Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 128/2016/0451/з |
Дугаар | 221/МА2016/0716 |
Огноо | 2016-12-05 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 221/МА2016/0716
“*******” ХХК, “*******” ХХК, “******* хүнс”
ХХК-уудын итгэмжлэгдсэн төлөөлөгч “Монголын агуулах
худалдааны нэгдсэн холбоо” ГҮТББ-ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******, хариуцагч Монголбанкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагч Хөгжлийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 664 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор, “*******” ХХК, “*******” ХХК, “******* хүнс” ХХК-уудын итгэмжлэдсэн төлөөлөгч “Монголын агуулах худалдааны нэгдсэн холбоо” ГҮТББ-ын нэхэмжлэлтэй, Монголбанк, Сангийн яам, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд тус тус холбогдох захиргааны хэргийг Г.Билгүүн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Анхан шатны шүүх шийдвэртээ: “Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 30 дугаар зүйлийн 30.2, 30.8, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 9 дүгээр зүйлийн 9.1, 10 дугаар зүйлийн 10.1.1, 16 дугаар зүйлийн 16.2, 22 дугаар зүйлийн 22.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Сангийн яам, Монголбанк, Монгол Улсын Хөгжлийн банкны Улсын Их Хурлын 2015 оны 41 дүгээр тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 280, 320 дугаар тогтоолуудын холбогдох хэсгийг хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, дээрх тогтоолуудыг хуульд заасны дагуу хэрэгжүүлж ажиллахыг даалгаж” шийдвэрлэжээ.
Хариуцагч Монгол улсын Хөгжлийн банкны тэргүүн дэд захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Энхбат болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нар давж заалдах гомдолдоо: “...664 дүгээр шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.” гэсэн шаардлагыг хангаагүй байх тул дор дурдсан үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:
Иймд дээрх дурдсан үндэслэлээр:
Хариуцагчийн Монгол Улсын Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн давж заалдах гомдолдоо: “... 664 дүгээр шийдвэрт дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 664 дүгээр шийдвэрийн Сангийн яаманд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Монголбанкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* давж заалдах гомдолдоо: “...664 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...Монголбанк ... Монгол Улсын Их Хурлын 2016 оны 41 дүгээр тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 280, 320 дугаар тогтоолуудын холбогдох хэсгийг хэрэгжүүлэхгүй багйаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, дээрх тогтоолуудыг хуульд заасны дагуу хэрэгжүүлж ажиллахыг даалгасан” хэсгийг хүчингүй болгуулж, уг шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах гомдлыг дараах үндэслэлээр гаргаж байна.
Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно.” гэж заасан байна. Шүүх уг заалтын “... хуульд заасан хугацаанд биелүүлээгүй ...” гэдэгт Улсын Их Хурлын тогтоолд заасан хугацааг хамааруулж, тогтоолд заасны дагуу 2015 оны эхний хагас жилд багтаан үүргээ гүйцэтгээгүй байх тул Монголбанк хууль бус эс үйлдэхүй үйлдсэн гэж үзэж энэ хуулийг буруу тайлбарласан байна...
Монголбанкны үйл ажиллагаа, эрх зүйн байдал, бүрэн эрх, удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг Төв банкны тухай хуулиар тогтоож зохицуулдаг тул шүүх Төв банкны тухай хуулийг хэрэглэх ёстой байсан. Ийнхүү хэрэглээгүйгээс болж шүүх Монголбанк нь Засгийн гарын шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн этгээд гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болон тогтоох хэсэгт Төв банкны тухай хууль огт дурдаагүй байгаагаас харагдаж байна. Шүүхийн хэрэглэсэн хууль болох Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.8-д заасан үүргийг Монголбанк нь Төв банкны тухай хуулийн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “Монголбанк Засгийн газраас хараат бус байна” гэж заасны дагуу хүлээхгүй...
