Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 181/ШШ2020/00772

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “А” ХХК/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “С” ХХК/РД: /-д холбогдох,

 

5 000 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хатанзориг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Өнөрцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “А” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хатанзориг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Монполмент ХХК-ийн Эвэнт холлд 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр шинэ жилийн баярын арга хэмжээг зохион байгуулахаар 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр урьдчилан захиалга өгч, гэрээний нөхцөлийг харилцан тохиролцож урьдчилгаа 10 000 000 төгрөгийг хариуцагчийн нэхэмжлэлийг үндэслэн шилжүүлсэн.

Хариуцагчийн үйл ажиллагаа хариуцсан менежер В.Отгонбаяр нь [email protected] цахим хаягаас 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр манай компанийн Санхүү эрхэлсэн захирал Ц.Болороогийн [email protected] гэсэн хаяг луу шинэ жилийн арга хэмжээний захиалгыг баталгаажуулах санал гаргаж Захиалга баталгаажуулах гэрээг илгээсэн. Тухайн гэрээг байгуулах нөхцөлийг манай компани нь хүлээн зөвшөөрч гэрээний загварт хуульчийн цахим гарын үсгийн хянасан, баталгаажуулан хариуцагчийн үйл ажиллагаа хариуцсан менежер В.Отгонбаярт илгээсэн.

Гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсний дараа урьдчилгаа төлбөрийг төлөх нэхэмжлэлийг илгээсний дагуу С ХХК-ийн Хаан банк дахь 511150443234 тоот дугаарын дансанд 10 000 000 төгрөгийг 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр шилжүүлсэн.

Хариуцагчийн манай компанид илгээсэн Захиалга баталгаажуулах гэрээний 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт “Гүйцэтгэгч нь захиалга хүлээн авснаа баталгаажуулж, захиалагчаас 10 000 000 төгрөгийг нэхэмжлэхийг үндэслэн, энэхүү гэрээнд гарын үсэг зурж хүчин төгөлдөр болсноос хойш 1 хоногийн дотор С ХХК-ийн Хаан банк дах 511150443234 тоот дансанд шилжүүлэхийг шаардах эрхтэй. Энэхүү барьцаа /захиалгын төлбөр/-г гүйцэтгэгч болон захиалагч нарын хооронд байгуулах “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний төлбөрт тооцно” гэж заасан. Манай компанийн гэрээ байгуулах саналыг хүлээн зөвшөөрсөн гэрээний загварыг илгээсний дараа төлбөрийн нэхэмжлэхийг хариуцагч илгээсэн тул бид тухайн гэрээг байгуулахыг хариуцагч компани хүлээн зөвшөөрсөн гэж үзсэн.

Үүний дараа үйл ажиллагаа хариуцсан менежер В.Отгонбаяр нь [email protected] болон с[email protected] цахим хаягт шинэ жилийн арга хэмжээний дотоод засал чимэглэл, хоолны меню сонгох талаар саналыг 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр илгээсэн. Тус цахим хаягаас саналыг хүлээн зөвшөөрч 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хоолны амталгааг манай компанийн төлөөлөгч нарыг Силк роуд ресторанд хийлгэсэн.

Хоолны сонголттой танилцаж, нэг хүний төлбөрийг 129 000 төгрөгөөр тохиролцож 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр арга хэмжээг зохион байгуулахаар харилцан тохиролцсон. Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т “гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар” гэрээ байгуулсанд тооцно гэж зааснаар Захиалга баталгаажуулах гэрээ хүчин төгөлдөр болсон.

Арга хэмжээний менюг хариуцагч нь 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр манай Санхүү эрхэлсэн захирлын [email protected] хаягт илгээж манай компанийн хувьд менюг хүлээн зөвшөөрсөн. Гэтэл харицагч 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс хойш нэмэгдэл үнэтэйгээр шинэ баярын арга хэмжээнд оролцох эсхүл 2019 оны 12 дугаар 20-ны өдрөөс өмнө арга хэмжээг зохион байгуулах гэх урьдчилан тохиролцоогүй саналыг гаргасныг эс зөвшөөрсөн тул манай компанийн баталгаажуулалт хийж урьдчилгаа төлбөрт төлсөн төлбөрийг буцаан шилжүүлсэн байна. Мөн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр олон хүнтэй аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулан, үйлчилгээ зохион байгуулах саналыг манайд илэрхийлсэн.

