.Тү-ийн гэм буруу хуульд тодорхойлон зааснаар хангалттай үгүйсгэгдэж байхад шүүх буруу дүгнэсэн. Шинжээчийн 360 дугаартай дүгнэлтэд Д.Тү-ийн биед учирсан гэмтэл нь талийгаачийн хүчтэй мөргөлтийн үлмаас үүссэн байгааг нотлох бөгөөд талийгаачид үүссэн гэмтэл нь шинжээчийн 104 тоот дүгнэлтэд зааснаар тогтоогдож байгаа нь тэрээр Д.Тү-ийг мөргөөд хүчиндээ арагшаа унаж үүссэн гэж дүгнэх хангалттай үндэслэл байна. Д.Тү-ийн үйлдэл нь аргагүй хамгаалалтын шинжтэй хийгдсэн гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үйлдэл юм. Д.Тү- нь бусадтай маргалдаж, зодолдох үйлдэл гаргаагүй харин өөрийгөө хамгаалан үйлдэл хийж байгаа нь хууль ёсны үйлдэл гэж дүгнэх үндэслэлтэй байна. Иймд түүнийг гэм буруугүйд тооцож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Тү-ийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн хэлсэн саналдаа “Бид шүүгдэгчид учирсан гэмтэл нь талийгаачийн хүчтэй мөргөлтийн улмаас үүссэн гэж үзэж байна. Аливаа хүн духаараа мөргөх үйлдэл хийдэг. Талийгаач духаараа мөргөлдөхдөө шүүгдэгчид дээрх гэмтлийг учруулсан байж болох юм. Шүүгдэгч нь жин ихтэй, талийгаач нь жин багатай болохоор мөргөх үед савж унасан байх магадлалтай байна. Талийгаачийн Д.Тү-ийг санаатай алах үйлдэл хийлгэсэн үйлдэлд нь дүгнэлт хийх ёстой. Талийгаачийн Д.Тү- рүү гүйж очиж байгаа үйлдэл нь Д.Тү-т гэмтэл учруулахаар үйлдэл байсны эсрэг шүүгдэгч үйлдэл хийсэн юм биш биз гэсэн дүгнэлт хийсэн. 2002 оны Эрүүгийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар аргагүй хамгаалалтын хэм хэмжээний хүрээн дотор хийсэн үйлдэл байхад шүүх хэргийг буруу зүйлчилж, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Мөргөсөн, мөргөлдсөн, мөргүүлсэн гэдгийг тогтоох боломжгүй. Шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь ямар нэгэн гэмт хэргийн бүрэлдэхүүн гэхээсээ илүүтэй аргагүй хамгаалалт байсан” гэв.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Тү-ийн өмгөөлөгч З.Шүрэнчулуун хэлсэн саналдаа “Талийгаач шүүгдэгчийг мөргөсөн, хоорондоо мөргөлдсөн, шүүгдэгч талийгаачийг мөргөсөн гэсэн зөрүүтэй мэдүүлгийг өгсөн байсан. Шүүхээс гэрчүүдийн мэдүүлгийн зөрүүг арилга гээд хэргийг буцааснаас хойш гэрчүүдийн мэдүүлэг огт зөрүүгүй болж ирсэн. Д.Тү- талийгаачийн үйлдэлд хариу үйлдэл үзүүлээгүй бол эсрэгээрээ талийгаачид мөргүүлээд цементэн зам дээр унаж, амь нас нь эрсдэх магадлалтай байсан. 2002 оны Эрүүгийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан аргагүй хамгаалалт гэж үзэх боломжтой. Миний үйлчлүүлэгч хэдийгээр мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээгээгүй боловч шүүхийн шатанд гэм буруугаа хүлээсэн. Хохиролд 6.000.000 төгрөг төлсөн. Учирсан хохиролд төлөх төлбөргүй болохыг шүүхээс тогтоосон байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасны дагуу ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Мөн шүүхэд шүүгдэгч Д.Тү-ийн өмгөөлөгч М.Гансүх гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй. Талийгаач Д.Эн- нь хэрүүл маргааны явцад эхэлж Д.Тү-ийн эрх чөлөөнд халдсан, мөн Д.Тү- нь морьтой хүнд дайруулсан, түүнийг бүлэглэн зодож эрүүл мэндэд нь хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтүүд, Д.Тү-ийн өгсөн мэдүүлгээр хангалттай тогтоогдсон байхад Д.Тү- нь эрүүл мэнддээ өөрөө хохирол учруулсан мэтээр шийтгэх тогтоолд дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3-д заасныг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл “Д.Тү- нь өөрийн биед учирсан гэмтлийг хэн, хэзээ, хэрхэн учруулсан талаар мэдүүлээгүй” гэх дүгнэлтээр түүний эрүүл мэндэд учирсан хохирлын асуудлыг хязгаарласан нь шүүх нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзээгүй гэж үзэх үндэслэл болж байна.

