Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 101/ШШ2020/01146

 

 

 

 

 

  2020         04            03                                             101/ШШ2020/01146

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Х Х” ХХК

 

Хариуцагч: Б.Б

 

Ус, дулаан хэрэглэсний төлбөр 1,749,725.60 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Дарьсүрэн, З.Амаржаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  

Нэхэмжлэгч “Х Х” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Дарьсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “Х Х” ХХК нь Монгол Улсын Бүртгэлийн гэрчилгээг 2008 оны 6 дугаар сарын 05-ны өдөр авсан бөгөөд Орон сууцны ашиглалт засвар үйлчилгээ үзүүлдэг компани юм. Тус компани нь Эрчим Хүчний Зохицуулах хорооноос “Дулаан түгээх”, “'Дулаанаар зохицуулалттай хангах”, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс “Цэвэр усаар хангаж, бохир ус татан зайлуулах” зэрэг “Тусгай зөвшөөрөл”-үүдийг авч, Баянзүрх дүүргийн 1, 4, 5, 14, 18-р хороо, Сүхбаатар дүүргийн 1, 8 дугаар хороо, Баянгол дүүргийн 7, 20 дугаар хороонд байрлалтай 55 байрны орон сууцны байруудыг халаалт, халуун, хүйтэн усаар тасралтгүй хангаж, инженерийн гадна, дотор шугам сүлжээ, сантехник, цахилгааны засвар үйлчилгээг хариуцан үйл ажиллагаа явуулдаг.

Тус компаний үйлчлэх хүрээнд байрладаг Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Сэнгүр горхи хотхон, 53 а байрны 48 тоотод оршин суугч Балжиннямын Байгальмаа нь:

 

 

2016 оны 10-р сарын төлбөр -48436.96 төгрөг

2016 оны 11 -р сарын төлбөр - 89851.96 төгрөг

2016 оны 12-р сарын төлбөр - 40717.16 төгрөг

2017 оны 01-р сарын төлбөр - 56431.76 төгрөг

2017 оны 02-р сарын төлбөр - 44450.56 төгрөг

2017 оны 03-р сарын төлбөр - 46474.56 төгрөг

2017 оны 04-р сарын төлбөр - 48702.06 төгрөг

2017 оны 05-р сарын төлбөр - 39945.73 төгрөг

2017 оны 06-р сарын төлбөр - 18816.60 төгрөг

2017 оны 07-р сарын төлбөр - 38502.20 төгрөг

2017 оны 08-р сарын төлбөр - 21263.00 төгрөг

2017 оны 09-р сарын төлбөр - 36680.93 төгрөг

2017 оны 10-р сарын төлбөр - 51346.46 төгрөг

2017 оны 11-р сарын төлбөр - 51346.46 төгрөг

2017 оны 12-р сарын төлбөр -42401.26 төгрөг

2018 оны 01-р сарын төлбөр - 43413.26 төгрөг

2018 оны 02-р сарын төлбөр - 60683.26 төгрөг

2018 оны 03-р сарын төлбөр - 45045.66 төгрөг

2018 оны 04-р сарын төлбөр - 62707.26 төгрөг

2018 оны 05-р сарын төлбөр - 38533.33 төгрөг

2018 оны 06-р сарын төлбөр - 2915.00 төгрөг

2018 оны 07-р сарын төлбөр - 25696.00 төгрөг

2018 оны 08-р сарын төлбөр - 22969.80 төгрөг

2018 оны 09-р сарын төлбөр - 87601.73 төгрөг

2018 оны 10-р сарын төлбөр - 53398.66 төгрөг

2018 оны 11 -р сарын төлбөр - 35061.66 төгрөг

2018 оны 12-р сарын төлбөр - 82044.86 төгрөг

2019 оны 01 -р сарын төлбөр - 27251.66 төгрөг

2019 оны 02-р сарын төлбөр - 87707.66 төгрөг

2019 оны 03-р сарын төлбөр - 47403.66 төгрөг

2019 оны 04-р сарын төлбөр - 75948.66 төгрөг

2019 оны 05-р сарын төлбөр - 31444.53 төгрөг

2019 оны 06-р сарын төлбөр - 24518.60 төгрөг

2019 оны 07-р сарын төлбөр - 22494.60 төгрөг

2019 оны 08-р сарын төлбөр - 8595.00 төгрөг

2019 оны 09-р сарын төлбөр - 17113.76 төгрөг

2019 оны 10-р сарын төлбөр - 171809.33 төгрөг

 

Нийт - 1749725.60 /нэг сая долоон зуун дөчин есөн мянга долоон зуун хорин  таван төгрөг жаран мөнгө/ төгрөг байна.

Иймд Баянзүрх дүүргийн 5-р хороо Сэнгүр горхи хотхон, 53 а байрны 48 тоотоод оршин суугч Балжиннямын Байгальмаагаас 2016 оны 10-р сараас 2019 оны 10-р саруудад хэрэглэсэн ус, дулааны төлбөр болох 1749725.60 /нэг сая долоон зуун дөчин есөн мянга долоон зуун хорин таван төгрөг жаран мөнгө/ төгрөгийг удаа дараа нэхдэг боловч төлөхгүй байгаа учир төлбөрийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Байгальмаа шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Б.Б миний Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, “Сэнгүр горхи” хотхоны 53а байрны 48 тоотод амьдардаг. 2016 оны 8 сард манай Сэнгүр горхи хотхоны 53а, 53б байрны оршин суугчдын цахилгааны хүчдэл онцгой хүчтэй ирж, манай гэрийн телевизор, угаалгын машин ажиллагаагүй болсон. Мөн оршин суугчид олноороо цахилгаан хэрэгслүүд нь шатаж хохирсон байсан. Оршин суугчид бүгд ярилцаж яаралтай өргөдөл бичиж Баянзүрх дүүргийн бөхийн өргөөний урд байдаг Баянзүрх дүүргийн цахилгаан шугам сүлжээ компани дээр очиж өргөдлөө өгсөн. Тус компани тодорхой хугацааны дараа хариу өгнө гэж оршин суугчдад хэлж явуулсан. Ингээд сарын дараа иргэд очиж өргөдлийн хариугаа асуухад манайх хариуцахгүй, танай орон сууцны Х Х компани нам даралт учир хариуцна, орон сууцны Х Х компанидаа ханд гэсэн. Бид олноороо Х Х компани дээр очиж асуухад манайх хариуцахгүй гэсэн. Эргээд цахилгаан сүлжээ компани дээрээ очиход манайх хариуцахгүй, орон сууцны компанидаа ханд гэх зэргээр оршин суугчдыг маш олон удаа нааш, цааш нь явуулж хохироосон. Миний бие дээрх 2 байгууллагад олон удаа хэлж яриад миний хохирлыг барагдуулаагүй.

Х Х компани цахилгаан шугам сүлжээ компанитайгаа яриад хэн нь хариуцахаа тодорхой болгож өг гэхэд манайд хамаагүй гэсэн. Энэ 2 байгууллагаас болж олон айл хохирсон бөгөөд 1 айл нь манайх юм. Манай нөхөр 2016 оны 11 сард тал цус харваж, би нөхрөө асарч сувилж, ядарч зүдрэхийн хажуугаар маш их зовсон бөгөөд хохиролтой учир гомдолтой.

Эдгээр 2 байгууллагад энэ байдлаа олон удаа хэлсэн боловч өдий хүртэл миний хохирлыг барагдуулаагүй 2 байгууллага бие бие рүүгээ түлхэж, улмаар үе үе тог таслах, Х Х компанийн Амаржаргал гэгч нь 2 хөгжлийн бэрхшээлтэй хүн нэг нь хэвтэрт, миний бие нэгнээ асарч сувилж ядарсаар эрүүл хөлөө хугалж, 2 суга таягтай бараг явж чадахгүй байгааг харснаа хаалга тогшиж тоолуурын заалт авах гэхээр нь хаалга нээхэд гаднаас токны бусгатал буулгаж, тог таслан харанхуйд дайрч орж ирээд слесарь залууг дуудаж намайг түлхэж ороод тоолуурыг нь салгаж ав гэж тушаал өгч авахуулаад намайг түлхэж хаяад гарч зугтаасан. Энэ хоёр байгууллагад миний хохирлыг барагдуулахгүй бол мөнгийг нь өгөхгүй гэдгээ би анхнаас нь хатуу хэлсэн байсан.

Энэ 2 байгууллага бие бие рүү гээ бурууг чихэж ард иргэдийг хохироосон учир цус харвасан нөхрөө асарч сувилж байсан надад маш хүнд үеүд өнгөрсөн юм. Нөхөр маань 2020 оны 3 дугаар сарын 22-нд нас барсан бөгөөд эдгээр 2 байгууллагын буруугаас болж угаалгын машингүй учир гараар юм аа угаа,ч хөргөгчгүй учир хүнсээ хадгалах газаргүй байсан зэрэг маш их хүнд дарамтанд байлаа.

