Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 1252

 

 

“Ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2018/00553 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “УБЦТС" ТӨХК-д холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 770 933 086 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Э,  

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г, А.А,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т,

Хариуцагчийн өмгөөлөгч С.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ө” ХХК нь “УБЦТС" ТӨХК-д  2011 оны 8 дугаар сард зарласан тендерт оролцон, Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах тус компанийн өргөтгөлийн барилга угсралтын ажил гүйцэтгэгчээр сонгогдсон бөгөөд 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хоёр компанийн хооронд “УБЦТС” ТӨХК-ийн өргөтгөлийн барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Ажил гүйцэтгэх гэрээнд дээрх барилга угсралтын ажлыг 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2012 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн хооронд 2 180 323 378 төгрөгийн төсөвтэйгээр хийж гүйцэтгэх талаар тусгаж, захиалагч, гүйцэтгэгч талуудын эрх, үүрэг, хариуцлагыг зааж өгсөн. Гүйцэтгэгч тал болох манай компани нь гэрээнд заасан хугацаанд барилгын ажлыг эхлүүлсэн боловч захиалагч тал буюу “УБЦТС” ТӨХК нь барилга барихад шаардлагатай баримт бичгүүдээ манайд гаргаж өгөөгүй. Тус барилгын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл нь олгогдоогүй, техникийн нөхцлүүдээ аваагүй, ажлын зураг нь экспертизээр батлагдаагүй, барилга баригдах газар олголтын захирамж шийдвэр нь гараагүй, мөн өвлийн улирал эхэлсэн зэрэг нөхцөл байдлын улмаас тус барилга угсралтын ажлыг явуулах боломжгүйд хүрсэн. Түүнчлэн барилга угсралтын үйл ажиллагаа явуулахад шаардлагатай дээрх баримт бичгүүд гарах хүртэлх 1-1,6 жилийн хугацаанд тус барилгын ажлын зураг өөрчлөгдсөн бөгөөд нэмэлт ажлууд зайлшгүй хийгдэх шаардлагатай болсон. Зам тээвэр барилга хот байгуулалтын сайдын 2012 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 18 дугаар тушаал гарч барилгын төсөвт өртөг 30 хувиар өссөн, мөн сайдын 2012 оны 6 дугаар сарын 15-ны 181 дугaap тушаал гарснаар барилгын төсөвт өртөг 1,05 хувиар өссөний улмаас анх тооцоологдсон зардал болон хугацааны дотор тухайн барилгын ажил гүйцэтгэгдэх ямар боломжгүй болсон. “УБЦТС” ТӨХК-ийн зүгээс тус өргөтгөлийн барилга угсралтын ажлыг явуулахад шаардлагатай санхүүжилтийн асуудлыг дараа шийдвэрлүүлж өгөх тул ажлаа зогсоож болохгүй, өөрийн хөрөнгөөр, бүхий л бололцоогоороо ажлаа явуул гэсэн чиглэлийг манайд өгч байсан тул “Ө” ХХК нь өөрийн хөрөнгөөр тус барилгын ажлыг явуулсан. Үүний тулд компанийхаа нэр дээр болон хувь хүний нэрээр банк, санхүүгийн байгууллагуудаас мөнгөн зээл, хувь хүн, байгууллагуудаас барилгын материал зээлээр авч хэрэглэх зэргээр компанидаа ихээхэн эрсдэл хүлээн “УБЦТС” ТӨХК-ийн өргөтгөлийн барилга угсралтын ажлыг явуулсан. 2013 онд “УБЦТС” ТӨХК-ийн хүсэлтээр Барилга архитектур корпораци байгууллага нь тус компанийн өргөтгөлийн барилгын зураг төсөв болон барилга угсралтын ажлын гүйцэтгэлтэй танилцаж хянан судалсны үндсэн дээр “Өргөтгөлийн барилгын төсөвд заасан ажил 67,5 хувийн гүйцэтгэлтэй, барилгын угсралтын дуусаагүй байгаа ажлыг өнөөгийн мөрдөж буй төсвийн норм, үнэ тарифаар тооцон үзэхэд 936,6 сая төгрөг шаардлагатай байна’’ гэсэн дүгнэлт гаргасан. “УБЦТС” ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөл манай компаниас тус барилгын ажилд