Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 363

 

                                              

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2020/00175/и

   Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ... аймгийн ... сум, ... баг, ... хороолол ... тоотод оршин суух, А овогт Ч-ны Б /РД:.../-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... аймгийн ... сум, ... багт байрлах, ДУАНДХ-т холбогдох,

 

“Хүүхэд асарсны 2 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие төрийн байгууллагад тасралтгүй 17 жил ажиллаж байгаа бөгөөд одоо хүүхэд асрах чөлөөтэй байгаа. Миний бие нөхөр Ц.А-тэй 2005 онд гэр бүл болж, 2013 оны 10 сарын 14-ний өдөр гэр бүлээ албан ёсоор батлуулж, 14 жил хамт амьдарч байгаа бөгөөд бидний дундаас төрсөн хүүхэдгүй тул манай гэр бүл хүүхэд үрчлэн авах хүсэлтэй байсан. Бид 2019 оны 04 сарын 03-ны өдөр төрсөн нярай хүүхэд үрчлэн авсан. Хүүхэд үрчлэн авахдаа би ээлжийн амралтаа эдэлсэн бөгөөд ээлжийн амралтын хугацаа 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр дуусч, энэ өдрөөс үргэлжлүүлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт зааснаар хүүхэд асрах чөлөө хүсч, 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр УЕП-т хандаж хүсэлтээ гаргасан. Мөн хүүхэд асарсаний 60 хоногийн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг гаргуулах талаар байгууллагаас НДХ-т хандахад хүүхэд үрчлэн авсан эхэд олгох боломжгүй гэсэн хариу өгсөн байсан. Ямар учир шалтгааны улмаас тэтгэмж олгох боломжгүй тухай тодруулахад Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/30 дугаартай тушаалаар баталсан “Иргэн /даатгуулагч/-д эмнэлгийн хуудас олгох журамд зааснаар хүүхэд үрчлэн авсан эхэд эмнэлгийн хуудас олгохгүй гэсэн заалтаар олгох боломжгүй гэсэн болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт “нярай хүүхэд үрчлэн авсан эхэд хүүхдийг 60 хоногтой болтол хугацаагаар амаржсан эхийн нэгэн адил чөлөө олгоно” гэсэн хуулийн заалтыг зөрчсөн журмын заалтаар миний эрхийг зөрчиж байгаад гомдолтой байна. Монгол улс хүн амаа өсгөх бодлогыг баримталдаг бөгөөд өнөөдөр үр хүүхэдгүй өч төчнөөн гэр бүлүүд байдаг, тэд үр хүүхэдтэй болохын төлөө болохоос болохгүйгээ хүртэл өндөр зардалтай эмчилгээнд дотооддоо болон гадаад улсад явдаг ч эдгээр гэр бүлүүдэд тусалж дэмжсэн төрийн нэг ч бодлого, хөтөлбөр, хөнгөлөлт гэж байдаггүй. Гэтэл хуулиас давсан энэхүү журмаас болж хүүхэд үрчлэн авсан олон гэр бүлүүд хохирч байна.

Монгол улсын Үндсэн хуулинд заасан хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байна гэсэн хуулийн заалтыг зөрчиж, хүүхэд үрчлэн авсан эхчүүдийг хүүхэд төрүүлсэн, үрчилснээр нь ялгаварлан гадуурхаж байгаа нь шударга бус, мөн миний бие 17 жил тасралтгүй нийгмийн даатгалын шимтгэл төлчихөөд түүнийхээ үр шимийг хүртэж чадахгүй байгаадаа туйлын харамсаж байна. Иймд миний бие шүүхэд хандахаас өөр аргагүй байдалд хүрсэн тул хүүхэд асрах хугацааны 2 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж болох нийт 5,254,400 төгрөгийг НДХ-ээс гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч ДУАНДХ шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Ч.Б нь 2019 оны 04 сарын 03-ны өдөр нярай хүүхэд үрчлэн авч, 2019 оны 04 сарын 25-ны өдрөөс Хөдөлмөрийн тухай хуулийн 105.1 дэх хэсэгт заасны дагуу хүүхэд асрах чөлөө авсан байна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь уг шимтгэлийг тасралтгүй төлсөн даатгуулагч эхэд жирэмсэн, амаржсаны тэтгэмж авах эрхтэй.

19.2-т Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг хангасан даатгуулагч эх, жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй.