Хариуцагчтай захиалга баталгаажуулах гэрээнд гарын үсэг зураагүй ч тухайн гэрээг байгуулсан гэж манай компани үзэх бөгөөд гэрээний 2 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гүйцэтгэгч гэрээний үүргээ биелүүлээгүй бол барьцаа төлбөрийг нэг дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх торгуулийг захиалагчид төлөх үүргийн гүйцэтгэлийг хариуцагчаас гаргуулах хүсэлтэй байна.

Шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулахаар 3 сарын өмнө хариуцагчгай харилцан тохиолцож, барьцаа төлбөрийг төлсөн, арга хэмжээний бэлтгэл ажлыг компанийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд оруулан бэлтгэл ажлыг гүйцэтгэсэн байсан.

Иймд хариуцагчаас Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэг, Захиалга баталгаажуулах гэрээний 2.4 дэх хэсэгт зааснаар 5 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.” гэв.

 

Нэхэмжлэгч “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хатанзориг шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: “Тус дүүргийн шүүхэд хариуцагч Силкроуд фронтьерс ХХК-ийн Захиалга баталгаажуулах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хүлээн авч дараах тайлбарыг гаргаж байна.

Сөрөг нэхэмжлэлд Нар Урт ХХК-ийн менежер Б.Отгонбаяр нь өөрт олгогдоогүй эрххийг хэрэгжүүлэн Захиалга баталгаажуулах гэрээ байгуулсан гэж байгаа нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулах талаар 2019 оны 08 дугаар сарын 30 ны өдөр арга хэмжээ зохион байгуулах компанид захиалга өгч, гэрээг заталгаажуулахаар тус компанийн ажилтнаас гэрээний саналыг авсан. Түүний дагуу гэрээнд заасны дагуу баталгаажуулалт хийж, 10 000 000 төгрөгийн хариуцагчийн дансанд шилжүүлсэн. Гэрээний саналыг илгээсэн ажилтнаас хариуцагчийн менежерийн имэйл хаягыг авах тухай имэйлийг 2019 оны 09 дүгээр сарын 03 ны өдрийн 06:30 минутад илгээсэн.

Мөн өдрийн 09:34 минутанд Otgonbayar Bayasgalan event [email protected] хаягнаас Silk road Өнөрөө менежер- [email protected] гэсэн имэйлийг нэхэмжлэгчийн ажилтанд илгээсэн. А ХХК-ийн санхүү эрхэлсэн захирлын [email protected] хаягаас хариуцагчийн ажилтан Ц.Өнөрцэцэгийн цахим хаягт 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 09:42 минутанд урьдчилгаа төлбөрийг төлсөн тухай, захиалга өгөх өдрийг 2019/12/23 ны өдөр гэсэн имэйлийг явуулсан. Нар Урт ХХК-ийн ажилтанд захиалгыг өгөөгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хийсэн үзлэгээр нотлогдох болно. Мөн 2019 оны 09 дүгээр сарын 02 ны едрийн 16:34 минутад [email protected] хаягаас [email protected] гэсэн хаягт Силкроуд фронтьерс ХХК нь төлбөрийн нэхэмжлэхийг илгээсэн нь тус компани А ХХК-тай гэрээ байгуулсан үйл явдал тогтоогдож байна.

Үүний дараа 2019 оны 09 дүгээр сарын 04 ний өдөр [email protected] хаягт нэхэмжлэгчийн санхүүгийн шинжээч [email protected] гэх хаягаас гэрээг баталгаажуулсан цахим гарын үсэгтэй гэрээг илгээсэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Захиалга баталгаажуулах гэрээ хүлээн авсны хүлээн зөвшөөрч байснаар нэхэмжлэгч нь хариуцагчийг бүрэн төлөөлөх эрх бүхий этгээдтэй хэлцэл хийсэн юм. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоно уу.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой тайлбар байна. “Нар урт” ХХК-ийн ажилтан Б.Отгонбаяр гэдэг хүнтэй гэрээ байгуулсан гэж үзэж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үндэслэлгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл туайн захиалгын гэрээний загварыг анх “Нар урт” ХХК-ийн ажилтан Б.Отгонбаяр 09 дүгээр сарын 30-ны өдөр илгээсэн. Дараа нь 09 дүгээр сарын 02-ны өдөр илгээсэн хүнээс “А” ХХК-иас “С” ХХК-д захиалга өгөх хүний мэйл хаягийг өгөөч ээ гэж авсан байгаа. Үүний дагуу мэйлээр маргаан үүсэх хүртэлх хугацаанд байнга харилцаж байсан. Тэгэхээр энэхүү гэрээ “С” ХХК-тай хийгдсэн. Б.Отгонбаяр гэдэг хүн төлбөрийн нэхэмжлэл илгээгээгүй. Б.Отгонбаяр гэдэг хүн ганцхан 08 дугаар сарын 30-ны өдөр гэрээний загварыг л илгээсэн. Үүнээс хойш дандаа “С” ХХК-тай цахимаар харилцаж байсан. Эдгээр нь нотлох баримт шинжлэн судлах явцад шинжлэн судлагдана. Иймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Хариуцагч “С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одбаяр шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Өнөрцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А ХХК-ийн нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Манай компани болон А ХХК нь Захиалга баталгаажуулах гэрээг байгуулаагүй юм.

Бид А ХХК-ийн захиалгын талаар ярилцаж байсан боловч эцсийн шийдэлд хүрч, тус компанитай хүлээн авалтын үнэ хөлс бусад асуудал дээр тохиролцоонд хүрч, Захиалга баталгаажуулах гэрээг батлаагүй, улмаар Ажил гүйцэтгэх гэрээг байгуулаагүй байсан. Ярилцаж байх явцад гэрээнд санал авах байдлаар хүргүүлж байсан гэрээнд нэг тал гарын үсэг зурж, тамга дараад тэрийгээ гэрээ байгуулсан мэтээр тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Захиалга баталгаажуулах гэрээ талуудын хооронд хүчин төгөлдөр байдлаар байгуулагдаагүй.

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар талууд нэг баримт бичиг үйлдэж гарын үсэг зурж тамга дарна гэж заасан байхад манай компани уг гэрээнд гарын үсэг зурж тамгаа дараагүй тул байгуулагдсан гэж үзэхгүй байна. Хүчин төгөлдөр байгуулаагүй гэрээ нь манай компанийн өмнө үүрэг үүсгэхгүй гэж үзэж байна.

Маш олон байгууллагууд шинэ жил бусад арга хэмжээг зохион байгуулах ажлын саналыг бидэнд хандаж тавьдаг.

Тэр болгонд бид эхний ээлжинд Захиалга баталгаажуулах гэрээг санал болгож, дараагийн ээлжинд Ажил гүйцэтгэх гэрээний зүйлээ нэг бүрчлэн тохирдог. Хэрэв үнэ хөлс, менью, харуул хамгаалал, аюулгүй байдал, шннэ жилийн хөтөлбөр, орчин, ширээ засалт гэх мэт бүх зүйлийн талаар санал нэгдэхгүй байвал, захиалгыг цуцдаж, гэрээ байгуулахаас татгалздаг.

Өөрөөр хэлбэл захиалга нь батгалгаажсан байсан ч үнэ хөлс бусад үйл ажиллагааны талаар тохирч чадахгүй бол Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагддаггүй тохиолдол олон гардаг.

Зөвхөн захиалга өгснөөр шинэ жилийн хүлээн авалтын үеийн бүх хөтөлбөр үйл ажиллагаа нэг бүрийг тохирсон гэж үзэх, эсвэл захиалга баталгаажсан л бол заавал Ажил гуйцэтгэх гэрээ байгуулах үүрэг манай компанид үүсэхгүй юм.

Талууд Ажил гүйцэтгэх гэрээний зүйл дээр тохиролцоонд хүрч чадаагүй тул манай тал Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д зааснаар гэрээнээс татгалзаж, урьдчилгаа төлбөрийг нь буцааж шилжүүлсэн юм. Иймд А ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Мөн түүнчлэн гэрээг илгээсэн цахим хаяг нь манай компанийн ажилтан ч биш, ямар нэгэн итгэмжлэгдсэн төлөөлөгч ч биш юм. Манай компанитай хамтран ажилладаг объектын эзний хаягаас явуулсан учраас манай ажилтан байгаагүй.” гэв.