зарцуулагдсан хөрөнгө болон цаашид шаардлагатай бусад зардлыг бодитоор авч үзэж, тооцохгүйгээр зөвхөн 487 826 918 төгрөгийн санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд энэ санхүүжилтийн хүрээнд барилгын ажлыг дуусга гэсэн хууль бус шаардлагыг манай компанид тулгасан. Манай компани нь “УБЦТС” ТӨХК-тай зөвшилцөн асуудлыг шийдвэрлүүлэхийн тулд чармайж ирсэн боловч үр дүнд хүрээгүй бөгөөд энэхүү барилгын ажлыг дуусган, улсын комисст хүлээлгэж өгөхийн тулд хичээж, өөрөөс их хэмжээний хөрөнгө, хүч гарган, өрийн болон зээлийн хүү, торгууль алдангийн дарамтад орох зэргээр маш их алдагдал, хохирол хүлээж ажилласны эцэст 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр “УБЦТС” ТӨХК-ийн өргөтгөлийн барилгыг барьж дуусган, улсын комисст хүлээлгэж өгсөн. “УБЦТС" ТӨХК-ийн өргөтгөлийн барилга нийт 3 570 265 927 төгрөгийн өртөгтэй баригдсан, үүнээс “УБЦТС” ТӨХК нь ажил гүйцэтгэх анхны гэрээнд тусгагдсан 2 180 323 378 төгрөг, нэмэлт гэрээгээр 457 342 549 төгрөг, “УБЦТС” ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрлэсэн 487 826 918 төгрөг буюу нийт 3 125 492 845 төгрөгийн санхүүжилтийг олгохоор зөвшөөрснөөс 98 300 000 төгрөгийг манай компанид олгоогүй. Дээрх 3 570 265 927 төгрөгийн зөрүү болох манай байгууллагаас ажил гүйцэтгэхэд гаргасан 444 773 082 төгрөгийн асуудлыг шийдвэрлэж өгөхгүй байгаад гомдолтой байна. “УБЦТС” ТӨХК нь дээрх төлбөрийг олгохгүй байгаагийн улмаас манай компани нь их хэмжээний хохирол хүлээж, өр зээлийн дарамтад орж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хэд хэдэн өр төлбөрийн асуудалтай хүнд байдалд ороод байна. “УБЦТС" ТӨХК-ийн өргөтгөлийн барилга угсралтын ажил гүйцэтгэхэд “Ө” ХХК-аас гаргасан хөрөнгө мөнгө болох 543 073 086 төгрөг, мөн “УБЦТС" ТӨХК-ийн өргөтгөлийн барилгын ажил гүйцэтгэхийн тулд хувь хүн, банк санхүүгийн байгууллагуудаас авсан зээлийн мөнгөнд төлөх хүү, торгууль, алданги, зэргийн улмаас манай компанид учирсан хохирол болох 227 860 000 төгрөг, нийт 770 933 086 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт “УБЦТС” ТӨХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “УБЦТС” ТӨХК 2011 оны 9 дүгээр сард өргөтгөлийн барилгын ажил гүйцэтгэх ажилд нээлттэй тендер зарлаж 3 байгууллага санал ирүүлсэн. Үүнээс үнэлгээний хороо 2 180 323 378 төгрөгийн санал ирүүлсэн “Ө” ХХК-тай гэрээ байгуулах зөвлөмж өгсний дагуу 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 280/2011 дугаартай гэрээ байгуулсан. “Ө" ХХК-тай 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гэрээ байгуулсан бөгөөд гэрээний 3.2-т заасны дагуу урьдчилгаа төлбөрийг 11 дүгээр сарын 25, 12 дугаар сарын 30-нд тус тус нийт 600 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл урьдчилгаа төлбөр болох 30 хувийг шилжүүлсээр байтал өвлийн улирал эхэлсэн зэрэг шалтаг шалтгаан тоочиж барилгын ажлыг хийгээгүй ба дуусах хугацаагаа тооцоололгүй гэрээ байгуулсан нь “Ө” ХХК-ийн хариуцлагагүй үйлдэл юм. Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2012 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 18 дугаар, 2012 оны 6 дугаар сарын 15-ны 181 дугаар тушаалуудаар барилгын төсөвт өртөг 30 хувиар өсөж нэмэгдсэн гэсэн байна. Ажил гүйцэтгэх гэрээний 3.4-т “Захиалагч энд зааснаас өөр төлбөр төлөхгүй бөгөөд зайлшгүй шаардлагатай энэ гэрээний 1.3-т зааснаас бусад тохиолдолд гэрээний хугацаанд бий болсон үнийн өөрчлөлт, мөнгөний ханш унах, мөнгөн машстабт өөрчлөлт орсон нь гэрээний үнийг өөрчлөх үндэслэл болохгүй” гэж заасан тул барилгын төсөвт өртөг