Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2020/01295

 

 

 

 

 

2020 оны 04 сарын 24 өдөр              Дугаар 102/ШШ2020/01295                  Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:Сонгинохайрхан дүүрийн 2 дугаар хороо, Алтан-Овоо 2 тоотод оршин суух, эмэгтэй, регистр 2, Э.Э-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:Баянгол дүүрийн 2 дугаар хороо, Тэмүүлэл хотхоны 2 дугаар байрны 2 тоотод оршин суух, эрэгтэй, регистр 2, Д.А-д холбогдох

 

2 000 000 төгрөг гаргуулах тухай шаардлагатай,

 

700 000 төгрөг гаргуулах тухай сөрөг шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганчимэг,  хариуцагч Д.А, өмгөөлөгч Ц.Батбаяр, гэрч Ц.Алтанцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Батбилэг нар оролцов.

                                                      

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Би 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Д.А-тэй 3 000 000 төгрөг барьцаа болгож өгөөд хүүнд нь 2 өрөө байрны жижиг унтлагын өрөөнд суухаар тохиролцож байрны барьцаа болгож урьдчилгаа 1 000 000 төгрөгийг түүний ХААН банкны 5069101458 тоот дансанд шилжүүлэн өгсөн.Дараа үлдэгдэл 2.000.000 төгрөгийг 2019 оны 7 сарын 2-нд эхнэр Алтанцэцэгийн данс болох 5006551445 шилжүүлэн өгсөн.Гэвч энэ 7 сардаа эд хогшил их байна, хөргөгч, угаалгын машины хаалганы бариул чанга тавиад байна гээд уурлаж хэл ам хийж байрнаас гарахаар болоод мөнгөө эргүүлж авья гэхэд эхнэр болох Алтанцэцэг нь эгч ах хоёр нь мөнгө олдохгүй байна сарын дараа өгье гэж гуйсан ингээд би 1.000.000 төгрөгийг 2019.08.08-ны өдөр буцаан авч байрнаас гарсан, үлдсэн 2.000.000 төгрөгийг сарын дараа 8 хувийн хүү төлөөд буцааж өгөхөөр тохирсон.Өөрсдөө тоглоомын газар ажиллуулдаг тэрэндээ миний мөнгийг хэрэглээд өгнө гэсэн.Харин би сарын дараа хугацаандаа мөнгөө эргүүлж авах гэтэл банкнаас зээл гаргуулах гэж байгаа 9 сарын 20-нд асуудалгүй өгнө гэж хэлээд намайг хүлээлгэсэн.Гэтэл хэлсэн хугацаандаа өгөхгүй байна.Иймд Д.А-өөс 2.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Э.Э 2019 оны 6 сарын 20-ны өдөр Д.А-тэй 3,000,000 төгрөг барьцаа болгож өгөөд хүүнд нь 2 өрөө байрны жижиг өрөөнд суухаар тохиролцож байрны барьцаа болгож урьдчилгаа 1,000,000 төгрөгийг түүний Хаан банкны 5069101458 тоот дансанд шилжүүлсэн байдаг.Харин дараа нь үлдэгдэл 2,000,000 төгрөгийг 2019 оны 07 сарын 02-ны өдөр Д.А-ийн эхнэр Алтанцэцэгийн данс болох 5006551445 тоот дансруу шилжүүлсэн байдаг.Гэвч энэ 7 сардаа эд хогшил их байна, хөргөгч угаалгын машин, хаалганы бариул чанга тавиад байна гээд уурлаж хэл ам хийж байрнаасаа гаргасан.Байрнаас гарах болоод мөнгөө буцааж авъя гэхэд эхнэр болох Алтанцэцэг нь эгч, ах хоёрт нь мөнгө олдохгүй байна сарын дараа өгье гэж гуйсан байдаг.Тэгээд 2019 оны 8 сарын 08-ны өдөр 1,000,000 төгрөгөө буцааж аваад байрнаасаа гарсан.Үлдсэн 2,000,000 төгрөгийг сарын дараа 8 хувийн хүү төлөөд буцааж өгөхөөр тохирсон байдаг.Тэгээд сарын дараа мөнгөө өгөлгүй дахин 1 сар намайг хүлээлгэж банкнаас зээл гаргуулах гэж байгаа, 2019 оны 9 сарын 20-нд өгнө гэж хэлсэн байдаг.Гэтэл дахин хугацаандаа өгөлгүй удаа дараа шалтаг тоочиж явдаг байсан.Иймд нэхэмжлэлийн  шаардлага болох 2,000,000 төгрөгийг Д.А-өөс гаргуулж өгнө үү, Д.А-өөс 1 070 000 төгрөгийн хүү авсан гэв.

