Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 02

 

С.С, Х.Э нарт холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунтунгалаг даргалж, шүүгч О.Баатарсүх, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийв.

 

Шүүх хуралдаанд: 

прокурор С.Сугар,

шүүгдэгч С.С, түүний өмгөөлөгч Х.Ургаа,

шүүгдэгч Х.Э, түүний өмгөөлөгч З.Нямсүрэн,

нарийн бичгийн дарга Ц.Алтансүх нар оролцов. 

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 05 дугаар шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч бичсэн Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбатын эсэргүүцлээр Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.С, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Э нарт холбогдох эрүүгийн 1830000380315 дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 2020 оны  01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

1.Монгол Улсын иргэн, 1975 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 45 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 3, хоёр хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг, Одкон хотхоны ... тоотод оршин суух, хэрэгт холбогдох үедээ тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргаар ажиллаж байсан, ял шийтгүүлж байгаагүй, С.С 

 

2.Монгол Улсын иргэн, 1969 онд Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 50 настай, эмэгтэй, дээд боловсролтой, малын их эмч мэргэжилтэй, ам бүл 4, 3 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 1 дүгээр баг, Бичигт боомтод оршин суудаг, хэрэгт холбогдох үедээ Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Экспорт, Импорт хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байсан, ял шийтгүүлж байгаагүй,  Х.Э 

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч С.С нь Сүхбаатар аймгийн мэргэжлийн хяналтын газрын даргаар, шүүгдэгч Х.Э нь Сүхбаатар аймгийн мэргэжлийн хяналтын газрын Экспорт, Импорт хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа, бүлэглэн албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ““Бичигт” боомтоор нэвтрүүлэх амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, тээврийн хэрэгсэлд ариутгал, халдваргүйжүүлэлт хийх журам”-ын хэрэгжилтийг хангуулж ажиллахдаа, тээврийн хэрэгслээс авах хураамжийн 9000 төгрөгийн тасалбарыг хуурамчаар үйлдэн, аймгийн мэргэжлийн хяналтын газрын тэмдгийг дарж, уг тасалбараар 2016 оны 11 дүгээр сарын 01-ээс 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд “Бичигт” боомтоор улсын хил нэвтэрч байгаа тээврийн хэрэгсэлд ариутгал, халдваргүйжүүлэлт хийсэн орлогын мөнгийг өөрийн болон өөрийн хамаарал бүхий этгээдүүдийн дансаар шилжүүлэн авч, өөртөө давуу байдал бий болгож улсад 107.174.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн шүүгдэгч  Х.Э нь 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум дахь Бичигт боомт дээр Ц.Ог зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа нь шүүгдэгч С.Сгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт, шүүгдэгч Х.Эгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Сд, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Эд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 18300000380315 дугаартай хэрэгт мөрдөн байцаалт хийлгэхээр Нийслэлийн прокурорын газарт буцааж,  шүүгдэгч С.С, Х.Э нарт авсан хувийн баталгаа гаргах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх, Монгол Улсын хилээр гарахын хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбат эсэргүүцэлдээ:  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулсан” үйлдлээр төгсдөг гэмт хэргийн үйлдлийн шинжийг мөрдөгч нотолсон, энэ талаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тогтоолын тодорхойлох хэсэгт хууль зүйн дүгнэлтийг прокурор хангалттай хийсэн. Гэтэл шүүх 107174000 төгрөгийн хохирлыг нотлохыг шаардсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй, нөгөө талаас эрүүгийн хуулийн тусгай ангийн тодорхой зүйл хэсэгт заасан үйлдлийн шинжээс илүү зүйлийг нотлохыг мөрдөгч, прокуророос шаардаж байна.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3-д заасан “улсын яллагчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл”-ийг тодорхойлох нь шүүхийн тогтоолд мөн адил хамаарах байтал “эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай” прокурорын тогтоол дахь гэмт үйлдэл, нотлогдсон үйл баримт, нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэсэн прокурорын хууль зүйн дүгнэлтийг хэрхэн няцаан үгүйсгэж байгаа нь шүүхийн тогтоолоос огт харагдахгүй байна. Хавтаст хэрэгт гэрч Ц.О, шинжээч Д.Мөнхцэцэг нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 103 дугаартай дүгнэлт, Х.Э, С.С нарын албан өрөө, амьдарч буй орон байранд нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтууд байгаа. Яллагдагч нар хуурамч “тасалбар” үйлдэж, түүнийгээ ашиглан төрийн санд хохирол учруулсан болох нь нотлогдсоор байтал яллагдагчийн мэдүүлгийн дагуу нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах, гэрчээс мэдүүлэг авахыг шаардсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх шаардлагыг илт зөрчжээ. Гэтэл бусад нотлох баримтуудаар батлагдах боломжгүй, нөгөө талаас зайлшгүй шаардлагатай бус хүнээс гэрчийн мэдүүлэг авахыг шаардсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхээргүй” байх шаардлагад нийцээгүй гэж үзнэ. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр “107174000 төгрөгийн хохирол учирсан” гэснийг шүүхийн тогтоолд ямар үндэслэлээр буруу, эргэлзээтэй дүгнэлт гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь үйлдлээр төгсөх гэмт хэрэг бөгөөд “давуу байдал бий болгох” гэсэн шинжээс “эдийн засгийн давуу байдал” бий болсон хэмжээг илүү тодорхой болгох зорилгоор мөрдөн шалгах ажиллагааны явцад прокурорын санаачлагаар хийж гүйцэтгэсэн ажиллагаа болно. Иймд Сүхбаатар аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 05 дугаар шүүхийн тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