нэмэгдсэн нь захиалагч манай компанид хамаагүй бөгөөд гүйцэтгэгч компани эрсдэлээ өөрөө тооцох ёстой байсан. Барилгын ажил эхлээгүй байхад манай компаниас 600 000 000 төгрөгийн урьдчилгаа өгсөн бөгөөд бараа материалын үнэ нэмэгдэхээс өмнө шаардлагатай материалаа татаж цуглуулах бүрэн боломж байсан. Уг Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2012 оны 18, 181 дүгээр тушаалуудыг Монгол Улсын Их Хурлын 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 30 дугаар “МУ-ын Засгийн газарт чиглэл өгөх тухай” тогтоолоор хүчингүй болгосон. “Ө” ХХК нь гэрээнд тусгагдсан 2 180 323 378 төгрөг, нэмэлт гэрээгээр 457 342 549 төгрөг, төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр 487 826 918 төгрөг буюу нийт 3 125 492 845 төгрөг олгохоор зөвшөөрснөөс 98 300 000 төгрөгийг манайд компанид олгоогүй. Мөн зөрүү гүйцэтгэлд 444 773 082 төгрөгийн асуудал шийдвэрлээгүй гэсэн нь үндэслэлгүй бөгөөд анх тендер болон гэрээнд өргөтгөлийн барилгын төсөвт өртгийг 2 180 323 378 төгрөгөөр тохиролцсон бөгөөд нэмэлт гэрээний санхүүжилтээр 181 681 648 төгрөг, ханшийн зөрүүний санхүүжилт 487 826 918 төгрөг, гадна тохижилтын ажилд 105 660 897, гадна тохижилт нэмэлт гэрээнд 80 000 000 төгрөгийг санхүүжилтийг тус тус олгож нийт 3 027 319 830 төгрөгийг “Ө” ХХК-д олгож манай компани хохирсон. Мөн 2011 онд 634 531 092 төгрөг, 2012 онд 1 108 793 900 төгрөг, 2012 онд 593 777 564 төгрөг, 2012 онд 689 217 274 төгрөгийг ажлын гүйцэтгэлийг харгалзахгүй тус тус “УБЦТС” ТӨХК-иас шилжүүлж байсан бөгөөд нэхэмжлэгч “Ө” ХХК-д зээл авах өр төлбөр үүсэх нөхцөл байдал үүсгүүлж байгаагүй болно. Манай байгууллага гэрээний үүргээ хүлээн, уян хатан байж гэрээний хугацааг 3 удаа сунгаж барилгын ажлыг зогсоохгүй, цаг хугацаанд нь ашиглалтад оруулах гэж гэрээг цуцлах буюу алданги тооцох зэрэг аливаа үйлдэл гаргаж байгаагүй. Улсын комиссын өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг өнөөдрийг хүртэл “Ө” ХХК бүрэн биелүүлээгүй байна. Үүнд өргөтгөлийн барилгын гадна фасад, ариун цэврийн өрөөний тусгаарлах хаалтууд, шатны хонгилын хананд үүссэн ан цавыг янзлах зэрэг ажлуудыг хийгээгүй байна. Түүнчлэн барилгын батлагдсан зурагт тусгагдсан “Ө” ХХК хийж гүйцэтгэх ажлыг манай компани өөрийн хөрөнгөөр 4 төрлийн ажил үйлчилгээг 322 875 704 төгрөгөөр хийлгэсэн. Үүнд спорт заалны шал, дотор тохижилтын ажилд 248 850 704 төгрөг, гараашийн 2 хаалга солих ажилд 13 050 000 төгрөг, гараашийн шал засварын ажилд 39 975 000 төгрөг, дээврийн ус зайлуулах системийг сольж шинэчлэх ажилд 21 000 000 төгрөгөөр тус тус хийлгэсэн. Мөн өргөтгөлийн барилгад орох байсан манай байгууллагын салбар нэгж болох Хан-Уул хэрэглэгчдэд үйлчлэх төв нь гэрээнд заасан хугацаандаа байрандаа орж чадаагүй улмаас 2 жил 2 сарын түрээсийн төлбөрт 108 108 000 төгрөгийн түрээсийн төлбөр төлж хохирсон. ”УБЦТС” ТӨХК нь анхны тендерийн үнэ, гэрээнд заасан төсөв болон ’’Ө” ХХК-ийн тендерт ирүүлсэн үнийг 1 тэрбум төгрөгөөр давуулан санхүүжилтийг олгож чанар муутай стандартын шаардлага хангахгүй барилга хүлээн авч хохироод байна. Мөн “Ө" ХХК-иас 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 01/03 дугаартай албан бичиг /манай компани улсын комиссоос өгсөн үүрэг даалгаврыг хийж гүйцэтгэхийн тулд гэрээт ажпын үлдэгдэл төлбөр болох 33 473 000 төгрөгийг олгоно уу/ ирүүлж байсан бөгөөд дээрх мөнгийг нь өгсөн ба илүү мөнгө нэхэмжилж байгаагүй болно. Гэтэл үндэслэлгүйгээр 770 933 086 төгрөг нэхэмжилж байгаа нь учир дутагдалтай байна. Манай компани “Ө” ХХК-д удаа дараа дахин