| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Хишигдэлгэр |
| Хэргийн индекс | 132/2020/00233/И |
| Дугаар | 277 |
| Огноо | 2020-03-24 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 277
Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Хишигдэлгэр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ж ХХК,
Хариуцагч: Булган аймаг, ... сум, 4 дүгээр баг, эмнэлгийн 1 дүгээр байранд байрлах, Булган аймгийн ... сумын Э д холбогдох холбогдох 600.930 /зургаан зуун мянга есэн зуун гуч/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2020/00233/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т , хариуцагч байгууллагын төлөөлөгч Ж.О , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ...Булган аймгийн ... сумын Э нь 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр манай компанитай БҮГ 0088/18 тоот 2.780.000 төгрөгийн “Зээлээр худалдах, худалдан авах” гэрээ байгуулан нийт 5 гар утсыг авсан. Булган аймгийн ... сумын Э нь одоогийн байдлаар манай компанид 456.000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байгаа болно.
Иймд Булган аймгийн ... сумын Э өөс “Зээлээр худалдах худалдан авах” гэрээний дагуу үлдэгдэл төлбөр 456.000 төгрөг, гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги 144.930 төгрөг буюу нийт 600.930 төгрөгийг гаргуулан өгч, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Булган аймгийн ... сумын Э нь 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр манай компанитай БҮГ 0088/18 тоот “Зээлээр худалдах, худалдан авах” гэрээ байгуулан нийт 5 гар утсыг авсан. Булган аймгийн ... сумын Э нь одоогийн байдлаар манай компанид 456.000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байгаа бөгөөд зээлийн гэрээний 3.3-т зааснаар алданги 144.930 төгрөг тооцож, нийт 600.930 төгрөг нэхэмжилж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Хариуцагч Булган аймгийн ... сумын Э ийн дарга Ж.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ... Нэхэмжлэгч байгууллага нь 2018 оны 11 дүгээр сард манай байгууллагатай зээлээр утас худалдан авах гэрээг байгуулсан. Тухайн үед гэрээ байгуулахдаа хүн бүртэй гэрээ хийх боломжгүй тул танай байгууллагатай гэрээг байгуулах саналтай байна гэж хүсэлт тавьсан. Үүний дагуу 5 ажилтан зээлээр гар утас авч, сарын цалин дээрээсээ сар бүр 60.000 төгрөг төлж, төлбөрийг барагдуулсан.
Гэтэл тухайн үед ажиллаж байсан эх баригч, бага эмч ажилтай Б.Г авсан утасныхаа төлбөрийг төлөөгүй байх ба тэрээр тус Э өөс 2019 оны 03 дугаар сард өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн тул манай байгууллага хувь хүний авсан төлбөрийг төлөх боломжгүй.
Иймд Б.Г уг нэхэмжилж буй мөнгийг төлөх тул манай байгууллага төлөхгүй гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж ХХК нь хариуцагч Булган аймгийн ... сумын Э д холбогдуулан зээлийн үлдэгдэл төлбөр 456.000 төгрөг, алданги 144.930 төгрөг, нийт 600.930 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байх ба хариуцагч байгууллага нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй уг мөнгийг гар утас авсан Б.Г гэж хүнээс гаргуулах ёстой гэж маргажээ.
Талуудын хооронд Иргэний хуулийн 262 дүгээр зүйлийн 262.1 дэхь хэсэгт заасан “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдсан болох нь хэргийн 11-12 дугаар хуудсанд авагдсан “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний хуулбар болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт “Зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээний заасны дагуу тохирсон цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэжээ.
Зохигчийн хооронд 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр БҮГ-0088/18 дугаартай “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдсан бөгөөд Ж ХХК нь 3.480.000 төгрөгийн үнэ бүхий таван ширхэг гар утас болон багц үйлчилгээг хариуцагч байгууллагад шилжүүлэн өгсөн. Зохигчийн хооронд байгуулсан гэрээний хугацаа буюу зээлээр авсан гар утас, багц үйлчилгээний төлбөрийг 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр төлж дуусгавар болохоор тохиролцсон байна. Хариуцагч байгууллага нь 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 456.000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй бөгөөд энэхүү төлбөрийг хариуцагч байгууллага төлөөгүй болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээний хавсралт 1, хариуцагчийн төлбөрийн жагсаалт болон зохигчийн тайлбараар тогтоогдсон.
Талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн БҮГ-0088/18 дугаар “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний 3.3-т Худалдан авагч нь энэхүү гэрээнд заасан төлбөрийг төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлнө” гэжээ.
Гэвч нэхэмжлэгч байгууллага нь Булган аймгийн ... сумын Э ийн төлөлт хэзээнээс хийгдээгүй, алданги тооцсон хугацаа тодорхойгүй, төлөлт хийгдэж байсан графикийг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгөөгүй байх тул алдангийг гаргуулах боломжгүй байна.
Иймд хариуцагч байгууллагаас 456.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас алданги 144.930 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 18.678 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас 14.330 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч байгууллагад олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 262 дүгээр зүйлийн 262.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Булган аймгийн ... сумын Э өөс 456.000 /дөрвөн зуун тавин зургаа мянга / төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж ХХК-олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 144.330 /нэг зуун дөчин дөрвөн мянга гурван зуун гуч/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18.678 /арван найман мянга зургаан зуун далан найм / төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 14.330 /арван дөрвөн мянга гурван зуун гуч/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. .
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ХИШИГДЭЛГЭР