Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 001/ХТ2022/00662

 

  

А.Золжаргалын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2020/00826 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 1382 дугаар магадлалтай,

 

А.Золжаргалын нэхэмжлэлтэй

Л.Мөнхнастад холбогдох

 

2018.08.22-ны өдрийн Орон сууцанд хамтран өмчлөгч нэмэх хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс хамтран өмчлөгч М.Амариссад ногдох хэсэг болон 2019-2020 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр болон бусад зардалд хэрэглэгдэх төлбөрийн 50 хувь болох 4,521,250 төгрөг гаргуулах, охин М.Амариссаг ерөнхий боловсролын сургуульд суралцаж төгсөх хүртэл хугацаанд сургалтын төлбөрийн 50 хувийг төлж байхыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Намсрайжав, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд бөгөөд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мөнхцэцэг, тэдгээрийн өмгөөлөгч П.Итгэл нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Золжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Намсрайжав, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мөнхцэцэг, тэдгээрийн өмгөөлөгч П.Итгэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч А.Золжаргалаас Л.Мөнхнастад холбогдуулан 2018.08.22-ны өдрийн Орон сууцанд хамтран өмчлөгч нэмэх хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс хамтран өмчлөгч М.Амариссад ногдох хэсэг болон 2019-2020 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр болон бусад зардалд хэрэглэгдэх төлбөрийн 50 хувь болох 4,521,250 төгрөг гаргуулах, охин М.Амариссаг ерөнхий боловсролын сургуульд суралцаж төгсөх хүртэл хугацаанд сургалтын төлбөрийн 50 хувийг төлж байхыг хариуцагчид даалгахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч ...аав маань өөрийнх нь гэр бүлийн гишүүд болох эхнэр, охин, зээ нараа тухайн орон сууны хамтран өмчлөгчөөр оруулах нь түүний эрхийн асуудал, охиныхоо тэтгэлгийг цаг хугацаанд нь төлж байгаа, цаашид сургалтын төлбөр хэд байхыг хэлж мэдэхгүй, нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нар ...2018.08.22-ны өдрийн хэлцэл хууль зөрчиж хийгдээгүй, хэн нэгний эрх ашгийг зөрчөөгүй, хуулийн хүчин төгөлдөр хэлцэл тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тус тус маргажээ.

 

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2020/00826 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.8, Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Орон сууцанд хамтран өмчлөгч нэмэх хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, үлдсэн хариуцагч Л.Мөнхнастаас Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, 26/1 байр, 27 тоот, 3 өрөө орон сууц болон гаражийн үнийн дүнгээс хамтран өмчлөгч болох охин М.Амариссад оногдох хэсгийг гаргуулах, 4,521,250 төгрөгийг гаргуулах, охин М.Амариссаг ерөнхий боловсролын сургуульд суралцаж төгсөх хүртэлх хугацаанд жил бүр хичээлийн сургалтын төлбөрийн 50 хувийг төлж байхыг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч А.Золжаргалын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 590,240 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Л.Мөнхнастаас улсын тэмдэгтийн хураамжид 432,750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Золжаргалд олгож, нэхэмжлэгч А.Золжаргалаас улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 70,200 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, нэхэмжлэгч А.Золжаргал шинжээч Итгэлт Эстимэйт ХХК-ийн ажлын хөлс 200,000 төгрөгийг урьдчилан төлсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 1382 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2020/00826 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8 дах хэсэгт заасны дагуу хариуцагч Л.Мөнхнастаас Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, 26/1 байр, 27 тоот, 3 өрөө орон сууц болон гаражийн үнийн дүнгийн М.Амариссад ногдох хэсэг болох 46,259,333 төгрөгийг гаргуулан, М.Амариссагийн хууль ёсны төлөөлөгч нэхэмжлэгч А.Золжаргалд олгосугай гэж нэмэлт өөрчлөлт оруулж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын 432,750 гэснийг 821,996 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Намсрайжав хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна.

Юуны өмнө тус шүүх хэргийн хариуцагчаар татагдаагүй, тухайн маргаантай харилцаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон этгээд болох А.Ламжав ИХШХШТХ-ийн 26-р зүйлийн 26.3, 29-р зүйлийн 29.5-р заалтуудыг зөрчиж, төлбөр гаргууллаа.