санхүүжилт, мөнгө өгч чадахгүй, гэрээнд заасан үүргээ биелүүлж, гэрээний хүрээнд ажиллах талаар албан бичиг өгч байсан. Хэрэв хохиролтой боломжгүй байсан бол дээрх мэдэгдлийн дагуу гэрээг цуцлах бүрэн боломжтой байсан. “УБЦТС" ТӨХК-д  нь 2011 оны 11 сард тухайн өргөтгөлийн барилгын ажил эхлээгүй байхад “Ө” ХХК-д 600 000 000 төгрөгийг хоёр хувааж 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр, 2011 оны 12 сарын 30-ны өдөр тус тус шилжүүлсэн. Гэтэл хавар болонгуут барилгын ажил эхлэнгүүт барилга захиалан бариулах гэрээний 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт ажлын дараагийн санхүүжилтийг захиалагчид хүлээлгэн өгөөд баталгаажуулсаны үндсэн дээр гүйцэтгэгчийн нэхэмжлэлээр өгнө гэж заасныг зөрчиж “Ө” ХХК нь ажлаа хийлгүй мөнгөгүй хэмээн мөнгө нэхэн 2012 оны 8 сард ашиглалтад орох барилгыг барилгүй удааж байсан “УБЦТС" ТӨХК нь тухай, тухай үед нь санхүүжилтийг олгож байсан. Захиалагчийн хувьд гэрээгээр болон хуулиар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн гэдэг нь харагдаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 345.2-т заасныг баримтлан хариуцагч “УБЦТС" ТӨХК-иас 545 162 422 төгрөг төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Ө” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 225 770 664 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгч “Ө” ХХК-иас 4 012 615 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч “УБЦТС" ТӨХК-иас 2 883 762 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Ө” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн 5 дахь хуудасны 4 дэх догол мөрөнд "... Шүүх талуудын хооронд байгуулсан дээрх гэрээг шинжлэн судлаад Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, талууд хүсэл зоригоо гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулсан хүчин төгөлдөр хэлцэл гэж үзсэн ..." гэж дүгнэсэн. Гэтэл шүүхийн шийдвэрийн 7 дахь хуудасны 2 дахь догол мөрөнд "... талуудын хооронд ... тохиролцсон хэлцлийг иргэний эрх зүйн харилцаанд оролцогч талуудын тэгш эрхийн зарчмыг хөндсөн гэж үзэхээр байна" гэж өмнөх дүгнэлтээсээ илт зөрүүтэй, эсрэг утгатай дүгнэлт хийж уг дүгнэлтээ үндэслэн талуудын хооронд байгуулсан гэрээнд огт тусгагдаагүй 444 773 082 төгрөгийг ажил гүйцэтгэх гэрээний үүрэг гэж үзэн хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Хэрвээ гэрээний тэгш байдал хөндөгдсөн гэж үзвэл хууль зүйн хувьд уг гэрээний хүчин төгөлдөр эсэх талаар маргах ёстой. Гэтэл талууд гэрээний хүчин төгөлдөр эсэх талаар огт маргаагүй бөгөөд энэ талаар мөн шүүгч шийдвэрийнхээ 6 дахь хуудзсны 1 дэх догол мөрөнд дүгнэлт хийсэн атлаа гэрээний тэгш байдал хөндөгдсөн гэж үзэж гэрээнд тусгагдаагүй төлбөрийг гаруулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн шүүх шийдвэртээ талуудын хооронд үүссэн харилцааг эрх зүйн харилцааны төрлийн хувьд Иргэний хуулийн 343 дугэар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний төрөлд хамаарна гэж дүгнэсэн. Тэгвэл Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээгээр талууд ямар үүрэг хүлээхийг хуульд тодорхой зааж өгсөн. Хуулийн энэ зохицуулалтаас хархад захиалагч нь гүйцэтгэгчтэй хэлэлцэн тохиролцож гэрээнд тусгасан хөлс төлөх үүрэгтэй болохоос биш гүйцэтгэгчийн шаардсаныг төлөх үүрэггүй юм. Шүүхийн дээрх дүгнэлтүүд хоорондоо агуулгын хувьд илт зөрүүтэй, талуудын хооронд үүссэн маргааны талаар буруу дүгнэлт хийж талуудын хооронд байгуулсан гэрээнд тусгагдаагүй 444 773 082 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль үндэслэлгүй байна.

