Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 1161

 

 

Г.З нарын хэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2018/00931 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Г.З нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Т” ХХК-д холбогдох

 

Орон сууцны талбайн зөрүү 11.31 м.кв-ын үнэ 21 489 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Г.З,

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Г.З нь “Т” ХХК-тай 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдөр орон сууц захиалгаар барих гэрээ байгуулж Баянгол дүүрэг 1 дүгээр хороо Алтай хотхон 18 дугаар байр 147 тоот 106,7 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг шилжүүлэн авч, 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр улсын бүртгэлийн ерөнхий газраас Ү-2205051795 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авсан. Гэрчилгээнд орон сууцны талбайг 101.6 м.кв талбайтай гэж заасан байсан. Гэрээний үүргээ биелүүлж төлбөр 202 730 000 төгрөг бүрэн төлсөн. Анх “Т” ХХК-тай гэрээ байгуулахаар очихдоо 106.7 м.кв талбайтай 3 өрөө орон сууц захиалахаар тооцож очсон боловч тус компанийн нягтлан бодогч эхлээд мөнгөө төл дараа нь гэрээтэйгээ танилц гэсний дагуу м.кв-ыг нь 1 900 000 төгрөгөөр тооцон дансанд нь 141 000 000 төгрөг шилжүүлсэн. Ингээд байрны зургийг гэрээний хамт үзсэн. Гэрээ, байрны зураг дээр талбайн хэмжээг 106.7 м.кв гэж бичсэн атлаа гэрчилгээнд 101.6 м.кв-р бичигдэнэ гэсэн. Яагаад зөрүү гарч байгаа талаар асуухад орон сууцны талбай 106.7 м.кв, харин одоогийн мөрдөгдөж байгаа стандартаар уг байр 101.6 м.кв болж байгаа тул та нар 106.7 м.кв талбайн хэмжээгээр тооцож төлбөрөө төлнө. Стандарт нь гэрээний 1.2-т заасантай адилхан ханын гол дундаас хэмждэг гэсэн. Зөрүү гарч байгаа бол байр захиалахаа болилоо гэхэд манай дансанд мөнгө шилжүүлсэн тул буцаах тохиолдолд шимтгэл суутгагдана гэсэн тул гэрээ байгуулсан. Нэхэмжлэгчийн төлсөн төлбөрийг 101.6 м.кв-д тааруулан анх тохирсон үнээс өөрөөр 1 995 374 төгрөгөөр тооцсон байсан. MNS6058:2009 стандартыг үзэхэд орон сууцны барилгын доторх сууцны өрөө тасалгааны хэмжилтийн цэгийг хашлага хана, хамар ханын өнгөлгөө засал хийгдсэний дараа дотор гадаргуугаас авна гэж заасан байсан. Анх гэрээ байгуулахад байр аль хэдийн баригдаад, улсын комисс хүлээгээд авчихсан байранд орон сууц захиалгаар барих гэрээ байгуулсан. Худалдаж авсан байрны талбайн хэмжээнд эргэлзээ төрсөн тул “Тоонто гранд” ХХК-иар хэмжилт хийлгэхэд байр 95.39 м.кв талбайтай гэсэн дүгнэлт гарсан. Анх 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч стандарттай холбоотой маргаан Захиргааны хэргийн шүүхэд хянагдаж байгаа гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Ингээд 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд дахин хандсан. Иймд хариуцагч “Т” ХХК-аас 11.31 м.кв талбайн зөрүү 21 489 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтээр томилогдсон шинжээчийн зардал 189 000 төгрөгийг нэхэмжлэгч төлсөн гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Зохигчдын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан. Орон сууцыг 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдөр улсын комисс хүлээж авсан. Улсын комисс хүлээж авахаас өмнө орон сууц ашиглалтад орж айлууд нүүж орсон. Улсын комиссын актын 1.6-д энэхүү барилга байгууламжийг 2011 оны 3 дугаар сараас барьж эхэлсэн, 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдөр бүрэн барьж дуусгасан талаар дурдсан байгаа. Худалдах-худалдан авах гэрээний зүйлтэй холбоотой гомдлын шаардлага гаргах хугацааг хариуцагч хэтрүүлсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгчээс шинжээчийн зардалд төлсөн 189 000 төгрөгийг хариуцагч тал нэхэмжлэгчид өгөхийг зөвшөөрнө гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1-т зааснаар хариуцагч “Т” ХХК-д холбогдох орон сууцны талбайн бодит хэмжээ болон гэрээнд заасан хэмжээ хоорондын зөрүү 11.31 метр квадратын үнэ 21 489 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.З нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 266 722 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар хариуцагч Т ХХК-наас 189 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.З-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “Т” ХХК-тай байгуулсан гэрээ нь урьдчилан тогтоосон нөхцлийг тусгасан стандарт гэрээ юм. Орон сууц худалдан авах гэж очиж байгаа бүх хүмүүстэй энэхүү орон сууц захиалгаар барих гэрээг хийдэг. “Т” ХХК нь нэхэмжлэгч Г.З-д маргаан бүхий орон сууцыг худалдахдаа орон сууц захиалгаар барих гэрээ биш худалдах- худалдан авах гэрээг байгуулах ёстой байсан. Нэхэмжлэгч Г.З хууль, эрх зүйн мэдлэггүйгээсээ болоод баригдаж дууссан орон сууцыг худалдаж авахдаа худалдах- худалдан авах гэрээ байгуулах ёстой байсан гэдгийг мэдээгүй.

