Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 120/ШШ2022/0011

 

                                                         

 

 

 

 

 

2022 оны 04 сарын 26-ны өдөр                            120/ШШ2022/0011                                                  Даланзадгад сум

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******,

Хариуцагч: Өмнөговь аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Өмнөговь аймгийн Засаг дарга,

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.*******, хариуцагч Өмнөговь аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагч Өмнөговь аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын өмгөөлөгч Н.Гарьдхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Очмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

         1. Нэхэмжлэгч Ц.******* нь Өмнөговь аймгийн Засаг дарга, Өмнөговь аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн ******* дүгээр тогтоол, Өмнөговь аймгийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн ******* дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, ажилгүй байсан хугацааны нөхөх олговрыг гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гарган, маргаж байна.

2. Өмнөговь аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Т.******* 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр ******* сумын  сумын Засаг дарга Ц.*******ийг Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32.2-т заасан чиг үүргээ хэрэгжүүлж чадахгүй байна гэж үзэж, түүнийг огцруулах саналыг тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит гуравдугаар хуралдаанаар хэлэлцүүлэхээр ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад өргөн мэдүүлсэн нь Хурлын бичиг хэргийн бүртгэлд бүртгэгджээ.

3.  ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн “Сумын Засаг даргыг огцруулах саналын тухай” ******* дүгээр тогтоолыг гаргаж, аймгийн Засаг даргад уламжилсан.

4.  Өмнөговь аймгийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн ******* дугаар захирамжаар ******* сумын Засаг дарга Ц.*******ийг үүрэгт ажлаас нь огцруулсан байна.

5. Нэхэмжлэгч Ц.******* маргаан бүхий актыг 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.

 6.  Хариуцагч Өмнөговь аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.******* шүүх хуралдаанд биечлэн оролцохгүй тухай хүсэлтээ бичгээр ирүүлсэн.

7. Нэхэмжлэгч Ц.******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

7.1 Өмнөговь аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн ээлжит 3 дугаар хуралдааны ******* дүгээр тогтоолоор Засаг даргыг огцруулахаар шийдвэрлэсэн нь хууль бус болох талаар:

Энэ асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 28 дугаар тогтоолоор хэлэлцэх асуудлын сүүлд эрэмбэлж оруулсан.

 Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид өөрсдийн саналаар, өөрсдөө хяналт шалгалт хийх ажлын хэсгийг 2 Тэргүүлэгчийг оролцуулан 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 18 дугаар тогтоолоор байгуулж, илэрсэн зөрчил гэх асуудлаар гарсан дүгнэлтийг Авлигатай тэмцэх газарт мэдэгдэж, Авлигатай тэмцэх газар болон шүүхээс энэ асуудлыг эцэслэн шийдээгүй байхад Тэргүүлэгчид огцруулах саналыг дэмжиж гуравдугаар хуралдааны хэлэлцэх асуудалд оруулсан.

******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 3/1 дүгээр тогтоолд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь заалтыг үндэслэл болгосон нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг илтэд зөрчсөн.

 Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Засаг даргыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх эрхтэй боловч энэхүү эрхээ хуульд заасан журмын дагуу хэрэгжүүлсэн нөхцөлд л энэ талаар гаргасан шийдвэрийг хууль ёсны гэж үзэх бөгөөд хуульд заасан үндэслэл, шаардлага хангаагүй асуудлыг хэлэлцэх, улмаар шийдвэрлэх хууль зүйн боломж байхгүй.

Миний хувьд Засаг даргаар ажиллах хугацаанд /2021.08.02-2021.09.10/ дээрх огцруулах үндэслэл бүхий ямар нэгэн шийдвэр, үйлдэл гаргаагүй байтал  өөр ажил албан тушаал эрхэлж байх үеийн мөн тухайн асуудалд гэм буруутай эсэх нь эцэслэн шийдэгдээгүй байхад огцруулах санал гаргаж шийдвэрлэсэн нь хууль бус юм.

7.2 Өмнөговь аймгийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн ******* дугаар захирамж хууль бус болох талаар:

Хууль бус Хурлын тогтоолыг үндэслэж, намайг Засаг даргын албан тушаалаас огцруулсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Захиргааны ерөнхий хууль, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төрийн албаны тухай хуулийг тус тус зөрчиж, миний хувь хүний нэр төр, алдар хүндэд халдаж, хууль ёсны эрхийг ноцтойгоор зөрчсөн.

