Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 181/ШШ2020/00826

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А.З/РД: /-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Л.М/РД: /-д холбогдох,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: А.Л/РД: /,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Ж.Х/РД: /,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Л.М/РД: /,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Ш.Г/РД: /,

Орон сууцанд хамтран өмчлөгч нэмэх хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс хамтран өмчлөгч М.Амариссад ногдох хэсгийг гаргуулах, 4 521 250 төгрөгийг гаргуулах, охин М.Амариссаг Ерөнхий боловсролын сургуульд суралцаж төгсөх хүртэл хугацаанд сургалтын төлбөрийн 50 хувийг төлж байхыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.З, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Отгонтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Намсрайжав, гуравдагч этгээд, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М, гуравдагч этгээд нарын өмгөөлөгч П.Итгэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч А.З шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, 26/1 байр 27 тоот 3 өрөө орон сууц, гражийн хамтран өмчлөгчөөр манай охин М.Амарисса нэмж, улсын бүртгэлд холбогдох өөрчлөлт хийлгэхийг Л.М, А.Л нарт даалгаж шийдвэрлэсэн.

Гэтэл Л.М, А.Л нар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байсаар атал охин М.Амариссаг хамтран өмчлөгчөөр нэмж бүртгүүлэх үйлдлээ хийхгүй байсан тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар албадан хийлгүүлсэн бөгөөд 2019 оны 01 дүгээр сарын 28-нд М.Амариссаг нэмж бүртгүүлсэн өөрчлөлт хийгдсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан.

Хариуцагч Л.М, А.Л нар нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, 26/1 байр 27 тоот 3 өрөө орон сууц, гражийн хамтран өмчлөгчөөр охин М.Амарисса нэмж, улсын бүртгэлд холбогдох өөрчлөлт хийлгэхийг дааалгасан шүүхийн шийдвэр гарсаныг мэдсээр байсан мөртлөө 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хамтран өмчлөгч болох М.Амариссагаас зөвшөөрөл авалгүйгээр Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, 26/1 байр 27 тоот 3 өрөө орон сууцны хамтран өмчлөтөөр Ж.Х, Л.М, Ш.Г нарыг нэмж оруулсан. Энэ үйлдэл нь уг байрны хамтран өмчлөгч болох манай охин М.Амариссагийн өмчлөх эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон гэж үзэж байна.

Иймд 2018 оны 08 дугаар сарын 22-.ны өдрийн “Орон сууцанд хамтран өмчлөгч нэмэх хэлцэл”-ийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, 26/1 байр 27 тоот 3 өрөө орон сууц, гражийн хамт үнийн дүнгээс уг орон сууцны хамтран өмчлөгч болох охин М.Амариссад оногдох хэсгийг гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “Манай охин М.Амарисса нь “Жет” олон улсын сургуулийн 5 дугаар ангид энэ хичээлийн жилд суралцана. 2019-2020 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр нь 8.000.000 төгрөг ба хувцас 300.000 төгрөг, хичээлийн жилийн өдрийн хоолонд 742.500 төгрөг, нийт 9.042.500 төгрөгийн зардал гарч байгаа.

Хариуцагч болох Л.М нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлэхээс татгалзаж, охин М.Амариссагийн хичээлийн жилд хэрэглэгдэх зардлыг өгөхөөс татгалзсан. Хариуцагч нь хуульд зааснаар хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй мөн охиныхоо сургуульд суралцсаны төлбөр болон бусад нэмэлт зардлуудыг хариуцах ёстой гэж үзэж байна.

2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр М.Амарисса нь Л.Мтай төлбөрийн уян хатан сургуульд орохоор ярилцаад Жет сургуулийг сонгосон. Жет сургуулийн жилийн нийт төлбөр 8,000,000 төгрөг байсан. Энэ бүхнийг Л.М болон А.Л гуай нар мэдэж байгаа. Л.М 2,000,000 төгрөгийг төлчихөөд, 09 дүгээр сард Герман улс руу явсан. Тэгээд сурч эхлэх үед сургалтын хөтөлбөрийн ялгаа гарсан. Яагаад гэвэл, кембриж хөтөлбөр, улсын сургууль 2 эсрэг тэсрэг өөр байдаг юм байна лээ. Энэ талаар Л.Мтай ярьж байсан. Тухайн үед 5 дугаар анги байсан ба хичээлийн хоцрогдол үүссэн байсан. Давтлаганд явуулсан чинь багш нар нь 2, 3 жилийн хоцрогдлыг арилгах боломжгүй, анги дэвших шалгалтад тэнцүүлж чадахгүй гэсэн учраас Л.Мтай эргэж ярьсан. Ярилцаад Элит сургууль руу шилжүүлсэн гэв.