Иймд, хуулийг буруу хэрэглэж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүйгээс нэхэмжлэлийн шаардлагатай огт хамааралгүй Монголбанкны үйл ажиллагааг “хууль бус эс үйлдэхүй” гэж дүгнэн, Засгийн газрын тогтоолыг биелүүлэхийг Монголбанкинд даалгасан анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 664 дүгээр шийдвэрийн Монголбанкинд холбогдох хэсгийг хүчингүй болгож өөрчилж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч “*******” ХХК, “******* хүнс” ХХК, “*******” ХХК-ууд нь Монголбанк, Сангийн яам, Хөгжлийн банкинд холбогдуулан “Улсын Их Хурлын 2015 оны 41 дүгээр тогтоол, Засгийн газрын 2015 оны 280, 320 дугаар тогтоолуудыг хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, зээлийн авлагыг шилжүүлэх, “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд “Хүнсний бүтээгдэхүүний зоорь, агуулахыг нэмэгдүүлэх” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр Монголбанк арилжааны банкуудын хооронд байгуулсан “Бодлогын гэрээ” /дамжуулан зээлдүүлэх гэрээ/-ний хугацааг сунгуулахыг хариуцагч нарт даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч “*******” ХХК, “******* хүнс” ХХК, “*******” ХХК-ууд нь “Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрт хамрагдан Мах, хүнсний ногоо, хуурай бүтээгдэхүүний агуулах, зоорь, худалдааны төв байгуулах ажлыг хийж гүйцэтгэхээр жилийн 3.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээл авчээ.
2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн “Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын 41 дүгээр тогтоолын хавсралтын 2.1-д хөтөлбөрийн зээлээс Монголбанкны тэнцэлд үлдэх хэсгийг Засгийн газарт 2015 оны эхний хагас жилд багтаан шилжүүлэхийг Монголбанк, Сангийн яаманд хариуцуулсан байна.
Монгол Улсын Засгийн газраас Улсын Их Хурлын 41 дүгээр тогтоолын хавсралтын 2.1-д заасныг хэрэгжүүлэх зорилгоор 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 280 дугаар тогтоолоор “Хүнсний бүтээгдэхүүний зоорь, агуулахыг нэмэгдүүлэх, эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх” дэд хөтөлбөрийн зээлийн үлдэгдлийг уг зээлийн гэрээний хүү болон хугацаатай уялдсан, ижил нөхцөл бүхий Хөгжлийн банкны үнэт цаас гаргаж, Монгол банканд эзэмшүүлэх замаар Хөгжлийн банкинд шилжүүлж авахыг Сангийн сайд, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд тус тус үүрэг болгожээ.
Мөн 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Засгийн газрын 320 дугаар тогтоол гарч, Хүнсний бүтээгдэхүүний зоорь, агуулахыг нэмэгдүүлэх дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор компаниудад олгосон зээлийн гэрээ дууссанаас хойш 1 жилийн хугацаагаар сунгаж, гэрээ дуусгавар болсон тухайн жилд багтаан эргэн төлөхөөр гэрээ байгуулахыг Сангийн сайд, Хүнс хөдөө аж ахуйн сайд нарт даалгаж, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрсөн байна.
Улсын Их Хурлын 2015 оны 41 дүгээр тогтоолын хавсралтын 2.1-д хөтөлбөрийн зээлээс Монгол банкны тэнцэлд үлдэх хэсгийг Засгийн газарт 2015 оны эхний хагас жилд багтаан шилжүүлэхийг хариуцуулсан нь Улсын Их Хурлын уг тогтоол хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор гарсан төдийгүй, энэ акт нь нэхэмжлэгч нарт ямар нэгэн давуу байдал бий болгоогүй байх тул энэхүү тогтоолыг хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хэрэгжүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй юм.
Тодруулбал, Улсын Их Хурлын дээрх тогтоол нь нэхэмжлэгч нарт шууд чиглээгүй, тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхолтой холбоотой асуудлаар шийдвэр гаргаагүй, уг актаар хөтөлбөрийн зээлээс Монголбанкны тэнцэлд үлдэх хэсгийг Засгийн газарт шилжүүлэх асуудлыг шийдвэрлэсэн байна.
Нөгөөтэйгүүр Монголбанк нь Засгийн газраас хараат бусаар үйл ажиллагаа явуулах төдийгүй Засгийн газар Монголбанкинд үүрэг хүлээлгэсэн болон зөвшөөрөл өгсөн ямар нэгэн шийдвэр гаргаагүй байхад анхан шатны шүүх Монголбанкыг Засгийн газрын тогтоолыг биелүүлээгүй гэж буруутган дүгнэсэн нь Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 2-т “Монголбанк Засгийн газраас хараат бус байна” гэж заасантай нийцэхгүй, энэ талаар гаргасан Монголбанкны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй болжээ.
