Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 266

 

Б.Х-т холбогдох эрүүгийн

                                                                            хэргийн тухай                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Б.Зориг, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Эрдэнэтуяа,

хохирогч С.Мөнхбаатар,

шүүгдэгч Б.Х-, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэтулга,

нарийн бичгийн дарга Д.Гантуяа нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 1023 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Б.Х-ын өмгөөлөгч Б.Эрдэнэтулгын гаргасан давж заалдах гомдлоор Б.Х-т холбогдох эрүүгийн 1809055010085 дугаартай хэргийг 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             Б.Х-, 1980 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух хаягийн бүртгэлтэй,

            - Орхон аймгийн Сум дундын шүүхийн 2002 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 65 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

            Б.Х- нь 2018 оны 12 дугаар сарын 5-наас 6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эм Пи Эм” цогцолборын гадна иргэн С.Мөнхбаатартай маргалдан түүний нүүрэн тус газарт гараараа 3 удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Х-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.            

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Х-ыг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Х-аас 305.000 төгрөгийг гаргуулан хохирогч С.Мөнхбаатарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.600.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч С.Мөнхбаатар нь цаашид эмчилгээний болон гэмт хэргийн улмаас шууд учирсан бодит хохирлыг баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгч Б.Х-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Б.Х-ын өмгөөлөгч Б.Эрдэнэтулга давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...мөрдөн шалгах ажиллагааг явуулахдаа хэт нэг талыг барьсан бөгөөд хэргийн бодит байдлыг тогтоож чадаагүй. Х-ын эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон шинжээчийн дүгнэлттэй холбогдуулж эргэлзээ бүхий байдлыг тодруулахаар шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулах шийдвэр гарсан боловч шинжээч ирээгүй, өөр шинжээч дуудагдсан гэсэн шалтгаанаар шүүх хуралдаан удаа дараа хойшлогдож байсан. Мөн өмгөөлөгч миний бие эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсноо урьдчилан мэдэгдсэн атал шүүхээс гэм буруугийн асуудлыг шийдвэрлэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.14 дүгээр зүйлд заасан “өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхийг хангах”, 1.7 дугаар зүйлд заасан “хэргийн бодит байдлыг мэтгэлцээний үндсэн дээр тогтоох” тухай заалтуудыг зөрчсөн. Хэрэгт эргэлзээтэй, дахин тодруулах шаардлагатай дараах нотлох баримтууд авагдсан. Тухайлбал:

             1. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “...12 цаг 45 минутад Х- нь булган шуба өмссөн эмэгтэйн хамт гарсан ба 13 цаг 50 минутад Мөнхбаатар нар нь гарч явсан...” гэснээс үзвэл Х- нь тухайн иргэдтэй хэрүүл хийсэн, өдөж хоргоосон гэх гэрч, хохирогчийн мэдүүлэг нотлогддоггүй.

             2. Хохирогч Мөнхбаатарын “Х- намайг мөргөсөн гэж Энх-Эрдэнэбаян хэлсэн”, “Х- цохих шиг болсон” гэсэн мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй.

             3. Гэрч Үүрийнтуяа нарын мэдүүлэгт дурдагдсан “автомашинд суухад хүмүүс бүчээд авсан дараа нь Х-ыг автомашинаас татаж унагаагаад бөөн ноцолдоон болсон” гэснээс дүгнэхэд хохирогчийн биед хэн, хэрхэн яаж гэмтэл учруулсан нь тодорхойгүй.

            4. Хохирогчийн хамар хугарсан гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан боловч уг гэмтлийг тогтоосон рентген зураг хэрэгт авагдаагүй. Хохирлын тооцоонд ч зурагны үнэ дурдагдаагүй байгаа нь эргэлзээ бүхий байдлыг үүсгэсэн.

            5. Х-ын биед учирсан гэмтэл нь яагаад, ямар шалтгааны улмаас гэмтлийн зэрэгт хамаарахгүй байгаа талаар нарийвчлан тогтоож, хэргийн бодит байдлыг бүхий л талаас нь тодруулах шаардлагатай.

            Дээрх нөхцөл байдал болон өөр бусад нөхцөл байдлын талаар гэм буруугийн шүүх хуралдаанд мэтгэлцэх байсан боловч шүүх оролцогчийн эрхийг хангалгүй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Иймд хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.

