Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 109/ШШ2022/0016

 

 

 

 

 

 

 

 

 

            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Одонтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: “Э” ХХК

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Б

Хариуцагч: Архангай аймгийн Эрдэнэмандал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Эрдэнэмандал сумын Засаг дарга

Хариуцагчийн өмгөөлөгч: Ж.У

Гуравдагч этгээд: “Э” ОНӨААТҮГ

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Э нарын хоорондын “Архангай аймгийн Эрдэнэмандал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн “Сумын дэд бүтцийг хариуцсан орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг байгуулах тухай” 05 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн “Архангай аймгийн Эрдэнэмандал сумын дулаан хангамжийн тоног төхөөрөмж, шугам сүлжээний угсралт, эзэмшилт ашиглалтын гэрээ”-г үргэлжлүүлэхгүй байгаа Эрдэнэмандал сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль болохыг тогтоож, гэрээг үргэлжлүүлэхийг даалгах” шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ж.У, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Э” ХХК нь Архангай аймгийн Эрдэнэмандал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Эрдэнэмандал сумын Засаг дарга нарт холбогдуулан “Архангай аймгийн Эрдэнэмандал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн “Сумын дэд бүтцийг хариуцсан орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг байгуулах тухай” 05 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн “Архангай аймгийн Эрдэнэмандал сумын дулаан хангамжийн тоног төхөөрөмж, шугам сүлжээний угсралт, эзэмшилт ашиглалтын гэрээ”-г үргэлжлүүлэхгүй байгаа Эрдэнэмандал сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль болохыг тогтоож, гэрээг үргэлжлүүлэхийг даалгах”-аар маргаж байна.

2. Нэхэмжлэгч “Э” ХХК нь 2019 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр үүсгэн байгуулагдсан бөгөөд гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар бүртгэгджээ. Тус компанид Архангай аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 02 дугаар тогтоолоор дулаан үйлдвэрлэх, дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлүүдийг 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 5 жилийн хугацаатай олгосон байна.

3. Улмаар Архангай аймгийн Эрдэнэмандал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 15 дугаар тогтоолоор сумын төвийг төвлөрсөн халаалттай болгох тухай сумын Засаг даргын оруулсан саналыг хэлэлцээд ““Э”” ХХК-тай гэрээ байгуулах саналыг дэмжихээр шийдвэрлэж, хамтран ажиллах гэрээ байгуулж ажиллахыг сумын Засаг даргад даалгажээ. Ийнхүү Эрдэнэмандал сумын Засаг дарга Э.Б, “Э” ХХК-ийн захирал П.З нар 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал сумын дулаан хангамжийн тоног төхөөрөмж, шугам сүлжээний угсралт, эзэмшилт ашиглалтын гэрээ байгуулжээ.

4. Үүний дараа Архангай аймгийн Эрдэнэмандал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2021 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 05 дугаар тогтоолоор Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сум” төслийн хүрээнд хийгдэж буй цэвэр усан хангамж, бохир цэвэрлэх байгууламж, дулааны шугам сүлжээ, зам, гүүр тавих цогц ажил дуусч байгаатай холбогдуулан Эрдэнэмандал сумын төсөвт байгууллагууд, аж ахуй нэгж, айл өрхүүдийг стандарт хангасан үйлчилгээгээр хангах, шугам сүлжээ, халаалт, цэвэр, бохир, тохижилт үйлчилгээний асуудлыг бүрэн хариуцах үүрэг бүхий сумын дэд бүтцийг хариуцсан “Э” орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг байгуулж, тус газрын дүрэм, зохицуулах журмыг баталжээ.

5. “Э” ХХК нь дээрх тогтоолд холбогдуулан 2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүх 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.

6. Нэхэмжлэгч “Э” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Архангай аймгийн Эрдэнэмандал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2022 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 01 дугаартай албан бичгээр 2021 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр хуралдсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит дөрөвдүгээр хуралдаанаас Сумын дэд бүтцийг хариуцсан орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгуулах тухай тогтоол гарсан талаар манай компанид мэдэгдсэн.

Архангай аймгийн Эрдэнэмандал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр буюу 2022 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 01 дугаартай албан бичигт дурдсан тогтоолыг гаргахдаа бидэнд мэдэгдэж мэдэгдэх, сонсох ажиллагаа явуулаагүй, биднийг тайлбар, санал гаргах боломжоор хангаагүй. Манай компани нь Архангай аймгийн Эрдэнэмандал сумыг төвлөрсөн халаалтаар ханган ажиллахын тулд өөрийн хөрөнгө оруулалтаар, ОХУ-д үйлдвэрлэсэн 2 МВт-ын хүчин чадалтай усан халаалтын тогоо, уурын зуухны үндсэн ба туслах тоноглолууд болон сүлжээний усны насоснууд, 30 кВт-ын насос 2 ширхэг, 22 кВт-ын насос 2 ширхэг, 40 кВт-ын инвертер 1 ширхэг, 7 кВт-ын инвертер 2 ширхэг, ф159-ын турба 70м, ф159-ын бөмбөлгөн хаалт 8 ширхэг, ф159-ын зөөлөвч 2 ширхэг, десосос 1 ширхэг, бусад тоног төхөөрөмжүүд болон холбох хэрэгслүүдийг тус тус худалдан авсан. Иймд Архангай аймгийн Эрдэнэмандал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн “Сумын дэд бүтцийг хариуцсан орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг байгуулах тухай” 05 дугаар тогтоолыг хүчингүй болгож, 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн “Архангай аймгийн Эрдэнэмандал сумын дулаан хангамжийн тоног төхөөрөмж, шугам сүлжээний угсралт, эзэмшилт ашиглалтын гэрээ”-г үргэлжлүүлэхгүй байгаа Эрдэнэмандал сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль болохыг тогтоож, гэрээг үргэлжлүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байгаа. Нэхэмжлэгч “Э” ХХК нь Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдөр 02/2020 дулаан үйлдвэрлэх, 02/2022 дулаан түгээх, дулааны зохицуулалтаар хангах дээрх тусгай зөвшөөрлүүдийг авсан. Уг тусгай зөвшөөрлийн хүрээнд Архангай аймгийн Эрдэнэмандал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн төвлөрсөн халаалтад шилжүүлэх тухай 15 дугаартай тогтоол гарсан. Уг тогтоолоор сумын төвийг нэгдсэн халаалттай болгох тухай Засаг даргын оруулсан саналыг хэлэлцэж “Э” ХХК-тай гэрээ байгуулахыг Засаг дарга зөвшөөрсөн. Архангай аймгийн Эрдэнэмандал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ 15 дугаартай тогтоол хууль бус хурлын тэмдэглэл байгууллагын архивт байхгүй гэж тайлбарладаг. Захиргааны байгууллага тогтоол гаргахдаа ямар ямар баримт бичиг бүрдүүлэх ёстой, архивт байгаа эсэх нь ““Э”” ХХК-д хамааралгүй, шийдвэр гаргах тухайн байгууллагын ажил, үүрэг юм.

Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Засаг даргаас үндэслэлгүйгээр гэрээ цуцлах мэдэгдлийг “Э” ХХК-д хүргүүлж байсан. “Э” ХХК-аас эвлэрье ажил үүргээ гүйцэтгэх хүсэлт гаргахад ажлыг нь хүлээж авдаггүй хууль бус үйлдэхүй гаргасан. Үүнээс гадна үйл ажиллагаа явуулж байгаа компани нь ямар ч тусгай зөвшөөрөл байхгүй, хууль бус үйлдэл харагдаж байгаа. Эрчим хүчний тухай хуульд зааснаар дулаан үйлдвэрлэх, цахилгаан дамжуулах, дулаан дамжуулах, дулаан түгээх үйл ажиллагааг эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн дагуу эрхлэхээр заасан. “Э” орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байгаа нь гэрч н.А-гийн мэдүүлэг, Архангай аймгийн Эрчим хүчний зохицуулах хорооны 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 20 тоот албан бичгээр тогтоогдож байгаа.

Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Засаг дарга, ““Э”” ХХК-ийн хооронд байгуулагдсан дулаан хангамжийн тоног төхөөрөмж, эзэмшилт, ашиглалтын гэрээгээр Б тал хүлээсэн үүргээ бүрэн  биелүүлээгүй бол А тал гэрээ цуцлах мэдэгдлийг Б талд бичгээр хүргүүлнэ. Гэрээний 6 дугаар зүйлийн 1.2-т хэрвээ Б тал гэрээ цуцлах мэдэгдэлд заасан хугацаанд гэрээ зөрчсөн нөхцөл байдлаа залруулах, эсхүл залруулахгүйгээр хийж хэрэгжүүлэхээр болсон бол заасан гэрээг үргэлжлүүлнэ гэж заасан. Б тал гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй зүйл байхгүй. Хариуцагч талаас гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлэх үндэслэлээ Эрчим хүчний зохицуулах зөвлөлд халаалтын үйл ажиллагааны доголдлыг шалгуулахаар албан хүсэлт явуулсны хариуг Эрчим хүчний зөвлөлөөс томилогдсон ажлын хэсэг ажиллаж “Э” ХХК-д үүрэг чиглэл өгсөн. Энэ үүрэг чиглэлээс зөвхөн 1 нь биелэгдсэн. Эрчим хүчний зөвлөлөөс ирүүлсэн албан бичгийн хариуд холбогдох ажлуудаа гүйцэтгэж 03 тоот албан бичгээр хариуг хүргүүлсэн. Магадгүй хариуцагч талаас тайлбарлаж байгаа шиг 8 чиглэл бүхий үүрэг даалгавраас зөвхөн нэгийг нь биелүүлсэн байвал Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс бидний өгсөн албан бичиг чиглэл даалгавраас биелүүлээгүй байна гэдгээр дахин хугацаатай үүрэг даалгавар өгч, албан шаардлага хүргүүлэх, хариуцлага тооцох асуудал байх байсан. Тэгэхэд Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс ийм албан тоот ирсэн асуудал байхгүй. Гэрээ цуцлах үндэслэл байхгүй байхад Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Засаг дарга гэрээг цуцалж байгаа нь хууль бус үйлдэл юм. Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Засаг дарга болон “Э” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээний 1.6-т зааснаар гэрээний хугацаа 50 жил байх ба байх аль нэг тал нь гэрээнээс татгалзахгүй байх зарчмыг баримтална. Гэрээний 1.7-т гэрээний хугацаа шинэчлэгдсэн татан буугдсан, хоёр талын албан тушаалтан солигдсон нь гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, гэрээний хугацааг өөрчлөх үндэслэл болохгүй, хуулийн эрх залгамжлалын хүрээнд гэрээний тогтвортой байдлыг хангаж ажиллахаар заасан байгаа. Гэтэл Засаг дарга солигдож өмнөх Засаг даргын шийдвэрийг хэт нэг талыг барьсан хууль бус шийдвэр байсан гэх байдлаар өмнөх Засаг даргын үйл ажиллагааг хэрэгжүүлээгүй. Үүнээс болж “Э” ХХК-ийн эрх ашиг зөрчигдөж байна. Хариуцагч Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас сумын дэд бүтцийг хариуцсан тогтоол гаргахдаа “Э” ХХК-д мэдэгдэх сонсох ажиллагааг явуулаагүй. Энэ тогтоолыг “Э” ХХК-д гардуулж өгсөн асуудал байхгүй байгаа. Үүнээс гадна хэрэгт авагдсан баримтуудаар тухайн сумын шинэчлэлийн хүрээнд тухайн өмчлөх эрх нь Архангай аймгийн Эрдэнэмандал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд олгогдоогүй. Архангай аймгийн орон нутгийн өмчийн газар, Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас ирүүлсэн албан бичиг байгаа. Эдгээр албан бичгээс орон нутгийн өмчийн тооцоот газрыг байгуулах эрх хэмжээ байхгүй гэдэг нөхцөл тодорхой харагдаж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

