Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 59

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,  шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга О.Баттөмөр шүүх хуралдааны тэмдэглэлийг хөтлөн

иргэдийн төлөөлөгч А.Хуаниш

улсын яллагч Н.Дамбадаржаа

хохирогч Ц.Ариунхишиг

гэрч С.Ариунзаяа

шүүгдэгч Б.Даваадорж, түүний  өмгөөлөгч О.Батсүх

шүүгдэгч С.Анхзаяа, түүний өмгөөлөгч Р.Уранцэцэг нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.5-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

1.Монгол Улсын иргэн, 1991 оны 4 дүгээр сарын 08-нд Баянхонгор аймгийн Баацагаан суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, танкийн механик жолооч мэргэжилтэй, Даймонд Принт ХХК-д хэвлэгч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Баянхонгор аймгийн Баянхонгор 5-р баг Цагаанчулуутын 13 дугаар гудамж 22 тоотод оршин суух албан ёсны бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй /РД:ВЖ91040811/ Поолуу овогт Батсүхийн Даваадорж.

 

2.Монгол Улсын иргэн, 1992 оны 7 дугаар сарын 01-нд Баянхонгор аймгийн Баацагаан суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Нэмнэ ХХК-д өрөмчин ажилтай, ам бүл 3, эх, дүүгийн хамт Баянхонгор аймгийн Баянхонгор 6 дугаар баг, Гэгээн шавь 6 дугаар гудамжны 4 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй  /РД:ВЖ92070118/ Цагаан ээж овогт Сайнхүүгийн Анхзаяа нарт холбогдох эрүүгийн 201626022107 дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 

Прокурорын яллах дүгнэлтэнд:

Шүүгдэгч Б.Даваадорж нь согтуугаар С.Анхзаяатай бүлэглэн 2016 оны 7 дугаар сарын 03-ны шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Москва их дэлгүүрийн орчим хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Ц.Ариунхишигийг нүүр рүү цохилоо, маргалаа гэсэн шалтгаанаар мөргөж гавлын дух ясны хугарал, зүүн ухархайн дээд болон дотор хана, хамрын ясны хугарал, зүүн нүдний дээд доод зовхины зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд доод зовхи, баруун нүдний дотор булангийн хэсгээр цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт бүхий амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан,

Шүүгдэгч С.Анхзаяа нь согтуугаар Б.Даваадоржтой бүлэглэн 2016 оны 7 дугаар сарын 03-ны шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Москва их дэлгүүрийн орчим хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Ц.Ариунхишигийг элэг рүү цохилоо, маргалаа гэсэн шалтгаанаар толгой нүүр хэсэгт өшиглөн гавлын дух ясны хугарал, зүүн ухархайн дээд болон дотор хана, хамрын ясны хугарал, зүүн нүдний дээд доод зовхины зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд доод зовхи, баруун нүдний дотор булангийн хэсгээр цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт бүхий амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.                                                                                         

 

Шүүгдэгч Б.Даваадорж шүүхийн хэлэлцүүлэгт:  2016 оны 7 дугаар сарын 3-ны өдөр Анхзаяаг хөдөөнөөс ирэхээр нь төрсөн өдрийг нь тэмдэглэхээр бид уулзсан. Биднийг уулзаад байж байхад Анхзаяагийн найз Ариунхишиг ирсэн.  Тэгээд Анхзаяа, Ариунхишиг, Анужин, Ариунзаяа, Болороо бид нар хорооллын Си бааранд орохоор яваад Ариунхишиг, Анхзаяа хоёр гадаа үлдээд бусад нь баар луу ороод байж байтал “гадаа Ариунхишиг, Анхзаяа хоёр хоорондоо зодолдоод байна” гэж Ариунзаяа хэлсэн. Тэгэхээр нь би гараад очтол Ариунхишиг, Анхзаяа хоёр заамдалцаад зогсож байхаар нь би очоод салгах гээд “яагаад зодолдоод байгаа юм бэ” гээд Ариунхишигийг тэврээд авсан чинь миний нүүр лүү Ариунхишиг тохойлдчихсон. Тэгээд Ариунхишиг намайг дахиад тохойлдох гэхээр нь би түүнийг эрүү хамар орчим руу нь мөргөсөн. Ариунхишиг бид хоёр давхраараа унасан. Би түрүүлж босоод Ариунхишигийг босгох гэхэд босохгүй байсан. Би Ариунхишигт хүнд гэмтэл учруулаагүй гэж бодож байна гэв.

 

Шүүгдэгч С.Анхзаяа шүүхийн хэлэлцүүлэгт: 2016 оны 7 дугаар сарын 3-ны өдөр би хөдөө Заамараас хотод ирсэн. Тэгээд би төрсөн өдрөө найзуудтайгаа тэмдэглээд 4 замд нэг паабад сууж байтал Ариунхишиг над руу утсаар яриад “би очъё” гэж байгаад ирсэн. Тэгээд бид 4 замын паабаас гараад хорооллын Си бааранд орохоор явцгаагаад манай найзууд уг баар луу орсон.  Ариунхишиг бид хоёр Москва рестораны ТҮЦ-ний хажууд  юм яриад зогсож байтал Ариунхишиг надад “ би танай найз Доржоог зодчих уу” гэхээр нь би “хэрэггүй, яах гэсэн юм бэ” гэж би хэлсэн. Тэгтэл намайг Ариунхишиг заамдаж аваад цохисон. Тэгтэл Ариунзаяа, Даваадорж нар гарч ирээд Ариунхишиг бид хоёрыг салгатал Даваадоржийн нүүрэн тус газар Ариунхишиг тохойлдсон. Тэгтэл Даваадорж, Ариунхишигийг мөргөж байгаа харагдсан. Ийм л юм болсон. Би Ариунхишигийн биед хүнд гэмтэл учруулаагүй гэв.

 

Хохирогч Ц.Ариунхишиг шүүхийн хэлэлцүүлэгт: 2016 оны 7 дугаар сарын 3-ны өдөр хорооллын Си баарны гадаа Анхзаяад би “найз нь явлаа“ гээд яриад байж байтал Даваадорж баарнаас гарч ирээд миний нүд, ухархай хавьцаа  нэг удаа мөргөсөн. Би нүүрээ дараад доош суусан. Тэгэхэд Анхзаяа миний дух хавьцаа өшиглөсөн. Тэгэхээр нь би босоод зугатаад арк руу гүйсэн. Миний биед учирсан хүнд гэмтэл нь мөргөсөн, өшиглөсөн аль алинаас нь үүссэн гэж бодож байгаа. Анхзаяагийн ээж нь 260000 төгрөг надад өгсөн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

 

Гэрч С.Ариунзаяа шүүхийн хэлэлцүүлэгт: Даваадорж, Ариунхишигийг мөргөж байхыг би харсан. Харин Анхзаяа, Ариунхишигийг өшиглөхийг би хараагүй. Анхзаяатай би өмнө нь үерхэж байсан. Одоо бол зүгээр найзын харилцаатай гэв.

 

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотойгоор:

Б.Даваадоржийн  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 52/, ял шалгах хуудас /хх-ийн 51/, мэргэжлийн үнэмлэхийн хуулбар /хх-ийн 53/, суурь боловсролын үнэмлэхийн хуулбар /хх-ийн 54/, хувийн хэргийн хуулбар /хх-ийн 55-62/

С.Анхзаяагийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 65/, ял шалгах хуудас /хх-ийн 64/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 66/, хувийн хэргийн хуулбар /хх-ийн 67-71, 73-75/, бүрэн дунд боловсролын үнэмлэх /хх-ийн 72/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Даваадорж, С.Анхзаяа нар  согтуугаар, бүлэглэн 2016 оны 7 дугаар сарын 03-ны шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Москва их дэлгүүрийн орчим хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Ц.Ариунхишигийг зодож бие махбодид нь амь насанд аюултай хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

      

