| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Буянжаргал |
| Хэргийн индекс | 150/2019/0023/Э |
| Дугаар | 2020/ДШМ/15 |
| Огноо | 2020-02-19 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., 18.6.1., |
| Улсын яллагч | Т.Дэлгэрсайхан |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 2020/ДШМ/15
Д.С нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:
Даргалагч, шүүгч Б.Батзориг
Шүүгчид Д.Буянжаргал
Г.Давааренчин
Оролцогчид
Прокурор Т.Дэлгэрсайхан /онлайн/
Шүүгдэгч нарын өмгөөлөгч П.Буманзаяа,
Ө.Өлзиймаа /онлайн/
Хохирогч А.Батсайхан
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцож, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/03 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчид, тэдгээрийн өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлоор Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Д-н С, Б овогт Э-н А, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У овогт Б-н Г, Ш овогт Б-н Ш, З овогт Н-н А нарт холбогдох эрүүгийн 1933000080009 дугаартай, 4 хавтас эрүүгийн хэргийг 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч танилцаад, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1996 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд төрсөн, эрэгтэй, 22 настай, бүрэн бус дунд боловсролтой мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав ээж, дүүгийн хамт, Сэлэнгэ аймгийн Хүдэр сум, 1 дүгээр баг Тарвагатайн Гарбушкин 5-7 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б овогт Э-н А РД/МП96120616/,
Монгол Улсын иргэн, 1997 оны 08 дугаар сарын 04-ны өдөр Булган аймгийн Гурванбулаг суманд төрсөн, эрэгтэй, 22 настай, бүрэн дунд боловсролтой. мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, аав, ээж, 3 дүүгийн хамт Архангай аймгийн Хашаат сум, 4 дүгээр баг, Цагаан хад багийн Шарын бууц гэх газарт оршин суух, ял шийтгэлгүй, Х овогт Д-н С РД:/ГГ97080415/
Монгол улсын иргэн, 2000 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой. Гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 2, аавын хамт, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын 1 дүгээр баг, Тарвагатай булагтай 6 дугаар гудамж 2 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, У овогт Б-н Г /РД:МП00241018/
Монгол Улсын иргэн, 1995 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Увс аймгийн Малчин суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, боловсролгүй, мал малладаг, ам бүл 4 эхнэр 2 хүүхдийн хамт, Дархан-Уул аймаг Хонгор сумын 2 дугаар баг, Хүйтний гол гэх газар оршин суух, Ш овогт Б-н Ш /РДЮЖ95042814/
Монгол Улсын иргэн, 1982 оны 12 дугаар сарын 24-ны өдөр Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, мал малладаг, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт, Дархан-Уул аймгийн Малчин багт оршин суух хаягтай урьд 4 удаагийн ял шийтгэлтэй, З овогт Н-н А /РД:ОЙ82122413/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.С, Э.А нар нь бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын 1-р багийн нутаг дэвсгэрт байрлах Дагнай гэх газраас иргэн А.Батсайханы 15, С.Оюуны 1 тооны адууг хулгайлж бусдын олон тооны малыг хулгайлсан,
Шүүгдэгч Б.Г нь 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Д.С, Э.А нарын хулгайн гэмт хэрэг үйлдэж олсон 16 тооны адууг зарж борлуулснаас олсон орлого гэдгийг мэдсээр байж 500,000 төгрөг авч, мөнгө угаах,
Анхан шатны шүүх Д.С, Э.А, Б.Г, Б.Ш, Н.А нарт холбогдох хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хянан хэлэлцээд 03 дугаартай шийтгэх тогтоолоор:
“1. Шүүгдэгч Х овогт Д-н С, Б овогт Э-н А нарыг бүлэглэн бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, У овогт Б-н Г, Зуутраг овогт Нямаагийн Аптангэрэл, Ш овогт Б-н Ш нарыг мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай,
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Сид 1 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял, Э.Амартулгыг 1 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Алтангэрэлд 06 сарын хугацаагаар хорих ял, Б.Шт 06 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Б.Гд Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлж энэ хугацаанд гэмт хэргийн хор уршиг буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлөх үүргийг хүлээлгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн 8.7 дугаар зүйлийн 3, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 192 дугаар зүйлийн 192.1,192.2-д зааснаар Б.Гд оногдуулсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг Сэлэнгэ аймгийн хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлж, Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллага мэргэжил арга зүйн удирдлагаар хангахыг үүрэг болгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Сид оногдуулсан 01 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял, Э.Ад оногдуулсан 01 жил, 10 хоногийн хугацаагаар хорих ял, Б.Шт очогдуулсан 06 сарын хугацаагаар хорих ял, Н.Ад оногдуулсан 06 сарын хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
7. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт Д.С, Э.А нарын цагдан хоригдсон 351 хоног, Н.Аийн цагдан хоригдсон 17 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцсугай.
8. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3-д зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон мөнгө буюу хулгайлсан адуу зарж олсон мөнгө болох 1.000.000 төгрөгийг шүүгдэгч Э Амартулгаас хураан авч, шүүгдэгч Н.Аийн, Д.Соос 500.000 төгрөг, Б.Гаас 500.000 төгрөг хураан авч шүүгдэгч Б.Шын хохирлыг төлүүлсүгэй.
9. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4-д зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох Б.Шын “Хюндай портер” маркийн 42- 02 ДАХ улсын дугаартай 1.800.000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийг хураан авч Б.Шын хохирлыг төлүүлж Д.Сийн “Супер Даун” маркийн улсын дугааргүй 1.200.000 төгрөгийн үнэлгээ бүхий мотоцикпийг хураан авч улсын төсөвт шилжүүлсүгэй.
10. Иргэний хуулийн 229.дугаар зүйлийн 2, 497 дугаар зүйлийн 497.3, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Б.Гаас 3,378,950 төгрөг, Б.Шаас 3,498,950 төгрөг, Н.Аээс 3,498,950 төгрөгийг А.Батсайханд, Н.Аээс 150,000 төгрөг, Б.Шаас 150,000 төгрөгийг гаргуулах хохирогч С.Оюунд тус тус олгосугай.
11. Шүүгдэгч Э.А, Д.С, Б.Ш, Н.А нарт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, Б.Гд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
12. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан алдагдсан адууны арьс ширэнд үзлэг хийсэн Си ди 1 ширхэг, Д.Сийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны үеийн дуу дүрсний бичлэг хийсэн Си ди 1 ширхгийг хавтаст хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт хураагдсан Б.Гы гэмт хэрэг үйлдэж олсон 380.200 төгрөгийг хураан авч хохирол нөхөн төлүүлэх, бор түрийвч цээж зураг зэргийг буцаан олгож, мөнгөлөг саарал өнгийн корпустай iphone маркийн гар утсыг Д.Сид, Нокиа -2330 загварын хар өнгийн корпустай гар утсыг Э.Ад олгосугай.
13. Энэ хэрэгт Б.Г, Б.Ш нар урьдчилан хоригдсон хоноггүй, Н.А хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 40.000 төгрөг төлсөн, бусад шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт мөрдөн байцаагчийн тогтоолоор “Хюндай портер” маркийн 42-02 ДАХ улсын дугаартай автомашин, “Супер Даун” маркийн улсын дугааргүй мотоцикл битүүмжилсэн болохыг тус тус дурдсугай.” гэж, эрх бүхий этгээд давж заалдах гомлол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Н.А давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...10 сарын 4-нд нүүрэлдэхэд Сандагдорж нь би өмнө нь худлаа мэдүүлэг өгсөн. Ченж нарт хулгайн адуу гэж хэлээгүй. Гэмгүй хүмүүсийш хэрэгт татан оруулсан буруу гэж бодож байна гэж мэдүүлсэн. Амартулга адууны үнэдгээ өндөр гарсан болохоор төлбөрөө хуваая гэж бодоод ченж нарт хэлсэн гэж худлаа мэдүүлсэн юм гэсэн байдаг. Би Шинэбаяртай адуун дээр очиж үнэ л ярилцсан. Тэр залуучууд өөр зүйл надтай яриагүй. Би янз бүрийн юм асуугаагүй. Үүний төлөө буруутгагдаж ял авсанд гомдолтой байна. Надаас А.Батсайханд 3.498.950 төгрөг С.Оюунд 150.000 гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу юм. Би 16 тооны адуунас нэг төгрөг аваагүй гэжээ.
Шүүгдэгч Б.Гы өмгөөлөгч Ө.Өлзиймаа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2020/шцт/03 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Миний үйлчлүүлэгч Б.Гыг мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж тооцсоныг болон, түүнд ял оногдуулахгүйгээр тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх эрүүгийн хариуцлага хүлээлгэсэнтэй маргах зүйл байхгүй болно. Харин Иргэний хуулийн 222.9 дүгээр зүйлийн 497.3, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Б.Гаас 3,378,950 төгрөгийг А.Батсайханд гаргуулах гэсэнтэй санал нийлэхгүй байна.
Учир нь шүүх Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.1 дэх хэсэгт зааснаар Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ гэсэн хуулийг мөнгө угаах гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгч нарын үйлдэл оролцоог ялгаж салгаж зөв дүгнэж чадсангүй гэж үзэж байна. Хэрэгт авагдсан хэргийн үйл явдалаас үзэхэд шүүгдэгч Б.Ш, Н.А, Б.Г нар нь мөнгө угаах гэмт хэрэгт холбогдсон гэж зүйлчлэгдсэн байдаг боловч хэргийн жинхэнэ бодит нөхцөл байдалд шүүгдэгч Б.Г нь энэ хоёр шүүгдэгч нартай санаатай нэгдсэн үйл баримт тогтоогдоогүй. Тэрээр хулгайн мал худалдан авах гэсэн малын чэнж биш байсан. хулгайн мал гэдгийг мэдээгүй сүүлд Дарханд ирсэн хойноо Амартулгын эгчийн гэр байхад шүүгдэгч Э.А, Д.С нар хулгайн адуунуудыг зарсан мөнгөнөөс 500,000 төгрөг түүнд өгөхдөө хулгайн мал байсан гэдгийг хэлэхэд мэдсэн байдаг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Өөрөөр хэлбэл: түүний үйлдэл оролцоо нь мал хулгайлахад оролцоогүй, хулгайн малын худалдан авах зорилго агуулагдаагүй, хулгайн гэмт хэргээс олсон 500,000 төгрөгийг авсан нь мөнгө угаах гэмт хэрэгт холбогдох нөхцөл бүрдсэн. Гэтэл түүний энэ үйлдэл оролцоог бусад 4 шүүгдэгч нартай адилтгаж үзсэн нь шүүх хохирол төлбөрийг ялгамжтай оногдуулах боломжийг шүүгдэгч Б.Гд хэрэглэх боломжтой байхад үндэслэлгүйгээр 3,378,950 төгрөгийг гаргуулахаар тогтоосныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүгдэгч Б.Г нь гэмт хэргийн улмаас олсон 500,000 төгрөг авсан нь үнэн. Уг мөнгө шүүгдэгч Б.Ш, Н.А нарын мал худалдан авахдаа урьдчилгаанд өгсөн мөнгө байсан. Энэ нь хулгайлах үйлдэл нэгэнт төгссөний дараах үйлдэл. Хохирогч А.Батсайханд эд хөрөнгийн гэм хор учруулаагүй. Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Гы үйлдэлд зөв зүйтэй дүгнэлт хийж чадаагүйг анхаарч үзэн, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хохирол төлбөр гаргуулах хэсэгт өөрчлөлт оруулж шүүгдэгч Б.Гыг 3,378,950 төгрөгийн хохиролыг хохирогч А.Батсайханд гаргуулах гэснийг хэрэгсэхгүй болгож өөрчлөлт оруулж өгнө үү гэв.
Шүүгдэгч Н.А, Б.Ш нарын өмгөөлөгч П.Буманзаяа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Б.Ш, Н.А нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хэрэг учрал 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр гарсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д зааснаар “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” гэсний дагуу хэрэг гарснаас хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн байгаа юм гэв.
Шүүгдэгч Э.Амартулгын өмгөөлөгч Д.Даваахүү давж заалдах шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн ЭХХШТХ-ийн заалт, үндсэн зарчмыг бүрэн хангасан гэж үзэж байна. Бусдын хулгайлсан малыг гарал үүслийн бичиггүй гэдгийг мэдсээр байж, гарал үүслийн бичгийг нь бид өөрсдөө зохицуулна гээд, малыг Дархан-Уул аймаг руу хөдөө хээрээр тууж оруулах замыг нь зааж өгч байгаа, 16 тооны адууг маш хямд үнээр худалдан авч шөнө оройн цагаар даага сарваатай нь махалж, гэдэс дотрыг хаяж байгаа үйл баримт нь хангалттай нотлох баримтаар нотлон тогтоогдож байгаа учир малын ченж гэх Б.Ш, Н.А нарыг мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй. Шүүгдэгч Э.А, Н.Сандагдорж нарын хувьд гэмт хэргийн талаар мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хэргийн үйл баримтаар малын ченж гэх Н.А, Б.Ш нар нь мөнгө угаах үйлдлийг хийсэн гэдэг тодорхой нотлогдож байхад эдгээр шүүгдэгч нар нь хохирлоо нөхөн төлөхийн тулд биднийг гүтгэж байна гэсэн байдлаар хандаж мөрдөн байцаалт болон шүүхэд мэдүүлэг өгч байгаа нь үндэслэлгүй бөгөөд гэм буруугаа ойлгохгүй, гэмшихгүй, өөрсдийнхээ үйлдэлд дүгнэлт хийхгүй байна гэж үзэж байна. Харин уг хэрэгт ченж нарыг холбогдуулан шалгах ажиллагаа сунжирсан, ченж нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй, хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцах зэргээр хугацаа их алдсан, энэ хугацаанд шүүгдэгч Д.С, Э.А нар нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээтэй, урьдчилан хорих байранд хоригдож байсантай холбоотойгоор хэргээ хурдан шийдүүлэх, хорих ангид очиж ажлын хоног авч хэд хоногын өмнө ч болсон суллагдахын тулд сүүлдээ ченж нарыг хаяад хоёулаа дангаараа хэргээ хүлээе гэж ярилцаж тохиролцсон байна. Түүнээс биш хохирлоо хувааж төлөх зорилгоор тэднийг хулгайн адуу гэдгийг мэдэж байсан гэж мэдүүлсэн, Н.А, Б.Ш нарт хулгайн адуу гэж хэлээгүй тэд нар энэ талаар огт мэдээгүй гэдэг нь худлаа мэдүүлэг юм, аль алин нь мэдэж байсан харин Гэрэлчулуун юу ч мэдээгүй, бүх үйлдэл төгссөний дараа мэдсэн гэдэг. Н.А, Б.Ш нарыг хурал хойшлох, нүүрэлдүүлэн байцаахаар авчрах үед Сандагдорж, Амартулга нарт нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй байна. Д.С нь Амартулгаас ченж нарыг хаячихья гэж хэлсэн байдаг. Шүүгдэгч Д.С, Э.А нарын хувьд ямар нэг байдлаар нөлөөнд орсон, эсхүл хэрэг шийдэгдэхгүй удсантай холбоотойгоор мэдүүлэг нь өөрчлөгдсөн хэдий ч Н.А, Б.Ш нарын мөнгө угаасан гэм буруутай үйлдэл нь 1-р хавтаст хэргийн 78, 23-р талд авагдсан нотлох баримт, Д.С, Э.А нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, гарал үүсэлгүй малыг худалдан авч, өөрсдөө таньдаг малын эмчээсээ гарал үүслийн бичиг авч байгаа болон малыг шөнө орой яаран нядалж, гэдэс дотрыг хаяж байгаа зэрэг үйл баримтаар хангалттай нотлох тогтогдож байна. Иймд 39.9-р зүйлийг 1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн шүүгдэгч Н.А, Б.Ш нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
Хохирогч А.Батсайхан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ченж Н.А Б.Ш нар нь хохирогчид арьс шир, махыг буцааж өгсөн гэсэн тайлбарыг хэлж байна. Үүнд тайлбар хэлэхэд махыг цагдаагийн ажилтан надад хүлээлгэж өгөх гэсэн. Цагдаа “энэ махаа яах вэ” гэж асуухад би “ченж нараар өөрсдөөр нь борлуулъя, сүүлд нь хохирлоо тогтоолгоод махны үнийг хасуулж авъя” гэж хэлсэн гэв.
Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: ...Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс Н.А, Б.Ш нарыг Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн ял халдаасан нь үндэслэлгүй болсон тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Н.А, Б.Ш нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхээс 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн №2020/ШЦТ/03 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Н.Аптангэрэл, Б.Ш нарыг мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгчийн зүгээс хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, шүүх хуралдаанд шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг зэргээс дүгнэхэд Н.А, Б.Ш нарыг мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдохгүй байна гэжээ.
Яллагдагч Д.С, Э.А, Б.Г нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргээс гадна хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар буюу гэрч Н.Аптанхуягийн мэдүүлэг /хх-ийн 157 хуудас/, гэрч Ш.Алтантүгжийн мэдүүлэг /хх-ийн 27-28 хуудас/, гэрч Б.Норовсамбуугийн мэдүүлэг /хх-ийн 29-30 хуудас/, мал эмнэлэг, ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээ №00051091 /хх-ийн 1 дүгээр хавтасны 32 хуудас/, яллагдагч Д.Сийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 2 дугаар хавтас 196-197 дугаар хуудас/, 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-4, 5-11-р хуудас/, 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн эд зүйл баримт бичиг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол ...адууны арьс, толгой, шийрэнд хийсэн үзлэгийг бэхжүүлсэн дүрс бичлэг, үзлэгээр бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 1 дүгээр хавтасны 159-162 хуудас/ зэрэг бичгийн баримтуудаар Н.А, Б Шинэбаяр нарыг мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн үйл баримтууд буюу Д.С Э.А нарын хулгайн гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж 16 тооны адууг худалдаж авсан /зах зээлийн ханшаас хэт доогуур буюу 5.000.000 төгрөгөөр авсан, 16 тооны адууг бага насны адуу, хээлтэй адуу гэлтгүй шөнө оройн цагаар яаравчлан нядласан, ченж буюу малын махнаас ашиг олох зорилготой байтал малын гэдэс дотор арьс ширийг нь нядалсан газраа орхисон/, хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалсан /хулгайн зам гэх буюу цагдаагийн постноос холуур гарах замын шүүгдэгч Э.А, Д.С нарт заасан, малын гарал үүслийн гэрчилгээг хууль бусаар олж авч ашигласан/ нөхцөл байдлууд нь тогтоогдсон. Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий ноцтой зөрчил гараагүй болно.
Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн №2020/ШЦТ/03 дугаартай шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан бөгөөд тухайн хэрэгт хамааралтай ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Н.А, Б.Ш нарын үйлдсэн мөнгө угаах гэмт хэрэг нотлогдсон талаарх шүүхийн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалд нийцсэн гэж үзэж байна. Иймд шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс гаргасан гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байх тул Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн №2020/ШЦТ/03 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр тайлбар гаргаж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.С Э.А, Б.Г, Н.А, Б.Ш нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд Д.С, Э.А нарыг бүлэглэн бусдын олон тооны мал хулгайлсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Д.С, Э.А нарт 01 жил 10 хоногийн хорих ял оногдуулж, Б.Г, Н.А, Б.Ш нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-д заасан мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Н.А, Б.Ш нарт 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгч нарт оногдуулсан уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Б.Гд хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч, Д.С, Э.А, Н.А, Б.Ш нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба Д.С, Э.А нарын цагдан хоригдсон 351 хоног, Н.Аийн цагдан хоригдсон 17 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу Д.С, Э.А, Б.Г, Н.А, Б.Ш нарт холбогдох эрүүгийн 1933000080009 дугаартай хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг бүхэлд нь хянавал:
Шүүгдэгч Д.С, Э.А нар нь бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын 1-р багийн нутаг дэвсгэрт байрлах Дагнай гэх газраас иргэн А.Батсайханы 15, С.Оюуны 1 тооны адууг хулгайлж бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч А.Батсайхан /1-р хх-ийн 57-58, 3-р хх-ийн 219-250-р ху/, С.Оюун /1-р хх-ийн 240-242, 3-р хх-ийн 219-250-р ху/ нарын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, гэрч Н.Алтанхуяг /2-р хх-ийн 82-р ху/, Ч.Пүрэвсүрэн /1-р хх-ийн 21-р ху/, Н.А /1-р хх-ийн 166-167-р ху/, Б.Г /1-р хх-ийн 168-169-р ху/ нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд, 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 03-04, 05-11-р ху/,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 160-163-р ху/, Үл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгийн үнэлгээний “Капитал зууч” ХХК-ий шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 142-145-р ху/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүх гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар үндэслэл бүхий дүгнэлт хийж гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд хуульд заасан ял шийтгэл оногдуулсан тул гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар хэргийн оролцогчдын зүгээс ямар нэгэн гомдол хүсэлт гаргаагүй байна.
Харин Д.С, Э.А нар нь давж заалдах шатны шүүхээр хэргийг хэлэлцэх хүртэл нийт 395 хоног буюу 01 жил 01 сар цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д ...Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно.... гэж заасны дагуу анхан шатны шүүхээс тэдэнд оногдуулсан 01 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялыг эдэлсэнд тооцох үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Шүүгдэгч Б.Ш, Н.А нар нь 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Э.А, Д.С нарын хулгайн гэмт хэрэг үйлдэж олсон 16 тооны адууг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж 5,000,000 төгрөгөөр худалдан авч мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч А.Батсайхан /1-р хх-ийн 57-58, 3-р хх-ийн 219-250-р ху/, С.Оюун /1-р хх-ийн 240-242, 3-р хх-ийн 219-250-р ху/ нарын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, гэрч Н.Алтанхуяг /2-р хх-ийн 82-р ху/, Ч.Пүрэвсүрэн /1-р хх-ийн 21-р ху/, Н.А /1-р хх-ийн 166-167-р ху/, Б.Г /1-р хх-ийн 168-169-р ху/, Б.Норовсамбуу /1-р хх-ийн 29-30-р ху/, Ш.Алтантүгж /1-р хх-ийн 27-28-р ху/ нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд, 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 03-04, 05-11-р ху/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 160-163-р ху/, Үл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгийн үнэлгээний “Капитал зууч” ХХК-ий шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 142-145-р ху/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Хэдийгээр шүүгдэгч Б.Ш, Н.А, тэдний өмгөөлөгч П.Буманзаяа нарын зүгээс уг гэмт хэргийг үйлдээгүй гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан боловч шүүгдэгч нар нь 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Э.А, Д.С нарын хулгайн гэмт хэрэг үйлдэж олсон 16 тооны адууг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж 5,000,000 төгрөгөөр худалдан авч мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэн болох нь дээр дурьдсан нотлох баримтууд, гэрч Ш.Алтантүгжийн мөрдөн байцаалтанд өгсөн ...Дарханы хогийн цэгийн дээд талд байх Баяраа гэдэг айлын хаваржааны дээр 16 тооны хар алаг, хонгор зүсмийн унага, хээр зүсмийн адуунууд байх шиг байсан. Би хар зүсмийн гүү, хул зүсмийн даага, хээр даага, хул зүсмийн унагыг гаргасан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 27-28-р ху/, гэрч Б.Норовсамбуугийн мөрдөн байцаалтанд өгсөн ...Бид нарын гаргасан адууны гэдэс, толгой, шийр тухайн адуу гаргасан газраа байгаа, би ... яагаад гэдэс хаяад байгаа юм бэ, сайхан цэвэрлээд аваач, яасан залхуу юм бэ... гэхэд тэр залуус дуугарахгүй байсан..., Гэхдээ өмнө нь би Алтангэрэлийн малыг гаргаж байхад малынхаа гэдэс дотрыг авдаг байсан бөгөөд манай эхнэр цэвэрлэдэг байсан юм... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 29-30-р ху/ болон эрүүгийн хэрэгт хамаарал бүхий бусад байдлууд болох гэмт хэргийн замаар олдсон 16 тооны адууг маш бага үнээр худалдаж авсан, шөнийн цагаар хээлтэй болон төл мал зэргийг харгалзалгүйгээр бүгдийг нядалж улмаар өмнө нь ашигладаг байсан дайвар бүтээгдэхүүнүүдийг газар дээр нь хаясан зэрэг үйлдлүүдээр нотлогдон тогтоогдсон гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Түүнчлэн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.4 дүгээр зүйлийн 2-д “...Яллагдагчийн нүүрэлдэж мэдүүлэг өгөх хүсэлтийг гэрч, хохирогч, бусад яллагдагч зөвшөөрсөн бол нүүрэлдүүлж мэдүүлэг авч болно...” гэсэн заалтыг буруу тайлбарлаж шүүгдэгч нарыг нүүрэлдүүлэн байцаасан мэдүүлгийг хууль зөрчиж авсан мэдүүлэг гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй боловч энэ нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудалд нөлөөлөхгүй, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг хавтаст хэрэгт авагдсан дээр дурьдсан нотлох баримтуудаар нотлогдсон бөгөөд анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж хуульд заасан ял шийтгэлийг оногдуулсан, Иргэний хуулийн 229 дугаар зүйлийн 229.2-д ...Гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзнэ... гэж заасны дагуу тэдний гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзэж гэм хорын хохирлын тодорхой хэсгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байх тул энэ талаар гаргасан шүүгдэгч Б.Ш, Н.А болон тэдний өмгөөлөгч П.Буманзаяа нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
Харин Б.Ш, Н.А нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-д заасан “Мөнгө угаах” гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг ...Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ... гэж хуульчилжээ.
Гэтэл шүүгдэгч нар нь 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр дээрхи гэмт хэргийг үйлдсэн бөгөөд гэмт хэрэг үйлдснээс хойш 01 жилийн хугацаа өнгөрсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1-д Гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй:
1.1. энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн...; гэж заасны дагуу тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Г нь 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Д.С, Э.А нарын хулгайн гэмт хэрэг үйлдэж олсон 16 тооны адууг зарж борлуулснаас олсон орлого гэдгийг мэдсээр байж 500,000 төгрөг авч, мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэн болох нь дээр дурдсан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон бөгөөд анхан шатны шүүх Иргэний хуулийн 229 дугаар зүйлийн 229.2-д ...Гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзнэ... гэж заасны дагуу түүний гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзэж гэм хорын хохирлын тодорхой хэсгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байх тул шүүгдэгч Б.Г болон түүний өмгөөлөгч Ө.Өлзиймаа нарын гаргасан давж заалдах гомдлын үндэслэлийг хүлээн авах боломжгүй бөгөөд харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1-д Гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй:
1.1.энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн...; гэж заасны дагуу түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох боломжтой гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Иймд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/03 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 3, 4, 5 дугаар заалтуудыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1, 1.1-д зааснаар Прокурорын газраас шүүгдэгч Б.Г, Н.А, Б.Ш нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.С, Э.А нарын цагдан хоригдсон 395 хоногийг тус тус ял эдэлсэн хугацаанд нь оруулан анхан шатны шүүхээс тэдэнд оногдуулсан 01 жил 01 сарын хугацаагаар хорих ялыг эдэлсэнд тооцож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.2, 3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/03 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 3, 4, 5 дугаар заалтуудыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1, 1.1-д зааснаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч Б.Г, Н.А, Б.Ш нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.С, Э.А нарын цагдан хоригдсон 395 хоногийг тус тус ял эдэлсэн хугацаанд нь оруулан анхан шатны шүүхээс тэдэнд оногдуулсан 01 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялыг эдэлсэнд тооцсугай.
3. Шүүгдэгч Д.С, Э.А, Н.А, Б.Ш нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
4.Шүүгдэгч Н.А 60 хоног, Б.Ш 43 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН
Д.БУЯНЖАРГАЛ