Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
Хэргийн индекс | 181/2019/02728/И |
Дугаар | 181/ШШ2020/00773 |
Огноо | 2020-03-27 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 181/ШШ2020/00773
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Б” ХХК/РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “В” ХХК/РД: /-д холбогдох
Хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах, 790 587 000 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 870 604 943 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Батзаяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Булгамаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Данзмаа, Б.Батцэнгэл, хариуцагчийн өмгөөлөгч Н.Отгончимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “Б” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ““Б” ХХК нь “В” ХХК-тай 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр худалдааны гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээр “В” ХХК нь 500 тонн зэсийн баяжмалыг “Б” ХХК-д нийлүүлэхээр харилцан тохиролцсон.
Манай компанийн зүгээс “В” ХХК-ийг 500 тонн зэсийн баяжмалыг нийлүүлэх боломжтой гэж итгэж гэрээ байгуулсан бөгөөд гэрээний баталгаа болгон 300.000 ам.долларыг шилжүүлсэн. Ингэхдээ 261,891 ам.долларыг “Б” ХХК-иас “В” ХХК-ийн захирал Ц.Бямбацоожийн Голомт банкны 1405104260 дугаар данс руу 2019 оны 2 дугаар сарын 23-ны өдөр шилжүүлж, 38,109 ам.долларыг төгрөгт шилжүүлсэн хэлбэрээр буюу 100,428,267 төгрөг/нэг зуун сая дөрвөн зуун хорин найман мянга хоёр зуун жаран долоо/-ийг “В” ХХК-ийн захирал Ц.Бямбацоожид бэлнээр хүлээлгэн өгсөн байдаг.
2019 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн монгол банкнаас зарласан ханшийн лавлагаагаар 1 ам.доллар 2,635.26/хоёр мянга зургаан зуун гучин таван төгрөг хорин зургаан мөнгө/ байсан болно.
Гэрээ байгуулж баталгааны мөнгө шилжүүлснээс хойш зэсийн баяжмалын эхний багцыг авч урьдчилгаа төлбөр төлөх хүртэл хугацаанд “В” ХХК нь гэрээнд заагдсан 500 тонн зэсийн баяжмалыг нийлүүлэх нь битгий хэл зэсийн баяжмалын эхний багцаа ч хугацаанд нь нийлүүлэх боломжгүй болох нь бидэнд мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл зэсийн баяжмал олборлох үйл ажиллагааг огтхон ч эхлээгүй, гэрээний хугацаанд ч олборлолт явуулах боломжгүй болох нь тодорхой болсон.
Нэгэнт гэрээ нь биелэгдэхгүй нь тодорхой болсон тул манай компанийн зүгээс гэрээний баталгаа болгож шилжүүлсэн мөнгийг буцаан шилжүүлэхийг шаардсан боловч өнөөдрийг хүртэл буцаан шилжүүлж өгөөгүй юм.
“В” ХХК нь огтхон ч гүйцэтгэх боломжгүй нийлүүлэлтийг бидэнд амлаж, бодит бус зохиомол байдлыг бий болгож, Иргэний хуульд заасан үнэн зөв, бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх үүргээ зөрчин гэрээ байгуулж улмаар гэрээний баталгаа болгож “Б” ХХК-иас шилжүүлсэн 300.000 ам.долларыг 2019 оны 2 дугаар сарын 23-ны өдрөөс хойш эргэлдүүлэн ашиглаж биднийг хохироогоод байна.
Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т “Хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй ...” гэж, 59.2-т “Хэлцэл хийхэд саад болох нөхцөл байдлыг хэлцэл хийгч нэг тал нь нуун дарагдуулсныг нөгөө тал хожим мэдсэн бол хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй.” гэж тус тус хуульчилсныг үндэслэн энэхүү нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байгаа болно.
“Б” ХХК-ийн 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар тус компанийн гүйцэтгэх захирлаар Дорж овогтой Баярсайхан би томилогдож, энэхүү өөрчлөлтийг “Б" ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд 2019 оны 8 дугаар сарын 02-ны бүртгүүлсэн.
