Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2020/01073

 

2020 оны 04 сарын 08 өдөр                       Дугаар 102/ШШ2020/01073                           Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

Нэхэмжлэгч:Сүхбаатар дүүргийн 2 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө-2, Паркплэйс оффис, 3 давхарт байрлах, 2, М ХК-ийн  нэхэмжлэлтэй

Хариуцагч:Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дүгээр хороолол, 2 дугаар байрны 2 тоотод оршин суух, эрэгтэй, регистр 2, Т.Ц-д холбогдох

435 504 төгрөг гаргуулах тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сувданбилэг, хариуцагч Т.Ц, хэлмэрч И.Болормаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Батбилэг нар оролцов.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Мандал даатгал ХК-ийн тээврийн хэрэгслийн даатгалын 1808007400016 тоот гэрээт даатгуулагч С.Ц-ийн 2 улсын дугаартай Тоёота ланд крузер 200 маркийн авто машиныг 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр М.Г нь жолоодож явсан үед Баянгол дүүргийн 2 дугаар хороо Чилүгэн зочид буудлын зүүн хойд уулзварт 2 улсын дугаартай Тоёота Сай маркийн авто машины жолооч Т.Ц нь замын хөдөлгөөний дүрмийн 3.7, 15.8-д заасныг зөрчиж манай даатгуулагч С.Ц-ийн тээвийн хэрэгсэлд нийт 1 373 000 төгрөгийн хохирол учруулсан байна.Манай компани энэхүү ослын улмаас даатгуулагчид учирсан 435 504 төгрөгийн хохирлыг барагдуулж, Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д зааснаар Т.Цэдэнбалаас 435 504 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Т.Ц шүүхэд гаргасан тайлбартаа:Мандал даатгалын ХК-ийн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, анх тэр хүний буруу байсан, маргааш нь бурууг надад өгч байгаа нь хуульд нийцэхгүй байна гэжээ.

Хариуцагч Т.Ц шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би тэр өдөр гол замаараа явж байсан, осол гаргасан жолооч туслах замаар орж ирсэн мөртлөө дүрмээ дагаагүй.Туслах замаас орж ирж байгаа тээврийн хэрэгсэл гол замаар явж байгаа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх ёстой.Гэтэл осол гаргасан жолооч шууд дайраад орж ирсэн.Тэгээд тэр машинаас 2 хүн бууж ирээд намайг зодсон.Би сонсголгүй хүн байна.Яагаад намайг зодож байгаа юм бэ? Өөрөө дүрмээ дагаагүй ороод ирлээ гэсэн чинь юу яриад байгаа юм гээд над руу дайрч намайг зодсон.Тэгээд би цагдаа дуудсан.Цагдаа ирээд та архи согтууруулах ундаа хэрэглэсэн байна.Машиныг чинь журамлана.Гол зөрчил нь нөгөө машины буруу байна гэж хэлсэн.Миний хувьд дүрмээрээ явж байсан боловч 1.54 хувийн согтолттой гарсан учраас  таны машиныг журамлана гэсэн.Тэгээд байцаагчдаа би мэдүүлэг өгөөд байцаагч намайг 400,000 төгрөг төлсөн.Журмын хашаанаас машинаа авахдаа 140,000 төгрөг төлж авсан.Яг үнэнийг хэлэхэд миний хувьд орлого гээд байх юм байдаггүй.Тэр өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь миний буруу.Тухайн үед би дүрмийн дагуу явж байсан.Цагдаа ч гэсэн энэ байдлыг гэрчилнэ.Би тэр үед өөрөө зодуулаад бэртээд машины маань урд гупр эвдэрсэн байсан.Би өөрөө сонсголгүй хүн, надад хэлмэрч байхгүй.Тэр үед би даатгал руугаа ярих ямар ч боломж байгаагүй.Над руу учиргүй дайраад байсан. Байцаагч 400,000 төгрөг гээд миний үнэмлэхийг хурааж, 6 сараар жолоодох эрхийг маань хассан, 400,000 төгрөгийг би төлсөн.Журмын хашаанаас машинаа авахын тулд би хүнээс 130,000 төгрөг зээлж машинаа авсан.Би дүрмээрээ явж байсан. Миний нэг буруу зүйл бол согтууруулах ундаа хэрэглэсэн байсан.Нөгөө жолооч дүрмээрээ яваагүй мөртлөө надад хохирол учруулж, миний биед халдаад дээрээс нь сонсголгүй хүн гэдгийг маань далимдуулаад нэмэлт мөнгө нэхээд байх юм. Би 600,000 гаруй төгрөг өөрөөсөө төлөөд байхад дахиад юун 400,000 төгрөг нэхээд байгаа юм бэ тэрийг ойлгохгүй байна.Одоо надаас юу нэхэмжлээд байгаа юм бэ? Би төлөх ёстой байсан 400,000 төгрөгөө төлсөн, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М ХК нь хариуцагч Т.Ц-аас даатгалын нөхөн төлбөрийн 435 504 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

М ХК нь С.Ц-тэй тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр нэг жилийн хугацаатай байгуулсан байх бөгөөд даатгалын зүйл нь Тоёота ланд крузер 200 маркийн 2 улсын дугаартай авто машин байна./хх 5/

Энэхүү Тоёота ланд крузер 200 маркийн 2 улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч нь Капиталконтенент Инвестмент ББСБ болох 01598540 дугаартай, 2017 оны 6 дугаар сарын 7-ны өдөр олгогдсон тээврийн хэрэгслийн гэрчилгээ, замын цагдаагийн газрын 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн баримт, 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 169 дугаартай шийтгэлийн хуудас зэрэг баримтуудаар нотлогдож байна./хх 6,9,10/

Мөн Хас Үнэлгээ ХХК-ийн Авто машин техникийн үнэлгээний 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 2 дугаартай тайланд Тоёота ланд крузер 200 маркийн 2 улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Капитрон банк, захиалагч нь Хаан Даатгал гэж бичигдсэн байна./хх 12/

М ХК нь С.Ц-тэй тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг байгуулсан атлаа 2019 оны 7 дугаар сарын 1-ний өдөр 435 504 төгрөгийг М.Г-т шилжүүлсэн байгааг даатгуулагчид төлсөн гэж үзэх боломжгүй байх тул Мандал Даатгал ХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.