Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 1200

 

 

“Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2018/00621 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “С” ХХК-д холбогдох

 

Гэрээний үүрэгт 425 768 319 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, О.Д,  

Хариуцагчийн өмгөөлөгч Т.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Тус компани нь 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдөр “С” ХХК-тай Арматур худалдах-худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний дагуу 480 тонн арматурыг 1 тонныг нь 950 000 төгрөгөөр тооцож, нийт 456 000 000 төгрөгийн үнэ бүхий арматурыг нийлүүлэхээр харилцан тохиролцсон байдаг. Нэхэмжлэгч нь гэрээний дагуу 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 02-ны өдөр хүртэл нийт 306 786 350 төгрөгийн үнэ бүхий 332.9 тонн арматурыг нийлүүлсэн боловч “С” ХХК-иас төлбөрөө огт төлөөгүй тул арматур нийлүүлэхээ зогсоосон. Хариуцагч нь гэрээний 4.1-т заасан төлбөр тооцоо хийх журмын дагуу гэрээний үнийн дүнгийн 50 хувийг 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр, үлдэгдэл 50 хувийг 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төлөхөөр байсан. Дээрх хугацаанаас хойш зээлээр худалдан авсан арматурынхаа үнийг төлөхийг байнга шаардаж байгаа ч сайн дураараа төлөхгүй, үүргээ биелүүлэхээс татгалзаж байгаа тул шүүхийн журмаар гаргуулахаар хандаж байна. 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 2015/99 тоот гэрээний 6.1-т заасны дагуу гэрээнд заасан хугацаанд үнийг төлөх үүргээ гүйцэтгээгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги тооцохоор заасан ба Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар алданга нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй тул алдангийг хуульд заасны дагуу багасган тооцож 153 393 175 төгрөгийг нэхэмжилж байсан. Манай компани гэрээний үүргийн гүйцэтгэлд худалдан авсан 332,9 тонн арматурын үнэ 306 786 350 төгрөг, алданги 153 393 175 төгрөг, 3 сарын хүү 32 212 566 төгрөг, нийт 492 392 091 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн. Дээрх нэхэмжлэлд дурдсан тайлбар нь хууль буюу гэрээний холбогдох заалтыг зөрүүтэй ойлгож буруу тайлбарласан байсан учраас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан. Гэрээнд заасан алдангид нэхэмжилсэн 153 393 175 төгрөгийг 2015 оны 12 дугаар сараас 2018 оны 01 дүгээр сар хүртэлх хугацааны 26 сарын хүүд тооцож гаргуулахаар өөрчилж байна. Иргэний хуулийн 262 дугаар зүйлд зээлээр худалдах-худалдан авах гэрээний зохицуулалтад хүү тооцож болохоор хуульчилсан байдаг. Үүний дагуу 3 сарын хүүг гэрээнд зааснаар тооцоолон нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн байсан. Мөн хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д зааснаар заасны дагуу 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс хойш үүргээ гүйцэтгээгүй, хугацаа хэтрүүлсэн байх тул хуульд заасны дагуу хүү төлөх үүрэгтэй учраас арилжааны банкуудын хадгаламжийн дундаж хүүгээр тооцоход 2015 онд хадгаламжийн жилийн дундаж хүү 13.3% буюу 40 802 584 / 12 = 3 400 215 төгрөг, 2016 онд хадгаламжийн жилийн дундаж хүү 13.2% буюу 40 495 796 төгрөг, 2017 онд хадгаламжийн жилийн дундаж хүү 12.9 буюу 39 575 439 төгрөг, 2018 онд хадгаламжийн жилийн дундаж хүү 12.9 буюу 39 575,439 / 12 = 3 297 953 төгрөг болж, нийт хугацаа хэтрүүлсэний хүүд 86 769 403 төгрөгийг нэхэмжилж, алданги хэмээн нэхэмжилсэн мөнгөн дүнгийн зөрүү болох 66 623 772 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд гэрээний үүргийн гүйцэтгэлийн үндсэн төлбөр 306 786 350 төгрөг, гэрээнд заасан хүү 32 212 566 төгрөг, хугацаа хэтрүүлсэний хүү 86 769 403 төгрөг, нийт 425 768 319 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү...гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д” ХХК-ийн нэхэмжилж байгаа алданги болон нэмэгдүүлсэн хүү болох 185 605 741 төгрөгийг хүлээн авах боломжгүй байна. Эдийн засгийн хямралаас болж бид алдагдалд орсон. Өнөөдрийн байдлаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 700 000 000 төгрөгийн өр төлбөртэй байна. Бид уг компанид Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороололд байрлах 3 өрөө орон сууц санал болгож авсан арматурын үнийг төлөх саналтай байна. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан болохоос зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаагүй. Нэхэмжлэгчийн нийлүүлсэн арматур нь чанарын шаардлага хангахгүй, мөн арматурын нийлүүлэлт зогссон учраас 16 давхар барилга баригдах боломжгүй болж ажил зогсож, хариуцагчийн хувьд алдагдал хүлээсэн. Манай компанийн хувьд нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн төлбөр 306 786 350 төгрөгийг төлөхөд татгалзах зүйл байхгүй, бусад төлбөрийг бол хүлээн зөвшөөрөхгүй...гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч С ХХК-иас 306 786 350 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 118 981 969 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 286 791 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 924 915 төгрөгийг буцаан олгож, хариуцагч С ХХК-иас 1 691 881 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Талуудын хүсэл зоригийн үндсэн дээр харилцан тохиролцож байгуулагдсан, хүчин төгөлдөр зээлээр худалдах-худалдан авах гэрээ байтал шүүхээс зөвхөн гэрээний үндсэн төлбөр дээр хүү нэмэгдсэн байх ёстой гэсэн шинжээр талуудын хооронд байгуулсан гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээ гэж дүгнэж гэрээнд заасан хүүг хэрэгсэхгүй болгосон нь буруу байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.7-т зааснаар учирсан хохирлоо шаардах эрхтэй боловч зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаагүй тул уг хохирлыг шаардах эрхгүй гэж үзэн мөнгөн төлбөрөө хугацаандаа гүйцэтгээгүйгээс учирсан хохирол буюу олох ёстой байсан орлого 86 769 403 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгосон нь буруу байна. Учир нь Иргэний хуулийн ерөнхий анги дахь гэрээний эрх зүйн зохицуулалт нь тус хуулийн тусгай ангид заагдсан бүх төрлийн гэрээ, үүргийн харилцаанд нэгэн адил хамаарах бөгөөд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсанаас шалтгаалж хохирол шаардах эрхгүй гэж дүгнэсэн байгаа нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс хүчин төгөлдөр зээлээр худалдах-худалдан авах гэрээний дагуу шаардах эрх үүссэн үеэс олох ёстой байсан орлогыг гэрээнд заасны дагуу Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-т заасан үндэслэлээр Монгол банкны хадгаламжийн дундаж хүүгээр тооцон багасгаж нэхэмжилсэн нь үндэслэлтэй байтал шүүхээс гэрээг тайлбарлахдаа хэт нэг талыг барьж, Иргэний хуулийн 198 дугаар зүйлд заасныг баримтлаагүй, гэрээний агуулга, талуудын хүсэл зориг, харилцан хүлээн зөвшөөрсөн нөхцөл, гэрээний чөлөөт байдлын зарчмыг үл харгалзан гагцхүү үндсэн төлбөр дээр хүү нэмэгдэх шинжээр гэрээг ердийн худалдах-худалдан авах гэрээ гэж дүгнэн, гэрээнд заасан хүү болох олох ёстой байсан орлогыг нэхэмжлэх эрхгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт заасан 118 981 969 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосныг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд нэхэмжилсэн гэрээнд заасан 3.5% хүү 32 212 566 төгрөг, хадгаламжийн дундаж хүүгээр тооцож багасгасан хүү буюу олох ёстой байсан орлого 86 769 403 төгрөг, нийт 118 981 969 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэлийг бүрэн хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн зохих заалтуудыг зөв тайлбарлан хэрэглээгүй, нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй байх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулсан тул хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой.