Нийгмийн даатгалын хэлтэс нь жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг олгохдоо эрүүл мэндийн байгууллагын бичсэн эмнэлгийн хуудсыг үндэслэн олгодог болно.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт Хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг нийгмийн даатгалын дэвтэр, эмнэлгийн  байгууллагаас олгосон эмнэлгийн хуудсыг , оршуулгын тэтгэмжийг нас барсан тухай гэрчилгээг үндэслэн олгоно гэж заасан байдаг бөгөөд иргэн Ч.Б нь эмнэлгийн хуудас бичүүлээгүй байгаа нь нийгмийн даатгалын сангаас амаржсаны тэтгэмж олгох үндэслэлгүй байна.

Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайдын 2015 оны 02 сарын 18-ны А/30 дугаар тушаалаар иргэн даатгуулагчид эмнэлгийн хуудас олгох журам батлагдсан. Журмын 25.1-д нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн  19-д заасан жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх үүссэн нөхцөлд жирэмсний  31-32 долоо хоногтойд хяналт тавьж буй эрүүл мэндийн байгууллага олгоно.

4.1-д Дараах тохиолдолд эмнэлгийн хуудас олгохгүй.

4.1.7-д Хүүхэд үрчлэн авсан эх гэж заасан.

Нийгмийн даатгалын байгууллага нь эмнэлгийн хуудас бичих эрх бүхий байгууллага биш бөгөөд эрүүл мэндийн байгууллагаас олгосон эмнэлгийн хуудсыг нягтлан шалгаж нийгмийн даатгалын сангаас тэтгэмжийг олгодог. Эрүүл мэндийн байгууллага эмнэлгийн хуудас бичиж олгоогүй байхад нийгмийн даатгалын сангаас тэтгэмжийн зардал гардаггүй болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 105.1 дэх хэсэгт нярай хүүхэд үрчлэн авсан эхэд хүүхдийг 60 хоногтой болтол амаржсан эхийн нэгэн адил чөлөө олгоно гэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 105.1 дэх хэсэгт заасан энэ заалт нь тухайн эхэд чөлөө олгох харилцааг зохицуулж байгаа бөгөөд жирэмсэн амаржсаны тэтгэмж олгоно гэсэн заалт биш юм. Иймд тус хэлтэс нь Ч.Б-гийн нэхэмжлэлийн дагуу 2 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгох хуулийн үндэслэлгүй байна” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,                                         

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Б нь ДУАНДХ-т холбогдуулан хүүхэд асарсны 2 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж нийт 5,254,400 төгрөг гаргуулахаар шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч Ч.Б нь нэхэмжлэлийнхээ үндэслэлийг нярай хүүхэд үрчлэн авсны улмаас хүүхэд асрах чөлөө авсан, Хөдөлмөрийн тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д “нярай хүүхэд үрчлэн авсан эхэд хүүхдийг 60 хоногтой болтол хугацаагаар амаржсан эхийн нэгэн адил чөлөө олгоно” гэж  заасны дагуу энэ 2 сарын хугацаанд хүүхэд асарсны тэтгэмжийг амаржсан эхэд олгодог тэтгэмжийн адил авах эрхтэй, хүүхэд үрчлэн авсан тохиолдолд үрчлэлт хийгдсэнээр өмнөх эхийн бүх эрх, үүрэг дуусгавар болж, үрчлэн авч байгаа дараагийн эхэд бүх эрх үүрэг шилжинэ, нийгмийн даатгалын шимтгэлийг 17 жил тасралтгүй төлж байгаа боловч түүний үр шимийг хүртэх эрхийг хязгаарлаж байгаа нь шударга бус тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагч нийгмийн даатгалын хэлтэс, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д заасан зохицуулалт нь эхэд чөлөө олгохтой холбоотой заалт тул тэтгэмж олгоход хамааралгүй заалт, мөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг хүүхэд үрчлэн авсан эхэд олгох хууль зүйн үндэслэлгүй гэж тайлбарладаг болно.

 

Нэхэмжлэгч Ч.Б нь нөхөр Ц.А-ийн хамт Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019 оны 05 сарын 09-ний өдрийн А/173 дугаартай “Хүүхэд үрчлэх тухай” захирамжаар Ш овгийн Б-гийн С-г үрчлэн авсан, тус захирамжаар үрчлэлтийн бүртгэл хөтөлж,  төрсний гэрчилгээ шинээр бичиж үрчлэн авсан эцэг, эхэд олгохыг УБХ-т үүрэг болгосны дагуу Улсын бүртгэлийн ... дугаартай Х овогт А-гийн С гэсэн төрсний бүртгэлийн гэрчилгээг олгосон зэрэг нь хэрэгт авагдсан Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамж, хүүхдийн төрсний бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.  

