Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 306

 

С.Г-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Тунгалаг даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгч С.Г-ын, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ч нарыг оролцуулан хийж, С.Г-ын нэхэмжлэлтэй, Дорноговь аймгийн Засаг даргад холбогдох, Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 115/ШШ2017/0006 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 221/МА2017/0365 дугаар магадлалтай захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор, шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 115/ШШ2017/0006 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 32 дугаар зүйлийн 32.7, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Дорноговь аймгийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/07 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч С.Г-ыг Дорноговь аймгийн Айраг сумын Засаг даргаар томилохыг тус аймгийн Засаг даргад даалгах,

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу Дорноговь аймгийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/06 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 221/МА2017/0365 дугаар магадлалаар: Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 115/ШШ2017/0006 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 32 дугаар зүйлийн 32.7, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т... гэснийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.4 дэх хэсэгт... гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 26.4 дэх хэсгүүдийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэн магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт “Энэ хуулийн ...сум, дүүргийн Засаг даргыг аймаг, нийслэлийн Засаг дарга ...тус тус 4 жилийн хугацаагаар томилох...”, 26.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 26.2-т заасан нэр дэвшигчийг мөн хуулийн 26.3-т заасан эрх бүхий албан тушаалтан томилохоос татгалзвал зохих шатны Хурал 15 хоногийн дотор энэ хуулийн 26.2-т заасан журмаар Засаг даргад дахин нэр дэвшүүлэх бөгөөд томилох эрх бүхий албан тушаалтан Хурлын тогтоолыг хүлээн авснаас хойш 5 өдөрт багтаан томилох шийдвэр гаргах үүрэгтэй” гэж тус тус заасан.

Хариуцагч аймгийн Засаг дарга Т.Э 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгч С.Г, Айраг сумын ИТХ-ын дарга Б.Туулайхүү, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Г.Эрдэнэцэцэг, Н.Бүрэнбат нартай уулзаж ярилцсаныг амаар хариу илэрхийлсэн, мөн Айраг сумын Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр Л.М-ыг томилсон нь татгалзсан хариу өгсөн хангалттай нотолгоо гэж давж заалдах шатны шүүх тайлбарласныг хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа болно.

Эрх зүйн үр дагаврын хувьд аймгийн Засаг дарга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Засаг даргад нэр дэвшүүлсэн тогтоолд зайлшгүй албан бичгээр хариу өгөх бөгөөд сумын Засаг даргад нэр дэвшигчийг томилох, татгалзах эсэх шийдвэрийг амаар гаргах хуулийн үндэслэлгүй байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт сумын Засаг даргад эхний удаа нэр дэвшигчийг томилох, татгалзах эсэх хариу өгөх хугацаа заагаагүй, мөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн анхдугаар хуралдааны 01/04 дүгээр тогтоолд албан ёсоор бичгээр хариу өгөөгүй байхад 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдаанаар дахин нэр дэвшүүлж, 02/09 дүгээр тогтоол гаргасан нь хуульд нийцээгүй шийдвэр болсон, мөн хуулийн 26.4 дэх хэсэгт заасан тогтоолыг хүлээн авснаас хойш 5 өдөрт багтаан томилох шийдвэр гаргах үүрэг үүсээгүй болно.

Иймд, магадлалыг хүчингүй болгуулах хүсэлтийг хүлээн авч хянан шийдвэрлэнэ үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасантай нийцсэн тул хэвээр үлдээж шийдвэрлэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн анхдугаар хуралдааны 01/04 дүгээр тогтоолд албан ёсоор бичгээр хариу өгөөгүй байхад 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдаанаар С.Г-ыг Засаг даргад дахин нэр дэвшүүлж 02/09 дүгээр тогтоол гаргасан нь хуульд нийцээгүй, уг тогтоолыг хүлээн авснаас хойш 5 өдөрт багтаан томилох шийдвэр гаргах үүрэг хүлээхгүй” гэж марган, хяналтын гомдол гаргасан нь үндэслэлгүй байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “...аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад тухайн Хурал дахь нам, эвслийн бүлэг, эсхүл Хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно” гэж заажээ.

 2016 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Дорноговь аймгийн Айраг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр анхдугаар хуралдааныг хуралдуулж, тус сумын Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж, төлөөлөгчдийн 71.4 хувийн саналаар С.Г-ыг сумын Засаг даргаар томилуулахаар шийдвэрлэж 01/04 дүгээр тогтоолыг гарган, аймгийн Засаг даргад санал болгон хүргүүлсэн боловч аймгийн Засаг дарга Т.Э нь нэхэмжлэгч болон сумын Хурлын дарга Б.Туулайхүү нарыг дуудаж С.Г-ыг сумын Засаг даргаар томилох боломжгүй тухай мэдэгдсэн байна.

 Шүүхүүд хариуцагч Дорноговь аймгийн Засаг дарга нь нэр дэвшигч С.Г-ыг Айраг сумын Засаг даргаар томилох боломжгүйгээ амаар мэдэгдсэнийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 01/04 дүгээр тогтоолд татгалзсан хариу өгсөн гэж үзэх үндэслэлтэй гэж зөв дүгнэжээ. 

Нэгэнт томилох эрх бүхий аймгийн Засаг дарга нь С.Г-ыг томилохоос татгалзсан тул Айраг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 02 дугаар хуралдаанаар тухайн шатны Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг дахин хэлэлцэж, төлөөлөгчдийн 77.8 хувийн саналаар С.Г-ыг тус сумын Засаг даргаар томилуулахаар шийдвэрлэсэн 02/09 дүгээр тогтоол нь мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т заасан “Энэ хуулийн 26.2-т заасан нэр дэвшигчийг мөн хуулийн 26.3-т заасан эрх бүхий албан тушаалтан томилохоос татгалзвал зохих шатны Хурал 15 хоногийн дотор энэ хуулийн 26.2-т заасан журмаар Засаг даргад дахин нэр дэвшүүлэх ...” гэсэнтэй нийцсэн байна.

Ийнхүү сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Засаг даргыг томилох асуудлыг дахин хэлэлцэн шийдвэрлэж, нэр дэвшүүлж байгаа тохиолдолд аймгийн Засаг дарга мөн, хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т “...томилох эрх бүхий албан тушаалтан Хурлын тогтоолыг хүлээн авснаас хойш 5 өдөрт багтаан томилох шийдвэр гаргах үүрэгтэй” гэж заасны дагуу тогтоолыг хүлээн авснаас хойш 5 өдөрт багтаан С.Г-ыг сумын Засаг даргаар шууд томилох үүрэгтэй.

Гэтэл аймгийн Засаг дарга хуульд заасан үүргээ биелүүлэлгүй, “өмнөх 01/04 дүгээр тогтоолд албан ёсны хариуг өгөөгүй” гэсэн шалтгаанаар 02/09 дүгээр тогтоолыг хүлээн авч шийдвэрлээгүй төдийгүй улмаар С.Г-ыг “бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон” гэдэг үндэслэлээр сумын Засаг даргын үүрэгт ажлаас чөлөөлж, улмаар Б/07 дугаар захирамжаар тухайн хурлаас нэр дэвшээгүй Л.М-ыг сумын Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон зэрэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жардугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...дээд шатны нэгжийн Засаг дарга доод шатныхаа нэгжийн Засаг даргад нэр дэвшигчийг томилохоос татгалзвал ...дахин нэр дэвшүүлж томилтол өмнөх Засаг дарга бүрэн эрхээ хэвээр хадгална”, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.7-д “Засаг даргыг чөлөөлсөн, огцруулсан бол Засаг даргыг шинээр томилох хүртэлх хугацаанд түүний бүрэн эрхийг Засаг даргын орлогч хэрэгжүүлж, хариуцлагыг бүрэн хүлээнэ” гэж тус тус заасныг зөрчжээ.

Иймд, маргаан бүхий захиргааны шийдвэрүүд хуульд нийцээгүй гэж дүгнэн, Дорноговь аймгийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/07 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч С.Г-ыг Дорноговь аймгийн Айраг сумын Засаг даргаар томилохыг тус аймгийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдэл зөв байна.

Түүнчлэн давж заалдах шатны шүүхээс, анхан шатны шүүх маргаантай харилцааг нарийвчлан зохицуулсан хуулийн холбогдох заалтыг бүрэн баримтлаагүй гэсэн үндэслэлээр хуулийн заалтыг зөвтгөн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь үндэслэл бүхий болжээ.

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.