 

Хариуцагч “С” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Өнөрцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нар Урт ХХК /МПМ/-тай манай компани Хамтран ажиллах гэрээ байгуулж ажилладаг бөгөөд уг гэрээний дагуу тэдний танхимыг ашиглаж шинэ жилийн арга хэмжээ болон бусад хүлээн авалтын үйл ажиллагааг С ХХК зохион байгуулдаг юм. Хамтран ажиллах гэрээний хүрээнд хүлээн авалт хийх байгууллагатай тохиролцох, үйл ажиллагааны өдөр товлох зэрэг эрх МПМ ХХК-д огт байхгүй.

Гэтэл Нар Урт ХХК /МПМ/-ийн менежер Б.Отгонбаяр өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлж, А ХХК-тай 12 сарын 23-ны өдөр шинэ жилийн үйл ажиллагааг нь С ХХК-иар зохион байгуулуулахаар товлож улмаар Захиалга баталгаажуулах гэрээг Отгонбаяр менежер өөрийн eventmanager@monpolyment гэх хаягнаас илгээсэн байдаг. Улмаар захиалга баталгаажуулах гэрээнд байсан дансанд урьдчилгаа төлбөрийг шилжүүлсэн байдаг.

А ХХК нэхэмжпэлдээ Силкроуд фронтьерс ХХК-ийг буруутгах атлаа Нар Урт ХХК/МПМ/-ийн хаягнаас Захиалга баталгаажуулах гэрээ авсан, улмаар гэрээнд заасан дансанд урьдчилгааг шилжүүлсэн гэж итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хатанзориг тайлбарласан байдаг.

Захиалга баталгаажуулах гэрээг байгуулсан гэж үзэж байгаа үндэслэлээ А ХХК Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар тайлбарлаж байгаа бол А ХХК-д хэний хаягнаас гэрээг и мэйлээр илгээсэн бэ гэдэг нь хэрэгт ач холбогдолтой гэж би үзэж байна.

Хавтаст хэргийн авагдсан и мэйлд үзлэг хийсэн баримтаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлож байгаа бөгөөд уг баримтад 2019 оны 8 сарын 30-нд Otgonbayar Bayarbayasgalan /[email protected]/ хаягнаас Boloroo Tsogtbaatar /[email protected]/, Ariunaa Chuluunbat /[email protected]/ хаяг pyy илгээхдээ: “Өдрийн мэнд, Урьдчилгаа гэрээг хавсралтаар илгээлээ. Отгонбаяр Б” гэж бичсэн байдаг.

Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-т “Төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ” гэж заасан. Нар Урт ХХК/МПМ/ ХХК-ийн менежер Б.Отгонбаярт манай компанийн Захиалга баталгаажуулах гэрээг өөрийн хаягнаас бусдад илгээж гэрээ байгуулах эрх хэмжээ гэрээгээр ч итгэмжлэлийн үндсэн дээр ч үүсээгүй юм.

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэж Захиалга баталгаажуулах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү.” гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                   

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “А” ХХК хариуцагч “С” ХХК-д холбогдуулан 5 000 000/таван сая/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл, хариуцагч “С” ХХК нэхэмжлэгч “А” ХХК-д холбогдуулан Захиалга баталгаажуулах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч “С” ХХК нь Ажил гүйцэтгэх гэрээний зүйл дээр тохиролцоонд хүрч чадаагүй тул манай тал гэрээнээс татгалзаж, урьдчилгаа төлбөрийг нь буцааж шилжүүлсэн гэж маргасан.

 

Нэхэмжлэгч “А” ХХК нь “С” ХХК төлбөрийн нэхэмжлэхийг илгээсэн нь тус компани гэрээ байгуулсан үйл явдал тогтоогдож байна гэж маргасан.

 

2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 11 цаг 00 минутад товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг хариуцагч “С” ХХК-ийн өмгөөлөгч П.Ганбаатарт 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр утсаар мэдэгдсэн боловч хариуцагч “С” ХХК-ийн өмгөөлөгч П.Ганбаатар хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ирээгүй болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “С” ХХК-ийн өмгөөлөгч П.Ганбаатарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.         