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Т.Гантулга, Б.Ба-, Г.Наранцэцэг, Б.Бадамцог нарын мэдүүлгүүдийг шалгаагүй, ач холбогдол өгөлгүй бусдын хууль бус үйлдлийн улмаас Д.Тү- хохирсон, зөрчигдсөн эрхээ сэргээж чадалгүй үлдсэн нь буруу бөгөөд зөвхөн Д.Тү- Д.Эн-ыг мөргөсөн талаар өгсөн гэрчийн мэдүүлгийг онцлон авч шийтгэх тогтоолын үндэслэл болгосон нь учир дутагдалтай байна. Д.Тү-ийг танхайн сэдэлтээр бусдын амь насыг хохироосон гэж анхан шатны шүүх дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь танхайрах гэдэг нь бусдыг үл хүндэтгэсэн, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчсөн, санаатай байх гэсэн үндсэн шинж нь хэрхэн нотлогдож байгаа талаар огт дүгнэлт хийгээгүй байна. Д.Эн- нарын хүмүүс шалтгаангүйгээр Д.Га-аас архи шаардсан, үл ялих зүйлээр бусдыг өдөөн хоргоосны улмаас дээрх зодоон маргаан үүссэн байтал Д.Тү-ийг танхай балмад үйлдэл гарган бусдын амь насыг хохироосон гэж дүгнэж буй нь хэргийн жинхэнэ байдалтай нийцэхгүй, дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, ял оногдуулахад нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байна. Хэрэв Д.Тү- нь бусдын амь насыг хохироосон гэж үзвэл Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугүйгээр хохирол, хор уршиг учруулсан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна.

Давж заалдах шатны шүүхийн 24 дугаартай магадлалын заалтыг биелүүлээгүй, Д.Эн-, Д.Тү- нарын хооронд ямар үйлдэл болсон, тэдний мөргөсөн, мөргөлдсөн талаар өгч байгаа гэрчүүдийн мэдүүлгийн зөрүүг арилгах тухай заалтыг биелүүлээгүй, мөрдөн байцаалтын ажиллагаагаар гэмт хэрэг гарсан байдлыг нарийвчлан тогтоож чадаагүй байна. Шинжээчийн дүгнэлтүүд нь талийгаачийн ямар гэмтлийн улмаас нас барсныг тогтоох болохоос “...толгойгоор мөргөгдөөд цементэн дээр савж унах үед үүсгэгдсэн” гэж мөрдөн байцаалтаар тогтоох асуудлыг дурдаж, дүгнэлт хийснийг үндэслэл болгосон байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн боловч, шийтгэх тогтоолын үндэслэх хэсгийг бүхэлд нь өөрчилсөн нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны байж чадаагүй гэдгийг нотолж байна. Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд Д.Тү- рүү чиглэсэн бодитой довтолгоон хийгдсэн, энэ нь түүний биедээ гэмтэл авсан байдлаар тогтоогдсон, улмаар бусдад зодуулан зугтаах явцад нь талийгаач Д.Эн- ирж мөргөсөн болох нь гэрч Ба-, Гантулга болон бусад гэрчүүдийн мэдүүлгээс тодорхой харагдана. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийн байдалд тал бүрээс нь бодитой дүгнэлт хийж, Д.Тү-ийн үйлдэл аргагүй хамгаалалтын хэр хэмжээний дотор үйлдэгдсэн гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Тү-ийн өмгөөлөгч С.Оюунцэцэг хэлсэн саналдаа “Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотлогдож, тогтоогдоогүй байна. Мөн шүүгдэгчийн өөрийнх нь өгсөн мэдүүлгээс харахад би хүмүүсээс холдож босож зугтаах үедээ хүнтэй мөргөлдсөн гэж мэдүүлсэн байдаг. Хэрэгт авагдсан баримтаас харахад мөргөлдсөн, мөргүүлсэн нь тодорхойгүй байна. Хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн 16 дугаар зүйлд зааснаар зүйлчлэх ёстой гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Гэрчийн мэдүүлгийн зөрүүг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нүүрэлдүүлэн байцааж зөрүүг арилгах байсан арилгаагүй” гэв.