Улмаар “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирлын бүрэн эрхийг хэрэгжүүлэх болсон тул “В” ХХК-ийн захирал Ц.Бямбацоожтой 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 11:00 цагт “В” ХХК-ийн оффист уулзаж хоёр байгууллагын хооронд хууран мэхэлж хийгдсэн гэрээний талаар ярилцаж, гэрээний баталгаа болгож өгсөн 300.000 ам.долларыг буцаан шилжүүлэхийг хүссэн. Уг уулзалтаар Ц.Бямбацоож нь судлах дахин ярилцах боломж хүсэж 7 хоногийн хугацаа өгөхийг хүссэн. Хүсэлтийг нь хүндэтгэн 2019 оны 8 дугаар сарын 12-нд дахин уулзах гэсэн боловч оффистоо байхгүй, утсаа авахгүй нөхцөл байдалтай өнөөдрийг хүрсэн учир шүүхэд хандаж байна.
Иймд “Б” ХХК болон “В” ХХК-ийн хооронд 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан “Худалдааны гэрээ”-г хүчин төгөлдөр бус гэж тооцож, уг хэлцлээр “Б” ХХК-иас шилжүүлсэн 300.000 ам.доллар буюу /2019.02.23-ны өдрийн Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаагаар 1 ам.доллар нь 2,635.29 төгрөг байсан/ 790.587.000 төгрөгийг “В” ХХК-иас гаргуулж өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн өмгөөлөгч Ц.Батзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: “Сөрөг нэхэмжлэлтэй холбоотой тайлбарыг гаргая. Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл, гэрээгээр тохирсон баталгааныхаа мөнгийг “Б” ХХК шилжүүлсэн. 261,891 ам.долларыг дансаар шилжүүлсэн. Баримт нь хэргийн материалд байгаа. Үлдсэн 38,109 ам.долларыг бэлнээр хүлээлгэн өгсөн. Тэгэхээр гэрээний баталгаа өгөх үүргээ хэрэгжүүлсэн. Мөн эхний үйлдвэрлэл хийгдэхээс өмнө гэрээний урьдчилгаа 30 хувийг төлнө гэсэн гэрээний зохицуулалт хэрэгжихээс өмнө энэ нийлүүлэлт хийгдэж чадахгүй нөхцөл байдалтай байсан гэдгийг олж мэдсэн. Хэрэгт авагдсан материал, хариуцагчаас гаргаж өгсөн материалуудаас харахад хариуцагч тал гэрээ байгуулсан байгаа. 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 04 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд зэсийн баяжмалыг нийлүүлэх боломжгүй гэдэг нь огнооны хувьд харагдаад байгаа. Баталгааны үүргээ гүйцэтгэсэн байхад баяжмалын эхний 30 хувийнхаа урьдчилгааг төлж чадаагүй учраас сөрөг нэхэмжлэл гаргасан гэж тайлбарлаж байна. Бид нийлүүлэх боломжгүй нөхцөл байдлыг олж мэдсэн. Энэ нь сөрөг нэхэмжлэл гаргах гол шалтгаан болсон. Өөрийнхөө нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж хэлэхэд баталгааны 300.000 ам.долларыг өнөөдрийг хүртэл энэ байгууллага эргэлдүүлж ашигласан. “Б” ХХК энэ мөнгөөр ямар хэмжээний орлого олох ёстой байсан бэ гэдгийг харах хэрэгтэй. Ирээдүйд худалдах, худалдан авах гэрээ хийсэн нь үнэн. Гэрээг 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан. Энэ өдөр нийлүүлэлтээ авна гэсэн зүйл байгаагүй. 03 дугаар сарын 25-ны өдрөөс 04 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд нийлүүлэлтээ авна гэж байсан. “В” ХХК нь анхны нийлүүлэлт хийгдэх боломжтой гэсэн нөхцөл байдлыг бий болгож нэхэмжлэгч компанийг хууран мэхэлж гэрээ байгуулсан. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн өмгөөлөгч Р.Булгамаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Талуудын хооронд Худалдааны гэрээ байгуулагдсан. Гэрээний зарчмын ёсоор талууд эрх тэгш байх ёстой байсан. Ялангуяа энэ гэрээний тухайд талууд харилцан тохиролцох зарчмыг баримтлахаар илэрхийлсэн. Өнөөдрийн байдлаас харахад харилцан тохиролцсон энэ гэрээний зарчмаа алдсан байна. Өөрөөр хэлбэл, нэг тал нь давуу эрхтэйгээр эрхээ хэрэгжүүлсэн байна. Ашигт малтмалын зориулалтаар ашиглах гэрээ байгуулж, ордыг ил болон далд аргаар олборлох зарчмаар зэсийн баяжмалыг худалдан авахтай холбоотой харилцаа байгаа. Гэтэл хэрэгт авагдсан улсын комиссын дүгнэлтээс харахад 05 дугаар сарын 30-ны өдөр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгосон байдаг. Мөн хэрэгт авагдсан 05 дугаар сарын 27-ны өдрийн Ашигт малтмалын газар ашиглах гэрээ, 07 дугаар сарын 02-ны өдрийн Ус ашиглах гэрээ болон үйл ажиллагаа эрхэлсэн захирлын тайлбараас харахад сар болгон 500 тонн зэсийн баяжмалыг нийлүүлж олборлоогүй нь харагдаж байгаа юм. Манай үйлчлүүлэгч “Б” ХХК нь гэрээний зарчмын дагуу анх тохирсон ёсоор 300,000 ам.доллараа төлсөн. 300.000 ам.доллар нэхэмжлэл гаргах үеийн ханшаар 790,587,000 төгрөг байсан. Энэ мөнгө бол бага мөнгө биш. Үүргээ биелүүлээд урьдчилгаа төлбөрөө шилжүүлсэн. 03 дугаар сарын 25-ны өдрөөс 04 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд ямар нэгэн 500 тоннтой дүйцэхүйц үйлдвэрлэл явагдахгүй байсан учраас урьдчилгаа төлбөрөө өгөөгүй. Энгийн харилцаанаас болж маргаан үүсэхэд хүрсэн. Тийм учраас Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийг 59.1, 59.2-т заасныг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан.” гэв.
Хариуцагч “В” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Данзмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Вояжер Минерал Ресурсес ХХК-д холбогдуулан гаргасан Б ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь үл зөвшөөрч дараах хариу тайлбар гаргаж байна.
Манай Вояжер Минерал Ресурсес ХХК нь Б ХХК-тай “Off-Take Agreement” буюу Ирээдүйд эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр хийсэн. “Off-Take agreement” гэдэг нь жирийн худалдах, худалдан авах гэрээ (sales agreement)-ээс онцлог ялгаатай. “Off-Take Agreement” нь ихэвчлэн уул уурхайн салбарын бүтээгдэхүүнд хэрэглэгддэг бөгөөд энэ нь ирээдүйд үйлдвэрлэх уул уурхайн бүтээгдэхүүнийг худалдах, худалдан авахаар хийсэн талуудын тохиролцоо юм. Талуудын хооронд хийсэн нийт 4,296,920 ам.долларын дүн бүхий “Ирээдүйд эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ”-гээр:
1. Б ХХК нь гэрээ байгуулах, улмаар үүргээ гүйцэтгэхээ нотолж 300,000 ам.долларыг манай компанид өгөх үүрэг хүлээсэн.
2. Мөн тус компани нь гэрээний нийт дүнгийн 30% болох 1,289,076 ам.долларыг урьдчилгаа болгож 2019 оны 3 дугаар сарын 7-ны өдөр төлөх үүрэг хүлээсэн.
3. Үүний хариуд манай компани нийт 500 тонн зэсийн баяжмал нийлүүлэх, үүний эхний ээлжийн нийлүүлэлтийг 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 4 дүгээр сарын 1-ний өдрийн хооронд хийхээр тохиролцсон.
Гэтэл Б ХХК нь гэрээнд заасан 300,000 ам.долларын төлбөрөө дутуу төлсөн төдийгүй бүтээгдэхүүний урьдчилгаа төлбөр 30% болох 1,289,076 ам.долларыг 2019 оны 3 дугаар сарын 7-ны өдөр төлөх байтал огт төлөөгүй гэрээний үүргээ зөрчсөн.
Гэрээнд урьдчилгаа төлбөр хийгдсэний дараа нийлүүлэлт хийгдэхээр заасан ба Бө ХХК бүтээгдэхүүний урьдчилгаа төлбөрийг гэрээнд заасны дагуу огт төлөөгүй үүргээ зөрчсөн тул баяжмалын нийлүүлэлт хийх нөхцөл үүсээгүй.
Гэрээний 3.2-т хэрэв Б ХХК нь урьдчилгаа төлбөр болох 1,289,076 ам.долларыг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй бол 300,000 ам.долларыг гэрээ зөрчиж, цуцалсны төлбөрт тооцож Вояжер Минерал Ресурес ХХК авна гэж заасан тул энэ зорилгоор хийгдсэн төлбөрийг буцаан шаардах эрх Б ХХК-д байхгүй.
Манай компани гэрээ байгуулах мөчид болон одоо хүртэл зэсийн баяжмалын үйлдвэрлэлээ явуулж байгаа бөгөөд Б компанийн нэхэмжлэлд дурдсан нөхцөл байдал үүсч байгаагүй болно.
Зэсийн баяжмалын худалдааны онцлог нь энэ бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ ихтэй байдгаас шалтгаалан худалдан авагч ихтэй, харин үйлдвэрлэгч цөөн, бүтээгдэхүүний тоо хязгаарлагдмал байдаг. Энэ нөхцөл байдал нь гэрээний нөхцөл, гэрээний баталгаа дэнчингийн хэмжээ, бүтээгдэхүүний урьдчилгаа төлбөр өндөр байхад шууд нөлөөлдөг онцлогтой. Зэсийн баяжмал худалдах, худалдан авах “off-take” гэрээнд гэрээний урамшуулал, баталгаа, дэнчин өгөх зохицуулалт байнга ордог. Мөн бүтээгдэхүүний урьдчилгаа төлбөр ямагт өндөр байдаг.
Б компани анх өөрсдөө манай компанид хандаж гэрээ байгуулах санал тавьж, гэрээнд заасан бүтээгдэхүүн худалдан авах үүргээ нотолж дэнчин болгон баталгаажуулж мөнгө төлөх үүрэг амлалт авсны дагуу бид харилцан тохиролцож гэрээнд тусгасан билээ. Гэтэл Б компани нь гэрээнд заасны дагуу бүтээгдэхүүн авч чадахгүй байдалд хүрмэгцээ манай компанийг буруутай байсан мэтээр нэхэмжлэл гаргаж байгаа нь үнэн бодит байдалд огт нийцэхгүй байна.
Б компани гэрээний үүргээ биелүүлээгүй, урьдчилгаа төлбөрөө хугацаандаа төлөөгүйн улмаас манай компани боловсруулсан эхний ээлжийн зэсийн баяжмалаа борлуулах хугацаа алдаж, бизнесийн их хэмжээний алдагдалд орсон. Үүнийг бид Б компаниас нэхэмжлэх ёстой төдийгүй 300,000 ам.доллараас дутуу төлсөн хэсгийг мөн нэхэмжлэх ёстой гэж үзэж байна.
Иймд нэхэмжлэгч Б ХХК-ийн манай компанид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
Хариуцагч “В” ХХК-ийн өмгөөлөгч Н.Отгончимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэний хуулийн 40.1-т хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж заасан. Иргэний хуулийн 40.1-т заасан заалтыг талууд яаж хэрэглэсэн юм бэ гэвэл, хэрэгт авагдсан материалаас харахад “Б” ХХК 01 дүгээр сарын 27-ны өдөр гэрээ байгуулах тухай саналыг бичгээр ирүүлсэн байдаг. Энэ саналд гэрээний тодорхой үндсэн нөхцөлүүдийг зааж тухайн компанитай гэрээ байгуулах саналыг ирүүлсэн байна. Тийм учир Иргэний хуулийн 40.1-т заасан хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал буюу “В” ХХК хүлээн авснаар хэлцэл хүчин төгөлдөр болсон байна. Үүний зэрэгцээ 01 дүгээр сарын 27-ны өдөр тухайн саналыг бичгээр ирүүлэхээс өмнө компанийн төлөөлөл 01 дүгээр сарын 17-ны өдөр уурхайтай танилцсан байдаг. 03 дугаар сарын 07-ны өдөр урьдчилгаа төлбөр болох 30 хувь буюу 1,2 сая ам.долларыг төлөхгүй хугацаа алдсан байдаг. Энэ бүхнээ төлөхийн тулд 03 дугаар сарын 25-ны өдөр уурхай дээр бүрэлдэхүүнтэй очиж ажилласан байдаг. Түүнчлэн энэ компанийн аж ахуйн үйл ажиллагаа явуулахтай холбоотой баримтууд хэрэгт авагдсан байгаа. Энэ нотлох баримтууд болон хууль зүйн үндэслэлийг авч үзвэл энэ гэрээ хүчин төгөлдөр гэрээ юм. Ямар нэгэн хууран мэхлэх ажиллагаа явагдаагүй гэдгийг харуулж байгаа юм. Тийм учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
Хариуцагч “В” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Данзмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай Вояжер Минерал Ресурсес ХХК-иас Б ХХК нь зэсийн баяжмал авахаар анх 2019 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр манай компанид бичгээр хүсэлт тавьсан. Ингээд талууд “Офф-тэйк гэрээ” буюу Ирээдүйд эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан.