Давж заалдах шатны шүүх 2018.08.22-ны өдрийн 27 тоот орон сууц болон гаражийн хамтран өмчлөгч нэмэх тухай хэлцэл хүчин төгөлдөр бус гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч, гуравдагч этгээдүүд давж заалдах гомдол гаргаагүй байх тул хариуцагч Л.Мөнхнаст, гуравдагч этгээд А.Ламжав, М.Амарисса нарыг маргаан бүхий орон сууцны хамтран өмчлөгчид гэж үзэв гэсэн дүгнэлт хийж, Иргэний хуулийн 108-р зүйлийн 108.4, 108.8 дахь заалтуудыг баримтлан М.Амариссагийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлийг хангаж, түүний нэхэмжилсэн үл хөдлөх хөрөнгийн үнийн дүнгээс М.Амариссад ногдох хэсгийг гаргуулахдаа зөвхөн А.Ламжав, Л.Мөнхнаст, М.Амарисса нарын гурван хүний дунд асуудлыг шийдвэрлэснээрээ Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд хамаарна гэсэн заалтыг зөрчиж, гуравдагч этгээд А.Ламжав, түүнтэй 60 гаруй жилийн амьдралаа хамт туулж яваа хууль ёсны эхнэр Ж.Хоролжав болон тэдэнтэй нэг гэр бүлд амьдардаг охин Л.Мөнхцэцэг, Ш.Гүнжиндари нарын хууль ёсны эрхийг ноцтойгоор зөрчлөө.

Харин анхан шатны шүүх хэдийгээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцсон ч хуулиар эрх нь хамгаалагдсан бусад хамтран өмчлөгчдийн эрх ашгийг хөндөөгүй, өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн нэхэмжилсэн орон сууц, гаражаас М.Амариссад ногдох хэсгийг гаргуулах шаардлагыг хангаагүй тул хариуцагч болон гуравдагч этгээд энэ асуудлаар давж заалдах гомдол гаргах шаардлагагүй гэж үзсэн болно.

Өөрөөр хэлбэл, тухайн үл хөдлөх хөрөнгийн нэг өмчлөгч А.Ламжавын гэр бүлийн гишүүд нь бидний давж заалдсан гомдол гаргасан эсэхээс үл хамааран Иргэний хуулийн 126-р зүйлийн агуулгаар А.Ламжавын нэр дээрх бүхий л хөрөнгө /хуваарьт хөрөнгөөс бусад/-ийн хамтран өмчлөгчид юм.

А.Золжаргал, Л.Мөнхнаст нарын гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, эд хөрөнгийн маргааныг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2018 онд хянан шийдвэрлэж байх үед буюу 2018.02.21-нд А.Золжаргал Л.Мөнхнасттай Эвлэрлийн гэрээ байгуулж, эд хөрөнгийн асуудлаар цаашид ямар нэгэн маргаан үүсгэхгүй гэж эвлэрэн хэлэлцсэнийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018.06.04-ний өдрийн 181/ШШ2018/00424 дугаартай шийдвэрээр баталгаажуулсан, энэ шийдвэр хүчин төгөлдөр болсон байхад давж заалдах шатны шүүх энэ байдлыг үл тоомсорлон М.Амариссагийн хууль ёсны төлөөлөгчийн эд хөрөнгийн асуудлаар гаргасан нэхэмжлэлийг ханган шийдвэрлэснээрээ ИХШХШТХ-ийн 65-р зүйлийн 65.1.6 дахь заалтыг зөрчлөө.

Сүхбаатар дүүргийн шүүхийн дурдсан шийдвэрээр мөн дүүргийн 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, 26/1 дүгээр байрны 27 тоот хаягаар байрлах орон сууцны хамтран өмчлөгчөөр охин М.Амариссаг оруулах асуудал шийдвэрлэгдсэн байдаг. Гэтэл А.Золжаргал энэ удаа нэхэмжлэл гаргахдаа тухайн орон сууцтай хамт бүртгэлтэй байгаа гаражийг оруулан нэхэмжилснийг ч давж заалдах шатны ханган шийдвэрлэсэн нь тус шүүх хэт нэг талыг барин шийдвэрлэсний нотолгоо гэж бид үзэж байна.

Өөрөөр хэлбэл, охин М.Амарисса орон сууцны хамтран өмчлөгч болсноос бус гаражны хамтран өмчлөгч болоогүй асуудалд давж заалдах шатны шүүх анхаарлаа хандуулсангүй. Л.Мөнхнастын хувьд охиноо орон сууцны хамтран өмчлөгчөөр үлдээх нь хүүхдийн эрх ашигт илүү нийцнэ гэж үзэж байгаа болно.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд бөгөөд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мөнхцэцэг, тэдгээрийн өмгөөлөгч П.Итгэл нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч ИХШХШТХ-ийн 172.1-д заасныг үндэслэн гомдол гаргаж байна.

5.1. ИХШХШТХ-ийн 172.2.1-д заасан ...Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт Шүүх Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 дэх хэсэгт дундаа хамтран өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ бусад бүх этгээдийн зөвшөөрөлтэйгөөр тэдгээрийн хэн нэгний эрх хууль ёсны ашиг сонирхлын үүднээс бусдад шилжүүлэх буюу өөр хэлбэрээр захиран зарцуулж болно гэж заасныг зөв тайлбарлан хэрэглэж хариуцагч болон гуравдагч этгээд А.Ламжав нарын 2018.08.22-ны өдрийн 27 тоот орон сууц болон гаражийн хамтран өмчлөгч нэмэх хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн нь зөв. 2018.08.22-ны өдрийн 27 тоот орон сууц болон гаражийн хамтран өмчлөгч нэмэх тухай хэлцэл хүчин төгөлдөр бус гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч болон гуравдагч этгээдүүдийн зүгээс давж заалдах гомдол гаргаагүй байх тул хариуцагч Л.Мөнхнаст, гуравдагч этгээд А.Ламжав, М.Амарисса нарыг маргаан бүхий орон сууцны өмчлөгчид гэж үзэв. гэсэн нь ИХШХШТХ-ийн 166.4-т давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ. гэснийг зөрчиж магадлал гаргасан.

Учир нь 2018.08.22-ны өдрийн 27 тоот орон сууц болон гаражийн хамран өмчлөгч нэмэх хэлцлийг Иргэний хуулийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэсэн нь ИХШХШТХ-ийн 29.5-д заасан Шүүх бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдэд холбогдох асуудлыг үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэхгүй. гэснийг ноцтой зөрчсөн.

Өөрөөр хэлбэл, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд А.Ламжав, Ж.Хоролжав, Л.Мөнхцэцэг, Ш.Гүнжиндари нарт холбогдох асуудлыг тухайн хэрэгт хамтатган шийдвэрлэж алдаа гаргасан. Ингэснээр нэхэмжлэлгүй, иргэний хэрэг үүсгэгдээгүй, нэхэмжлэлийн шаардлагад шууд хамааралгүй асуудлыг шүүх шийдвэрлэж, А.Ламжав, Ж.Хоролжав, Л.Мөнхцэцэг, Ш.Гүнжиндари нарын гуравдагч этгээдүүд зохигчдын аль нэгний талд оролцох байр сууриа алдаж, хариуцагчийн хариуцагч болж, өөрт холбогдож буй асуудалд хариуцагчийн эрх эдэлдэггүй, үүрэг хүлээдэггүй байж хариуцлага хүлээсэн этгээдүүд болсон байна.

5.2. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчсөн бөгөөд гуравдагч этгээдүүдийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх зарчмыг зөрчиж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж магадлал гаргасан болно.

Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт ...Хэргийн 105-120 дугаар талд авагдсан Итгэл эстимэйт ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр маргааны зүйл болсон орон сууц, гаражийн үнийг 138,778,000 төгрөг гэж үнэлсэн байх тул уг дүнг өмчлөгч болох Л.Мөнхнаст, А.Ламжав, М.Амарисса нарт хувааж нэг хүнд ногдох хэсэг 46,259,333 төгрөгийг Л.Мөнхнаст, А.Ламжав нараас гаргуулах нь зүйтэй. гэсэн нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд А.Ламжав нь хариуцагчийн хариуцагч болж, өөрт холбогдож буй асуудалд хариуцагчийн эрх эдэлдэггүй, үүрэг хүлээдэггүй байж хариуцлага хүлээсэн этгээд болсон.

