Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 1199

 

 

Б.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2018/00620 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч И.Ч-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 20 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: И.Ч нь 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн зээлийн гэрээний дагуу надаас 20 000 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлж авсан. Мөн И.Ч нь өмнө нь надаас 5 000 000 төгрөг зээлсэн бөгөөд тухайн үед зээлийн гэрээ бичгээр байгуулаагүй байсан тул нөхөж 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан ба уг гэрээг сарын 5 хувийн хүүтэйгээр 2 сарын хугацаагаар байгуулсан. Ингээд зээлээ төлөхийг И.Ч-аас удаа дараа шаардсан боловч одоог хүртэл төлөөгүй тул эхний зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 20 000 000 төгрөг, зээлийн хүүд 6 000 000 төгрөг, алданги 13 000 000 төгрөг, дараагийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 5 000 000 төгрөг, зээлийн хүү 500 000 төгрөг, алданги 750 000 төгрөг, нийт 48 250 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 28 250 000 төгрөгөөс татгалзаж байна. Учир нь 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан 5 000 000 төгрөгийн зээлийн гэрээний хувьд дуусгавар болсон тул уг гэрээний үүргийн гүйцэтгэл гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна. Иймд 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан 20 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 5 600 000 төгрөг, зээлийн хүү 5 400 000 төгрөг, алданги 9 000 000 төгрөг, нийт 20 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Тухайн үед 20 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан хэдий боловч бэлнээр 18 000 000 төгрөг зээлдүүлсэн. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. 20 000 000 төгрөгийн зээлийн гэрээний хувьд бодит байдлаар 18 000 000 төгрөг зээлсэн бөгөөд уг зээлийн гэрээний үүргийг бүрэн төлж барагдуулсан. Харин илүү төлсөн 12 312 350 төгрөгийг Б.Баярмаагаас гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 236 дугаар зүйлийн 236.1.1-д заасныг баримтлан хариуцагч И.Ч-с гэрээний үүргийн гүйцэтгэлд 20 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б-с 9 412 500 төгрөг гаргуулан хариуцагч И.Ч-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 899 750 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Б.Б-с 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр төлсөн 399 000 төгрөг, хариуцагч И.Ч-с 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр төлсөн 210 650 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Б-с улсын тэмдэгтийн хураамжид 165 550 төгрөгийг гаргуулан хариуцагч И.Ч-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Талуудын хооронд үүссэн маргааны үйл баримтыг зөв тодорхойлоогүй. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч И.Ч-д 2014 оны 10 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан зээлийн гэрээгээр 20 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулан 18 000 000 төгрөгийг И.Ч-ын данс руу шилжүүлсэн байдаг. Талууд гэрээний хугацааг 3 сар байхаар зээлийн хүүг 10 хувь байхаар хугацаа хэтрүүлсэн тохиолдолд 0,5 хувийн алданги төлөх нөхцөлтэйгээр гэрээ байгуулсан. Гэтэл хариуцагч нь зээлийн гэрээний хугацаа дуусгавар болоход буюу 2015 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр үндсэн зээл 18 000 000 төгрөгийг хүүгийн хамт төлөх үүрэгтэй байтал үндсэн зээлээ төлөөгүй. Үндсэн зээлийг төлөлтийг хойшлуулах, хугацаа сунгасан талаар талуудын хооронд ямар ч баримт үйлдэгдээгүй. Нэхэмжлэгч Б.Б- нь зээлдүүлсэн мөнгөө гэрээний хугацаа дуусах үед хариуцагчаас авч чадаагүй бөгөөд үндсэн зээлээ төлөхгүй хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний

алдангийг хариуцагч И.Ч-с шаардах эрхтэй. Энэ эрхийнхээ дагуу хариуцагчаас хэсэгчилэн төлсөн мөнгөн дүнг зээлийн алдангид тооцож суутган авсан. Гэтэл анхан шатны шүүх талуудын маргааны үйл баримтыг цаг хугацааны хувьд зөв тодорхойлж чадаагүйн улмаас зээлийн гэрээний хугацаа дуусгавар болох үед үндсэн зээлээ төлж барагдуулах хариуцагчийн буруутай үйлдэлд ямар нэгэн үндэслэл бүхий дүгнэлт өгч чадаагүй атлаа үндсэн зээлийг хэсэгчилэн төлсөн мэтээр тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 236.6-д заасныг зөрчсөн.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдаа гаргасан. Нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон эрхийг эдлүүлээгүй. 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанаас өмнө нэхэмжлэгч Б.Б-д хэргийн материалтай танилцах боломжоор хангаагүй. Өмнөх шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Б-д хэргийн материалыг шүүхээс танилцуулаагүй байна гэх үндэслэлээр хурал хойшлогдсон атлаа 2018 оны 3 дугаар сарын 16-ны хуралдаанаас өмнө мөн л хэрэг танилцуулаагүй. Шалтгаан нь шүүгчийн туслах ажлаа хүлээлгэн өгч байгаа, орлох ажилтан томилогдоогүй гэж тайлбарласаар хуралдааны өмнө хэргийн материал танилцуулж гарын үсэг зуруулсан байдаг. Энэ нь нэхэмжлэгч хэргийн материалын хүрээнд мэтгэлцэх, хэрэгт холбогдуулж тайлбар хийж шүүх хуралдаанд оролцох энэ эрх зөрчигдсөн байна. Мөн шүүх хуралдааны дундуур миний өмгөөлөгчийг оролцуулсан бөгөөд түүнээс шүүгч, шүүх хуралдааны нарийн бичгийг татгалзан гарах хүсэлт байгаа эсэхийг тодруулаад хэрэгт холбогдуулж шинээр гаргаж өгөх нотлох баримт, хүсэлт байгаа эсэхийг асууж хуулиар олгогдсон эрхийг эдлүүлэлгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдаа болсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч И.Ч-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 48 250 000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргаснаа анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад 28 250 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, 20 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч зээлийн гэрээний үүрэгт илүү төлсөн 12 312 350 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан маргажээ.  

 

Талуудын хооронд 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 5 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацаатай, мөн өдөр 20 000 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл хугацаатай зээлдүүлэхээр тохиролцож 2 зээлийн гэрээг тус тус бичгээр байгуулсан болох нь хэргийн 5-6 дугаар талд авагдсан зээлийн гэрээнүүд болон талуудын тайлбараар тогтоогдсон, энэ үйл баримтын талаар талууд маргаагүй. Иймд анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэжээ.

 

Нэхэмжлэгч нь 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 20 000 000 төгрөгийн зээлийн гэрээний дагуу хариуцагчид 18 000 000 төгрөгийг шилжүүлсэн ба хариуцагч нь нэхэмжлэгчид 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд үндсэн зээл 18 000 000 төгрөг, 3 сарын зээлийн хүүд 5 400 000 төгрөг төлөх үүргээс нийт 35 010 000 төгрөгийг төлсөн болох нь хэргийн 33, 42-54 дүгээр талд авагдсан Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга болон Голомт банкны орлогын мэдүүлэг, төлбөрийн баримт зэрэг баримтуудаар тогтоогдсон байна.

 

Мөн нэхэмжлэгч Б.Б-ийн бусдад төлөх төлбөрийг хариуцагч И.Ч төлсөн, И.Ч нь Б.Б-с авсан барааны үнийг уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд тооцуулахаар талууд харилцан тохиролцсон ба Б.Б-ийн бусдад төлөх төлбөрийг И.Ч нь 2016 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 190 000 төгрөгийг, 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 390.000 төгрөгийг, 2016 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 250.000 төгрөгийг Д.Индрад, 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 350 000 төгрөгийг, 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 150 000 төгрөгийг Ө.Ононд тус тус төлсөн, хариуцагч нь 2015 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 40 000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг ретузин өмд, 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 160 000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг урт цамц, 2015 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 220 000 төгрөгийн үнэ бүхий бараа, 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 540 000 төгрөгийн үнэ бүхий үнэгэн жилетка, 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 35 000 төгрөгийн үнэ бүхий цагаан цамцыг нэхэмжлэгчид шилжүүлэх замаар нийт 2 325 000 төгрөгийг төлсөн талаар зохигчид маргаагүй байх бөгөөд энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Зохигчдын хооронд 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний 3 дугаар зүйлд “зээлдүүлэгч нь зээлийг эгүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийн заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлэх эрхтэй” гэж тохиролцсон байна.

