Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 101/ШШ2020/01320

 

 

 

 

 

 

 

   2020         04         16                                          101/ШШ2020/01320

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:, Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: У.Д

 

Хариуцагч: Т.Б

 

Зээлийн гэрээний үүрэгт 9,809,433.77 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвнайдан, хариуцагч У.Д, Т.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.

 

            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвнайдан шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Монгол шуудан банк болон Хадгаламж банкны хооронд 2010 оны 3 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан 01 тоот “Монгол шуудан банкны актив, пассив, хөрөнгө, тэдгээрийг шаардах эрх шилжүүлэх тухай” гэрээгээр Монгол шуудан банкны зарим шаардах эрхийг Хадгаламж банкинд шилжүүлсэн.

Монголбанкны Ерөнхийлөгчийн 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн “Хадгаламж банк ХХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авах тухай” А-153 дугаар тушаалаар Хадгаламж банк ХХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авч Банкны эрх хүлээн авагч томилсон.

Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсэгт зааснаар Хадгаламж банкны эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрх Банкны эрх хүлээн авагчид шилжсэн. Банкны эрх хүлээн авагчаас Хадгаламж банкны зарим актив, пассив, хөрөнгийг Төрийн банкинд шилжүүлж Хадгаламж банкны чанаргүй актив нь Банкны эрх хүлээн авагчийн тэнцэлд үлдсэн. Үүнд зээлдэгч У.Дид олгосон чанаргүй зээл хамаарч байна.

Иймд Банкны эрх хүлээн авагчаас Банкны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэл гаргаж байгаа болно.

 Зээлдэгч У.Д нь Монголшуудан банктай 2009 оны 01 дүгээр сарын 29- ний өдөр Зээлийн эрхийн гэрээ байгуулж 2,000,000.00 /Хоёр сая/ төгрөгийг 18 сарын хугацаатай авч ашигласан. 2009 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Зээлийн эрхийн гэрээ байгуулж 4,000,000.00 /Дөрвөн сая/ төгрөгийг 18 сарын хугацаатай авч ашигласан.

 2009 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Зээлийн эрхийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах хугацаа сунгах гэрээ байгуулж 4,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай тус тус авч ашигласан.

Зээлдэгч У.Д нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд буцаан төлөх хуваарийн дагуу төлж барагдуулаагүй, зээлийг бүрэн төлж барагдуулах хугацаа дууссан. Банкны зүгээс зээлийг төлөх талаар удаа дараа шаардлагыг тавьж боломжит хугацааг өгсөн боловч өдийг хүртэл зээлийн өр төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй, зээлийг төлөхөөс санаатайгаар зайлсхийж зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, банкыг илт хохироож байгаа тул шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна.

Зээлдэгч У.Дийн үндсэн зээл болон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 2019 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар дараах үлдэгдэлтэй байна.

Үүнд:

1. 2009 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Зээлийн эрхийн гэрээний хувьд: Зээлийн хүүгийн үлдэгдэл 492,577.33 төгрөг

2. 2009 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Зээлийн эхийн гэрээ болон 2009 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Зээлийн эрхийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах хугацаа сунгах гэрээний хувьд: Үндсэн зээлийн үлдэгдэл       7,574,245.99 төгрөг, Зээлийн хүүгийн үлдэгдэл 1,742,610.45 төгрөг, Нийт 9,316,856.44 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Эндээс үзэхэд Зээлдэгч У.Дийн нийт өр төлбөр 9,809,433.77 төгрөг байна.

Зээлдэгч У.Дийн зээлийн хувийн хэргийг судлан үзэхэд түүний авч ашигласан 2009 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн Зээлийн эрхийн гэрээний 4,000,000 төгрөгийн зээлийг тухайн үед Монгол шуудан банкны Картын төвийн захирлаар ажиллаж байсан Т.Б нь зээлдэгч У.Дийн нэр дээр авч ашигласан тухай Хадгаламж банкинд Т.Бын бичгээр гаргаж байсан 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн тодорхойлолт, Т.Бтой 2012 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хийсэн уулзалтын тэмдэглэл зэрэг эх хувь баримт тус тус хадгалагдсан байна.