Иймд өмнө нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагууд дээрээ нэмэгдүүлэн хариуцагч Л.Маас охин М.Амариссагийн 2019-2020 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр болон бусад зардалд хэрэглэгдэх төлбөрийн 50 хувь болох 4.521.250 төгрөгийг гаргуулах, охин М.Амариссаг Ерөнхий боловсролын сургуульд суралцаж төгсөх хүртэл хугацаанд жил бүр хичээлийн сургалтын төлбөрийн 50 хувийг хариуцаж байхыг хариуцагч Л.Мад даалгуулж өгнө үү.” гэв.

Нэхэмжлэгч А.Зын өмгөөлөгч Б.Отгонтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хүсэл зоригоо илэрхийлж хэлцлийг хийгээгүй гэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байдаг. Хүчин төгөлдөр бус хэлцлийг хийсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-т заасан заалтуудыг зөрчсөн байна. Энэ хэлцэл анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл байсан байна. Тийм учраас хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэл гаргасан. Сүхбаатар дүүрэг, 2-р хорооны 3 өрөө байр болон гражийн үнийн дүнгээс хамтран өмчлөгч М.Амариссад ноогдох хэсгийг гаргуулах 2 дахь нэхэмжлэлийн шаардлагын хувьд дундаа хэсгээр өмчлөх өмчлөлийн оногдох хэсгийг нэхэмжлэх эрхтэй. Үүнийхээ дагуу Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.8-т зааснаар өөрт оногдох хэсгээ гаргуулахаар шаардсан. Нэмэгдүүлсэн шаардлагын хувьд 2019-2020 оны сургалтын төлбөр 4,521,250 төгрөгийг хариуцагч талаас гаргуулж өгнө үү гэсэн байгаа. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлд шаардлагатай тохиолдолд гарсан зардлыг тэнцүү хариуцуулж гаргахаар заасан. Мөн хуулийн 48.1-т тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар энэ хуулийн 47.2-т заасан этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэж заасан. 47.2-т түүний эцэг, эх, гэр бүлийн гишүүн, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, хүүхдийн эрх ашгийг хамгаалах байгууллагууд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйгээр заасан. Хуулийн дагуу охины сургалтын төлбөрийн 50 хувийг шаардсан. Дараагийн шаардлагын хувьд охин М.Амариссаг ерөнхий боловсролын сургуулийг төгсөх хүртэлх хугацааны сургалтын төлбөрийн 50 хувийг гаргуулахаар хариуцагчид даалгасан нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд эцэг, эх хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, мөн суурь боловсрол эзэмшүүлэх үүрэгтэй байгаа. Энэ үүргийн дагуу хариуцагчаас сар болгон тэжээн тэтгэх зардлыг Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 9.3-т зааснаар гаргуулахаар нэхэмжилсэн. Нэхэмжлэлийн шаардлага хуульд заасны дагуу гарсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү.” гэв.   

Хариуцагч Л.М шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Намсрайжав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А.З бид хоёр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2018/00424 дугаартай шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулж, эд хөрөнгийн маргаанаа эвлэрлийн журмаар шийдвэрлүүлсэн болно.

Бидний хооронд хийгдсэн Эвлэрлийн гэрээний 4-р зүйлд зааснаар гэр бүлийн эд хөрөнгийн асуудлаар цаашид ямар нэгэн маргаан гаргахгүйгээр бид тохиролцсон бөгөөд гэрээний энэ заалт шүүхийн дурьдсан шийдвэрт ч тусгалаа олсон байгаа. Тухайлбал шүүх шийдвэртээ “Зохигчид гэр бүлийн дундын эд хөрөнгийн талаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдав” гэж тэмдэглэсэн.

Нэхэмжлэгч А.З нь гэрлэлт цуцлуулах тухай маргааныг шийдвэрлэх явцад гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөртөө болон охин Амариссад ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан бөгөөд энэ нь мөн л өмнө дурьдсан шүүхийн шийдвэрээр баталгаажсан, энэхүү шийдвэр нь хүчин төгөлдөр байгаа болно.

Иймд Зын нэхэмжлэлийг ИХШХШ тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, хэрэгсэхгүй болгож өгнө үү.

А.Зын нэхэмжлэлд дурьдагдсан орон сууцны тухайд уул орон сууц З бид 2-ыг гэрлэхээс өмнө миний аав А.Л бид 2-ын нэр дээр улсын бүртгэлд бүртгэлтэй байсан бөгөөд аав маань өөрийнх нь гэр бүлийн гишүүд болох эхнэр, охин, зээ нараа тухайн орон сууцны хамтран өмчлөгчөөр оруулах нь түүний эрхийн асуудал гэж би үзэж байна. Миний аав ач охин Амариссаг мөн орон сууцны хамтран өмчлөгчөөр оруулахыг ч зөвшөөрч оруулсан.

