Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2022/0305

 

 

 

 

 

 

                                  

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Өлзийжаргал би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “4” дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Ми**********” ХХК,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэс

Маргааны төрөл: Татварын тайлан, нийгмийн даатгалын тайланг нөхөн бүртгэхгүй байгаа татгалзсан шийдвэрийн талаарх маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Г********, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ч******, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.А ********нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “М****и******” ХХК-иас Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэст холбогдуулан “М****и****** ХХК-ийн 2014 оны 10 сараас 2022 оны дуустал тасарсан тайлан, блансыг нөхөж бүртгэхээс татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, нөхөж бүртгэхийг Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст, Татварын хэлтсүүдэд даалгуулах” нэхэмжлэл гаргасан.

2. Нэхэмжлэгч “М****и******” ХХК нь тасарсан тайлан, блансыг нөхөж бүртгэхийг хүссэн өргөдлийг Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс болон Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтэст 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр өргөдөл гаргажээ. /х.х-н 49-51, 62/

3. Нэхэмжлэгч тус шүүхэд 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэл гаргасан.

4. Нэхэмжлэгч “М****и******” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Г******** шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компани 2004 онд 1 гишүүнтэй байгуулагдсан аж ахуйн нэгж бөгөөд захирал Ц.Г******** (ТЕ*******)-ыг 2010 оноос “иргэн Х.О****** , Б.Б***** , Ё.Э******* нарыг залилсан" гэж Эрүүгийн 21040691 дугаартай, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 зүйлийн 148.4-т заасан онц хүнд гэмт хэрэгт эрүүдэн шүүж, 2014 оноос 2 удаа 11 жилийн хорих ялаар яллан 3 сар хорих ангид ял эдлүүлж, нийт 274 ( Хоёр зуун далан дөрөв ) хоног цагдан хорьсноос тус компанийн Нийгмийн даатгал, Татварын тайлан  бланс тасарч иргэн, аж ахуйн нэгж хохирсон. Эрүүгийн шүүхийн 2019 оны 8 сарын 01-ны өдрийн 610 тогтоол дээрх үйлдэл холбогдлуудыг бүхэлд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар "гэмт хэргийн шинжгүй" гэж цагаатгасан. Үйл ажиллагаа хэвийн явуулахад тасарсан тайлан , бланс нөхөж бүртгүүлэх зайлшгүй шаардлага байгаа ч харьяа даатгал, татварын хэлтсүүд 2021.10.21-нд 1160, 2021.10.22-нд 1/6168 тоот, Нийслэлийн Нийгмийн даатгал, Татварын газрууд 2021.12.22-нд 3/281 тоот, 2021.12.24-нд 03/980 тоот албан бичгүүдийг ирүүлж хуульд заасан шүүхийн шийдвэр шаардлагатай гэх тул үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй байна. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1-т “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж заасан. Мөн Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-т “Хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг мөрдөгч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгана” гэж тус тус заасан байдаг. Иймд төрийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас үүдэж тайлан балансыг бүртгэхгүй байгаа эс үйлдэхүйг Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хуульд заасныг үндэслэн тус компанийн 2014 оны 10 сараас тасарсан тайлан, бланс нөхөж бүртгэхийг Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгал , Татварын хэлтсүүдэд даалгаж өгнө үү.” гэжээ.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ч****** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-т “Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээд нь мөрдөгч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, сэтгэл санааны үр дагаврыг арилгуулах болон тэтгэвэр, тэтгэмж авах, орон сууц эзэмших болон бусад эрхээ нөхөн сэргээлгэх эрхтэй”, мөн хуулийн 45.2.2-т “Хохирол нөхөн төлүүлэх эрх дараах тохиолдолд үүснэ”, 45.2.2.1 “хууль бусаар баривчлагдсан, цагдан хоригдсон, тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн нь тогтоогдсон”, 45.2.2.2 “тухайн хүнийг цагаатгасан шүүхийн шийдвэр гарсан” гэж заасан. Хариуцагчийн хариу тайлбартай танилцахад тайланг тухайн нөхцөл байдлын үед цахимаар тайлагнаад явах боломжтой байсан гэж хэлдэг. Гэтэл тухай үед нэхэмжлэгчийн эрх нь хязгаарлагдмал байсан гэдгийг харгалзаж үзэх шаардлагатай гэж бодож байна. Иймд учирсан хохирлыг төр хариуцан арилгаж өгнө үү гэж хүсэж байна.” гэжээ.