 

Хариуцагч Д.А шүүхэд гаргасан тайлбартаа:Би 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр өөрийн амьдардаг байрныхаа хажуу өрөөг Э.Э-тай харилцан тохиролцож сарын 300 000 төгрөгөөр 1 жилийн хугацаатай, Э.Э-аас 3 000 000 төгрөг зээлэн авч хүүнд нь суулгахаар болж урьдчилгаанд 1 000 000 төгрөг авч өрөөндөө оруулсан.Үлдэгдэл 2 000 000 төгрөгийг 2019 оны 7 дугаар сарын 2-нд эхнэр Алтанцэцэг дансаар хүлээн авсан.Э.Э-ийг гарах үед нь 1 000 000 төгрөгийг нь өгч, үлдэгдэл 2 000 000 төгрөгийг боломжтой үедээ өгөхөөр болсон, үүнээс хойш 1 070 000 төгрөг өгсөн, үлдсэн мөнгийг цахилгаан, усны нэмэгдэл, шал зурсан, хөндийрүүлсэн, хана бохирдуулсан, обой солих төлбөрт суутгах шаардлагатай гэж үзэж байна.Иймд Э.Э-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага 2,000,000 төгрөг байгаа, анх 3,000,000 төгрөгийн зээл авсан боловч хүүтэй зээл байгаагүй.Иргэний хуулийн 282.3-т зааснаар хүү тооцсон зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан.Талууд хүүтэй зээлийн гэрээ анхнаасаа байгуулаагүй.Нэхэмжлэгчийн хүү тооцож нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна.Хариуцагч нь 1 070 000 төгрөгийг Э.Э-т өгсөн тул үлдсэн 930 000 төгрөгийг төлж барагдуулна гэв.

 

Хариуцагч Д.А шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Манай хажуу өрөөнд амьдрах хугацаандаа унтлагын хоёр хүний өргөн орны байрлалыг нь өөрчилж чирж хажуу хавтанг нь хугалж толгойг нь салгаж хэмхэлсэн учир 500 000 төгрөг, мөн шинээр засвартай байсан ханын обой цаасыг бохирдуулсан обойн үнэ, ажлын хөлс 200 000 төгрөг нийт 700 000 төгрөгийг Э.Э-аас гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч талаас байрны эд зүйл эвдсэн гэж сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа боловч эвдсэн гэж байгаа зүйлсээ үнэлсэн, эвдсэн талаарх нотлох баримтаа хэрэгт хавсаргаагүй тул шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.Тухайн байрыг хүлээлгэж өгөхдөө байрыг хүлээлцсэн акт үйлдээгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Э нь барьцаа болгож өгсөн 3 000 000 төгрөгийн үлдэгдэл 2 000 000 төгрөгийг хариуцагч Д.А-өөс гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Д.А-ийн хажуу өрөөнд амьдрах хугацаандаа эд хөрөнгийг эвдэж, бохирдуулсны хохиролд 700 000 төгрөгийг Э.Э-аас гаргуулах тухай сөрөг шаардлагыг Д.Алтантөр гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр Э.Э-ын нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, Д.Алтантөрийн сөрөг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Зохигчдын хооронд хийгдсэн хэлцлийн агуулгаас үзэхэд Д.А нь Э.Э-аас 3 000 000 төгрөг зээлж, Э.Э нь Д.А-ийн хажуу өрөөнд нь түр хугацаагаар амьдрах тухай талуудын аман тохиролцоо нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйл болон 318 дугаар зүйлд заасан үндэслэлд нийцэхгүй байна.

 

Харин зохигч талуудын хооронд хийгдсэн дээрх хэлцлийг Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-т заасан эд хөрөнгө хөлслөх хэлцэл гэж үзэхээр байна.

 

Улмаар Э.Э нь Д.А-д 3 000 000 төгрөг өгч, түүний хажуу өрөөнд нь амьдарсан, Э.Э нь тухайн өрөөг Д.А-д буцааж хүлээлгэн өгснөөс хойш Д.А нь Э.Э-т 2 070 000 төгрөгийг буцаан өгсөн үйл баримтад талууд маргахгүй байна.

 

Гэвч Д.А-ийн буцаан өгсөн 2 070 000 төгрөгийн 1 000 000 төгрөгийг нь үндсэн зээлийн төлбөрт, 1 070 000 төгрөгийг нь зээлийн хүүгийн төлбөрт тооцож авсан гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байгааг хариуцагч тал хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу хэлцэл хийгдээгүй байхад зээлийн хүүгийн төлбөр яригдах боломжгүй тул Д.А-ийн төлсөн 1 070 000 төгрөгийг 3 000 000 төгрөгөөс хасч тооцох нь зүйтэй байх тул Д.А-өөс 930 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дурдсан эд зүйлс нь эвдэрсэн,  бохирдсон эсэх, эвдрэлыг засуулсан эсэх, тухайн эд зүйлсийг засварлах, цэвэрлэх зардлыг тодорхойлсон баримтгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.