Би охиноо орон сууцны хамтран өмчлөгчөөр оруулсны дээр Эвлэрлийн гэрээний дагуу Зд 40.0 сая төгрөг өгсөн байгаа. Охиныхоо тэтгэлгийг ч цаг хугацаанд нь төлж байгаа болно. Түүнчлэн охиноо өөрийн асрамжинд авахыг туйлаас их хүссэн боловч шүүх эхийнх нь асрамжинд үлдээсэн юм. Одоо ч би охиноо өөрийн асрамжинд авахад бэлэн байна.

Мөн хүүхдийн сургалтын төлбөрийн асуудлыг ярьж байна. Жет гэдэг сургууль байгаа. 2019 оны 08 дугаар  сарын 30-ны өдрийн 1901 дугаартай тодорхойлолт шүүхэд ирсэн байдаг. Сургалтын төлбөр 9,102,500 төгрөг, үүнээс эх А.З 4,150,000 төгрөгийг төлсөн гэж бичсэн. Тийм учраас нотлох баримтаар баталгаажсан байх ёстой. Тэгэхээр энд А.З нь 4,150,000 төгрөгийг төлсөн баримт л байгаа. Сургалтын төлбөрөөс 2,000,000 төгрөгийг Л.М төлсөн баримтыг сая шүүхэд гаргаж өгсөн. Мөн Элит дунд сургуульд дахин шилжиж 13,370,000 төгрөгийг төлсөн гэх нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй учраас энэ талаар яриад хэрэггүй байх. Мөн цаашид сургалтын төлбөрийн 50 хувийг хариуцаж байхыг Л.Мад даалгаж өгнө үү гэж байна. Цаашид сургалтын төлбөр хэд байх юм хэлж мэдэхгүй. Тийм учраас хүүхдийн тэтгэлэг шиг тогтоох боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлага тодорхой байх ёстой. Тийм учраас тэр мөнгийг нь Л.М төлөхгүй гэж хэлээгүй. Энэ хүн угаасаа шаардуулахгүйгээр төлчих бүрэн боломжтой хүн байгаа. Ёс зүйн хувьд ч хүүхдийнхээ төлбөрийг төлөхгүй гээд зугтаагаад явчих хүн биш юм. Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлттэй байна.” гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд А.Л, Ж.Х, Ш.Г нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М болон Л.М шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн А.Заас А.Л, Л.М нарын нэр дээр улсын бүртгэлд бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, 26/1 дүгээр байрны 27 тоот хаягаар байрлах орон сууцны хамтран өмчлөгчөөр Ж.Х, Л.М, Ш.Г нарыг нэмж оруулсан 2018 оны 8 сарын 22-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, мөн дурьдсан орон сууц болон машины зогсоолын үнийн дүнгээс тухайн орон сууцны хамтран өмчлөгч болох ач охин М.Амариссад ногдох хувийг гаргуулах нэхэмжлэлийг Амариссагийн эцэг болох миний хүү Л.Мад холбогдуулан гаргасан байна.

Түүний гаргасан энэхүү нэхэмжлэл манай гэр бүлийн гишүүдийн өмчлөх эрхийг зөрчиж байгаагийн дээр ач охин М.Амариссагийн ашиг сонирхолд ч харшилж байна гэж үзэж байна.

Нэг. Иргэний хуулийн 126 дугаар зүйлд “гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө” бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд хамаарна, хэмээн заасанчлан А.Лтай 60 жил хууль ёсны гэр бүл болон амьдарч байгаа эхнэр Ж.Х нь түүний нэр дээрх бүхий л хөрөнгийг түүнтэй дундаа хамтран өмчлөх ёстой юм. Мөн А.Л, Ж.Х хоёртой нэг гэр бүлд хамт амьдарч, өндөр настай тэднийг харж, халамжилж байдаг охин Л.М, түүний охин Ш.Г нар ч энэхүү гэр бүлийн бүрэн эрхт гишүүд тул дурьдсан хуулийн заалт ёсоор эцэг А.Лын нэр дээр бүхий л хөрөнгийн хамтран өмчлөгчид болно.

Тэгээд ч гадаад улсад явах виз гаргуулах, зээл авах шаардлага гарах зэрэг тохиолдолд эд хөрөнгийн барьцаа, баталгаа байнга шаардаж байгаа энэ цаг үед хөрөнгийн баталгаа болсон улсын бүртгэлийн гэрчилгээнд нэр ороогүйгээс барьцаа, баталгаа хангагдахгүй саад бэрхшээл ч гардаг.

Ийм л учир шалтгааны улмаас А.Л өөрийн нэр дээрх үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд эхнэр болон нэгэн гэр бүлд хамт амьдарч байгаа охин Л.М болон зээ охин Ш.Гүнждарийг оруулах нь зөв гэж үзэж, бид тэрхүү Хамтран өмчлөгч нэмэх хэлцлийг хийсэн юм. Энэхүү хэлцлийг хийхдээ өмнө дурьдсанаар бид хууль зөрчөөгүй.

Мөн бид тухайн хэлцлийг хийхдээ тухайн үед 9 настай байсан ач охин М.Амариссагаас зөвшөөрөл авах ч хууль, эрх зүйн үндэслэл байхгүй. Иргэний хуулийн 128 зүйлийн 128.2-т “Гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна” гэж заасан байдаг. Мөн тэрхүү гэрээг хийх үед бид Амариссагийн нэрийг мөн хамтад нь оруулахыг хүссэн ч эх З нь охины гэрчилгээг өгөөгүйгээс асуудлыг тухайн үед нэг мөр шийдвэрлэж чадаагүй болно.

Тэгээд ч Амариссагийн эцэг, миний хүү Л.М А.Заас гэрлэлтээ цуцлуулсан болохоос бус, охиныхоо эцэг байх эрхээ хасуулаагүй, охиныхоо хувьд түүнийг төлөөлөх, түүний эрх ашгийг хамгаалах бүрэн эрх бүхий хууль ёсны төлөөлөгч нь мөн хэвээр байгаа. Энэ хүн ч тэрхүү гэрээнд гарын үсэг зурсан байгаа.

Иймд Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, 26/1 дүгээр байрны 27 тоот хаягаар байрлах орон сууцны хамтран өмчлөгчөөр Ж.Х, Л.М, Ш.Г нарыг нэмж оруулсан 2018 оны 8 сарын 22-ны өдрийн гэрээг хууль зөрчиж хийгдээгүй, хэн нэгний эрх ашгийг зөрчөөгүй тул хуулийн хүчин төгөлдөр гэрээ гэж бид үздэг.

Хоёр. Мөн Орон сууцны хамтран өмчлөгч нэмэх хэлцэлд өөрийг нь төлөөлөх бүрэн эрхийг иргэн В.Соёлмаад олгосон зээ охин Ш.Гйн итгэмжлэлийг баталгаажуулсан нотариатын үйлдлийг А.З шүүхэд нэхэмжлэл гарган хүчингүй болгуулсан байх боловч Ш.Г уул итгэмжлэлээр В.Соёлмаад олгосон бүрэн эрхийг хүчин төгөлдөр гэж үзэж байгаа талаараа тайлбар гаргах, АНУ-д дахин итгэмжлэл хийлгэн явуулах зэргээр өмнөх итгэмжлэлээр олгогдсон бүрэн эрх маргаангүй болохыг баталгаажуулсан. Түүнчлэн тэрээр өнгөрсөн 7 сард Монголд ирж амрахдаа мөн л Сүхбаатар дүүргийн 2-р хороо, 1-р байрны 27 тоот орон сууцтай холбогдсон бүхий л асуудлаар өөрийг төлөөлөх итгэмжлэлийг дахин үйлдээд явсан болно.

Түүний эдгээр ажиллагаа нь ИХШХШ тухай хуулийн 64-р зүйлд Төлөөлүүлэгч нь төлөөлөгч болон түүнтэй хэлцэл хийх гуравдагч этгээдэд төлөөлүүлэх тухайгаа болон төлөөлөгчийн бүрэн эрхийн талаар амаар буюу бичгээр мэдэгдсэнээр төлөөлөгчид бүрэн эрх олгож болно, 68-р зүйлд Төлөөлөх бүрэн эрхгүй этгээд бусдын нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй дур мэдэн хэлцэл хийсэн бол уг хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлөөс шалтгаална, гэх зэргээр заасан заалтуудын агуулгаар авч үзвэл, Гйн итгэмжлэлийг баталгаажуулсан нотариатын үйлдлийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр үндэслэл муутай гарсан гэж бид үздэг. Тэгээд ч шүүх тухайн асуудлыг А.Зын нэхэмжлэлээр шийдвэрлэхдээ эрх ашиг нь хөндөгдөж байгаа тал болох Ш.Гйн оролцуудаагүй, түүний үгийг сонсоогүй нь шүүхийн шийдвэр учир дутагдалтай гарахад нөлөөлсөн юм.

Иймд Ш.Гйн итгэмжлэлийг баталгаажуулсан нотариатын үйлдлийг хүчингүй болгосон Чингэлтэй дүүргийн шүүхийн 2019 оны 6 сарын 13-ны өдрийн 182/ШШ2019/01110 дугаартай шийдвэр одоогийн хянан шийдвэрлэх хэргийн шийдвэрлэлтэнд ач холбогдолгүй болно. Энэ талаар танай шүүхийн 2010 оны 7 сарын 18-ны өдрийн 181/ШТ2019/00278 дугаартай тогтоолд ч тодорхой дурьдсан байгаа.

Гурав. Ач охин Л.Амарисса өнөөдөр тухайн орон сууцны хамтран өмчлөгч хэвээр байгаа. Бид түүнийг ийнхүү хамтран өмчлөгч хэвээр байлгах нь ач охины эрх ашигт бүрнээ нийцнэ гэж үзэж байна. Хэрэв А.Зын нэхэмжлэлд дурьдсанчилан Амариссад орон сууцнаас ногдох хэсгийг мөнгөөр илэрхийлэн гаргаад А.Зд өгчихвөл тэр мөнгө ямар нэгэн байдлаар зарцуулагдаад алга болно. Харин үл хөдлөх хөрөнгө бол байж л байна шүү дээ. Тэгээд ч Амариссаг тухайн орон сууцны хамтран өмчлөгчөөр оруулсан гэрээ шүүхээр баталгаажсан, шүүхийн шийдвэртэй тул бид орон сууцыг ямар нэгэн байдлаар цаашид захиран зарцуулах ч боломжгүй гэж үзэж байна. Харин ач охин маань насанд хүрсэн цагтаа энэ орон сууцны асуудлыг ямар нэгэн байдлаар шийдвэрлэвэл бидний зүгээс татгалзах зүйлгүй байх болно.

Иймд бид 10 настай ач охин Л.Амариссагийн эрх ашгийн үүднээс түүнийг тухайн орон сууцны хамтран өмчлөгчөөс хасуулахыг эсэргүүцэж байна.

А.Зын хувьд, тэрээр Баянгол дүүргийн 3-р хороо, 2-р хороолол, Төмөр замын 41-р байрны 102 тоот хаягаар өөрийн нь өмчлөгдсөн орон сууцтай бөгөөд нөхрөөсөө гэрлэлтээ цуцлуулахдаа бид нараас 40.0 сая төгрөг авч салсан. Өнөөдөр М.Амариссагийн нэрийг орон сууцны хамтран өмчлөгчөөс хасуулж, мөнгийг нь гаргуулан авах хэрэгцээ охинд байхгүй байгаа.

А.З нь өөрийн өмчилсөн орон сууцтай мөртлөө манай гэр бүлийн энэ орон сууцыг эдийн шуналын үүднээс удаа дараа өөртөө авах оролдлого хийж бид нарыг гүжирдэн худлаа мэдээлэл удаа дараа цагдаагийн байгууллагад өгч байсан. Зын мэдээллүүд нь үндэслэл муутай, нотлох баримтгүй байсны улмаас хэрэгсээгүй юм.

А.З нь ээжгүй өссөн бөгөөд аав Алтанхуяаг нь машинистийн мэргэжилтэй байсан учир байнга харж, хүмүүжүүлэх хүнгүйгээр өссөн байдаг. Иймээс З нь их хүмүүжил муутай, худлаа хэлэх, хүн гүжирдэх чадварыг сайн эзэмшсэн.

Хүний орон сууц байрыг авах санаа, түүний хэсэг хувийн өөртөө гаргуулан авах сонирхол нь залилангийн хэрэгт хамаарах юм.

Миний дүү Мыг А.З нь хүүхдээ нэг нас хүрсний дараа нөхөр охин хоёроо гэртээ орхиод өөр эрчүүдтэй гадуур 5 жил гаруй амьдарч байсан. Энэ үед З нь хүүхэддээ ямарч анхаарал халамж тавиагүй мөртлөө салах үедээ өөрт нь дасаагүй хүүхдээ авч салаад, хүүхдээ барьцаалж бид нараас байнга мөнгө их бага хэмжээгээр нэхэмжилж байгааг анхааралдаа авахыг хүсч байна. Одоогийн байдлаар охин Амариссааг аавтай нь бөгөөд өвөө эмээтэй нь уулзуулахгүй, утсаар яриулахгүй охиноо сэтгэл санааны их хүнд дарамтанд оруулж байгаа юм.

Амариссагийн сургалтын төлбөрийг урьд нь миний аав А.Л сайн дураараа төлж байсан. Одоо 86 нас хүрч байгаа тэтгэвэрийн настай хүн нь мэдээж үүнийг төлж чадахгүй. Дүү М аав ээжийг хоёрыг асраад гурвуулаа гадаадад байгаа. Одоогоор эрхэлсэн ажилгүй байгаа.

Миний дүүг охиныхоо сургуулийн төлбөрийг төл гэж байнга дарамтанд оруулж байгаа. Охины сургуулийн жилийн хөлс харьцангуй их өндөр, 11.070.000 төгрөг гардаг юм. Үүнийг арай төлбөр багатай сургуульд эсвэл улсын сургуульд суралцуулахыг хүсч байна. Мөн А.З нь охин М.Амариссаг ганцаараа асран хамгаалах, тэжээн тэтгэх, өсгөн хүмүүжүүлэх, ажил хийж мөнгө олох чадвартай эсэхийг шалгуулахыг хүсч байна.

Охин Амариссаг сэтгэл санааны дарамтанд оруулахгүйн тулд хүүхдийн эрх хамгаалах байгуулагын туршлагатай мэргэжилтнээр бүтэн жилээр хараандаа авч нягтлан шалгахыг хүсч, аав, өвөө, эмээгээс нь холбоог таслуулахгүй байлгахыг мөн хүсч байна.