6 Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О******, Л.Н нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр “М****и******" ХХК-ний захирал Ц.Г******** Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтэст 2014 оноос хойших татварын тайлангаа нөхөж өгөх хүсэлтээ ирүүлсэн. Энэ нь хуулиар боломжгүй талаар хариуг нь албан бичгээр хүргүүлсэн. Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т "Татвар төлөгч татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд батлагдсан загвар зааврын дагуу цахим эсхүл цаасан хэлбэрээр үйлдэж харьяа татварын албанд тушаана", 29.2-т "Татварын тайлан тушаах татвар төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөө заагаагүй бол татвар төлөх тайлагнах хугацаа адил байна" гэж заасны дагуу татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд гаргах бөгөөд энэ хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т "Татвар төлөгч татварын тайланг дараагийн татварын жилд багтаан залруулж болно" гэж заасны дагуу залруулга хийж болно. Татварын ерөнхий газрын даргын 2019 оны А/260 дугаар тушаалын хавсралтын "Татварын тайлан үйлдэх, тушаах, хүлээн авах, боловсруулах, тайланд залруулга хийх журам "-ын 2 дугаар зүйлийн 2.13-т "Татварын нэгдсэн мэдээллийн систем нь хуулиар тогтоосон татварын тайлан тушаах хугацааны эхний өдрөөс сүүлийн өдрийн 24:00 цаг хүртэл нээлттэй байна” гэж заалтуудын үндэслэн 2014 оны 10 дугаар сараас хойших тайланг нөхөж хүлээн авах боломжгүй байсан. Мөн 2014 оны 10 сараас хойших хоригдож байсан хугацаандаа үйл ажиллагааны тайлангаа илгээж байсан. 2015 онд үйл ажиллагаа эрхэлж байгаагүй гэсэн I, II улирлын тайланг илгээсэн. Татварын хэлтсийн зүгээс цахим сайт нэхэмжлэгчид үргэлж нээлттэй байж ирсэн. Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.41-т "хүндэтгэн үзэх шалтгаан" гэж a.эмнэлгийн өвчтөний гар картад бичигдсэн бөгөөд лаборатори болон багажийн шинжилгээгээр эмчлүүлэх шаардлагатай нь нотлогдож, эмч, эмнэлгийн байгууллагын гаргасан магадлагаагаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа, б.эмч, эмнэлгийн байгууллагын гаргасан магадлагаагаар энэ хуулийн 6.1.41.a-д заасны дагуу эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнийг асарсан, в.хуульд заасан эрх бүхий этгээдийн зарласан нийтийг хамарсан дайчилгаанд хамрагдсан, г.хуульд заасан эрх бүхий этгээдийн зарласан нийтийг хамарсан аюулт халдварт өвчний улмаас хорио цээр тогтоосон бүсэд хоригдсон, д.хуульд заасан эрх бүхий этгээдээс албан ёсоор зарласныг нотолсон галын болон байгалийн гэнэтийн аюул, эсхүл давагдашгүй хүчин зүйл /усны үер, ган, зуд, аюултай цасан болон шороон шуурга, газар хөдлөлт/ зэрэг шалтгааныг гэж заасан энэ тохиолдолд Татварын хэлтсийн зүгээс хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэж тайлан балансыг нөхөж авдаг. Үйл ажиллагаа эрхлэх эрхийг хязгаарласан болохоос үйл ажиллагаа эрхлээгүй гэсэн тайланг илгээх боломж бол нээлттэй байсаар байсан. Иймд “М****и******" ХХК-ны гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

6. Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай хэлтэст Ми********** ХХК /РД:*******/ нь "Ц.Г********-ыг цагдаа, прокурор, шүүхээс үндэслэлгүйгээр онц хүнд гэмт хэрэгт эрүүдэн шүүж, хорих ангид ял эдлүүлсний улмаас тус компанийн нийгмийн даатгалын тайланг таслуулсан бөгөөд шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 610 тогтоол дээрх үйлдэл холбогдлуудыг бүхэлд нь гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн тул 2014 оноос тасарсан нийгмийн даатгалын тайлангаа нөхөж өгөх шаардлагатай, шийдвэрлэж өгнө үү” гэсэн утга бүхий 2021 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн дугаар 01/74 тоот албан бичиг ирүүлсэн. “Ми**********” ХХК нь Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст 2006 оны 02 дугаар сараас эхлэн бүртгэлтэй бөгөөд 2014 оны 09-р сарыг дуустал нийгмийн даатгалын шимтгэлийн тайлан ирүүлсэн байна . Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3-т " Төр , аж ахуйн нэгж , байгууллагаас дараах хугацааны шимтгэлийг тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын санд төлсөн тохиолдолд эдгээр хугацааг шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцно. Үүнд: Хууль бусаар ажлаас зайлуулагдан мөрдөгдсөн, хилс хэргээр хорих ял эдэлсэн хугацаа" гэж, мөн Засгийн газрын 1994 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн " Журам батлах тухай " 212 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан " Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцогдох хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам "-ын 2.г-д "хууль бусаар ажлаас зайлуулагдан мөрдөгдсөн , хилс хэргээр хорих ял эдэлсэн даатгуулагчийн уг хугацаанд ногдох шимтгэлийг тухайн даатгуулагчийн хилсээр мөрдөгдөхийн болон ял эдлэхийн өмнө авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас ажил олгогчийн төлбөл зохих хувиар бодож ажиллаж байсан аж ахуйн нэгж , байгууллага нь нэг удаа нийгмийн даатгалын санд төлнө. Энэ талаар гарсан маргааныг шүүхээр шийдвэрлүүлнэ" гэж тус тус заасан байдаг . Өөрөөр хэлбэл даатгуулагчийн хууль бусаар ажлаас зайлуулагдсан , хилс хэргээр хорих ял эдэлсэн хугацааг шүүхийн шийдвэрээр тогтоосон байх шаардлагатай. Манай хэлтсийн Хяналт шалгалтын байцаагч Н.Б албан бичгийн хариуг шийдвэрлэх явцад Ц.Г********-оос хилс хэргээр ял эдэлсэн шүүхийн шийдвэр гарсан эсэхийг лавлахад тийм шийдвэр гараагүй, шүүхийн шатанд хянагдаж байгаа гэсэн байна. Иймд Ц.Г******** / РД:ТЕ********* /-ыг хилс хэргээр хорих ял эдэлсэн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1-т заасан тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын шимтгэлийг ажил олгогчийн төлөх хувь хэмжээгээр нөхөн төлүүлж , нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг нөхөн тайлагнах боломжтой юм. Энэ талаар “М****и******" ХХК-д тус хэлтсээс 2021 оны 10 дугаар 20-ны өдрийн 1160 тоот албан бичгээр хариу хүргүүлсэн болно. Өнөөдрийн байдлаар “М****и******” ХХК нь нийгмийн даатгалын шимтгэлд 5,620,563 /таван сая зургаан зуун хорин мянга таван зуун жаран гурав/ төгрөг, хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийн 2,810,281 /хоёр сая найман зуун арван мянга хоёр зуун наян нэгэн/ төгрөгийн алданги, нийт 8,430,844 төгрөгийн өртэй бөгөөд уг өр төлбөрийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар албадан гүйцэтгүүлэх ажиллагаа явагдаж байгаа юм.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараах хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч “М****и******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

