Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
Хэргийн индекс | 183/2019/03416/И |
Дугаар | 001/ХТ2022/00267 |
Огноо | 2022-03-10 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 001/ХТ2022/00267
2022 оны 03 сарын 10 өдөр | Дугаар 001/ХТ2022/00267 |
Жемтрейд ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2020/00574 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 943 дугаар магадлалтай,
Жемтрейд ХХК-ийн нэхэмжлэлтэй,
О.*******д холбогдох
Гэрээний үүргийн гүйцэтгэлд 6,903,705 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагч болон түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жавхланбаяр, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Жемтрейд ХХК нь хариуцагч О.*******д холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 6,903,705 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2020/00574 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан Жемтрейд ХХК-ийн нэхэмжлэлтэй, О.*******д холбогдох гэрээний үүргийн гүйцэтгэлд 6,903,705 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Жемтрейд ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төлсөн 125,410 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 943 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2020/00574 дүгээр шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт тус тус зааснаар хариуцагч О.*******гээс 6,903,705 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Жемтрейд ХХК-д олгосугай гэж, 2 дах заалтын хэвээр үлдээсүгэй гэснийг хэвээр үлдээж, хариуцагч О.*******гээс 125,410 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Жемтрейд ХХК-д олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Хариуцагч болон түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2020.04.27-ны өдрийн 943 дугаар магадлалыг хүчингүй болгуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах тухай. Давж заалдах шатны шүүхийн дүгнэлт, хариуцагчийн өмгөөлөгч миний зүгээс гаргасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан 2018 оны 5 сард Баянзүрх дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тэрхүү Жемтрейд ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийн хариуцагч нь О.******* гэх иргэн бус Кинг Гоби ХХК гэж тодорхой тусгагдсан байгаа талаар болон О.*******д холбогдуулан анх удаа шүүхэд хандсан хугацаа нь 2019.07.19-ний өдөр байна гэх тайлбарыг гаргаж мэтгэлцсэн талаар нэг үг үсэг тусгалгүй, хөөн хэлэлцэх хугацааны талаар маргаагүй мэтээр бичигдсэн байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтууд болох Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018.05.18-ны өдрийн 101/Ш32018/09320 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаас үзэхэд нэхэмжлэгч нь Жемтрейд ХХК, хариуцагч нь Кинг Гоби ХХК болох нь тодорхой харагдаж байна. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.08.24-ний өдрийн 183/ШШ2018/01914 дугаар шийдвэрээс үзэхэд Жемтрейд ХХК нь хариуцагч Кинг Гоби ХХК-ийг эрэн сурвалжлуулахдаа нэхэмжлэгч О.*******г хамтад нь эрэн сурвалжлуулсан гэх үйл баримт, Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2019.06.06-ны өдрийн 2506/5130 дугаартай Албан тоотоос үзэхэд хариуцагч О.*******гийн хаягийг олж тогтоосон гэх үйл баримт, Жемтрейд ХХК-ийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан 2019.07.18-ны өдрийн нэхэмжлэл, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.07.26-ны өдрийн 183/Ш32019/08805 дугаар Иргэний хэрэг үүсгэх тухай захирамжаас үзэхэд Жемтрейд ХХК нь хариуцагч О.*******д холбогдуулж 2019.07.18-ны өдөр анх удаагаа шүүхэд нэхэмжлэл гаргасан болох нь тогтоогдож байна. Хэрэв Жемтрейд ХХК-аас хариуцагч О.*******д холбогдуулж 2019.07.18-ны өдрөөс өмнө нэхэмжлэл гаргаж байсан тул тус баримтаа хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагад үнийн дүн 4,602,470 төгрөгийн үлдэгдэлтэй гэж тооцсоноос үзэхэд нэхэмжлэгч О.******* нь гэрээгээр тохиролцсоны дагуу эхний 2 удаагийн төлөлтүүдийг төлж байсан байх ба 2016.01.20-ны өдрөөс хойш төлбөр төлөөгүй гэж үзэх үйл баримт тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, О.******* нь 2016.01.20-ны өдрөөс хойш төлбөр төлөөгүй тул нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах шаардах эрх 2016.03.20-ны өдөр үүссэн аль эсхүл талуудын харилцан тохиролцсон төлбөр төлөх сүүлийн хугацаа болох 2016.06.20-ны өдрөөс үүссэн байх тул хөөн хэлэлцэх хугацааг тус үеэс тооцно. Гэтэл шүүхээс илтэд илэрхий буюу хариуцагч Кинг Гоби гэж тодорхой тусгагдсан 2018.05.18-ны өдрийн 101/Ш32018/09320 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийг нотлох баримтаар үнэлэхдээ О.*******д холбогдуулан нэхэмжлэл гаргасан, дээрх цаг хугацаанаас хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж
шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2020.04.27-ны өдрийн 943 дугаартай магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
5. Нэхэмжлэгч Жемтрейд ХХК нь хариуцагч О.*******д холбогдуулан төлбөр төлөх гэрээний үлдэгдэл 4,602,470 төгрөг, алданги 2,301,235 төгрөг, нийт 6,903,705 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, хариуцагч нь Кинг говь ХХК, хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргажээ.
6. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрт өөрчлөлт оруулахдаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангасан байна.
7. 2015.07.01-ний өдөр Кинг говь ХХК болон Жемтрейд ХХК-ийн хооронд байгуулагдсан Худалдааны хамтын ажиллагааны гэрээ-гээр Жемтрейд ХХК нь бараа бүтээгдэхүүнийг бэлэн мөнгөөр болон зээлээр нийлүүлэх, борлуулагч Кинг говь ХХК нь гэрээ байгуулсан өдрөөс 2016.06.30-ны өдрийг хүртэл хугацаанд бараа бүтээгдэхүүнийг бэлэн мөнгөөр болон 3,000,000 төгрөгөөс хэтрэхгүй хэмжээний зээлээр худалдан авч, төлбөрийг тухайн сарын 30-ны өдрийн дотор төлөх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож алданги төлөхөөр тус тус тохиролцсон, борлуулагч Кинг говь ХХК-ийг төлөөлж хариуцагч О.******* гарын үсэг зурсан байна.
Хоёр шатны шүүх дээрх хэлцлийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээ гэж үзсэн нь зөв юм.
8. Нэхэмжлэгч Жемтрейд ХХК-ийн хариуцагч О.*******тэй байгуулсан 2016.01.04-ний өдрийн 110/03 тоот төлбөр барагдуулах гэрээгээр дээрх худалдах- худалдан авах гэрээний төлбөрийн үлдэгдэл 5,250,120 төгрөг төлөхийг хариуцагч хүлээн зөвшөөрч, төлбөр төлөх хуваарийг харилцан тохиролцож хавсралтаар баталгаажуулсан ба хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, энэхүү хэлцэл нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон байна.
9. Анхан шатны шүүх ...хоёр гэрээний дагуу хариуцагч О.******* нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 243 дугаар зүйлийн 243.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар нэхэмжлэгч Жемтрейд ХХК-ийн өмнө үүрэг хүлээгээгүй байна гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ маргааны үйл баримтад Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт заасныг хэрэглээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасангүй.
10. ... хэрэгт хамааралгүй Фамили март ХХК-ийн талаар болон хариуцагч О.******* нь нэхэмжлэгч Жемтрейд ХХК-ийн өмнө үүрэг хүлээгээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж анхан шатны шүүхийг буруутгасан давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг хуульд нийцсэн гэж үзнэ.
11. Давж заалдах шатны шүүх ...төлбөр барагдуулах гэрээнд гэрээний талуудыг Жемтрейд ХХК, О.******* гэж тодорхойлж, хариуцагчийн регистрийн дугаарыг тусгасан, гэрээнд хариуцагч О.******* гарын үсэг зурсан талаар маргаагүй зэргээс үзэхэд энэ хэргийн зохигчийн хооронд мөнгөн төлбөрийн үүрэг үүссэн гэж үзэх үндэслэлтэй, Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.8, 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт тус тус зааснаар Кинг говь ХХК-ийн Жемтрейд ХХК-д төлөх өр төлбөр хариуцагч О.*******д шилжсэн гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь мөн хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасныг зөрчөөгүй, хэргийн баримтыг хуульд зааснаар үнэлсэн тул магадлалыг хэвээр үлдээнэ.
12. Хариуцагч болон түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан ...хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тухай гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна. Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь 2019.11.14-ний өдөр нэхэмжлэл гаргасан, хэргийн 45 дахь талд авагдсан баримтаар хариуцагч О.*******г Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар эрэн сурвалжлах 183/ШШ2018/01914 шийдвэр 2018.08.24-ний өдөр гарсан байх тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хугацааг өнгөрсөн гэж үзэхгүй.
13. Давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан тул магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч болон түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 943 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч болон түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр төлсөн 125,410 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД