Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2022/00388

 

“Х б” ХХК дахь банкны эрх

хүлээн авагчийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2020/01320 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1344 дүгээр магадлалтай,

“Х б” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй,

У.Д, Т.Б нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 9,809,433.77 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч Б.Билгүүний хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, Л.Г, хариуцагч У.Дийн өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Х б” ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь хариуцагч У.Д, Т.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9,809,433.77 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч У.Д эс зөвшөөрч, ...2009.01.29-ний өдөр 2,000,000 төгрөг авсан нь үнэн, гэрээний дагуу зээл, хүүг төлсөн. 2009.02.24, 2009.10.23-ны өдөр нийт 8,000,000 төгрөгийн зээл аваагүй. Ийм төлбөр байгааг мэдсэн, тухайн үед Т.Б ах банкинд ажиллаж байхдаа миний өмнөөс ийм мөнгө авсан байх гэж бодсон. ...хэргийг үнэн зөвөөр шийдвэрлүүлэх хүсэлтэй... гэж маргасан, хариуцагч Т.Б ...нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, ...У.Дид 2009.02.24, 2009.10.23ы өдөр тус бүр 4,000,000 төгрөг олгосон нь нотлогдоогүй, зээлийн хүү 1,7 сая төгрөгийг яаж тооцсон нь ойлгомжгүй. ...нэхэмжилж буй мөнгийг Т.Б авсан тухай үндэслэл, нотлох баримт хангалтгүй... гэсэн тайлбар гаргасан байна.

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2020/01320 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус зааснаар хариуцагч У.Доос 9,809,433.77 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х б ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгож, хариуцагч Т.Бод холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч У.Доос улсын тэмдэгтийн хураамж 171,900 төгрөгийг гаргуулж Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 100200300941 дугаар дансанд төлүүлэхээр шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1344 дүгээр магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2020/01320 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч У.Дийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч У.Дийн өмгөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 171,901 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээхээр шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Билгүүн хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Х б ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй Т.Б, У.Д нарт холбогдох иргэний хэрэгт Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.16-ны өдрийн дугаар 101/ШШ2020/01320 тоот шүүхийн шийдвэртэй, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.06.22-ны өдрийн дугаар 1344 тоот магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагч У.Доос 9,809,433.77 төгрөг гаргуулан шийдвэрлэснийг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1.3 дахь хэсгийг үндэслэн дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

4.1. Хавтаст хэрэгт 2,000,000 төгрөгийн Зээлийн эрхийн гэрээ, 4,000,000 төгрөгийн зээлийн эрхийн гэрээ авагдсан байдаг бөгөөд уг 4,000,000 төгрөгийн зээлийн эрхийн гэрээний хугацааг сунгах хүсэлт байдаг буюу нэхэмжлэгчийн тайлбарлаж буй шиг 3 зээлийн гэрээ байдаггүй. Гэтэл эдгээр нотлох баримтыг зөв дүгнээгүй буюу гагцхүү 2009.10.23-ны өдрийн 4,000,000 төгрөгийн зээлийн эрхийн гэрээг сунгах хүсэлтийг ахин гэрээ байгуулагдсан хэмээн үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан нь үндэслэлгүй байна. Мөн бодит байдал дээр хариуцагч нь уг зээлийг авч хэрэглээгүй бөгөөд нэхэмжлэгчийн гаргаж өгсөн зээлийн дансны хуулгыг уг зээлийг хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болохгүй. Зээлийн дансны хуулга нь харилцах данснаас ялгаатай бөгөөд чөлөөтэй зарлага гарган ашиглаж болдоггүй бөгөөд хариуцагч нь уг зээлийг хэрэглэснээ хүлээн зөвшөөрдөггүй ба нэхэмжлэгч нь уг зээлийг олгосон гэдгийг нотолж чаддаггүй хариуцагчийн зүгээс нотлох баримтыг буруу үнэлсэн хэмээн үзэж байна.

4.2. Нэхэмжлэлийн шаардлага туйлын тодорхойгүй бөгөөд үндсэн зээлийн үлдэгдэл, хүүгийн үлдэгдэл зэрэг ойлгомжгүй хэдийгээс хэдий хугацааны хооронд гэдгийг нэхэмжлэгч тайлбарлаж чадахгүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхой байх ёстой буюу хэдээс хэдэн оны хэдэн хувийн хүү нэхэмжилсэн мөн шүүхээс хэдээс хэдэн оны үндсэн зээл, хүүг төлөх ёстой хэмээн дүгнэсэн нь туйлын тодорхойгүй байна.

4.3. Уг зээлийг хариуцагч нь бодит байдал дээр авч хэрэглээгүй буюу тус эд хөрөнгийн нэхэмжлэгч хариуцагчид шилжүүлээгүй хариуцагч хэрэглээгүй нь тус 2 зээлийн эрхийн гэрээг хүчин төгөлдөр болсон гэж үзэх үндэслэл болохгүй. Иргэний хуульд зааснаар тус гэрээ нь тодорхой эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлснээр хүчин төгөлдөр болох ёстой бөгөөд үүнийг нотолсон баримт хэрэгт огт байдаггүй тул гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж үзэх үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийн гаргаж өгсөн дансны хуулгын дугаар зөрүүтэй байдаг.

4.4. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байхаар заасан ба талуудын хооронд үүссэн харилцаа нь 2009 онд болсон ба нэхэмжлэгч хариуцагчаас шаардах эрх 2009 онд үүссэн гэдэгтэй маргадаггүй. Гэвч үүнийг дүгнээгүй нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж хариуцагч У.Доос 9,809,433.77 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.06.22-ны өдрийн дугаар 1344 тоот магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.16-ны өдрийн дугаар 101/ШШ2020/01320 тоот шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв. 

