Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 182/ШШ2020/00875

 

2020 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 182/ШШ2020/00875

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэгт оршин суух, Б овогт Д. О /РД:ХБ74/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг өөрийн байранд оршин байрлах, НШШГ  газарт холбогдох,

 

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Бадамсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.О нь 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар Хаан банк ХХК-д 48,163,209 төгрөгийг төлөх болсон.

Гэвч нэхэмжлэгч нь санхүүгийн хүндрэлтэй байсан учраас уг мөнгийг төлж чадаагүй байж байхад шүүхийн шийдвэр гүйцэтгэлээс барьцаанд байсан Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу гудамж, 15 дугаар байр 14 тоот 25 м.кв талбай 2 өрөө орон сууцыг үнэ тохироогүй учраас үнэлгээ хийлгэсэн байдаг.

Миний бие Ү-2 улсын бүртгэлтэй Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу гудамж, 15 дугаар байр, 14 тоот, 25 м.кв 2 өрөө байрыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнэлгээний тогтоосон зах зээлийн үнэ болох 145,032,000 төгрөгийн 50 хувь болох 72,516,000 төгрөгөөр доод үнийг тогтоосон Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албаны үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Ингэхэд 145,042,000 төгрөгөөр үнэлсэн боловч нэхэмжлэгч нь үүнийг багаар үнэлсэн байна гэдэг байдлаар нэхэмжлэл гаргасан. Яагаад гэвэл дуудлага худалдаа нь эд хөрөнгийг зах зээлийн үнээс багаар үнэлдэг. Уг байр нь хотын А зэрэглэлийн бүсэд байдаг бөгөөд супер засвар хийсэн, сан техникийн бүх тоноглолууд нь Итали улсаас ирүүлж хийсэн байхад бодит байдлаас багаар үнэлсэн гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагч НШШГ  газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШШ2019/00251 дүгээр захирамжаар Даандайн Оюунжаргалаас 48,163,209 төгрөг гаргуулж, Хаан банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн ба гүйцэтгэх баримт бичгийг 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн хуулийн дагуу ажиллаж байна.

Төлбөр төлөгч Д.О нь төлбөрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгө болох Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу 15 дугаар байр, 14 тоот хаягт байрлах улсын эрхийн бүртгэлийн Ү-22 дугаартай 25 м.кв талбайтай 2 өрөө орон сууцнаас төлбөрийг хангуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасны дагуу төлбөр төлөгч Д.О ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн, хураасан.

Үл хөдлөх эд хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42, 55 дугаар зүйлийн 55.2 дахь заалтыг үндэслэн шинжээч томилон 145,032,000 төгрөгөөр үнэлэгдсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч НШШГ  газарт холбогдуулан Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч НШШГ  газарт холбогдуулан Ү-2202011161 улсын бүртгэлтэй Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу гудамж, 15 дугаар байр, 14 тоот, 25 м.кв 2 өрөө орон сууцыг 145,032,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч НШШГ  газар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан гэж маргаж байна.

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШШ2019/00251 дугаар захирамжаар Хаан банк ХХК-ийн нэхэмжлэлтэй Д.О д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 48,163,209 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч Д.О нь 48,163,209 төгрөгийг 12 сарын хугацаанд бүрэн төлж барагдуулах, гэрээний хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж шийдвэрлэжээ.

 

Дээрх захирамжийн дагуу Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ГХ2019/00589 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн НШШГ  газар нь шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, 19301030 дугаартай тогтоол үйлдэн уг ажиллагааг явуулсан байна.

 

Төлбөр авагч Хаан банк ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 34/12124 дугаар албан бичгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу барьцаа хөрөнгийг хураан авах, дуудлага худалдаанд оруулах тул шинжээч томилж үнэлгээ хийлгэх хүсэлт гаргасны дагуу НШШГ  газар нь 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 426 дугаар Шинжээч томилох тухай тогтоол-оор хөрөнгийн үнэлгээний Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасан зохицуулалттай нийцсэн байна.

 

НШШГ  газар нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2 дахь хэсэгт заасны дагуу шинжээчээр Х ХХК-ийг томилсон, шинжээч Хөрөнгө-Эстимэйт ХХК нь Нийслэлийн Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу, 15 дугаар байрны 14 тоот хаягт байрлах, 2 өрөө, 25 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг 145,032,000 төгрөг болохыг тогтоожээ.

 

Шинжээч нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасны дагуу үнэлгээ хийх эрх бүхий этгээд байх ба үнэлгээг гаргахдаа хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй.

 

Нэхэмжлэгч Д.О нь шинжээчийн тогтоосон үнийг зах зээлийн үнээс хэт доогуур байгаа гэж тайлбарлаж байгаа боловч үндэслэлээ баримтаар нотлоогүй, Монгол улсын зах зээлд тухайн объект ямар үнээр худалдан борлогдож байгаа талаарх баримтыг шүүхэд гаргаагүй, шинжээчийн үнэлгээ тогтоосон аргачлалыг няцаагаагүй тул шинжээчийн тогтоосон үнэлгээг үгүйсгэх боломжгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт,гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж тус тус зохицуулжээ.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй боловч тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзлээ.

 

Төлбөр төлөгч Д.О д 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 4/29868 тоот мэдэгдлээр шинжээчээр үнэлүүлэхэд 145,032,000 төгрөгөөр үнэлэгдсэн болохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.3-т зааснаар мэдэгдэх ажиллагааг 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэгч талд мэдэгдсэн гэх боловч дээрх хугацаанд нэхэмжлэгч Д.О нь 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард улсын хилээр гарч, мөн өдөр Монгол улсын Замын-Үүд боомтоор нэвтэрсэн болох нь хэрэгт авагдсан Д.О ын Е2412130 дугаартай гадаад паспортын хуулбараар тогтоогдож байх бөгөөд дээрх Мэдэгдэл-ийг хүлээн аваад 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэл шүүхэд гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй гэж үзнэ.

 

Өөрөөр хэлбэл Д.О д 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр мэдэгдлийг танилцуулж, гардуулсан гэдэг нь дээрх баримтаар үгүйсгэгдэж байх бөгөөд түүнээс хойш танилцсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр НШШГ  газарт холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Д.О ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7., Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-д заасныг баримтлан НШШГ  газарт холбогдох, Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Д.О ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т тус тус зааснаар Д.О ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.АМАРТӨГС