Нэхэмжлэгч Г.З нь 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авч, 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдөр “Тоонто гранд” ХХК-иар хэмжилт хийлгэснээр орон сууцны талбай гэрээнд зааснаас дутуу болохыг мэдсэн. Эрхээ зөрчигдсөн тухай мэдснээсээ хойш “Т” ХХК-ийн захирал болон нягтлан бодогчтой олон удаа уулзаж орон сууцны төлбөрт илүү төлсөн мөнгөө нэхэмжилж, хохирлоо барагдуулах талаар амаар болон бичгээр шаардлага тавьж байсан. Иймд Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт заасан 6 сарын дотор гомдлын шаардлага гаргаагүй гэж шүүхээс дүгнэсэн нь үндэслэлгүй.

Анхан шатны шүүх "гомдлын шаардлага гаргах хугацаа", "шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа" гэсэн хоёр өөр ойлголтыг зааглан ялгалгүй алдаатай дүгнэлт хийж, Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт заасан зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2 дахь хэсэгт заасны дагуу маргаан бүхий орон сууцанд “Тоонто гранд” ХХК-иар хэмжилт хийлгэж 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдөр дүгнэлт гарснаар эрх зөрчигдсөн тухайгаа мэдсэн. Энэ өдрөөс гомдлын шаардлага гаргах хугацаа тоологдож, гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа тоологдоно. Нэхэмжлэгч орон сууцны талбайн зөрүүг гаргуулах нэхэмжлэлийг анх 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр гаргаж, орон сууцны талбайн хэмжилт хийхэд удирдлага болгодог МNS6058:2009 стандартын холбогдох заалтыг хүчингүй болгох тухай захиргааны хэрэг Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа үндэслэлээр 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн захирамжаар нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.2, 79.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж, 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс шинээр тоолно. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасны дагуу нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2018 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр дуусч байна. Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр гаргасан нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг зөрчөөгүй, гомдлын шаардлага гаргах хугацаа дууссанаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болохгүй гэсэн хуулийн заалт байхгүй. Иймд анхан шатны шүүх Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д заасан худалдан авагчийн гомдлын шаардлага гаргах 6 сарын хугацаа өнгөрсөн явдлыг шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж дүгнэснээр хууль хэрэглээний ноцтой алдаа гаргасан.

Анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч өөрт учирсан хохирлоо барагдуулахаар “Т” ХХК-ийн ямар албан тушаалтанд хэзээ, хэрхэн шаардлага тавьж хандаж байсан тухай тайлбар хэлэх гэтэл шүүгч хэлүүлээгүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар гурван нэхэмжлэгчийг төлөөлж, нэхэмжлэгч Г.Золбоо өөрийгөө төлөөлөн хуралд оролцон бодит болсон явдлын талаар үнэн зөв тайлбар хэлэх гэсэн боловч, шүүхээс тайлбар хэлэх, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжоор хангаагүй.

Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.2 дахь хэсэгт заасны дагуу худалдагч эд хөрөнгийг шилжүүлэх үед түүний доголдлыг мэдсээр байж нуун дарагдуулсан бол худалдан авагч доголдолтой холбоотой шаардлага гаргах эрхээ алдахгүй. “Т” ХХК Г.З-той гэрээ байгуулахдаа орон сууцны нийт талбайг МNS6058:2009 стандартын дагуу хэмжиж гаргасан, асуудал байхгүй гэж үнэн бодит байдлыг нуун дарагдуулсан. Иймд Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д заасны дагуу нэхэмжлэгч нар нь хариуцагч “Т” ХХК-иас орон сууцны талбайн зөрүү төлбөрийг гаргуулахаар шаардах эрхтэй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Г.З нар нь хариуцагч “Т” ХХК-д холбогдуулан орон сууцны талбайн зөрүү 11.31 м.кв-ын үнэ 21 489 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 99 дүгээр зүйлд заасны дагуу шүүх хуралдааны ирцтэй холбоотойгоор нэхэмжлэгч Г.З, итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З, Б.Г нарын аль нь шүүх хуралдаанд оролцохыг тодруулаагүйгээс Г.З-ийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг зөрчсөн болох нь 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдааны дуу, дүрс бичлэг бүхий сидигээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Г.Золбоогийн шүүх хуралдаанд биечлэн оролцож тайлбар өгөх эрхийг хангахгүйгээр шүүх хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасныг зөрчжээ.

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрхийг бүрэн хангаагүйгээс гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан мэтгэлцэх зарчмыг бүрэн хэрэгжүүлээгүй байна.

           

Иймд хэргийн оролцогчийн эрхийг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2018/00931 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.З-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 266 722 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.БАТЗОРИГ

 

                             ШҮҮГЧИД                                      Г.ДАВААДОРЖ

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