  2. Нийгмийн даатгалын Ерөнхий газрын 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн архивын мэдээлэлд зааснаар 2014 оны 10 дугаар сараас хойш хугацаанд “М****и******” ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй байна. /1-р х.х-н 8-9/

3. Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1160 дугаар албан бичиг болон Нийгмийн даатгалын газрын 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 3/281 дугаар албан бичгээр “...шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, тайлагнах боломжтой” талаар “Ми**********” ХХК-д хариу хүргүүлжээ. /1-р х.х-н 26/

4. Харин Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсээс 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1/6168 дугаар албан бичгээр “...2020 он болон 2021 оны татварын тайланг залруулж болно” гэж “Ми**********” ХХК-д хариу хүргүүлжээ. /1-р х.х-н 27/

5. Мөн түүнчлэн Нийслэлийн Татварын газраас 2021 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн 03/980 дугаар албан бичгээр “2014 оноос хойших татварын тайланг хүлээн авах боломжгүй бөгөөд татвар бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд өөрчлөлт оруулахыг хориглосон хуулийн зохицуулалттай” гэсэн хариуг “М****и******” ХХК-д хүргүүлжээ. /1-р х.х-н 29/

 6. “М****и******” ХХК-ийн захирал Ц.Г********-ыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 2019/ШТ/610 дугаар шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад заасныг баримтлан прокуророос шүүгдэгч Ц.Г********-д холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, Ц.Г********-ыг П.И-г хуурч 20 сая төгрөг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцжээ.           

7. Мөн Тогтоолын 4 дэх заалтаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар Ц.Г********-ын үйлдсэн Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан хэрэгсэхгүй болгожээ. /гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан;/

8. Уг тогтоолоор шүүгчдэгч Ц 274 хоног цагдан хоригдсоныг дурдсан,  Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2019 оны 09 дүгээр сарын 14-ны өдрийн 5/309 тоот албан бичгээр эрүүгийн 20140691 дугаартай хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж, 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд хоригдож байсныг тодорхойлжээ. /1-р х.х-н 13/

9. Улсын Дээд Шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 33 дугаар тогтоолд  “... Хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т заасан "хүндэтгэн үзэх шалтгаан" гэдэгт энэ зүйлд заасан хугацааны дотор гомдол гаргагч хүндээр өвчилсөн, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон зэрэг өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар гомдол гаргах боломжгүй байсан байдлыг ойлгоно... ” гэж тайлбарласан байна.

 10.Татварын ерөнхий хуулийн /2008 он/ 4 дүгээр зүйлийн 4.1.8 дахь хэсэгт “Хүндэтгэн үзэх шалтгаан гэж” 4.1.8.а.өвчтэй;4.1.8.б.эмчилгээ хийлгэж байгаа; 4.1.8.в.өвчтөн асарсан; 4.1.8.г.томилолтоор гадаад, дотоодод ажилласан; 4.1.8.д.сургалтад хамрагдсан; 4.1.8.е.нийтийг хамарсан дайчилгаанд хамрагдсан; 4.1.8.ё.нийтийг хамарсан аюулт халдварт өвчний улмаас хорио цээр тогтоосон бүсэд хоригдсон; 4.1.8.ж.галын болон байгалийн гэнэтийн аюул, эсхүл давагдашгүй хүчин зүйл /усны үер, ган, зуд, аюултай цасан болон шороон шуурга, газар хөдлөлт/ зэрэг шалтгааныг гэж заажээ.

11. Хэдийгээр “цагдан хоригдсон” гэсэн нөхцөл Татварын ерөнхий хуульд хүндэтгэн үзэх шалтгаанд зааж өгөөгүй хэдий ч татварын тайлангаа өгөх бодит боломж байхгүй байсан нь баримтаар нотлогдож байна. 