Энэ гэрээгээр 500 тонн зэсийн баяжмалыг нийт 4,296,920 америк доллараар худалдан авахаар, нийт үнийн дүнгийн 30 хувь болох 1,289,076 ам.долларын урьдчилгааг Б ХХК 2019 оны 3 сарын 7-нд төлөхөөр, энэ урьдчилгааг хугацаандаа төлөхгүй бол үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар төлсөн 300,000 ам.долларыг буцаан төлөхгүй гэж тус тус тохиролцсон.
Энэхүү гэрээний 3.2-т заасны дагуу худалдан авагч Б ХХК нь урьдчилгаа 30 хувь болох 1,289,076 ам.долларын урьдчилгааг 2019 оны 3 сарын 07-нд төлөх үүрэг хүлээсэн бөгөөд энэ үүргээ хугацаандаа төлөөгүй төдийгүй, одоо хүртэл огт биелүүлээгүй.
Худалдан авагч Б ХХК-ийн 60 хувийн хувьцаа эзэмшигч БНХАУ-ын иргэн Lu Ruming/гадаад паспортын дугаар Е53349940/ болон 40 хувийн хувьцаа эзэмшигч БНХАУ-ын иргэн Wang Xumin/гадаад паспортьн дугаар Е76108800/-ийн хүү нь 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр манай компанийн Баянхонгор аймаг дахь уурхай, баяжмалын үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаатай биечлэн очиж танилцсанаас хойш гэрээний үүргээ биелүүлэх талаар ямар нэг албан бичиг, мэдэгдэл, тайлбар ирүүлэхгүй, харилцаа холбоогүй чимээгүй болсон. Харин 2019 оны 8 сард шинэ гүйцэтгэх захирал гэх хүн манай компани дээр ирж уулзан 300,000 ам.долларыг будаан төлөхийг шаардаж, улмаар шүүхэд ханджээ.
Энэхүү Б ХХК-ийн нэхэмжлэлтэй холбогдуулан манай компани энэ сөрөг нэхэмжлэлийг гаргаж, Б ХХК нь “Офф-тэйк гэрээ”-ний 3.2-т заасан урьдчилгаа 30 хувь болох 1,289,076 ам.долларыг 2019 оны 3 сарын 7-нд төлөх үүргээ огт биелүүлээгүйн улмаас манай компани зарагдаагүй зэсийн баяжмалыг агуулахад хадгалуулахад бусдад төлбөр төлж, энэ хугацаанд ажилчдын цалин хөлс, үйлдвэрийн ажиллагаанд ихээхэн зардлууд гаргасан.
Б ХХК нь “Офф-тэйк гэрээ”-ний 5-д “If party В pay the payment for the goods not in timely then party B will cover the loss of party A of which caused by late payment” буюу “Хэрэв Б тал нь төлбөрийг цаг хугацаандаа хийгээгүйн улмаас А талд хохирол учруулсан бол түүний нөхөн төлбөрийг барагдуулж хариуцлага хүлээнэ.” гэж заасан. Иймд гэрээний энэ заалтад үндэслэн дараах хохирлыг Б ХХК-иас нэхэмжилж байна. Үүнд:
1. Интердесижн ХХК-д зэсийн баяжмал хадгалуулсны төлбөрт төлсөн 8,524,433 төгрөг
2. Интердесижн ХХК-д зэсийн баяжмал хадгалуулахад ачих, буулгахад төлсөн 1,280,000 төгрөг
3. Интердесижн ХХК-д зэсийн баяжмал хадгалуулсны пүүлэлтийн нэмэлт зардалд төлсөн 237,600 төгрөг
4. Баяжмалын үйлдвэр ажиллуулахад ажилчдын цалин хөлсөнд 2019 оны 3 сард 157,305,540 төгрөг, 4 сард 110,753,123 төгрөг, 5 сард 131,364,312 төгрөг, 6 сард 107,086,890 төгрөг, 7 сард 172,601,424 төгрөг, 8 сард 181,451,621 төгрөг төлсөн ба нийт 860,562,910 төгрөг/тухайн саруудын нийгмийн даатгалын тайлангийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг хэргийи материалд хавсаргасан байгаа/.