Банкны эрх хүлээн авагчаас зээлдэгч нарт холбогдуулан 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 101/11132020/01885 дугаартай захирамжаар хариуцагч У.Дид мэдэгдэх ажиллагааг хийж, хариуцагч Т.Бын хаяг тодорхойгүй байгаа нь түүнийг шүүхэд дуудан ирүүлэх, хуульд заасан ажиллагааг хийх боломжгүй гэж үзэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.

Зээлдэгч Т.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Банкны эрх хүлээн авагчийн ажлын байранд ирж уулсан ба түүнээс оршин суугаа хаягийг нь тодруулахад нэхэмжлэлд дурдсан хаяг дээр амьдардаг ба өмнөх хугацаанд хөдөө орон нутагт хувийн ажлаар яваад ирсэн гэх тайлбарыг өгсөн.

Иймд энэхүү нэхэмжлэлийг тус шүүхэд дахин гаргаж байгаа болно. Зээлдэгч У.Д, иргэн Т.Б нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 9,809,433.77  төгрөгийг гаргуулж Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч У.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие, Монгол шуудан банкнаас 2009 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 2,000,000 төгрөг авсан нь үнэн. Энэхүү зээлийн төлбөр хүүг төлсөн. Төлбөр төлсөн баримттай. 2009 оны 02 дугаар сарын 24-ний өдөр, 2009 оны 10 дугаар сарын 23-ны өдөр авсан нийт 8,000,000 төгрөгийг би аваагүй. Иймд төлбөр байгааг мэдсэн тухайн үедээ Т.Б ах банкинд ажиллаж байхдаа миний өмнөөс ийм мөнгө авсан байх даа л гэж бодсон. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэв.

 

Хариуцагч Т.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би, энэхүү нэхэмжлэлтэй холбоотой ямар нэгэн зээлийн гэрээний үүрэг хүлээгээгүй болно. Тухайн үед ажил үүргийн шаардлагаар зээлийн эрхийн гэрээ хийсэн байна. Иргэн У.Дийн уулзалт ярианы дагуу Бод хандсан утга агуулга нь зээлийн эрхийн дүрэм журам, зааврыг Б мэднэ, түүнээс мөнгө зээл, түүнд өгөөгүй гэж ойлгож байна.

Т.Б энэ мөнгийг авч ашигласан тухай холбогдох нотолгоо үндэслэл байхгүй байна. Би, иргэн У.Доос уг зээлтэй холбогдож ямар нэгэн мөнгө хөрөнгө аваагүй. Харин тухайн үед хийсэн зээлийн эрхийн гэрээний талаар тодорхой ойлголт өгөхийг мэргэжлийн хувьд шаардлага гэж үзлээ. Банкны зээлийн эрх, түүнтэй холбогдох нэмэлт гэрээ нь зээл олгосон баримт биш бөгөөд энэ нь зээлийн хүсэлт, зээл эргэн төлөгдөх зээлийн хуваарь, зээл харилцан дансанд орсон баримт, түүнийг нотлох дансны хуулга, дансны хуулгаар зээлийн зарцуулалт нотлогдоно.

Эрх хүлээн авагчийн нэхэмжлэлийн шаардлагад хавсаргасан баримтыг үзэхэд, баримтын бүрдэл хангагдаагүй, зөвхөн зээлийн эрхийн гэрээг үндэс болгосон байна. Гэвч зээлийн эрхийн нэмэлт гэрээнүүд нь зээлийг авч ашигласан гэх баримт нотолгоо үндэслэл биш юм.

Нэмэлт гэрээнүүд нь зөвхөн зээлээ шаардлагатай бол нэмж авч болох хугацааг зээл төлөх хугацааг л сунгаж үлдээсэн баримт бичиг юм. Түүнийг авч ашигласан бол энэ дансанд зээл оруулсан мемориал дотоодын гүйлгээний баримт, дансны хуулгаар нотлогдоно.

Түүнчлэн нэхэмжилсэн зээлийн төлбөр болох 9,809,433.77 төгрөгийн зээлийн тооцоолол, эргэн төлөлтийн хуваарьтай үндэслэлтэй байх ёстой. Үүнээс харин У.Дид олгосон 2,000,000 төгрөгийн зээл нь дансны хуулгаар нотлогдож байна.