  

Хариуцагч нь зээлийн гэрээгээр зээл, зээлийн хүүд 23 400 000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн бөгөөд уг үүргээс 11 550 000 төгрөгийг төлсөн, зээлийн үлдэгдэл 11 850 000 төгрөгийг хугацаа хэтрүүлэн төлсөн байх тул зээлийн гэрээний 3 дугаар зүйлд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож /2015 оны 2 дугаар сард 11 850 000 төгрөг х 0.5% = 59 250 төгрөг х 30 хоног = 1 777 500 төгрөг, 2015 оны 3 дугаар сард 9 850 000 төгрөг х 0.5% = 49 250 төгрөг х 30 хоног = 1 477 500 төгрөг, 2015 оны 4 дүгээр сард 4 250 000  төгрөг х 0.5 % = 21 250 төгрөг х 30 хоног = 637 500 төгрөг, 2015 оны 5 дугаар сард 2 650 000 төгрөг х 0.5 % = 13 250 төгрөг х 30 хоног = 397 500 төгрөг, 1 550 000 төгрөг х 0.5% = 7 750 төгрөг х 30 хоног = 232 500 төгрөг/ нийт      4 522 500 төгрөгийн алдангийг хариуцагч төлсөн талаар хийсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй болно.

 

Түүнчлэн, хариуцагч И.Ч үндсэн зээл 18 000 000 төгрөг, зээлийн хүүд 5 400 000 төгрөг, алданги 4 522 500 төгрөг, нийт 27 922 500 төгрөг төлөх үүрэгтэйгээс 37 335 000 төгрөг төлсөн болох нь хэргийн 33, 35-36, 42-54 дүгээр талд авагдсан Хаан банкны  депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Б.Б-ийн авсан барааны үниийг бэлнээр төлсөн тухай гар бичмэл баримт, Голомт банкны орлогын мэдүүлэг, төлбөрийн баримтууд болон зохигчдын тайлбараар нотлогдсон тул хариуцагч нь зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэж, зээлийг бүрэн төлж барагдуулсан талаар хийсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 236 дугаар зүйлийн 236.1.1-т заасантай нийцжээ.

 

Иймд анхан шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 236 дугаар зүйлийн 236.1.1-т зааснаар хариуцагч И.Ч-аас зээлийн гэрээний үүрэгт 20 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байв. Энэ талаар нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Хариуцагч И.Ч зээлийн гэрээний үүрэгт 27 922 500 төгрөг төлөх ёстой байхад 37 335 000 төгрөг төлсөн байх тул илүү төлсөн 9 412 500 төгрөгийг нэхэмжлэгч Б.Б-аас гаргуулан хариуцагч И.Ч-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 899 750 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Шүүх нэхэмжлэгч Б.Б-д 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хэргийн материалтай танилцаж баримтад гарын үсэг зурсан байх тул нэхэмжлэгчид хэргийн материал танилцуулаагүй гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно. Хэрэгт анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл авагдсан ба шүүх хуралдааны тэмдэглэлд нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд оролцсон талаар тусгаснаас гадна хэргийн оролцогчийн хүсэлт болон татгалзал гаргах эрхийг шүүхээс зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2018/00620 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 305 013 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                                                    

                          ШҮҮГЧИД                                         Ш.ОЮУНХАНД

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