Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2022/00642

 

 

2022 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2022/00642

 

 

Ч.Болормаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 363 дугаар шийдвэр,

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 18 дугаар магадлалтай,

Ч.Болормаагийн нэхэмжлэлтэй,

Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох

 

Хүүхэд асарсны 2 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мандахбаяр, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ч.Болормаа нь хариуцагч Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан хүүхэд асарсны 2 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

2. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 363 дугаар шийдвэрээр: Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Болормаагийн Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан хүүхэд асарсны 2 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж болох нийт 5,254,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Болормаа нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

3. Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 18 дугаар магадлалаар: Нэхэмжлэгч Ч.Болормаагийн давж заалдсан гомдлыг хангаж, Дархан-Уул аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 363 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Дархан-Уул аймгийн нийгмийн даатгалын хэлтсээс хүүхэд асарсны тэтгэмж 5,254,400 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Болормаад олгосугай гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Тус хэлтэс нь Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.06.09-ний өдрийн 18 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Иргэн Ч.Болормаа нь 2019.04.03-ны өдөр нярай хүүхэд үрчлэн авч 2019.04.25-ны өдрөөс Хөдөлмөрийн тухай хуулийн 105.1 дэх хэсэгт заасны дагуу хүүхэд асрах чөлөө авсан. Иймд хүүхэд асрах хугацааны 2 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийг шүүхэд гаргаж анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Гэвч Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.06.09-ний өдрийн 18 дугаар магадлалаар анхан шүүхийн шийдвэрийг өөрчлөн шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлгүй байна. Хэдийгээр Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Нийгмийн даатгалын тухай хуульд заасан болзол журмын дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалд даатгуулсан иргэн хуульд заасан тэтгэвэр тэтгэмж авах эрхтэй. гэж заасан байдаг боловч дараах хуульд заасан болзол журмыг хангасан тохиолдолд жирэмсэн амаржсаны тэтгэмж авах эрхтэйг хуульд нарийвчлан зохицуулсан байдаг. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 19.1-р зүйл Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь уг шимтгэлийг тасралтгүй төлсөн даатгуулагч эх жирэмсэн амаржсаны тэтгэмж авах эрхтэй., 19.1.2. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан тэтгэмжийн даатгалын шимтгэл 1 төлсөн хугацааг хангасан даатгуулагч эх, хүүхдээ 196-аас доошгүй хоног тээгээд дутуу төрүүлсэн буюу үр хөндүүлсэн, жирэмслэлтийг эмнэлгийн аргаар тасалсан, мөн 196 хоног тээгээгүй боловч амьдрах чадвартай хүүхэд төрүүлсэн бол жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй гэж заажээ. Энэхүү хуулийн зохицуулалт нь жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг хүүхдээ тээж төрүүлсэн тухайн эхэд өөрт нь олгодог тэтгэмж бөгөөд хүүхдийг асарсантай холбоотой олгодог тэтгэмж биш юм. Мөн нийгмийн даатгалын байгууллага нь жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг олгохдоо эрүүл мэндийн байгууллагын бичсэн эмнэлгийн хуудсыг үндэслэн олгодог болно. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт Хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг нийгмийн даатгалын дэвтэр, эмнэлгийн байгууллагаас олгосон эмнэлгийн хуудсыг, оршуулгын тэтгэмжийг нас барсан тухай гэрчилгээг үндэслэн олгоно. гэж заасан байдаг бөгөөд иргэн Ч.Болормаа нь эмнэлгийн хуудас бичүүлээгүй байгаа нь нийгмийн даатгалын сангаас амаржсаны тэтгэмж олгох үндэслэлгүй байна. Гэтэл Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь дээрх хуулийн заалтуудыг харгалзаж үзэлгүйгээр Нийгмийн даатгалын тухай хуулийн зөвхөн 6.1 дэх заалтыг баримталж шийдвэрлэсэнд гомдолтой байна. ХАХНХЯ-ны сайдын 2015.02.18-ны А/30 дугаар тушаалаар Иргэн даатгуулагчид эмнэлгийн хуудас олгох журам батлагдсан. Журмын 25.1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19-д заасан жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх үүссэн нөхцөлд жирэмсний 31-32 долоо хоногтойд хяналт тавьж буй эрүүл мэндийн байгууллага олгоно. Дараах тохиолдолд эмнэлгийн хуудас олгохгүй. 