хохирогч Ц.Ариунхишигийн: Би 2011 онд Их засаг их сургуульд Анхзаяа бид нар нэг ангид суралцаж байсан. Би нэг ангиад суралцаж байхдаа найз нөхдийн харилцаатай байсан. Доржийг бол Анхзаяагаар дамжуулж танилцсан. Өмнө нь 2-3 удаа Анхзаяагийн хамт уулзаад архи ууж байсан. 2016 оны  7 дугаар сарын 03-ны өдөр Анхзаяа Улаанбаатар хотод ирсэн байсан. Тэгээд би Анхзаяа руу утсаар ирсэн эсэхийг нь асуун утсаар ярихад сая ирсэн 4 замын орчим байна ууж байна гэсэн тэгээд би гэрээсээ гараад Анхзаяа дээр 20-21 цагийн орчим ирхэд Анхзаяа Дорж, мөн танихгүй 4 хүнтэй нийт 6 уулаа сууж байсан бөгөөд тэд нар архи пиво авсан халамцуу байсан тэгэхээр нь би тэд нартай суугаад архи пивоноос нь уусан ба тэндээ байж байгаад хороолол руу бааранд оръё гэж явцгаасан ба тэгээд бид нар бөөнөөрөө 3, 4 дүгээр хороололруу 1 такси барин явсан ба 3, 4 дүгээр хорооллын “СИ” гэдэг нэртэй баарны гадаа зогссон. Тэгэхэд  Анхзаяа Дорж нартай явж байсан 4 хүн баар луу орсон ба гадаа Анхзаяатай би “найз нь явья даа” гэж хэлээд байж байхад Дорж Анхзаяад “наадахыгаа зайлуулаачээ” гэж хэлсэн тэгэхээр нь “чамд хамаагүй би найзтайгаа юм ярьж байна гэсэн” тэгтэл Дорж над дээр ирээд намайг заамдан авч мөргөсөн. Миний эхний суусан газарт очихдоо би өөрийнхөө Аксент маркийн машинтай явж байсан ба тэр машинаа бариулахаар найз Энхбатыг дуудсан байсан. Тэгээд машинаа зогсоолд орж тавих хооронд энэ бүхэн болсон бөгөөд  тэгээд Энхбат ирээд юу болоо вэ гэсэн. Би Анхзаяагийн хамтаар хоёулахнаа гадаа үлдсэн. Даваадорж караоке баарны үүдэнд зогсож байсан. Тэгээд л би найз нь согтсон байна. явлаа гэсэн. Тэгтэл Анхзаяа “яагаад явах гээд байгаа юм бэ” гээд л дургүйцээд байсан. Тэгтэл Даваадорж холоос “наадахыгаа зайлуул- гэж Анхзаяад хэлсэн ба тэгэхээр нь “би чамд хамаагүй шүү пизда минь” гэсэн ба тэр Даваадорж надруу хүрч ирээд шууд миний нүүрэн тус газар мөргөсөн. Яг л миний нүд хамар орчим мөргөсөн. Тэгтэл Анхзаяа миний толгойн нүүр хамар хэсэг рүү өшиглөөд байсан. Хамраас цус гараад би явган сууж байсан. Тэгтэл Анхзаяа яг миний хамар нүд орчим хөлөөрөө хүчтэй өшиглөсөн. Тэгээд би зугатаасан.  Надад учирсан гэмтлүүдийг Анхзаяа, Даваадорж нар 2-уулаа бүлэглэн намайг зодож үүсгэсэн. Тэд хоёулаа л нүүр, нүд хамар руу хэд хэдэн удаа өшиглөж мөргөж зодсон. Би ямар ч эсэргүүцэл үзүүлээгүй. Анхзаяаг эхлээд би элэг орчим нь нэг удаа цохисон байх гэхдээ би нүүр ам руу нь цохиогүй. Эхлээд Анхзаяатай юм ярьж зогсож байсан тэгээд л би ганц нэг элэг рүү нь цохьсон тэгээд л маргалдсан. Пизда минь найз нь явлаа гээд би өөрөө эхлээд муухай харьцсан нь үнэн. Эмнэлэгт үзүүлээгүй учраас хохирол гараагүй байгаа. Зураг авахуулсан мөнгийг би Анхзаяагаас авч зураг авхуулсан.  Даваадорж бол намайг мөргөсөнөөс өөрөөр цохьсон эсэхийг мэдэхгүй байна. Анхзаяа бол миний нүүрэн тус газарт 2-3 удаа өшиглөсөн. /хх-ийн 5-7, 9-10/

 

   гэрчээр Ө.Болорын...”2016 оны 7 дугаар сарын 3-ны өдөр гэртээ байж байсан... караоке бааранд ороод дөнгөж юмаа захиалах гээд л сууж байсан тэгсэн чинь Анхзаяа Ариунхишиг нар гараад араас нь Ариунзаяа  Даваадорж нар гарсан. Тэгээд л караоке баарнаас гараад гэр гэрийн зүг явсан. Анхзаяа Даваадорж хоёр найзтайгаа зодолдчихлоо гэчихсэн зогсож байсан. /хх-ийн 11/

 

гэрчээр С.Ариунзаяагийн: Би 2016 оны 7 дугаар сарын 3-ны өдөр Анхзаяагийн хамт Төв аймгийн Заамар сумаас Улаанбаатар хотод ирсэн. Ямар нэгэн санаа зорилгогүйгээр л ирсэн. Тэгээд Улаанбаатар хотод ирчихээд Даваадоржийг дуудсан.  Тэгээд баруун 4 замын орчим нэрийг нь мэдэхгүй нэгэн ресторанд орсон тухайн үед 21 цаг болж байсан байх. Тэр ресторанд Даваадорж, Анхзаяа, Анужин, Болороо бид нар уулзсан. Тухайн өдөр Анхзаяа бид хоёрыг Заамараас гарч байхад Ариунхишиг залгаад “ирж байна уу” л гээд байсан. Тэгээд бид нарыг хотод ирсэн байхад утсаар ярьсаар байгаад бид нар дээр хамгийн сүүлд нь ирсэн. Бид нар тэр ресторанд юм яриад 2 шил 0,75 граммын архи уугаад тэндээсээ 23 цаг өнгөрч байхад гарсан. Бид нар караоке бааранд орохоор болсон. Тэндээс гарахад хүмүүс бүгдээрээ л их согтоогүй байх шиг байсан. Анхзаяа, Даваадорж, Ариунхишиг нар ч их согтоогүй байсан. Тэгээд бид нар тэндээсээ 2 таксинд хуваагдан суугаад хороололд Москва их дэлгүүрийн орчим нэг караоке бааранд орсон. Тэр бааранд ороод  дөнгөж захиалгаа өгөөд байж байсан тэгээд л нэг харахад Анхзаяа, Ариунхишиг нар гараад явсан. Тэгээд байж байтал тэр баарны хамгаалагч залуу орж ирээд “та нартай хамт явж байгаа 2 залуу гадаа ноцолдоод байна” гэхээр нь би ганцаараа гараад харсан  тэгтэл Ариунхишиг, Анхзаяа нар хоорондоо муудалцсан маргалдаж байсан. Гэтэл Даваадорж гарч ирсэн тэгээд юу болоод байгаа юм бэ гээд Ариунхишиг, Анхзаяа нараас асуухад Ариунхишиг нь Даваадоржийн нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохисон тэгээд Даваадорж нь Ариунхишигтэй зодолдсон.

...Ариунхишиг тэгэхэд нээх юм ярихгүй байсан ба зураг авахуулаад өгчих л гээд байсан. Зурагны мөнгө нь 155.000 төгрөгийг Анхзаяа бид хоёр гаргаж өгсөн. ...Ариунхишиг Даваадоржийг 1 удаа цохисон тэгээд Даваадорж зөрүүлээд Ариунхишигийг цохиод тэгээд зодолдоод газар унаад эхэлсэн. /хх-ийн 12/

 

гэрч Г.Анужингийн...тэгээд бид нар юмаа захиалах гээд байж байсан. Тэгэхэд Анхзаяа Ариунхишиг гараад явсан ба тэд тамхи татна гээд л гараад явсан. Араас нь Ариунзаяа Даваадорж нар гарсан ба тус баарны хамгаалагч орж ирээд “та нартай хамт явсан 2 зодолдоод байна” гэсэн тэгээд Ариунзаяа Даваадорж нар гарсан юм. Тэгээд бид тэд нарын араас гараад хартал зодоон болоод дууссан байсан Ариунхишиг байгаагүй.  Даваадорж  намайг цохиод авсан л гэсэн.  Анхзаяа тэгэхэд юм яриагүй. Даваадорж тэгэхэд ямар нэгэн байдлаар гэмтсэн бэртсэн зүйл байгаагүй харин хувцас нь цус болсон байх шиг байсан. Анхзаяад гэмтсэн бэртсэн зүйл байгаагүй. /хх-ийн 13/   