М.Амариссаг дурьдсан орон сууцны хамтран өмчлөгчөөр хэвээр үлдээж, энэ талаар гаргасан А.Зын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Дөрөв. А.З, Л.М нарын гэр бүл, хүүхдийн асрамж, эд хөрөнгийн маргааныг хянан хэлэлцэж байх үед буюу 2018 оны 2 сарын 21-нд талуудын хооронд хийгдсэн Эвлэрлийн гэрээ, түүнийг баталгаажуулсан Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 сарын 21-ний өдрийн 181/ШШ2018/00424 дугаартай шүүхийн шийдвэр, мөн тухайн үед А.Зын нэхэмжлэлд Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, 26/1 дүгээр байрны 27 тоот хаягаар байрлах орон сууцны хамтран өмчлөгчөөр охин А.Амариссаг оруулах асуудал яригдаж, шийдвэрлэгдсэн байдаг. Гэтэл А.Зын одоогийн нэхэмжлэлд тухайн орон сууцтай хамт бүртгэлтэй байгаа гаражийг оруулан нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Эцэст нь хэлэхэд, А.З гэрлэлт цуцлуулах асуудлыг шүүхээр шийдвэрлүүлж байхдаа эд хөрөнгийн асуудлаар Л.Мтай Эвлэрлийн гэрээ байгуулж, гэр бүлийн эд хөрөнгийн асуудлаар цаашид ямар нэгэн маргаан үүсгэхгүй гэж эвлэрэн хэлэлцсэнийг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 2 сарын 21-нд 181/ШШ2018/00424 дугаартай шийдвэрээр баталгаажуулсан байгаа болно. Энэ ч бас А.Зын нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй болохыг нотлох нэгэн баримт, үндэслэл гэж бид үзэж байна. Иймд А.Зын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд А.Л, Ж.Х, Ш.Г, Л.М нарын өмгөөлөгч П.Итгэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахтай холбоотой асуудлыг яриад байна. Гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах хуулийн зохицуулалттай нийцэхгүй байгаа. Ганцхан Л.Мыг хариуцагчаар оролцуулчихаад, А.Л, Ж.Х, Ш.Гүнжидари, Л.М нарыг хариуцагчаар татан оролцуулахгүйгээр гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах гээд байгаа нь ямар ч үндэслэлгүй. Мөн М.Амарисса насанд хүрээгүй хүүхэд байсан. Иргэний хуулийн 128.2-т гэр бүлийн насанд хүрсэн хүний зөвшөөрлийг бичгээр авна гэж заасан. Тиймээс насанд хүрээгүй хүүхдээс ямар ч зөвшөөрөл авахгүй. Мөн Л.М нь эцэг байх эрхээ хасуулаагүй. Тийм учраас хэлцлийг хийхдээ хууль зөрчсөн зүйл огт хийгээгүй. Мөн хамтран өмчлөгчөөр охин М.Амариссаг оруулахаар бичиг баримтыг нь А.Заас нэхсэн боловч өгөөгүй. Тэгээд сүүлд М.Амариссагийн нэр нэмэгдсэн. Мөн М.Амариссагийн өмчлөлийг хасуулъя гэж байгаа нь өөрөө хүүхдийн эрх ашгийг ноцтой зөрчсөн үйлдэл болж байна. Тухайн хүүхдийн өмчийг асран хамгаалагч гэдэг нэрээрээ түрий бариад өмчлөлөөс нь хасуулаад, өмчлөх эрхэд нь халдаад байгаа нь ямар ч хуулийн зохицуулалттай нийцэхгүй байна. Манай талаас хүүхдийн өмчлөл хэвээрээ гэж үзэж байна. Тухайн байранд оршин суух эрх ч мөн нээлттэй байгаа. Энэ талаар маргах зүйл огт байхгүй. Мөн эвлэрлийн гэрээтэй холбоотой асуудал яригдаад байна. Нэхэмжлэгчийн гаргасан гэр бүл цуцлуулах, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнөөс оногдох хэсгээ гаргуулах шаардлагын хүрээнд эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг байгуулсан. Мөн эвлэрлийн гэрээнд талууд гэр бүлийн эд хөрөнгийн асуудлаар цаашид ямар нэгэн маргаан гаргахгүй гэсэн учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв. 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч А.З хариуцагч Л.Мад холбогдуулан Орон сууцанд хамтран өмчлөгч нэмэх хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс хамтран өмчлөгч М.Амариссад ногдох хэсгийг гаргуулах тухай, сургалтын төлбөр болон бусад зардалд хэрэглэгдэх төлбөрийн 50 хувь болох 4 521 250/дөрвөн сая таван зуун хорин нэгэн мянга хоёр зуун тавь/ төгрөгийг гаргуулах, охин М.Амариссаг Ерөнхий боловсролын сургуульд суралцаж төгсөх хүртэл хугацаанд сургалтын төлбөрийн 50 хувийг төлж байхыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Л.М нь аав маань өөрийнх нь гэр бүлийн гишүүд болох эхнэр, охин, зээ нараа тухайн орон сууцны хамтран өмчлөгчөөр оруулах нь түүний эрхийн асуудал, охиныхоо тэтгэлгийг ч цаг хугацаанд нь төлж байгаа, цаашид сургалтын төлбөр хэд байх юм хэлж мэдэхгүй, нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд А.Л, Ж.Х, Ш.Г нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М болон Л.М нь 2018 оны 8-р сарын 22-ны өдрийн гэрээг хууль зөрчиж хийгдээгүй, хэн нэгний эрх ашгийг зөрчөөгүй тул хуулийн хүчин төгөлдөр гэрээ, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх тайлбар гаргасан.