4.1.7. Хүүхэд үрчлэн авсан эх. Нийгмийн даатгалын байгууллага нь эмнэлгийн хуудас бичих эрх бүхий байгууллага биш бөгөөд эрүүл мэндийн байгууллагаас олгосон эмнэлгийн хуудсыг нягтлан шалгаж нийгмийн даатгалын сангаас тэтгэмжийг олгодог. Эрүүл мэндийн байгууллага эмнэлгийн хуудас бичиж олгоогүй байхад нийгмийн даатгалын сангаас тэтгэмжийн зардал гардаггүй болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 105.1 дэх хэсэгт Нярай хүүхэд үрчлэн авсан эхэд хүүхдийг нь 60 хоногтой болтол амаржсан эхийн нэгэн адил чөлөө олгоно. гэсэн заалт нь тухайн эхэд нярай хүүхдийг асрахтай холбоотойгоор чөлөө олгох харилцааг зохицуулж байгаа бөгөөд жирэмсэн амаржсаны тэтгэмж олгоно гэсэн заалт биш юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 64.2-т жирэмсний болон амаржсаны амралттай байгаа хүүхэд асрах чөлөөтэй ажилтны албан тушаалыг хэвээр хадгалж энэ тохиолдолд олгох тэтгэмж, олговрыг энэ хууль, холбогдох бусад хууль болон хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээгээр зохицуулна гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Ч.Болормаагийн нэхэмжлэлд дурдсан Хөдөлмөрийн тухай хуулийн 105.1-д заасан зохицуулалт нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 19.1 дэх заалттай шууд хамааралтай бөгөөд нярай хүүхэд үрчлэн авч асарч байгаа эхэд амаржсан эхтэй адил тэтгэмж олгоно гэсэн хуулийн зохицуулалт байхгүй байна. Ажил олгогч нь ажилтанд Хөдөлмөрийн тухай хуульд заасан жирэмсэн амаржсаны чөлөөг эмнэлгийн хуудсыг үндэслэн байгууллагын даргын тушаалаар олгодог ба нийгмийн даатгалын шимтгэлийг ЖА амралттай байх хугацаанд буюу жирэмсэн амаржсаны тэтгэмж авч байх хугацаанд АО-ын төлөх хувь хэмжээгээр 17 кодоор тайлагнадаг болно. Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 106.1-д заасан хүүхэд асрах чөлөөг жирэмсэн амаржсаны амралт дууссаны дараа ажилтан өөрөө хүсвэл хүсэлт гаргаж байгууллагын даргын тушаалаар 3 хүртэл жилийн хугацаатай чөлөөг олгож НДШ-г ажил олгогч нь тэтгэвэр, тэтгэмжийн даатгалын санд 06 кодоор тайлагнаж төлдөг ялгаатай харилцаа юм. Прокурорын байгууллага нь ажилтан Ч.Болормаад 2019.05.10-ны Б/193 дугаартай Хөдөлмөрийн тухай хуулийн 106.1-д заасныг үндэслэн Хүүхэд асрах чөлөө олгох тухай тушаалаар 2019.05.03-ны өдрөөс эхлэн хүүхэд асрах чөлөө олгож Нийгмийн даатгалын шимтгэлийг 06 кодоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс төлж байна. Мөн нийгмийн даатгалын байгууллага нь сангаас зардал, тэтгэвэр, тэтгэмж гаргахад анхан шатны баримтыг шаардаж үндэслэж гаргах хуулийн зохицуулалттай бөгөөд Эмнэлгийн хуудсыг нийгмийн даатгалын байгууллага бус Эмнэлгийн байгууллага, эмч бичиж олгодог болно. Хэдийгээр иргэн Ч.Болормаа нь амаржсаны тэтгэмжийг авах боломжгүй нь шударга бус байна гэж тайлбарлаж байгаа хэдий ч Нийгмийн даатгалын байгууллага нь батлагдан гарч мөрдөж буй хууль тогтоомж түүнтэй холбогдон гарсан дүрэм журмыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллах үүрэгтэй төрийн байгууллага юм. Хуулиар заагаагүй, хуульд заасан шрардагыг хангаагүй байхад тэтгэвэр тэтгэмжийг олгох нь хууль зөрчсөн үйлдэл болох бөгөөд Нийгмийн даатгалын байгууллага нь хуулийн дагуу л шаардлага тавьж ажиллах болно. Гэтэл давж заалдах шатны шүүх илт нэг талыг барьсан хуулийн үндэслэлгүй магадлал гаргасан гэж үзэж байна. Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.03.26-ны 363 дугаар шийдвэр нь үндэслэл бүхий гарсан гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.06.09-ний өдрийн 18 дугаар магадлалыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Нэхэмжлэгч Ч.Болормаа нь Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан хүүхэд асарсны 2 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж 5,254,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, Цалингийн тодорхойлолт, Хүүхэд асрах чөлөө олгох тухай тушаал, Иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн гэрчилгээ, 1110850056 дугаартай Адъяацэрэнгийн Сайнбуян 2019.04.03-ны өдөр төрснийг бүртгэсэн гэрчилгээ, Чулууны Болормаагийн нийгмийн даатгалын 068081 дугаартай дэвтрийн хуулбар гэсэн баримтуудыг шүүхэд ирүүлсэн.