 

гэрч Б.Энхбатын: Ариунхишиг бид хоёр бол худ ургийн холбоотой...Анхзаяаг би Ариунхишигийн найз гэдгээр мэднэ...Он сарыг сайн мэдэхгүй байна.  Тухайн өдөр гэртээ байж байхад Ариунхишиг над руу утсаар яриад найз нь жаахан юм уучихлаа ирээд машин аваадхаач гэсэн. Тэгээд би баруун 4 замын орчим гадаа уулзахад бага зэрэг согтсон байдалтай байсан.  Ангийнх нь гэсэн 2 эрэгтэй, 3 эмэгтэйгийн хамтаар явж байсан...Ариунхишигийн машин нь баруун 4 замын орчим нэг байрнуудын дунд зогсоол дээр байсныг аваад 3,4 дүгээр хороолол руу явсан. Би явж байхдаа Ариунхишигийн утас руу нь залгахад авахгүй байсан...би дахин дахин залгасаар утсаар ярихад 3, 4 дүгээр хорооллын Москва их дэлгүүрийн орчим гадаа байна гэсэн би яваад очтол Анхзаяа Даваадорж нар зогсож байсан. Тэгээд Ариунхишигийг асуухад танай найз чинь явчихсан гэсэн. Тэгээд би Анхзаяа нарын заасан газарлуу нь очсон. Тэгэхэд байшингийн буланд Ариунхишиг нь газар сууж байсан. Хамар ам нь цус болсон байдалтай байсан. Тэгээд юу болсон талаар асуухад манай 2 найз нийлээд намайг зодчихлоо гэж хэлж байсан. Тэгээд эрүүлдээ учраа ол гээд Ариунхишигийг гэрт нь хүргэж өгсөн. Тухайн үед Ариунхишигийн хамар зүүн нүдний орчим нь хавдсан байсан. /хх-ийн 14/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд болон

 

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 9531 дугаартай: Ариунхишигийн биед гавлын дух ясны хугарал, зүүн ухархайн дээд болон дотор хана, хамрын ясны хугарал, зүүн нүдний дээд доод зовхины зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд доод зовхи, баруун нүдний дотор булангийн хэсгээр цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д заагдсанаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтанд тогтмол нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлээс хамаарна. /хх-18-19/ гэсэн,

                                                                                          

Бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 1426 дугаартай: 9531 дугаартай шинжээч эмч Ч.Эрдэмболорын гаргасан дүгнэлт үндэслэлтэй байна. Ариунхишигийн биед учирсан гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн 2-3 удаагийн хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Зүүн нүдний ухархайн дээд хананаас духны хөндийн өмнөд болон дотор ханыг дайрсан шугаман хугарал гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт, хамрын ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал гэмтэл нь тус тусдаа, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун нүдний дотор булангийн хэсгээр цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт гэмтлүүд нь нийлээд хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Ц.Ариунхишигийн биед учирсан гавлын дух ясны хугарал гэмтэл нь мөргөх, өшиглөх аль ч үед үүсэх боломжтой, духны зүүн хэсэг, зүүн нүдний дээд хэсэгт хүч үйлчилснээс үүснэ. Ц.Ариунхишигийн биед учирсан гавлын дух ясны хугарал гэмтэл нь эгц урдаас мөргөх, зүүн талаас өшиглөх зэргийн аль ч үед үүсгэгдэх боломжтой.  Ц.Ариунхишигийн биед учирсан хүнд зэргийн гэмтэлд  баруун талын нүдний ухархайн дотор хана 0.9 см өргөн хэсэгт дотогш этмойд хөндий рүү 0.5см-ийн гүн хэмжээтэй цөмөрсөн хуучин хугарал гэмтэл нөлөөлөхгүй.  /хх-ийн 92/  гэсэн дүгнэлтүүд болон хохирогч Ц.Ариунхишигийн томографийн шинжилгээний хариу /хх-ийн 21/, шинжээч эмч Ч.Эрдэмболорыг байцаасан тэмдэглэл /хх-ийн 22/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 95-96/ зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан энэ хэрэгт хамаарал бүхий шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судалсан бичгийн баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.  

 

Түүнчлэн яллагдагч “өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэгт холбогдолгүйгээ болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэггүй” хэдий ч С.Анхзаяа, Б.Даваадорж нарын мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн:

 

яллагдагчаар Б.Даваадоржийн:..”намайг караоке баарнаас гарч ирэхэд Анхзаяа, Ариунхишиг нар заамдалцсан байсан тэгэхээр нь би дундуур нь орж боль гэж салгаж авсан. Тэгээд 2 тийш нь салгахад Ариунхишиг миний нүүрэн тус газар нэг удаа цохисон. Тэгэхээр нь би заамдаж аваад татаад нэг удаа нүүрэн тус газар нь мөргөсөн. Би бодохдоо эрүү орчим нь мөргөсөн гэж бодсон. Тэгээд нэг удаа мөргөсний дараа Анхзаяа бас бид хоёрыг салгахаар Ариунхишигийн араас нь хувцаснаас нь татсан. Тэгээд Ариунхишиг газар явган суусан ба Анхзаяа Ариунхишигийн нүүрэн тус газар нь 1 удаа өшиглөсөн тэгээд л Ариунхишиг боссон.  Тэгэхээр нь би нааш ир хөгшөөн гээд хувцаснаас нь татахад Ариунхишиг яваад өгсөн. Тэгэхэд Ариунхишигийн хамраас нь цус гарсан байх. Миний подволк цус болсон байсан. Намайг гарч ирээд салгахад бол Ариунхишигээс ямар нэгэн цус гараагүй байсан. Мөргөхөд бас цус гараагүй. Тэгээд Анхзаяа өшиглөсний дараа нь бол цус гарсан байсан. Ер нь бол би Ариунхишигийн нүүрэн тус газар нь нэг удаа мөргөсөн. Анхзаяа Ариунхишигийн нүүрэн тус газар нь нэг удаа өшиглөсөн өөрөөр зодсон зүйл байхгүй намайг гарч ирхээс өмнө хэрхэн яаж зодолдсоныг мэдэхгүй.  /хх-ийн 35/

 

яллагдагчаар С.Анхзаяагийн:..”би Ариунхишигтэй өмнө нь маргалдаж байсан удаа байхгүй бидний хооронд ямар нэгэн хэрүүл маргаан өс хонзон өр ширний асуудал байхгүй. Тухайн өдөр уг нь Ариунхишигтэй би уулзана гэж бодоогүй тэгэхэд Ариунхишиг өөрөө л “хаана байгаа юм бэ, хаана байгаа юм бэ” гэсээр байгаад л бид нар дээр ирсэн юм. Тэгээд ирлээ гээд дургүйцсэн зүйл байхгүй бид хамтдаа юм ярин сууцгаасан. Тэгээд бид нар хороолол руу явсан ба тэр хүртэл ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй. Тэгээд хороололд очоод караоке бааранд орсон. Дөнгөж оронгуутаа Ариунхишиг тамхи татах уу гэхээр нь хамт гарсан. Ариунхишиг бид хоёр л эхэндээ гарсан ба гадаа гараад тамхи татацгаасан. Тэгтэл Ариунхишиг гэнэтхэн “танай найзыг чинь зодчих уу” гэсэн тэгэхээр нь би “яах гэсэн юм”  гэсэн. Тэгтэл Ариунхишиг “чи яагаад байгаа юм бэ өмөөрөөд байгаа  юм уу” гээд намайг заамдаж авсан тэгэхээр нь эхэндээ яагаа ч үгүй, гурав дахь удаа заамдахаар нь нүүр рүү нь мангастаад түлхсэн. Тэгэхэд Ариунхишиг намайг заамдсан. Энэ үеэр Даваадорж баарнаас гарч ирсэн. Тэгээд Даваадорж бид хоёыг харчихаад бидний дундуур орж салгасан. Тэгэхэд Ариунхишиг Даваадоржийг нэг удаа тохойлдож Даваадоржийн нүүрэн тус газар нь оносон юм. Тэгэхэд Ариунзаяа дотроос гарч ирсэн намайг татаад аваад явсан. Даваадорж, Ариунхишиг нар барилцаад караоке баарны зүүн тал руу явсан. Тэд бие биенийгээ заамдаад явсан. Даваадорж Ариунхишигийн нүүрэн тус газар нь мөргөсөн яг хаана нь мөргөснийг би сайн харж чадаагүй. Тэгээд би Даваадоржийн араас нь очсон. Ариунхишиг нүүрээ дараад сууж байсан. Тэгэхээр нь би Ариунхишигийн нүүрэн тус газар нь 2 удаа өшиглөсөн тэгэхэд Даваадорж босгоод Ариунхишигийг яв гээд явуулсан. /хх-ийн 40-41/ гэсэн мэдүүлгүүд нь дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан бичгийн баримтуудаар давхар батлагдаж байна.

 

Шүүх хуралдааны шүүмжлэлийн явцад:

шүүгдэгч С.Анхзаяагийн өмгөөлөгч Р.Уранцэцэг “...хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, баарны хамгаалагчийг гэрчээр асуух шаардлагатай” гэсэн,

шүүгдэгч Б.Даваадоржийн өмгөөлөгч О.Батсүх”...гэмт хэргийг бүлэглэж үйлдээгүй” гэсэн тайлбар бүхий хүсэлт тус тус гаргасныг хүлээн авах боломжгүй юм.

 

Учир нь шүүгдэгч С.Анхзаяа, Б.Даваадорж нарын гэм буруутай үйлдлээс хохирогч Ц.Ариунхишигийн биед хүнд гэмтэл учирсан нь хэрэгт авагдсан хохирогч, гэрч болон нэр бүхий шүүгдэгч нарын яллагдагчаар үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож тогтоогдсон гэж үзнэ.

 

Түүнчлэн хохирогч Ц.Ариунхишигийн нүүрэн тус газарт шүүгдэгч Б.Даваадорж мөргөсөн, шүүгдэгч С.Анхзаяа хохирогчийн дух орчимд өшиглөсөн хэргийн үйл баримт тогтоогдсон байх бөгөөд энэ талаар хохирогч тогтвортой мэдүүлдэг.

 

Хохирогчийн биед учирсан гэмтлийг “Ц.Ариунхишигийн биед учирсан гавлын дух ясны хугарал гэмтэл нь мөргөх, өшиглөх аль ч үед үүсэх боломжтой, духны зүүн хэсэг, зүүн нүдний дээд хэсэгт хүч үйлчилснээс үүснэ. Ц.Ариунхишигийн биед учирсан гавлын дух ясны хугарал гэмтэл нь эгц урдаас мөргөх, зүүн талаас өшиглөх зэргийн аль ч үед үүсгэгдэх боломжтой” гэж тусгай мэдлэгийн хүрээнд дүгнэсэн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн дүгнэлтийг няцаах баримт хэрэгт тогтоогдоогүй болно. 

 

Харин прокуророос, Б.Даваадорж, С.Анхзаяа нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.5-д  заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэхдээ  “бүлэглэж”  гэсэн  тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж хуулинд тодорхой байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2-д заасан “...бүлэглэн гүйцэтгэгч” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

Өөрөөр хэлбэл нэг цаг хугацаанд нэг объектод зэрэг халдсан нь тогтоогдсон Б.Даваадорж, С.Анхзаяа нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийг журамлах шаардлагагүй юм.

 

Шүүх бүрэлдэхүүн, шүүгдэгч нарын гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, хэрэгт шалгагдвал зохих асуудлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна гэж дүгнэлээ.

 

Иймд Поолуу овогт Батсүхийн Даваадорж, Цагаан ээж овогт Сайнхүүгийн Анхзаяа нарыг бүлэглэн бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.5-д зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүхээс шүүгдэгч Б.Даваадорж, С.Анхзаяа нарт ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх, согтуугаар гэмт хэрэг үйлдснийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг  харгалзан тэдгээрийн хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэн тогтоов. 

 

Шүүгдэгч нар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасны дагуу хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн, тэдгээрийн хувийн байдал болон гэмт хэргийн хохиролыг нөхөн төлсөн байгааг /хохирогч гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй/ харгалзан Б.Даваадорж, С.Анхзаяа нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.5-д заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж шийдвэрлэлээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Ариунхишиг “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлж байх тул шүүгдэгч Б.Даваадорж, С.Анхзаяа нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.