Мөн энэхүү иргэний хэрэгт нотлох баримтаар бэхжигдэж анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2018.02.21-ний өдрийн 181/ШШ2018/004424 шийдвэрээр баталгаажуулж дуусгавар болгосон Эвлэрэлийн гэрээнд А.Золжаргал охин М.Амариссагийн нэрийг маргаан бүхий орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгүүлж , гэр бүлийн эд хөрөнгийн асуудлаар цаашид ямар нэгэн маргаан гаргахгүй, шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй гэж цагаан дээр хараар гарын үсгээ зурж нотариатаар баталгаажуулсан байсаар байтал нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд А.Золжаргал нь шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч хариуцагч, гуравдагч этгээдүүдийн гаргасан тайлбар, нотлох баримтыг хэрэгт ач холбогдол бүхий талаас нь хууль ёсны дагуу үнэлээгүй болно. Мөн охин М.Амариссагийн нэрийг маргаан бүхий орон сууцанд өмчлөгчөөр оруулахдаа гаражийн өмчлөлд нэрийг оруулах талаар Эвлэрэлийн гэрээнд нэг үг үсэг байхгүй байхад гаражийн үнийн дүн орсон үнэлгээнээс хувааж хамтатган шийдвэрлэсэн бөгөөд гуравдагч этгээдээс гаргаж өгсөн маргаан бүхий орон сууцыг шүүхийн шийдвэрийн дагуу үнэлсэн үнэлгээний нотлох баримтуудыг харьцуулан жишиж судалж үзэлгүйгээр үнэлгээн дээр маргаантай байхад дан ганц нэхэмжлэгчийн талд оруулж шийдсэнийг давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянан үзэх зарчмаа зөрчиж хяналгүйгээр магадлалаа гаргаж гуравдагч этгээдүүдийн эрх зүйн байдлыг нэн дордуулсан болно.

Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

6. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын заримыг хангаж шийдвэрлэв.

 

7. Нэхэмжлэгч А.Золжаргал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...хариуцагч нь 2018.06.04-ний өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс Сүхбаатар дүүргийн 2-р хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, 26/1 байрны 27 тоот орон сууц, гаражийн хамтран өмчлөгчөөр охин М.Амариссаг нэмж, улсын бүртгэлд холбогдох өөрчлөлт хийхийг даалгасныг мэдсээр байж 2018.08.22-ны өдөр Амариссагаас зөвшөөрөл авалгүй Ж.Хоролгарав, Л.Мөнхцэцэг, Ш.Гүнжиндари нарыг тус байрны хамтран өмчлөгчөөр нэмж оруулах хэлцэл хийсэн тул Орон сууцанд хамтран өмчлөгч нэмэх хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож, орон сууц, гаражны үнээс Амариссад оногдох хэсгийг гаргуулах, мөн охин М.Амарисса Жет олон улсын сургуульд сурч байгаа бөгөөд сургалтын жилийн төлбөр, хоол, хувцасны үнийн хамт 9,042,500 төгрөг болсон тул үүний 50% болох 4,521,250 төгрөгийг гаргуулах, цаашид охиныг сургуулиа төгсөх хүртэлх хугацаанд сургалтын төлбөрийн 50%-ийг хариуцан төлж байхыг даалгаж өгнө үү... гэжээ.

 

Хариуцагч: ...Нэхэмжлэгч А.Золжаргал нь гэрлэлт цуцлуулах тухай маргааныг шийдвэрлэх явцад гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөртөө болон охин М.Амариссад ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан ба шүүхийн татгалзлыг баталсан шийдвэр хүчин төгөлдөр байгаа. ...харин аав маань өөрийн гэр бүлийн гишүүдийг орон сууцны хамтран өмчлөгчөөр оруулах нь түүний эрхийн асуудал тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, ...би охиныхоо тэтгэлэг, нэмэгдэл зардлуудыг цаг хугацаанд нь төлж байгаа тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй... гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд А.Ламжав, Ж.Хоролжав, Л.Мөнхцэцэг, Ш.Гүнжиндари нар: ...нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, ач охин М.Амарисса орон сууцны хамтран өмчлөгч хэвээр байж, насанд хүрсэн хойноо өөрөө ямар нэг байдлаар энэ асуудлыг шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй ... гэжээ.