 

6. Хариуцагч Нийгмийн даатгалын хэлтэс, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мандахбаяр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д заасан зохицуулалт нь эхэд чөлөө олгохтой холбоотой заалт тул тэтгэмж олгоход хамааралгүй, мөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг хүүхэд үрчлэн авсан эхэд олгох хууль зүйн үндэслэлгүй гэж тайлбарласан байна.

 

7. Анхан шатны шүүх Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Болормаагийн Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан хүүхэд асарсны 2 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж болох нийт 5,254,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 

8. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Ч.Болормаагийн давж заалдсан гомдлыг хангаж, Дархан-Уул аймгийн нийгмийн даатгалын хэлтсээс хүүхэд асарсны тэтгэмж 5,254,400 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

 

9. Хэрэгт цугларсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Ч.Болормаа, Ц.Адъяацэрэн нар Нийслэлийн Баянзүрх дүүргийн засаг даргын 2019.05.09-ний өдрийн А/173 дугаартай хүүхэд үрчлэх тухай захирамжаар 2019.04.03-ны өдөр төрсөн Шарав овогтой Батцолмонгийн Сайнбуянг үрчлэн авсан, Ч.Болормаа нь хүүхэд үрчлэн авахдаа ээлжийн амралтаа эдэлсэн, амралтын хугацаа 2019.05.03-ны өдөр дуусч, үргэлжлүүлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт зааснаар хүүхэд асрах чөлөө хүсч, 2019.05.10-ны өдөр Улсын ерөнхий прокурор тушаалаар 2 жилийн хугацаагаар хүүхэд асрах чөлөөг олгожээ.

 

10. Нэхэмжлэгч нь ...төрийн байгууллагад тасралтгүй 17 жил ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлдөг..., ...хүүхэд асарсны 60 хоногийн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг гаргуулахаар байгууллагаас нийгмийн даатгалын хэлтэст хандахад хүүхэд үрчлэн авсан эхэд олгох боломжгүй гэсэн хариу өгсөн, энэ талаар тодруулахад Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2015.02.18-ны өдрийн А/30 тушаалаар баталсан журамд зааснаар хүүхэд үрчлэн авсан эхэд эмнэлгийн хуудас олгохгүй гэсэн заалтаар олгох боломжгүй гэж Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан нэхэмжлэл гаргасан.

 

Хариуцагч нь ...Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт Хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг нийгмийн даатгалын дэвтэр, эмнэлгийн байгууллагаас олгосон эмнэлгийн хуудсыг, оршуулгын тэтгэмжийг нас барсан тухай гэрчилгээг үндэслэн олгоно. гэж заасан байдаг бөгөөд иргэн Ч.Болормаа нь эмнэлгийн хуудас бичүүлээгүй байгаа нь нийгмийн даатгалын сангаас амаржсаны тэтгэмж олгох үндэслэлгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ тайлбарлажээ.

 

11. Маргааны үйл баримт, зохигчийн тайлбараас үзэхэд талуудын хооронд хувийн эрх зүйн хүрээнд бус харин нийтийн эрх зүйн хэм хэмжээний хүрээнд шийдвэрлэгдэх буюу захиргааны маргаан үүссэн байхад хоёр шатны шүүх харьяаллын бус маргааныг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан хэргийн харьяалал зөрчсөн бол нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзах журмыг зөрчсөн. Ийм үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зохицуулсан байхад иргэний хэргийн шүүх харьяаллын бус маргааныг хянан шийдвэрлэсэн нь буруу юм.

 

12. Харьяаллын бус маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлалын талаарх гомдлыг хянан хэлэлцэхгүй орхих бөгөөд нэхэмжлэгч нь захиргааны журмаар гомдол, нэхэмжлэл гаргахад энэ тогтоол саад болохгүй.

 

13. Иймээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ч.Болормаагийн Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан хүүхэд асарсны 2 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж 5,254,400 төгрөг гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 363 дугаар шийдвэр, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 18 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг баримтлан Ч.Болормаагийн нэхэмжлэлтэй Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан хүүхэд асарсны 2 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж 5,254,400 төгрөг гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

Д.ЦОЛМОН

 

Х.ЭРДЭНЭСУВД