Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2020/01027

 

 

 

 

 

2020 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2020/01027

Улаанбаатар хот

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: З ХХК

Хариуцагч: Д ХХК

Гэрээний үүргийн биелэлтэд 423.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.А, хариуцагчийн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

 

                                                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А шүүх хуралдаанд тайлбарлахдаа: З ХХК нь Д ХХК-тай 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 108/2019/ДА/01 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээг 1 жилийн хугацаатай байгуулж, гэрээний хүрээнд нийлүүлэгдэх газрын тосны бүтээгдэхүүний худалдан авалт бүрийн тусгай нөхцөлүүдийг хавсралтаар баталгаажуулж ирсэн. Энэ гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгон мөн өдөр Д ХХК, З ХХК-ийн хооронд Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулагдаж 00000 тоот хаягт байршилтай 183 мкв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалж улсын бүртгэлд зохих журмын дагуу бүртгүүлсэн. Худалдан авах гэрээний дагуу хариуцагч Д ХХК нь 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийг дуустал хугацаанд нийт 316.316.000 төгрөгийн үнэ бүхий 168.650 литр дизель түлшийг худалдаж авснаас 34.316.000 төгрөгийг барагдуулж 282.000.000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна. Төлбөрөө төлөх талаар мэдэгдлээр албан бичгээр шаардахад 2019 оны 10 дугаар сарын 01 болон мөн сарын 15-ны дотор үлдэгдэл төлбөрийг 2 хувааж төлж барагдуулна гэсэн боловч өнөөдрийг хүртэл төлбөр хийгдээгүй. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5.2.1-т бараа нийлүүлсэн өдрөөс хойш хуанлийн 30 хоногийн дотор 100 хувь төлж барагдуулсан байна. 5.2.2-т гэрээний төлбөрийг хавсралтад заасан хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги төлнө гэж заасан. Иймд хариуцагч Д ХХК-иас гэрээний үлдэгдэл төлбөр 282.000.000 төгрөг, алданги 141.000.000 төгрөг нийт 423.000.000 төгрөгийг нэхэмжилнэ гэв.

Хариуцагч Д ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Гэрээ байгуулагдсан. Түлш худалдаж авсан. Маргаан байхгүй. Үндсэн төлбөр 282.000.000 төгрөгийг төлнө. Алданги өндөр байгаа тул хасуулна гэв.

              Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                         

                                                                                                    ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч З ХХК нь хариуцагч Д ХХК-нд холбогдох гэрээний үүргийн биелэлтэд 423.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Д ХХК нь 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр З ХХК-тай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээний барьцаанд Э.Чинзоригийн өмчлөлийн 00000 тоот хаягт байршилтай 183 мкв талбайтай хувийн сууц барьцаалж, 316.316.000 төгрөгний үнэ бүхий 168.650 литр дизель түлш худалдан авч 34.316.000 төгрөгийг төлж барагдуулан 282.000.000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа болох нь шүүх хуралдаанд тайлбарласан зохигчийн тайлбар, №108/2019/ДА/01 тоот гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, зарлагын падаан, нэхэмжлэх гэсэн баримтуудаар тогтоогдож, хариуцагч гэрээний үнийн дүнд маргаагүй байна.

Гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-т заасан шаардалгыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.

Шүүх хуралдаанд хариуцагч худалдаж авсан бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр 282.000.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, алдангийн үнийн дүнгээс хасуулах хүсэлт гаргасан боловч талууд гэрээний 5.2.1-т худалдан авагч нь гэрээний салшгүй хэсэг болох хавсралтуудад заасан барааны төлбөрийг худалдагчийг бараа нийлүүлсэн өдрөөс хойш хуанлийн 30 хоногийн дотор бүрэн буюу 100% төлж барагдуулсан байна. 5.2.2-т худалдан авагч гэрээний төлбөрийг хавсралтад заасан хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5%-тай тэнцэх алданги төлөхөөр тохирсон, хариуцагч тал гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу төлөлтийг хийгээгүй, гэрээний үүргийн биелэлт хангагдаагүй, гэрээ буюу хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй буруутай тул тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.

Иймд хариуцагч Д ХХК-наас гэрээний үүргийн биелэлтэд 282.000.000 төгрөг, алданги 141.000.000 төгрөг нийт 423.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч З ХХК-нд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас хангасан үнийн дүнгийн хэмжээгээр төлбөр гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

    

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                              ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Д ХХК-наас 423.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч З ХХК-нд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2.272.950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д ХХК-наас 2.272.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч З ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                                  

              

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ж.КУЛЬДАНА