Х Хын гаргасан хуурамч мөнгөн дүнг эсэргүүцэж байна. Манай байрны оршин суугчид уд дулааны төлбөр  нь дулаан зогсоход зун 5000-8000 төгрөг, өвөл 10,000-25,000 төгрөг л байдаг.

Өөрсдийн буруугаас болж өвчтэй зовлонтой хүмүүсийг хохироосон бөгөөд Х Х компани далимдуулан маш их мөнгө гаргасныг би эсэргүүцэж байна. Харин Х Х компанид ял шийтгэл оногдуулж, өвчтэй зовлонтой нас барсан хүмүүс төлбөрийн чадвар байхгүйг харгалзан үзэж мөнгөн дүнг Х Хт өөрсөд нь төлбөр тооцож бидний хохирлыг барагдуулж өгнө үү.

Эцэст нь хэлэхэд бүхэл бүтэн 4, 5 жил өвчтэй зовлонтой хүмүүс ядарч зовохын хажууд Х Х, цахилгаан сүлжээ компаниуд нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг маш их дарамтанд байлгаж байна. Эх орондоо байна уу, харийн нутагт байна уу гэсээр зовж өдийг хүрлээ.

Иймээс Х Х компанийн доромжлолд нөхөр бид хоёр маш их гомдолтой байна. Өөрсдийн дураар гаргасан асар их мөнгөн дүн хүчингүй болгож өгнө үү. Өөрсдөөр нь төлүүлж, зохих арга хэмжээг авч өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг  шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Х Х” ХХК нь хариуцагч Б.Байгальмаад холбогдуулан, ус, дулаан хэрэглэсний төлбөр 1,749,725.60 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч талууд маргаж байна.

Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Эрчим хүчний зохицуулах хорооны 34/2017, 35/2017, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 00369 дугаартай тусгай зөвшөөрлүүдийн үндсэн дээр дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах, нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэж буй “Х Х” ХХК-ийн үйлчилгээнд хамрагддаг Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Сэнгүр горхи хотхон, 53а байрны 48 тоотод оршин суугч Б.Б нь 2016 оны 10 дугаар сараас  2019 оны 10 дугаар сарыг хүртлэх хугацаанд хэрэглэсэн ус, дулааны төлбөрөө төлөөгүйгээс нийт 1,718,809.33 төгрөгийн төлбөрийн үлдэгдэл үүсгэсэн болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн цэвэр, бохир ус, халаалтын үйлчилгээний тооцооны хуудсуудаар тогтоогдож байна.

Хариуцагч нь цахилгааны доголдлын улмаас өөрийн эд зүйлд учирсан хохирлыг арилгуулах зорилгоор нэхэмжлэгч компанид хандаж байсан, уг асуудлыг шийдвэрлээгүй тул нэхэмжлэлээр шаардаж буй ус, дулааны төлбөрийг төлөөгүй гэх ба шаардаж буй мөнгөн дүнг хуурамч хэмээн маргаж байх боловч цэвэр, бохир ус, халаалтын үйлчилгээний тооцооны хуудсуудыг үгүйсгэж нотлоогүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар, хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд зохигч талууд хэн аль нь дээрх үүргээ биелүүлээгүй.

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д “Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, ... төлнө.” гэж заасныг баримтлан, хариуцагч Б.Байгальмаагаас ус, дулааны төлбөрийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

Нэхэмжлэгч нь 2016 оны 10 дугаар сараас  2019 оны 10 дугаар сарыг хүртлэх хугацаанд хамаарах ус, дулааны төлбөр гаргуулах тухай уг нэхэмжлэлийг 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр тус шүүхэд гаргасан бөгөөд энэ хугацааны туршид хариуцагчаас төлбөрийг шаардаж байсан эсэх талаараа шүүхэд нотлоогүй тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаанд хамаарах төлбөр буюу шүүхэд нэхэмжлэл гаргасан 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс өмнөх 3 жилд хамаарах төлбөрийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 48,436.96 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Мөн хэргийг хэлэлцэх шүүх хуралдааны товыг зохигч талуудад хүргүүлсэн боловч хариуцагч хүндэтгэх шалтгаангүйгээр шүүхэд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан түүний эзгүйд шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасныг баримтлан, хариуцагч Б.Байгальмаагаас 1,701,288.64 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Х Х” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 48,436.96 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Байгальмаагаас улсын тэмдэгтийн хураамж 42,170.61 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Х Х” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.УНДРАА