Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 322

 

М.О-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг  шүүгч Ч.Тунгалаг даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, Х.Батсүрэн, Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Э нарыг оролцуулан хийж, М.О-ын нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 213 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2017/0459 дүгээр магадлалтай захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлоор, шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 213 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1, 27.2.3, 27.2.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.О-ыг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан тушаалд томилоогүй эс үйлдлийг хууль бус болохыг тогтоож, уг албан тушаалд томилохыг хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад даалгах,

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч М.О-ын ажилгүй байсан 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс энэхүү шүүхийн шийдвэр гарах 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүртэл хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг 1 сарын 1.091.073 төгрөгөөр тооцож нийт 7.141.569 төгрөгийг хариуцагчаас гаргуулан хуульд заасан татвар, хураамж, шимтгэлийг суутгуулан, нэхэмжлэгчид олгуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.О Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Б/36 дугаар ажлаас үндэслэлгүй халсан актын М.О-т холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2017/0459 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 213 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаас Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 гэсэн заалтыг хасч, Тогтоох хэсгийн 2 дахь заалтын 1.091.073 гэснийг 1.013.139 гэж, 7.141.569 гэснийг 6.625.929 гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, Г.А нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2017/0459 дүгээр магадлалыг үл зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Иргэн М.О-ын нэхэмжлэлтэй тус газрын даргад холбогдох захиргааны хэргийг давж заалдах шатны шүүх шийдвэрлэхдээ хэргийн материалд байгаа ач холбогдол бүхий нотлох баримтыг тал бүрээс нь нягтлан шалгаж үзээгүй нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Магадлалын Хянавал хэсэгт “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын Б/37 дугаар тушаалын 4 дүгээр хавсралтаар аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан тушаалын орон тоо, ангилал, зэрэглэлийг баталсан бөгөөд Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийг нийт 24 орон тоотой байхаар баталж, хэлтсийн даргын чиг үүргээс өөрчлөгдөөгүй, газрыг хэлтэс болгон ажлын байр хэвээр хадгалагдан үлдсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Аймгийн Улсын бүртгэл, статистикийн газар нь улсын бүртгэл болон статистикийн чиг үүргийг хэрэгжүүлж байсан дотроо 2 хэлтэстэй байсныг Засгийн газрын 2016 оны “Засгийн газрын агентлаг, төрийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтын талаар авах зарим арга хэмжээний тухай” 04 дүгээр тогтоол, Хууль зүй, дотоод хэргийн сайдын “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн нэгжийг батлах тухай” 2016 оны А/16 дугаар тушаалаар Үндэсний статистикийн хороог тусгаарлаж, Оюуны өмчийн газрыг татан буулгаж Улсын бүртгэлийн байгууллагад нэгтгэсэн. Байгууллагын үйл ажиллагааны бүтэц, зохион байгуулалт, чиглэлд өөрчлөлт орсон байхад шүүх анхаарч үзээгүй байна.

Аймгийн Улсын бүртгэл, статистикийн газар нь Улсын бүртгэлийн хэлтэс болон статистикийн хэлтэс болж 2 тусдаа байгууллага болж зохион байгуулалтын өөрчлөлтөд орсон, орон тоо болон газрын даргын албан тушаал байхгүй болж өөрчлөгдсөн байхад шүүхээс зөвхөн нэршил нь хэлтэс болж өөрчлөгдсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Мөн “Хэлтсийн даргын албан тушаалд тус газарт ажиллаж байгаагүй Д.М гэдэг хүнийг томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 27.2.3 дахь хэсэгт “...зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах...” гэж заасныг зөрчсөн байна” гэсэн нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч М.О нь Д.М-ыг ажилд томилсонтой холбоотой маргаагүй, нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд бус, маргааны үйл баримтад хамааралгүй асуудлаар дүгнэлт хийсэн байна.

Улсын Дээд шүүхийн 2010 оны Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 08 дугаар тогтоолын 15-д “...мөн зүйлийн 27.2.4-т заасан “...орон тоо хасагдсан...” гэдгийг “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 15.1.1, 15.1.2-т зааснаар тус тус ойлгоно” гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 33 дугаар тогтоолын 15.1.1 -15.1.2-т “15.1.1 Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан “орон тоо хасагдсан” гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлговол зохино. 15.1.2-т мөн хэсэгт заасан “орон тоо цөөрүүлэх” гэдэгт хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцийн адил ажил, албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой орон тоог хассаныг ойлгоно гэжээ. Гэтэл шүүх Улсын бүртгэл, статистикийн газрын даргын орон тоо хасагдсан нөхцөл байдлыг үнэлж дүгнээгүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 27.2.4 төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих...” гэж заасны дагуу Орхон аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын даргын орон тоо хасагдсан тул нэхэмжлэгч М.О-т 6 сарын тэтгэмж, эсхүл Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст улсын бүртгэгчийн ажлын байрны санал тавьсан боловч хүлээж аваагүй болно.