 

            Нэхэмжлэгч “Д” ХХК нь хариуцагч “С” ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 306 786 350 төгрөг, алдангид 153 393 175 төгрөг, нийт 460 179 525 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаснаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн 306 786 350 төгрөг, хүү 32 212 566 төгрөг, хугацаа хэтрүүлсэн хүү буюу олох ёстой байсан ашиг 86 769 403 төгрөг, нийт 425 768 319 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн төлбөрт 306 786 350 төгрөг төлөхийг зөвшөөрч бусад хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

            Талуудын хооронд 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 2015/99 тоот арматур худалдах-худалдан авах гэрээг байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл SR290Ф8-Ф10 мм катанг, SD390Ф13-Ф25 арматур төрөл бүрээс нийт 480 тонныг, тонн тутмыг 950 000 төгрөгөөр тооцож, нийт 456 000 000 төгрөгийн үнэтэй катанг, арматурыг нийлүүлэхээр тохиролцсон болох нь хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар тогтоогдсон, энэ үйл баримтын талаар талууд маргаагүй байна.

   

Дээрх гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болж гарын үсэг зурсан тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх хэсэгт зааснаар хэлцэл хийсэн хүчин төгөлдөр гэж үзнэ.

  

Анхан шатны шүүх зохигчдын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэсэн ба гэрээний талуудын хувьд барааны үнийг хоёр хувааж төлөх талаар тохиролцсон тохиролцоог үндэслэн талуудын хооронд зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй.

 

Талууд дээрх арматур худалдах-худалдан авах гэрээний дагуу шилжүүлэх бараа, төлөх үнийн хэмжээ тодорхой заасан ба нэхэмжлэгч нь гэрээнд заасан үүргээ биелүүлж 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 306 786 350 төгрөгийн барааг хариуцагчид шилжүүлэн өгсөн болох нь хэргийн 15 дугаар талд авагдсан нэхэмжлэхээр тогтоогдож байх тул хариуцагч нь 306 786 350 төгрөгийг төлөх үүрэгтэй. Уг үүргийг гүйцэтгэх хугацааг 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр байсан гэж үзэхээр байна.

 

Зохигчдын хооронд байгуулсан гэрээний дагуу алданги тооцох боломжгүй. Учир нь алдангийн талаарх тохиролцоо нь хуульд заасан журам, хуулиар тогтоосон хэмжээг зөрчсөн тул алданги шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шүүхийн дүгнэлт үндэслэлтэй зөв болжээ.

 

Үүрэг гүйцэтгэгч нь хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй бол уг үүрэгт нь тохирсон хэмжээний хүү шаардах эрхийг Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт заасан байна. Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “гэрээний хугацаанд батлан даагч тал төлбөр төлөөгүй тохиолдолд Б тал А талд нийт үнийн дүнгээс сарын 3,5 хувиар бодож хүү төлнө” гэж тохиролцсоноос үзвэл хариуцагч нь нэхэмжлэгчийн өмнө хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд мөнгөн төлбөрийн үүрэгт тохирсон хүү төлөх үүрэг хүлээсэн гэж үзнэ. Иймээс нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүрэгт тохирсон хэмжээний хүүг хариуцагчаас шаардах эрхтэй. Гэхдээ хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараас үзвэл зохигчдын гэрээгээр тохиролцсон 3,5 хувийг тохирсон хүү гэж үзэх боломжгүй юм.

 

Хэрэгт авагдсан Монгол банкны лавлагаагаар 2015-2016 онд хадгаламжийн дундаж хүүг төгрөгөөр тооцоход 13 хувийн дундаж хүүтэй байна. 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл нийт 23 сарын хүүг жилийн 13 хувиар тооцон 76 440 937 төгрөгийн хүүг нэхэмжлэгч хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Иймд худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 306 786 350 төгрөг, хүү 76 440 937 төгрөг, нийт 383 227 287 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт заасантай нийцнэ.        

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2018/00621 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “С” ХХК-иас 383 227 287 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Д” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 42 541 032 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “1 691 881” гэснийг “2 074 086” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Д” ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 752 860 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног  өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                      ШҮҮГЧИД                                     Ш.ОЮУНХАНД

 

                                                                                           Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