Шүүх "Гэрээний улмаас учирсан хохирлын тухайд нэхэмжлэгчээс ирүүлсэн 2013 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Төрийн банк “Ө” ХХК-ийн хооронд байгуулсан барилга угсралтын зориулалтаар асван 350 000 000 төгрөгийн зээлийн хүүд төлсөн 100 389 340 төгрөгийг зохигчдын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээтэй шалтгаант холбоотой гэж үзэхээр байх тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг үндэслэн хангах үндэслэлтэй” гэж шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 227 дугаар зүйл нь гэрээнд оролцогч талуудын аль нэг тал нь үүргээ зөрчсөнөөс шалтгаалж нөгөө тал уг гэрээнээс татгалзсантай холбоотойгоор өөрт учирсан хохирлоо нөгөө талаас шаардахтай холбоотой харилцааг зохицуулсан байна. Тэгвэл нэхэмжлэгч хариуцагч хоёр талын аль нь ч гэрээнээс татгалзаагүй бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээ дуусгавар болсон. Түүнчлэн хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ цаг хугацаадаа зохих ёсоор гүйцэтгэж байсан болох нь нэхэмжлэгч байгууллагад төлбөр шилжүүлж байсан \хавтаст хэрэгт нотлох баримтаар өгсөн\ төлбөрийн даалгавруудаас харагдах болно. Шүүх Иргэний хуулийг буруу тайлбарлаж талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээтэй ямар ч хамааралгүй, нэхэмжлэгч байгууллагын 2013 онд Төрийн банкнаас авсан зээлийн хүүг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар бүхэлд нь хүчингүй болгож хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