Дансны хуулгаар 2009 оны 02 дугаар сарын 24-нд 4,000,000 төгрөг, 2009 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 4,000,000 төгрөг орсон нь харагдахгүй байна. Зээлийн хүү 1,7 сая төгрөгийг яаж тооцож гаргасан нь ойлгомжгүй байна. Нэхэмжилж буй мөнгийг Т.Б авсан тухай үндэслэл нотлох баримт хангалтгүй, ашигласан зээл зээлийн эрхийн тухай ойлголт буруу, дутмаг, дангаараа төлбөр нэхэмжлэх үндэслэл болохгүй гэж үзэж байна.

Иймд зээлийн эрхийн гэрээ, түүний хүчин төгөлдөр хугацаа, хавсаргасан баримтад ашигласан зарцуулалтад анхаарлаа хандуулна уу гэж хүсч байна.

Би, Хадгаламж банкинд 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдөр У.Дийн нэр дээр зээл ач ашигласан тухай бичиг гаргаж өгөөгүй болно.

Энэ тухайгаа 2012 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хийсэн уулзалтаар товч тайлбарласан болно. Түүнээс зээл авсан тухай тайлбар хийгээгүй болно.

Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь хариуцагч У.Д, Т.Б нарт холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 9,809,433.77 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч талууд маргажээ.

Нэхэмжлэгч нь Хадгаламж банк, Монгол шуудан банкуудын хооронд 2010 оны 3 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан 01 дугаартай “Монгол шуудан банкны актив, пассив, хөрөнгө, тэдгээрийг шаардах эрх шилжүүлэх тухай гэрээ”, Монголбанкны ерөнхийлөгчийн 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А-153 дугаартай “Хадгаламж банк ХХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авах тухай”, 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн А-28 дугаартай “Хадгаламж банк” ХХК-д авсан банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээг сунгах тухай тушаалууд болон Банкны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.2 дахь хэсэгт зааснаар Монгол шуудан банкны зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлэхээр шаардах эрхтэй байна.

Хариуцагч У.Д болон Монгол шуудан банк 2009 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 2,000,000 төгрөгийн, 2009 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 4,000,000 төгрөгийн зээлийн эрхийн гэрээг тус тус 18 сарын хугацаатай, зээлийн хүүг Банкны үйлчилгээний хүү, шимтгэлийн ерөнхий нөхцөлд зааснаар тооцох, 2009 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Картын зээлийн эрхийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах хугацаа сунгах гэрээг 24 сарын хугацаатай, 4,000,000 төгрөгийн зээлийн эрхтэй, 2 хувийн хүүтэй, гэрээнд заасан хугацаанд зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хугацаанд үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлтэйгээр тус тус байгуулжээ.

Талуудын байгуулсан дээрх зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.”, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1.-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.” гэж тус тус заасантай нийцсэн, хүчин төгөлдөр байна.

Хариуцагч Т.Б нь нэхэмжлэгчийг зөвхөн зээлийн эрхийн гэрээг үндэс болгосон, уг гэрээ нь зээлийг авч ашигласан гэх баримт нотолгоо биш, зээлийн дансанд хийгдсэн гүйлгээний баримт, дансны хуулгаар нотлогдоно хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч мэтгэлцсэний дээр нэхэмжлэгч нь дээрх зээлийн гэрээтэй холбоотой зээлийн дансны хуулга буюу зээлийн эрхтэй холбоотой санхүүгийн гүйлгээний баримтуудыг нотлох баримтаар гаргаагүй.

Гэвч хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, зээлдэгч У.Д болон банкны картын төвд ажиллаж байсан, түүний үеэл ах гэх Т.Б нарын зүгээс Хадгаламж банкны эрх хүлээн авагчид бичгээр гаргасан тайлбаруудыг хэрэгт чухал ач холбогдолтой гэж үзэх бөгөөд эдгээр баримтын нотолгооны ач холбогдлыг үгүйсгэх нөхцөл байдлыг хариуцагч нар нотолсонгүй.