 

Шүүгдэгч С.С давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 107 сая төгрөг бол их мөнгө, энэ мөнгийг авсан асуудал байхгүй, анхан шатны шүүхийн шүүхийн тогтоолыг хэвээр үлдээхийг хүсч байна гэв. 

 

Шүүгдэгч Х.Э давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Яригдаж байгаа мөнгөөр байгууллагадаа эд, хогшил худалдаж авсан, аймгийн мэргэжлийн хяналт газрын үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй, одоо ч хэрэглэж байгаа. Үнэлгээний байгууллага болон аудитын албаар үнэлгээ тогтоож хэрэгт хавсаргуулах хүсэлт гаргаж байсан. 20.4 сая төгрөгийг бид бэлнээр авсан зүйл байхгүй, кассын бүртгэл болон бусад дэвтэр дээр зөвхөн Энхтуяад болон Сарантуяад өгсөн гэж бичсэн байгаа боловч бидэнд өгсөн гарын үсэг, баримтаар нотлогдохгүй байгаа. Бидний танихгүй хүмүүс рүү Х.Эгаас, С.Сгаас гэж мөнгө шилжүүлсэнтэй холбогдуулан тайлбар өгөхөд хүлээж аваагүй. Иймд анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлээж өгнө үү гэв. 

 

Шүүгдэгч С.Сгийн өмгөөлөгч Х.Ургаа давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаартай, “хэргийг прокурорт буцаах тухай” шүүхийн тогтоол хууль ёсны, үндэслэлтэй, ойлгомжтой гарсан. Гэтэл прокурорын эсэргүүцэлд шүүхийн тогтоолын тодорхой нэг хэсгийг таслан авч ойлгомжгүй байна гэж тайлбарласан байгаа. Шүүхийн тогтоолд: “Яллах дүгнэлтээр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 103 дугаартай дүгнэлтийг үндэслэн Төрийн сангийн дансанд 534.518.000 төгрөгийн ариутгалын орлого орох байснаас 107.174.000 төгрөгийн дутагдал нь шүүгдэгч С.С, Х.Э нарт хамааралтай гэж үзсэн боловч хэзээ, хэнээс, хэдэн төгрөгийг, хэдэн удаагийн үйлдлээр бэлэн болон бэлэн бусаар авсан, хэнд өгсөн, юунд зарцуулсныг бүрэн гүйцэд шалган тогтоогоогүй байна.” гэж бичсэн нь ойлгомжтой, тодорхой байна.  Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд нотолбол зохих байдлыг заасан. Албан тушаалын гэмт хэрэг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй тул хохирлыг шалгахгүйгээр шийдвэрлэнэ гэж үзэж болохгүй. 107 сая төгрөгний хохирол яригдаж байгаагаас хэн, хэдэн төгрөг төлөх гээд байгаа юм. Прокурор санаачлагаараа шинжээчийн дүгнэлт гаргуулсан байхад шүүх шинжээчийн дүгнэлт дахин гаргуулах гээд байгаа нь буруу гэж байна. ЭХХШТХ-ийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана” гэж заасан байдаг. Өнөөдрийн хэлэлцэж байгаа хэрэгт шийтгэх болон цагаатгах тогтоол гараагүй, гэтэл шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт хамааралтай ЭХХШТХ-ийн 36.7 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасныг прокурор үндэслэл болгож байгааг хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Шүүхийн тогтоолд ойлгомжгүй, далд агуулга, утгатай бичигдсэн зүйл байхгүй тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.  

