Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 273

 

                                                           

 

 

 

 

   2020             3               5                                         2020/ДШМ/273                      

 

   Б.Гантулга, М.Шинэбаяр нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

          прокурор Г.Билгүүжин,

          шүүгдэгч Б.Гантулга, түүний өмгөөлөгч С.Батнасан,

          шүүгдэгч М.Шинэбаярын өмгөөлөгч Б.Бадраа,

          нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

          Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 2020/ШЦТ/48 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Гантулга, түүний өмгөөлөгч С.Батнасан, шүүгдэгч М.Шинэбаярын өмгөөлөгч Б.Бадраа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн шүүгдэгч Б.Гантулга, М.Шинэбаяр нарт холбогдох 1905037901046 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Боржигон овгийн Баярсайханы Гантулга, 1992 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа интернет худалдаа эрхэлдэг, ам бүл 1, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхоны 29 дүгээр байрны 29 тоотод оршин суух бүртгэлтэй,  /РД:УП92041713/;

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 166 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, дээрх хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 2019/ХМШЗ/35 дугаартай захирамжаар 11 сар 11 хоногийн хорих ялаас хугацааны өмнө сулласан;

2. Бооржууд овгийн Мөнхтөрийн Шинэбаяр, 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Ховд аймгийн Ховд суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сэтгэл зүйч, философич мэргэжилтэй, Ремакс хөрөнгө зуучлалын компанид агент ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Ногоон талбай 3 дугаар гудамжны 10 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй,  /РД:ПЮ94123158/;

Б.Гантулга нь М.Шинэбаяртай бүлэглэн машин механизм ашиглан 2019 оны 9 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө таксигаар үйлчлүүлж байсан иргэн Н.Болдбаярыг Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Таац” зочид буудлын урд талын гудамжны ойролцоо “Киа” загварын 78-43 УАА улсын дугаартай автомашин дотор эд зүйлийг нь авахаар хүч хэрэглэн довтлон зодож,  “Самсунг жи-5 прайм” загварын гар утас, хэтэвч, айпод хөгжим, бэлэн 30.000 төгрөгийг дээрэмдэн авч нийт 320.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн Б.Гантулга нь 2019 оны 9 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө таксигаар үйлчлүүлж байсан иргэн Н.Болдбаярыг Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Таац” зочид буудлын урд талын гудамжны ойролцоо “Киа” загварын 78-43 УАА улсын дугаартай автомашин дотор дээрэмдэх гэмт хэрэг үйлдэх явцдаа иргэн Н.Болдбаярыг зодож, эрүүл мэндэд нь “уруул язрал, үүдэн баруун 1 дүгээр шүдний паалангийн эмтрэл, зүүн өвдөгт зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт,

М.Шинэбаяр нь Б.Гантулгатай бүлэглэн машин механизм ашиглан 2019 оны 9 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө таксигаар үйлчлүүлж байсан иргэн Н.Болдбаярыг Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Таац” зочид буудлын урд талын гудамжны ойролцоо “Киа” загварын 78-43 УАА улсын дугаартай автомашин дотор эд зүйлийг нь авахаар хүч хэрэглэн довтлон зодож,  “Самсунг жи-5 прайм” загварын гар утас, хэтэвч, айпод хөгжим, бэлэн 30.000 төгрөгийг дээрэмдэн авч нийт 320.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Гантулгын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