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Б/37 дугаар тушаал нь Монгол Улсын Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Засгийн газрын тогтоол, Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаал зэрэгт үндэслэж, эрх хэмжээнийхээ хүрээнд, хууль ёсны дагуу гарсан байна.

Иймд, холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Б/37 дугаар тушаалаар М.О-ыг ажлаас чөлөөлсөн тул Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2017/0459 дүгээр магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасантай нийцсэн тул магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч М.О нь “...Улсын бүртгэл, статистикийн газрын даргын орон тоо хасагдсантай маргаагүй, ...харин бүтэц өөрчлөгдөн, Улсын бүртгэлийн хэлтсийн орон тоо батлагдаж, хэлтсийн дарга, хяналтын байцаагчийн орон тоо байсаар байхад ажлын байрны санал огт тавиагүй, ...би хэлтэстээ үлдэнэ... ажиллана гэдгээ хэлсэн байхад намайг ажлаас чөлөөлөөд томилгоо хийгээгүй, ...хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр манай байгууллагад ажиллаж байгаагүй Д.М-ыг томилсон” гэж маргажээ.

Улсын Их Хурлын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолоор Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн баталсны дотор Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар гэж заасныг үндэслэн Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны А/16 дугаар тушаалаар Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар болж, бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөн байна. 

Ингэснээр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Б/36 дугаар тушаалаар Орхон аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын төрийн захиргааны нийт албан хаагчдыг үүрэгт ажлаас нь чөлөөлсний дотор тус газрын даргаар ажиллаж байсан М.О мөн чөлөөлөгджээ.

Маргаан бүхий дээрх Б/36 дугаар тушаал нь Улсын Их Хурлын 2016 оны 12 дугаар тогтоол, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны А/16 дугаар тушаалуудыг үндэслэж гарсан, уг тушаалаар хуучин Улсын бүртгэл, статистикийн газрын бүтэц, орон тоонд ажиллаж байсан захиргааны нийт албан хаагчдыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тушаал бөгөөд уг захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхгүй талаар шүүхүүд зөв дүгнэсэн байна.

Харин, мөн даргын 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын бүтэц батлах тухай Б/37 дугаар тушаалаар аймгийн улсын бүртгэлийн бүтцийн тогтолцоог аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс байхаар тогтоосны гадна Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн нийт орон тоог 24, түүний дотор хэлтсийн даргын орон тоог 1 байхаар баталсан, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажлын байр хадгалагдан үлдсэн байна.

Тодруулбал, шинээр зохион байгуулагдсан аймгийн бүртгэлийн хэлтсийн даргын ажлын байрны чиг үүрэг нь нэхэмжлэгч М.О-ын урьд эрхэлж байсан бүртгэлийн газрын даргын ажлын байрны чиг үүргээс өөрчлөгдөөгүй байхад түүнийг албан тушаалаас нь чөлөөлж, 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг олгож шийдвэрлэсэн нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “...төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, ...” гэж заасантай нийцээгүйн гадна уг албан тушаалд тус байгууллагад ажиллаж байгаагүй Д.М-ыг үүрэг гүйцэтгэгчээр томилж хууль зөрчжээ.

Ийнхүү нэхэмжлэгч М.О-ын эрхэлж байсан ажлын байр хэвээр хадгалагдан үлдсэн байтал үүрэгт ажлаас нь чөлөөлсөн захиргааны шийдвэр хуульд нийцээгүй, түүнийг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж  шийдвэрлэсэн нь зөв байна.

Түүнчлэн анхан шатны шүүх тухайн маргаанд хэрэглэх ёсгүй Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасныг давхар хэрэглэсэн, мөн нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулахдаа цалингийн нэмэгдлийг 45 хувиар буруу тооцсоныг зөвтгөсөн өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал үндэстэй байна.

Иймд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Бүтэц, зохион байгуулалтаар газар нь хэлтсийн зохион байгуулалтаар ажиллах болсон тул газрын даргын орон тоо хасагдсан, нэхэмжлэгчид хуульд заасны дагуу 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэлэг олгосон, ...шүүхүүд нотлох баримтыг тал бүрээс нь нягтлан шалгаж үзээгүй, нэг талыг барьсан шийдвэр гаргасан” гэсэн хяналтын гомдол үндэслэлгүй юм.

Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2017/0459 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

                             

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                Ч.ТУНГАЛАГ

                                   ШҮҮГЧ                                                                      Б.МӨНХТУЯА