Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2022/00302

 

 

2022 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2022/00302

 

 

 

Л.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 638 дугаар шийдвэр,

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 208/МА2021/00003 дугаар магадлалтай,

Л.*******гийн нэхэмжлэлтэй,

Д.*******д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 6,295,200 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл,

2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа, хариуцагчийн өмгөөлөгч П.Батжаргал, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Л.******* нь хариуцагч Д.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,295,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

2. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 638 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4-т зааснаар талуудын хооронд байгуулсан 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацааг сэргээж, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8-д тус тус зааснаар Д.*******гаас 6,002,036 төгрөг гаргуулан Л.*******д олгож, үлдэгдэл 292,800 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.2-т зааснаар Л.*******д холбогдох 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох хариуцагч Д.*******гийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Л.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 115,675 төгрөг, Д.*******гийн төлсөн 70,200 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, Д.*******гаас 110,988 төгрөг гаргуулан Л.*******д олгож шийдвэрлэжээ.

 

3. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 208/МА2021/00003 дугаар магадлалаар: Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 638 тоот шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2020.11.02-ны өдрийн 638 дугаар шийдвэр, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.01.26-ны өдрийн 208/МА2021/0003 дугаар магадлалыг эс зөвшөөрч, хяналтын журмаар гомдол гаргаж байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д Гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэж заасан тул дээрх гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 2020.03.06-ны өдөр дууссан байна. Гэтэл нэхэмжлэгч Л.******* нь хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсний дараа буюу 2020.06.06-ны өдөр Д.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж мэтгэлцсэн болохоос хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх тухай хүсэлтийг шүүхэд гаргаагүй, нэхэмжлэгчээс гаргаж өгсөн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой нотлох баримт хэрэгт байхгүй байна гэж маргаагүй. Гэтэл нэхэмжлэгч тал хүсэлт гаргаагүй байхад анхан шатны шүүх өөрийн санаачилгаар хөөн хэлэлцэх хугацааг сэргээсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын санаачилга буюу хүсэлтийн үндсэн дээр явагдах диспозитив зарчим хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжих, шүүх хөндлөнгийн байр суурийг баримтлах зарчмыг алдагдуулсан хэт нэг талыг барьсан, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.3 дахь заалтыг зөрчиж. мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.4 дэх заалтыг буруу хэрэглэсэн. Түүнчлэн шүүх хөөн хэлэлцэх хугацааг сэргээхдээ хүнд өвчтэй хүндэтгэн үзэх шалтгаантай гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг зөрчсөн. Хөөн хэлэлцэх хугацаа сэргээх "хүндэтгэн үзэх шалтгаан" гэдэгт нэхэмжлэгч хүндээр өвчилсөн, уг өвчнийхөө улмаас гомдол гаргах боломжгүй байсныг ойлгодог. Гэтэл хэрэгт авагдсан 2010 оны 5 дугаар сарын Өвчтөн илгээх бичиг 2017.05.05-ны өдрийн Тодорхойлолт-ын агуулга болон 2018.11.01-ний өдрийн Баянгол дүүргийн анхан шатны шүүхийн 3267 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.01.02-ны өдрийн 51 дугаартай магадлал, Хяналтын шатны шүүхийн 2019.05.14-ний өдрийн 679 дугаар тогтоол зэрэг шүүхийн шийдвэрүүдийг харьцуулан шинжилж үзвэл нэхэмжлэгч Л.******* нь 2019 онд шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2018.11.01-2019.05.14-ний хооронд уг хэргийг шийдвэрлэсэн шүүх хуралдаанд биечлэн оролцож байсан нь нотлогдож байна. Өөрөөр хэлбэл, зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 2020.03.10-ны өдөр дуусахаас 1 жил 4 сарын өмнөөс нэхэмжлэгч Л.******* нь энэ хэргээс тусдаа нэхэмжлэлийг шүүхэд гаргах, шүүх хуралдаанд биечлэн оролцоход түүний эрүүл мэндийн байдал саад болоогүй нь тогтоогдож байна. Анхан шатны шүүх мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар алдангийг 0,5 хувь болгон тооцож, алданги 1,805,600 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь илт нэг талыг барьсан ямар ч үндэслэлгүй шийдвэр болсон. Өөрөөр хэлбэл хууль болон гэрээнд цэг, таслал болгон чухал ач холбогдогдолтой байхад талуудын гэрээгээр тохиролцсон алдангийн хэмжээг шүүх шууд автоматаар засаж, хуульд нийцүүлэн таслал нэмсэн нь илт нэг талыг барьсан, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний талууд гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхэд халдсан шийдвэр болсон. Иймд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 4-д заасныг үндэслэн 1,805,600 төгрөгийн алданги гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байх тул хүчингүй болгож, алданги гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй байхад анхан шүүх алданги гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй. Зээлийн гэрээний цаана халхавчилсан болон хапхавчлуулсан 2 хэлцэл хийгдсэн нь тодорхой байна. Халхавчлуулж байгаа хэлцэл нь Л.*******гаас Д.Алтанчимэгт мөнгө зээлэхээр бодит хэлцэл хийгдсэн байх ба уг хэлцлийг халхавчилж байгаа хэлцэл нь Л.*******, Д.******* нарын хооронд бичгээр хийгдсэн дээрх зээлийн гэрээ болох нь нотлох баримтаар тогтоогдсон. Гэтэл зохигчдын дансны хуулга, хариуцагчийн тайлбар, ХААН банкны тодорхойлолт зэрэг нотлох баримтуудын Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан хуулиар тогтоосон журмыг зөрчсөн. Энэ зөрчил нь ******* ******* нарын хооронд хийгдсэн зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56.1.2-д заасан дүр үзүүлж хийсэн хэлцэл, Иргэний хуулийн 56.1.3-д заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн хүчин төгөлдөр бус хэлцэл байх ба хүчин төгөлдөр бус хэлцэл нь хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байдаг тул зохигчдын хооронд гэрээ байгуулагдаагүй гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгох үндэслэл бүхий шийдвэр гарахад нөлөөлсөн. Хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн талаараа нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт ... хүнд өвчний улмаас Гадаад оронд тодорхой давтамжтайгаар эмчилгээ хийлгэдэг, Ковид-19 өвчин гарсны улмаас Америкийн нэгдсэн улсаас 2020 оны 03 сард Монгол улсад ирэх байсан боловч ирэх хугацаа хойшлогдож, 5 сард ирээд 21 хоног тусгаарлалтад байсан. Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн, энэ талаар холбогдох баримтаа анхан шатны шүүхэд гаргаж өгсөн боловч хэрэгт авагдаагүй байгааг хэргийн материал танилцуулаагүй тул мэдээгүй гэж анхан шатны шүүхэд гаргаж өгөөгүй нотлох баримтыг зааж тайлбар гаргасан. Анхан шатны шүүх хурал дээр нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нотлох баримт алга болгосон талаар болон хэрэг танилцуулсан эсэхтэй холбоотой гомдол гаргаагүй болох нь анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогдоно. Түүнчлэн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчээс анхан шатны шүүхэд гаргаж өгөөгүй нотлох баримтыг үндэслэн хэргийн материалыг цахимаар дамжуулсан танилцуулсан тэмдэглэл хэрэгт авагдсан боловч хэргийн материалыг хэрхэн танилцуулсан, өөрөөр хэлбэл хэргийн хэдээс хэддүгээр талд авагдсан хэдэн хуудас баримтыг ямар байдлаар танилцуулсан талаар тодорхойгүй байх тул нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан шүүх хэргийн материалтай танилцуулаагүй гэсэн тайлбарыг үгүйсгэх үндэслэлгүй байна гэж дүгнэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг шийдвэрлүүлэхээр буцаасан нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-дахь заалтыг буруу хэрэглэсэн буюу хуулийг улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр хэрэглэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ноцтой зөрчилд тооцогдоно. Иймд анхан шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