 

            Нэхэмжлэгч “Ө” ХХК нь хариуцагч “УБЦТС" ТӨХК-д  холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 770 933 086 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Талуудын хооронд 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр өргөтгөлийн барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь Хан-Уул дүүрэгт байрлах УБЦТС-ийн оффиссын байрны өргөтгөлийн барилга угсралтын ажлыг 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн 2012 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн дотор хавсралтад заасан хуваарийн дагуу чанартай гүйцэтгэх, ажлын төлбөрийг 2 180 323 378 төгрөгөөр, гэрээт ажлын урьдчилгаа төлбөр нь гэрээний үнийн дүнгийн 30 хувь буюу 654 097 013 төгрөгийг гэрээ байгуулсанаас хойш ажлын 10 өдөрт багтаан шилжүүлэхээр талууд тохиролцсон байна.

 

Дээрх гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болж гарын үсэг зурсан тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар хийгдсэн хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэх бөгөөд анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэжээ. Талуудын байгуулсан энэхүү гэрээний 3.2-т заасны дагуу хариуцагч нь нэхэмжлэгчид өргөтгөлийн барилгын ажлын санхүүжилтэд 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 300 000 000 төгрөг, 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 300 000 000 төгрөг, нийт урьдчилгаанд 600 000 000 төгрөг шилжүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн байна.

 

Нэхэмжлэгч өргөтгөлийн барилгын ажлыг гүйцэтгэж байх явцад хариуцагч байгууллага нь барилга угсралтын ажил эхлэх,  үргэлжлүүлэх зөвшөөрөл аваагүй байснаас болж Улсын мэргэжлийн хяналтын газрын 2012 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 02-07-77/393 тоот улсын ахлах байцаагчийн актаар уг өргөтгөлийн барилгын угсралтын ажлыг түр зогсоосон үйл баримт хэрэгт авагдсан баримтууд болон зохигчдын тайлбараар тогтоогджээ.

                                                                                    /1 дүгээр хавтасны 46 дугаар тал/  

 

Өргөтгөлийн барилгын ажил хугацаандаа гүйцэтгээгүйд нэхэмжлэгч бус хариуцагч буруутай байна. Учир нь өргөтгөлийн барилга угсралтын ажлыг эрх бүхий байгууллагаас зогсоосны дараа хариуцагч байгууллага 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдөр барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг, уг өргөтгөлийн барилгыг барих газрыг эзэмших эрхийг 2012 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн А/40 тоот Нийслэлийн Засаг даргын захирамжаар авснаар 2012 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Нийслэлийн газрын албатай газар эзэмших гэрээ байгуулж, 2012 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Нийслэлийн газрын албанаас 0300364 тоот Төрийн байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг, УСУГазрын 2012 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн хурлаар 106/12 тоот техникийн нөхцөл, “УБДС” ХК-ийн 2012 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн хурлаар 48 тоот техникийн нөхцөл, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-иас 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 2235/2011 тоот техникийн нөхцөл тус тус авснаар барилгын ажил эхэлсэн байна.