6. Нэхэмжлэгч “Х б” ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь хариуцагч У.Д, Т.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9,809,433.77 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч У.Д эс зөвшөөрч, ...2009.01.29-ний өдөр 2,000,000 төгрөг авсан нь үнэн, гэрээний дагуу зээл, хүүг төлсөн. 2009.02.24, 2009.10.23-ны өдөр нийт 8,000,000 төгрөгийн зээл аваагүй. Ийм төлбөр байгааг мэдсэн, тухайн үед Т.Б ах банкинд ажиллаж байхдаа миний өмнөөс ийм мөнгө авсан байх гэж бодсон. ...хэргийг үнэн зөвөөр шийдвэрлүүлэх хүсэлтэй... гэж маргасан, хариуцагч Т.Б ...нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, ...У.Дид 2009.02.24, 2009.10.23ы өдөр тус бүр 4,000,000 төгрөг олгосон нь нотлогдоогүй, зээлийн хүү 1,7 сая төгрөгийг яаж тооцсон нь ойлгомжгүй. ...нэхэмжилж буй мөнгийг Т.Б авсан тухай үндэслэл, нотлох баримт хангалтгүй... гэсэн тайлбар гаргасан байна.

7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээжээ. 

8. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нь Х б ХХК, М ш б ХХК-ийн хооронд 2010.03.17-ны өдөр байгуулагдсан 01 дугаартай “М ш бны актив, пассив, хөрөнгө, тэдгээрийг шаардах эрх шилжүүлэх гэрээ”, Монголбанкны ерөнхийлөгчийн 2013.07.22-ны өдрийн А-153 дугаартай “Х б ХХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авах тухай”, 2020.02.04-ний өдрийн А-28 дугаартай “Х б ХХК-д авсан банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээг сунгах тухай” тушаалууд болон Банкны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.2-т зааснаар М ш бны зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлэхээр шаардсан байна.

9. У.Д болон “М ш б” ХХК-ийн хооронд 2009.01.29-ний өдөр 2,000,000 төгрөгийн, 2009.09.24-ний өдөр 4,000,000 төгрөгийн зээлийн эрхийн гэрээ байгуулагдсан, тус гэрээгээр зээлийг 18 сарын хугацаатай, хүүг Банкны үйлчилгээний хүү, шимтгэлийн ерөнхий нөхцөлд зааснаар тооцохоор, 2009.10.23-ны өдөр Картын зээлийн эрхийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах хугацаа сунгах гэрээг 24 сарын хугацаатай байгуулж, 4,000,000 төгрөгийн зээлийн эрхтэй, 2 хувийн хүүтэй байхаар харилцан тохиролцжээ.

10. Анхан болон давж заалдах шатны шүүх талуудын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс иргэнд олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасанд нийцсэн байна.

11. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээхээр тус тус заасан.

12. Хариуцагч У.Доос ...2009.01.29-ний өдөр 2,000,000 төгрөг авсан, харин 2009.02.24, 2009.10.23-ны өдрийн гэрээгээр 8,000,000 төгрөгийн зээл аваагүй гэж маргах боловч хэрэгт нотлох баримтаар авагдсан, Зээлийн дансны хуулга /хх-ийн 41 тал/-аар нэхэмжлэгчид 2010.10.01-ний өдөр 8,444,245.99 төгрөгийн картын эрхийн зээл олгосон, мөн У.Дийн Х бинд хандаж 2011.01.18-ны өдөр гаргасан ...МШБ-ны картын зээлийн үлдэгдэл төлбөр 14,015,041 төгрөг. Өөрийн ажлын сарын цалингаас сар бүр 100,000 төгрөгөөс дээш төлж барагдуулна” гэсэн тодорхойлолт /хх-ийн 69 тал/ зэрэг баримтуудаар хариуцагч У.Д нэхэмжилсэн зээлийн гэрээний үүргийг хариуцах үндэслэлтэй нь тогтоогджээ.   

13. Хоёр шатны шүүх хариуцагч У.Доос зээлийн гэрээний үүрэгт буюу 2009.01.29-ний өдрийн зээлийн эрхийн гэрээний дагуу хүүнд 492,577.33 төгрөг, 2009.02.24, 2009.10.23-ны өдрийн зээлийн эрхийн гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөрт 7,574,245.99 төгрөг, хүүнд 1,742,610.45 төгрөг, нийт 9,809,433.77 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасантай нийцсэн байна.

14. Түүнчлэн хариуцагч У.Д нь 8,000,000 төгрөгийн зээлийг Т.Б авсан гэж маргасан, гэвч зээлийн эрхийн гэрээ нь М ш б ХХК болон У.Д нарын хооронд байгуулагдсан, тэрээр зээлийн картын эзэмшигч тул төлбөрийг хариуцагч Т.Боос гаргуулах боломжгүй үндэслэлийн талаар, мөн хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар тасалдсан үндэслэлийн талаар хоёр шатны шүүхийн хийсэн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй, Х б ХХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авсан, 2013.07.23-ны өдрөөр нэхэмжлэгч зээлийн тооцооллыг тасалбар болгосон нь хуульд нийцжээ.

15. Анхан болон давж заалдах шатны шүүх тухайн маргаанд хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчөөгүй тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн “...шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн хяналтын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар  зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2020/01320 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1344 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.07.21-ний өдөр төлсөн 171,901 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Х.ЭРДЭНЭСУВД

ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ

                                                                                                   П.ЗОЛЗАЯА

                                                                                                   Б.МӨНХТУЯА

                                                                                                   Д.ЦОЛМОН