5. Нэхэмжлэгч Л.******* нь Д.*******д холбогдуулан ...Д.*******гаас 2016.06.03-ны өдөр байгуулсан зээлийн гэрээнд заасан үндсэн зээл 2,440,000 төгрөг, 9 сарын хүү 1,756,800 төгрөг, алданги 2,098,400 төгрөг нийт 6,295,200 төгрөгийг нэхэмжилж байна... гэсэн шаардлага гаргасан.

 

Хариуцагч Д.******* нь нэхэмжлэгч Л.*******д холбогдуулан ...Л.******* манай дүү болон биднийг хуурч Д.Алтанчимэг зээлээ төлсөн байхад хууран мэхэлж төөрөгдүүлэн, дүр үзүүлэн гэрээ хийсэн гэж үзэж байна. Иймд 2016.06.03-ны өдөр хийгдсэн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргажээ.

 

6. Анхан шатны шүүх талуудын хооронд 2016.06.03-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацааг сэргээж, Д.*******гаас 6,002,036 төгрөг гаргуулан Л.*******д олгож, үлдэгдэл 292,800 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Д.*******гийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна.

 

7. Зохигчдын хооронд 2016.06.03-ны өдөр 6 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулагдаж, хариуцагчийн хүсэлтээр 2016.12.06-ны өдрөөс 2017.03.06-ны өдөр хүртэл 3 сараар гэрээний хугацааг сунгасан байна. Нэхэмжлэгч нь шүүхэд 2020.06.12-ны өдөр нэхэмжлэл гаргасан байна.

 

8. Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан ...анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

9. Давж заалдах шатны шүүх ...хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг зөрчсөн гэж үзэхгүй.

 

9.1. ... нэхэмжлэгч Л.*******гийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан ....хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах... гэж заасан эрхийг хангаагүй байгаа нь шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

 

Хэргийн оролцогчид хэргийн материал танилцуулсан тухай баримтад нэхэмжлэгчид 2020.08.13-ны өдөр [email protected] гэх цахим хаягаар танилцуулсан гэсэн тэмдэглэлийг шүүгчийн туслах үйлдэж хавтаст хэрэгт хавсаргасан боловч нэхэмжлэгчид хэргийн материалыг хэрхэн танилцуулсан талаар тодорхой тэмдэглэл хийгээгүй байх тул давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг хууль зөрчсөн гэж үзэхгүй.

 

9.2. Хэрэгт нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тухай тайлбар болон түүнтэй холбоотой ямар нэгэн баримт ирүүлсэн эсэх талаар тэмдэглэл үйлдээгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй, хэргийн баримтаас үзэхэд талууд хөөн хэлэлцэх хугацааны талаар мэтгэлцээгүй байхад шүүхээс дүгнэлт хийх нь Иргэний хуулийн 82 дугаар зүйлд нийцэхгүй юм.

 

10. Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 208/МА2021/00003 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр төлсөн 110,983 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

 

П.ЗОЛЗАЯА

 

Д.ЦОЛМОН