 М.Шинэбаярын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Боржигон овогт Баярсайханы Гантулга, Бооржууд овогт Мөнхтөрийн Шинэбаяр нарыг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж довтолсон” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд, Боржигон овогт Баярсайханы Гантулгыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Гантулыг 3 /гурав/ жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар М.Шинэбаярыг 1 /нэг/ жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Гантулгыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Б.Гантулгад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1.000.000 төгрөгийн торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хорих ялд дүйцүүлэн тооцож, 66 /жаран зургаа/ хоног хорих ялыг, мөн Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн шүүгчийн 35 дугаартай захирамжаар Б.Гантулгын эдлээгүй үлдсэн 11 сар 11 хоногийн хорих ялыг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан нэмж нэгтгэн, түүний нийт биечлэн эдлэх хорих ялын хугацааг 4 /дөрөв/ жил 1 /нэг/ сар 17 /арван долоо/ хоногоор тогтоож, Б.Гантулга, М.Шинэбаяр нарт оногдуулсан тус бүрийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Б.Гантулга, М.Шинэбаяр нар цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, тэдгээрт урьд авсан Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан “хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээ болон “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдрөөс өөрчлөн шүүгдэгч нарт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Б.Гантулга, М.Шинэбаяр нар бусдад төлөх төлбөргүй, хохирогч Н.Болдбаяр гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Гантулга давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг хууль бусаар гүйцэлдүүлж, хүнд гэмт хэрэгт өмгөөлөгчийн туслалцаа авах эрхийг боогдуулж, албан тушаалаа хэтрүүлэн хэрэглэж, мөрдөгч нар нь дарамталж, хэргийг хөтөлж, мөрдөн байцаалтыг гүйцэлдүүлж, хэтэрхий нэг талыг баримтлан хууль бус үйлдлүүдийг гаргаж байсны үр дүнд миний бие гэмт хэрэгтэн болж байна.

Хохирогч зөрүүтэй мэдүүлгийг удаа дараа өгч, эргэлзээ төрүүлж байсан боловч түүнд шууд үнэлэлт, дүгнэлт өгч, эрх зүйн байдлыг минь дордуулсан нөхцөл байдал илтээр үргэлжилсээр сөрөг үр дагавар бий болж байх тул хэргийн бодит нөхцөл байдал, гэм буруутай асуудалд тохирох хэр хэмжээнд эрх тэгш байдлын хүрээнд хуулийн дагуу хариуцлага тооцуулах хүсэлтэй байна.

Анх гэрчийн мэдүүлгийг мөрдөгч авахдаа дарамтлан, аргагүй хүнд нөхцөл байдалд оруулах, ашигтай хувилбараар тухайн хэргийг байцаасан. Хуулийн мэдлэггүйн улмаас нөхцөл байдлыг ойлгоогүй тул одоогийн нөхцөл байдал бий болсон. Бодит асуудлыг нягтлан шалгаж, шинжлэн судлуулах хүсэлтэй байна. Хохирогчийн буруутай үйлдлийн улмаас хэрэгтэн болоод зогсохгүй, Цагдаагийн ажилтны нөлөөнд автан буруу ташаа мэдээллийг өгсний үр дүнд хохирсон бөгөөд хууль бус мөрдөн шалгах ажиллагааг гүйцэлдүүлсэнд маш ихээр харамсаж, гэмшиж байна.

Тухайн гэмт хэргийг санаатай үйлдээгүй, тийм зорилго сэдэл агуулаагүй, харин төлбөрөө төлөхийг шаардсан боловч хохирогч зүй бус үйлдэл гаргаж байсан. Энэ үед хохирогчийг машинаас буулгах явцад хөнгөн гэмтэл учруулсан асуудлыг хүлээн зөвшөөрч байна. Хэргийн бодит нөхцөл байдлыг хэрхэн өрнөсөн талаарх асуудлыг үнэн зөвөөр шийдвэрлэж,  хохирогчоос дахин байцаалт авч, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Гантулгын өмгөөлөгч С.Батнасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Учир нь, шүүхээс Б.Гантулга нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж довтолсон” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон. Энэ нь, Б.Гантулга, М.Шинэбаяр нар нь ямар нэгэн байдлаар хохирогчид хүч хэрэглэсэн үйлдлээр илэрхийлэгдэнэ гэж ойлгогдоно. Гэтэл дахин Б.Гантулгыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон.

Дээрэмдэх гэмт хэрэг үйлдэхээр хүч хэрэглэх үед хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан гэж ойлгогдоно. Гэтэл дээрх үйлдлийг тус тусад нь зүйлчилсэн нь Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Шүүх хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан нь тусдаа бие даасан гэмт хэрэг гэж үзэхээр бол Б.Гантулга, М.Шинэбаяр нарын дээрэмдэх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүч хэрэглэхгүйгээр” үйлдсэн гэж үзвэл хуульд нийцнэ.