Түүнчлэн Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Хөгжлийн банк нь энэ хуулийн 8.1-д заасан Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх зорилго бүхий энэ хуульд заасан үйл ажиллагааг эрхлэх тусгайлсан чиг үүрэгтэй ашгийн төлөө төрийн өмчит хуулийн этгээд байна”, 8.1-д “Хөгжлийн банк нь Улсын Их Хурлын баталсан Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зориулан зээл олгох бөгөөд санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг Улсын Их Хурал жил бүрийн хаврын чуулганаар батална” гэж тус тус зааснаас үзвэл, Засгийн газар нь Хөгжлийн банкинд төсөл, хөтөлбөр санхүүжүүлэхийг даалгах эсхүл санхүүжүүлэх зөвшөөрөл өгөх эрх хэмжээгүй байхад Засгийн газар нь үнэт цаас гаргаж, зээлийн үлдэгдлийг шилжүүлэн авахыг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд даалгасан нь хууль бус байна. Иймд Засгийн газрын хууль зөрчсөн тогтоолыг биелүүлээгүй Хөгжлийн банкны эс үйлдэхүйг буруутгах үндэслэлгүй байна.
Гэтэл анхан шатны шүүх Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 8-д заасан хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан Засгийн газрын шийдвэрийг биелүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэсэн нь буруу байх тул нэхэмжлэлийн Хөгжлийн банкинд холбогдох хэсгийг хангах боломжгүй юм.
Харин Засгийн газрын 2015 оны 280, 320 дугаар тогтоолуудаар Сангийн сайдад тодорхой үүрэг хүлээлгэсээр байхад Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлээгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон ба ийнхүү хэрэгжүүлэхгүй байгаа Сангийн сайдын эс үйлдэхүй нь Монгол Улсын Үндсэн хуулийн гучин наймдугаар зүйлийн 1-д “Монгол Улсын Засгийн газар бол төрийн гүйцэтгэх дээд байгууллага мөн”, Засгийн газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 3-д “Үндсэн чиглэл, улсын төсөв, зээл, санхүүгийн төлөвлөгөөний биелэлтийг хангах ажлыг төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагаар дамжуулан зохион байгуулна”, 30 дугаар зүйлийн 8-д “Хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан Засгийн газрын шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нийт байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэн биелүүлэх үүрэгтэй”, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Яам нь сайдын эрхлэх асуудлын хүрээнд дараахь нийтлэг ажил эрхэлнэ:”, 7.1.1-д ”хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэр, үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтийг хангуулах” гэж тус тус заасныг зөрчсөний зэрэгцээ энэхүү хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдэхүй нь хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр арилжааны банкуудтай зээлийн гэрээ байгуулсан нэхэмжлэгч нарын гэрээний хугацаа сунгуулах эрх, ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр байх тул Засгийн газрын тогтоолуудыг биелүүлэхийг Сангийн яаманд даалгах нь зүйтэй байна.
Улсын Их Хурлын 2015 оны 41 дүгээр тогтоолд заагаагүй “зээлийн гэрээний хугацааг сунгах” асуудлыг Засгийн газрын 2015 оны 320 дугаар тогтоолоор шийдвэрлэж, гэрээг сунгахыг Сангийн сайд, Хүнс хөдөө аж ахуйн сайд нарт даалгаж, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрснөөр нэхэмжлэгч нарт давуу байдал олгосон байх бөгөөд Сангийн сайд нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 6-д заасан өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарч байгаа уг ажлыг бүрэн эрхийнхээ хүрээнд хэрэгжүүлэх боломжтой юм.
Иймд хариуцагч Монголбанк болон Хөгжлийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 664 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, Хөгжлийн банкны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 8 дугаар зүйлийн 8.1, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 3, 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 6, 30 дугаар зүйлийн 8-д заасныг баримтлан Засгийн газрын 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 280, 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 320 дугаар тогтоолуудыг хэрэгжүүлэхгүй байгаа Сангийн яамны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, дээрх тогтоолуудыг зохих журмын дагуу хэрэгжүүлэхийг Сангийн яаманд даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээн, хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан хариуцагч Монголбанк, Сангийн яам нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т заасныг баримтлан хариуцагч Хөгжлийн банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Ц.ЦОГТ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН