Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2022/00631

 

М.Ггийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 147/ШШ2020/00241 дүгээр шийдвэр,

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 222/МА2020/00009 дүгээр магадлалтай,

М.Ггийн нэхэмжлэлтэй,

Б.Бд холбогдох,

Эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 8,944,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Б.Бы хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Г, түүний өмгөөлөгч Ч.Энхцэцэг, хариуцагч Б.Б, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч М.Г нь хариуцагч Б.Бд холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 8,944,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй маргажээ.

2. Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 147/ШШ2020/00241 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 228 дугаар зүйлийн 228.4, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Баас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 5,757,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Гд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,186,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч М.Г нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Б.Баас улсын тэмдэгтийн хураамжид 107,070 төгрөгийг, нэхэмжлэгч М.Ггаас хэрэгсэхгүй болгосон 3,186,500 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 65,934 төгрөгийг тус тус гаргуулж төсвийн орлого болгож шийдвэрлэжээ.

3. Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 222/МА2020/00009 дүгээр магадлалаар Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 147/ШШ2020/00241 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107,070 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагч Б.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасныг үндэслэн хяналтын журмаар гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч М.Гг Нүдний ухархайн нөхөн сэргээх хагалгааны төлбөр 2,000,000 төгрөг, “ЭМЖЖ” ХХК-ийн хамрын хагалгааны төлбөр 3,500,000, ор хоногийн төлбөр 150,000 төгрөгийн төлбөр зайлшгүй шаардлагатай 5,650,000 төгрөг, 2020.02.04-нөөс 6-ны өдөр Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумаас Улаанбаатар хот, Улаанбаатар хотоос Баяндэлгэр сум руу ирж очиход зарцуулсан шатахууны төлбөр 140,000 төгрөг, 2020.02.05-ны өдөр “Окулопластик” эмнэлэгт үзлэг хийхэд төлсөн 25,000 төгрөг, 2020.03.25-ны өдөр эмчлүүлэгчийн картад бичсэний дагуу “Дөлгөөнфарм” эмийн сангаас худалдан авсан эм, тариурын үнэ 72,500 төгрөг, 2020.03.26, 04 дүгээр сарын 02-ны өдөр эмнэлэгт үзүүлж, хэргийн материалтай танилцахаар Баяндэлгэр сумаас Баруун-Урт суманд ирж буцахдаа зарцуулсан шатахууны үнэ 120,000 төгрөг, ЭХХШ тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс 2020.03.26-ны өдөр Ч.Энхцэцэгт төлсөн өмгөөлөгчийн хөлс 500,000 төгрөг нийт 857,500 төгрөг зарцуулсан гэх зардлууд нь тогтоогдож байна. Шүүх 6,507,500 төгрөгийг гэм хорын хохиролд хариуцагчаас гарсан зардал болон эмчилгээний зайлшгүй урьдчилан гаргуулах зардалд тооцож гаргахаар байх боловч хариуцагчаас эмчилгээний зардалд урьдчилан төлсөн 750,000 төгрөгийг хасч тооцох нь зүйтэй гэж, давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.

4.1. Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2-т “Гэм хорын хэмжээг тодорхойлохдоо ... гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзнэ”, 514 дүгээр зүйлийн 514.1-т “Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно” гэж заасныг шат, шатны шүүх анхаарч, хэрэглэсэнгүй. 2019.11.22-ны орой 21 цагийн үед гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлд хохирогч М.Ггийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл нөлөөлсөн нь хэргийн нөхцөл байдлаас тодорхой харагдана. Би гэр бүлийн хүнтэйгээ маргалдахад М.Г согтуу бидний дундуур орж надтай маргалдсанаар тухайн хэрэг гарсан. М.Ггийн уг үйлдэл, эс үйлдэхүй нь Иргэний хуулийн 229, 514 дүгээр зүйлүүдийг хэрэглэх үндэслэл болно.

4.2. Анхан шатны шүүх бусдын эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 5,757,500 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл нэхэмжлэгч М.Ггийн эрүүгийн хэрэгт эрхээ эдэлж өмгөөлөгч хөлсөлсөн, үйлчилгээний хөлс 500,000 төгрөгийг эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролтой хольж, ялгаж салгалгүй хариуцагчаар гаргуулж шийдвэрлэсэн нь шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.

4.3. Б.Б миний бие “ЭМЖЖ” ХХК, “Окулопластик” эмнэлгүүдээс М.Ггийн хийлгэсэн хагалгаа, эмчилгээний үнэ тарифыг судлахад М.Г нь нүд, хамарны хагалгаандаа цуг орсон ба хагалгаа, эмчилгээний нийт зардал нь 2,920,000 төгрөг болсныг мэдсэн. Гэтэл М.Г анхан шатны шүүхэд “ЭМЖЖ” ХХК-ийн эмнэлэгт хамрын хагалгаанд 3,500,000 төгрөг, “Окулопластик” эмнэлэгт нүдний хагалгаанд 2,000,000 төгрөг, ор хоногийн төлбөр 150,000 төгрөг нийт 5,650,000 төгрөг \шүүхээс тогтоосноор\-ийн нэхэмжлэх нотлох баримтаар гаргасныг шүүх үнэлэн шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3-т заасныг тус тус зөрчсөн. Мөн М.Ггийн шүүхэд гаргасан “ЭМЖЖ” ХХК-ийн нэхэмжлэх нь тухайн компанийн даргын гарын үсэггүй, нягтлан бодогч гарын үсэг зурсан боловч гарын үсгийн тайлалгүй, тамга, тэмдэг нь ХХК-ийн нэр, улсын бүртгэлийн дугаар гэх мэт ямар ч мэдээлэл харагдахгүй байгаа нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй болно. Гэтэл шүүх ийм нотлох баримтыг үндэслэн хэт нэг талыг барьж нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан болон давж заалдах шатны шүүхээс М.Гд олгохоор тогтоосон хагалгаа, эмчилгээний төлбөр 5,650,000 төгрөгөөс 2,920,000 төгрөгөөр хагалгаа, эмчилгээгээ хийлгэсэн атлаа илүү буюу зөрүү 2,730,000 төгрөгийг Б.Б надаас нэхэмжилж байгаа нь залилах гэмт хэргийн шинжийг агуулж байна гэж миний бие үзэж цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шалгуулна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй гэж үзлээ.

6. Нэхэмжлэгч М.Г хариуцагч Б.Бд холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 8,944,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч “...эрүүгийн хэрэг шийдвэрлэгдсэнээс хойш 750,000 төгрөгийг үзүүлж харуул гээд өгсөн. М.Г нь эмчилгээ хийлгээгүй байж бодит биш зардал нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй” гэжээ.

7. Анхан болон давж заалдах шатны шүүх хариуцагчаас 5,757,500 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаж хэвээр үлдээжээ.

8. Анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн баримтад тулгуурласан, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.2, 228 дугаар зүйлийн 228.4-т заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж хяналтын шатны шүүх үзлээ.

9. Бусдын эрүүл мэндэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө.

10. Хэргийн баримтаас үзэхэд, хариуцагч Б.Б 2019.11.22-ны өдөр М.Гг зодож биед нь зүүн ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамрын ясны зөрсөн хугарал, хамрын таславчийн мурийлт бүхий хөнгөн гэмтэл учруулсан нь Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020.01.09-ний өдрийн 2020/ШЦТ/14 дугаар шийтгэх тогтоолоор тогтоогдсон байна.

11. Уг гэмтлийн улмаас нэхэмжлэгч нь эмнэлэгт үзүүлэхээр Улаанбаатар хотод ирсэн болон буцсаны зардал, эмнэлэгийн шинжилгээний, эм тарианы зардал, өмгөөлөгч авч төлсөн хөлс, хэрэг шийдвэрлэгдэхэд сумаас аймагт ирсэн, буцсан зардал, нүдний ухархайн нөхөн сэргээх мэс засал, хамрын хагалгаа хийлгэхэд зарцуулагдах төлбөр, хагалгааны өмнөх шинжилгээ, зөвлөгөөний болон ор хоног, хагалгааны дараах эмчилгээний зардал, цалин орлогогүй байсан хугацааны нөхөн төлбөр зэрэгт нийт 8,944,000 төгрөг нэхэмжилснээс анхан шатны шүүх хэргийн баримтыг харьцуулан үнэлж, нэхэмжлэгчээс гарсан зардалд 857,500 төгрөг, цаашдын эмчилгээний зардалд 5,650,000 төгрөг, нийт 6,507,500 төгрөг гаргуулах үндэслэлтэй гэж үзэн, үүнээс хариуцагчийн өмнө төлсөн 750,000 төгрөгийг хасч 5,757,500 төгрөгийг гаргуулж шийдвэрлэснийг үгүйсгэх үндэслэлгүй байна.

12. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-т “гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно.”, 228.4-т “хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй.” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч хариуцагчийн учруулсан гэм хороос үүдэлтэй гарсан зардал болон цаашид гарах эмчилгээний зардлыг урьдчилан гаргуулахаар шаардах эрхтэй.

Нэхэмжлэгчийн үзлэг хийлгэсэн эмчлүүлэгсдийн картад ухархайн хугарал засах, суулгац тавих, хамрын хугарал засах мэс засалд орох шаардлагатайг тодорхойлсон, тухайн эмчилгээний зардал 5,650,000 төгрөг болох талаарх баримт хэрэгт авагдсан, эдгээр баримтыг хариуцагч анхан шатны шүүхийн хэрэг хэлэлцэх ажиллагааны явцад үгүйсгээгүй тул мэс заслын зардал нийтдээ 2,920,000 төгрөг гарсан гэх хариуцагчийн гомдол үндэслэл муутай гэж үзнэ.

13. Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2-т заасан “гэм хорын хэмжээг тодорхойлохдоо гэм хор учруулсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзнэ”, 514 дүгээр зүйлийн 514.1-д заасан “гэм хор учрах түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасаж болно” гэж заасан, харин зохигчийн тайлбар болон хэргийн бусад баримтаар хариуцагч Б.Бы гэм буруутай үйлдэл гаргахад нэхэмжлэгч М.Ггийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн гэж үзэх нөхцөл тогтоогдоогүй, иймээс шүүх дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглэж хохирлын хэмжээг бууруулах боломжгүй.

14. Нэхэмжлэгч хохирол шаардаж шүүхэд нэхэмжлэл (энэ хэрэгт) гаргахдаа өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч гэрээ байгуулж, хөлс төлсөн нь хариуцагчийн гэм буруутай үйлдэлтэй шалтгаант холбоотой тул өмгөөлөгчийн хөлс 500,000 төгрөг гаргуулсан нь хууль зөрчөөгүй байна.

15. Дурдсан үндэслэлээр хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 147/ШШ2020/00241 дүгээр шийдвэр, Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 222/МА2020/00009 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Б.Бы 2020.07.02-ны өдөр 66,630 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     П.ЗОЛЗАЯА

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ

                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                        Х.ЭРДЭНЭСУВД