12. Нэхэмжлэгчээс намайг цагдан хоригдсон хугацаанд нягтлан бодогч “Х” тайлан гаргаж өгсөн гэх бөгөөд энэ нь хариуцагчаас ирүүлсэн тайлангаар нотлогдоно.

13. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Төр, аж ахуй нэгж, байгууллагаас дараах хугацааны шимтгэлийг тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын санд төлсөн тохиолдолд эдгээр хугацааг шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцно: Үүнд 4/ хууль бусаар ажлаас зайлуулагдан мөрдөгдсөн, хилс хэргээр хорих ял эдэлсэн хугацаа” гэж, мөн Засгийн газрын 1994 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн “Журам батлах тухай” 212 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцогдох хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам”-ын 2.г-д “хууль бусаар ажлаас зайлуулагдан мөрдөгдсөн, хилс хэргээр хорих ял эдэлсэн даатгуулагчийн уг хугацаанд ногдох шимтгэлийг тухайн тухайн даатгуулагчийн хилсээр мөрдөгдөхийн болон ял эдлэхийн өмнө авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас ажил олгогчийн төлбөл зохих хувиар бодож ажиллаж байсан аж ахуй нэгж, байгууллага нь нэг удаа нийгмийн даатгалын санд төлнө. Энэ талаар гарсан маргааныг шүүхээр шийдвэрлүүлнэ” гэж тус тус заажээ.

14. Дээрх нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэж үзвэл “М****и******” ХХК-ийн захирал Ц.Г******** нь хилс хэргээр хорих ял эдлээгүй боловч цагдан хоригдож байх хугацаандаа нийгмийн даатгалын тайлан болон татварын тайланг тайлагнах боломжгүй байсан учраас шүүхээс цагдан хоригдсон 274 хоногийг хүндэтгэн үзэх шалтгаанд хамааруулан авч үзлээ.

15. Иймд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар М****и******” ХХК-ийн 2014 оны 10 дугаар сарын 01-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 01-ны өдөр хүртэлх хугацааны нийгмийн даатгалыг нөхөн төлсөн тайланг хүлээн авч бүртгэхийг Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст, Татварын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт Татвар төлөгч татварын тайланг дараагийн татварын жилд багтаан залруулж болно” гэж зааснаар “Ми**********” ХХК-ийн 2014 оны III, IV , 2015 оны I, II дугаар улирлын засварласан тайланг хүлээн авч, засвар оруулж бүртгэхийг Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэст тус тус даалгаж шийдвэрлэв.

16. Харин 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс хойш хугацаанд Ц.Г******** нь батлан даалтад гарсан байх бөгөөд үүнээс хойшхи хугацаанд Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2.татвар ногдуулах, төлөхтэй холбогдсон тооцоо, мэдээ, тайланг гаргаж тогтоосон хугацаанд татварын албанд ирүүлэх;”, Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  2/шимтгэл оногдуулах, төлөхтэй холбогдсон мэдээ, тайланг тогтоосон хугацаанд гаргаж даатгалын байгууллагад ирүүлэх;” гэж заасан үүргээ биелүүлээгүй, татварын болон нийгмийн даатгалын өртэй байх нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй байх тул бусад хугацааны тайланг нөхөн бүртгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шүүх шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.13 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

          1. Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 18 дугаар зүйлийн 18.1.2, 31 дүгээр зүйлийн 31.1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3, Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад заасныг тус тус баримтлан “М****и******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “М****и******” ХХК-ийн  2014 оны 10 дугаар сарын 01-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 01-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын тайланг нөхөн бүртгэхийг Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст, 2014 оны III, IV улирал, 2015 оны I, II улирлын татварын зөвтгөсөн тайланг нөхөн бүртгэхийг Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэст тус тус даалгаж, үлдсэнийг  хэрэгсэхгүй болгосугай.

          2. Нэхэмжлэгч “М****и******” ХХК улсын тэмдэгтийн хураамж урьдчилан төлөөгүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Л.ӨЛЗИЙЖАРГАЛ