                                                     /1 дүгээр хавтасны 49, 101-109, 110-115 дугаар тал/

 

Дээрх өргөтгөлийн барилгыг барих явцад 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан 280/2011 тоот гэрээнд 2014 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 226/2014 тоот гэрээгээр “нэмэлт өөрчлөлт” оруулан 5 төрлийн ажлыг 181 681 648 төгрөгөөр, 2014 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 227/2014 тоот гэрээгээр “312/2013”  тоот гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан шалган нэвтрүүлэх байр тоосгон хашаа буулгаж зөөвөрлөх, В блок гадна хөөсөнцөрөөр дулаалах ажлыг 80 000 000 төгрөгөөр, 2014 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 179/2014 тоот гэрээгээр “312/2013” тоот гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан оффис болон өргөтгөлийн барилгын А болон В блокын барилгын зурагт тусгагдаагүй, ашиглагдаагүй талбайг агуулахын зориулалттай байр болгох барилга угсралтын ажлыг 105 660 897 төгрөгөөр нэмж гүйцэтгэхээр, 2014 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 21/2014 тоот гэрээгээр “280/2011” тоот гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан гэрээт ажлыг захиалагч тал 487 826 918 төгрөгөөр нэмж санхүүжүүлэхээр, үлдэх ажлыг нэмж санхүүжүүлсэн 487 826 918 төгрөгт багтаан хийхээр талууд тус тус тохиролцсон үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.                       /1 дүгээр хавтасны 6-9, 34-43 дахь тал/

 

Ийнхүү талууд ажил гүйцэтгэх гэрээ болон түүнд оруулсан нэмэлт өөрчлөлт, нэмэлт санхүүжилтийн 5 гэрээний дагуу 3 035 492 841 төгрөгийн ажлын хөлс төлөхөөр тохиролцсон, хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчид уг гэрээнүүдийн дагуу 3 035 492 841 төгрөгийг төлсөн гэж үзэх үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ түүнд нэмэлт өөрчлөлт оруулсан 5 гэрээний дагуу 3 125 492 845 төгрөг олгохоос 98 300 000 төгрөгийг шилжүүлээгүй гэх тайлбар баримтаар нотлогдоогүй байна. Учир нь хэргийн 34-36, 41 дүгээр талд авагдсан зохигчдын хооронд байгуулсан 2013 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ, уг гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан 2014 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 179/2014 тоот гэрээний 1-д тохиролцсон талуудын тохиролцооны агуулгаас үзвэл “УБЦТС” ХК-ийн төв оффиссын өргөтгөлийн барилгын гадна тохижилтын ажлыг 90 000 000 төгрөгөөр гүйцэтгэхээр тохирсоныг 105 660 897 төгрөг болгон үнийн дүнг өөрчилсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 98 300 000 төгрөг хариуцагчаас гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байв. Талууд хэдийгээр ажил гүйцэтгэх гэрээгээр ажлын хөлсийг тохиролцсон боловч гэрээний дагуу гүйцэтгэх ажлын өртөг, үнэ нэмэгдсэн гэх нөхцөл байдал нэхэмжлэгчийн тайлбар болон хэргийн 48 дугаар тал дахь Барилга Архитектур корпорацийн 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 167  тоот дүгнэлт зэрэг баримтаар тогтоогдож байна. Хэргийн 99 дүгээр талд авагдсан Монгол Улсын Эрчим хүчний сайдын гэрээ дүгнэх тухай албан бичгийг хариуцагч байгууллагад 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүргүүлсэн албан бичиг, 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 280/2011 тоот “УБЦТС” ХК-ийн өргөтгөлийн барилгын ажил гүйцэтгэх гэрээний 5.2, 2014 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 21/2014 тоот гэрээгээр 280/2011 тоот ажил гүйцэтгэх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан  байдлыг хооронд харьцуулан дүгнэвэл талуудын хооронд гэрээгээр 487 826 918 төгрөгөөр нэмж санхүүжүүлэх, үлдэх санхүүжилтийг бодит хийгдсэн ажлын үр дүн, өртгөөр тооцохоор тохиролцсон гэж үзнэ.

