Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 215

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж, шүүгч Л.Баатар, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй  

Нарийн бичгийн дарга Х.Дашням,

Улсын яллагч Б.Гантулга,

Иргэдийн төлөөлөгч Ж.Саранбадам,

Хохирогч Х.Одонтунгалаг,

Шинжээч С.Одончимэг,

Шүүгдэгч О.Даринчулуун, түүний өмгөөлөгч Д.Төмөрбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Даруу овогт Отгонжамцын Даринчулуунд холбогдох 201626011964 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1985 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ах, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Салхитын 3-1 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй Даруу овогт Отгонжамцын Даринчулуун /РД:85012575/

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч О.Даринчулуун нь 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Салхитын 3-1 тоотод байрлах гэртээ хамтран амьдрагч Х.Одонтунгалагийг архи уугаад, үхрээ саасангүй гэх шалтгааны улмаар маргалдан модон сандлын хөл шидэж, толгойн тус газар нь цохиж биемахбодид нь “зүүн чамархай, зулай ясны хугарал, тархины хатуу бүрхүүл доорхи цусан хураа” бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                 ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

            Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл: иргэн Х.Одонтунгалагаас “... СХД  24 дүгээр хороо Салхитын 3-1 тоотод хамтран амьдрагч О.Даринчулуунд зодуулсан” тухай /хх-ийн 3х/

 

            Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг /хх-ийн 4-7х/

 

            Иргэн Х.Одонтунгалагийн 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр өгсөн тайлбар: “...2016 оны 07 дугаар сарын 23-ны өдөр манай хамтран амьдрагч Даринчулуун намайг архи уулаа гээд бид 2 хоорондоо жаахан муудалцаж хэрэлдсэн. Тухайн үед би архи уучихсан  согтуу байсан болохоор юу болсоныг сайн санахгүй байна. Гэхдээ миний санаж  байгаагаар хамтран амьдрагч маань миний толгойны ар хэсэг рүү модон сандлын хөлөөр нэг удаа цохьсон. Тэгээд ... би ухаан алдсан байсан” гэх /хх-ийн 8х/

 

            Хохирогч Х.Одонтунгалагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

            - 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн мэдүүлэг: “...2016 оны 7 дугаар сарын 22-ны өдөр би манай баруун талын айл руу орж Баяраа, Думаа гэх хоёр хүнтэй ганц юм уухаар болоод манай нөхөр Даринчулууныг аваад бид дөрөв 0,75 литрийн 1 шил архи, дахиад 0,5 литрийн нэг шил архи, 2 том пиво авч уулын энгэрт гарч уусан. Тэгээд Думаа, Баяраа нар нь гэр рүүгээ харилаа, хүүхэд уйлаад байна гээд явсан. Даринчулуун бид хоёр шууд гэр рүүгээ орсоны дараа Даринчулуун намайг “чи яах гэж архи уусан юм бэ” гээд уурлаад байхаар нь “чамд миний архи уух ямар хамаатай юм бэ” гээд би очоод Даринчулууны цээж, гарыг нь маажаад фудболкийг нь ураад, Даринчулуун руу зуухны хажууд байсан цэнхэр өнгийн модон сандлыг аваад шидсэн чинь онолгүй авдрын булан оноод сандал эвдрээд салаад унасан. Тэгээд би хаалгаар гарах гэсэн чинь Даринчулуун уг эвдэрсэн сандалны 1 хөлийг аваад араас шидсэн чинь тэр сандлын хөл нь гал тогооны шүүгээ оноод буцаж ойгоод миний толгой дээр оносон. Тэгээд би гэртээ ороод унтаад өгсөн ба түүнээс хойш маргалдаж зодолдсон зүйл байгаагүй. Ингээд маргааш өглөө нь толгой өвдөөд босож чадахгүй байхаар нь түргэн дуудсан чинь эмч ирээд бухимдлаас болсон байна гэж хэлээд явсан. Маргааш нь буюу 24-ний өдөр мөн толгой өвдөөд босож чадахгүй байхаар нь дахин түргэн дуудсан чинь эмч ирж үзээд мөн л бухимдлаас болсон байна гэж хэлсэн ба маргааш нь бас өвдөөд байхаар нь Цамбагарав төв дээр байдаг эмнэлэг дээр очиж үзүүлээд толгойны зураг авахуулсан чинь тархиндаа гэмтэлтэй байна, гэмтэлд очиж үзүүл гэхээр нь би гэмтэл рүү очоод тэнд тархины хагалгаанд орсон. Надад гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16х/