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийн хүлээн авалтын байранд 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр шинэ жилийн баярын арга хэмжээ зохион байгуулуулах хүсэл зоригоо илэрхийлсэн болох нь урьдчилгаа 10 000 000/арван сая/ төгрөгийг шилжүүлсэн тухай 2019 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн цахим шууданд хийсэн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн үзлэгийн тэмдэглэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Өнөрцэцэгийн 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэгчид 10 000 000/арван сая/ төгрөгийн нэхэмжлэл явуулсан талаар маргахгүй гэх тайлбараар тогтоогдож байна.     

 

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1-д “Дараахь үндэслэлээр гэрээг байгуулсанд тооцно:”, 196.1.4-т “гэрээний саналыг ... бичгээр илгээсэн бөгөөд түүнийг зөвшөөрсөн тухай хариуг ердийн боломжит хугацаанд хүлээн авсан;” гэж заасан.

 

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1, 196.1.4 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч нь 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр гэрээний саналыг илгээж хариуцагч нь түүнийг зөвшөөрсөн болох нь 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 10 000 000/арван сая/ төгрөгийн нэхэмжлэл явуулсан үйлдлээр тогтоогдож байна.

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1, 196.1.4 дэх заалтад зааснаар зохигчид 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр № 124/02/2019 дугаар Захиалга баталгаажуулах гэрээ байгуулсан болох нь урьдчилгаа 10 000 000/арван сая/ төгрөгийг шилжүүлсэн тухай 2019 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн цахим шууданд хийсэн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн үзлэгийн тэмдэглэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Өнөрцэцэгийн 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэгчид 10 000 000/арван сая/ төгрөгийн нэхэмжлэл явуулсан гэх тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одбаярын Захиалга баталгаажуулах гэрээг 9 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авсан гэх тайлбар, 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн № 124/02/2019 дугаар Захиалга баталгаажуулах гэрээгээр тогтоогдож байна.

 

2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн № 124/02/2019 дугаар Захиалга баталгаажуулах гэрээний 1-ийн 1.1-т зааснаар хариуцагч нь “Шинэ жил” хүлээн авалт буюу арга хэмжээний үеэр өндөр зэрэглэлийн амт, чанар сайтай, эрүүл ахуйн шаардлага хангасан хоол, хүнсээр үйлчлэх болон бусад харилцан тохиролцсон үйлчилгээ үзүүлэх захиалгыг урьдчилан авч, баталгаажуулах, нэхэмжлэгч нь захиалгаа баталгаажуулж төлбөр байршуулах үүргийг тус тус хүлээсэн болох нь № 124/02/2019 дугаар Захиалга баталгаажуулах гэрээгээр тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т “Гэрээний талууд ... гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй.”, 189.5-д “Энэ хуулиар ... шууд нэрлэгдээгүй боловч гэрээний ... өвөрмөц агуулга бүхий гэрээг нэрлэгдээгүй гэрээ гэнэ ...” гэж заасан.

 

Хариуцагч нь үйлчилгээ үзүүлэх захиалгыг урьдчилан авах, нэхэмжлэгч нь захиалгаа баталгаажуулах үүргийг тус тус хүлээсэн тус Захиалга баталгаажуулах гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт заасан нэрлэгдээгүй гэрээний шинжтэй байх тул Нэрлэгдээгүй гэрээ/цаашид “Гэрээ” гэх/ гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасанаар зохигчид тус Гэрээг хуулийн хүрээнд байгуулсан байх тул Гэрээ нь хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Гэрээний 2-ын 2.3-т зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчийн нэхэмжлэхийг үндэслэн хариуцагчид 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр захиалга баталгаажуулах 10 000 000/арван сая/ төгрөгийг шилжүүлсэн болох нь 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Цахим гүйлгээний баримтаар тогтоогдож байна.

 

Гэрээний 2-ын 2.2-т зааснаар зохигчид үйлчилгээ үзүүлэхтэй холбогдох төлбөр, хоол, уух зүйлийн цэс болон бусад нөхцлийг “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж харилцан тохиролцохоор тохиролцсон болох нь Гэрээгээр тогтоогдож байна.

 

Зохигчид 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хооронд хоолны цэс болон үнэ, дотоод засал чимэглэлийн талаар санал солилцож байсан болох нь [email protected] хаягт 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хийсэн Үзлэгийн тэмдэглэл, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Зохигчид үйлчилгээний өдөр, хоолны цэс болон үнийн талаар харилцан тохиролцоогүй болох нь [email protected] хаягт 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хийсэн Үзлэгийн тэмдэглэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариуцагч өөр өдөр шинэ жилийн үйл ажиллагаагаа зохион байгуулаарай гэсэн гэх тайлбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ.” гэж заасан.