Иймд Б ХХК-иас нийт 870,604,943 төгрөгийг болон улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,510,975 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэв.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “Б” ХХК хариуцагч “В” ХХК-д холбогдуулан “Худалдааны гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцож, 790 587 000/долоон зуун ерэн сая таван зуун наян долоон мянга/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл, хариуцагч “В” ХХК нэхэмжлэгч “Б” ХХК-д холбогдуулан учруулсан хохиролд 870 604 943/найман зуун далан сая зургаан зуун дөрвөн мянга есөн зуун дөчин гурав/ төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч “В” ХХК нь гэрээ байгуулах мөчид болон одоо хүртэл зэсийн баяжмалын үйлдвэрлэлээ явуулж байгаа бөгөөд нэхэмжлэлд дурдсан нөхцөл байдал үүсч байгаагүй гэж маргасан.
Нэхэмжлэгч “Б” ХХК нь анхны нийлүүлэлт хийгдэх боломжтой гэсэн нөхцөл байдлыг бий болгож, хууран мэхэлж гэрээ байгуулсан гэж маргасан.
2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 13 цаг 30 минутад товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг нэхэмжлэгч “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхзаяад 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр утсаар мэдэгдсэн боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхзаяа нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхзаяагийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Зохигчид 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээ/цаашид “Гэрээ” гэх/ байгуулсан болох нь зохигчийн тайлбар, Гэрээний хятад хэлнээс монгол хэл рүү болон англи хэлнээс монгол хэл рүү орчуулсан орчуулгаар тогтоогдож байна.
Хариуцагч нь нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргасан Гэрээний орчуулга буруу байна гэж маргаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн нотлох баримтаар гаргасан Гэрээний хятад хэлнээс монгол хэл рүү болон англи хэлнээс монгол хэл рүү орчуулсан орчуулгыг харьцуулан үнэлэв.
Гэрээний 1, 3-ын 3.1, 3.2-т зааснаар хариуцагч нь 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс сар тутамд 500/таван зуу/ тонн зэсийн баяжмал нийлүүлэх, нэхэмжлэгч нь тухай бүрт тодорхойлсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь Гэрээний хятад хэлнээс монгол хэл рүү болон англи хэлнээс монгол хэл рүү орчуулсан орчуулгаар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй ... хөрөнгө ... худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх ... худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж ... хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.
Хариуцагч нь биет байдлын доголдолгүй хөрөнгө нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх, нэхэмжлэгч нь хариуцагчид тохирсон үнийг төлж, хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээсэн тус Гэрээ нь Худалдах-худалдан авах гэрээний шинжтэй байна.
Гэрээний 3-ын 3.2-т зааснаар нэхэмжлэгч нь Гэрээний баталгаа болгож хариуцагчид нийт 300 000/гурван зуун мянга/ ам.долларыг 2/хоёр/ хувааж буюу 2019 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 261 891/хоёр зуун жаран нэгэн мянга найман зуун ерэн нэг/ ам.долларыг шилжүүлж, 38 109/гучин найман мянга нэг зуун ес/ ам.доллар буюу 100 428 267/нэг зуун сая дөрвөн зуун хорин найман мянга хоёр зуун жаран долоо/ төгрөгийг бэлнээр төлсөн болох нь зохигчийн тайлбар, Монгол банкнаас зарласан 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн Ханшийн лавлагаа болон Голомт банкны 2019 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Төлбөрийн баримтаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь хариуцагч “... зэсийн баяжмалыг ... нийлүүлэх боломжгүй болох нь бидэнд мэдэгдсэн” гэх үндэслэлээр Гэрээний нийт үнийн дүн 4 296 920/дөрвөн сая хоёр зуун ерэн зургаан мянга есөн зуун хорь/ ам.долларын урьдчилгаа төлбөр болох 1 289 076/нэг сая хоёр зуун наян есөн мянга далан зургаа/ ам.долларыг төлөхөөс татгалзаж, Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсэгт зааснаар Гэрээнээс татгалзаж байна.
Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-т “Хэлцэл хийхэд саад болох нөхцөл байдлыг хэлцэл хийгч нэг тал нь нуун дарагдуулсныг нөгөө тал хожим мэдсэн бол хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй.” гэж заасан.
Хариуцагч нь Баянхонгор аймаг, Бөмбөгөр сум, Далтын өвөр гэх газар 791.61/долоон зуун ерэн нэг зууны жаран нэг/ гектар талбай бүхий уурхайн талбайд ашигт малтмал ашиглах MV-020591 дугаар Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг болох нь MV-020591 дугаар Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн хуулбараар тогтоогдож байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4 дэх хэсэгт зааснаар Баянхонгор аймаг, Бөмбөгөр сумын нутагт орших MV-020591 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй Хөх булаг нэртэй алт-зэсийн үндсэн ордыг ил болон далд аргаар ашиглах техник-эдийн засгийн үндэслэлийг 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авсанд тооцсон болох нь Ашигт малтмал, газрын тосны газрын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Т/12 дугаар тушаалын хуулбараар тогтоогдож байна.
Баянхонгор аймаг, Бөмбөгөр сумын нутагт орших MV-020591 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй Хөх булагийн алт-зэсийн үндсэн ордыг ашиглахад нийт 51.6 мян.тн хүдэр олборлох бөгөөд боловсруулсан хүдрийн хэмжээ нь 50.9 мян.тн болох ба хүдэр дэх зэсийн агуулга нь дунджаар 0.9%, хэмжээ нь 458.19 тн, хүдэр дэх алтны агуулга дунджаар 8.22 гр/т, хэмжээ нь 418.3 кг, хүдэр дэх мөнгөний агуулга нь 24.62 гр/тн, хэмжээ 1253.2 кг-ийг олборлох ба нийт зэсийн баяжмал нь 1874.3 тн болохоор тооцсон болох нь Ашигт малтмал, газрын тосны газрын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн т/16-17-03 дугаар дүгнэлтийн хуулбараар тогтоогдож байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4-т “Геологи, уул уурхайн ... байгууллагаас томилогдсон комисс уурхайг хүлээн авсны дараа ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уг уурхайг ажиллуулж эхэлнэ.” гэж заасан.
Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсэгт зааснаар Баянхонгор аймаг, Бөмбөгөр сумын нутагт орших MV-020591 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй Хөх булаг нэртэй алт-зэсийн үндсэн ордыг ил болон далд аргаар ашиглах уурхайг ашиглалтад хүлээн авах улсын комисс нь 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авсан болох нь 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн “Хөх булаг” нэртэй Алт-Зэсийн үндсэн ордыг ил болон далд аргаар ашиглах уурхайг ашиглалтад хүлээн авах улсын комиссын № 19-29 актын хуулбараар тогтоогдож байна.
2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн № 19-29 актын 2-ын 2.1.2-т зааснаар Уурхайг ашиглалтад хүлээн авах улсын комисс Хөх булаг нэртэй алт-зэсийн үндсэн ордын уурхайн олборлолтын ажлыг 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс эхлүүлэхээр зөвшөөрсөн болох нь 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн № 19-29 актын хуулбараар тогтоогдож байна.
Хариуцагч нь Хөх булаг нэртэй ордын уурхайн Галын аюулгүй байдлын зөвшөөрлийг 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр, Ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлтийг 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр гаргуулж, 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах тухай аж ахуйн гэрээг, 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Ус ашиглах гэрээг байгуулсан болох нь 0005339 дугаар Галын аюулгүй байдлын зөвшөөрлийн болон 01805185 дугаар Ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлтийн хуулбар, 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах тухай аж ахуйн гэрээний болон 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Ус ашиглах гэрээний хуулбараар тогтоогдож байна.