            -2016 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр өгсөн мэдүүлэг:  “...Даринчулуун руу би сандал шидээд, өөдөөс нь хэрэлдээд байсан учир Даринчулуун уурлаад эвдэрсэн сандлын хөлийг над руу шидсэн чинь тэр хөл нь миний толгойд оноод гэмтэл учруулсан. Тэрнээс өмнө нь зүгээр байсан. Үхэр саах, мөн архи уусан гэдгээс болоод л маргаж байгаад толгойдоо цохиулсан. Өмнө нь унаж бэртэж байсан болон толгойд юмаар цохигдож байсан удаа байхгүй, зүгээр байсан. Толгой өвдөөд эхэлсэн учир тэр орой би гарч, ороогүй шууд унтаад өгсөн. Тэр өдрийн маргааш нь толгой өвдөөд бага зэрэг огих гээд байсан. Тэрнээс өөр гэмтэл мэдрэгдээгүй боловч сандлын хөлөөр цохиулсанаас хойш 2 хоног би босож чадахгүй байсан ба босохоор толгой эргээд явж чадахгүй байсан учир эмнэлэгт хандах болсон....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17 х/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.Одонтунгалагийн өгсөн:

 “....2016 оны 7 дугаар сарын 22-ны өдөр нөхөр Даринчулуун, Баяраа Дулмаа дөрвүүлээ нийлж уулын энгэрт 750, 500 граммын нэг, нэг шил архи, хоёр пиво хувааж уусан. Баяраа, Дулмаа хоёр хүүхдээ орхисон гээд яваад өгсөн. Бид хоёр бас гэр лүүгээ явсан. Нөхөр Даринчулуун намайг үхэр малаа саасангүй, надтай цуг архи уулаа гэхээр нь би уурлаад миний архи уух чамд ямар хамаатай юм бэ гээд сандал авч нөхөр рүүгээ шидсэн. Сандал авдарны буланд бутарч унасан. Нөхөр Даринчулуун эвдэрсэн сандлыг над руу шидэхэд хананд ойгоод унасан. Намайг цохиогүй, оноогүй. Би өөрөө жорлонгоос гарч яваад усны тэргэнд бүдэрч унаад гэмтэл авсан. Усны тэрэгний хажууд байсан төмрөнд толгойгоо  цохисон гэсэн,

Эсхүл жорлонгоос гарч явахдаа хальтарч унаад гэмтсэн, эсхүл гэрийн довжооны уруу толгойн баруун хэсгээрээ усны тэрэг дээр унасан, эсхүл толгойн зүүн хэсгээр дарж унаснаас үүссэн, эсхүл их согтсон тул архи хөлөндөө орсноос унаж гэмтсэн” гэх мэтээр мэдүүлсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 10507 дугаар дүгнэлтэд:

1/ Х.Одонтунгалагийн биед Зүүн чамархай зулай ясны хугарал, тархины хатуу бүрхүүл доорхи цусан хураа, цусан хурааг авах мэс ажилбарын дараах байдал зэрэг гэмтлүүд тогтоогдлоо.

2/ Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

3/ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.З-т зааснаар хүнд зэргийн гэмтэл болно.

4/ Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээний явц, эдгэрэл төгсгөлөөс шалтгаална гэжээ. /хх-ийн 24 х/

 

Шинжээч С.Одончимэгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Х.Одонтунгалагийн биед үүссэн гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэг болон хэдэн ч удаагийн үйлчлэлээр үүсэж болно. Хатуу мохоо гэдэгт хурц ирмэггүй зүйлс орно. Модоор цохигдох үед үүсэх боломжтой. Нилээн их хүч үйлчилж байж цусан хураа үүснэ. Хохирогчийн хувьд зулайн оройн хэсэгт шууд хүч үйлчилсэн буюу цохих, цохигдох үед үүсэх боломжтой. Харин ханын толгой руу шидсэн модны хүч нь эргэж ойхдоо суларсан байдаг тул ийм хэмжээний гэмтэл учруулах боломжгүй. Түүнээс гадна хугарал нь хаана байна тэнд хүч үйлчилсэн байна. Түүнээс баруун талаараа унахад зүүн талд гэмтэл үүсэх боломжгүй. Хохирогчид учирсан гэмтэл халтирч унах, шургаж унах зэргээс үүсэх боломжгүй байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25 х, шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Гэрч О.Чулуунхүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2016 оны 7 дугаар сарын 22-ны өдөр би гадуур ажлын хүмүүсийн хамт явж байгаад төрсөн дүү Даринчулууны гэрт орой 22:00 цаг өнгөрч байхад очсон. Намайг орох гэж байхад гэрийн гаднаас тэр хоёр маргалдаж байгаа нь сонсогдож байсан ба гэрт ороход Даринчулуун, Одонтунгалаг нар нь халамцуу байдалтай үхэр, мал саасангүй гээд маргалдаад гэрийн хоёр талд сууж байсан. Тэгснээ  Даринчулуун, Одонтунгалаг нар нь хоёулаа босож ирээд зууралдаад байсан... Тэгэхээр нь би “маргалдахаа болиоч” гэж хэлчихээд гараад явсан. Тэгээд би тэднийхээс гараад айлд хоночихоод маргааш нь 10:00 цаг болох гэж байхад Даринчулууны гэрт ороход Даринчулуун Одонтунгалаг хоёр орноосоо босоогүй хэвтэж байсан. Тэгэхэд Одонтунгалаг нь орноосоо босохгүй огиод бөөлжих гээд байхаар нь “яасан юм бэ шартаад байгаа юм уу” гэхэд Одонтунгалаг мэдэхгүй гээд дуу муутай байсан. Тэгээд би удаагүй ажилдаа явчихаад орой 17:00 цагийн орчимд ирсэн чинь Одонтунгалаг орноосоо босоогүй, өдөржингөө хэвтлээ гээд царай нь тааруу цонхийсон байдалтай хэвтэж байсан...

 Даринчулуун нь тогтуун даруу зантай, элдэв муу зан, уур уцаар байдаггүй. Төлөв зантай хүн. Муу зуршил гээд байх зүйл байхгүй. Архи хаяа уудаг. Уухаараа элдэв зан гаргаад, агсам тавиад байдаггүй. Гэр бүлийнхэнтэйгээ сайн харьцаатай. Гэр бүлийн хувьд Одонтунгалаг гэх 1 хүүхэдтэй хүнтэй 6 жилийн өмнөөс хамтран амьдрах болсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20 х/

 

Гэрч О.Отгонбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Даринчулуун нь манай аавын эгчийн хүүхэд байгаа. Зан байдлын хувьд гайгүй зантай. Бусадтай маргалдаж зодолдоод байдаггүй. Элдэв муухай ааш гаргаад байдаггүй. Хүнтэй эелдэг харьцаатай. Би уурлаж байхыг нь харж байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22 х/   

 

Насанд хүрээгүй гэрч О.Ганбаярын мэдүүлэг /хх-ийн 21х/

 

            Иргэн О.Даринчулууны 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр өгсөн тайлбар: “...Одонтунгалаг уурандаа  гэрийн зүүн талын орны хажуу талд  байсан цэнхэр өнгийн жижиг модон сандал  аваад над руу шидээд онолгүй гэрийн багана цохиод салаад унахаар нь би салсан сандалынх нь хөлийг баруун гартаа барьж байгаад зүүн талын орон дээр сууж байсан Одонтунгалаг дээр очоод толгойн орой хэсэг рүү нь 2 удаа цохьсон. Манай ах Чулуунхүү гаднаас орж ирээд бид хоёрыг салгасан” гэх /хх-ийн 9-10х/

 

Шүүгдэгч О.Даринчулууны мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр:

 “...2016 оны 7 дугаар сарын 22-ны өдөр би зүс таних Баяраа болон түүний эхнэр Думаа нартай уулзаад 0,75 литрийн нэг шил архи, 0,5 литрийн нэг шил архи, 2 том пиво авч гэрийн хажуу талын уулан дээр гарч хувааж уусан. Ингээд архиа ууж дуусаад Баяраа, Думаа нар харьсан. Тэгээд би эхнэрээ дагуулаад гэртээ ирээд эхнэр Одонтунгалагт “үхрээ саа” гэж хэлчихээд би хэвтээд өгсөн юм. Тэгтэл эхнэр Одонтунгалаг “адилхан уучихаад” гээд уурлаад намайг татаж чангаагаад, нүүр ам, гар маажаад байхаар нь түлхчихээд би буруу хараад хэвтсэн чинь Одонтунгалаг намайг босооч гэж хэлээд цэнхэр өнгийн модон сандлыг аваад над руу шидсэн чинь тэр нь намайг онолгүй авдар оноод салаад унасан. Тэгэхээр нь би уурлаад “яадаг муу хар амьсгаа вэ” гээд нэг сандлын хөлийг нь аваад Одонтунгалаг руу шидсэн чинь шүүгээнд ойгоод Одонтунгалагийн толгой руу оносон. Тэгээд эхнэр унтаад өгсөн. Маргааш өглөө нь эхнэр босохгүй толгой өвдөөд байна гэхээр нь би гарч үхрээ саачихаад ороод ирсэн чинь эхнэр хэвтсэн чигтээ байхаар нь “яасан бэ босооч” гэсэн чинь босохгүй “шартаад байна” гэхээр нь би бантан хийж өгчихөөд байж байтал Одонтунгалаг бие засъя гэхээр нь би түшээд босгосон чинь Одонтунгалаг өөрийнхөө биеийг дийлэхгүй байсан” гэж өгсөн мэдүүлэг /хх-ийн 33-34х/

-мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар: “...2016 оны 7 дугаар сарын 22-ны өдөр би өөрийн эхнэр Одонтунгалаг зүс таних Баяраа, түүний эхнэр Думаа нартай уулзаад бид нар 0,75 литрийн нэг шил архи, 0,5 литрийн нэг шил архи, 2 том пиво аваад гэрийн хажуу айлын уулан дээр гарч уг авсан архи пивоо хувааж уусан. Ингээд архиа ууж уусаад Баяраа, Думаа нар салж яваад харьсан. Ингээд бид хоёр шууд гэр лүүгээ харьсан ба цаг багцаагаар 21:00 цаг болж байсан. Эхнэр “чи үхрээ саа” гэхээр нь  би “чи саагаач, чи заавал надтай нийлж архи ууж байхаар үхрээ сааж байхад яадаг юм бэ, үхэр мал мөөрөөд байна” гэхэд эхнэр уурлаад над руу модон сандал авч шидсэн чинь тэр сандал нь авдар оноод хоёр гурван хэсэг болоод салчихсан. Тэгэхээр нь би эхнэр лүү “яаж байгаа юм бэ амьсгаа минь” гээд эхнэрийг айлгах санаатай түүний шидээд эвдэрсэн модон сандалны хөлийг аваад хана руу шидсэн чинь Одонтунгалагийн толгойны дээд талд ханын толгойруу оноод ойсон. Тэгэхэд толгой руу нь оносоныг би хараагүй...” гэж өгсөн мэдүүлэг /хх-ийн 35-36 х/

 

            Шүүгдэгч О.Даринчулууны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

            “....2016 оны 7 дугаар сарын 22-ны өдөр эхнэр Одонтунгалаг үлдэгдэл цалингаа аваад ирэхээр нь би 750 граммын “Монгол стандар” нэртэй архи авахуулсан. Бид хоёр явж байгаад  Дулмаа, Баяраа гэх хоёр найзтайгаа таараад тухайн авсан архиа уулын энгэрт хувааж уусан. Дахиад 500 граммын архи, хоёр пивотой авч хувааж уусан. Дулмаа, Баяраа хоёр жоохон хүүхэдтэй гээд гэр лүүгээ явсан. Бид хоёр бас гэрлүүгээ явсан. Би эхнэр Одонтунгалагт “үхэрээ саа” гэж хэлсэн чинь эхнэр Одонтунгалаг  араас орж ирээд “чи өөрөө саахгүй юу” гэхэд нь би “чи цуг архи ууж байхаар үхэрээ саахгүй яасан юм” гэж хэлсэн. Одонтунгалаг над руу сандал аваад шидсэн чинь авдарны нүүр оносон. Тэгэхээр нь би “яадаг муу амьсгаа вэ” гээд сандалны хөл аваад шидсэн чинь гэрийн баруун талын хананд ойсон, тухайн сандалны хөл Одонтунгалагийг оносон эсэхийг би хараагүй. Би эхнэр Одонтунгалагийг тайвшруулаад байж байхад том ах Чулуунхүү орж ирсэн. Маргааш өглөө нь эхнэр Одонтунгалаг босож чадахгүй байхаар нь шартсан юм уу гэж асуухад шартсан гэж хэлсэн. Эвдэрсэн сандалыг гадаа гаргаж орхиод эхнэр Одонтунгалагт бантан хийж өгөөд үдээс хойш 13 цагийн үед түргэн дуудсан. Түргэн ирээд Одонтунгалагийг бухимдсан байна гээд хэлэн доор нь эм тавьж өгөөд яваад өгсөн. 2016 оны 7 дугаар сарын 24-ны өдөр Цамбагаравын эмнэлэг яваад эмнэлэг дээр очиход тархины зураг авахуул гэж хэлсэн. Тухайн өдөр тархины зураг авахуулах мөнгө байгаагүй гэртээ харьсан. Гэртээ очоод дахин түргэн дуудсан. Түргэн ирээд бухимдсан байна, гар хөлийг нь барьж өг гээд хэлэн доор нь эм тавьж өгсөн. 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 3 дугаар эмнэлэг дээр тархины зураг авахуулсан чинь хүнд гэмтэлтэй байна гэсэн. ...Эхнэр Одонтунгалаг намайг чи цохисон гэж хэлсэн. Би согтуу байсан болохоор цохисон юм болов уу гэж бодсон. Тэгсэн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр эхнэр Одонтунгалаг “чи цохиогүй би өөрөө унасан юм аа” гэж надаас уучлалт гуйсан” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

            Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл болон: “... Х.Одонтунгалагийг цохьсон гэх сандлын углуурга мод, тавцан  зэрэгт” /хх-ийн 13-14х/

          

             Шүүгдэгчийн хорооны тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 38-39 х/

 Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40 х/

Хохирогч Х.Одонтунгалагийн хүсэлт /хх-ийн 47х/ болон шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас гаргаж өгсөн 14 хуудас баримт зэргийг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн дүгнэлтийн талаар:

Шүүгдэгч О.Даринчулуун нь 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Салхитын 3-1 тоотод байрлах гэртээ үхрээ саасангүй гэх асуудлаас үүдэн өөрийн хамтран амьдрагч Х.Одонтунгалагтай маргалдаж, улмаар түүний толгойн тус газар модон сандлын хөлөөр цохиж биемахбодид нь хүнд хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь:

 

            -Хохирогч Х.Одонтунгалагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “...Даринчулуун уурлаад эвдэрсэн сандлын хөлийг над руу шидсэн чинь тэр нь миний толгойд оноод гэмтэл учруулсан. Тэрнээс өмнө нь зүгээр байсан. Үхэр саах, мөн архи уусан гэдгээс болоод л маргаж байгаад толгойдоо цохиулсан. ...Өмнө нь унаж бэртэж байсан болон толгойд юмаар цохигдож байсан удаа байхгүй, зүгээр байсан. Толгой өвдөөд эхэлсэн учир тэр орой би гарч, ороогүй шууд унтаад өгсөн. Тэр өдрийн маргааш нь толгой өвдөөд бага зэрэг огих гээд байсан. Тэрнээс өөр гэмтэл мэдрэгдээгүй боловч сандлын хөлөөр цохиулсанаас хойш 2 хоног би босож чадахгүй байсан ба босохоор толгой эргээд явж чадахгүй байсан учир эмнэлэгт хандах болсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17 х/

 

            -Гэрч О.Чулуунхүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 7 дугаар сарын 22-ны өдөр би гадуур ажлын хүмүүсийн хамт явж байгаад төрсөн дүү Даринчулууны гэрт орой 22:00 цаг өнгөрч байхад очсон. Намайг орох гэж байхад гэрийн гаднаас тэр хоёр маргалдаж байгаа нь сонсогдож байсан ба гэрт ороход Даринчулуун, Одонтунгалаг нар нь халамцуу байдалтай үхэр, мал саасангүй гээд маргалдаад гэрийн хоёр талд сууж байснаа Даринчулуун, Одонтунгалаг нар нь хоёулаа босож ирээд зууралдаад байсан... маргааш нь 10:00 цаг болох гэж байхад Даринчулууны гэрт ороход Одонтунгалаг нь орноосоо босохгүй, огиод бөөлжих гээд байхаар нь “яасан юм бэ шартаад байгаа юм уу” гэхэд Одонтунгалаг мэдэхгүй гээд дуу муутай байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20 х/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 10507 дугаар дүгнэлтэд:

 Х.Одонтунгалагийн биед Зүүн чамархай зулай ясны хугарал, тархины хатуу бүрхүүл доорхи цусан хураа, цусан хурааг авах мэс ажилбарын дараах байдал зэрэг гэмтлүүд тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.З-т зааснаар хүнд зэргийн гэмтэл болно. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээний явц эдгэрэл төгсгөлөөс шалтгаална гэжээ. /хх-ийн 24 х/

Шинжээч С.Одончимэгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Х.Одонтунгалагийн биед үүссэн гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэг болон хэдэн ч удаагийн үйлчлэлээр үүсэж болно.  Хохирогчийн хувьд зулайн оройн хэсэгт шууд хүч үйлчилсэн учир хугарал үүссэн байна. Хугарлын харалдаа цусан хураа хурсан байна. Харин ханын толгой руу шидсэн модны хүч нь эргэж ойхдоо суларсан байдаг тул ийм хэмжээний гэмтэл учруулах боломжгүй. Мөн хохирогчид учирсан гэмтэл халтирч унах, шургаж унах зэргээс үүсэх боломжгүй байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25 х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

 

            Хохирогч Х.Одонтунгалагийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүтэй, тогтворгүй байдлаар авагдсан, тэрбээр  мэдүүлгийн эх сурвалжийг зааж мэдүүлэхдээ өөр өөр байдлаар буюу жорлонгоос гараад дээшээ явж байхдаа усны тэргэнд тээглэж унасан гэж, эсхүл довжооны уруу баруун эсхүл зүүн талаараа унасан гэж, эсхүл Даринчулууны шидсэн сандлын хөл нь шүүгээнд ойж улмаар миний толгойд оносон гэж, эсхүл Даринчулуун эвдэрсэн сандлын хөл над руу шидсэн чинь тэр нь миний толгойд оноод гэмтэл учруулсан гэх мэтээр /хх-ийн 16, 17 хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/ олон янзаар мэдүүлсэн  мэдүүлгээс “...Даринчулуун эвдэрсэн сандлын хөл над руу шидсэн чинь тэр нь миний толгойд оноод гэмтэл учруулсан” гэсэн мэдүүлэг нь шинжээч С.Одончимэгийн “...хохирогчийн толгойд учирсан гэмтэл нь шууд хүч үйлчилснээс үүссэн” гэсэн мэдүүлгээр давхар нотлогдсон тул хохирогчийн тухайн мэдүүлгийн үнэлж хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдав.

 

            Түүнчлэн шүүгдэгчийн гэм бурууг нотолж буй дээрх нотлох баримтуудыг хохирогч Х.Одонтунгалаг, шүүгдэгч О.Даринчулуун нарын тайлбартай харьцуулан шалгахад эх сурвалжын хувьд зөрүүгүй байгааг тэмдэглэх нь зүйтэй.

 

             Харин хохирогчийн бусад байдлаар мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгч О.Даринчулууны мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...би сандалны хөл аваад шидсэн чинь гэрийн баруун талын хананд ойсон, тухайн сандалны хөл Одонтунгалагийг оносон гэж, оносон эсэхийг хараагүй”  гэж мэдүүлсэн мэдүүлгүүд нь /хх-ийн 33-36х, шүүх хуралдааны тэмдэглэл/  шинжээчийн “...хохирогчид үүссэн гэмтэл нь бусад байдлаар үүсэх боломжгүй, мөн ханын толгой руу шидсэн модны хүч нь эргэж ойхдоо суларсан байдаг тул ийм хэмжээний гэмтэл учруулах боломжгүй” гэсэн мэдүүлгээр /шүүх хуралдааны тэмдэглэл/ тус тус  няцаагдсан болно.

           

            Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 зүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн саналыг хүлээн авах үндэслэлгүй юм.

            Шүүхээс, шүүгдэгч О.Даринчулууныг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан ял шийтгэлийг оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

 

             Шүүгдэгч О.Даринчулуун нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 40 х/-аар тогтоогдож байна.

 

          Хохирол төлбөрийн тухайд:

          Хохирогч Х.Одонтунгалаг нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол” гэж нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй /хх-ийн 16 х, шүүх хуралдааны тэмдэглэл/ гэх тул шүүгдэгч О.Даринчулууныг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

          Шүүгдэгч О.Даринчулуунд ял шийтгэл оногдуулахдаа согтуурсан үедээ гэмт хэрэг  үйлдсэнийг хүндрүүлэн үзэх үндэстэй байна.

Шүүгдэгч О.Даринчулууны хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад төлөх төлбөргүй зэрэг байдлыг харгалзан түүний хорих ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлж шийдвэрлэв.

          Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэнхэр өнгийн сандлын тавцан мод болон углуурга 2 ширхэг мод зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тогтов.

Шүүгдэгч О.Даринчулуун нь цагдан хоригдсон хоноггүй, түүнд холбогдох  иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурьдав.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Даруу овогт Отгонжамцын Даринчулууныг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар О.Даринчулууныг 5 (тав) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар О.Даринчулууны эдлэх 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч О.Даринчулуун нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цэнхэр өнгийн сандлын тавцан мод болон углуурга 2 ширхэг мод зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд О.Даринчулуунд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тоолсугай.  

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.                    

8. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд ялтан О.Даринчулуунд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.АЛТАНЦЭЦЭГ

                                   ШҮҮГЧИД                               Л.БААТАР

                                                                                   Г.ГАНБААТАР