 

Талуудын хооронд байгуулагдсан 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 280/2011 тоот “УБЦТС” ХК-ийн өргөтгөлийн барилгын ажил гүйцэтгэх гэрээний 3.2-т “гэрээт ажлын урьдчилгаа төлбөр нь гэрээний үнийн дүнгийн 30 хувь буюу 654 097 013 төгрөгийг гэрээ байгуулагдсанаас хойш ажлын 10 өдөрт багтаан шилжүүлнэ”, мөн гэрээний 3.3-т “хариуцагч байгууллагын мөнгөн төлбөр төлөх үүрэг нэхэмжлэх гаргаж өгснөөр үүснэ” гэж заасан ба нэхэмжлэгч нь санхүүжилт хүссэн нэхэмжлэхийг хэрэгт баримтаар гаргаж өгөөгүй болно.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан “УБЦТС” ХК-ийн өргөтгөлийн барилгын ажил гүйцэтгэх гэрээний 5.2 дахь хэсэгт “гүйцэтгэсэн ажлын үр дүнд тохирсон ажлын хөлсийг гэрээнд заасны дагуу нэхэмжлэх эрхтэй” гэж заасан бол 280/2011 тоот ажил гүйцэтгэх гэрээний нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээний 3.3-д “захиалагч тал дараагийн санхүүжилтийг хяналтын инженерийн баталгаажуулсныг үндэслэн ажлын бодит гүйцэтгэлээр санхүүжүүлнэ” гэж заасан нь гэрээний дагуу дахин гүйцэтгэсэн бодит гүйцэтгэлээр зардлыг төлөхөөр талуудыг тохиролцсон гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллага руу эрх бүхий байгууллагаас норм нормчлолын дагуу нийт ажлын өртөг, цаашид гарах зардал хэд байх талаарх тооцоог явуулсан албан бичиг дээр үндэслэж хийсэн ажлын гүйцэтгэлийн зөрүү 444 773 082 төгрөг нэхэмжилсэн баримт хэрэгт авагдсан бөгөөд хариуцагч уг албан бичгийг няцааж ажлын өртөг өөр байх талаар маргаагүй тул хэрэгт авагдсан бусад баримттай харьцуулан үнэлж Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар гүйцэтгэсэн ажлын төлбөрийн зөрүү 444 773 082 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосон анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмыг зөрчөөгүй.

 

Нэхэмжлэгч нь 2013 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Төрийн банктай №48 тоот зээлийн шугамын гэрээг байгуулж, уг гэрээгээр 350 000 000 төгрөгийг, сарын 1,8 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, барилга угсралтын зориулалтаар зээлсэн үйл баримт хэргийн 12-14 дүгээр талд авагдсан зээлийн шугамын гэрээ болон нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдсон боловч нэхэмжлэгч нь Төрийн банкнаас авсан зээлийн хүүг хохиролд тооцон шаардах эрхгүй. Учир нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу хохирол шаардах эрхийг Иргэний хуулийн 352 дугаар зүйлд тухайлан заасан ба нэхэмжлэгчийн Төрийн банкнаас авсан зээлийн хүү төлж хохирсон байдал нь дээрх заалтад хамаарахгүй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллага гэрээнд заасан үүргээ гүйцэтгэхгүй байсны улмаас Төрийн банкнаас зээл авсан гэх нөхцөл байдлын шалтгаант холбоо тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч хохирол шаардах эрхгүй гэж үзэх бөгөөд энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт буруу байв. Хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараас үзвэл хариуцагч гэрээний ямар үүрэг зөрчсөнөөс нэхэмжлэгч Төрийн банкнаас зээл авч хүү төлөх болсон талаарх шалтгаант холбоо тогтоогдохгүй байх нэхэмжлэгч хохирол шаардах эрхгүй байна. Иймд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 326 160 004 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2018/00553 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “УБЦТС" ТӨХК-иас 444 773 082 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Ө” ХХК-д олгож, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 326 160 004 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “2 883 762 төгрөг” гэснийг “2 381 815 төгрөг” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар “УБЦТС" ТӨХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 883 763 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                      ШҮҮГЧИД                                     Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                           Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