            Мөн миний бие давж заалдах гомдлоо 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр анхан шатны шүүхэд гаргасан. Давж заалдах гомдолд хариу тайлбар гаргах хугацаа 2020 оны 1 дүгээр сарын 8-ны өдрөөр дуусмагц хэргийг давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх ёстой байтал 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдөр хүргүүлсэн нь учир дутагдалтай болсон. Энэ нь хөөн хэлэлцэх хугацаа тоолох асуудалтай холбогдож шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байгааг анхаарч үзнэ үү. ...” гэв.

            Хохирогч С.Мөнхбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэртээ санал нэг байна. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд дараах тайлбарыг хэлмээр байна. Шүүгдэгчийн талаас ямар нэгэн шалтгаан гаргаж шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулж байсан. Мөрдөн байцаалт, прокурорын хяналтын шатанд ч мөн адил хэргийн ажиллагааг сунжруулж, ямар нэгэн байдлаар нөлөөлөх гэж оролдсон байдал ажиглагддаг. Анхан шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрхийг хасаж, хязгаарлаагүй.” гэв.

            Прокурор С.Эрдэнэтуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...уг хэрэг удаан хугацааны туршид шалгагдсан. Анхан шатны шүүхээс мөрдөн байцаалтын явцад шүүгдэгчийн эрхийг зөрчсөн, шүүгдэгчид учирсан гэмтлийн зэргийг тогтоох шаардлагатай гэж үзэн хэргийг прокурорт буцааж байсан. Үүний дагуу шүүгдэгчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоолгохоор бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулахад түүний биед гэмтэл учирсан боловч энэ нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй болохыг тогтоосон байдаг. Уг дүгнэлтэд эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогдоогүй. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч өвдсөн гэх актийг анхан шатны шүүхэд ирүүлсэн боловч уг актад эмнэлгийн нэр бичигдээгүй, тамга тэмдэг дараагүй зэргээр нотлох баримтын шаардлага хангахгүй байсны гадна, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэлээр шүүх хуралдааны ажиллагааг цааш үргэлжлүүлж, хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсэн. Иймээс шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Харин хөөн хэлэлцэх хугацааны тухайд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг дагаж мөрдөх тухай хуульд заасан “мөрдөн байцаалт, шүүхийн шатанд байгаа хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй” гэсэн үндэслэлээр хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх үндэслэлгүй байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, дахин шалгах зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Б.Х- нь 2018 оны 12 дугаар сарын 5-наас 6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эм Пи Эм” цогцолборын гадна иргэн С.Мөнхбаатартай маргалдан түүний нүүрэн тус газарт гараараа 3 удаа цохиж, эрүүл мэндэд нь “баруун дээд, доод зовхинд цус хуралт, хамар ясны хугарал, дээд уруулын дотор салстад шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч С.Мөнхбаатарын “...хүлээн авалт тараад 00 цагийн үед найз Базараагийн араас гарахад түүнийг үл таних эрэгтэй хүн хэрүүл хийгээд хоргоогоод байсан. Би тэр залууд хандаж “Ахын дүү хэрэггүй, одоо ингээд явчихъя” гэж хэлсэн чинь “Би чиний дүү байхдаа яадаг юм бэ” гэж хэлээд гараараа миний толгойг цохиод байсан. Намайг дарж унагаагаад дээрээс цохисон. Түүнд зодуулж байхыг Энх-Эрдэнэбаян, Оюунчимэг хоёр харсан. Цохих үед миний нэхий дээлний энгэр урагдсан. ...” /хх 8, 94/ гэсэн тухайн цаг хугацаанд болсон үйл явдал, өөрийн биед халдсан этгээдийн талаарх мэдүүлэг, түүний мэдүүлгийг давхар нотолсон;

- гэрч Г.Базаррагчаагийн “...өлгүүрээс хувцсаа аваад гарах гэж байхдаа үл таних залуутай маргалдсан. Миний араас гарч ирээд дахиад хэрүүл өдөөд байсан. Тэр үед Мөнхбаатар гарч ирээд тэр залууг “Чи ингэж болохгүй” гэж хэлээд салгах гээд шаардлага тавихад надтай маргалдаад байсан залуу түүнийг цохих шиг болсон. Намайг харахад Мөнхбаатарын хамраас цус гарчихсан байсан. ...” /хх 11/,

- гэрч С.Энх-Эрдэнэбаянгийн “...Мөнхбаатар ирээд тэр ногоон өнгийн куртиктэй залууд “Юу болоод байна аа, өнөөдөр чинь баярын өдөр шүү дээ” гэж хэлээд гар барих гэхэд тэр залуу “Муу бацаан минь чи юу солиороод байгаа юм бэ” гэж хэлээд түүний толгой хэсэг рүү нь гараараа цохиод заамдаж авсан. Тэр үед би дундуур нь орж салгасан. Ногоон куртиктэй залуу Мөнхбаатарын нүүр хэсэгт нь гараараа цохиж газарт унагаагаад дээрээс нь цохисон. Мөнхбаатар тэр залууд зодуулаад газарт уначихсан, хамар амнаас нь битүү цус гарчихсан, хувцасных нь энгэр цус болчихсон байсан. ...” /хх 12/,

- гэрч Д.Оюунчимэгийн “...Базаррагчаа ногоон өнгийн куртиктэй, буурал үстэй залуутай маргалдсан байдалтай гадаа зогсож байсан. Тэр үед Мөнхбаатар бид хоёр гүйж очоод би Базаррагчааг, Мөнхбаатар нөгөө ногоон куртиктэй залууг салгасан. Би Базаррагчаатай юм яриад зогсож байхад Мөнхбаатар микро шиг автомашины хажууд зодуулаад ногоон куртиктэй залуутай барьцалдчихсан зогсож байсан. Тэр үед өөр танихгүй хүмүүс ногоон куртиктэй залууг цааш нь татаад, бид нар Мөнхбаатарыг салгаад авсан. Мөнхбаатарын нэхий дээлний энгэр урагдчихсан, хамар амнаас нь цус гараад тогтохгүй байсан. ...” /хх 14/,

- шүүгдэгч Б.Х-ын “...тухайн үед олон залуучууд намайг бүлэглэж зодсон. Би нэг залууг нь түлхэж зайлуулаад явсан. Хэнийг түлхснээ санахгүй байна. ...” /хх 22, 210/ гэсэн мэдүүлгүүд, 

- хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 23 дугаартай “С.Мөнхбаатарын биед баруун дээд, доод зовхинд цус хуралт, хамар ясны хугарал, дээд уруулын дотор салстад шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр 1 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна...” /хх 8/ гэх дүгнэлт,

- тухайн цаг хугацаанд “Эм Пи Эм” цогцолбор дотор болон гадна болж буй үйл явдлыг харуулсан хяналтын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 16/, уг бичлэгээс хохирогч өөрийг нь зодсон гэх хүнийг гадна төрх, шинж онцлогоор нь таньсан талаарх таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хх 17/,

- хохирогчийн урагдаж гэмтсэн нэхий, хүрэмд үзлэг хийсэн үнэлгээ /хх 29-30/ зэрэг баримтуудаар нотлогджээ.

Энэхүү үйл баримтаас өмнө болон дараа нь С.Мөнхбаатар бусадтай маргалдсан, цохиулж зодуулсан, өөр бусад хүчин зүйлийн нөлөөллөөр биедээ дээрх гэмтлийг авсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба Б.Х-т зодуулах явцдаа нэхий болон хүрэм нь урагдаж гэмтсэн байна.

Хохирогч С.Мөнхбаатарын эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 23 дугаартай дүгнэлтийг түүний биеийн хэсэг газарт хийсэн үзлэгийн үр дүнд үндэслэн гаргасан, уг дүгнэлтэд эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй тул хохирогчийн биед учирсан гэмтэл нь шүүгдэгч Б.Х-ын гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзэв.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хоорондоо ноцтой зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх бөгөөд анхан шатны шүүх тухайн нотлох баримтуудын хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасанд нийцжээ.

Шүүгдэгч Б.Х-ын өмгөөлөгч Б.Эрдэнэтулга давж заалдсан гомдолдоо “...хэргийг шалгах явцад мөрдөн шалгах ажиллагааны журам зөрчиж хэт нэг талыг барьсан, миний бие эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсноо урьдчилан мэдэгдсэн атал намайг оролцуулалгүйгээр гэм буруугийн асуудлыг хэлэлцэж, миний болон үйлчлүүлэгчийн маань эрхийг зөрчсөн...” хэмээн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах тухай үндэслэл заан маргажээ.

Хэргийг материалыг судлахад, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс гаргасан “...тухайн үйл явдал болох үед байсан Г.Айлтхүү, Д.Үүрийнтуяа, С.Мөнгөнтулга нараас гэрчийн мэдүүлэг авах, Б.Х-ын эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоолгохоор дахин бүрэлдхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулах...” тухай хүсэлтүүдийг хангаж мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэсэн байна.

Шүүгдэгч Б.Х- мөрдөн шалгах ажиллагааны үед “...тухайн үед намайг бусдад зодуулсныг Г.Айлтхүү, Д.Үүрийнтуяа, С.Мөнгөнтулга нар гэрчилнэ...” хэмээн мэдүүлдэг боловч эдгээр гурван хүнээс гэрчийн мэдүүлэг авахад Д.Үүрийнтуяа /хх 93/, С.Мөнгөнтулга /хх 92/ нар тухайн үед зодоон цохион болсон асуудлыг хараагүй болохоо илэрхийлсэн.

Харин гэрч Г.Айлтхүү нь “...Х-ыг машинаас нь чирч гаргаж ирээд 2-3 залуу хувцас хунарыг нь ураад, зодоод байсан...” /хх 91/ гэж мэдүүлдэг боловч тэрээр мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй, уг мэдүүлэг нь бусад нотлох баримтаар давхар нотлогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Х- өөрийн биед гэмтэл авсны улмаас 2018 оны 12 дугаар сарын 8-наас 13-ны өдрийн хооронд харьяа дүүргийнхээ эмнэлэгт үзүүлж, эмчилгээ хийлгүүлсэн гэх боловч энэ талаар гаргаж өгсөн амбулаторын карт /хх 66-77/-аас үзэхэд эмнэлэг, эмчийн нэр байхгүй, тамга тэмдэг дарагдаагүй байдаг.

            Дээрх амбулаторын карт болон түүний биеийн хэсэг газарт хийсэн үзлэгийг үндэслэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 9590 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 107/ гарсан байх бөгөөд уг дүгнэлтэд “...биед ил харагдах гэмтэлгүй, хэрэг болсон гэх цаг хугацаанд гэмтэл учирсан эсэхийг тогтоох боломжгүй...” хэмээн дүгнэжээ.

            Дараа нь шүүгдэгч Б.Х- харьяа дүүргийнхээ эмнэлэгт эмчилгээ хийлгүүлсэн тухайгаа нотлохоор тухайн эмнэлгийн цахим бүртгэлийн жагсаалт /хх 116/-ыг гаргаж өгсөн байх боловч энэхүү баримт нь мөн л түүнийг эмчлүүлсэн болохыг бүрэн нотолж чадаагүй байдаг.

            Улмаар шүүгдэгч Б.Х-ын гаргасан хүсэлтийн дагуу хэргийн материалыг үндэслэн түүний биед дахин шинжилгээ хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 1204 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт /хх 136/-ээр “Ирүүлсэн материалд 79 дугаартай дүгнэлт байхгүй байна. Б.Х-ын гэх амбулаторын карт нь ГССҮТ болон Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлгийн гэх тамга тэмдэг байхгүй байх ба зүүн чихний зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт зулгаралт гэмтэл учирсан байх боломжтой байна. Учирсан гэмтэл нь нийлээд болон дангаараа гэмтлийн зэрэгт тогтоох журмын 2.6-д заасан эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.” болохыг тогтоожээ.

Уг дүгнэлттэй холбогдуулан зарим асуудлыг тодруулах зорилгоор шинжээч Б.Ганзоригийг шүүх хуралдаанд оролцуулахад тэрээр “Х-ын биеийн 1 хувьд хүрэхгүй болохоор гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэсэн хариу гарсан.” /хх 209/ хэмээн үндэслэл бүхий тайлбар мэдүүлэг өгсөн байна.

Дээрх шинжилгээнүүдийг хийлгэх явцад шинжээч нарт хууль сануулсан, тэд гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг бүрэн хүлээх чадвартай этгээдүүд байх бөгөөд тусгай мэдлэгийнхээ хүрээнд гаргасан дүгнэлтийг нь үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүхэд хэрэг хянагдах явцад “...шүүгдэгчийн өмгөөлөгч солигдож оролцох болсон, шүүгдэгчийн өмгөөлөгч хэргийн материалтай танилцаж амжаагүй, шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүл мэндийн шалтгаанаар ирээгүй...” зэрэг шалтгаанаар шүүх хуралдаан удаа дараа хойшилж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн эрхийг тухай бүр нь хангасан байна.   

Тухайлбал, 2019 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэтулга эрүүл мэндийн шалтгааны улмаас оролцох боломжгүй болсон хэмээн хувийн эмнэлгийн магадлагаа ирүүлсэн ба уг магадлагаанд түүнийг “...2019 оны 12 дугаар сарын 2-ноос 6-ны өдөр хүртэл ажлаас чөлөөлөв...” /хх 189/ гэжээ.  

Энэхүү магадлагаа нь ерөнхий эмчийн гарын үсэггүй, эмнэлгийн байгууллагын тамга тэмдэг дарагдаагүй байх боловч анхан шатны шүүх шүүгдэгчийн эрхийг хангах үүднээс шүүх хуралдааныг хойшлуулж, талуудын саналыг үндэслэн шүүх хуралдааныг 2019 оны 12 дугаар сарын 5-ны өдөр хүртэл хойшлуулсан.

Гэтэл 2019 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэтулга мөн дээрх шалтгаанаар ирээгүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл нь хоёр ба түүнээс дээш удаа давтагдаж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулах нөхцөл болж байвал шүүх хуралдааныг хойшлуулахгүй байж болно.” гэж заасныг баримтлан шүүх хуралдааны ажиллагааг цааш үргэлжлүүлэн явуулсныг буруутгах аргагүй байна.

Иймээс гэм буруу болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн зэрэг асуудлаар маргасан өмгөөлөгч Б.Эрдэнэтулгын давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Х-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон, шүүхээс түүний гэм буруу, хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

Түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлыг нэхэмжилсэн хохирогч С.Мөнхбаатарын гаргасан шаардлагыг баримтаар нотлогдсон хэмжээнд тооцон шүүгдэгч Б.Х-аас гаргуулж, цаашид гарах эмчилгээний зардал буюу урьдчилан тооцоолох боломжгүй хохирлын тухай асуудлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэн шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тогтоолдоо заасан нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн зохицуулалттай нийцсэн байна.

Шүүгдэгч Б.Х-ын өмгөөлөгч Б.Эрдэнэтулга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүх давж заалдах гомдолд хариу тайлбар гаргах хугацаа 2020 оны 1 дүгээр сарын 8-ны өдрөөр дуусмагц хэргийг давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх ёстой байтал 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдөр хүргүүлсэн нь учир дутагдалтай болсон. Энэ нь хөөн хэлэлцэх хугацаа тоолох асуудалтай холбогдож шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байгааг анхаарч үзнэ үү...” гэжээ.

Төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмуудын нэг бол хууль дээдлэх ёсны зарчим бөгөөд энэ нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэгэн адил хамаарна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хууль дээдлэх буюу тухайн ажиллагаа хууль ёсны байх зарчим нь хэрэглэгдэж буй хэм хэмжээ хуулийн хүчин төгөлдөр байх агуулгыг илэрхийлдэг.

2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдсан Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах өдрийг хүртэл тоолохоор зохицуулсан байсныг 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно.” гэж өөрчлөн найруулсан.

Гэвч 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа тоолох зохицуулалтыг илүү оновчтой болгож гэмт хэрэг үйлдсэн өдрөөс яллагдагчаар татах хүртэл тоолдог болгожээ.

Ингэснээр гэмт хэрэг үйлдсэн нь хөдлөшгүй баримтаар тогтоогдсон хэдий ч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох буюу ял завшуулах нөхцлийг хаасан төдийгүй, Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим хангагдах зарчмын шинжтэй өөрчлөлт болсон.

Энэхүү зохицуулалттай холбогдуулан Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зохицуулалт үйлчлэхгүй байхаар хуульчилсан тул шүүгдэгч Б.Х-ын үйлдсэн дээрх гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолох хууль зүйн үндэслэлгүй байна.

 Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Х-ын өмгөөлөгч Б.Эрдэнэтулгын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 1023 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Х-ын өмгөөлөгч Б.Эрдэнэтулгын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                ШҮҮГЧ                                                                        Б.ЗОРИГ

                                ШҮҮГЧ                                                                        Н.БАТСАЙХАН