Мөн анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Гантулгад ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хэрэглээгүй. Үүнд, шүүгдэгч Б.Гантулга, М.Шинэбаяр нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа сайн дураар хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдлууд хамаарна.

Иймд шүүгдэгч Б.Гантулгад оногдуулсан хорих ялыг хуульд заасан дээрх нөхцөл байдлуудтай нийцүүлэн багасгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч М.Шинэбаярын өмгөөлөгч Б.Бадраа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч М.Шинэбаярыг буруутгаж буй үйл баримт нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй, миний үйлчлүүлэгч нь хохирогч Н.Болдбаярын эд зүйлийг дээрэмдэн авсан үйлдэлд биечлэн оролцоогүй учир анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын М.Шинэбаярт холбогдох хэсгийг хянан үзэж, шийтгэх тогтоолын М.Шинэбаярт холбогдох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр өөрчлөлт оруулан шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.      

Учир нь, хохирогч Н.Болдбаяр нь “автомашинд согтуугаар зорчиж явахдаа тээврийн хэрэгслийн хойд суудалд унтсан байдалтай явж байхад нь автомашины урд талын суудалд сууж явсан залуу түүнийг цохиж эд зүйлийг нь авсан, харин хойд талын суудалд сууж явсан залуу нь түүнийг машинаас чирж буулгасан” гэх мэдүүлгээр миний үйлчлүүлэгч нь хохирогчийг шууд цохисон, зодсон, эд зүйлийг нь авсан зүйлгүй болох нь тогтоогддог боловч М.Шинэбаярын болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тооцогдон яллагдсан байдаг.

Мөн М.Шинэбаяр нь урьд өмнө гэмт хэрэгт холбогдон шалгагдаж ял шийтгэл эдэлж байгаагүй бөгөөд холбогдсон гэмт хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд шууд биечлэн оролцсон идэвхитэй оролцоо байхгүй боловч тухайн гэмт хэрэг гарахад өөрийнх нь болгоомжгүй үйлдэл нөлөөлсөн, холбогдсон гэмт хэргийнхээ хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болон хохирогч Н.Болдбаяр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохоо бичгээр илэрхийлсэн, мөн үйлчлүүлэгчийн маань хувийн байдал, бага насны хүүхэдтэй зэргийг харгалзан үзэж ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар ял шийтгэлийг хөнгөрүүлэн оногдуулж, хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулах боломжтой байсан учир хэргийг хянан үзэж, миний үйлчлүүлэгчид оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэн хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэв.

Прокурор Г.Билгүүжин тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааг хууль зөрчиж явуулсан, дарамталж байцаалт авсан гэж байна. Тийм зүйл байхгүй. Хавтас хэрэгт цугларсан баримтад мөрдөгч зодсон, цохисон, дарамталсан гэх үйл баримт байхгүй. Бүх мэдүүлгийг хууль сануулж, өмгөөлүүлэх эрхээр нь хангаж байцаалт авсан. Хохирогчийг дахин байцаах шаардлагагүй, хохирогчоос удаа дараа мэдүүлэг авч хэргийн нөхцөл байдлыг бүрэн тодруулсан. Өмгөөлөгч С.Батнасан анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн гэж байна. Шүүгдэгч Б.Гантулга анх удаа гэмт хэрэг үйлдээгүй. Өмнө нь хар тамхины хэрэгт ял шийтгүүлж, хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан. Иймд анхан шатны шүүх түүний хувийн байдлыг харгалзаж, ялыг хүндрүүлж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Гэрч өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй” гэж заасныг сануулаагүй гэж байна. Энэ нь харилцан эсрэг ашиг сонирхолтой хохирогч, яллагдагч нарын хувьд яригдах асуудал болохоос биш энэ хэрэгт харилцан эсрэг ашиг сонирхолтой хүн байгаагүй, гэр бүлийн гишүүн байгаагүй. Иймд дээрх хуулийн зохицуулалт хамааралгүй гэж үзэж байна. М.Шинэбаярын үйлдлийг болгоомжгүй гэж байна. Хохирогчоос 3 удаа байцаалт авч, хэн нь яаж цохисон, яаж татсан болохыг бүрэн тогтоосон. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

                         ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэхэд, шүүгдэгч нарт холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй болж чадаагүй байна.