Тухайлбал, Хадгаламж банкны эрх хүлээн авагч нь 2011 оны 02 дугаар сарын 17, 2011 оны 02 дугаар сарын 22, 2011 оны 3 дугаар сарын 01, 2012 оны 01 дүгээр сарын 26, 2012 оны 01 дүгээр сарын 30-ны өдрүүдэд Т.Б болон зээлдэгч У.Д нартай уулзаж, уулзалтын тэмдэглэл үйлдсэн, 2018 оны 4 дүгээр сарын 10, 2018 оны 11 дүгээр сарын 14, 2019 оны 5 дугаар сарын 14, 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрүүдэд зээлдэгч У.Дид зээл төлөх тухай шаардах хуудас, мэдэгдэх хуудас хүргүүлж байсан, улмаар хариуцагч У.Д 2011 оны 01 дүгээр сарын 18-нд “...МШБ-ны картын зээлийн үлдэгдэл төлбөр 14,015,041 төгрөгийг сар бүр 100,000 төгрөгөөс дээш төлж барагдуулна...”, 2012 оны 01 дүгээр сарын 26-нд “...1,082,725 төгрөгийг өөрөө авсан тул өөрөө төлнө, харин нөгөө данс дахь 8,044,245 төгрөгийн зээлийг би хариуцахгүй, учир нь энэ зээлийн мөнгийг танай картын захирал Т.Б намайг гуйж миний картаар зээл үүсгэж өөрөө авсан тул Т.Б өөрөө хариуцан төлнө. Т.Б нь миний аавын эгчийн хүү мөн...”, 2013 оны 5 дугаар сарын 30-нд “...Монгол шуудан банкнаас 1,700,000 зээлж авсан нь үнэн. 8 сая төгрөг аваагүй. Зээлийн гэрээн дээр банкны захирал Т.Б хоосон цаасан дээр миний гарын үсгийг авсан. Нарийн зүйлсийг надад хэлээгүй. Т.Б өөрөө зээлийг аваад буцааж хариуцна гэж хэлж байсан. Муу зээлдэгч гэснийг дэлгэрэнгүй лавлагаанаас арилгуулмаар байна. Зохих ёсоор нь шүүх цагдаагаар аваагүй зээлийг, өрийг шийдүүлмээр байна. Шаардлагатай гэвэл 492,580 төгрөг төлөхөд бэлэн байна...”, хариуцагч Т.Б 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдөр “...би 2004-009 онд картын төвөөр ажиллаж байх хугацаанд манай хамаатан болох У.Д, У.Баасандорж нарт авсан зээл 10 сая болон 14 сая төгрөгийн асуудлыг олон жилийн өмнөх учраас анхан шатны зээл олгосон баримт зээлийн гэрээг үзэж шийдэх, тодорхой тохиролцоог хийхийг хүсч байна” хэмээн тус тус бичгээр тайлбар гаргаж байжээ.

Дээр дурьдсан хариуцагч нарын бичгээр гаргасан тайлбар нь зээлийн эрхийн гэрээний үндсэн дээр зээл буюу мөнгөн хөрөнгийг авсан бодит үйл баримтыг илэрхийлж байх бөгөөд нэхэмжлэгчийн шаардаж буй зээл, хүүгийн тооцоолол бүхий мөнгөн дүнг хариуцагч тал үгүйсгэж нотлоогүй тул 2009 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Зээлийн эрхийн гэрээний үүрэгт 492,577.33 төгрөг, 2009 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Зээлийн эхийн гэрээ болон 2009 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Зээлийн эрхийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах хугацаа сунгах гэрээний үүрэгт Үндсэн зээлийн үлдэгдэл 7,574,245.99  төгрөг, Зээлийн хүүгийн үлдэгдэл 1,742,610.45 төгрөг, Нийт 9,809,433.77 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

Харин хариуцагч Т.Б нь нэхэмжлэгч тал буюу Монгол шуудан банктай иргэний эрх зүйн аливаа харилцаанд ороогүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасан, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд биш байх тул түүнд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж иргэний хэргийн шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус зааснаар хариуцагч У.Доос 9,809,433.77 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгож, хариуцагч Т.Бод холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж, хариуцагч У.Доос улсын тэмдэгтийн хураамж 171,900 төгрөгийг гаргуулж Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 100200300941 дугаар дансанд төлүүлсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Б.УНДРАА