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар зохигчид Гэрээнд заасан үүргийг буюу үйлчилгээ үзүүлэхтэй холбогдох төлбөр, хоол, уух зүйлийн цэс болон бусад нөхцлийн талаар харилцан тохиролцохоор санал солилцох үүргийг шударгаар гүйцэтгэсэн байх боловч харилцан тохиролцоогүй болох нь [email protected] хаягт 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хийсэн Үзлэгийн тэмдэглэл, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Гэрээний 2-ын 2.2, 3-ын 3.1-т зааснаар зохигчид үйлчилгээний нөхцлийг харилцан тохиролцож “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулаагүй байх тул Гэрээ дуусгавар болсон байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-т “Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал ... нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ.” гэж заасан.

 

Хариуцагч нь Гэрээнд заасан үйлчилгээний санал солилцох үүргээ гүйцэтгэсэн байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт зааснаар үүргээ гүйцэтгээгүй гэж үзэх үндэслэлгүй.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5, 196 дугаар зүйлийн 196.1, 196.1.4, 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 5 000 000/таван сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлгүй байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан Захиалга баталгаажуулах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж байна.

 

Хариуцагч нь “Нар Урт” ХХК-ийн менежер Б.Отгонбаяр Гэрээг явуулсан тул зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж маргаж байна.

 

Нэхэмжлэгч нь [email protected] хаягруу цахим шуудан явуулсан байх боловч хариуцагч нь Гэрээний 2-ын 2.3-т зааснаар захиалга хүлээн авснаа баталгаажуулж 10 000 000/арван сая/ төгрөгийн нэхэмжлэх явуулсан болох нь Гэрээ болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Өнөрцэцэгийн 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэгчид 10 000 000/арван сая/ төгрөгийн нэхэмжлэл явуулсан талаар маргахгүй гэх тайлбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь Гэрээний 2-ын 2.3-т зааснаар 10 000 000/арван сая/ төгрөгийг хариуцагчийн Хаан банкинд эзэмшиж байгаа 5115043234 тоот дансруу шилжүүлсэн болох нь 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Цахим гүйлгээний баримтаар тогтоогдож байна.

 

Гэрээнд зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчтэй үйлчилгээ үзүүлэхтэй холбогдох төлбөр, хоол, уух зүйлийн цэс болон бусад нөхцлийн талаар харилцан тохиролцохоор санал солилцсон болох нь [email protected] хаягт 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хийсэн Үзлэгийн тэмдэглэл, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “Дараахь хэлцэл хүчин төгөлдөр бус байна:”, 56.1.8-д “... хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл;” гэж заасан.

 

Хариуцагч нь Гэрээнд заасан үүргээ гүйцэтгэж Гэрээ дуусгавар болсон байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.8 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5, 196 дугаар зүйлийн 196.1, 196 дугаар зүйлийн 196.1.4 дэх хэсэгт зааснаар зохигчид нэрлэгдээгүй Гэрээ байгуулсан болох нь Гэрээ, [email protected] хаягт 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хийсэн Үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5, 196 дугаар зүйлийн 196.1, 196 дугаар зүйлийн 196.1.4 дэх хэсэгт зааснаар 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн № 124/02/2019 дугаар Захиалга баталгаажуулах гэрээг хүчин төгөлдөр бус гэх үндэслэлгүй байна.

 

Шүүх Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5, 196 дугаар зүйлийн 196.1, 196.1.4, 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-ийн хариуцагч “С” ХХК-иас 5 000 000/таван сая/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5, 196 дугаар зүйлийн 196.1, 196 дугаар зүйлийн 196.1.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “С” ХХК-ийн Захиалга баталгаажуулах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5, 196 дугаар зүйлийн 196.1, 196.1.4, 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-ийн хариуцагч “С” ХХК-иас 5 000 000/таван сая/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5, 196 дугаар зүйлийн 196.1, 196 дугаар зүйлийн 196.1.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “С” ХХК-ийн Захиалга баталгаажуулах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч “А” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94 950 төгрөгийг, хариуцагч “С” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан   сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ХИШИГБАТ