 

8. Анхан шатны шүүх ...2018.08.22-ны өдрийн Орон сууцанд хамтран өмчлөгч нэмэх хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн,

 

Давж заалдах шатны шүүх ...гэрээний хүчин төгөлдөр байдлын талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэж, харин М.Амарисса маргаж буй орон сууц, гаражны өмчлөгч тул түүнд ногдох хэсэг 46,259,333 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар... шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулжээ.

 

9. Хоёр шатны шүүх зохигчийн маргаж буй үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйгээс шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

 

Иймд магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн, шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй.

 

10. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байх тул хяналтын шатны шүүхээс хэрэгт цугларсан баримтад тулгуурлан, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах замаар хоёр шатны шүүхийн алдааг залруулж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

11. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.06.04-ний өдрийн 181/ШШ2018/01256 дугаартай шийдвэрээр А.Золжаргал, Л.Мөнхнаст нарын гэрлэлтийг цуцалж, охин М.Амариссаг эх А.Золжаргалын асрамжид үлдээж, М.Амариссаг Сүхбаатар дүүргийн 2-р хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, 26/1 байрны 27 тоот орон сууцны хамтран өмчлөгчөөр нэмж, улсын бүртгэлд холбогдох өөрчлөлтийг хийлгэхээр шийдвэрлэжээ.

 

М.Амарисса нь 2009.07.25-ны өдөр төрсөн, энэ нэхэмжлэл гаргах үед 9 настай, иргэний эрх зүйн зарим чадамжтай тул Иргэний хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д зааснаар эх А.Золжаргал М.Амариссагийн эрх ашгийг хамгаалж шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хууль зөрчөөгүй байна.

 

12. 2018.08.22-ны Орон сууцанд хамтран өмчлөгч нэмэх хэлцэл-ээр А.Ламжав, Л.Мөнхнаст нар нь Ж.Хоролжав, Л.Мөнхцэцэг, Ш.Гүнжиндари нарыг Сүхбаатар дүүргийн 2-р хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, 26/1 байрны 27 тоот орон сууцны хамтран өмчлөгчөөр нэмж бүртгүүлсэн байх бөгөөд Ж.Хоролжав нь А.Ламжавын эхнэр, Л.Мөнхцэцэг нь охин, Ш.Гүнжиндари нь Л.Мөнхцэцэгийн охин, тэдгээр нь тухайн орон сууцанд хамт амьдарч байгаа талаар нэхэмжлэгч маргаагүй.

 

Нэхэмжлэгчийн Орон сууцанд хамтран өмчлөгч нэмэх хэлцэл-ийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлага нь тус орон сууцнаас өөрт ногдох хэсгээ гаргуулах шаардлагын үндэслэл гэж үзэхээр байна.

 

Өөрөөр хэлбэл дээрх гишүүд орон сууцны хамтран өмчлөгчөөр нэмж бүртгэгдсэнээр тухайн орон сууцнаас нэг гишүүнд ногдох хэсгийг тодорхойлоход нөлөөлнө гэж үзсэн байна.

 

13. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т зааснаар гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч бөгөөд хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэмжээ нь насанд хүрээгүй, хөдөлмөрийн чадваргүй бүх гишүүнийг оролцуулан нийт гишүүдэд адил байна.

 

Иймд маргааны зүйл болсон орон сууц нь А.Ламжав, Л.Мөнхнаст нарын нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэр бүлийн бусад гишүүн Ж.Хоролгарав, Л.Мөнхцэцэг, Ш.Гүнжиндари нарын хамтран өмчлөх дундын хөрөнгө тул гэр бүлийн гишүүдийг буюу бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж.Хоролгарав, Л.Мөнхцэцэг, Ш.Гүнжиндари нарыг орон сууцны хамтран өмчлөгчөөр нэмж бүртгэсэн эсэх нь гэр бүлийн нэг гишүүнд ногдох хэсгийг тодорхойлоход ач холбогдолгүй.

 

14. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.06.04-ний өдрийн 181/ШШ2018/01256 дугаар шийдвэрийг үндэслэн М.Амарисса нь дээрх орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн тул Сүхбаатар дүүргийн 2-р хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, 26/1 байрны 27 тоот 3 өрөө орон сууц А.Ламжав, Ж.Хоролгарав, Л.Мөнхнаст, М.Амарисса, Л.Мөнхцэцэг, Ш.Гүнжиндари нарын 6 хүний өмч байна.

 

Сүхбаатар дүүргийн 2-р хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, 26/1 байрны 27 тоот хаягт байршилтай 49. 4 м.кв талбайтай гурван өрөө орон сууц нь гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хамт эрхийн улсын бүртгэлийн нэг дугаарт бүртгэгдсэн байх тул өмчлөгч нар дан ганц орон сууцыг бус гаражийг мөн ижил хэмжээгээр өмчлөх тул нэхэмжлэгч нь дээрх үл хөдлөх эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгээ шаардах эрхтэй.

 

Энэ үндэслэлээр М.Амарисса орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлсэн тул гаражнаас хөрөнгө ногдохгүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.

 

15. Шүүхээс шинжээчээр томилогдсон Хөрөнгийн үнэлгээний Итгэлт эстимэйт ХХК орон сууцыг 114,714,500 төгрөгөөр, гаражийг 24,063,500 төгрөгөөр, нийт 138,778,000 төгрөгөөр үнэлсэн байх ба М.Амариссад хөрөнгийн 1/6 хувь ногдох тул 138,778,000 төгрөгийг өмчлөгч 6 хүнд хуваахад нэг хүнд 23,129,666 төгрөг ногдож байна.

 

Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаар Л.Мөнхнастыг татаж, түүнээс орон сууцны ногдох хэсгийг гаргуулах шаардлага гаргасан байх тул түүнээс дээрх төлбөрийг гаргуулан М.Амарисса буюу түүний хууль ёсны төлөөлөгч А.Золжаргалд олгуулах нь зүйтэй.

 

Дээр дурдснаар ...хөрөнгийг 3 хүний өмч гэж үзэж нэхэмжлэгчид ногдох хэсгийг тодорхойлсон... давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагч, гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

16. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах,эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар ...шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэж зохицуулсан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой тайлбар, үндэслэлийг өөрөө нотлох, нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч нь хүүхдийн сургалтын төлбөрт ЖЕТ БДС-д 4,150,000 төгрөгийг төлснөөс өөр төлбөр төлсөн баримтгүй, хариуцагчаас Жет сургуульд М.Амариссагийн сургалтын төлбөрт 2,000,000 төгрөгийг 2019.09.11-ний өдөр төлсөн, М.Амарисса 2019 оны 10 сард Жет БДС-аас Элит БДС-д шилжсэн болох нь баримтаар нотлогдсоноос өөрөөр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй үндэслэлээр нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т нийцсэн байна.

 

17. Дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан хариуцагч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн гомдлын заримыг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 1382 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2020/00826 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3, Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар М.Амариссаг Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж 26/1 байрны 27 тоот хаягтай 49.4 м.кв талбайтай гурван өрөө, орон сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөс хасч, ногдох хэсэг болох 23,129,666 төгрөгийг хариуцагч Л.Мөнхнастаас гаргуулан А.Золжаргалд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хүүхдийн сургалтын төлбөрт 4,521,250 төгрөгийг гаргуулах, охин М.Амариссаг цаашид ерөнхий боловсролын сургуулийг суралцаж төгсөх хүртэлх хугацаанд жил бүр сургалтын төлбөрийн 50 хувийг хариуцан төлж байхыг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. гэж, 2 дахь заалтын ...432,750 төгрөгийг гэснийг ...273,598 төгрөгийг гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Намсрайжав, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд бөгөөд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мөнхцэцэг, тэдгээрийн өмгөөлөгч П.Итгэл нарын гомдлын заримыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 2020.07.29-ний өдөр төлсөн 851,840 төгрөгийг, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Л.Мөнхцэцэгээс 2020.07.23-ны өдөр төлсөн 1,242,000 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА

 

Б.МӨНХТУЯА

 

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

Х.ЭРДЭНЭСУВД