Захирамжийн үндэслэлд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 32.2-т “Засаг дарга гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон, түүнчлэн хууль тогтоомж  зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй бол тухайн шатны Хурал түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулах саналыг дээд шатны Засаг дарга буюу Ерөнхий сайдад хүргүүлнэ” гэж хуульд заасан огцруулах үндэслэлийг нотлоогүй, тодорхой заагаагүй байна.

 Санхүүгийн хяналт, аудитын албаны 2021 оны 72 дугаар хяналт шалгалтын танилцуулга, ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 3/1 дүгээр тогтоолыг  үндэслэсэн нь зөрчилтэй.

 Монгол Улсын Үндсэн хуулийн 16.14-д “...гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно...” гэж заасан байтал өөр ажил эрхэлж байх хугацаанд хийсэн ажилтай холбогдуулж хяналт шалгалт хийсэн гэх асуудлаар мөн тухайн асуудалд гэм буруутай эсэх нь шүүхээр эцэслэн шийдвэрлээгүй асуудлыг захирамжийнхаа үндэслэл болгож сумын Засаг даргыг огцруулах шийдвэр гаргасан нь  үндэслэлгүй.

Мөн Засаг даргын захирамжийн хууль зүйн үндэслэл болсон үйл баримт байхгүй нөхцөлд тухайн асуудлыг харгалзан үзэх боломж нөхцөл гэж байхгүй бөгөөд аймгийн Засаг дарга Захиргааны ерөнхий хуулийн 24 дугаар зүйлийн 24.1 болон 26 дугаар зүйлийн 26-1-д заасан ажиллагааг явуулахгүйгээр захирамж гаргаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

 Сумын Засаг даргыг огцруулах эцсийн шийдвэр гаргах бүрэн эрх аймгийн Засаг даргад олгогдсон байдаг боловч энэхүү бүрэн эрхийг зөвхөн хуульд нийцсэн журам, үйл баримтыг үндэслэн хэрэгжүүлэх ёстой бөгөөд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан санал нь хуульд нийцсэн эсэх, бодит үйл баримтыг тодруулсны үндсэн дээр саналыг ажлын 5 өдөрт хянаж огцруулах эсэх асуудлыг шийдвэрлэх хуулийн зохицуулалттай. Хэрвээ оролцуулах үндэслэл байхгүй нөхцөлд саналыг хүлээж авахаас татгалзаж шийдвэрлэх хууль зүйн үүрэгтэй...” гэжээ.

8. Хариуцагч Өмнөговь аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт “Хурлын Тэргүүлэгчид, хороо, түүнчлэн төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй” гэж заасны дагуу Хурлын Төлөөлөгчийн гаргасан саналыг хуралдаан болохоос 1 хоногийн өмнө 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Хурлын Тэргүүлэгчид хуралдаанаар хэлэлцэх асуудлыг жагсаалтад нэмэлтээр оруулж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хурлын хуралдааны товлон зарлах, түүний бэлтгэлийг хангах, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон санал, шийдвэрийн төсөл боловсруулах, хэлэлцэх хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлсэн.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.8-д зааснаар тухайн шатны Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх, чөлөөлөх, огцруулах, Засаг даргын огцрох тухай хүсэлтийг хүлээж авах эсэх саналыг хуралд оруулах эрхтэй.

Сумын Засаг дарга Ц.*******ийг чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэх үндэслэлээр хуралдаанд оролцсон 26 төлөөлөгчдийн 20 төлөөлөгч буюу 76.9 хувийн саналаар огцруулах саналыг гаргаж, аймгийн Засаг даргад уламжилж шийдвэрлэсэн...” гэжээ.

9. Хариуцагч Өмнөговь аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн “сумын Засаг даргыг огцруулах саналын тухай” ******* дүгээр тогтоолыг гаргаж аймгийн Засаг даргад ирүүлснийг үндэслэн ******* сумын Засаг дарга Ц.*******ийг үүрэгт ажлаас огцруулсан нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т “Засаг дарга гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон, түүнчлэн хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй бол тухайн шатны Хурал түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулах саналыг дээд шатны Засаг дарга буюу Ерөнхий сайдад хүргүүлнэ”, 32.3-д “Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд энэ хуулийн 32.2-т заасан саналыг ажлын 5 хоногт хянаж огцруулах эсэх асуудлыг шийдвэрлэнэ” гэсэнтэй тус тус нийцсэн гэж үзэж байна.