 

Хэрэгт авагдсан МУЕП-ын 2019 оны 05 сарын 10-ны өдрийн ... дугаартай “Хүүхэд асрах чөлөө олгох тухай” тушаалаар ДУА-ийн хяналтын прокурор Ч.Б-д 2019 оны 05 сарын 03-ны өдрөөс эхлэн 2 жилийн хугацаагаар хүүхэд асрах чөлөө олгожээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1-д эхэд жирэмсний болон амаржсаны 120 хоногийн амралт олгохоор заасан бөгөөд энэ нь хүүхдээ 196, түүнээс дээш хоног тээгээд дутуу төрүүлсэн болон үр хөндүүлсэн, жирэмслэлтийг эмнэлгийн аргаар тасалсан эмэгтэй хүнд мөн хамаарахаар заасан байна.   

           

            Хөдөлмөрийн тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д нярай хүүхэд үрчлэн авсан эхэд хүүхдийг 60 хоногтой болтол хугацаагаар амаржсан эхийн нэг адил чөлөө олгоно, 105.2-т нярай хүүхэдтэй ганц бие эцэгт мөн адил чөлөө олгохоор заасан бөгөөд энэ нь нярай хүүхдийг асрахтай холбоотойгоор ажилтанд чөлөө олгох үүргийг ажил олгогчид хүлээлгэсэн зохицуулалт байна.

 

             Хэрэгт авагдсан МУЕП-ын тушаалаас харахад нэхэмжлэгч Ч.Бд Хөдөлмөрийн тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д заасан хугацааны чөлөөг бус мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасны дагуу түүний хүсэлтээр хүүхэд асрах чөлөөг олгосон байна гэж үзэхээр байна. 

                       

Ажил олгогч нь ажилтанд Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1, 104.2-т зааснаар амралт, 105 дугаар зүйлийн 105.1, 105.2-т зааснаар чөлөөг ажилтны хүсэлтгүйгээр олгох, харин 106 дугаар зүйлийн 106.1-д ажилтны хүсэлтээр чөлөө олгох тухай ялгаатай зохицуулсан байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй ажилтны ажил албан тушаалыг хэвээр хадгалах бөгөөд энэ тохиолдолд олгох тэтгэмж, олговрыг энэ хууль, холбогдох бусад хууль болон хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээгээр зохицуулахаар заажээ.

 

Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан болзол журмын дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалд даатгуулсан иргэн хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй бөгөөд  мөн хуулийн 21 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 9-д “тэтгэмж” гэдгийг хөдөлмөрийн чадвараа түр алдах, жирэмслэх, амаржих, нас барах тохиолдолд даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас нэг удаа олгох мөнгөн хөрөнгө гэж тодорхойлсон байна.

 

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тэтгэмжийн даатгалын сангаас даатгуулагчид олгох тэтгэмжийн төрлүүдийг тодорхойлсон бөгөөд үүнд хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны, оршуулгын гэсэн төрөлтэй байхаар хуульчилсан байна.

Мөн хуулийн 191 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь уг шимтгэлийг тасралтгүй төлсөн даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй”, 2 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан тэтгэмжийн даатгалын шимтгэл төлөх хугацааг хангасан даатгуулагч эх, хүүхдээ 196-гаас доошгүй хоног тээгээд дутуу төрүүлсэн буюу үр хөндүүлсэн, жирэмслэлтийг эмнэлгийн аргаар тасалсан, мөн 196 хоног тээгээгүй боловч амьдрах чадвартай хүүхэд төрүүлсэн бол жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй” гэж тус тус заажээ.

 

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг  хүүхдээ тээж, төрүүлсэн эхэд өөрт нь олгодог тэтгэмж бөгөөд энэхүү тэтгэмж нь хүүхэд асарсантай холбоотойгоор олгогддог тэтгэмж гэж үзэх боломжгүй байна.  Өөрөөр хэлбэл хүүхдээ 196-аас доошгүй хоног тээгээд дутуу төрүүлсэн, үр хөндүүлсэн, жирэмслэлтийг эмнэлгийн аргаар тасалсан зэрэг хүүхэд амьдрах чадвартай төрсөн эсэхээс үл хамааран тухайн эхэд олгодог тэтгэмж байна.

 

            Нэхэмжлэгч Ч.Бгийн нэхэмжлэлийн үндэслэлд дурдсанаар  Хөдөлмөрийн тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д заасан зохицуулалт нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дээрх зохицуулалттай шууд хамааралтай, нярай хүүхэд үрчлэн авч, түүнийгээ асарч байгаа эхэд амаржсан эхтэй нэг адил тэтгэмж олгох боломжтой гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Мөн нэхэмжлэгч Ч.Б нь хүүхэд үрчлэн авснаар төрүүлсэн эхийн эрх үүрэг, үрчлэн авсан эхэд шилжиж байгаа тул 2 сарын хугацааны цалинтай тэнцэх тэтгэмжийг амаржсан эхийн адилаар авах эрхтэй гэж тайлбарладаг болно.

 

Гэр бүлийн тухай хуулийн 59 дүгээр зүйлд зааснаар үрчлэгдсэн хүүхэд төрсөн хүүхдийн адил, үрчлэн авсан эцэг, эх нь төрсөн эцэг, эхийн адил эрх эдэлж, үүрэг хүлээх бөгөөд үрчлэгдсэн хүүхэд нь үрчлүүлсэн эцэг, эхээ тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөгдөж, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрхээ алдана. Өөрөөр хэлбэл энэхүү хуулиар үрчлэлтийг улсын бүртгэлд бүртгүүлснээс хойшхи үрчлэгдсэн хүүхэд болон үрчлэн авсан эцэг, эхийн харилцан хүлээх эрх, үүргийг зохицуулжээ.

Харин тухайн хүүхдийг тээж, төрүүлэх үеийн эхийн хууль тогтоомжоор олгогдсон аливаа тэтгэмж авах эрх шилжих тухай ойлголт хуульчлагдаагүй байна.

 

Тодруулбал, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх зөвхөн тухайн хүүхдийг тээж, төрүүлсэн эхэд хамааралтай бөгөөд хүүхдээ төрүүлээд үрчлүүлсэн эсэхээс үл хамааран хуульд заасан нөхцлийг хангасан тохиолдолд тухайн хүүхэд төрүүлсэн эх авах эрхтэй байна.

Хүүхдийг төрүүлсэн эхэд энэ тэтгэмж олгогдоогүй, дээрх хуульд заасан болзлыг хангаагүй гэх үндэслэл нь хүүхэд үрчилж авсан эхэд энэхүү тэтгэмжийг авах эрхийг олгохгүй юм.

 

Нөгөө талаас нэхэмжлэгч Ч.Б нь нийгмийн даатгалын шимтгэлийг 17 жил төлсөн боловч хүүхэд төрүүлэх боломжгүй байгаа үндэслэлээр төлсөн шимтгэлээс энэ хуульд заасан тэтгэмжийг авах боломжгүй болсон нь шударга бус гэж тайлбарлаж байгаа хэдий ч хуульд заасан бусад төрлийн тэтгэвэр, тэтгэмж авах эрх нь нээлттэй байна.

 

Нийгмийн даатгал нь албан журмаар даатгуулах болон сайн дураар даатгуулах гэсэн төрөлтэй байхаар хуульчилсан бөгөөд албан журмаар даатгуулах тохиолдолд даатгуулагчийн нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авах эрх зөвхөн хуульд заасан нөхцөл, журмын дагуу зохицуулагдана.

 

Нэг талаас даатгуулагч нь нийгмийн даатгалын шимтгэлийг төлснөөр тус сангаас тэтгэвэр, тэтгэмж хэлбэрээр төлсөн шимтгэлээ буцаан авах агуулга бүхий гэрээний шинжтэй харилцаа мэт боловч нөгөө талаас хуулиар даатгуулагчийн төлсөн шимтгэлийг буцаан олгох төрөл, нөхцөл, журмыг  шууд нарийвчлан зохицуулсан тул хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авах эрх үүсэх нөхцлийг харгалзахгүйгээр адилтгах байдлаар тайлбарлах боломжгүй юм.

 

Нийгмийн даатгалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт “Хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг сан хооронд шилжүүлэн зарцуулах...-ыг хориглоно” гэж заасан бөгөөд хууль тогтоомжид нярай хүүхэд үрчлэн авч, асарч байгаа эхэд амаржсан эхийн адил тэтгэмж олгох тухай зохицуулалт хуульчлагдаагүй байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Ч.Бгийн ДУАНДХ-т холбогдуулан гаргасан, нярай хүүхэд үрчлэн авч, асарсны 2 сарын цалинтай тэнцэх тэтгэмж нийт 5,254,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч Ч.Б нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж байна.  

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Бгийн ДУАНДХ-т холбогдуулан гаргасан, хүүхэд асарсны 2 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж болох нийт 5,254,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Б нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.ОЮУНЦЭЦЭГ