Гэрээний 3-ын 3.1-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчид 500/таван зуу/ тонн зэсийн баяжмалын анхны нийлүүлэлтийг 2019 оны 3 дугар сарын 25-ны өдөр нийлүүлэх үүрэг хүлээсэн болох нь Гэрээний хятад хэлнээс монгол хэл рүү болон англи хэлнээс монгол хэл рүү орчуулсан орчуулгаар тогтоогдож байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсэгт зааснаар комисс уурхайг хүлээн авсны дараа ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уг уурхайг ажиллуулж эхлэх эрхтэй байх ба хариуцагчид 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс “Хөх булаг” нэртэй алт-зэсийн үндсэн ордыг ил болон далд аргаар ашиглах эрх үүссэн байна.
Хариуцагч нь 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс Баянхонгор аймаг, Бөмбөгөр сумын нутагт орших MV-020591 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй “Хөх булаг” нэртэй алт-зэсийн үндсэн ордын уурхайг ажиллуулах эрхтэй болсон байх тул Гэрээ байгуулсан болон анхны 500/таван зуу/ тонн зэсийн баяжмалыг нийлүүлэх үүрэг хүлээсэн хугацаанд уурхайг ажиллуулах боломжгүй байсан болох нь 0005339 дугаар Галын аюулгүй байдлын зөвшөөрлийн болон 01805185 дугаар Ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлтийн хуулбар, 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах тухай аж ахуйн гэрээний болон 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Ус ашиглах гэрээний хуулбар, 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн “Хөх булаг” нэртэй Алт-Зэсийн үндсэн ордыг ил болон далд аргаар ашиглах уурхайг ашиглалтад хүлээн авах улсын комиссын № 19-29 актын хуулбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-т “Хэлцэл хийхэд саад болох нөхцөл байдлыг хэлцэл хийгч ... нуун дарагдуулсныг нөгөө тал хожим мэдсэн бол хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй.” гэж заасан.
Гэрээ байгуулсан болон анхны 500/таван зуу/ тонн зэсийн баяжмалыг нийлүүлэх үүрэг хүлээсэн хугацаанд хариуцагч нь уурхайг ажиллуулах болон зэсийн баяжмал олборлох боломжгүй байсан боловч уг нөхцөл байдлыг нэхэмжлэгчээс нуун дарагдуулсан байх тул Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь хэлцэл хийхэд саад болох нөхцөл байдлыг нуун дарагдуулсан гэж үзнэ.
Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т “Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу ... хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болно.”, 57.2-т “Шүүхээс хүчин төгөлдөр бус гэж тооцсон хэлцэл нь хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байна.”, 492 дугаар зүйлийн 492.1-т “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд ... буцаан шаардах эрхтэй:,” 492.1.1-т “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг ... хүчин төгөлдөр бус болсон;” гэж заасан.
Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.2, 59 дүгээр зүйлийн 59.2, 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх заалтад зааснаар Гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, хариуцагчаас нийт 790 587 000/300000х2635.29=790587000/ /долоон зуун ерэн сая таван зуун наян долоон мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Хариуцагч “В” ХХК нь нэхэмжлэгч “Б” ХХК-д холбогдуулан Гэрээний 5-д зааснаар учруулсан хохиролд 870 604 943/найман зуун далан сая зургаан зуун дөрвөн мянга есөн зуун дөчин гурав/ төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэгт зааснаар зохигчийн байгуулсан Гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож байх тул Гэрээнд зааснаар нэхэмжлэгчээс учирсан хохирол гаргуулах үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэгт заааснаар нэхэмжлэгчээс 870 604 943/найман зуун далан сая зургаан зуун дөрвөн мянга есөн зуун дөчин гурав/ төгрөгийг гаргуулан хариуцагчид олгох үндэслэлгүй байна.
Шүүх Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.2, 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн “Худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцож, хариуцагч “В” ХХК-иас нийт 790 587 000/долоон зуун ерэн сая таван зуун наян долоон мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Б” ХХК-д олгож, Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэг заасныг баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК-иас нийт 870 604 943/найман зуун далан сая зургаан зуун дөрвөн мянга есөн зуун дөчин гурав/ төгрөгийг гаргуулах хариуцагч “В” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