Прокуророос Б.Гантулгын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

М.Шинэбаярын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийн шинж нь хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлсэн шинжийг агуулдаг. Хүч хэрэглэж дээрмийн гэмт хэрэг үйлдэхдээ бусдад хөнгөн хохирол учруулсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасныг давхар зүйлчлэхээр хуульчилсан.

Гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд хүч хэрэглэн, бүлэглэсэн үйлдэлдээ зорилго нэг байсан гэж үзсэн атлаа дээрмийн гэмт хэрэг эхэлсэн, төгссөн хугацаанд бусдад хөнгөн хохирол учруулсан байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт нь тодорхой биш байна.

Өөрөөр хэлбэл, прокурор мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрмийн гэмт хэргийг үйлдэхдээ бүлэглэсэн гэж үзсэн атлаа бусдад хөнгөн хохирол учруулахдаа бүлэглэсэн гэж үзээгүй талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийсний эцэст хэргийг зүйлчлэх шаардлагатай.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлд, гэмт хэрэгт хамтран оролцох оролцоог хуульчилсан. Шүүгдэгч нарын хэн нь ямар үүрэг гүйцэтгэж оролцсон талаар яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлтэд хэргийн үйл баримт болгон тодорхой тусгаагүй байна.

            Хамтран оролцооны хэлбэрийг /гүйцэтгэгч, зохион байгуулагч, хатгагч, хамжигч/ зөв тогтоон ирүүлэх шаардлагатай.

            Яллах дүгнэлтэд шүүгдэгч нарыг бүлэглэн дээрмийн гэмт хэрэг үйлдсэн гэсэн боловч хэн нь ямар үйлдэл хийж, бие биенийхээ үйлдлийг дэмжиж хүч нэмэгдүүлсэн, уг байдал нь хамтран оролцооны ямар хэлбэрийг хангаж, бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхэд хүргэсэн талаарх хэргийн үйл баримтыг тодорхой тогтоох нь зүйтэй.

            Энэ талаар анхан шатны шүүх дүгнээгүй бөгөөд тодорхой биш яллах дүгнэлтэд анхан шатны шүүх дүгнэлт хийсэн нь “яллах дүгнэлтийн хүрээ хязгаараас хэтэрсэн, яллах чиг үүрэгтэй оролцсон” гэж дүгнэхээр байна.      

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан, бүлэглэн гүйцэтгэсэн үйлдэл, оролцоог харгалзан ял оногдуулахаар заажээ.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэрэг гарсан байдлыг /хаана, хэзээ, яаж үйлдсэн/ зөв тогтоож буюу Б.Гантулга, А.Шинэбаяр нар нь гэмт хэрэг үйлдэхдээ ямар ямар үйлдэл хийсэн, уг хийсэн үйлдэл нь санаа зорилгын хувьд нэгдсэн байдалд дүгнэлт хийж, яллах дүгнэлтэд шүүгдэгч нарын үйлдэл, оролцоог тодорхой тусгавал зохино.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Гантулга, А.Шинэбаяр нарт холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Баянгол дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэлээ.

Шийтгэх тогтоолыг дээрх үндэслэлээр хүчингүй болгосон тул шүүгдэгч Б.Гантулга, түүний өмгөөлөгч С.Батнасан, шүүгдэгч М.Шинэбаярын өмгөөлөгч Б.Бадраа нарын гаргасан давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 2020/ШЦТ/48 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Гантулга, М.Шинэбаяр нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр мөн шүүхээр дамжуулан Баянгол дүүргийн прокурорын газарт буцаасугай.

 

2. Хэргийг прокурорт очтол Б.Гантулга, М.Шинэбаяр нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

 

  ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