******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 18 дугаар тогтоолоор “сумын 2020 оны Орон нутгийн хөгжлийн сан болон Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажилд хяналт тавих” ажлын хэсгийг байгуулсан байдаг бөгөөд тухайн ажлын хэсгийн тайлан дүгнэлтийг мөн сумын Тэргүүлэгчдийн Хуралдаанаар хэлэлцүүлж, илэрсэн зөрчил дутагдлыг эрх бүхий байгууллагад шалгуулахаар шийдвэрлэж, аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанд хандсан, Санхүүгийн хяналт, аудитын албанаас хяналт шалгалт явуулаад 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 72 дугаартай хяналт шалгалтын танилцуулгыг 40 дугаартай албан бичгээр ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлсэн байна.

Уг танилцуулгад, ******* сумын 2020 оны Орон нутгийн хөгжлийн сан болон Орон нутгийн төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчсөн болохыг дурдсан бөгөөд, зөрчил гарсан хугацаанд захиалагч байгууллагыг төлөөлж сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Ц.******* гарын үсэг зурж, баталгаажуулж байсан нь тогтоогдсон.

Нэхэмжлэгчээс “гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай болох нь шүүхээр тогтоогдоогүй байхад сумын Засаг даргын үүрэгт ажлаас огцруулсан нь үндэслэлгүй” гэж нэхэмжлэлийн үндэслэлийг тодорхойлдог ч хяналт шалгалт явуулах эрх бүхий байгууллагаас хууль зөрчсөн болохыг тогтоосон нөхцөл байдлыг няцаагаагүй юм. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т заасан үндэслэлээр Засаг даргыг огцруулахад зайлшгүй гэмт хэрэг үйлдсэн, энэ нь шүүхээс тогтоогдсон байхыг шаардахгүй, харин хууль зөрчсөн болох нь нотлох баримтуудаар тогтоогдсон нь огцруулах хангалттай үндэслэл болох юм.

Удаа дараа огцруулах гээд байгааг хурлын тэмдэглэлээс харахад Ц.******* бүх төлөөлөгчид над руу дайрч байна гэж хэлсэн байсан. Итгэлийг хүлээж чадахгүй байна гэдэг тэмдэглэлээс тогтоогдсон. Гэмт хэрэг үйлдсэн гэсэн үндэслэлээр бус чиг үүргээ хэрэгжүүлж чадахгүй байна гэж үзсэн. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т заасан үндэслэлийг олон талаас нь хэлэлцсэн байсан...гэв.

10. Хариуцагч Өмнөговь аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын өмгөөлөгч Н.Гарьдхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “... нэхэмжлэгч хуралдааны  процесстой холбоотой маргаагүй.

Яагаад Засаг даргыг огцруулах гэж 2 жилийн хугацаанд маргаж байна вэ гэдгийг нэхэмжлэгч анхаарч үзэх хэрэгтэй.

Өмнө нь Засаг даргыг огцруулахдаа хуралдаан зохион байгуулах  процессын алдаа гаргасан байсан тул энэ удаад уг алдааг залруулж,  шийдвэрлэсэн...” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Өмнөговь аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит гуравдугаар хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн ******* дүгээр тогтоолоор Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006/-ийн 18 дугаар зүйлийн 18.1.1-ийн “г”, 25 дугаар зүйлийн 25.1,  32 дугаар зүйлийн 32.2 дахь заалтыг баримтлан сумын Засаг дарга Ц.*******ийг “...хуралдаанд оролцсон 26 төлөөлөгчийн 20 нь буюу 76,9 хувийн саналаар итгэл үзүүлэх боломжгүй гэж үзсэн” гэх үндэслэлээр огцруулах саналыг аймгийн Засаг даргад уламжилсан, Өмнөговь аймгийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн ******* дугаар захирамжаар мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 32 дугаар зүйлийн  32.3  дахь заалт, дээрх тогтоолыг тус тус үндэслэл болгон Ц.*******ийг ******* сумын Засаг даргын албан тушаалаас огцруулсан, нэхэмжлэгч Ц.******* нь “...огцруулах санал нь үндэслэлтэй эсэхийг хянаагүй, өөр ажил албан тушаал эрхэлж байх үеийн асуудалд гэм буруутай эсэх нь эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад огцруулах санал гаргасан, уг шийдвэрийг гаргахдаа сонсох ажиллагаа хийгээгүй, хууль зөрчсөн” гэж маргажээ.

2. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006/-ийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “...сум, ...-ын Хурлын Тэргүүлэгчид ...ийн бүрэн эрхэд ...Хурлын хуралдааныг товлон зарлах, түүний бэлтгэлийг хангах, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон санал, шийдвэрийн төсөл боловсруулах, хэлэлцэх, 22.1.1-д “тухайн Хурлын ээлжит болон ээлжит бус хуралдааныг товлон зарлах, бэлтгэлийг хангах саналыг Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх” гэж заасны гадна, 24 дүгээр зүйлд Хуралд асуудал оруулах эрхийг тусгайлан зааж хуульчилсан байх бөгөөд 24.1-д “Хурлын Тэргүүлэгчид, хороо, түүнчлэн төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй”, 24.3-д “Энэ хуулийн 24.1, ...-д заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэж тус тус заасан.

Хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогчдын тайлбараас үзвэл, ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 28 дугаар тогтоолоор “...Хурлын ээлжит гуравдугаар хуралдаанаар ...сумын Засаг дарга Ц.*******т итгэл үзүүлэх, эс үзүүлэх тухай...” асуудлыг хэлэлцүүлэхээр тогтоосон, уг тогтоол, холбогдох баримтыг хуралдаан болохоос 1 хоногийн өмнө тараасан байх ба энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй байна.

3. ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  ээлжит гуравдугаар хуралдаан 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр товлогдож, хуралдаанд нийт 27 төлөөлөгчийн 26 нь оролцож, 96,2 хувийн ирцтэй хуралдан, хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд тусгагдсан “сумын Засаг дарга Ц.*******т итгэл үзүүлэх, эс үзүүлэх тухай” асуудлыг хэлэлцэн, хуралд оролцсон 26 төлөөлөгчөөс 20 төлөөлөгч нь саналыг дэмжсэн, 2 төлөөлөгч татгалзсан, 4 төлөөлөгч түдгэлзсэн...”, улмаар ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн ******* дүгээр “Сумын Засаг даргыг огцруулах саналын тухай ” тогтоол гарган Өмнөговь аймгийн Засаг даргад хүргүүлсэн болох нь  хэрэгт авагдсан ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн ээлжит гуравдугаар хуралдааны тэмдэглэл, төлөөлөгчдийн хуралдааны ирцийн бүртгэл, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар нотлогдож байна.

4. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006/-ийн 18 дугаар зүйлийн 18.1-д “сум, дүүргийн Хурал нь ...дараах асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ; ...г/Засаг даргыг ...огцруулах санал гаргаж аймаг, нийслэлийн Засаг даргад уламжлах”, 32 дугаар зүйлийн 32.2-т “Засаг дарга гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон, түүнчлэн хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй бол тухайн шатны Хурал түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулах саналыг дээд шатны Засаг дарга буюу Ерөнхий сайдад хүргүүлнэ.”, 25 дугаар зүйлийн 25.1-д “хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн ...олонхын саналаар тус тус батална”, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-д “Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд энэ хуулийн 32.2-т заасан саналыг ажлын 5 хоногт хянаж огцруулах эсэх асуудлыг шийдвэрлэнэ” гэж хуульчилжээ.

5. Хурлын хуралдаанаар сумын Засаг дарга Ц.*******ийг “чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй” гэх үндэслэлээр огцруулсан бөгөөд нэхэмжлэгчийн хувьд Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9-д зааснаар улс төрийн албан тушаалд хамаарч буй учир захиргааны хэргийн шүүхийн хяналтын цар хүрээ нь хурлын үйл ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан эсэх буюу “огцруулсан” шийдвэрийг хууль бус гэж үзэх үндэслэлийг “хэлбэр”-ийн талаас шалгах учиртай.

Өөрөөр хэлбэл, захиргааны хэргийн шүүх нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад Үндсэн хуулиар олгогдсон онцгой бүрэн эрхийг хэрхэн хэрэгжүүлснийг хянахдаа гагцхүү шийдвэр гаргах ажиллагаа хуульд заасан журмыг баримталсан эсэхийг хянах бөгөөд төрийн “ардчилсан зарчим”-ийн дагуу олонхоор шийдвэрлэсэн, ялангуяа Засаг даргыг огцруулах асуудлын хүрээнд “чиг үүргээ биелүүлсэн эсэх” зэрэг бодлого (улс төр)-ын шийдвэрт шүүх эрх зүйн үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй, энэ нь захиргааны хэргийн шүүхийн хяналтад хамаарахгүй.

6. Тухайн Хурал өөрийн онцгой бүрэн эрхэд хамаарах асуудал буюу өөрийн томилуулсан Засаг даргыг хуульд заасан хугацаанаас өмнө “огцруулах” үндэслэл бий болсон гэж үзэж, уг байдлыг Хурлын хуралдаанаар хэлэлцэж, “олонх”-ын саналаар шийдвэрлэсэн нөхцөлд “огцруулах” үндэслэл нь тогтоогдсон эсэх, улмаар “огцруулах санал” гаргах нь үндэслэлтэй эсэхийг шийдвэр гаргах эрх бүхий дээд шатны Засаг дарга “хянах” боломжгүй, харин тус саналыг хүлээн авч “огцруулах”-аар, эсхүл хүлээн авалгүй “огцруулахгүй”-ээр шийдвэрлэх эрх хэмжээтэй болохыг мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д “...саналыг хүлээж аваагүй бол Засаг даргыг огцруулах саналыг нэг жилийн дотор дахин тавихгүй бөгөөд энэ заалт Засаг дарга гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон бол хамаарахгүй” гэж тодотгон заасан байна.

Тодруулбал, сумын Засаг даргыг дээд шатны Засаг дарга буюу аймгийн Засаг даргаас томилж, чөлөөлөх шийдвэрийг гаргах үндэслэл нь тухайн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын олонхын санал байхаар хуульчлагдсан байна.

Тухайн тохиолдолд, нэхэмжлэгч Ц.*******ийг  Засаг даргаас огцруулахаар гаргасан ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  төлөөлөгчийн гаргасан саналыг тус Хурлын ээлжит гуравдугаар хуралдаанаар 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хэлэлцээд сумын Засаг дарга Ц.*******т “итгэл үзүүлэхгүй” гэж хуралдаанд оролцсон нийт 26 төлөөлөгчийн 20 нь үзэж, түүнийг “огцруулах” ******* дугаар тогтоол батлан гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул хариуцагч Өмнөговь аймгийн Засаг дарга нь өөрийн бүрэн эрхийн хүрээнд ******* сумын Засаг дарга Ц.*******ийг  огцруулж шийдвэрлэснийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй.

7. Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-д “захиргааны байгууллагын үйл ажиллагааг тухайлсан хуулиар зохицуулаагүйгээс бусад харилцааг энэ хуулиар зохицуулна” гэж заасан, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006/-д Засаг даргыг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө “огцруулах” үндэслэл, журам, шийдвэрлэх байдлыг тусгайлан зохицуулсан, дээр дурдсанаар Хурлаас гаргасан “огцруулах” саналыг “хянах” дээд шатны Засаг даргын эрх хэмжээ нь Хурлын санал хуульд нийцсэн эсэх хүрээгээр хязгаарлагдах бөгөөд “огцруулах” эсхүл “эс огцруулах”-аар шийдвэрлэх бүрэн эрхийг аймгийн Засаг даргад ямар нэгэн шалгуургүйгээр олгосон байна.

Иймд Өмнөговь аймгийн Засаг дарга нь нэхэмжлэгч Ц.*******ийг “огцруулах”-аар шийдвэрлэхдээ түүнээс урьдчилан тайлбар аваагүй, санал гаргах боломж олгоогүй нь хууль зөрчсөн гэж үзэхгүй, тухайн тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтуудыг хариуцагч аймгийн Засаг даргаас хэрэгжүүлэх үүрэггүй тул энэ үндэслэлээр нэхэмжлэгч Ц.*******ийн “аймгийн Засаг дарга нь ...эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгох,... сонсох ажиллагаа хийлгүй ******* дугаар захирамжийг гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасныг зөрчсөн” гэж маргасан нь үндэслэлгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус  удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006/-ийн 18 дугаар зүйлийн 18.1-ийн ”г”, 25 дугаар зүйлийн 25.1, 32 дугаар зүйлийн 32.2, 32.3 дахь хэсэгт заасныг тус тус  баримтлан нэхэмжлэгч Ц.*******ээс Өмнөговь аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Өмнөговь аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Өмнөговь аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн ******* дүгээр тогтоол, Өмнөговь аймгийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн ******* дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

   2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.БАЯРМАА