 

Шүүгдэгч Х.Эгийн өмгөөлөгч З.Нямсүрэн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаартай “хэргийг прокурорт буцаах тухай” шүүхийн тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. ЭХХШТХ-ийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж, хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж заасан байгаа. Энэ үүргээ мөрдөгч, прокурор бүрэн биелүүлээгүй. Мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж заасан байгаа. Эргэлзээтэй нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан учраас хэргийг прокурорт буцаасан. ЭХХШТХ-ийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгч, прокурор, өмгөөлөгч, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, шинжээчид яллагдагчийн гэм буруугийн талаар хөдөлбөргүй үнэн гэж урьдчилан тогтоосон ямар ч нотлох баримт байж болохгүй.” гэж заасан байгаа. Тухайн хэрэг нь албан тушаалын гэмт хэрэг, эрх мэдлээ урвуулан ашигласан эсэх, өөртөө болон бусдад давуу байдал үүсгэсэн эсэхийг тогтоох ёстой байтал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар зүйлд заасан диспозици яриад шалтгаант холбоотой мэтээр бичиж болохгүй. Яллах дүгнэлтээ хууль зүйн үндэслэлгүй бичсэн, хүчингүй болсон эрх зүйн актыг яллах дүгнэлтэндээ дурдаж, хуулийг буруу хэрэглэсэн. Зохион байгуулагч нь хэн болох, хатгагч, гүйцэтгэгч нь хэн болохыг нарийвчлан тогтоох ёстой. Иргэний нэхэмжлэгч, хохирогч нар нь нягтлан бодох бүртгэлийн тухай хууль тогтоомж зөрчсөн болох нь шинжээчийн дүгнэлтээр гарсан. Төрийн сан, түүнийг төлөөлж Одонтуяаг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь буруу. Гэрч, хохирогч болох Б.Оюумаа, Б.Оюунцэцэг нар нь мөнгө хураан авч С.С, Х.Энхуяа нарт өгдөг байсан, хууль бус болохыг нь анхнаасаа мэдэж байсан гэсэн мэдүүлэг өгсөн байгаа. Танихгүй хүмүүсийн данс руу мөнгө нь орсон байхад нотлогдсон гэж үзэж болохгүй. Ийм учраас анхан шатны шүүхийн шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв. 

 

Прокурор С.Сугар шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь авилга, албан тушаалын гэмт хэрэг. Шүүгдэгч нар албан тушаалын байдлаа хэтрүүлж, улсад 107 сая төгрөгний хохирол учруулсан байхад тухайн хэргийг яагаад шүүх шийдэж чадахгүй байгаа юм бэ? Төрийн алба хашиж байгаа бол төрөөс нэг ч төгрөг хувьдаа ашиглах эрх байхгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол” гээд тодорхой заасан хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хэрэг. Төрийн санд орох ёстой байсан орлогоос 107 сая төгрөгийг С.С, Х.Э нар завшсан. Шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэгт зочид төлөөлөгчийг хүлээн авсан, урамшуулал, эд хөрөнгийн хувьд дэмжлэг үзүүлсэн, байгууллагадаа эд хөрөнгө авсан гэж мэдүүлсэн байдаг. Үүгээрээ өнөөдөр буруутаж байгаа шүү дээ. Шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байж болно, гэхдээ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэж үнэлэлт, дүгнэлт өгөх ёстой. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжээч дүгнэлт гаргасан. Шинжээчээс дүгнэлттэй нь холбогдуулан мэдүүлэг авсан баримтууд хэрэгт байгаа. Сүхбаатар аймгийн Засаг даргатай зөвшилцсөн, тус аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын даргын 2015 оны 05 дугаартай тогтоол гарсан байдаг. Үүнтэй холбогдуулан юуг тодруулах ёстой юм бэ? Шүүгдэгч нар хуурамч тасалбар үйлдэж, төрийн санд хохирол учруулсан болох нь тогтоогдсон. Шүүхийн шийдвэр ойлгомжтой, биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхгүй байх ёстой. Үүнийг прокурор яллах дүгнэлтэндээ үндэслэл болгосон. Нэмэлт мөрдөн байцаалт хийх шаардлагагүй, яллах дүгнэлтээр хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байгаа тул 2019 оны 05 дугаартай шүүхийн тогтоолыг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна гэв.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч С.С, Х.Э нарт холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Прокуророос С.Сгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Х.Эгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1, 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар “гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтаар бүрэн гүйцэд шалгаж тогтоогоогүй, эдгээрийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай” гэж үзэж, хэргийг прокурорт буцаасан нь үндэслэл бүхий болжээ. 