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Хариуцагч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд А.Л, Ж.Х, Л.М, Ш.Г нар 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Орон сууцанд хамтран өмчлөгч нэмэх хэлцэл/цаашид “Хэлцэл” гэх/ хийсэн болох нь Хэлцлийн хуулбараар тогтоогдож байна.

Хэлцлээр Сүхбаатар дүүрэг, 2-р хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, 26/1 байр, 27 тоот орон сууц болон гаражийн хамтран өмчлөгчөөр Ж.Х, Л.М, Ш.Г нарыг нэмсэн болох нь зохигчийн тайлбар, Хэлцлийн хуулбараар тогтоогдож байна.

Хариуцагч нь Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2 дахь хэсэгт зааснаар Хэлцэл хийхэд М.Амариссагаас зөвшөөрөл авах шаардлагагүй гэж маргаж байна.

М.Амарисса, хариуцагч Л.М, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд А.Л нар нь Сүхбаатар дүүрэг, 2-р хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, 26/1 байр, 27 тоот орон сууц болон гаражийн өмчлөгч болох нь 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2-т “Гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний ... зөвшөөрлийг авна.”, Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн ... садангийн хүнийг;” гэж заасан.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр гэрлэлтээ цуцлуулж, М.Амарисса нь нэхэмжлэгчийн асрамжид амьдарч байгаа болох нь зохигчийн тайлбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 01256 дугаар шийдвэрийн хуулбараар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2, Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.1.4 дэх заалтад зааснаар М.Амарисса нь нэхэмжлэгчтэй амьдарч байх тул М.Амариссаг А.Лын гэр бүлийн гишүүн гэж үзэх боломжгүй байна.

Хариуцагч болон А.Л нар нь 26/1 байр, 27 тоот орон сууц болон гараж буюу үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулахдаа М.Амариссагийн хууль ёсны төлөөлөгч болох нэхэмжлэгчээс зөвшөөрөл авах үүрэгтэй байна.

М.Амарисса нь Сүхбаатар дүүрэг, 2-р хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, 26/1 байр, 27 тоот орон сууц болон гаражийг хэлцлийн үндсэн дээр хамтран өмчилж байгаа болох нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 01256 дугаар шийдвэрийн хуулбараар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-т “... хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно.” гэж заасан.

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт зааснаар Сүхбаатар дүүрэг, 2-р хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, 26/1 байр, 27 тоот орон сууц болон гаражийг дундаа хамтран өмчлөх хөрөнгө гэж үзнэ.

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.4-т “Дундаа хамтран өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ бусад бүх этгээдийн зөвшөөрөлтэйгээр тэдгээрийн хэн нэгний эрх, хууль ёсны ашиг сонирхлын үүднээс бусдад шилжүүлэх буюу өөр хэлбэрээр захиран зарцуулж болно.” гэж заасан.

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108 дугаар зүйлийн 108.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч болон А.Л нар нь 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 27 тоот орон сууц болон гаражийн хамтран өмчлөгчийг нэмэхдээ буюу хэлцэл хийхдээ М.Амариссагийн хууль ёсны төлөөлөгч болох нэхэмжлэгчээс зөвшөөрөл авах үүрэгтэй байсан байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т “Дараахь хэлцэл хүчин төгөлдөр бус байна:”, 56.1.8-д “... хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл;” гэж заасан.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.8, 108 дугаар зүйлийн 108.4 дэх хэсэгт зааснаар 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн Орон сууцанд хамтран өмчлөгч нэмэх хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоох үндэслэлтэй.

Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс хамтран өмчлөгч М.Амариссад ногдох хэсгийг гаргуулах тухай шаардлага гаргажээ.

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 дэх хэсэгт зааснаар Сүхбаатар дүүрэг, 2-р хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, 26/1 байр, 27 тоот орон сууц болон гаражийн өмчлөгч болох хариуцагч Л.М, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд А.Л нар нь 27 тоот орон сууц, гаражийг захиран зарцуулахыг зөвшөөрөхгүй байх тул хариуцагчаас 27 тоот орон сууц, гаражийн үнийн дүнгээс хамтран өмчлөгч М.Амариссад ногдох хэсгийг гаргуулах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас сургалтын төлбөр болон бусад зардалд хэрэглэгдэх төлбөрийн 50 хувь болох 4 521 250/дөрвөн сая таван зуун хорин нэгэн мянга хоёр зуун тавь/ төгрөгийг гаргуулах, охин М.Амариссаг Ерөнхий боловсролын сургуульд суралцаж төгсөх хүртэл хугацаанд сургалтын төлбөрийн 50 хувийг төлж байхыг хариуцагчид даалгах тухай шаардлага гаргажээ.

Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т “Тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар ... шүүхэд нэхэмжлэл гаргаж болно.” гэж заасан.

М.Амарисса нь 2019-2020 оны хичээлийн жилд “Жэт” бүрэн дунд сургуульд суралцахаар 2019 онд “Жэт” БДС-д орсон байх боловч 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр “Элит” БДС-руу шилжсэн болох нь “Жэт” БДС-ийн 2019-2020 оны сургалтын төлбөр болон бусад зардлын тооцоолол, “Элит” БДС-ийн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн № 90 тодорхойлолтоор тогтоогдож байна.

“Жэт” БДС-ийн 2019-2020 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр болон бусад зардал нийт 9 042 500/есөн сая дөчин хоёр мянга таван зуу/ төгрөг байх ба нэхэмжлэгч нь урьдчилгаа төлбөр 4 150 000/дөрвөн сая нэг зуун тавин мянга/ төгрөгийг төлсөн болох нь “Жэт” БДС-ийн 2019-2020 оны сургалтын төлбөр болон бусад зардлын тооцоолол, “Жэт” БДС-ийн 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн № 19/01 тодорхойлолтоор тогтоогдож байна.

Хариуцагч нь М.Амариссагийн сургалтын төлбөрт “Жэт” БДС-д 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 2 000 000/хоёр сая/ төгрөгийг төлсөн болох нь “Жэт скүүл” ХХК-ийн нэхэмжлэхийн болон Хаан банкны 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн Мөнгөн шилжүүлгийн баримтын хуулбараар тогтоогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар М.Амарисса нь нэмэлт тэтгэлэг гаргуулах эрхтэй байх боловч М.Амарисса нь “Жэт” БДС-иас 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр “Элит” БДС-руу шилжсэн байх тул “Жэт” БДС-ийн 2019-2020 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр болон бусад зардал болох нийт 9 042 500/есөн сая дөчин хоёр мянга таван зуу/ төгрөгийн 50/тавь/ хувь болох 4 521 250/дөрвөн сая таван зуун хорин нэгэн мянга хоёр зуун тавь/ төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй.

Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар тэжээн тэтгүүлэгч нь Ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаатай холбогдон гарсан тодорхой үнийн дүн бүхий нэмэлт тэтгэлэг гаргуулах шаардлагыг шүүх шийдвэрлэх ба нэхэмжлэгчийн тус шаардлага тодорхой бус байх тул хариуцагчид М.Амариссаг Ерөнхий боловсролын сургуульд суралцаж төгсөх хүртэл хугацаанд сургалтын төлбөрийн 50 хувийг төлж байхыг даалгах үндэслэлгүй байна.

Шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.8, Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Орон сууцанд хамтран өмчлөгч нэмэх хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, үлдсэн хариуцагч Л.Маас Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, 26/1 байр, 27 тоот, 3 өрөө орон сууц болон гаражийн үнийн дүнгээс хамтран өмчлөгч болох охин М.Амариссад оногдох хэсгийг гаргуулах, 4 521 250/дөрвөн сая таван зуун хорин нэгэн мянга хоёр зуун тавь/ төгрөгийг гаргуулах, охин М.Амариссаг ерөнхий боловсролын сургуульд суралцаж төгсөх хүртэлх хугацаанд жил бүр хичээлийн сургалтын төлбөрийн 50 хувийг төлж байхыг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

  1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.8, Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Орон сууцанд хамтран өмчлөгч нэмэх хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, үлдсэн хариуцагч Л.Маас Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, 26/1 байр, 27 тоот, 3 өрөө орон сууц болон гаражийн үнийн дүнгээс хамтран өмчлөгч болох охин М.Амариссад оногдох хэсгийг гаргуулах, 4 521 250/дөрвөн сая таван зуун хорин нэгэн мянга хоёр зуун тавь/ төгрөгийг гаргуулах, охин М.Амариссаг ерөнхий боловсролын сургуульд суралцаж төгсөх хүртэлх хугацаанд жил бүр хичээлийн сургалтын төлбөрийн 50 хувийг төлж байхыг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч А.Зын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 590 240 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Маас улсын тэмдэгтийн хураамжид 432 750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Зд олгож, нэхэмжлэгч А.Заас улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 70 200 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, нэхэмжлэгч А.З шинжээч “Итгэлт Эстимэйт” ХХК-ийн ажлын хөлс 200 000 төгрөгийг урьдчилан төлсөн болохыг дурдсугай.

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.ХИШИГБАТ