Прокурор М.Буяннэмэх хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Д.Тү-ийн үйлдлийг аргагүй хамгаалалт гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй. Шүүгдэгч талийгаач хоёр нь хоёр талаасаа гүйж ирээд шүүгдэгч нь талийгаачийг мөргөсний улмаас талийгаач ар дагзаараа газар савж унаад нас барсан болох нь гэрч нарын мэдүүлгээр нотлогддог. Хэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтын хүрээнд хангалттай нотлогдож байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хууль ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Тү- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 1730 цагийн үед Сэлэнгэ аймаг Шаамар сум 3 дугаар баг Дулаанхаан тосгоны “Тамир Ерөө” хүнсний дэлгүүрийн гадаа Д.Эн-ы толгой руу мөргөж унагаан гавал тархины битүү гэмтэл, гавлын орой ясны шугаман хугарал, тархины хатуу хальсан доорх цусан хураа /50мл/, тархины суурь эдийн хэсгийн няцрал бүхий гэмтэл учруулж түүнийг алсан, шүүгдэгч Н.Эр- нь Д.Га-ыг, шүүгдэгч С.Эн- нь Д.Тү-ийг тус тус зодож хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлж буй хуулийг буцаан хэрэглэх зарчмыг баримтлан тэдний үйлдсэн гэмт хэргийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд нийцүүлэн үндэслэлтэй шийдвэрлэсэн байх бөгөөд шүүгдэгч Д.Тү-ийн үйлдлийг мөн хуулийн 10.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, тухайн зүйлд заасан төрөл, хэмжээний дотор ял шийтгэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн хэргийн үйл баримтыг зөв тогтоосон атлаа харин тухайн үйлдэлдээ хандаж байгаа шүүгдэгч нарын сэдэлт, санаа зорилгыг буруу дүгнэсэн байх тул зөвтгөх нь зүйтэй гэж үзлээ.

Тодруулбал, согтууруулах ундаа хэрэглэсэн амь хохирогч Д.Эн- болон шүүгдэгч С.Эн-, Н.Эр- нараас үүдэлтэй хэрүүл маргаанд шүүгдэгч Д.Га- оролцож, тэдэнтэй харилцан зодолдоход нь Д.Тү- өөрийн хадам ах Д.Га-ыг өмөөрч харилцан зодолдох явцдаа Д.Эн-ыг мөргөж унагаан түүний амь насанд аюултай хүнд гэмтэл учруулж, хохирогч нас барсан үйл баримт тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Д.Тү-ийг тухайн үйлдлийг танхайн сэдэлтээр үйлдсэн гэж дүгнэх боломжгүй юм.

Гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн бөгөөд тухайн нөхцөл байдлын улмаас өөдөөс нь тулж ирсэн этгээдийг мөргөж унагаасан үйл баримт нь уг хэрэгт хувийн сонирхолгүй хөндлөнгийн гэрчүүдийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдсон тул Д.Тү-ийн үйлдлийг танхайрах сэдэлтэд бус харин хүндрүүлэх нөхцөлгүйгээр хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх нь хууль хэрэглээний хувьд зөв болох бөгөөд “Танхайн сэдэлт”-ийг гэмт хэргийн хүндрүүлэх шинжид тооцохгүй болсон гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.

Үүний зэрэгцээ дээрх үйл баримтыг нэгтгэн дүгнэвэл Д.Тү-ийн үйлдлийг аргагүй хамгаалалтын нөхцөл байдалд хийсэн гэж үзэхгүй гэсэн давж заалдах шатны шүүхийн хууль зүйн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Тү-, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, З.Шүрэнчулуун, М.Гансүх нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 141 дүгээр шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 07 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Тү-, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, З.Шүрэнчулуун, М.Гансүх нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

                                               ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                                               ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                                                     Д.ГАНЗОРИГ

                                                                                                                     Ч.ХОСБАЯР

                                                                                                                     Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН