Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2022/00526

 

“ХХЗХ” ТБАГУТҮГ-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2020/00451 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 977 дугаар магадлалтай,

“ХХЗХ” ТБАГУТҮГ-ын нэхэмжлэлтэй,

“АК” ХХК-д холбогдох,

Контент агрегаторын үйлчилгээ эрхлэх “B” ангиллын зөвшөөрлийн гэрээний төлбөр болох 3,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хатанболдын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвадорж, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “ХХЗХ” ТБАГУТҮГ нь хариуцагч “АК” ХХК-д холбогдуулан Контент агрегаторын үйлчилгээ эрхлэх “B” ангиллын зөвшөөрлийн гэрээний 2016-2017 оны төлбөр 1,500,000 төгрөг, 2017-2018 оны төлбөр 1,500,000 төгрөг, нийт 3,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2020/00451 дүгээр шийдвэрээр Харилцаа холбооны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.10-д зааснаар хариуцагч “АК” ХХК-аас 3,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “ХХЗХ” ТБАГУТҮГ-т олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 62,950 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 977 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2020/00451 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 62,950 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хатанболд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэж үзэн хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.1. Гомдлын үндэслэл: Давж заалдах шатны шүүхийн магадлалд “...Ийнхүү Улсын Их Хурлаас Захиргааны ерөнхий хуулийг батлахаас өмнө талууд ... гэрээ байгуулсан, ...зөвшөөрөл олгосон тул ... Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам, Тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үзүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ тогтоосон тогтоол нь Захиргааны хэм хэмжээний актын улсын бүртгэлд бүртгэлгүй гэх хариуцагчийн тайлбар болон гомдол үндэслэлгүй болно” гэсэн байна. “...Контентийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл авч 2018.01.23-ны өдөр хүртэл хугацаанд тухайн үйл ажиллагааг явуулсан...” гэж дүгнэсэн тухайд: Хариуцагч нь 2015.01.23-ны өдөр 3 жилийн хугацаатай “1010/В/СА 05 тоот контент агрегаторын үйлчилгээ эрхлэх “В” ангиллын зөвшөөрлийн гэрээ” байгуулсан хэдий ч тус тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа огт явуулаагүй. Өөрөөр хэлбэл тухайн тусгай зөвшөөрлийг ашиглаж, орлого олоогүй. Тус зөвшөөрлийн дагуу орон даяар 6 оронтой текст мессеж хүлээж авах тусгай дугаар ашиглах үйл ажиллагаа хамаарах бөгөөд тусгай зөвшөөрөл гарах үед хүсэлт гаргаснаас хойш 2 жил өнгөрсөн байсан бөгөөд хамтран ажиллахаар төлөвлөж байсан байгууллага өөр байгууллагыг сонгосон тул бид цаашид тус зөвшөөрлийг ашиглах боломжгүй болсон. Гэтэл шүүхээс хариуцагчийг тухайн үйл ажиллагааг явуулсан гэж дүгнэсэн нь нотолгоонд суурилаагүй дүгнэлт болсон.

4.2. Нэхэмжлэгч нь 2015.07.29-ний 40 тоот тогтоолоор “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ыг баталсан байх ч тус журам нь Захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн санд бүртгэгдээгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д “Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага захиргааны хэм хэмжээний актыг бүртгэхдээ энэ хуулийн 60, 61, 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхийг хянаж, улсын нэгдсэн бүртгэлд бүртгэнэ”, мөн хуулийн 67 дугаар зүйл 67.2-т “Захиргааны хэм хэмжээний актыг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ.”, 67.3-т “Энэ хуулийн 67.2-т заасан шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн захиргааны хэм хэмжээний акт эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй бөгөөд биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд үүрэг, хариуцлага хүлээлгэхгүй” гэжээ. Иймээс бид тусгай зөвшөөрлийн үйлчилгээний хөлсийг зөвшөөрлийн төлбөр хэмээн тодорхойлж, жилээр төлөхөөр тогтоосон журам нь хүчингүй байгаа тул тус журмаар заасан үүргийг биелүүлээгүй нь хариуцлага хүлээх үндэслэл болохгүй гэж үзэж байна.

4.3. Түүнчлэн нэхэмжлэгч хариуцагчид гэрээний хүчин төгөлдөр хугацаа болох 3 жилийн турш чухам ямар “зохицуулалтын үйлчилгээ” үзүүлснээ нотлох баримтаар огт нотлоогүй, үнэхээр хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчээс үзүүлсэн зохицуулалтын үйлчилгээг авчхаад үйлчилгээний хөлсөө төлөхгүй байгаад байна уу гэдгийг шүүх анхаарч үзсэнгүй. Хэдийгээр Захиргааны ерөнхий хууль батлагдаагүй байсан ч Засгийн газрын 2010 оны 119 дүгээр тогтоолоор батлагдсан Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг гаргах журмаар уг харилцааг зохицуулж байсан. Уг журмын 1 дүгээр зүйлийн 1.2-т “Энэхүү журмыг эрх бүхий этгээдээс гаргах захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг боловсруулах, батлах, түүнийг хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас хянах, бүртгэх, нийтэд мэдээлэх үйл ажиллагаанд мөрдөнө” гэж тодорхой заасан байхад дээрх байдлаар дүгнэж, хэрэглэсэн нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна.

4.4. “Анхан болон давж заалдах шатны шүүхүүд “зөвшөөрлийн төлбөр”, “хураамж” гэх мэтээр өөр өөр дүгнэлт өгсөн байдаг. Зохигчдын хооронд эрх зүйн харилцаа байх үед буюу үйлчилж байсан 2008 оны Татварын Ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 Монгол Улсын татвар нь албан татвар, хураамж, төлбөр /цаашид “татвар” гэх/-өөс бүрдэнэ. 5.6 Төрийн зохих байгууллагаас хувь хүн, хуулийн этгээдэд хууль тогтоомжийн дагуу үйлчилсний төлөө тэднээс тухай бүр авч улс, орон нутгийн төсөвт оруулж байгаа мөнгөн хөрөнгийг хураамж гэнэ. 5.7 Төрийн өмчийн газар, түүнчлэн газрын хэвлий, эрдэс баялаг, ой, ургамал, рашаан, усны нөөц ашиглуулсны, агаар, ус, хөрс бохирдуулсны, ан амьтан агнуулсны төлөө хувь хүн, хуулийн этгээдээс авч улс, орон нутгийн төсөв, тусгай зориулалтын санд төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгийг төлбөр гэнэ гэж тус тус зохицуулсан байсан. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийг 3 жилийн турш хариуцагчид ямар үйлчилгээ үзүүлсэн болох нь нотлогдож, тогтоохгүй болмогц хураамж биш төлбөр гэж байгаа нь тухайн үед мөрдөж байсан Татварын ерөнхий хууль болон бусад хуульд заасан төрийн өмчийн чухам ямар объектыг нэхэмжлэгч 3 жилийн турш ашигласан юм гэдгийг үндэслэл бүхий дүгнэж чадаагүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй гэж үзлээ.

6. Нэхэмжлэгч “ХХЗХ” ТБАГУТҮГ хариуцагч “АК” ХХК-д холбогдуулан контент агрегаторын үйлчилгээ эрхлэх “B” ангиллын зөвшөөрлийн гэрээний 2016, 2017 оны үйлчилгээний төлбөрт 3,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч “...манай компани нь контент агрегаторын үйлчилгээ эрхлэх “В” ангиллын зөвшөөрлийн гэрээг 2015.01.23-ны өдрөөс 3 жилийн хугацаатай байгуулсан, ХХЗХнд тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үзүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлс болох 1,500,000 төгрөгийг төлсөн, энэ үйлчилгээний хөлсийг тусгай зөвшөөрлийн төлбөр мэтээр тайлбарлаж байгаа нь буруу. Контент агрегаторын үйлчилгээ эрхлэх “В” ангиллын зөвшөөрлийн гэрээнд заасан мөнгөн дүн нь хорооны 2017.11.30-ны өдрийн Зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг шинэчлэн батлах тухай 58 дугаар тогтоолоор батлагдсан ба энэхүү тогтоолд жил бүр төлнө гэсэн агуулга байхгүй, иймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үүгэжээ.

7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаж хэвээр үлдээсэн ба шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцжээ.

8. Зохигчийн хооронд 2015.01.23-ны өдөр 1010/В/СА05 тоот контент агрегаторын үйлчилгээ эрхлэх “В” ангиллын гэрээ 3 жилийн хугацаатай байгуулагдсан, уг гэрээний дагуу нэхэмжлэгч нь Монгол улсын нутаг дэвсгэрт контент агрегаторын үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөл эзэмшүүлэх үүргийг, хариуцагч нь тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг тусгай зөвшөөрөл олгосон тухай шийдвэр гарсан өдрөөс нэг сарын өмнө төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь тогтоогдсон, хариуцагч нь 2015 онд үйлчилгээний хөлсөнд 1,500,000 төгрөг төлжээ.

Хариуцагч нэхэмжлэлээс татгалзахдаа, зохицуулалтын үйлчилгээний хөлсийг жил бүр төлөх үүрэггүй, тусгай зөвшөөрөл авахдаа нэг удаа төлнө гэсэн агуулгаар маргаж байгаа боловч хоёр шатны шүүх хариуцагч нь хоёр жилийн төлбөрийг төлөх үүрэгтэй гэж үзэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Харилцаа холбооны тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Харилцаа холбооны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.4-т зааснаар харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь тусгай зөвшөөрөл эзэмшигчид үзүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хувь хэмжээг тогтоох журмыг батлахыг, 9 дүгээр зүйлийн 9.1.11-т Зохицуулах хороо нь журамд заасны дагуу зохицуулалтын үйлчилгээний хөлсний хувь хэмжээг тогтоохыг тус тус заажээ.

Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.10-т зааснаар хорооноос тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээд үйлчилгээний хөлс төлөх үүрэгтэй, энэ талаар мөн талуудын байгуулсан гэрээний 6.1, 6.2-т “зохицуулах хорооноос баталсан журмын дагуу үйлчилгээний төлбөрийг төлнө” гэж заасан байна.

Талуудын хооронд гэрээ байгуулагдсан цаг хугацаанд үйлчилж байсан 2011 оны 15 тоот Зохицуулах үйлчилгээний хөлсний хэмжээг шинэчлэн тогтоох тухай тогтоолд, улсын нутаг дэвсгэрийг хамарсан үйлчилгээний хөлс 1,500,000 төгрөг байх, үйлчилгээний хөлсийг жил тутамд төлөх агуулга тусгагдсан байх ба  энэ нь гэрээний 6.2-т  зохицуулагдсан, энэ талаар хоёр шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй.

Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо, тус компани тусгай зөвшөөрөл авсан хэдий ч уг зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулаагүй, нэхэмжлэгч 2015.07.29-ний өдөр 40 тоот тогтоолоор журмыг шинэчлэн баталсан, харин энэ журмыг захиргааны хэм хэмжээний нэгдсэн актын бүртгэлд бүртгүүлээгүй тул хүчин төгөлдөр болоогүй хариуцлага хүлээхгүй гэжээ.

Хариуцагч 3 жилийн хугацаатай контент агрегатын гэрээ байгуулсан бөгөөд энэ хугацаанд аливаа үйл ажиллагаа явуулаагүй бол гэрээг цуцлах эрхтэй боловч гэрээг цуцалсан, үйлчилгээ явуулаагүй гэх үндэслэлээ нотлоогүй, гомдолд дурдаж буй 2015.07.29-ний өдрийн 40 тоот журам нь талуудын гэрээ байгуулагдсанаас хойш батлагдаж дагаж мөрдөхөөр болсон, өмнө хүчин төгөлдөр мөрдөж байсан журмуудыг маргааны эрх зүйн үндэслэлд баримтлах ба эдгээр журам нь Захиргааны ерөнхий хууль батлагдахаас өмнө хүчин төгөлдөр болж үйлчилж байсан тухай шүүхүүд шийдвэр, магадлалдаа тодорхой тусгаж дүгнэлт өгсөн байна. Иймд хариуцагчийн гомдолд дурдсанаар шийдвэр, магадлалыг хүчингүй болгох, өөрчлөлт оруулах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй гэж үзлээ.

Дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2020/00451 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 977 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “АК” ХХК /итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хатанболд/-ийн 2020.05.28-ны өдөр 62,950 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ

                                                                        П.ЗОЛЗАЯА

                                                                        Х.ЭРДЭНЭСУВД