Тодруулбал; ариутгагч Ц.О, Ж.О, Ц.Ог нар нь ариутгалын орлогоос М.Э, Б.Д, Б.Х, Э.Ху, М.Б, Д.Ж, Б.Л, Ч.Б, Х.У, Д.Ц, Г.О, Х.Уд, Х.М, М.Б, Т.А, н.Н, н.Б нарын 17 хүний дансанд 23 удаагийн гүйлгээгээр 24870000 төгрөг шилжүүлсэн, 3 удаагийн гүйлгээгээр 6000 юанийг 2267400 төгрөгөөр арилжаалж, бэлэн мөнгө болгосон, нийт 27137400 төгрөгийн баримт хэрэгт авагдсан байх тул холбогдох хүмүүсийг гэрчээр асууж, шүүгдэгч нарт хамааралтай эсэх, хэн, ямар зорилгоор уг мөнгийг шилжүүлж, юунд зарцуулсан болохыг тодруулах шаардлагатай юм. /1 хх 11-26, 44-158 хуудас/

 

Мөн “Г” аудит ХХК-ийн шинжээчийн дүгнэлтэд: “Орон нутгийн төсвийн орлогод төвлөрүүлэх ёстой орлогоос дутагдуулсан 110968500 төгрөгөөс 86611660 төгрөгийг хувь хүний дансанд шилжүүлсэн баримт хэрэгт байна.” гэх боловч үлдэх 24356840 төгрөгийг хэн, юунд зарцуулсан болох нь тодорхой бус байна. Шүүгдэгч нар: “ариутгалын орлогоос ажилтнуудад 250000 төгрөгийн урамшуулал олгох, албаны өрөө тасалгааг тохижуулж, тавилга, эд хогшил худалдан авах, сургалт, семинар зохион байгуулах, бүсийн тэмцээн, уралдаанд оролцох зардлыг санхүүжүүлэх зэргээр албаны үйл ажиллагаанд зарцуулсан.” гэж мэдүүлдэг учраас аймгийн мэргэжлийн хяналтын газрын үндсэн хөрөнгийн бүртгэл, үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан, мэдээ, баримтад тусгагдсан, ариутгалын орлогоор худалдан авч, санхүүжүүлсэн хөрөнгө, зардал байгаа эсэхийг шалгаж, тодруулах шаардлагатай гэж үзлээ. 

 

Прокурор эсэргүүцэлдээ: “Үйлдлээр төгсдөг гэмт хэргийн үндсэн шинжид учруулсан хохирлын дүн, түүнийг хэрхэн зарцуулсан нь хамааралгүй.” гэх дүгнэлтийг хийж, энэхүү гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг шалган тогтоох шаардлагагүй гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тодорхой үйлдлийг хийснээр төгсдөг “хэлбэрийн бүрэлдэхүүнтэй” гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан, бодит хохирол учруулаагүй байсан ч гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг. Гэтэл үүнийг буруу тайлбарлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хохирлын хэмжээнээс хамааруулан хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг “их хэмжээний хохирол учруулсан” гэж хуульчилсан байгааг анхааралгүй орхигдуулжээ. Нөгөө талаас “хэлбэрийн” болон “материаллаг” бүрэлдэхүүнтэй байхаас үл хамаарч, тодорхой гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг бүрэн, бодитойгоор шалган тогтоож, нөхөн төлүүлж, арилгуулах нь мөрдөгч, прокурор, шүүгчийн хуулиар хүлээсэн үүрэг болно. 

Түүнээс гадна хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч С.С, Х.Э нар тус бүр хэдэн төгрөг дутагдуулсан болох нь тодорхой бус, тэдний учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг мөрдөн байцаалтын шатанд бүрэн бодитойгоор шалган тогтоож чадаагүй бөгөөд энэ нь шүүхээс учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын хэмжээг тогтоох, ялыг ялгамжтай оногдуулахад чухал ач холбогдолтой юм. Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, хэргийг прокурорт буцаасан шүүхийн тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв. 

Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,  энэ зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

Нэг. Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэрийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 05 дугаар шүүхийн тогтоолыг хэвээр үлдээсүгэй. 

 

Хоёр. Шүүгдэгч С.С, Х.Э нарт авсан хувийн баталгаа гаргах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

Гурав. Давж заалдах шатны шүүх эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч Улсын дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй. 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ          С.ОЮУНТУНГАЛАГ 

                             ШҮҮГЧИД          О.БААТАРСҮХ  

                                                                            Д.БАЙГАЛМАА