8. Хариуцагч Архангай аймгийн Эрдэнэмандал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шүүхэд гаргасан тайлбартаа: 2019   оны 10 дугаар сарын 24-ний өдөр “Х” ХХК-тай Архангай аймгийн Эрдэнэмандал сумын дулаан хангамжийн тоног төхөөрөмж, шугам сүлжээний ашиглалтын гэрээг байгуулан дулаан түгээх үйл ажиллагааг эхлүүлсэн боловч 2020 оны 5 дугаар сарын 15-нд “Э” ХХК-тай гэрээг дахин байгуулсан байдаг. 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр болсон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 1 дүгээр хуралдаанаар төсөвт албан байгууллагуудаас халаалтын горимд доголдол гарч байгаа тухай мэдээлэл, үнийн зөрүүгээс өрийн дарамтад орох нөхцөл байдал үүссэн мөн уурын зуухны ажилчдын хөдөлмөрийн нөхцөл хүнд, ажлын ачаалал 2 дахин нэмэгдсэнтэй холбогдуулан хөдөлмөрийн хөлсөө нэмэгдүүлэх ерөнхий боловсролын сургуулийн 8 гэрээт ажилчны гарын үсэг бүхий өргөдөл гомдол зэргийг тус хурлын хэлэлцэх асуудалд оруулан хэлэлцүүлсэн болно. Цаашид сумын Засаг даргад тус гэрээг болон үйл ажиллагааг судалж уг асуудлыг 2 дугаар хуралдаанд оруулж ирэхийг тэмдэглэлээр болгосны дагуу Архангай аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлд халаалтын үйл ажиллагааны доголдлыг шалгуулахаар 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1/447 тоот албан бичгээр хүсэлт явуулсны дагуу 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Архангай аймгийн эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс томилогдсон ажлын хэсэг газар дээр нь ирж ажиллаж 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 32 тоот албан бичгээр “Э” ХХК-д 8 зүйл заалт бүхий ажил сайжруулах үүрэг чиглэлийг өгсөн байдаг. Гэтэл тухайн үүрэг даалгавраас сүлжээний 1 насосыг солихоос бусад 7 зүйл заалт бүхий үүргийг биелүүлээгүй тул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 2 дугаар сарын 17-ны өдөр уг асуудлыг хэлэлцүүлж тухайн өдрийн 07 тоот тогтоолоор “Х” ХХК-тай байгуулсан гэрээг цуцлахыг үүрэг болгосон. Үүний дагуу 2021 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 1/57 тоот албан бичгээр “Х” ХХК”, “Э” ХХК-тай гэрээг цуцлах тухай мэдэгдлийг хүргүүлсэн болно.

2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 1/400 тоот албан бичгээр “Э” ХХК-д “Эрдэнэмандал суманд Засгийн газрын тогтоолоор хэрэгжиж буй “Сумын төвийн шинэчлэл” төслийн хүрээнд хийгдэж буй цэвэр усан хангамж, ариутгах татуурга, цэвэрлэх байгууламж, дулааны шугам сүлжээ, уурын зуухны өргөтгөлийн цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэхийн тулд орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг бий болгож зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн болно. Гэрээний 6.1.1 дэх хэсэгт Б тал гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгээгүй бол А тал гэрээг цуцлах тухай мэдэгдлийн Б талд бичгээр хүргэнэ гэж заасны дагуу тус гэрээний 6.1.3 дахь хэсэгт заасан Б тал гэрээг цуцлах тухай мэдэгдэлд заасан хугацаанд гэрээг зөрчсөн нөхцөл байдлаа залруулаагүй, залруулах хөтөлбөр ирүүлээгүй бол гэрээ цуцлах мэдэгдэл хүлээн авснаас хойш 30 хоногийн дараа цуцлагдана гэж заасныг үндэслэн 2021 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 1/57 тоот албан бичгээр мэдэгдлийг хүргүүлсэн болно. Сумын ерөнхий боловсролын сургуулийн өмчлөлийн уурын зуухыг ашиглаж үйл ажиллагаа явуулж байхдаа “Э” ХХК-ийн инженер техникийн нэг ч ажилчин тогтмол ажиллуулаагүй, 8 галчийн цалинг ерөнхий боловсролын сургуулийн төсвөөс өгч байсан болно. Компанийн зүгээс сум орон нутагт нэг ч хүн цалинжуулж ажлын байраар хангаагүй.

Улмаар 05 тоот тогтоолоор сумын дэд бүтцийг хариуцсан орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг байгуулсан болно. Энэхүү үйлдвэрийн газар нь дан ганц дулаан үйлдвэрлэх түгээх бус бохир, цэвэр усан хангамж, цэвэрлэх байгууламж, дулааны шугам сүлжээ, зам гүүр, тохижилт үйлчилгээний асуудлыг бүрэн хариуцах үүрэг бүхий газар юм. Эрдэнэмандал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3ж заалт, 20 дугаар зүйлийн 20.1. дэх хэсэг, төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.2.4 дэх заалтуудыг үндэслэн тогтоол шийдвэрээ гаргасан болно. Одоогоор сум орон нутагт байгуулагдсан “Э” ОНӨААТҮГ нь сумын төвийн төвлөрсөн халаалт, цэвэр усан хангамж, ариутгах татуургын үйл ажиллагааг хэвийн хангаж, шинээр 9 хүнийг байнгын ажлын байраар ханган, жигд тогтвортой үйл ажиллагааг явуулж байна. Иймд “Э” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

9. Хариуцагч Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Засаг дарга шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч талын гэрээг үргэлжлүүлэх тухай хүсэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Архангай аймгийн Эрдэнэмандал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 15 тоот тогтоолыг хууль бус гэж үзэж байна. Энэ тогтоол нь хурлын ирц байхгүй, хэлэлцэх асуудал, уг хурлаас гаргасан шийдвэр, хурлын тэмдэглэл баримт тус байгууллагын архивт байхгүй байна. Иймд энэхүү хурлын тэмдэглэл гэх ганц хуудас материалыг хууль бус гэж үзэж байгаа болно гэжээ.

Хариуцагч нарын өмгөөлөгч Ж.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э” ХХК нь гадаад худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй. Хэрвээ дулаанаар хангах, түгээх, худалдах тусгай зөвшөөрөлтэй бол талаар хуулийн этгээдийн тэмдэглэл үйлдэх ёстой. Гэтэл энэ байдлаа зөрчсөн бичиг баримт нь хууль бус байна. 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр “Э” ХХК нь сумыг дулаанаар хангаж чадахгүй байдалд хүрч сургуулийн хүүхдүүдийн дотуур байр хэвийн хэмжээнд халахгүй хөлдөлтийн байдалд хүрч байна гэдэг албан бичгийг Засаг даргад хүргүүлсэн. Үүний дагуу Засаг дарга 2020 оны 12 дүгээр сарын 21-ний өдөр “Э” ХХК-д хандан ажлаа хууль ёсны дагуу хийгээчээ ийм нөхцөл байдлууд гарч байна гэдгийг дурдаж хүсэлт уламжилсан. Энэ талаарх баримт хэрэгт авагдсан. Гэтэл удаа дараа нөхцөл байдлыг хэлж албан тоот явуулаад байхад “Э” ХХК арга хэмжээ авдаггүй. Сум дулаан хангамжийн хөлдөлтийн байдалд орсон нь гэрч нар мэдүүлэгтэй хэлдэг. Мөн шүүхэд нотлох баримтаар өгсөн “Х” ХХК-ийн захирал протоколтой гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрсөн.

Гэрээг цуцалсан талаар огт мэдээгүй гэдэг. Гэтэл мэдсэн байгаа нөхцөл байдал нь хэргийн материалд хангалттай авагдсан байгаа. 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхэлж доголтой талаар албан бичиг явуулахад арга хэмжээ авдаггүй. 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр “Х” ХХК-д мэдэгдэл хүргүүлсэн. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан байдаг. 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр “Э” ХХК-д хариу мэдэгдсэн. Мөн 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Засаг дарга “Х” ХХК, “Э” ХХК-д хариу хүргүүлж хамтран ажиллах санал тавьсан. 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Эрдэнэмандал сумын Засаг дарга “Э” ХХК-д хариу ирүүлээгүй учраас гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд зааснаар Орон нутгийн өмчийг бусдад шилжүүлэх ажиллагааг иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, хурлын чөлөөт цагт хурлын тэргүүлэгч шийдвэрлэнэ гэж заасан. Иймд орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг байгуулсан юм. “Э” ХХК нь сумыг төвлөрсөн дулаанаар хангах явцдаа сургуулийн 8 галчийг цалинжуулж байгаагүй.

Гэрээний 1.6-т гэрээ 50 жилийн хугацаатай байх ба татгалзахгүй байх зарчмыг баримтална гэсэн заалт байна. Гэрээг өөрчилж цаашдаа хамтарч ажиллах саналыг Эрдэнэмандал сумын Засаг дарга нэхэмжлэгч талд санал тавьсан боловч хүлээж авдаггүй. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-т “Хурлаас гаргасан тогтоол, бусад шийдвэр нь хууль тогтоомж, Засгийн газар, тухайн асуудлыг харьяалах дээд шатны байгууллагаас гаргасан шийдвэрт нийцээгүй бол түүнийг тухайн Хурал өөрчлөх буюу хүчингүй болгоно” гэж заасан. Төсвийн тухай хуулийн 33 дугаар зүйлд санхүүжилтийн дутагдлыг нөхөх төсвөөс төлөх төлбөрийг зохицуулах зорилгоор төр ба хувийн хэвшлийн түншлэлийг хэрэгжүүлэхийг хориглоно гэж заасан. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-т иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн өмчийн зүйлсийг хүн амаа төлөөлөн өмчлөгч нь байна., 77.2-т орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах талаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараахь бүрэн эрхтэй гэж заасан учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гуравдагч этгээд “Э” ОНӨААТҮГ шүүхэд гаргасан тайлбартаа: “Э” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 05 тоот тогтоолоор байгуулагдсан. Дүрэмд заасны дагуу төрийн албан хаагчдыг албан тушаалаар, мөн иргэний төлөөллийг нэр заан баталж өгсөн. 2021 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 05 тоот дүрэм, 2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 17 тоот тогтоолоор шинэчлэн баталсан дүрмийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа болно гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагадаа Архангай аймгийн Эрдэнэмандал сумын хурлын Орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгуулах тухай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэсэн шаардлага гаргасан байна. Гэвч өнөөдрийн шүүх хуралдаанд гэрээний асуудал ярьж Орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг ярьсангүй. Засгийн газраас хэрэгжүүлсэн шинэ сум төслийн хүрээнд тухайн орон нутагт дэд бүтцийн асуудлыг нэг бүрчлэн шийдвэрлэх ёстой. Энэ асуудлыг хариуцсан аж ахуйн нэгж шаардлагатай байсан учраас тухайн үйлдвэрийн газрыг байгуулсан. Тус үйлдвэрийн газар нь 2021 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 5 тоот сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор байгуулагдсан. Үйл ажиллагааны чиглэл нь Засгийн газраас хэрэгжүүлсэн төслийн хүрээнд бохир цэвэр усны хангамж, ариутгал,  дулааны шугам сүлжээ тохижилт зэргийг хариуцан ажиллах зорилготой байгуулагдсан орон нутгийн өмчид аж ахуйн тооцоотой газар байна. Түүнээс биш төсөвт байгууллагын дан ганц дулааныг хариуцсан байгууллага биш. Эрдэнэмандал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол хууль зөрчиж гараагүй. Иргэдийн хуралд хурлаар хэлэлцэж тогтоол гаргах эрх хэмжээг хуульд заасан. Яг одоо өөрсдийнх нь ярьсан тайлбарт тулгуурлаж ярихад дулаанаар хангаж байгаа байгууллага эд өвлийн хүйтэнд ажлаа хаяад явж болохгүй. Тэгвэл төвлөрсөн дулаан тэр чигээрээ хөлдөнө. Энэ байдалдаа нэг ч удаа анхаараагүй хирнээ өнөөдрийн шүүх хуралдаанд ноцтой байдал үүсээгүй гэж ярьж байна. 2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр паар халахгүй байгаа нь ноцтой байдал биш юм уу. Хэрэв тухайн байгууллага халаалтаа өгөхгүй байж байгаад хөлдөөсөн бол хэдэн сая төгрөгийн хохирол учрах байсан. Иймд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын гаргасан шийдвэрийг үндэслэлтэй байна гэж үзэж байна гэв.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан нөхцөл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гэрчүүдийн мэдүүлэг, өмгөөлөгчийн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх зүйтэй гэж дүгнэв. Учир нь:

Уг хэргийн маргааны үйл баримтын тухайд,

1. Нэхэмжлэгч “Э” ХХК нь 2019 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр үүсгэн байгуулагдсан бөгөөд Архангай аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 02 дугаар тогтоолоор дулаан үйлдвэрлэх, дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлүүдийг 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 5 жилийн хугацаатай олгосон байна. /1х.х-н 11/

2. Улмаар Архангай аймгийн Эрдэнэмандал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 15 дугаар тогтоолоор сумын төвийг төвлөрсөн халаалттай болгох тухай сумын Засаг даргын оруулсан саналыг хэлэлцээд ““Э”” ХХК-тай гэрээ байгуулах саналыг дэмжихээр шийдвэрлэж, хамтран ажиллах гэрээ байгуулж ажиллахыг сумын Засаг даргад даалгажээ. Ийнхүү Эрдэнэмандал сумын Засаг дарга Э.Б, “Э” ХХК-ийн захирал П.З нар 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал сумын дулаан хангамжийн тоног төхөөрөмж, шугам сүлжээний угсралт, эзэмшилт ашиглалтын гэрээ байгуулсан байна. Дээрх гэрээг байгуулахаас өмнө 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр “Х” ХХК-тай дээрх агуулга бүхий гэрээ байгуулсан байх бөгөөд тус компанийг төлөөлөн иргэн П.З гэрээнд гарын үсэг зурсан байна. /1х.х-н 16-22/

3. Архангай аймгийн Эрдэнэмандал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2021 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 05 дугаар тогтоолоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3 “ж” дахь заалт, 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.2.4 дахь заалтуудыг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сум” төслийн хүрээнд хийгдэж буй цэвэр усан хангамж, бохир цэвэрлэх байгууламж, дулааны шугам сүлжээ, зам, гүүр тавих цогц ажил дуусч байгаатай холбогдуулан Эрдэнэмандал сумын төсөвт байгууллагууд, аж ахуй нэгж, айл өрхүүдийг стандарт хангасан үйлчилгээгээр хангах, шугам сүлжээ, халаалт, цэвэр, бохир, тохижилт үйлчилгээний асуудлыг бүрэн хариуцах үүрэг бүхий сумын дэд бүтцийг хариуцсан “Э” орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг байгуулж, тус газрын дүрэм, зохицуулах журмыг баталжээ. /1х.х-н 79-89, 161-163/

4. Улмаар “Э” ХХК нь дээрх тогтоолд холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаж, маргаан үүсгэсэн байна.

5. Архангай аймгийн Эрдэнэмандал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн “Сумын дэд бүтцийг хариуцсан орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг байгуулах тухай” 05 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн тухайд:

6. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006/-ийн 18 дугаар зүйлийн 18.1. дэх хэсэг Сум, дүүргийн Хурал нь Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, яам, агентлаг, дээд шатны Хуралд болон төрийн эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтанд хуулиар харьяалуулснаас бусад тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй бөгөөд дараахь асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ: 18.1.3.-т орон нутгийн өмчийн талаар: ж/орон нутгийн өмчит хуулийн этгээд байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэр гаргах, дүрмийг батлах; гэж,

7.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 1. дэх хэсэгт “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн өмчийн зүйлсийг хүн амаа төлөөлөн өмчлөгч нь байна.”, 2. дахь хэсэг Орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах талаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараахь бүрэн эрхтэй: 4/-т “орон нутгийн өмчийн хуулийн этгээд байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэр гаргаж, гүйцэтгэлд нь хяналт тавих” гэж тус тус заажээ.

8. Хуулийн дээрх заалтын агуулгаас үзвэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие даан зохион байгуулах, ингэхдээ иргэдийн ашиг сонирхолд нийцүүлэн хуулийн хүрээнд бие даан шийдвэрлэх эрхтэй байна.

9. Тодруулбал, Эрдэнэмандал сумын халаалт, дулааны асуудлыг шийдвэрлэх, уг асуудлаар орон нутгийн өмчит хуулийн этгээд байгуулах, дүрмийг батлах шийдвэр гаргах эрх хэмжээтэй ажээ. Үүнээс үзвэл, Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төсөвт байгууллагууд, аж ахуй нэгж, айл өрхүүдийг стандарт хангасан үйлчилгээгээр хангах, шугам сүлжээ, халаалт, цэвэр, бохир, тохижилт үйлчилгээний асуудлыг бүрэн хариуцах үүрэг бүхий сумын дэд бүтцийг хариуцсан “Э” орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг байгуулсан Архангай аймгийн Эрдэнэмандал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2021 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 05 дугаар тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй байна.

10. Мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2. дахь хэсэгт “Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ асуудлыг шийдвэрлэхэд оролцохыг хориглоно.” гэж заасан бөгөөд Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Эрдэнэмандал сумын дулааны шугам сүлжээтэй холбоотой асуудлаар тогтоол, шийдвэр гараагүй талаар 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 115 дугаар албан бичгээр тайлбар гаргасан болно. /2х.х-н 59/

11. Нэхэмжлэгч “Э”  ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “ ... маргаан бүхий 05 дугаар тогтоолыг гаргахдаа “Э”  ХХК-д мэдэгдээгүй, сонсох ажиллагаа явуулаагүй, ... манай компани нь Архангай аймгийн Эрдэнэмандал сумыг төвлөрсөн халаалтаар ханган ажиллахын тулд өөрийн хөрөнгө оруулалтаар, ОХУ-д үйлдвэрлэсэн 2 МВт-ын хүчин чадалтай усан халаалтын тогоо, уурын зуухны үндсэн ба туслах тоноглолууд болон сүлжээний усны насоснууд, 30 кВт-ын насос 2 ширхэг, 22 кВт-ын насос 2 ширхэг, 40 кВт-ын инвертер 1 ширхэг, 7 кВт-ын инвертер 2 ширхэг, ф159-ын турба 70м, ф159-ын бөмбөлгөн хаалт 8 ширхэг, ф159-ын зөөлөвч 2 ширхэг, десосос 1 ширхэг, бусад тоног төхөөрөмжүүд болон холбох хэрэгслүүдийг тус тус худалдан авсан ... 05 дугаар тогтоол гарснаар бидний өмчлөх эрхэд шууд халдаж, цаашид үйл ажиллагаа явуулах боломжийг хязгаарлаж, манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн ...” гэж тайлбарлажээ.

12.Архангай аймгийн Эрдэнэмандал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 02 дугаар тэмдэглэлд “ ... сургуулийн захирал Ч.Ц халаалтын өр үүсэх нөхцөл бүрдэж байгаа асуудлаар тайлбар гаргаж, “Э” ХХК-тай байгуулсан гэрээг судлах талаар хэлэлцсэн байна ...”, улмаар Эрдэнэмандал сумын Засаг даргаас 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1/447 дугаар албан бичгээр Архангай аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлд тус сумын халаалтын үйл ажиллагаанд доголдол үүссэн талаар мэдэгдэж, “Э” ХХК-ийн халаалтын асуудлыг хэвийн хэмжээнд хүргэх асуудлыг яаралтай шийдвэрлэж өгөхийг хүссэн байна. Уг албан бичгийн дагуу Архангай аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 32 дугаар албан бичгээр “Э” ХХК-д халаалтыг дутуу нийлүүлсэн, дулааны үйл ажиллагаа доголдсон нь тогтоогдсон болохыг дурдаад 8 заалт бүхий зөрчил арилгах мэдэгдлийг хүргүүлжээ. Дээрх 8 заалт бүхий шаардлагаас “Э” ХХК нь насос сольсон бөгөөд бусад шаардлагыг биелүүлээгүй гэх бөгөөд уг асуудлаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд маргаагүй болно.

13.Улмаар Эрдэнэмандал сумын Засаг дарга 2021 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 1/57 дугаар албан бичгээр “Х” ХХК /”“Э”” ХХК-ийн толгой компани гэх бөгөөд хэргийн оролцогч нар маргаагүй/ болон “Э” ХХК-тай байгуулсан Архангай аймгийн Эрдэнэмандал сумын дулаан хангамжийн тоног төхөөрөмж, шугам сүлжээний угсралт, эзэмшилт ашиглалтын гэрээг 2021 оны 2 дугаар сарын 22-ны өдрөөр тасалбар болгон, цуцалж байгаа талаар мэдэгджээ. Мөн 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 1/400 дугаартай албан бичгээр “Э” ХХК-д гэрээг цуцалж, цаашид орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг бий болгохоор төлөвлөж байгаа талаар мэдэгдэл хүргүүлсэн байна. /1х.х-н 73-74, 76/

            14. Дээрх албан бичгийн дагуу “Э” ХХК-иас 2021 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 021/008 дугаар албан бичгээр гэрээг нэг талын санаачилгаар цуцлах үндэслэлгүй талаар дурдаж, гэрээ цуцлах саналыг хүлээн зөвшөөрөхгүй талаар мэдэгджээ. Мөн 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 034 дүгээр албан бичгээр сумын Засаг даргын2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 1/400 дугаартай албан бичгийг хүлээн авсан талаар дурдаж, мөн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 37 дугаар албан бичгээр сумын дэд бүтцийг хариуцсан орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгуулсан талаарх тогтоол, шийдвэрийг ирүүлэхийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хүссэн байна. Улмаар Эрдэнэмандал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2022 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 01 дүгээр албан бичгээр маргаан бүхий 05 дугаартай тогтоол гарсан талаар мэдэгджээ. /1х.х-н 167-168, 174, 176, 2х.х-н 61-62/

            15. Архангай аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2021 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 06 дугаар тогтоолоор “Э” ХХК-ийн дулаан үйлдвэрлэх, дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн нөхцөл, шаардлагын 2020 оны зорилтын биелэлтийг “Сайн” үнэлгээтэй дүгнэсэн байна. Гэвч уг хэргийн маргааны үйл баримт, маргаан бүхий тогтоол нь 2021 оны 12 дугаар сар, түүнээс хойшхи хугацаанд хамаарч байгаа болохыг дурдах нь зүйтэй. Мөн Эрдэнэмандал сумын сум дундын эмнэлгээс 2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 03 дугаар албан бичгээр “ ... тус сумын төрөх тасгийн жигүүр халахгүй хөлдөх эрсдэл өндөр байгаа тул холбогдох газарт мэдэгдэж өгнө үү ...” гэх, Эрдэнэмандал сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний 142 дугаар албан бичгээр “ ...  тус сургуулийн уурын зуух нэгдсэн халаалтад шилжсэнээс хойш 640 хүүхдийн хичээлийн байр, 80 хүүхдийн дотуур байр, 100 хүүхдийн дотуур байрнууд хэвийн хэмжээнд бүрэн халахгүй, 100-гийн байрны төгсгөл, 640 хүүхдийн хичээлийн байрны 3 давхар тус тус хөлдөлтийн байдалд хүрээд байна ...” гэх агуулга бүхий хүсэлтүүдийг Эрдэнэмандал сумын Засаг даргад тус тус хүргүүлж байжээ. /1х.х-н 197-198/

            16. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1. дэх хэсэгт “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно.” гэж заасан бөгөөд мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1. дэх хэсэгт “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно.” гэж зохицуулсан. Гэвч уг хэргийн маргаан бүхий 05 дугаар тогтоол нь нэхэмжлэгч “Э” ХХК-ийн хувьд эрх зүйн шууд үр дагаврыг үүсгээгүй байна. Өөрөөр хэлбэл, Эрдэнэмандал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд орон нутгийн өмчит хуулийн этгээд байгуулсан, уг асуудлын хүрээнд 05 дугаар тогтоолыг гаргажээ.

            17. Түүнчлэн дээрх хуулийн 28 дугаар зүйлийн 28.1. дэх хэсэг Дараах тохиолдолд сонсох ажиллагаа хийхгүй байж болно: 28.1.1.-д “нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол” гэж заасан бөгөөд маргаан бүхий 05 дугаар тогтоол нь Эрдэнэмандал сумын нийт иргэн, аж ахуй нэгж, төрийн байгууллагад хамааралтай, тэдгээрийн эрх хууль ёсны ашиг сонирхолд нөлөөлөхүйц байна. Иймд тус сумын хэмжээний дулаан, шугам сүлжээтэй холбоотой нийтийн ашиг сонирхолд хамаарах асуудлаар шийдвэр гаргах ажиллагаа явуулахад “Э” ХХК-д тухайлан мэдэгдэх, сонсох ажиллагаа явуулж тайлбар авах шаардлагагүй гэж үзнэ. Нөгөөтээгүүр, уг хэргийн үйл баримтад дурдагдаж буй “Хангай илч дулаан” ХХК нь нэхэмжлэгч “Э” ХХК-ийн толгой компаниа гэх бөгөөд Эрдэнэмандал суманд дулааны асуудал хариуцсан орон нутгийн өмчид хуулийн этгээд байгуулах асуудлаар дээрх компаниудад мэдэгдсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

            18. Шүүхээс 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Эрдэнэмандал сумын Уурын зууханд газар дээр нь үзлэг хийсэн бөгөөд “Э” ХХК-ийн үлдээж явсан ажилладаггүй гэх тогоо 1 ширхэг, ф159 ус дамжуулах турба, бөмбөгөр хаалт 8 ширхэг байсан бөгөөд шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдсан бусад хөрөнгийг авч явсан гэх тайлбар гаргасан болно. Тухайлбал, гэрч Р.Е шүүхэд өгсөн мэдүүлэгтээ “ ... өнгөрсөн намар 11 сард “Э” ХХК нь 30квт 2 нацос, 22 квт 2 нацос, жижиг хаалт, турба, тогооны пинцос, аваарын калаф зэрэг бүгдийг нь салгаж авч явсан. Одоо үлдсэн нь тогоо л байгаа, тэгээд оронд нь манайх тогоогоо тавьсан. Тогоогоо 2021 оны 11 дүгээр сарын 20-ны үеэр тавьсан. Одоо манай дээр тэр компаниас ф159 турба л ажиллаж байгаа, үүнийг салгаж авах боломжгүй. Ф159 бөмбөлөгөн хаалт одоо 4 байгаа,  ф159 зөөлөвчөө аваад явсан, 40квт-ын инвертерээ авсан, 7квт-ын инвертер 2 ширхгийг авсан, мөн десосоо аваад явсан. Эдгээрийг н.Бямбадорж захирал явсан, н.Б нь 4 хүний хамт өргөдөг кран том тэрэгтэй Өвөрхангайн хүмүүстэй ирээд аваад явсан ...” гэх тайлбар гаргажээ. /1х.х-н 124-125, 203-208, 213/

            19. Мөн нэхэмжлэгч “Э” ХХК нь тус суманд үйл ажиллагаа явуулж байх хугацаандаа уурын зуухны галч ажилтан нарын цалинг олгож байгаагүй бөгөөд уг иргэд нь сумын Ерөнхий боловсролын сургуулийн төсвөөс цалинждаг байсан болох нь гэрч Р.Е, Т.Б нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдлоо. /1х.х-н 212-214, 218-219, 221-222/

            20. Түүнчлэн Архангай аймгийн Эрдэнэмандал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 15 дугаар тогтоолоор “Э” ХХК-тай гэрээ байгуулах саналыг дэмжиж шийдвэрлэсэн бөгөөд энэхүү акт нь хүчин төгөлдөр байна. /1х.х-н 16/

            21. Иймд маргаан бүхий 05 дугаар тогтоолын улмаас “Э” ХХК-ийн өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

            22. 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн “Архангай аймгийн Эрдэнэмандал сумын дулаан хангамжийн тоног төхөөрөмж, шугам сүлжээний угсралт, эзэмшилт ашиглалтын гэрээ”-г үргэлжлүүлэхгүй байгаа Эрдэнэмандал сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль болохыг тогтоож, гэрээг үргэлжлүүлэхийг даалгах шаардлагын тухайд:

            23. Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Засаг дарга Э.Б “Э” ХХК-ийн захирал П.З нар 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр “Архангай аймгийн Эрдэнэмандал сумын дулаан хангамжийн тоног төхөөрөмж, шугам сүлжээний угсралт, эзэмшилт ашиглалтын гэрээ”-г 50 жилийн хугацаатай байгуулжээ. Тус гэрээний 6.1.1-д “Б” тал гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэт биелүүлээгүй бол “А” тал гэрээг цуцлах тухай мэдэгдлийг Б талд бичгээр хүргэнэ., 6.1.3-т Б тал гэрээг цуцлах тухай мэдэгдэлд заасан хугацаанд гэрээг зөрчсөн нөхцөл байдлаа залруулаагүй, залруулах хөтөлбөр ирүүлээгүй бол гэрээ цуцлах мэдэгдэл хүлээн авснаас хойш 30 хоногийн дараа гэрээ цуцлагдана., 6.2.1-д А тал гэрээ зөрсний улмаас гэрээг цуцлах тохиолдолд Б талд нөхөн олговор олгох бөгөөд энэхүү нөхөн олговор нь дараах нийлбэр дүнгээс бүрдэнэ.,7.2-т Нэг талаас нөгөө талд маргаан шийдвэрлэх хүсэлт хүргүүлснээс хойш 90 өдрийн дараа аливаа маргааныг шийдвэрлэж чадаагүй тохиолдолд аль ч тал энэхүү маргааныг шүүхэд хандан шийдвэрлүүлнэ гэж тусгажээ. /1х.х-н 21-22/

            24. Нэхэмжлэгч “Э” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагадаа “ ... Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Засаг даргаас үндэслэлгүйгээр  гэрээ цуцлах тухай мэдэгдэл хүргүүлж, “Э” ХХК-ийн үйл ажиллагаа явуулах боломжийг хязгаарлаж, цаашид хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болгож эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь зөрчсөн ...” гэж тайлбарлаж байна.

            25. Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.1. дэх хэсэгт “Захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн харилцааг үүсгэж, өөрчилж, эсхүл дуусгавар болгохоор захиргааны гэрээг эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлэн байгуулж болно.”, 52.2. дахь хэсэг Дараах харилцаанд захиргааны гэрээг хэрэглэж болно: 52.2.3.-т “дэд бүтцийн болон нийгмийн суурь үйлчилгээг бий болгох, тогтвортой ашиглахтай холбогдсон харилцаанд”, 56 дугаар зүйлийн 56.1. дэх хэсэгт “Захиргааны гэрээний агуулгын голлох ач холбогдол бүхий харилцаа тухайн гэрээг байгуулснаас хойш бүхэлдээ өөрчлөгдсөн, гэрээний аль нэг тал гэрээний анхны зохицуулалтыг цаашид баримтлах боломжгүй гэж үзсэн бол уг гэрээнд өөрчлөлт оруулахыг шаардах эрхтэй.”, 56.2. дахь хэсэгт “Өөрчлөх боломжгүй, эсхүл гэрээний аль нэг тал өөрчлөлт оруулахгүй гэж үзвэл захиргааны гэрээг цуцална.”, 56.3. дахь хэсэгт “Захиргааны байгууллага нийтийн ашиг сонирхолд ноцтой хор уршиг учруулахаар бол түүнээс урьдчилан сэргийлэх, эсхүл арилгах үүднээс захиргааны гэрээг дангаар цуцалж болно.”, 56.4. дэх хэсэгт “Захиргааны гэрээг цуцлах үндэслэл тодорхой байхыг шаардах бөгөөд түүнийг бичгээр илэрхийлнэ.”, 58 дугаар зүйлийн 58.1. дэх хэсэгт “Захиргааны гэрээнд энэ хуулийн Тавдугаар бүлэгт зааснаас гадна Иргэний хуульд заасан гэрээний суурь зохицуулалт нэгэн адил үйлчлэх бөгөөд өөрөөр зохицуулсан захиргааны хэм хэмжээ байхгүй тохиолдолд нөхөн тохируулж хэрэглэнэ.” гэж,

26. Мөн Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1. дэх хэсэгт “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй.”, 227 дугаар зүйлийн  227.1. дэх хэсэгт “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй.” гэж тус тус зохицуулжээ.

            27. Хууль болон маргаан бүхий гэрээний зохицуулалтын агуулгаас үзвэл гэрээний А тал болох Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Засаг дарга нь гэрээнээс татгалзах буюу гэрээг цуцлах эрх хэмжээтэй байна. Харин нэхэмжлэгч “Э” ХХК нь Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Засаг даргыг гэрээний үүргээ зөрчсөн гэж үзвэл үүнээс учирсан хохирлыг арилгуулах асуудлаар шаардах  эрхээ эдлэх боломжтой юм.

            28. Нөгөөтээгүүр,  2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн “Архангай аймгийн Эрдэнэмандал сумын дулаан хангамжийн тоног төхөөрөмж, шугам сүлжээний угсралт, эзэмшилт ашиглалтын гэрээ”-г үргэлжлүүлэхгүй байгаа Эрдэнэмандал сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.

29.Тодруулбал, дээр дурдсанчлан “Э” ХХК-ийн үйл ажиллагаанд доголдол үүссэн, хөлдөх эрсдэл үүссэн болохыг Архангай аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөл тогтоосон, улмаар зөрчил арилгуулах талаар мэдэгдсэн, гарсан зөрчлийг бүрэн гүйцэт арилгаагүй байх бөгөөд улмаар Архангай аймгийн Эрдэнэмандал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 05 дугаар тогтоолыг баталж, тус тогтоолын 3 дахь заалтаар сумын дэд бүтцийг хариуцсан “Э” орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын үйл ажиллагааг бүх талаар дэмжиж, үйл ажиллагааг жигдрүүлэхийг сумын Засаг даргад даалгажээ. 

            30. Дээрх үйл баримтаас үзвэл маргаан бүхий гэрээг үргэлжлүүлэхгүй байгаа сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна. Түүнчлэн Эрдэнэмандал сумын Засаг даргын энэхүү эс үйлдэхүй нь ямар хууль, тогтоомжийг зөрчсөн болох, улмаар ямар үндэслэлээр хууль бус гэж үзэж байгаа талаар нэхэмжлэгчээс үндэслэл бүхий тайлбар гаргаагүй болно.

            31. Иймд дээрх хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч “Э” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

32. Нэхэмжлэгч “Э” ХХК нь 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр “Архангай аймгийн Эрдэнэмандал сумын дулаан хангамжийн тоног төхөөрөмж, шугам сүлжээний угсралт, эзэмшилт ашиглалтын гэрээ”-нээс үүссэн хохирлоо иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй болохыг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3 дугаар зүйлийн 106.3.14 дахь заалт, 107, 108 дугаар зүйлүүдийг удирдлага болгон               

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006/-ийн 18 дугаар зүйлийн 18.1. дэх хэсгийн 18.1.3. ж/,  Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4/, Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1. дэх хэсгийн 28.1.1., 56 дугаар зүйлийн 56.3. дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч “Э” ХХК-иас Архангай аймгийн Эрдэнэмандал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Эрдэнэмандал сумын Засаг дарга нарт холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Эрдэнэмандал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн “Сумын дэд бүтцийг хариуцсан орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг байгуулах тухай” 05 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн “Архангай аймгийн Эрдэнэмандал сумын дулаан хангамжийн тоног төхөөрөмж, шугам сүлжээний угсралт, эзэмшилт ашиглалтын гэрээ”-г үргэлжлүүлэхгүй байгаа Эрдэнэмандал сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль болохыг тогтоож, гэрээг үргэлжлүүлэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.ОДОНТУЯА